Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00002

 

Б.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00263 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 504 дүгээр магадлалтай,

Б.С-гийн нэхэмжлэлтэй,

“А Д” ХК-д холбогдох

14.879.336 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.С-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 30514006208 дугаартай зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээг “А Д” компанитай байгуулсан. Даатгалын гэрээний хугацаанд нөхөр Д.Цогтсайхан нас барсан тул даатгалын тохиолдол бий болсон хэмээн үзэж, даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэхэд даатгагчийн зүгээс даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан байдаг. Үүнтэй холбоотой Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, даатгалын гэрээний дагуу даатгагчаас 35.734.036 төгрөг гаргуулахыг шаардсан. Тус шүүхийн 2017 оны 10 сарын 24-ний өдрийн 02647 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 2574 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 сарын 05-ны өдрийн 00550 дугаар тогтоолоор маргааныг шийдвэрлэж, “А Д” компаниас даатгалын нөхөн төлбөрт 35.734.036 төгрөг гаргуулан Б.С-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарсан тул даатгагчийн зүгээс 2018 оны 05 сарын 10-ны өдөр 6.070.656 төгрөг, 2018 оны 05 сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 05 сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 05 сарын 31-ний өдөр 20.000.000 төгрөгийг тус тус Б.С-гийн Голомт банкан дахь 4309076998 тоот дансанд төлсөн. Гэвч даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд олгоогүй буюу даатгалын гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул бид үүнтэй холбоотой дараах алданги, хохирлуудыг нэхэмжилж, бичгээр болон цахим шуудангаар хоёр удаа даатгагчид хандсан боловч бидэнд ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу бид “А Д” ХК-д холбогдуулан гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс 2018 оны 10 сарын 16-ны өдрийн 9/4038 дугаар албан бичгээр иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэх хариуг бидэнд өгсөн. 12.183.550 төгрөгийн алдангийн тухайд даатгалын гэрээний 6.2 дахь хэсэгт даатгагч гэрээнд заагдсан материалыг хүлээн авснаас хойш нөхөн төлбөрийг ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж, 12.1.3 дахь хэсэгт Даатгалын тохиолдол болж даатгагч нь нөхөн төлбөрийн материал хүлээж авснаас хойш ажлын 10 хоногт нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцно гэж заасан. Хууль болон гэрээний дээрх заалтуудын дагуу даатгагч нөхөн төлбөрийг хожимдуулсан хоног тутамд даатгуулагч Б.С-д гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлөх үүрэгтэй. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ёсоор Даатгалын гэрээний дагуу төлөгдөх нөхөн төлбөрийн дүн нь 35.734.036 төгрөг тул хоног тутамд төлөгдөх 0,1 хувийн алдангийн хэмжээ 35.734 төгрөг байна. Даатгагч 2017 оны 06 сарын 19-ний өдөр даатгалын нөхөн төлбөрийн шийдвэрийн тухай албан бичгээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан байх тул тус хугацаанаас эхлэн төлбөр төлөгдөх хүртэлх хугацаанд алданги тооцогдох үндэслэлтэй. Алдангид 2017 оны 06 сарын 19-ний өдрөөс 2018 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэл нийт 12.163.550 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн хүүтэй холбоотой хохирлын тухайд даатгагчийн зүгээс 35.734.038 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг даатгалын гэрээнд заасан хугацаанд олгосон бол даатгуулагч Б.С-гийн “Хаан Банк“ ХХК-тай байгуулсан 2013 оны 12 сарын 09-ний өдрийн ЗГ/1361 дугаар орон сууцны ипотекийн зээлийн гэрээний дагуу түүний төлөх үндсэн зээл тус хэмжээгээр багасах байсан. Даатгалын нөхөн төлбөрийг даатгалын гэрээнд заасан хугацаанд олгоогүйгээс 2017 оны 06 сарын 19-ний өдрөөс эхлэн даатгалын нөхөн төлбөрийг бүрэн олгож дуусах хүртэлх хугацаанд даатгуулагч Б.С-гийн зээлийн гэрээний дагуу төлөх дүн багасаагүй. Даатгагч 35.734.036 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд олгоогүйгээс болж даатгуулагч Б.С- нь 35.734.036 төгрөгийн зээлийн үндсэн төлбөрт ногдох зээлийн хүүг дээрх хугацаанд төлж хохирсон байна. Зээлийн гэрээний 3.1.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн жилийн хүү нь 8 хувь тул өдрийн хүү нь 0,022 хувь байна. 2017 оны 06 сарын 19-ний өдрөөс 2018 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэлх 346 хоногт ногдох хүү нь 7,6 хувь байна. Даатгалын нөхөн төлбөр олгох үүрэг бүхий 35.734.036 төгрөгийн зээлийн 7,6 хувь нь 2.715.786 төгрөг байна. Иймд даатгагч нөхөн төлбөрийг хожимдуулсантай холбоотой даатгуулагчаас илүү төлөгдсөн зээлийн хүү болох 2.715.786 төгрөгийн хохирлыг даатгагч төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд А Д ХК-аас нийт 14.879.336 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А Д ХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгчийн нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлтийн хариуг гэрээнд заасан хугацааны дотор нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн хариуг өгсөн. Даатгагч нь нөхөн төлбөрийг хууль болон гэрээнд заасан үндэслэлээр олгох үүргийг хүлээсэн. Даатгалын гэрээнд согтууруулах бодис хэрэглэсэн үед учирсан аливаа хохиролд нөхөн төлбөр олгохгүй байхаар талууд урьдчилан тохиролцсон гэсэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч тал маргааныг шийдвэрлүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж дараагаар нь шүүхэд нэхэмжлэлийг гаргасан. Анхан шатны шүүх 2017 оны 10 сарын 24-ний өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Тухайн шийдвэрт нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаж тухайн маргаан нь 2018 оны 04 сарын 05-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх шийдвэрлэх хүртэлх хугацаанд үргэлжилсэн. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолыг бичгээр гармагц А Д ХК нь төлбөрийг нэхэмжлэгч талд төлж барагдуулсан байна. Энэ нь даатгагч гэрээний үүргээ 2017 оны 06 сарын 19-ний өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй тул алданги нэхэмжилсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлд дурдсан даатгагч нөхөн төлбөрийг хожимдуулснаас хойш нэхэмжлэгчээс банканд илүү төлөгдсөн зээлийн хүү 2.715.786 төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хаан банк болон түүнийг зээлдэгч нарын хооронд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл түүнд хамаарах хүү төлөх зээлдэгчийн үүрэг нь А Д ХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэртэй хамааралгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00263 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.7, 240 дүгээр зүйлийн 240.1.5 дахь заалтыг баримтлан хариуцагч А Д ХК-аас 1.667.650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 13.211.686 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 232.350 төгрөгийн 232.346 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 4 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч А Д ХК-аас 41.632 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 504 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00263 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209.570 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүх “хариуцагчаас 12.163.550 төгрөгийн алданги гаргуулах" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо, давж заалдах шатны шүүх мөн тус шаардлагатай холбоотой гомдлыг шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хэмээн үзэж, шүүхийн шийдвэр, магадлалыг тус хэмжээгээр эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргав. Анхан шатны шүүх “Нэхэмжлэгч нь үндсэн үүрэг буюу даатгалын нөхөн төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шүүхэд гаргасны дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, талуудын хооронд байгуулагдсан гэрээтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэснээр тухайн гэрээтэй холбоотой талуудын хүлээх үүрэг Иргэний хуулийн 240.1.5 дахь заалтад зааснаар дуусгавар болох бөгөөд ...гэрээтэй холбоотой үүргийг шүүхийн шийдвэр гарснаас хойш талууд харилцан хүлээхгүй” гэж тайлбарласан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дүгнэлтийг эс зөвшөөрсөн үндэслэлээ давж заалдах гомдолдоо тайлбарласан бөгөөд тус үндэслэлүүдээ одоо ч дэмжиж, энэхүү гомдлын үндэслэл болгож байна. Давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ “Шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор даатгалын нөхөн төлбөр буюу 35.734.036 төгрөгт холбогдох маргааныг шийдвэрлэсэн учраас алданги тусд нь шийдвэрлэх боломжгүй ...алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд зохигчдын хоорондох даатгалын нөхөн төлбөртэй холбоотой харилцаа шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор дуусгавар болсон тул нэгэнт дуусгавар болсон гэрээний нөхцлөөр үүргийн гүйцэтгэл буюу алданги гаргуулах үндэслэлгүй" гэж тайлбарласан. Дээрх магадлалын үндэслэл болсон дүгнэлтэд дараах үндэслэл бүхий тайлбар гаргамаар байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заасан. Зохигчдын хооронд өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн маргаан нь зөвхөн даатгалын нөхөн төлбөр олгох үүрэгтэй эсэх талаар маргаан байсан тул хуулийн дээрх заалтын дагуу зохигчид гагцхүү даатгалын нөхөн төлбөрийн үүргийн талаар дахин маргах эрхгүй болж байгаа. Бид өмнө шүүхэд маргаагүй асуудал болох үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой алданги гаргуулах нэхэмжлэл гаргасан. Иймд биднийг маргах эрхгүй гэх үндэслэлгүй юм. ИХШХШТХ-ийн дээрх заалтыг “тухайн гэрээтэй холбоотой дахиж маргахгүй” гэх агуулгаар өргөжүүлж тайлбарлах үндэслэлгүй. Гэрээний талууд гэрээний харилцаатай холбоотой хэд хэдэн удаа маргах, шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Тухайлбал, даатгуулагч даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, үүний дараа алданги, хохирол нэхэмжлэх, даатгагч даатгуулагчаас даатгалын хураамж нэхэмжлэх, даатгалын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах болон даатгалын гэрээгээр хүлээсэн “мэдээлэл өгөх” зэрэг бусад үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаж болно. Тодруулбал, даатгалын гэрээ 5 жилээр байгуулагдсан нөхцөлд жил жилийн даатгалын хураамжийг даатгагч нь тухайн жилүүдэд нь нэхэмжилж, нийт 5 удаа шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Энэ нөхцөлд нэг удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр дараагийн 4 жилийн даатгалын хураамж төлүүлэхтэй холбоотой маргааныг шүүх авч хэлэлцэхгүй гэх үндэслэлгүй. Хэрэв шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх заалтыг хэрэглэх үндэслэлтэй гэж үзвэл тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалтын дагуу алданги гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах, тус хэсгээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй бөгөөд энэ нөхцөлд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох үндэслэлтэй. Шүүхийн “даатгалын нөхөн төлбөр гаргуулах маргааныг шийдвэрлэснээр даатгалын гэрээ дуусгавар болно” гэх дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлттэй зөрчилтэй байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэж, нэхэмжлэгчийг процессын эрх зүйн хувьд маргах эрхгүй гэж дүгнэсэн эсэх эсвэл материаллаг эрх зүйн хувьд гэрээний шаардах эрх дууссан гэж дүгнэсэн эсэх нь тодорхой бус байна. Учир нь, давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийн урьд “шүүх маргааныг шийдвэрлэсэн учир дахин маргах эрхгүй" гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн байна. Гэрээний үүрэг нь Иргэний хуулийн 236, 240 дүгээр зүйлүүдэд зааснаар дуусгавар болно. Гэрээтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэсэн нь гэрээний үүрэг, алданги төлөх үүрэг дуусгавар болох үндэслэл болох тухай Иргэний хуульд заагаагүй. Иймд шүүхийн дээрх дүгнэлт нь хуульд үндэслээгүй дүгнэлт болсон. Түүнчлэн, “алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга тул нэгэнт гүйцэтгэгдсэн үүрэгт хэрэглэгдэхгүй" гэх агуулгатай дүгнэлтийг хийсэн байна. Гэвч алдангитай холбоотой Иргэний хуулийн зохицуулалтад тийнхүү заагаагүй. Мөн алданги нь үүрэг гүйцэтгэх хүртэл тооцогдох агуулгатай тул үндсэн үүрэг гүйцэтгэгдснээр алданги шаардах эрхгүй гэж дүгнэх нь алдангийн мөн чанарыг алдагдуулна. Дээрх байдлаар алдангийг тайлбарлавал үүрэг гүйцэтгэгч нь үндсэн үүргийг гүйцэтгэхээс өмнө л алданги гаргуулах боломжтой болно. Тухайлбал, үндсэн төлбөр болон алданги нэхэмжилсэн шаардлага бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч үндсэн төлбөрийг төлчихвөл алдангийн үүрэг дуусгавар болохоор байна. Мөн үүрэг гүйцэтгэгч нь үндсэн төлбөрийг төлөх хүртэл алданги бодогдох учиртай тул үндсэн төлбөр төлөгдөөгүй үед үүрэг гүйцэтгүүлэгч алдангийн хэмжээг тодорхой болгож нэхэмжлэх боломжгүй. Шүүх алдангийг бидний тайлбарлаж буй байдлаар тайлбарлавал хариуцагч алдангын үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд ингэснээр алданги гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгэхэд түлхэц болох чиг үүргээ хангах юм. Эсрэгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн тайлбараар алданги нь үүрэг гүйцэтгэгч нарт үүргээ хугацаанд нь гүйцэтгэх хөшүүрэг болж чадахгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас 12.163.550 төгрөгийн алданги гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.С-, А Д ХК-д холбогдуулан “даатгалын гэрээний үүргээ хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн” үндэслэл зааж, алданги 12.163.550 төгрөг, хохирол 2.715.786 төгрөг, нийт 14.879.336 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч “...даатгалын тохиолдол үүссэн эсэхэд талууд маргасан, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц шийдвэрийг биелүүлсэн тул  нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх хохиролд 1.667.650 төгрөг гаргуулж, хохирлын бусад хэсэг, алданги гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

1.Алданги гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангуулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахыг хүссэн  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

“...Зохигчийн даатгалын нөхөн төлбөр гаргуулах маргааныг өмнө шүүх шийдвэрлэснээр гэрээний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй” агуулгатай дүгнэлтийг хийхдээ хоёр шатны шүүх Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 240.1.5, 232 дугаар зүйлийн 232.6 дахь зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

“А Д” ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 35.734.036 төгрөг гаргуулах Б.С-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 2574 дүгээр магадлалыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 сарын 05-ны өдрийн 00550 дугаар тогтоолоор хэвээр үлдээснээр тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шийдвэрээр зохигчийн хооронд 2017.02.08-ны өдөр даатгалын гэрээ бичгээр байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоож, хариуцагч А Д ХК-с нэхэмжлэгч Б.С-д даатгалын нөхөн төлбөр гаргуулсан нь гэрээгээр гүйцэтгэвэл зохих үндсэн үүргийн талаарх зохигчийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэх боловч энэхүү нөхцөл нь хугацаа хэтэрснээс үүсэх хариуцлага буюу алданги шаардах эрхийг бүхэлд нь үгүйсгэх үндэслэлгүй.

Даатгалын гэрээний 6.2-т “даатгагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг, гэрээнд заагдсаны дагуу шаардлага хангах бүрэн дүүрэн материалыг хүлээн авснаас хойш нөхөн олговорыг ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж, 12.1.3-т “даатгалын тохиолдол болж даатгагч нь нөхөн төлбөрийн материал хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алдангийг тооцно.” гэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-т заасан “анзын гэрээг бичгээр хийх” шаардлага, “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэсэн хуулийн агуулгад тус тус нийцсэн байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэг.

Нэхэмжлэгч Б.С- даатгалын нөхөн төлбөр олгохыг хүсч хариуцагч А Д ХК-д хандсан, даатгагч 2017.06.19-ний өдөр нөхөн олговор олгохоос татгалзсан хариу өгч, үүргээ гүйцэтгээгүйг хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгч Б.С- нь даатгалын нөхөн төлбөр олгох шүүхийн шийдвэр биелэгдсэн хугацаа хүртэл алданги шаардсан нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 240 дүгээр зүйлийн 240.1.5, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэхгүй ба тэрээр даатгалын нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлийг шүүхэд хэзээ гаргасан нь тодорхой бус байх тул Санхүүгийн зохицуулах хорооны “маргааныг шүүхээр шийдвэрлүүл” гэсэн хариуг авсан 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл алданги тооцож гаргуулах нь зөв байна.

Иймээс алдангийг 2017.06.19-нөөс 2017.09.12-ны өдөр хүртэл 86 хоногоор тооцон /1 хоногийн 35.734 төгрөг/ нийт 3.073.124 төгрөг гаргуулж, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Шүүх хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 1.667.650 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнд зохигч хэн аль нь гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс энэ шаардлагыг хангасан үндэслэлийн талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 504 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00263 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ”Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222.7-д зааснаар хариуцагч “А Д” ХК-с 4.740.774 /Дөрвөн сая долоон зуун дөчин мянга долоон зуун далан дөрөв/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-д олгож, 10.138.562 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...41.632 төгрөгийг” гэснийг “...90.802 төгрөгийг“ гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 211.000 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ