Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 00263

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Т.Ганчимэг, Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, 11 тоот хаягт оршин суух Б.С-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн байр 2 дугаар давхар хаягт байрлах А ХК-д холбогдох

14,879,336 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Энхзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар, хариуцагчийн төлөөлөгч М.Хатанзориг, Ж.Дамбаасүрэн, иргэдийн төлөөлөгч Х.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.С  нь 2017 оны 2 сарын 8-ны өдрийн 30514006208 дугаар Зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээг А компанитай байгуулсан. Даатгалын гэрээний хугацаанд түүний нөхөр Д.Цогтсайхан нас барсан тул даатгалын тохиолдол бий болсон хэмээн үзэж даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэхэд даатгагчийн зүгээс даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан байдаг. Үүнтэй холбоотой Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, даатгалын гэрээний дагуу даатгагчаас 35,734,036 төгрөг гаргуулахыг шаардсан. Тус шүүхийн 2017 оны 10 сарын 24-ний өдрийн 02647 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 2574 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 4 сарын 5-ны өдрийн 00550 дугаар тогтоолоор маргааныг шийдвэрлэж, А компаниас даатгалын нөхөн төлбөрт 35,734,036 төгрөгийг гаргуулан Б.С д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарсан тул даатгагчийн зүгээс 2018 оны 5 сарын 10-ны өдөр 6,070,656 төгрөг, 2018 оны 5 сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 5 сарын 28-ны өдөр 5,000,000 сая төгрөг, 2018 оны 5 сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөгийг тус тус Б.С гийн Голомт банкин дахь 4309076998 тоот дансанд төлсөн. Гэвч даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд олгоогүй буюу даатгалын гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул бид үүнтэй холбоотой дараах алданги, хохирлуудыг нэхэмжилж, бичгээр болон цахим шуудангаар хоёр удаа даатгагчид хандсан боловч бидэнд ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу бид А ХК-д холбогдуулан гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс 2018 оны 10 сарын 16-ны өдрийн 9/4038 дугаар албан бичгээр иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэх хариуг бидэнд өгсөн. 12,183,550 төгрөгийн алдангийн тухайд даатгалын гэрээний 6.2 дахь хэсэгт “Даатгагч гэрээнд заагдсан ... материалыг хүлээн авснаас хойш нөхөн төлбөрийг ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж, 12.1.3 дахь хэсэгт “Даатгалын тохиолдол болж даатгагч нь нөхөн төлбөрийн материал хүлээж авснаас хойш ажлын 10 хоногт нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алдангийг тооцно” гэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан. Хууль болон гэрээний дээрх заалтуудын дагуу даатгагч нөхөн төлбөрийг хожимдуулсан хоног тутамд даатгуулагч Б.С д гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөх үүрэгтэй. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ёсоор Даатгалын гэрээний дагуу төлөгдөх нөхөн төлбөрийн дүн нь 35,734,036 төгрөг тул хоног тутамд төлөгдөх 0.1 хувийн алдангийн хэмжээ 35,734 төгрөг байна. Даатгагч 2017 оны 6 сарын 19-ний өдөр “Даатгалын нөхөн төлбөрийн шийдвэрийн тухай” албан бичгээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан байх тул тус хугацаанаас эхлэн төлбөр төлөгдөх хүртэлх хугацаанд алданги тооцогдох үндэслэлтэй. Алдангид 2017 оны 6 сарын 19-ний өдрөөс 2018 оны 5 сарын 31-ний өдрийг хүртэл нийт 12,163,550 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн хүүтэй холбоотой хохирлын тухайд даатгагчийн зүгээс 35,734,038 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг даатгалын гэрээнд заасан хугацаанд олгосон бол даатгуулагч Б.С гийн Хаан Банк ХХК-тай байгуулсан 2013 оны 12 сарын 9-ний өдрийн ЗГ/1361 дугаар Орон сууцны ипотекийн зээлийн гэрээний дагуу түүний төлөх үндсэн зээл тус хэмжээгээр багасах байсан. Даатгалын гэрээгээр дээрх Зээлийн гэрээний эргэн төлөлтийн эрсдэлийг даатгуулж байгаа бөгөөд Даатгалын гэрээний 12.1.2 дахь хэсэгт “Банк даатгалын тохиолдол болсон нөхцөлд даатгагчид бичгээр мэдэгдэн нөхөн төлбөрийг нэхэмжилнэ” гэж, 12.1.4 дэх хэсэгт нөхөн төлбөрийг банкинд олгосон дүнгээр ...” гэж тус тус заасны дагуу даатгагч даатгалын нөхөн төлбөрийг Хаан банкан дахь даатгуулагчийн зээлийн эргэн төлөлтийн дансанд олгож, банканд зээлийн эргэн төлөлт хийгдэх учиртай. Хаан банк ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын “Хүсэлт гаргах тухай” 5119/17/191 дүгээр албан бичгээр даатгалын гэрээний дагуу олгогдох даатгалын нөхөн төлбөрийг В.С гийн Хаан банкин дахь зээлийн харилцах данс руу шилжүүлэхийг хүсэж байсан. Гэвч даатгагч даатгалын нөхөн төлбөрийг даатгалын гэрээнд заасан хугацаанд олгоогүйгээс 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн даатгалын нөхөн төлбөрийг бүрэн олгож дуусах хүртэлх хугацаанд даатгуулагч Б.С гийн зээлийн гэрээний дагуу төлөх дүн багасаагүй. Өөрөөр хэлбэл, даатгагч 35,734,036 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд олгоогүйгээс болж даатгуулагч Б.С  нь 35,734,036 төгрөгийн зээлийн үндсэн төлбөрт ногдох зээлийн хүүг дээрх хугацаанд төлж хохирсон байна. Зээлийн гэрээний 3.1.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн жилийн хүү нь 8 хувь тул өдрийн хүү нь 0,022 хувь байна. 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 346 хоногт ногдох хүү нь 7.6 хувь байна. Даатгалын нөхөн төлбөр олгох үүрэг бүхий 35,734,036 төгрөгийн зээлийн 7.6 хувь нь 2,715,786 төгрөг байна. Иймд даатгагч нөхөн төлбөрийг хожимдуулсантай холбоотой даатгуулагчаас илүү төлөгдсөн зээлийн хүү болох 2,715,786 төгрөгийн хохирлыг даатгагч төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.3 дахь хэсэгт “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч аливаа болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүйн/ хариуцлагыг хүлээнэ” гэж, 222.4 дэх хэсэгт “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна” гэж тус тус заасны дагуу даатгагч даатгалын нөхөн төлбөрийг хожимдуулсантай холбоотой зээлийн хүүг төлөх үүрэгтэй. Иймд А ХК-аас нийт 14,879,336 төгрөг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус дүүргийн шүүхэд А ХК-аас 14,879,336 төгрөг гаргуулах тухай Б.С гийн нэхэмжлэлийг хүлээн авч түүнийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэл нь даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэгт заасан нөхөн төлбөрийн материалыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй тохиолдолд алданги төлөх үүргийг хүлээсэн, тухайн үүргийг А ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 19 ний өдрөөс хойш биелүүлээгүй хэмээн үзэж 12,163,550 төгрөгийн алдангийг гаргуулах шаардлага гаргасан байна. А ХХК нь нэхэмжлэгчийн нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлтийн хариуг гэрээнд заасан хугацааны дотор нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн хариуг өгсөн. Даатгагч нь нөхөн төлбөрийг олгохдоо хууль болон гэрээнд заасан үндэслэлээр олгох үүргийг хүлээсэн. Даатгалын гэрээнд согтууруулах бодис хэрэглэсэн үед учирсан аливаа хохиролд нөхөн төлбөр олохгүй байхаар гэрээнд талууд урьдчилан тохиролцсон гэсэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч тал Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар маргааныг шийдвэрлүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж дараагаар нь шүүхэд нэхэмжлэлийг гаргасан. Анхан шатны шүүх 2017 оны 10 сарын 24-ний өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Тухайн шийдвэрт нэхэмжлэгч талаас давж заалдах гомдлыг гаргаж тухайн маргаан нь 2018 оны 4 сарын 5-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх шийдвэрлэх хүртэлх хугацаанд үргэлжилсэн. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолыг бичгээр гармагц А ХК нь төлбөрийг нэхэмжлэгч талд төлж барагдуулсан байна. Энэ нь даатгагч гэрээний үүргээ 2017 оны 6 сарын 19-ний өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй тул алданги нэхэмжилсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлд дурдсан даатгагч нөхөн төлбөрийг хожимдуулснаас хойш нэхэмжлэгчээс банкинд илүү төлөгдсөн зээлийн хүү 2,715,786 төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хаан банк болон түүнийг зээлдэгч нарын хооронд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл түүнд хамаарах хүү төлөх зээлдэгчийн үүрэг нь А ХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэртэй хамааралгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.С  нь хариуцагч А ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр олгох үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр алдангид 12,163,550 төгрөг, даатгалын нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүйн улмаас учирсан хохиролд 2,715,786 төгрөг, нийт 14,879,336 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.С  нь хамтран зээлдэгч Д.Цогтсайханы хамтаар 2013 оны 12 сарын 9-ний өдөр Хаан банктай “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ” байгуулж, тус гэрээгээр 63,000,000 төгрөгийг 192 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн эрсдэлийн даатгалд даатгуулахаар тохиролцон, А ХХК-тай Зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулж зээлдэгч нь амь насаа алдах эрсдэл хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдах эрсдэлийн үед даатгагч А ХХК нь даатгалын тохиолдол болох үеийн зээлийн төлбөрийн үлдэгдэл дүнгээс даатгуулагч Б.С д зээлийн 35 хувьд ногдох, Д Цогтсайханд зээлийн 65 хувьд ногдох төлбөрийг нөхөн төлөх, даатгуулагч нар нь даатгалын хураамжийг төлөх үүргийг тус тус хүлээсэн, даатгуулагч Д.Цогтсайхан 2017 оны 4 сарын 28-ны өдөр нас барснаар даатгалын тохиолдол бий болсон, А ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг олгохоос үндэслэлгүйгээр татгалзсаны улмаас нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, шүүх А ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 35,734,036 төгрөгийг гаргуулан Б.С д олгож шийдвэрлэсэн үйл баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02647 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 2574 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 4 сарын 5-ны өдрийн 001/ХТ2018/00550 дугаартай тогтоол зэрэг /хх-8-17 тал/-ээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дахь заалтад зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй байна.

А ХХК нь А ХК буюу нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 8 сарын 29-ний өдрийн 276 дугаартай “Нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэх тухай” тогтоолын хуулбар /хх-39-41 тал/, А ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-25 тал/ зэргээр тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан даатгалын нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг өмнө нь шүүхээр шийдвэрлүүлэх үед алдангийг хамтад нь шийдвэрлүүлээгүй шалтгааныг нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд тодруулахад гэрээнд алдангийн талаар заалт байгааг тухайн үед анзаараагүй, нөгөө талаар шүүх хариуцагчийн төлөх даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоон шийдвэрлэсний дараа нэхэмжлэх дүн тодорхой болох байсан гэсэн тайлбар гаргасан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтад зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийсэн байх хуулийн шаардлагатай.

2017 оны 2 сарын 7-ны өдөр Б.С , Д.Цогтсайхан болон А ХХК-ийн хооронд байгуулагдсан “Зээлдэгчийн эрсдлийн даатгалын гэрээт баталгаа” нэртэй гэрээ /хх-7 тал/-ний 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтад “Даатгалын тохиолдол болж Даатгагч нь нөхөн төлбөрийн материал хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд0.1 хувийн алданги тооцно” гэж заасан байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтад заасан анзын гэрээг бичгээр хийсэн байх хуулийн шаардлагад нийцсэн байх ба мөн зүйлийн 232.6 дахь заалтад заасан хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон байх шаардлагад нийцсэн байна.

Хэдийгээр зохигч талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан алдангийн талаарх тохиролцоо хуульд нийцсэн байх боловч алданги нь өөрөө нэмэгдэл үүргийн шинжтэй бөгөөд үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахад чиглэсэн байдаг онцлогтой, мөн алдангийн талаарх тохиролцоо нь үүрэг гүйцэтгэгч үндсэн үүргийг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь анзаар дамжуулан өөрт учирсан хохирлыг нотлох үүрэггүйгээр төлүүлэх тохиролцоо байдаг онцлогтой.

Нэхэмжлэгч нь үндсэн үүрэг буюу даатгалын нөхөн төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шүүхэд гаргасны дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, талуудын хооронд байгуулагдсан гэрээтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэснээр тухайн гэрээтэй холбоотой талуудын хүлээх үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5 дахь заалтад зааснаар дуусгавар болох бөгөөд шүүх хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэснээр зохигч талуудад хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргийг хүлээхээс бус гэрээтэй холбоотой үүргийг шүүхийн шийдвэр гарснаас хойш талууд харилцан хүлээхгүй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчаас алдангид 12,163,550 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангиас гадна даатгалын нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүйн улмаас учирсан хохиролд 2,715,786 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь заалтад “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрийг олгох хугацааг хэтрүүлсэнтэй холбоотой учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг даатгалын нөхөн төлбөрийг 2017 оны 6 сарын 19-ний өдрийн дотор олгох ёстой байсан гэдэг тайлбар гаргадаг ба уг тайлбарыг хариуцагч үгүйсгэдэггүй тул хариуцагчийг 2017 оны 6 сарын 19-ний өдрөөс эхлэн даатгалын нөхөн төлбөрийг олгох хугацааг хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дахь заалтад заасан үүрэг гүйцэтгэх хугацаа гэдэгт талуудын хооронд байгуулсан гэрээгээр тохиролцсон хугацааг ойлгох тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан даатгалын нөхөн төлбөр гаргуулахтай холбоотой асуудлаар шүүхийн маргаан үүсэж, шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл тодорхой хугацаа орсон, шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэж дуссаны дараа хяналтын шатны шүүхийн тогтоолыг гардаж аваад төлбөрийг бүрэн барагдуулсан тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 Иймээс хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсний улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь хохирлын хэмжээг гэрээний дагуу олгогдох ёстой байсан даатгалын нөхөн төлбөр болох 35,734,036 төгрөгөөс тооцсон байх ба уг нөхөн төлбөрийг хариуцагч гэрээнд заасан цаг хугацаанд нь төлсөн бол орон сууцны зээлийн төлбөрт уг төлбөрийг төлж, улмаар банкинд төлөх хүүгийн хэмжээ багасах байсан боловч хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний улмаас даатгалын нөхөн төлбөрийг олгох ёстой байсан 2017 оны 6 сарын 19-ний өдрөөс хариуцагч даатгалын нөхөн төлбөрийг шүүхийн шийдвэрийн дагуу бүрэн төлж дуусгасан 2018 оны 5 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүнд 2,715,786 төгрөгийг илүү төлж хохирсон гэх үндэслэлээр тайлбарласан.

Гэсэн хэдий ч нэхэмжлэгч хариуцагчаас шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн даатгалын нөхөн төлбөр болох 35,734,036 төгрөгөөс 21,942,768.79 төгрөгийг 2018 оны 6 сарын 11-ний өдөр зээлийн төлбөрт төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкны дансны хуулга /хх-38 тал/-аар тогтоогдсон, төлбөрийн бусад хэсгийг юунд зарцуулсан болох нь тодорхойгүй байх тул хохирлыг банкны зээлийн төлбөрт төлсөн 21,942,768.79 төгрөгөөс тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирлын хэмжээг тооцохдоо нэхэмжлэгчийн гаргасан банкны зээлийн жилийн хүү болох 8 хувийн хүүг өдрийн хүүд шилжүүлэн өдөрт 0.022 хувь, 2017 оны 6 сарын 19-ний өдрөөс 2018 оны 5 сарын 31-ний өдрийг хүртэлх 346 хоногт ногдох хүү 7.6 хувийн хүүгээр тооцсон тооцооллоор тооцож үзэхэд 21,942,768.79 төгрөгт ногдох хүүгийн хэмжээ нь 1,667,650 төгрөг болж байна.

Нэхэмжлэгчийн гаргасан хүүгийн тооцоолол нь зээлийн гэрээгээр тогтоосон жилийн 8 хувийн хүүнд үндэслэсэн байх ба хариуцагч уг тооцоололд маргаагүй, тооцооллыг үндэслэлтэй гэж үзэх боломжтой байх тул хариуцагч А ХК-аас хохиролд 1,667,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.7, 240 дүгээр зүйлийн 240.1.5 дахь заалтыг баримтлан хариуцагч А ХК-аас 1,667,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 13,211,686 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 232,350 төгрөгийн 232,346 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч А ХК-аас 41,632 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УУГАНБАЯР

 

ШҮҮГЧ                                          Т.ГАНЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                          Б.ТҮМЭНЦЭЦЭГ