Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2017/01333

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 12 өдөр         Дугаар 181/ШШ2017/01333           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                          

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, Ханын материал-18062, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 48/51-д байрлах, “Эй Си Ди” ХХК/РД: 2877368/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Эй Си Ди” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эй Си Ди ХХК-иас хууль зөрчиж явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэхийг шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулж гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсэгт Дээд шатны албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргаж болно...’’, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэхь хэсэг, мөн хуулийн 157 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан энэхүү гомдлыг гаргаж байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 сарын 12-ны өдрийн 3408 дугаар шийдвэрээр “Эй Си Ди” ХХК-иас 167 600 000 төгрөгийг гаргуулж, “И Эм Эл Ди” ХХК-д олгохоор шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно.

Иргэн Д.Дуламцоо нь “И Эм Эл Ди” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Иргэний хууль болон Компанийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж, өөрийн 100 хувийн эзэмшилд байсан “Эй Си Ди” ХХК-тай сонирхлын зөрчилтэй, их хэмжээний үнийн дүн бүхий хэлцлийг хийж өр авлага үүсгэсэн байдаг.

Улмаар өөрөө хувьцааг нь 100 хувь эзэмшиж байсан “Эй Си Ди” ХХК-ийн тодорхой тооны хувьцааг иргэн Ж.Батсайханд худалдахдаа дээрх өр төлбөрийг иргэн Д.Дуламцоо өөрөө бүрэн хариуцан төлөх үүрэг хүлээж гэрээ байгуулсан байна.

Гэвч дээрх өр төлбөртэй холбоотой шүүх хуралдаанд Д.Дуламцоо нь “Эй Си Ди” ХХК-ийг талөөлөн оролцохдоо дээрх өр төлбөр үүссэн нөхцөл байдлын талаар болон төлбөрийг холбогдох хууль болон гэрээгээр өөрөө хариуцан хүлээх үүрэг хүлээсэн талаар үнэн зөвөөр мэдүүлээгүй, өөрт байгаа холбогдох нотлох баримтыг санаатайгаар шүүхэд гаргаж өгөөгүйгээс “Эй Си Ди” ХХК түүний өмнөөс бусдад 167 600 000 төгрөгийн төлбөр төлөх шийдвэр гарсан.

Иргэн Д.Дуламцоогийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд тухайн эрүүгийн хэрэг нь “И Эм Эл Ди” ХХК, “Эй Си Ди” ХХК-ийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, уг маргаантай холбоотой гарсан шүүхийн шийдвэр болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, тэдгээрийн явцад иргэн Ж.Батсайханы хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой болохыг эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэрэг баримтаар хангалттай нотлогдож байгаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4-т “...эрүүгийн журмаар хэргийг шалгаж байгаа бол асуудлыг хэлэлцэж дуусах хүртэл...” шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор түдгэлзүүлнэ гэсэн хуульд заасан үндэслэлийн дагуу холбогдох албан тушаалтанд хүсэлт гаргасан.

Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тасгийн дарга бөгөөд Баянгол дүүргийн ахлах шиийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатар болон Шийдвэр гүйцэтгэх газрын дарга Улсын Ерөнхий гүйцэтгэгч С.Батбямба нар нь хуульд заасан тодорхой үндэслэл байсаар байхад тус компанид холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт, гомдлыг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатар болон Шийдвэр гүйцэтгэх газрын дарга С.Батбямба нарын шийдвэрийг эс зөвшөөрч Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт гомдол гаргасан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдол хянагдаж дуусаагүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, тус компани байнга ажил хэргээ явуулдаггүй, компанийн удирдах байгууллага огт байдаггүй Сэлэнгэ аймагт гүйцэтгэх баримт бичиг, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг шилжүүлж, тус компанид хамааралгүй Дорнын өргөө ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилж, Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.2.7 дахь хэсэг болон мөн хуульд заасан “Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгөнөөс төлбөр гаргуулах”-тай холбоотой тодорхой заалтуудыг ноцтой зөрчсөн.

Мөн шийдвэр гүйцэтгэгч Г.Ариунболор нь 2016 оны 10 сарын 28-ны өдөр талуудын оролцуулан уулзалт хийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “...шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх бүх ажиллагааны явцад тэмдэглэл хөтөлнө...” гэж заасны дагуу ажиллагаа явуулсан. Гэтэл энэ хугацаанаас өмнө гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг дээрх байдлаар хууль зөрчин өөр газар шилжүүлсэн байсан ба Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх баримт бичиггүйгээр явуулахыг хориглоно ...” гэсэн заалт болон мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.7 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон гүйцэтгэх баримт бичгийн талаар гомдол гаргасан нь үндэслэлтэй бол гомдлыг шийдвэрлэх хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлнэ” гэсэн заалтыг зөрчиж хууль бусаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байсан. Энэ мэтээр шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд хууль зөрчин, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж “Эй Си Ди” ХХК-ийн эрх хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой хохироож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг үндэслэн дээрх байдлаар удаа дараа хууль зөрчиж явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, “Эй Си Ди” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4-т заасанчлан иргэн Д.Дуламцоод холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч “Эй Си Ди” ХХК-ийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Оюунаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Төлбөр төлөгч “Эй Си Ди” ХХК-ийн захирал Ж.Батсайханы гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3408 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 978 дугаар шүүхийн магадлалаар “Эй Си Ди” ХХК-иас 169 530 325 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4-т тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол асуудлыг хэлэлцэж дуусах хүртэл ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр заасан байдаг. Төлбөр төлөгч “Эй Си Ди” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан иргэн Д.Дуламцоо нь хууль зөрчин “И Эм Эл Ди” ХХК-д их хэмжээний өр төлбөр үүсгэсэн үйлдлийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.

Мөн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Эй Си Ди” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Эрхийн улсын бүртгэлийн Ү-1311000030 дугаарт бүртгэгдсэн нь тогтоогдсоны үндсэн дээр харьяаллын дагуу Сэлэнгэ аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгэх баримт бичгийг шилжүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж тухайн компанийн эд хөрөнгийг битүүмжилсэн.

Төлбөр авагчийн гаргасан гомдлын дагуу дээд шатны байгууллагаас гүйцэтгэх баримт бичгийг хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгаад шат шатандаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд нийцсэн талаарх хариуг өгч байсан.

Иймд “Эй Си Ди” ХХК-ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Эй Си Ди” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд нийцсэн гэх тайлбар гаргасан.

 

2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Оюунаад 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Оюунаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай шаардлага гаргаж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр .... хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна.” гэж заасан.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3408 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 978 дугаар магадлалаар “Эй Си Ди” ХХК-иас нийт 169 530 325 төгрөгийг гаргуулан “И Эм Эл Ди” ХХК-д олгохоор шийдвэрлэж, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 5076 дугаар гүйцэтгэх хуудас олгогдсон болох нь 978 дугаар магадлалын болон 5076 дугаар гүйцэтгэх хуудсын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 3408 дугаар шийдвэр болон 978 дугаар магадлалыг үндэслэн нэхэмжлэгчээс төлбөр гаргуулах ажиллагаа явуулж байгаа болох нь 978 дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх бичиг баримттайгаар явуулна гэсэн хуулийн заалтыг зөрчөөд хоёр талд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан гэх тайлбар гаргаж байна.

 

Нэхэмжлэгчийн өмчлөлд Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр багт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-1311000030 дугаарт бүртгэлтэй услалтын системийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байсан байх ба уг тоног төхөөрөмжийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн эвлэрлийн гэрээнд зааснаар “Дорнын өргөө” ХХК-ийн өмлөлд шилжүүлэн бүртгэхээр харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09 дугаар захирамжаар баталсан болох нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын албан бичгийн болон Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09 дугаар захирамжийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Төлбөр төлөгч нь хуулийн этгээд бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний ажил хэргээ байнга явуулдаг ..... нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ.”, 133 дугаар зүйлийн 133.4-т “Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийн 133.2, 133.3-т зааснаас гадна дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ:”, 133.4.1-т “шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар ханган хяналт тавих;” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Сант суманд үйл ажиллагаа явуулж байгаа болох нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичгийн хуулбараар тогтоогдож, хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.4.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяаллыг Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээр тогтоолгож, Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Сэлэнгэ аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн болох нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/32122 болон 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 5/2210 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10-т “Гүйцэтгэх баримт бичгийг хүлээж авсан шийдвэр гүйцэтгэх алба түүнийг үл маргалдах журмаар гүйцэтгэнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шийдвэр гүйцэтгэгч дараахь үйл ажиллагаа явуулж болно:”, 34.1.1-т “ .... эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах /цаашид "барьцаалах" гэх/, хураах, худалдан борлуулах;” гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10, 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтад зааснаар Сэлэнгэ аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны Сайхан сум дахь шийдвэр гүйцэтгэх хэсгийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч, нэхэмжлэгчийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1311000030 дугаарт бүртгэлтэй услалтын системийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг хариуцагчид буцаан шилжүүлсэн болох нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх бичиг баримтгүйгээр явуулсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг иргэн Д.Дуламцоод холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлэхийг даалгах шаардлага гаргаж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь үндэслэл, хугацаагаар шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор түдгэлзүүлнэ:”, 15.2.4-т “эрүүгийн журмаар хэргийг шалгаж байгаа бол асуудлыг хэлэлцэж дуусах хүртэл;” гэж заасан.

 

Нэхэмжлэгч “Эй Си Ди” ХХК-иас нийт 169 530 325 төгрөгийг гаргуулан “И Эм Эл Ди” ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тухай баримт хэрэгт авагдаагүй байх ба иргэн Д.Дуламцоод холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа гэх үндэслэл нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлд хамаарахгүй болно.

 

Зохигчид тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаагүй талаар маргахгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4 дэх заалтад заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.2, 15 дугаар зүйлийн 15.2.4 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгч “Эй Си Ди” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.2, 15 дугаар зүйлийн 15.2.4 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгч “Эй Си Ди” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Эй Си Ди” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ