Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2126

 

 ЭСД ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01333 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ЭСД ХХК-ийн, хариуцагч НШГАнд холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Нэхэмжлэгч ЭСД ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 3408 дугаар шийдвэрээр ЭСД ХХК-иас 167 600 000 төгрөгийг гаргуулж, “И Э Э Д” ХХК-д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Д.Дуламцоо нь “И ЭД” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Иргэний хууль болон Компанийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж, өөрийн 100 хувийн эзэмшилд байсан ЭСД ХХК-тай сонирхлын зөрчилтэй, их хэмжээний үнийн дүн бүхий хэлцлийг хийж, өр авлага үүсгэсэн. Улмаар Д.Д 100 хувь хувьцааг эзэмшиж байсан ЭСД ХХК-ийн тодорхой тооны хувьцааг иргэн Ж.Б-д худалдахдаа дээрх өр төлбөрийг иргэн Д.Д бүрэн хариуцан төлөх үүрэг хүлээж, гэрээ байгуулсан.

            Гэвч дээрх өр төлбөртэй холбоотой шүүх хуралдаанд Д.Д нь ЭСД ХХК-ийг талөөлөн оролцохдоо дээрх өр төлбөр үүссэн нөхцөл байдлын талаар болон төлбөрийг холбогдох хууль болон гэрээнд заасны дагуу хариуцах талаар үнэн зөвөөр мэдүүлээгүй, өөрт байгаа холбогдох нотлох баримтыг санаатайгаар шүүхэд гаргаж өгөөгүйгээс ЭСД ХХК түүний өмнөөс бусдад 167 600 000 төгрөгийн төлбөр төлөхөөр шийдвэр гарсан.

            Д.Д-гийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд тухайн эрүүгийн хэрэг нь “И Эм Эл Ди” ХХК, ЭСД ХХК-ийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, уг маргаантай холбоотой гарсан шүүхийн шийдвэр болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, тэдгээрийн явцад иргэн Ж.Б-ны хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой болохыг эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэрэг баримтаар хангалттай нотлогдож байна.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор түдгэлзүүлнэ гэсэн үндэслэлийн дагуу холбогдох албан тушаалтанд хүсэлт гаргасан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тасгийн дарга бөгөөд Баянгол дүүргийн ахлах шиийдвэр гүйцэтгэгч П.Х болон Шийдвэр гүйцэтгэх газрын дарга Улсын Ерөнхий гүйцэтгэгч С.Б нар нь хуульд заасан тодорхой үндэслэл байсаар байхад тус компанид холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт, гомдлыг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хр болон Шийдвэр гүйцэтгэх газрын дарга С.Б нарын шийдвэрийг эс зөвшөөрч, Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт гомдол гаргасан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдол хянагдаж дуусаагүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, тус компани байнга ажил хэргээ явуулдаггүй, компанийн удирдах байгууллага байдаггүй Сэлэнгэ аймагт гүйцэтгэх баримт бичиг, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг шилжүүлж, тус компанид хамааралгүй “Дө” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилж, Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 15 дугаар зүйлийн 15.2.7, мөн хуульд заасан төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулахтай холбоотой тодорхой заалтуудыг ноцтой зөрчсөн. Мөн шийдвэр гүйцэтгэгч Г.Ариунболор нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр талуудыг байлцуулан уулзалт хийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу ажиллагаа явуулсан бөгөөд энэ хугацаанаас өмнө гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг дээрх байдлаар хууль зөрчин өөр газар шилжүүлсэн ба Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг болон мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.7-д заасныг зөрчиж хууль бусаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан зэрэг шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд хууль зөрчин, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, ЭСД ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой хохироож байна.

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг үндэслэн дээрх байдлаар удаа дараа хууль зөрчиж явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, ЭСД ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4-т зааснаар Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэхийг НШГАнд даалгаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч НШГАны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 3408 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 978 дугаар шүүхийн магадлалаар ЭСД ХХК-иас 169 530 325 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4-т тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол асуудлыг хэлэлцэж дуусах хүртэл ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр заасан. Төлбөр төлөгч ЭСД ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Дуламцоо нь хууль зөрчин “И Эм Эл Ди” ХХК-д их хэмжээний өр төлбөр үүсгэсэн үйлдлийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ЭСД ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Эрхийн улсын бүртгэлийн Ү-1311000030 дугаарт бүртгэгдсэн нь тогтоогдсоны үндсэн дээр харьяаллын дагуу Сэлэнгэ аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгэх баримт бичгийг шилжүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, тухайн компанийн эд хөрөнгийг битүүмжилсэн. Төлбөр авагчийн гаргасан гомдлын дагуу дээд шатны байгууллагаас гүйцэтгэх баримт бичгийг хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгаад шат шатандаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд нийцсэн талаарх хариуг өгч байсан. Иймд ЭСД ХХК-ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.2, 15 дугаар зүйлийн 15.2.4-т заасныг баримтлан хариуцагч НШГАны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгч ЭСД ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч ЭСД ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч ЭСД ХХК-ийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4-т заасны дагуу холбогдох албан тушаалтанд хүсэлт гаргасан. Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст Д.Дуламцоод холбогдуулан шалгаж байгаа эрүүгийн хэрэг нь “И Эм Эл Ди” ХХК, ЭСД ХХК-иудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, уг маргаантай холбоотой гарсан шүүхийн шийдвэр болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад иргэн Ж.Батсайханы хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой болохыг эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэрэг баримтуудаар хангалттай нотлогдож байна.

            Гэтэл шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Мөн ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатар болон Шийдвэр гүйцэтгэх газрын дарга С.Батбямба нарын шийдвэрийг эс зөвшөөрч, Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт гомдол гаргасан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдол хянагдаж дуусаагүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг шилжүүлсэн нь Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.7-д заасныг ноцтой зөрчсөн. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч Г.Ариунболор нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр талуудыг байлцуулан уулзалт хийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу ажиллагаа явуулсан. Энэ хугацаанаас өмнө шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг хууль зөрчин шилжүүлсэн ба Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, 2 газар зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, хууль зөрчсөн талаарх гомдолд шүүх ямар ч дүгнэлт хийлгүйгээр орхигдуулсан.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

   Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч ЭСД ХХК нь хариуцагч НШГАнд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй байна.

            Учир нь шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүргийг нь тайлбарлах үүргээ биелүүлээгүй байхаас гадна, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэлэлцүүлэх захирамж гарснаас хойш хэргийн материалтай танилцуулаагүй байна.

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзнэ.

            Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч талаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг эх хувиар нь гаргуулан хэрэгт хавсаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримт бүрдүүлэх журам, түүнд тавигдах шаардлагад нийцэхгүй байна.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01333 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                                                  

                        ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

                                   

                                                                                    Ч.ЦЭНД