Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 122

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Ц.Баярмагнай, түүний өмгөөлөгч Д.Баяр (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2158),

хохирогч Г.Нямдаваа,

иргэний нэхэмжлэгч Т.Ганболд,

иргэний хариуцагч Ц.Батмэнд,

хохирогч Б.Долгоржав, иргэний нэхэмжлэгч Н.Банзрагч нарын өмгөөлөгч Ч.Ганбат (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1327) нарыг оролцуулан,

Тээврийн прокурорын газраас Мужааныхан овогт Цолмонбаатарын Баярмагнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 2016 2400 0399 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мужааныхан овогт Цолмонбаатарын Баярмагнай, Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кабель холбооны мэргэжилтэн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 44 дүгээр байр, 95 тоотод оршин суудаг, ЗП85041536 регистрийн дугаартай, ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар: (яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар)

Шүүгдэгч Ц.Баярмагнай нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энхжин худалдааны төвийн урд замд Ланд-105 загварын 22-09 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 25. 7.2. тэмдэглэлийг жолооч давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а.б.в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно. Мөн дүрмийн 7.12. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. гэснийг зөрчиж, Г.Нямдаваа жолоочтой Хьюндай Грейс загварын 89-47 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, шууд зардлаар 2.480.000 төгрөгийн хохирол учруулж, жолооч Г.Нямдаваа, зорчигч Б.Өлзийбадрах, Б.Долгоржав нарын биед хүндэвтэр гэмтэл, зорчигч С.Эрдэнэбилэг, Х.Одгэрэл, Н.Банзрагч нарын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.Баярмагнай нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Моносын уулзвараас баруун тийш, Петровис шатахуун түгээх станцын урд замд Ц.Бат-Эрдэний эзэмшлийн Тоёота Ланд крүүзер-105 загварын 22-09 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн үргэлжилсэн цагаан шугам давахыг хориглоно, зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх заалтыг тус тус зөрчиж, зүүн гар тийш эргэсний улмаас Г.Нямдаваагийн жолоодож явсан Хьюндай Грейс загварын 89-47 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байна. Тус хэргийн улмаас Г.Нямдаваад хүндэвтэр, түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Б.Өлзийбадрахад хүндэвтэр, Х.Одгэрэлд хөнгөн, С.Эрдэнэбилэгт хөнгөн, Б.Долгоржавд хүндэвтэр, Н.Банзрагч хөнгөн гэмтэж, Хьюндай Грейс загварын 89-47 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч, иргэний нэхэмжлэгч Т.Ганболдод 3.204.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Баярмагнай: Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Учир нь урьд мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар хангалттай мэдүүлсэн. Хохирогч Б.Долгоржав, иргэний нэхэмжлэгч Н.Банзрагч нарын худалдаж авсан энергийн гудас, хөнжил, улавч гэх мэт эд зүйлсийн 1.440.000 төгрөгийн төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ зардал нь тэдний гэмтэлтэй ямар нэгэн холбоогүй. Үйлдсэн хэргийн хувьд хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Мөрдөн байцаалтад:  (Эрүүгийн 201624000399 дугаартай хэргээс)

Хохирогч Д.Өлзийбадрахын өгсөн: ...Би тухайн үед микроавтобусны урд буюу жолоочийн баруун гар талд суусан миний хажууд нэг эмээ сууж явсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн нутаг Моносын уулзварын наахан талд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд замын хоёрдугаар эгнээгээр явж байхад эсрэг урсгалаас нэг жийп маркийн машин манай машины урдуур зүүн гар тийшээгээ эргээд ороод ирэхээр нь манай машины жолооч тормос гишгэж явсаар байгаад нөгөө машины баруун тал руу мөргөөд зогссон. Тэгээд машинаас буух гэсэн чинь машины хаалга онгойхгүй байхаар нь хойшоогоо даваад хойд хаалгаар буусан чинь зүүн талын хөл гишгэж болохгүй байсан. Тэгээд эхлээд замын цагдаагаас ирээд дараа нь түргэн ирээд тэнд байсан хүмүүсийг аваад явсан. Би тухайн үед хамгаалалтын бүс зүүгээгүй байсан…гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 13 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч Х.Одгэрэлийн өгсөн: ...Тухайн үед би голын хаалгаар ороод хамгийн эхний сандалд урагшаа хараад голд нь суусан юм. Миний зүүн талд нэг өвөө сууж байсан баруун талд манай найз Цэцэгмаа сууж байсан юм. Тэгээд явсаар байгаад Сонгинохайрхан дүүргийн нутаг Монос гээд сургууль өнгөрөөд Петровис колонк руу орох гээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд нэгдүгээр эгнээгээр явж байхад гэнэт эсрэг урсгалаас нэг жийп маркийн машин урдуур эргээд орж ирэх үед манай машин чигээрээ яваад мөргөлдсөн. Тэгээд би машинаас буусан чинь баруун хөлнөөс цус гараад өмд урагдсан байхаар нь харсан чинь шилбэ хэсэгтээ язарсан байсан. Тэр хавьд байсан барилгын хүмүүс ирээд цус тогтоож байна гээд хөл гар боож өгч туслаж байсан тэгээд удалгүй цагдаа, түргэн ирсэн. Түргэн ирээд намайг болон тэнд байсан зорчигч гээд зургаан хүнийг аваад явсан. Тухайн үед би хамгаалах бүс хэрэглээгүй байсан. …хамгийн урд жолоочийн хажууд нэг ах мөн нэг эмээ суусан. Ард нь нэг өвөө би Цэцэгмаа суусан. Бид гурвын ард 2 эгч, нэг жоохон хүүхэд явж байсан. Тэр хоёр эгч жоохон хүүхэд бид гурав бие зүгээр гээд такси бариад яваад өгсөн... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 20 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч С.Цэцэгмаагийн өгсөн: ...Тухайн үед би голын хаалгаар ороод хамгийн эхний сандалд урагшаа хараад баруун талд буюу хаалган талд нь суусан юм. Миний зүүн талд нэг өвөө наад талд нь Одгэрэл сууж байсан. Тэгээд явсаар байгаад Сонгинохайрхан дүүргийн нутаг Монос гээд сургууль өнгөрөөд явж байхад би тухайн үед доошоо хараад утсаараа оролдоод сууж байхад гэнэт аймар тормослох чимээ гараад түс тас болоод машинтай мөргөлдсөн. Тэгээд машинаас гарах гэсэн чинь хаалга нь онгойхгүй байснаа нэг мэдсэн хаалга онгойсон байсан. Тэгээд гараад ирсэн чинь баахан хүний нүүр амнаас цус гарчихсан байхад тэр хавьд байсан барилгын хүмүүс цус тогтоож байна гээд хөл гар боож өгч туслаж байсан тэгээд удалгүй цагдаа түргэн ирсэн. Түргэн ирээд манай найзыг болон тэнд байсан зургаан хүнийг аваад явсан. Тухайн үед би хамгаалах бүс хэрэглээгүй байсан. …Нөгөө машины жолоочийг багажаар үлээлгээд 0 байсан шүү гэж хариулж байсан…гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 26 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэбилэгийн өгсөн:…Би тухайн үед микроавтобусны хамгийн арын суудалд баруун талд суугаад явсан юм. Миний хажууд нэг жоохон хүүхэдтэй хоёр эмэгтэй сууж байсан. Тэгээд тэндээс хөдлөөд Сонгинохайрхан дүүрэг Моносын уулзвар өнгөрөөд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байхад би хажуу тийшээ харж байгаад урагшаагаа хартал эсрэг урсгалаас нэг цагаан өнгийн жийп маркийн машин зүүн гар тийшээгээ буюу манай машины урдуур эргэж байсан юм. Гэхдээ нэлээн хол харагдаж байхаар нь нээх юм бодоогүй өөр тийшээ харчихаад эргээд харах үед нөгөө машин тулаад ирчихсэн байхаар нь би юмнаас барих гэтэл амжаагүй нөгөө жийп машинтай мөргөлдөөд осол болсон. Тэгээд тэнд байсан хүмүүстэй хамт машинаас буусан... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 32 дугаар хуудас),

Хохирогч Г.Нямдаваагийн өгсөн: …Тэгээд ах Ганболдын эзэмшлийн Х.Грейс маркийн 89-47 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Моносын хойд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд замын хоёрдугаар эгнээгээр 60 км/цагийн хурдтай явж байхад эсрэг урсгалын гуравдугаар эгнээнд нэг жийп маркийн машин явж байснаа гэнэт миний урдуур зүүн гар тийшээгээ шатахуун түгээх станц руу орох гээд дараад ороор ирэхээр нь тормос гишгээд зогсож амжилгүй нөгөө машины баруун талын хоёр хаалга руу мөргөөд зогссон. Тэгээд би хэсэг хугацаанд ухаан балартсан байсан. Сайн санахгүй байна. Нэг мэдсэн хамарнаас маш их цус гарч байсан. Тэгээд нэг мэдсэн цагдаа ирчихсэн байсан удалгүй түргэн ирээд зорчигч бид нарыг аваад явсан. Ослын газар хэмжилт хийх үед би байгаагүй. Надад жолоочийн хариуцлагын Монгол даатгал байгаа. Би тухайн үед найман том хүн нэг хүүхэдтэй явж байсан. Би хамгаалах бүс зүүчихсэн явж байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 41 дүгээр хуудас),

Иргэний нэхэмжлэгч Т.Ганболдын өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагийн үед манай төрсөн ахын хүүхэд болох Нямдаваа над руу яриад осолд орчихлоо би өөрөө түргэний машинаар эмнэлэг рүү явж байна, та машин дээрээ оч гэхээр нь би осол болсон газар очсон. Тэр үед замын цагдаа нар ирчихсэн хэмжилт хийж байсан. Тэгээд хэмжилт хийж дууссаны дараа машинаа замаас холдуулаад тэр хавьд нэг айлын хашаанд оруулж тавьсан. Тэгээд дүүгийнхээ араас гэмтлийн эмнэлэг дээр очоод дүүгээсээ юу болов гэж асуухад Моносын хойд талын замаар явж байхад гэнэт урдуур машин дараад ороод ирсэн гэж байсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр 3.070.000 төгрөгний хохирол учирсан байгаа...гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 61 дүгээр хуудас),

Хохирогч Б.Долгоржавын өгсөн: ...тухайн үед микроавтоусны урд буюу жолоочийн хажууд сууж байсан. Жолооч бид хоёрын голд нэг залуу сууж байсан. Би баруун талд сууж байсан. Тэр өдөр дугаарын хязгаарлалттай байсан болохоор замын хөдөлгөөн сийрэг байсан. Тэгээд таван шараас хөдлөөд жолооч нэлээн хурдтай явж байсан, тухайн газрын нэрийг мэдэхгүй байна. Гэтэл эсрэг урсгалаас нэг цагаан өнгийн жийп машин урдуур нь эргээд ороод ирсэн. Тэгээд манай машин хурдтай явж байсан болохоор би за болохоо байлаа гэж бодоод байж байтал түс тас болоод явчихсан. Тэгээд жолоочийн хамарнаас маш их цус гарч байсан. Миний хөл маш их өвдөж байсан. Тэгээд өвгөнөө амьд байна уу гээд хойшоогоо хартал амнаас нь цус гарчихсан байж байсан. Тэгээд арайхийж өвгөн бид хоёр машинаас гарсан. Тэгээд түргэн ирээд намайг болон тэнд байсан хүмүүсийг аваад явсан. ...хамгаалах бүс зүүгээгүй байсан юм... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 70-71 дүгээр хуудас),

Иргэний нэхэмжлэгч Н.Банзрагчийн өгсөн: ...Тэгээд яг хаана явж байсан юм мэдэхгүй байна, нэг мэдсэн гал маналзаад явчихсан. Тухайн үед хэсэг ухаан алдсан байсан. Нэг мэдсэн цагаан машины хажуугаас миний сууж явсан машин мөргөсөн байсан. Тэгээд машинаасаа гарах гэж бөөн юм болж байгаад машинаасаа гарцгаасан. Удалгүй түргэний машин ирээд намайг болон тэнд байсан хүмүүсийг аваад явсан. Би тухайн үед микроавтобусны голын хаалгаар ороод хамгийн эхний сандлын зүүн талд сууж байсан юм. Миний хажууд хоёр охин сууж явсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 92-93 дугаар хуудас),

Иргэний хариуцагч Ц.Батмэндийн өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 22-ны өглөө ТЭЦ-4-ийн хажууд байрлах компаний байран дээрээ байж байхад Дундговь аймгаас мах ирчихлээ гээд авчирсан жолооч нь над руу яриад Сонгинохайрхан дүүргийн нутаг Ханбогд кашмерийн урдаас ирээд авчих гэхээр нь би дүү Ц.Баярмагнайд өөрийн эзэмшлийн Ланд-105 маркийн 22-09 УНЛ дугаартай тээврийн хэрэгслийг өгөөд махаа аваад ир гээд явуулсан юм. Тэгээд нээх удалгүй Баярмагнай над руу залгахдаа Сонгинохайрхан дүүргийн нутаг Моносын наахан талд осолд орчихлоо гэхээр нь яваад очсон чинь цагдаа нар ирчихсэн микроавтобуснаас гэмтсэн хүмүүс гаргаад түргэний машин руу хүмүүс суулгаж байсан. ...Нэхэмжилж байгаа хохиролууд нь хуулийн шаардлага хангасан бол төлж барагдуулна... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 103-104 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №5716 дугаартай шинжээчийн

1. Б.Өлзийбадрахын биед тархи доргилт, зүүн хөлний шаант ясны далд хугарал, дух, баруун шилбэнд зулгаралт, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт (1 дүгээр хх-ийн 122 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №5703 дугаартай шинжээчийн

1. Х.Одгэрэлийн биед баруун шилбэнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шилбэнд зулгаралт, зүүн өсгийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт (1 дүгээр хх-ийн 111 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №5704 дугаартай шинжээчийн

1. С.Цэцэгмаагийн биед духанд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. ШЭГЗТЖ-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт (1 дүгээр хх-ийн 115 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №5666 дугаартай шинжээчийн

1. С.Эрдэнбилэгийн биед баруун шилбэнд шарх, зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, хуйханд зулгаралт, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт (1 дүгээр хх-ийн 126 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №5629 дугаартай шинжээчийн

1. Г.Нямдаваагийн биед духны хөндийн урд хана, этмойд хөндийн урд хана, хамар ясны хоёр хажуу хана, хоёр ухархайн дотор хана, баруун ухархайн доод хана, баруун гайморын хөндийн урд болон дотор хана, хамрын таславчийг хамарсан цөмөрсөн нийлмэл шинэ хугарал, хоёр талын этмойд болон гайморын хөндийд цус хуралт, баруун шуу сарвуунд зулгаралт, хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна... гэх дүгнэлт (1 дүгээр хх-ийн 119 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №5660 дугаартай шинжээчийн

1. Б.Долгоржавын биед баруун шилбэний шаант ясны далд хугарал, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт (1 дүгээр хх-ийн 131 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №5667 дугаартай шинжээчийн

1. Н.Банзрагчийн биед хамрын нуруунд зулгаралт, доод уруулын дотор салстад цус хуралт, хоёр шүдний булгарал, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, зүүн тохойд цус хуралт, зүүн шагайн үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 10% алдагдуулна... гэх дүгнэлт (1 дүгээр хх-ийн 133 дугаар хуудас),

Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн №79 дугаартай

1. Ланд-105 маркийн 22-09 УНЛ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Баярмагнай нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын 25. 7.2 тэмдэгтийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16 а,б,в тэмдэгтүүдийг давахыг хориглоно. Мөн дүрмийн 7.12 жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс ирж яваа болон баруун тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Х.Грейс маркийн 89-47 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Нямдаваа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалт зөрчөөгүй байна... гэх дүгнэлт (хх-ийн 136 дугаар хуудас),

Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн

1. Ланд-105 маркийн 22-09 УНЛ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Баярмагнай нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын 25. 7.2 тэмдэгтийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16 а,б,в тэмдэгтүүдийг давахыг хориглоно. Мөн дүрмийн 7.12 жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс ирж яваа болон баруун тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. гэснийг зөрчсөн байх үндэлэлтэй байна.

2. Х.Грейс маркийн 89-47 УНД дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Нямдаваа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 21.8 Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн; Тайлбар энэ тоонд 12 нас хүрээгүй хүүхдийг тооцохгүй бөгөөд харин уг тээврийн хэрэгслийн бодит жин нь бүх жингээс хэтрэхгүй байвал зохино. 21.1 Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдлыг хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино. гэснийг зөрчсөн байх үндэстэй байна. Энэ осол гарахад нөлөөлөөгүй болно.

Жич: Х.Грейс маркийн 89-47 УНД дугаарын тээврийн хэрэгслийн хурдыг тооцож гаргав. км/цаг... гэх нэмэлт дүгнэлт (1 дүгээр хх-ийн 224 дүгээр хуудас),

Ц.Баярмагнайн яллагдагчаар өгсөн: ... 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр цэвэрлэх байгууламжийн баруун талд байрлах Ханбогд кашмер дээр хөдөөнөөс ноолуур өгөх гээд ирсэн машинаас нэг хонины мах авсан юм. Тэгээд махаа авчихаад буцаад ТЭЦ-4 хажууд байрлах ажил руугаа явах гээд төрсөн ах Батмэндийн эзэмшлийн Ланд-105 маркийн 22-09 УНЛ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Сонгинохайрхан дүүргийн нутаг Монос дээд сургуулийн баруун хойд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд замын гуравдуаар эгнээгээр 10 орчим км/цагийн хурдтай явж байгаад түлш дуусаад байхаар нь түлш авах гээд зүүн гар тийшээгээ Петровис колонк руу эргэж орох үед өөдөөс буюу эсрэг урсгалаас нэг микроавтобус нэлээн цаанаас ирж байхаар нь амжих юм байна гэж бодоод эсрэг урсгалын нэгдүгээр эгнээнд явж байхад машины түлш дуусаад унтарчихаад өнхөрч яваад урд дугуй колонкын гарц руу ороод хойд дугуй замын нэгдүгээр эгнээнд зогсчихсон юм. Тэгээд нөгөө микроавтобусыг амжаад гарчихсан юм байх гэж бодоод эргээд хартал нөгөө микроавтобус миний машины хоёр хаалгыг ирж мөргөсөн. Тэгээд миний машин мөргүүлсэн хүчиндээ замаас гараад зогссон. Тэгээд би цагдаа түргэн дуудсан. Микроавтобусанд сууж байсан зорчигч нар гэмтсэн байсан... гэх мэдүүдэг (1 дүгээр хх-ийн 149-150 дугаар хуудас),

Хохирогч Г.Нямдаваагийн хувийн байдлыг тогтоосон баримтууд (хх-ийн 45-54 дүгээр хуудас), хохирогч Б.Өлзийбадрахын мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 13 дугаар хуудас), хохирогч Б.Өлзийбадрахын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (1 дүгээр хх-ийн 15 дугаар хуудас), иргэний нэхэмжлэгч Х.Одгэрэлийн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 19 дүгээр хуудас), иргэний нэхэмжлэгч С.Цэцэгмаагийн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 26 дугаар хуудас), иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэбилэгийн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 32 дугаар хуудас), иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэбилэгийн иргэний үнэмлэхийн хуулбар, шилжин ирсэн тухай тодорхойлолт (1 дүгээр хх-ийн 34 дүгээр хуудас), зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон үйл баримт бүрэн бодитой нотлогдсон бөгөөд эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Баярмагнай нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, Г.Нямдаваагийн жолоодож явсан Хьюндай Грейс загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч нарт хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Ц.Баярмагнай нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын 25. 7.2 тэмдэгтийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16 а,б,в тэмдэгтүүдийг давахыг хориглоно. Мөн дүрмийн 7.12 жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс ирж яваа болон баруун тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг тус тус зөрчсөний улмаас хохирогч Б.Өлзийбадрахын биед хүндэвтэр, Х.Одгэрэлийн биед хөнгөн, С.Эрдэнэбилэгийн биед хөнгөн, Г.Нямдаваагийн биед хүндэвтэр, Б.Долгоржавын биед хүндэвтэр, Н.Банзрагчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирч, иргэний нэхэмжлэгч Т.Ганболдод 3.204.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1. дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Түүнд ял шийтгэл оногдуулахдаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан ихэнх хохирлыг сайн дураар төлж барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт хураагдаж ирсэн 382224 дугаартай Ц.Баярмагнайн жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд шилжүүлж, битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.Баярмагнайн өмчлөлийн Субару Форестер загварын 12-84 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.

Хохирол төлбөрийн талаар:

Энэ хэрэгт;

  • Хохирогч Б.Өлзийбадрах хохирол төлбөрт баримтаар нийт 358.510 төгрөг, 
  • Иргэний нэхэмжлэгч Х.Одгэрэл хохирол төлбөрт баримтаар нийт 34.521 төгрөг,
  • Иргэний нэхэмжлэгч С.Цэцэгмаа хохирол төлбөрт баримтаар нийт 120.000 төгрөг,
  • Иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэбилэг хохирол төлбөрт баримтаар нийт 94.450 төгрөг,
  • Хохирогч Г.Нямдаваа хохирол төлбөрт баримтаар нийт 1.269.650 төгрөг,
  • Иргэний нэхэмжлэгч Т.Ганболд хохирол төлбөрт баримтаар нийт 3.204.000 төгрөг,
  • Иргэний нэхэмжлэгч Б.Долгоржав хохирол төлбөрт баримтаар нийт 3.352.964 төгрөг,
  • Иргэний нэхэмжлэгч Н.Банзрагч хохирол төлбөрт баримтаар нийт 1.736.220 төгрөг тус тус нэхэмжилж, харин иргэний хариуцагч Ц.Батмэнд хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.

 Дээрх хохирол, төлбөрөөс шүүгдэгч Ц.Баярмагнай нь;

- Хохирогч Б.Өлзийбадрахад 800.000 төгрөг төлсөн нь 1 дүгээр хавтаст хэргийн 240 дүгээр хуудаст,

- Хохирогч Г.Нямдаваад 1.269.650 төгрөг төлсөн нь 1 дүгээр хавтаст хэргийн 238, 245 дугаар хуудаст,

- Иргэний нэхэмжлэгч Т.Ганболд нарт 1.730.350 төгрөг төлсөн нь 1 дүгээр хавтаст хэргийн 239, 245 дугаар хуудаст,

- Иргэний нэхэмжлэгч Б.Долгоржавд 2.000.000 төгрөг төлсөн нь 1 дүгээр хавтаст хэргийн 241 дүгээр хуудаст, 1.000.000 төгрөг төлсөн болох нь 2 дугаар хавтаст хэргийн 14 пүгээр хуудаст,

- Иргэний нэхэмжлэгч С.Цэцэгмаад 120.000 төгрөг төлсөн нь 2 дугаар хавтаст хэргийн 16 дугаар хуудаст,

- Иргэний нэхэмжлэгч Х.Одгэрэлд 40.000 төгрөг төлсөн нь 2 дугаар хавтаст хэргийн 17 дугаар хуудаст,

- Иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэбилэгт 95.000 төгрөг төлсөн нь 2 дугаар хавтаст хэргийн 17 дугаар хуудаст авагдсан нотлох баримтаар тус бүр нотлогдож байна.

Иргэний нэхэмжлэгч Н.Банзрагчийн нэхэмжлэлээс 1.440.000 (нэг сая дөрвөн зуун дөчин мянган) төгрөгийн энергийн гудас, энергийн дэр, энергийн оймс гэх мэт эд зүйлс нь түүнд учирсан гэмтэлтэй ямар холбоотой гэм хор болох нь тодорхойгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3. дахь хэсэгт зааснаар тус нэхэмжлэлээ иргэний журмаар шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхтэйг дурдав.

Иймд: 

-             Хохирогч Б.Долгоржавд 352.964 (гурван зуун тавин хоёр мянга есөн зуун жаран дөрөв) төгрөгийг,

-             иргэний нэхэмжлэгч Н.Банзрагчид 296.220 (хоёр зуун ерэн зургаан мянга хоёр зуун хорь) төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баярмагнайгаас тус тус гаргуулж, тэдэнд олгох нь зүйтэй байна. 

Харин хохирогч Г.Нямдаваа Хьюндай Грейс загварын 89-47 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.8. Тээврийн хэрэгслийн тогтоосон тооноос олон хүн тээвэрлэсэн, 21.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдийг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино гэснийг тус тус зөрчсөн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэмэгдүүлсэн гэж үзлээ. Иймд;

- Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1. дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан..., ...бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч гэм хорыг төлөх үүрэгтэй. гэж,

- Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1. дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэт болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно. гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгч Ц.Баярмагнай, иргэний хариуцагч Ц.Батмэнд нар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийт 7.055.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөнг харгалзан Хьюндай Грейс загварын 89-47 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, иргэний нэхэмжлэгч Т.Ганболдын 3.204.000 төгрөгийн нэхэмжлэл (1.730.350 төгрөг төлөгдсөн)-ээс үлдсэн 1.473.650 (нэг сая дөрвөн зуун далан гурван мянга зургаан зуун тавь) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.

Шүүгдэгч Ц.Баярмагнай нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, энэ хэрэгт Ц.Баярмагнайн 382224 дугаарын жолооны үнэмлэх хураагдсан, мөн түүний эзэмшлийн 12-84 УНҮ улсын дугаартай Субару Форестер загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэнг тус тус тогтоолд дурдав. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Мужааныхан овогт Цолмонбаатарын Баярмагнайг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Баярмагнайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1. дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 (зургаа) дахин нэмэгдүүсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.152.000 (нэг сая нэг зуун тавин хоёр мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3. дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Энэ хэрэгт Субару Форестер загварын 12-84 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, шүүгдэгч Ц.Баярмагнай нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, хэргийн хамт Ц.Баярмагнайн 382224 дугаарын жолооны үнэмлэх хураагдан ирсэнг тус тус дурдсугай.

5. Мөрдөн байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Субару Форестер загварын 12-84 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

6. Энэ хэрэгт хураагдсан Ц.Баярмагнайн 382224 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баярмагнайгаас 352.964 (гурван зуун тавин хоёр мянга есөн зуун жаран дөрөв) төгрөг гаргуулж, хохирогч Б.Долгоржав (РД:АВ49030101, Архангай аймаг, Жаргалант сум, 5 дугаар баг, Баянцагаанд оршин суух хаягтай, утасны дугаар: 95916539), 296.220 (хоёр зуун ерэн зургаан мянга хоёр зуун хорь) төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Н.Банзрагч(РД:АВ48031811, Архангай аймаг, Жаргалант сум, Баянцагаан, баянцагаан 4 дүгээр гудамж, 16 тоотод оршин суух хаягтай, утасны дугаар: 95916539) нарт тус тус олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3. дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Н.Банзрагч 1.440.000 (нэг сая дөрвөн зуун дөчин мянга) төгрөгийн нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж, тус хуулийн 292 дугаар зүйлийн 292.1. дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Н.Ганболдын 1.473.650 (нэг сая дөрвөн зуун далан гурван мянга зургаан зуун тавь) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.3. дахь хэсэгт зааснаар Ц.Баярмагнайд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Баярмагнайд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА