Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 563

 

     Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 10-5 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, регистрийн дугаар:УМ90051725, Хошууд овогт Батбаярын Ундармаагийн нэхэмжлэлтэй, 

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2-р 48 айлын 2-24 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, регистрийн дугаар:ОЭ90042518, Харнууд овогт Баяраагийн Баатарсайханд холбогдох,

    Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах, өөрийн хуваарьт хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ундармаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, хариуцагч Б.Баатарсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Б.Ундармаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2005 оноос Б.Баатарсайхантай үерхэж байгаад 2011 оны 11 дүгээр сарын 13-нд гэр бүл болсон. Ингээд 2012 оны 8 дугаар сарын 18-нд хүү Б.Мөнххангай төрсөн. 2012 оны 12 дугаар сард хуримаа хийсэн. Бид хуримаа хийсний дараа өөрсдийн эзэмшлийн газар, хашаа байхгүй учир хадам ээж Н.Дашхүүгийн санаачлагаар миний өөрийн аав Н.Батбаярын хашаанд гэрээ барьж амьдрах болсон. Гэхдээ зөвхөн өвөлд нь гэртээ амьдраад бусад үед нь хадам аав Г.Баяраагийн байранд хамт амьдарч байсан билээ. Бидний амьдрал нь хадам эцэг эхийн шийдвэрээр явагддаг орж гарсан ч хадам эх эцгийн зөвшөөрлийг авдаг бидний хамтын амьдрал биш болж утга учиргүй амьдрал бий болсон. Ингээд 2013 оны 4 дүгээр сарын 08-нд хадам ээж Н.Дашхүү нь гэртээ согтуугаар ирж миний хүү буруу хүнтэй суусан гэж над руу агсам тавьж намайг хөөсөн. Хүү минь 7 сартай байсан болохоор айж ээртлээ уйлаад улмаар би ээжийгээ ирж авахыг утсаар хэлж айж сандарсандаа намайг аваач гэж гуйхад ээж Ж.Жавзмаа, дүү Б.Мичидмаа нар ирсэн бөгөөд ээж дүүг минь хэл амаар доромжлон ээж Ж.Жавзмаа зүүн гар талын булчинг хөхөртөл цохин, дүү Б.Мичидмааг хүүгийн цүнхтэй хувцсаар цохин толгойг нь доргиосон. Энэ асуудлаар миний эцэг эх болон би хэл ам хийгээгүй хадам ээж Н.Дашхүү нь уучлалт гуйгаад дахин ийм асуудал гаргахгүй гэж ам тангараг өгч хамт архи уусан 2 эрэгтэй хүнтэй гурвуулаа ирж уучлалт гуйсан ба хот явсан аав нь ирж намайг загнан надад хэцүү байна хотоос ирэхээс нь өмнө харья гээд улмаар би хүүгийн хамт хадмын гэр лүү явсан. 2014 оны 2 дугаар сард хүү Б.Мөнххангайн “Сэвлэг үргээх найр”-ны орой Б.Баатарсайхан ээж аав чинь юу ч хийсэнгүй гэж намайг зодсон. Хадам аав ээж намайг байнга хэл амаар доромжилж, гэрээсээ хөөдөг мөн Б.Баатарсайхан хэл амаар, утсаар, ажил дээр ирж дарамталдаг. Манай ажлын газрын зарим хүмүүс ийнхүү дарамталж байгааг харсан болно. Ингэж миний амьдрал нөхөр болон хадам эцэг эхийн байнгын дарамтанд байх болж сүүлдээ тэсэхийн аргагүй болсон тул 2015 оны 4 дүгээр сараас аав Н.Батбаяр эмнэлэгт хэвтсэн учир улмаар аавындаа очиж хоол цайг нь хийж өгнө гээд хүүхдээ аван тэднийхээс гарч аавындаа ирсэн болно. Ингэж дарамтнаас жаахан ч гэсэн холдсон боловч үүнээс хойш Б.Мөнххангайг авах гэж манай аавынд Б.Баатарсайхан, Г.Баяраа, Н.Дашхүү нар удаа дараа ирж хэл амаар доромжлон дайрч утсаар ярьж мессеж бичин байнгын дарамтлах болсон.

…Мөн Б.Баатарсайхан нь намайг хүүхэдтэй маань уулзуулдаггүй гэж худлаа хэлж байна. Шүүх хурал болох үед юмуу эсвэл нөхцөл байдлын үнэлгээ гаргах үеэр л хүүхэдтэйгээ уулзана гэдэг бусад үеэр уулздаггүй юм. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.Мөнххангайг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргууж, өөрийн хуваарьт хөрөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

       Хариуцагч Б.Баатарсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие эхний удаад эхнэр Б.Ундармаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй эвлэрч хамт амьдрах хүсэлтэй байсан. Гэвч одоо гэрлэлт цуцлуулах болон эд хөрөнгө гаргуулах шаардлага дээр маргаангүй болсон. Учир нь Б.Ундармаа нь надаас албан ёсоор салаагүй байхдаа дахин өөр хүнтэй суухаар болсон юм. Иймд хүү Б.Мөнххангайг өөрийн асрамжид авар хүсэлтэй байна. Учир нь би хүүдээ хойд эцгийн гар харуулахыг хүсэхгүй байна. Мөн Б.Ундармаа нь намайг хүүтэй маань уулзуулдаггүй. Иймд хүү Б.Мөнххангайг миний асрамжид үлдээж өгнө үү.  Миний эцэг, эх эхнэр Б.Ундармааг өөрийн охиноос ч илүү хайрлаж халамжилдаг. Бид гэр бүл болсон цагаасаа эхлэн өөрсдийн амьдралдаа өөрсдөө мэдэж хэний ч заавар зөвлөгөөгүйгээр өнөөдрийг хүртэл амьдарсан. Аав, ээж хоёр маань миний эхнэрийн унтах нойрыг нэг ч удаа хасалгүй, түүний урдуур нь орж ажил хийн, хүү Б.Мөнххангайг нойр хоолоо хугаслан байж эрүүл энх өсгөн бойжуулаж, өглөө ажилд явах, ажлаас ирэхэд үед цай хоолыг нь бэлэн байлгаж Б.Ундармааг эрх танхи байлгасан. Гэтэл Б.Ундармаа нь одоо янз бүрийн зүйл ярьж байгааг гайхаж байна. Гэрлэлт цуцлуулах гээд байгаа шалтгаан нь түүний нэхэмжлэлд бичээд байгаа зүйлс биш бөгөөд Б.Ундармаагийн дүү Б.Балжинням нь миний төрсөн ганц эгчийн охиныг хүчиндсэн учраас надаас сална гэж байгаа. Мөн Б.Ундармаа нь өөр хүнтэй гэрлэж байгаа юм. Эцэг хүний хувьд эхнэр болон төрсөн хүүдээ гар хүрэх нь бүү хэл нэг ч удаа ааш гаргаж загнаж зандарсан асуудал байхгүй гэдгийг хэлмээр байна…” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Б.Ундармаа нь хариуцагч Б.Баатарсайханаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах, өөрийн хуваарьт хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Хариуцагч Б.Баатарсайхан нь “Би хүүгээ өөрийн асрамжид авмаар байна. Учир нь Б.Ундармаа дахин гэр бүлтэй болж байгаа, мөн хүүг надтай уулзуулдаггүй” хэмээн маргаж байна.

    Б.Ундармаа, Б.Баатарсайхан нар 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэр бүл болж хамт амьдарсан, тэдний дундаас 2012 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.Мөнххангай төрсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбаруудаар тус тус нотлогдож байна.

       Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2015 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн бөгөөд эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй гэж үзлээ.

        Нэхэмжлэгч Б.Ундармаа нь 2012 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Мөнххангайг өөрийн асрамжид авч, эцэг Б.Баатарсайханаар тэжээн тэтгүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хариуцагч Б.Баатарсайханы хүсэлтээр хүү Б.Мөнхангайн амьдарч буй аль орчинд нөхцөл байдлын үнэлгээ гаргуулахад Увс аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын Эрх хамгаалал, Хүүхэд харах үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, мөн газрын Гэр бүлийн боловсрол сэтгэл зүй хариуцсан мэргэжилтэн Ц.Ариунтуяа, Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтэн Ц.Батсүрэн, Увс аймаг дахь Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч нарын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн нөхцөл байдлын үнэлгээгээр гэрлэгчдийн амьдарч байгаа орчин болон гэр бүлийн харилцаа хандлага нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлөх зүйл байхгүй, Б.Ундармаа нь Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д орлогын ажилтнаар ажилладаг бөгөөд сард дунджаар 550.000 төгрөгийн цалинтай, Б.Баатарсайхан нь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Увс аймаг дахь салбарын эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг бөгөөд сард дунджаар 640.000 төгрөгийн цалинтай, зохигчдын хэн хэнтэй нь хүү Б.Мөнххангай амьдрах боломжтой гэсэн дүгнэлт гарчээ.

      Нөхцөл байдлын үнэлгээгээр хүү Б.Мөнххангайн гэрлэгчдийн хэн хэнтэй нь амьдрах боломжтой гэсэн дүгнэлт гарсан боловч хүү Б.Мөнхангайн насыг харгалзан эх Б.Ундармаагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Б.Мөнххангайг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.Баатарсайханаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Нэхэмжлэгч Б.Ундармаа нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан ба Б.Баатарсайхан, Б.Ундармаа нарын Хаан банк дахь дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд хадгаламжийн үлдэгдэл 11.310.956,50 төгрөг байх бөгөөд уг хадгаламжийг гэрлэгчдийг гэр бүл болсноос хойш буюу 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д зааснаар хадгаламжийг гэр бүлийн гишүүдэд хувь тэнцүүлэн хувааж, Б.Ундармаа, Б.Мөнххангай нарт ногдох хувь болох 7.540.637 төгрөгийг Б.Ундармаад, 3.770.318 төгрөгийг Б.Баатарсайханд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Нэхэмжлэгч нь хуваарьт хөрөнгө болох гэр бүл болоход аав, ээжийн зүгээс авч өгсөн зүйлийн дутууг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ шаардлагаа нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

     Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргаж ирүүлсэн видео бичлэг, флаш дискэнд бичигдсэн яриа нь хэрэгт хамааралгүй, хэрэгт хавсаргасан гэрэл зургуудыг хэн, хэзээ, хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус, цэцэрлэгийн хүүхдийн ирцийн бүртгэл зэрэг баримтууд нь нотариатаар батлуулаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар тус тус үнэлээгүй болно.       

      Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч  эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж,  хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийг эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй” болохыг тус тус дурдах нь зүйтэй.   

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан тул хариуцагч Б.Баатарсайханаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ундармаад олгож, мөн хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.526 төгрөгийг хариуцагч Б.Баатарсайханаас гаргуулан улсын орлогод /150000941 тоот данс/ оруулж шийдвэрлэлээ.

      Хариуцагч Б.Баатарсайханы өмгөөлөгч Г.Баяржаргалд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй бөгөөд хариуцагч Б.Баатарсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбадрах нар нь өмгөөлөгч Г.Баяржаргалыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан болохыг дурдаж байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Харнууд овогт Баяраагийн Баатарсайхан, Хошууд овогт Батбаярын Ундармаа нарын гэрлэлтийг цуцалсугай.

     2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчдийн 2012 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Мөнххангайг эх Б.Ундармаагийн асрамжид үлдээсүгэй.

       3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Б.Мөнххангайг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.Баатарсайханаар тэжээн тэтгүүлсүгэй.

    4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д зааснаар Б.Баатарсайхан, Б.Ундармаа, Б.Мөнххангай нарын хамтран өмчлөх дундын өмч болох Хаан банкин дахь 11.310.956,50 төгрөгийн хадгаламжийн Б.Ундармаа, Б.Мөнххангай нарт ногдох хувь болох 7.540.637 төгрөгийг Б.Ундармаад, 3.770.318 төгрөгийг Б.Баатарсайханд олгож, хуваарьт хөрөнгө болон гэр бүл болоход нь эцэг, эхийн авч өгсөн зүйлийн дутууг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

     5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийг эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

       6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баатарсайханаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ундармаад олгож, хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.526 төгрөгийг улсын орлогод /150000941 тоот данс/ оруулсугай.  

      7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       П.БОЛОР