Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 06

 

Д.Цэрэнчимэд, Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбасүрэн, түүний өмгөөлөгч Л.Данзанноров,

шүүгдэгч Д.Цэрэнчимэдийн өмгөөлөгч Э.Ганбат, Ш.Оюумаа,

шүүгдэгч Д.Төмөрпүрэвийн өмгөөлөгч Г.Мөнхбат,

шүүгдэгч У.Батзоригийн өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 714 дүгээр магадлалтай, 201525012394 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Цэрэнчимэд, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Ш.Оюумаа, шүүгдэгч Д.Төмөрпүрэвийн өмгөөлөгч Г.Мөнхбат, шүүгдэгч У.Батзориг, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, ял шийтгэлгүй, Хамнай ухасай овогт Даваажаргалын Цэрэнчимэд нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад заасан “Танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах”, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад заасан “Бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, ял шийтгэлгүй, Боржигин овогт Дагвын Төмөрпүрэв нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад заасан “Бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах”, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, ял шийтгэлгүй, Хэрээд овогт Уртнасангийн Батзориг нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад заасан “Бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Д.Цэрэнчимэдийг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах, догшин авирлаж, бүлэглэн танхайрах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Д.Төмөрпүрэвийг догшин авирлаж, бүлэглэн танхайрах, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

У.Батзоригийг догшин авирлаж, бүлэглэн танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Д.Төмөрпүрэвт холбогдох Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Төмөрпүрэвийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Д.Цэрэнчимэдийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар 20 жил хорих, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 1 сар хорих, Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарыг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар тус бүр 3 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Д.Цэрэнчимэдэд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 20 жил хорих ялд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах заалтад зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг багтааж, Д.Цэрэнчимэдийн биечлэн эдлэх ялыг нийт 20 жил хорих ялаар тогтоож, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарт тус бүр оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Цэрэнчимэдээс 19.462.824 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбасүрэнд олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 147 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Цэрэнчимэд, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Ш.Оюумаа, шүүгдэгч Д.Төмөрпүрэв, түүний өмгөөлөгч Т.Багахүү, шүүгдэгч У.Батзориг, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч Э.Ганбат, Ш.Оюумаа, Г.Мөнхбат, Б.Дашдорж, Л.Данзанноров нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Цэрэнчимэд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Тухайн үед миний бие танхайрах, хүний амь насыг хохироох үйлдэл хийгээгүй, тийм зорилго агуулаагүй, намайг алнаа гээд олон дахин хөөж зодож байхад би нэг ч удаа цохих үйлдэл хийгээгүй. Гэтэл миний мөр мултарсан маш их зовиуртай байсан ч эв зүйгээ ольё гэж бодоод очиход газраас чулуу аваад дайрахад нь өөрийн биеэ хамгаалахаар өшиглөсөн юм. Анхан шатны шүүхээс намайг танхайн сэдэлтээр бусдын амь нас хохироосон гэж үзсэнд гомдолтой байна. Байцаагч намайг тэр залуутай маргаан өдөж зодолдож боож унагасан мэт харагдах байдлаар байцаасан бөгөөд байцаалтыг ажлын бус цагаар явуулж, өөрийн гар утсаар өмгөөлөгч дуудаж тэр өмгөөлөгчийн үгээр тулгаж байцаасан. Тухайн хэрэг анх юунаас болж гарах болсон, шалтаг шалтгаан нөхцөл байдлыг тодруулаагүй. Хэрэг болсон байдлыг дан ганц миний өшиглөснөөр таслан авч хэлэлцэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Араас олон дахин хөөж ирэн алахаар заналхийлж байсан, мөн найзуудыг минь зодох гэж дайрч байхад тэднийг гэмтээх нь гэж бодоод больцгооё, эв зүйгээ ольё гээд очиж байхад газраас чулуу аваад дайрахаар нь өөрөөсөө холдуулан биеэ хамгаалах зорилгоор нэг удаа мөрөн тус газар нь өшиглөсөн. Надад өөр сонголт байгаагүй. Мөрдөн байцаагч нь хэрэгт холбогдолтой гэрч, хохирогч, бусад хүмүүсээс миний эсрэг, намайг буруутгахын тулд байцаалтыг хөтөлж авсан гэж үзэж байна. Миний бие хохирогчийн зүүн мөрөнд өшиглөсөн. Гэтэл мөрөнд өшиглөсөн үйлдлийн ул мөр фото зурганд харагдах боловч шинжээчийн дүгнэлтэнд дурдагдаагүй нь учир дутагдалтай байна. Тус үйлдэл нь хүний амь насанд хүрэхээр хэмжээний гэмтэл учруулсан эсэх нь эргэлзээтэй. Хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хэргийн газарт туршилт хийлгэх зайлшгүй шаардлагатай. Тухайн үед хохирогч, найзын хамт цуг байсан эмэгтэйг гэрчээр асуулгах хүсэлтэй байна. Давж заалдах шатны шүүхээс намайг урьд нь тусгай албанд ажиллаж байсан хүн яаж хүн цохихыг заалгадаг гэж нийтлэг ойлголтоор дүгнэж байгаад гомдолтой байна. Би тусгай албанд мэргэн буудагч мэргэжилтэй байсан бөгөөд бэлтгэл сургуулалтыг зөвхөн өөрийн мэргэжил, ажлын чиг үүргийн дагуу хийдэг тул нийтлэг бус ойлголтоор авч ойлгохыг хүсч байна. Иймд хэргийн үнэн зөв бодит байдлыг тогтоож, мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Д.Цэрэнчимэдийн өмгөөлөгч Э.Ганбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Хохирогч Ууганбаатар нь Цэрэнчимэдийг цохиж, араас нь хөөж барьж авах зэрэг үйлдэл хийж, Цэрэнчимэдийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Д.Цэрэнчимэд нь хохирогч Ууганбаатарыг зүүн мөр орчимд нь өшиглөх болсон сэдэлт нь дээрх хохирогчийн буруутай үйлдэлтэй холбоотой төдийгүй, хохирогч түүнтэй хамт явсан найз нар болох Буяндэлгэр нарын хамт Цэрэнчимэдийг зодох гэсэн санаа зорилготой араас нь хөөж 31 дүгээр байрны үүдэнд ирсэн нь нотлогдож тогтоогдсон. Д.Цэрэнчимэдийг ганцаараа танхайрч хохирогч Ууганбаатарын амь насыг хохироосон гэж дүгнэлт хийсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна. 5248 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд 01:55:33 секундэд бараан өнгийн хувцастай хүнийг тонгойх үед наад талаас очиж явсан бараан богино хүрэм /савхин байж болно/, бараан өмдтэй хүн толгойн тус газарт нь нэг удаа өшиглөж унагаасан гэжээ. Гэтэл Д.Цэрэнчимэд нь савхин бараан богино хүрэм өмсөөгүй болох нь тогтоогдсон. Харин Төмөрпүрэв хар ногоон савхин куртиктай явсан байдаг. Дээрх дүгнэлт нь камерын бичлэгт 6 дахин томруулж хийгдсэн тул түүнийг өнгө ялгах асуудлаар үнэн зөв гэж ойлгож байна. Камерын бичлэгээр таньж олуулах ажиллагааг сэжигтэн тус бүрээр хийлгэсэн байх бөгөөд үзлэг хийсэн тэмдэглэлд бичигдсэн үйл явдлын байдал нь зөрүүтэй байх тул үүнийг нэг мөр зөв болгох зорилгоор эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдыг хамт оролцуулан дахин хийх, ингэхдээ дүрс бичлэгийн хэмжээг 6 дахин өсгөсөн байдалд шинжээчийг байлцуулан хийх нь хэргийн байдлыг бодитой тогтооход чухал ач холбогдолтой юм. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Цэрэнчимэдийн өмгөөлөгч Ш.Оюумаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39 дүгээр зүйлд “Сэжигтэн, яллагдагчийн ... зөвшөөрснөөр буюу хүссэнээр түүний хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн нь өмгөөлөгчийг сонгон авч болно” гэж заасан. Гэтэл мөрдөн байцаагчид өөрсдөө өмгөөлөгч сонгож, Батсүх гэж өмгөөлөгчийг оролцуулсан нь байцаан шийтгэх ажиллагааг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Цэрэнчимэдийн хувьд архи дарс угаагүй, бүх зүйлийг мэдэн эрүүл саруул ухаантай байсан. Хэргийн бодит байдалд талийгаач нь Цэрэнчимэдийг эхэлж цохиж авсан байдаг. Мөн обьектид гарсан нөхцөл байдлыг салгах гэж орилж ална гээд байхад нь зугтаах үйлдэл хийж байсан байдаг. Хохирогч огт ухаангүй байгаагүй нь гэрч Мөнх-Ундраагийн мэдүүлгээр тогтоогдсон. Шинжээч эмч Ариунзул хатуу мохоо гэдэг нь цохих, өшиглөх зэрэг хамаарна гэсэн бөгөөд үүнийг нарийвчлан тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл учирсан гэмтэл нь цохилтоос үүссэн үү, өшиглөлтөөс үүссэн үү гэдэг нь тодорхойгүй  байна. Хэрэг учрал болох үед Цэрэнчимэд нь амралтын цагаар өөрийн төрсөн өдрөө тэмдэглэх гээд хувийн байдлаар явж байсан. Цэрэнчимэд нь ажил үүргийн хувьд тусгай албаны мэргэн буудагчаар ажилладаг. Тусгай албаны ажилтан байх нь энэ гэмт хэрэг гарахад огт нөлөөлөхгүй гэж ойлгогдож байна. Ийм байхад танхайрсан, хүн амины гэмт хэргийг ажил үүрэгтэй нь холбож тайлбарласан нь учир дутагдалтай. Хохирогчид учирсан олон тооны гэмтлийг хэн хэн учруулсан, мөн юунаас учирсан гэдэг нь тодорхойгүй байна. Хар бараан өнгийн, савхин байж болохоор хувцсыг Төмөрпүрэв, цайвар өнгийн хувцсыг Цэрэнчимэд өмсөж явсан нь тодорхой байдаг. Хохирогчид учирсан гэмтлүүдийг хэн яаж учруулсан, хоолойн гэмтэл талийгаачийн үхэлд хэрхэн нөлөөлсөн талаарх дүгнэлт тодорхойгүй байна. Буяндэлгэртэй хамт байсан эмэгтэйг олж байцаагаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хэргийг бүхий л талаас нь бүрэн бодитой тогтоогоогүй. Мөн хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдоогүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тодруулж үнэлээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318, 320 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч У.Батзориг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Мөрдөн байцаалтыг бүрэн гүйцэд, үнэн зөв явуулаагүйд гомдолтой байна. Хэргийг мөрдөн байцаалтанд буцааж үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсье. Би ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж харамсаж байна. Хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гомдол саналгүй байгаа. Би урьд нь ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүй. Мөрдөн байцаалтанд буцаах боломжгүй бол миний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч У.Батзоригийн өмгөөлөгч Б.Дашдорж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ялтан Батзоригийн үйлдлээс хохирогч Буяндэлгэрийн биед гэмтэл учирсан эсэх, танхайн гэмт хэрэгт холбогдсон эсэх нь эргэлзээ бүхий байдаг. Хэргийн материалтай танилцахад шүүгдэгч Батзориг ямар нэгэн зодоонд оролцоогүй болох нь гэрч Гансүх, Энхнаран, хохирогч Буяндэлгэр, сэжигтэн, яллагдагч Төмөрпүрэв нарын мэдүүлгүүд болон тухайн өдрийн камерын бичлэг зэргээр нотлогдож байна. Улсын яллагчийн зүгээс Батзоригийг 2 үндсэн баримтаар буруутгаж байгаа. Хохирогч Буяндэлгэрийн ар нуруун дээр гутлын мөр гарсан байгаа нь шинжээчийн дүгнэлтээр Батзоригийн гутлын мөртэй төсөөтэй гэж үзсэн боловч тухайн үед гэрч Энхнаран нь мөн Батзоригийн гуталтай адилхан гутал өмсөж явсан болохыг гэрч болон Энхнаран өөрөө хэлдэг. Хэрэг гарах үед хохирогч Буяндэлгэрийн ард Энхнаран зогсож байсан бөгөөд хохирогч Төмөрпүрэвт цохиулан унахдаа Энхнаранг дарж унасан бичлэг байдаг. Нэгэнт 2 адилхан гуталтай хүн байсан байхад гэрч Энхнарангийн гутлыг шинжилгээнд оруулаагүй, уг хэргийг хэн үйлдсэн болох нь тогтоогдоогүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж дээрх ажиллагааг хуулийн хүрээнд явуулах ёстой гэж үзэж байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Төмөрпүрэвийн өмгөөлөгч Г.Мөнхбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасны дагуу үндэслэлтэй гарч чадаагүй. Хэргийн зүйлчлэлийг буруу хийснээс шийтгэх тогтоол хэргийн жинхэнэ байдалтай нийцэж гараагүй. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Д.Төмөрпүрэв нь зодоонд огт оролцоогүй бөгөөд ямар учраас зодоон үүсэж маргалдсаныг мэдээгүй юм. 31 дүгээр байрны гадаа дахин зодолдож байхад салгах зорилгоор очиж хохирогч Буяндэлгэрт зодооныг боль гэж хууль ёсны шаардлага тавин, түүний нүүрний баруун шанаанд нэг удаа цохьсон байдаг. Харин танхайрах зорилгоор Буяндэлгэрийг цохиогүй. Банана баарны гаднах камерын дүрс бичлэгт хохирогч Буяндэлгэр бусдад зүүн шанаандаа цохиулж буй бичлэг байдаг. Харин 31 дүгээр байрны камерын бичлэг болон хохирогч Буяндэлгэрийн мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, Д.Төмөрпүрэвийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс үзвэл хохирогч Буяндэлгэрийн зүүн шанаанд үүссэн хөнгөн зэргийн гэмтлийг Д.Төмөрпүрэв учруулаагүй болох нь нотлогдож байна. Хохирогч Буяндэлгэрт ямар ч гэмтэл учруулаагүй байх тул Д.Төмөрпүрэвт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм. Мөн танхайрах гэмт хэрэг нь хохирогчийн буруутай үйлдлээс шалтгаалан эхэлсэн үед танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж үгүйсгэгддэг бөгөөд хохирогч Буяндэлгэр болон амь хохирогч нар олон нийтийн газар танхайран бусдыг зодож, зугтахаар араас нь ална, зодно гэж хашгиран хойноос нь хөөж байгаа, Цэрэнчимэдийг зодож байгаа үйлдлийг таслан зогсоох өөр аргагүйн улмаас Д.Төмөрпүрэв нь Буяндэлгэрийг байрны гадаа түүний баруун шанаанд нэг удаа цохьсон байдаг. Хохирогчоос албан ёсоор уучлал гуйн, түүний гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг бүрэн арилгасан болно. Хохирогч Буяндэлгэр нь шүүгдэгч Д.Төмөрпүрэвт гомдол саналгүй болохоо илэрхийлсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалын Д.Төмөрпүрэвт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Данзанноров хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд: Д.Цэрэнчимэдэд хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлаж 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр тооцож байцаалт авахдаа өмгөөлөгч Д.Батсүхийг оролцуулахад өөр өмгөөлөгч авах, өмгөөлөгчөө солих хүсэлтийг гаргаагүй байх бөгөөд дээрх ажиллагаа нь сэжигтний хуулиар олгогдсон өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай гэв.

Шүүгдэгч Д.Цэрэнчимэд, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Ш.Оюумаа, шүүгдэгч Д.Төмөрпүрэвийн өмгөөлөгч Г.Мөнхбат, шүүгдэгч У.Батзориг, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Д.Цэрэнчимэд, Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгтэй харьцуулан хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд 2015 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Банана” баарны гадаа амь хохирогч А.Ууганбаатар, шүүгдэгч Д.Цэрэнчимэд нар харилцан маргах үед А.Ууганбаатар нь эхэлж Д.Цэрэнчимэдийн нүүрэнд 2 удаа цохьсон, энэ үед хамт байсан М.Буяндэлгэр нь мөн Д.Цэрэнчимэд рүү довтолж Д.Цэрэнчимэд нь хохирогч А.Ууганбаатарын хүзүүг төмөр баганатай хавсран боох үед тэнд байсан хүмүүс Д.Цэрэнчимэд, А.Ууганбаатар нарыг салгаж, улмаар Д.Цэрэнчимэдийг Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 31 дүгээр байрны дагуу зугтах үед хохирогч А.Ууганбаатар, М.Буяндэлгэр нар түүнийг араас нь хөөж Д.Цэрэнчимэд нарыг өдөөн хатгасны улмаас

шүүгдэгч Д.Цэрэнчимэд нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны гадна амь хохирогч А.Ууганбаатарыг толгойн тус газар нь өшиглөж биед нь “...тархины хоёр тал бөмбөлөгийн голомтлог орой ба суурь, уртавтар тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, дөрөвдүгээр ховдлын цус харвалт...” бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж санаатай алсан,

-мөн шүүгдэгч Д.Цэрэнчимэд, Д.Төмөрпүрэв, У.Батзориг нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны гадна хохирогч М.Буяндэлгэрийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

-шүүгдэгч Д.Төмөрпүрэв нь хохирогч А.Ууганбаатарыг Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны гадна Д.Цэрэнчимэдэд өшиглүүлсний улмаас ухаангүй хэвтэж байхад нь түүний Iphone-5 загварын гар утас, мөнгөн гинж, бөгж зэрэг 530.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Цэрэнчимэдийг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан, шүүгдэгч Д.Цэрэнчимэд, Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарыг нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч М.Буяндэлгэрийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, өөрөөр хэлбэл хэрэг гарахад хохирогч А.Ууганбаатар, М.Буяндэлгэр нарын зохих буруутай үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч Д.Цэрэнчимэд, Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарын хувьд дээрх гэмт хэргийг хувийн сэдэлтээр үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдсон байхад шүүх гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлтийг буруу дүгнэж, Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.Цэрэнчимэдийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах, Д.Цэрэнчимэд, Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж,

“хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах”, “холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай гаргасан шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч Д.Төмөрпүрэвийн цагдан хоригдсон 202, У.Батзоригийн цагдан хоригдсон 159 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Д.Цэрэнчимэдийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах, бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, шүүгдэгч Д.Төмөрпүрэвийг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээтэй хулгайлах, шүүгдэгч У.Батзоригийг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

 Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Шүүгдэгч Д.Цэрэнчимэдийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 14 /арван дөрөв/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар баривчлах ялаар, шүүгдэгч Д.Төмөрпүрэвийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар баривчлах ялаар, шүүгдэгч У.Батзоригийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ сар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

 Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэрэнчимэдэд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 14 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар баривчлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.Цэрэнчимэдийн биечлэн эдлэх ялыг 14 /арван дөрөв/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тогтоосугай” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэрэнчимэдэд оногдуулсан 14 жил 6 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн,

2.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 714 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Төмөрпүрэвийн цагдан хоригдсон 202 хоног, У.Батзоригийн цагдан хоригдсон 159 хоногийг тэдний баривчлах ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай” гэсэн нэмэлт оруулж, шүүгдэгч Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарыг нэн даруй сулласугай.

3.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Цэрэнчимэд, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Ш.Оюумаа, шүүгдэгч У.Батзориг, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч Д.Төмөрпүрэвийн өмгөөлөгч Г.Мөнхбат нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Т.УРАНЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧ                                                                   Б.БАТЦЭРЭН