Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/0329/з |
Дугаар | 11 |
Огноо | 2017-01-16 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 11
А.Отгонбаатар, Б.Болормаа, Д.Мягмарсүрэн,
Ч.Золзаяа нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч А.Отгонбаатар, Б.Болормаа, Ч.Золзаяа, Д.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амгалан нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 598 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2016/0705 дугаар магадлалтай, А.Отгонбаатар, Б.Болормаа, Д.Мягмарсүрэн, Ч.Золзаяа нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын даргад /хуучин нэрээр/ холбогдох захиргааны хэргийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 598 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасныг баримтлан иргэн А.Отгонбаатар, Б.Болормаа, Ч.Золзаяа, Д.Мягмарсүрэн нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн б/09, б/10, б/11, б/12 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, иргэн А.Отгонбаатар, Б.Болормаа, Ч.Золзаяа, Д.Мягмарсүрэн нарыг ажилд нь эгүүлэн томилохыг даалгаж,
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч иргэн А.Отгонбаатар, Б.Болормаа, Ч.Золзаяа, Д.Мягмарсүрэн нарын ажилгүй байсан хугацааны 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 5,413,587 /таван сая дөрвөн зуун арван гурван мянга таван зуун наян долоо/ төгрөгийг Б.Болормаад , 4,162,705 /дөрвөн сая нэг зуун жаран хоёр мянга долоон зуун тав/ төгрөгийг Д.Мягмарсүрэнд, 5,783,655 /таван сая долоон зуун наян гурван мянга зургаан зуун тавин таван мянга/ төгрөгийг А.Отгонбаатарт, 5,413,587 /таван сая дөрвөн зуун арван гурван мянга таван зуун наян долоо/ төгрөгийг тус тус олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Ашигт малтмалын газарт даалгаж,
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2016/0705 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 598 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг баримтлан нэр бүхий нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 6/09, 6/10, 6/11, 6/12 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, А.Отгонбаатар, Б.Болормаа, Д.Мягмарсүрэн нарыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоон, харин Ч.Золзаяагийн эрхэлж байсан ажил, албан тушаал өөрчлөгдсөн тохиолдолд түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр адилтгах ажил, албан тушаалд томилохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгасугай" гэж, 2 дахь заалтын "...Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасугай." гэснийг "...Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгасугай" гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баатарцогтын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: иргэн А.Отгонбаатарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох захиргааны хэргийг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2016/0705 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Дээрх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2016/0705 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
А.Отгонбаатар нь Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын цохилтыг дур мэдэн дарж “Чандмань алтай майнинг” ХХК-ийн өргөдлийг Б.Болормаад шилжүүлж эрх мэдлээ хэтрүүлсэн, тухайн үед А.Отгонбаатарыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн даргын ажил үүргийг түр орлон гүйцэтгэгчээр албан ёсоор томилсон тушаал гараагүй байсан. Б.Болормаа нь уг ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, Ц.Ганбатад цохогдсон өргөдлийг өөр дээрээ авч хариу төслийг боловсруулахдаа зохих журмын дагуу хянуулалгүй, шууд газрын даргад танилцуулахаар оруулсан. Ч.Золзаяа нь дээрх өргөдлийг дотоод хяналтын хуудсанд бүртгэж тэмдэглэл хийгээгүй, Кадастрын хэлтсийн даргад танилцуулж гарын үсэг, тэмдгээр баталгаажуулаагүй, өөр дээрээ дарж албан үүргээ биелүүлээгүй зөрчлийг гаргасан. Д.Мягмарсүрэн нь нэгэнт шүүсэн өргөдлийг дахин зураг зүйн шүүлт хийлгэхээр хугацаа алдаж, шүүхийн маргаантай гэдгээр Эрх зүйн хэлтэст шилжүүлж, хариуцлага алдсан байна.
А.Отгонбаатар, Б.Болормаа, Ч.Золзаяа, Д.Мягмарсүрэн нарыг үүрэгт ажлаас нь халсан Ашигт малтмалын газрын /хуучнаар/ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн б/09, б/10, б/11, б/12 тоот тушаалууд нь холбогдох хуулийн дагуу хууль зүйн үндэслэлтэй гарсан.
Гэтэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн “хянавал” хэсэгт “...Ашигт малтмалын газрын /хуучнаар/ даргаас дээрх тушаалуудыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 буюу “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” заалтыг үндэслэсэн байх боловч энэхүү сахилгын шийтгэл нь нэхэмжлэгч тус бүрийн гаргасан гэх зөрчлийн шинж байдал түүнийг анх буюу давтан үйлдсэнтэй нийцээгүй ...” гэсэн байна.
“Чандмань алтай майнинг” ХХК-ийн гомдлын мөрөөр асуудлыг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн зөрчлийн шинж байдлыг тогтоосон байхад оногдуулсан сахилгын шийтгэл нь нэхэмжлэгч тус бүрийн гаргасан гэх зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнтэй нийцээгүй гэж үзсэн нь давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 598 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2016/0705 тоот магадлалыг дээрх үндэслэлүүдээр хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Төрийн албанаас халах тухай” б/09, б/10, б/11, б/12 дугаар тушаалаар Кадастрын хэлтсийн зураг зүйн шүүлт хариуцсан мэргэжилтэн Д.Мягмарсүрэн, Хяналт шинжилгээ үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн статистик мэдээлэл, сургалт, сурталчилгааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн А.Отгонбаатар, Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн иж бүрдэл, тэмдэглэл хариуцсан мэргэжилтэн Ч.Золзаяа, Хяналт шинжилгээ үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн статистик мэдээ хариуцсан мэргэжилтэн Б.Болормаа нарыг тус тус “... эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, сахилгын ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр төрийн албанаас халсан, нэхэмжлэгч нараас “... үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэсэн, ... сахилгын зөрчил гаргаагүй .../байхад/ ажлаас халсан нь үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “...даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн зөрчлийн шинж байдлыг тогтоосон, ... тушаалууд нь холбогдох хуулийн дагуу гарсан” гэж маргажээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, “Чандмань алтай майнинг” ХХК –ийн захирал Х.Тэгшээгээс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/03 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын газрын даргад хандан “... хуулийн хугацаанд тусгай зөвшөөрлийг гаргахгүй гацааж байна ..., танай байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд (Золзаяа, Одончимэг, Мягмарсүрэн, Энхтайван) ... хууль бус үйлдэл /хийж байна/...” гэсэн гомдол гаргаж, “... хууль бус үйлдлийг шалгаж, байгууллагын хууль журмын хүрээнд хариуцлага тооцон, ... хуулийн хугацаанд эргэж мэдэгдэх...”-ийг хүссэн, газрын даргаас Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, Хяналт шинжилгээ үнэлгээ, статистик мэдээллийн хэлтэст цохолт хийж, “холбогдох асуудлыг шалгаж танилцуулах”-ыг үүрэг болгосон, үүний дагуу гомдлыг шалгуулахаар Хяналт шинжилгээ үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Ганбатад эхлээд хувиарласан боловч хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан А.Отгонбаатарын шийдвэрээр “ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор” уг гомдлыг мэргэжилтэн Б.Болормаад хариуцуулахаар шилжүүлсэн, А.Отгонбаатар нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн Хяналт шинжилгээ үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан, талууд эдгээр үйл баримттай маргаагүй байна.
Хариуцагч Ашигт малтмалын газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хурлаар нэхэмжлэгч нарт холбогдох асуудлыг хэлэлцэн, “...Ч.Золзаяа, Д.Мягмарсүрэн нар нь ... тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарсан байхад “Чандмань алтай майнинг” ХХК–ийн тусгай зөвшөөрлийг олгохгүй ... өргөдлийг удаан хугацаанд өөр дээрээ дарсан, ... үндэслэлгүйгээр дахин шүүлт хийлгэхээр Эрх зүйн хэлтэст шилжүүлсэн, ... Б.Болормаа нь гомдлыг шалгах явцад хөндлөнгөөс оролцож, өөр дээрээ өргөдлийг ... цохолт хийлгэж авсан ноцтой зөрчил гаргасан, ... А.Отгонбаатар нь Ч.Золзаяа, Д.Мягмарсүрэн, Б.Болормаа нарын хууль бус үйлдлийг мэдсээр байж ... гомдлыг шалгаагүй, аж ахуйн нэгжийг хохироосон албан хаагчдын хууль бус үйлдлийг хянан шалгаж тогтоогоогүй” гэх “сахилгын нрцтой зөрчил гаргасан” гэж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Ашигт малтмалын газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн, нэхэмжлэгч нарыг төрийн албанаас халжээ.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтоох”-оор заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам” батлагдсан, журмын 2-т “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох”-оор заасан, уг журам хүчин төгөлдөр үйлчилж байх тул эрх бүхий албан тушаалтан төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа уг журмыг баримтлах үүрэгтэй.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч Ашигт малтмалын газрын дарга нь нэхэмжлэгч нарт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулахдаа “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын З-т заасан “...сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийг харъяалсан нэгжийн удирдлагын саналыг үндэслэн түүнийг ажилд томилсон албан тушаалтны шийдвэрээр ногдуулах”, 4-т заасан “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулах” зохицуулалтыг зөрчсөн, албан хаагчийн “... баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрх” –ийг хангаагүй байх тул сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж шүүх дүгнэх боломжгүй, газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцсэн тэмдэглэл нь нэхэмжлэгч нарыг сахилгын зөрчил гаргасныг нотлох баримт болохгүйн зэрэгцээ төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэл биш болно.
Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн “...“Чандмань алтай майнинг” ХХК –ийн гомдлыг нэхэмжлэгч нарт танилцуулаагүй, зөрчлийг .../зохих журмын дагуу/ шалган тогтоогоогүй” гэх дүгнэлтүүд үндэслэлтэй, шүүхүүд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хариуцагчийн “... асуудлыг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн зөрчлийн шинж байдлыг тогтоосон байхад ... давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох хэсэгт хариуцагч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Эдгээр үндэслэлээр хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар (шинэ нэрээр)-ын дарга Б.Баатарцогтын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2016/0705 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА