Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 977

 

Ж.Эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Оюунцэцэг,

шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Л.Баярбат, Ц.Батхүү,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч Б.Байгалмаа, А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Л.Баярбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Ж.Эод холбогдох 2017 0107 0035 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Жүгдэрнамжилын Э, 1965 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, Багануур ХК-д эксковаторчин ажилтай байсан, ам бүл 2, эхнэрийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 6 дугаар байрны 71 тоотод оршин суух, /РД: УЮ65111714/;

Нийслэлийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 12 дугаартай мэдэгдэх хуудсаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хорих ял болгон өөрчилж, 2005 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 129 дугаартай Ерөнхийлөгчийн зарлигаар 4 жил 3 хоногийн хорих ялыг уучлал үзүүлэн сулласан,

Ж.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 7 дугаар байрны 76 тоотод оршин суух иргэн Н.Туяагийн гэрт хохирогч Б.Бг унтаж байхад нь буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, түүний цээжний зүүн тал руу хутгаар нэг удаа хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: Ж.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Жүгдэрнамжилын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Боржигон овгийн Жүгдэрнамжилын Эыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Эод оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ж.Эод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Э нь хохирогч Б.Бгийн эмчилгээний зардалд бэлнээр 10.000.000 төгрөг өгснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 18 см урт, 4 см өргөн, 11.5 см урттай хуванцар бариултай хар өнгийн хутгыг, цагаан өнгийн тууш судалтай, хар өнгийн 45 размерийн эрэгтэй хүний сорочкон цамц зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж, Ж.Эод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжүүлж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би 2017 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө барнаас гарч гэр рүүгээ явж байх замдаа хохирогч Бтай таарч, иргэн Туяагийн гэрт орж архи уух үедээ маргалдсаны улмаас түүнийг хутгалж, хүнд гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогчоос удаа  дараа уучлалт гуйж эмнэлэгт байх хугацаанд нь байнга эргэж сэтгэл санааны болон мөнгө төгрөгийн тусалцаа дэмжлэг үзүүлж байсан. Бид эвлэрлийн гэрээ хийж, түүний эрүүл мэндэд учирсан хохирлыг сайн дурын үндсэн дээр 10 сая төгрөгийг төлж барагдуулсан. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх надад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдах нотлох баримтаар хохирогчийн биед анх үзлэг хийсэн эмч нар болон нарийн мэргэжлийн рентген, эхо, мэс заслын эмч болон шүүхийн шинжээчийн үзлэгээр хохирогчийн цээжний хөндий нэвтрээгүй, хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна гэсэн дүгнэлт гаргаж байсныг би хүлээн зөвшөөрч ирсэн ба энэ дүгнэлт бодит байдалд нийцсэн дүгнэлт байсан. Шүүх уг шинжээчийн дүгнэлтийг авч хэлэлцсэн боловч дүгнэлт хийсэнгүй. Хохирогч Б нь хутгалуулснаас хойш хоёр хоногийн дараа буюу 2017 оны 2 дугаар сарын 24-нд хөнгөн гэмтэл гэсэн оноштойгоор эмнэлгээс гарсан бөгөөд 10 хоногийн дараа 2017 оны 3 дугаар сарын 2-нд хэвлий нэвтэрсэн, хавирга хугарсан, өрц нэвтэрсэн, дэлүү цоорсон гэх ба Төрийн албан хаагчдын эмнэлэгт очиж цээжнээсээ 250 гр цусархаг шингэн соруулсны дараа хэвтэж болохгүй, амьсгалж болохгүй байна гээд маргааш нь дэлүүгээ авахуулсан байдаг. Би дэлүү хаана байрладаг эрхтэн болохыг мэргэжлийн эмч нараас лавлахад элэгний зүүн талд байрладаг гэх бөгөөд зүүн суга, далны орчмоос урагш заавал нэвт хутгалагдаж дэлүүнд хүрэх бөгөөд дунд нь таарах эд эрхтэнийг гэмтээх тул шууд үхэлд хүрэх аюултай гэж байсан. Хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл нь биед хүч хэрэглэснээс болж хавирга хугарах, өрц цоорох, дэлүү гэмтэх боломжтой. Миний үйлдлээс болж дээрх хүнд гэмтэл учирсныг мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд тогтоогоогүй гэж үзэж байна. Хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл нь миний хутгалсан гэм буруутай үйлдлээс болсон гэдэгт маш их эргэлзээ төрдөг. Би 1965 онд төрсөн, 53 настай, 2007 оноос сахарын хүнд өвчтэй болж одоо эмчийн хяналтанд байдаг. Миний эхнэр Я.Оюунгэрэл нь 2015 онд бүдүүн гэдэсний хорт хавдараар өвдөж эмчлүүлсэн. Одоо Хавдар судлалын үндэсний төв болон Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хорт хавдарын тасгийн эмч нарын хяналтанд 69 хувийн групптэй эмчлүүлдэг. Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад оногдуулсан 6 жилийн хорих ялыг миний болон эхнэрийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөн ялаар өөрчлөн шийдвэрлэж, эсхүл хэрэгт авагдсан шинжээч нарын дүгнэлтүүдийн зарим нь эргэлзээтэй байгаа тул дээрх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт дахин мөрдөн байцаалт явуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Л.Баярбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Эод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэгдсэн хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцон 6 жилийн хугацаагаар хаалттай хорих ангид ял эдлүүлэхэр шийтгэх тогтоол гарсан болно. Энэхүү шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

Ж.Э нь хохирогчийг хутгалж, гэмтэл учруулснаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлаж байсан бөгөөд хохирогчийг Багануур дүүргийн эмнэлэгт хэвтэж байхад нь хэрэг гарсны маргааш өдөр нь нэг сая төгрөг, Улаанбаатар хотод Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэж, хагалгаанд орсон буюу хүнд гэмтэл учирсан гэдэг нь тодорхой болсон үед мөн 800.000 төгрөгийг эмчилгээний зардалд нь зориулан өгсөн байдаг. Мөрдөн байцаалтын явцад хохирогчтой удаа дараа уулзаж, уучлалт хүсэж, эвлэрлийн гэрээ байгуулан нийт 10 сая төгрөгийг хохирогчийн эмнэлгийн зардалд төлсөн болно. Тус эвлэрлийн гэрээнд хүнд гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрч уучлалт хүсэн тохиролцсон үг, өгүүлбэр тодорхой бичигдсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгчийн хувьд өнөөдөр ч гэсэн хохирогчид хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Ж.Э нь 2010 оноос хойш сахарын өвчинөөр өвчилж, одоо эмнэлгийн байнгын хяналтанд байдаг. Мөн эхнэр Я.Оюунгэрэл  нь шулуун гэдэсний хорт хавдартай, 2016 онд хагалгаанд орж, өнөөдрийг хүртэл эмчилгээ хийгдэж байгаа зэрэг ар гэр, хувийн байдлыг нь мөн ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзсэнгүй гэж дүгнэж байна. Иймд Ж.Эод ял шийтгэл оногдуулсан 118 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэж хүсэж байна. Мөн хохирогч Б.Бгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлтийг гаргаж өгч байна. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Ц.Батхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Л.Баярбатын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Ж.Э давж заалдах гомдолдоо хохирогчид хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байгаа талаар бичсэн байсан боловч өмгөөлөгч Л.Баярбат бид хоёр энэ талаар түүнд сайн хэлж ойлгуулсан бөгөөд одоогоор шүүгдэгч Ж.Э хохирогчид хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Ж.Э эхнэртэйгээ хоёулаа амьдардаг, түүний эхнэр шулуун гэдэсний хорт хавдар өвчтэй ба Ж.Э нь эхнэрээ асарч амьдардаг. Мөн Ж.Э өөрөө сахарын өвчтэй бөгөөд тогтмол инсулин тариулдаг юм байна. Тиймээс хуульд заасан боломжуудыг үндэслэн ял шийтгэлийг багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ж.Э болон түүний өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал тул тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Ж.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 7 дугаар байрны 76 тоотод оршин суух иргэн Н.Туяагийн гэрт хохирогч Б.Бг унтаж байхад нь буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, түүний цээжний зүүн тал руу хутгаар нэг удаа хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бгийн “...нэг мэдэхэд би амьсгалахад хүндрэлтэй болж, буйдан дээр өндийгөөд суухад цээжний зүүн талаас цус гарч байсан. ...” гэх, /хх-32/, гэрч Ц.Сэвжидийн “...Б сонин эвгүй дугарсан, том өрөө рүү очоод хартал Бгийн цээжнээс цус гарсан, Э хажууд нь “битгий баашлаад бай” гэж хэлээд зогсож байсан. ...” гэх, /хх-36/, гэрч Н.Туяагийн “...Амь авраарай гэж хэлэх шиг болсон, би сандараад өрөөнөөсөө гартал Базараа гал тогооны сандал дээр цусаа гойжуулчихсан доошоо хараад хэвтэж байсан. ...” гэх /хх-40/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Бгийн биед цээжний зүүн дунд хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь учирсан үедээ амь биед аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 09шэ/001 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх-57/,

мөн “...нэмэлт шинжилгээ хийсэн 09шэ/001 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Бгийн биед учирсан цээжний хөндий, хэвлийн хөндийг нэвтэрч өрц, дэлүүг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь босоо, суугаа, хэвтээ аль ч  байрлалын үед үүсэх боломжтой. Б.Б нь өөрөө өөртөө уг гэмтлийг учруулах боломжгүй. ...” гэсэн 702 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-168-170/,

мөн “...09шэ/001, 702 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Б.Бгийн биед зүүн 8, 9 дүгээр хавирга завсраар суганы ар шугамаар цээжний хөндийг нэвтэрч өрцийг гэмтээн хэвлийн хөндийд нэвтэрч дэлүүний дээд ирмэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж хэвлийн хөндийд цус алдалт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь хутганы нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. ...зүүн 9 дүгээр хавирганы хугарал хутгалагдах үед үүссэн байх боломжтой. Дэлүүний шарх хутганы хатгалт зүсэгдлээс үүссэн байх боломжтой. ...” гэх 787 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-188-190/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ж.Эыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан  хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Эод оногдуулсан ял шийтгэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байхын зэрэгцээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт нийцсэн байна.

Харин давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад, шүүгдэгч Ж.Э нь хохирогч Б.Бд хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хохирогч Б.Б нь давж заалдах шатны шүүхэд “хохиролд 10.000.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул Ж.Эын ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын мөнгөн төлбөр нөхөн төлөгдсөн гэж дүгнэлээ.

Иймээс шүүгдэгч Ж.Эын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 5 сар хорих ял оногдуулах боломжтой гэж үзэв.

Мөн шүүгдэгч Ж.Эыг насны болон сахарын өвчтэй хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч Ж.Э болон түүний өмгөөлөгч Л.Баярбат нарын давж заалдах гомдлуудыг хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолыг боловсруулахдаа үг үсэг, утга агуулгын нийт 22 алдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын яллагчийн саналын дагуу залруулга хийсэн нь дээрх хуульд нийцсэн хэдий ч энэ нь шүүгчийн хайнга, хайхрамжгүй, хариуцлагагүй байдалтай шууд холбоотой тул цаашид анхаарч ажиллавал зохино.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Боржигон овгийн Жүгдэрнамжилын Эыг 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Жүгдэрнамжилын Эыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

-3 дахь заалтад  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эод оногдуулсан 6 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эод оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧИД                                                   Б.ЗОРИГ

                                                                   М.АЛДАР