Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 118

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч Б.Байгалмаа, А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ж.Эод холбогдох эрүүгийн 201701070035 дугаартай хэргийг Улсын дээд шүүхээс 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Б.Наранжаргал

Иргэдийн төлөөлөгч                                  Ж.Ц

Улсын яллагч                                               Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Л.Б

Хохирогч                                                  Б.Б

Шинжээч эмч                                           Ө.Ш

Шүүгдэгч                                                  Ж.Э нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэлийн шүүхийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хорих ялаар шийтгүүлж, Улсын дээд шүүхийн 2005 оны 4 сарын 1-ний өдрийн 12 дугаартай мэдэгдэх хуудсаар 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хорих ял болгон өөрчилж, 2005 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 129 дугаартай Ерөнхийлөгчийн зарлигаар 4 жил 3 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан, Б овгийн Ж-ын Э

     

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Ж.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 7 дугаар байрны 76 тоотод оршин суух иргэн Н.Т-гийн гэрт хохирогч Б.Бг унтаж байхад нь буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, түүний цээжний зүүн тал руу хутгаар нэг удаа хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Ж.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 2 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө баарнаас гарч яваад 7 дугаар байрны гадаа Бтай таарч, бид хоёр Т- гэх эмэгтэйгийн гэрт ороход 2 эмэгтэй байсан. Ингээд тэр айлд ороод ширээн дээр байсан архинаас ууцгаасан. Би шоронд байсан талаараа ярихад Б “чи банди байсан юм уу” гээд нутгынхаа хүмүүсийг надаас асуугаад байсан. Б ширээн дээр байсан хутга авахаар нь намайг хутгалах гэж байна гэж санаад хутгыг нь булаацалдсан. Түүний гар нь цус болсон байхаар нь баашлаад бай гээд хэлээд гараад явсан. Анх Бтай эмнэлэгт очиж уулзахад хөнгөн гэмтэл гэж байсан, сүүлд арав гаран хоногийн дараа хүнд гэмтэл гэж гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хооронд хэн нэгний хийсэн хэргийг надад тохож байна гэж бодож байна. Би Бг хутгалж түүний биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна харин хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд ийм зүйл болсонд харамсаж байгаа. Бд нийт 10 сая төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Тухайн өдөр эхнэр С-ийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Багануур дүүрэг, 7 дугаар байранд найз Т-гийн гэрт очиж архи, дарс ууцгаасан. Бид гуравыг байж байхад найз Н- эхнэртэйгээ орж ирсэн. Ингээд шөнө Н-г эхнэртэй нь хамт гаргаж өгч байгаад 7 дугаар байрны гадаа Этой таарсан. Ингээд Эыг дагуулаад Т-гийн орж үлдсэн архиа ууцгаасан. Э нь эмэгтэй хүмүүсийн хажууд шорон орон яриад байхаар нь яриа нийлэхгүй юм байна, яв гэж хэлээд унтахаар зүүн талын буйдан дээр хэвтсэн. Т-, С- хоёр нөгөө өрөө рүү унтахаар явсан. Намайг унтаж байхад амьсгаа авахад хэцүү болоод сэрэхэд цээжнээс цус гарч байсан. Гэтэл Э намайг битгий баашлаад бай гэж хэлээд гараад явсан. Тухайн үед том өрөөний ширээн дээр хутга байгаагүй. Би унтаж байсан болохоор Э хаанаас хутга аваад хутгалсныг мэдээгүй. Бид хоёр хоорондоо хэрэлдэж, ноцолдсон зүйл байхгүй. Хохирол нийт 10 сая төгрөг авсан ба энэ талаар эвлэрч гэрээ байгуулсан байгаа...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бгийн мэдүүлсэн:”...Би 7 байрны 76 тоотод 18 цаг 30 минутын үед очоод Т-, С- бид гурав 1 шил Болор архи уугаад сууж байтал орой 22 цагийн үед О-, Н- хоёр ирж дахин 1 шил 0.75 граммын Болор архи уусан. ...Тэгэхээр нь би Эод за чи бид нар яриа нийлэхгүй юм байна гээд зочны өрөөний буйдан дээр хэвтсэн. Нэг мэдэхэд би амьсгалахад хүндрэлтэй болж буйдан дээр өндийгөөд суухад цээжний зүүн талаас цус гарч байсан. Э надад битгий баашлаад бай гэж хэлэх сонсогдсон. Т- С- хоёр цаад өрөөнөөс гарч ирээд эмнэлэг цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Шаарийбуугийн мэдүүлсэн”...тухайн үед анхны шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа багажийн шинжилгээ, өвчний түүх оношийг үндэслэн цээжний хөндийн нэвтрээгүй шарх, хөнгөн гэмтэл гэж дүгнэлт гаргасан. Анхны үзлэгээр цээжний хөндий нэвтэрсэн нь оношлогдох боломж муутай. Хүний дэлүү 8-11 дүгээр хавирганы завсар байрладаг, цээжний хөндийд зүү хатгаж цус авахдаа 8-9 дүгээр хавирганы завсар хатгасан байсан. Хохирогчийн биед үүссэн шархны гүнийг хэмжих боломжгүй харин гаднах шарх нь 6х0,2 хэмжээтэй байсан” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн:” 2017 оны 2 сарын 22-ны өдөр хохирогч Бгийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор үзлэг хийсэн үзлэгээр цээжний зүүн дунд хэсэгт хөндлөн чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн оёдолтой шарх байсныг багажийн шинжилгээ болон өвчний түүх оношийг үндэслэн нэвтрээгүй шарх гэж байсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт өгсөн. Харин хохирогч Б нь 2017 оны 3 сарын 3-ны өдөр БХХСАХНЭмнэлгийн өвчний түүх, №002804 үндсэн оног, цээжний хөндийд зүүн талаараа нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цус хуралт, зүүн 9 дүгээр хавирганы хугарал гэсэн оношийг үндэслэж гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ийм учраас нэмэлт шинжээч томилсон тогтоолыг үндэслэж дүгнэлт гаргасан.  ...09шэ/001 дугаартай дүгнэлтэд техникийн алдааны улмаас 9 дүгээр хавирганы хугарлын талаар тусгагдаагүй байна. Уг хавирганы гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /хх-н 78-79/

Гэрч Ц.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:”...Тухайн үед Т-, Б, Э бид дөрөв том өрөөнд архи уугаад сууж байсан. Э нь шоронгийн амьдрал яриад байсан. Бид нарын яриа нийлэхгүй байсан учраас Б буйдан дээр хэвтээд өгсөн, Т- бид хоёр унтахаар жижиг өрөө рүү явсан. Би унтах гээд ор дэвсгэрээ засаад янзалж байтал гэнэт эвгүй дуу гарсан, том өрөө рүү очоод хартал Бгийн цээжнээс цус гарсан, Э хажууд нь “битгий баашлаад бай” гэж хэлэд зогсож байсан. Б унтлаа гээд буйдан дээр хэвтээд өгсөн, тэгэхээр нь би унтахаар нөгөө өрөө рүү орж, ороо засч байтал гэнэт эвгүй дуу гарсан, энэ хооронд удсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд Эрдэнцогт бид нарын ууж байгаад үлдээсэн архинаас хоёр хундага л уусан, тэгснээ шоронд атаман байсан гээд шоронгийн амьдралыг бахархалтайгаар ярьсан. Тэгтэл Б Цүнцээлэйд “одоо шорон яриад яах вэ? энд эмэгтэй хүмүүс байна, атаман гэж юу байхав дээ, бид амарлаа” гэж хэлсэн. Тэр үед Б жижиг өрөөний буйдан дээр гараа дэрлээд хэвтэж байсан. Т- надад жижиг өрөөнд ор засчихсан, тэнд унтаарай гээд өөрөө унтлагын өрөө рүүгээ орсон. Тэгэхээр нь би ор зассан өрөө рүү ороход зочны өрөөнд Б сонин эвгүй дуугарсан. Ингээд би зочны өрөөнд ороход Б хэвтэж байсан буйдан дээрээ хагас өндийсэн байдалтай, цээжний зүүн хэсгээс цамцыг нь нэвтрээд цус ихээр гарч байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-36/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.Т-гийн мэдүүлсэн: “...Тухайн хэрэг гарах үед Б амь авраарай үхлээ ш дээ гэж хэлэхэд би унтлагын өрөөндөө унтах өрөөндөө унтах гэж хэвтэж байгаад гараад очиход Б гал тогоо коридор хоёрын шалан дээр хэвтэж байсан. С- Бгийн цусаа гоожуулсан буйдан дээр суучихсан утасны цэнэг дууссан байна яана гээд шоконд орсон байдалтай сууж байсан. Тэгээд би өөрийнхөө утсаар эмнэлэг цагдаа дуудсан. Би тухайн үед согтуу нь согтуу байсан. Би Бг гаднаас танихгүй хүн дагуулаад орж ирээд нөгөө хүн нь уурхайд ажилладаг, хөгжим дардаг гээд байсан. Танихгүй хүн байсан болохоор өөрийн унтлагын жижиг өрөөндөө ороод унтсан. Манай хоёр жижиг өрөөтэй. Нөгөө өрөөнд Б, С- хоёрт хөнжил гаргаж өгөөд өрөөндөө ороод унтсан. Намайг сэрэхэд гэрийн хаалга тас хийх чимээ сонсогдсон тэгээд удаагүй амь авраарай үхлээ ш дээ гэсэн дуу сонсогдсон. Намайг түр зуур унтаад сэрэхэд юу ярьсан юунаас болж Б нөгөө хүнтэйгээ муудсан эсэх талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-н 180/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Т-гийн мэдүүлсэн:”...Би 2017 оны 02 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед найз С- манайд ирж бид хоёр вино задлаад ууж байтал С- манай нөхөр одоо ирнэ гэхээр нь дэлгүүр гарч нэг шил 0.75 граммын архи авч, бид гурав нөгөө архи ууж байхад  найз О-, Н- хоёр ирсэн. Шөнө 02 цагийн үед О-, Н- хоёр харихаар гарахад Б- гаргаж өгнө гээд гарсан. С-, Б хоёрыг манайд хоноод яв гээд жижиг өрөөндөө ор засаад байж байсан чинь Б- орж ирэхдээ танихгүй залуу дагуулаад орж ирсэн. Нөгөө залууд архи хийж өгсөн, тэгснээ шорон оронд байсан гэж яриад байхаар нь миний дотор эвгүйцээд өөрийнхөө унтлагын өрөөнд ороод унтсан. Амь авраарай гэж гэж хэлэх шиг болсон, би сандраад өрөөнөөсөө гартал Б- гал тогооны сандал дээр цусаа гоожуулчихсан доошоо хараад хэвтэж байсан..” мэдүүлэг  /хх-ийн 39-40/

 

Гэрч Д.О-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр намайг гэртээ байж байхад С- эмч над руу залгаад миний төрсөн өдөр маргааш болно жижүүртэй таарч байгаа тул өнөөдөр нөхөж тэмдэглэж байна, Т- хотоос ирсэн, гэрт нь хүрээд ир гэхээр нь би Н-гийн ажлыг тарахаар нь хамтдаа гэрт байсан виног аваад Т-гийн гэрт очсон. Бид хоёрыг очиход Т-, С-, Б гурав “Болор” нэртэй архи уугаад сууж байсан. Тэгээд би маргааш ажилтай Н- бид хоёр явлаа гэсэн чинь Б бид хоёрыг гаргаж өгнө гээд байхаар нь хамт гарсан. Гадаа гараад Б 7 дугаар байрны булан тойроод Бд бид хоёр ингээд явчихна гэж хэлчихээд бид хоёр салаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41/

 

Гэрч Т.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 02 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед ажлаа тараад О-той хамт замаасаа нэг жүүс, вино аваад Т-гийн гэрт очсон, бид хоёрыг очиход Б, С-, Т- гурав “Болор” нэртэй архи задлаад талд хүртэл уугаад сууж байсан. ...Тэгээд гараад 7 дугаар байрны булан тойроод би Бд одоо бид хоёр ингээд явчихна миний хөгшин гэртээ ор гээд эхнэр бид хоёр салаад явсан. Тухайн үед Бг ямар хувцастай байсныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б нь 2017 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө үүрээр цээжиндээ хутгалуулсан байдалтай ирсэн. 103 дуудлагаар ирээд үзэхэд цээжний зүүн дээд хэсэгт ил зүсэгдсэн шархтай цус гоожсон байхаар нь шархыг цэвэрлээд оёдол тавиад цусыг тогтоон боолт хийсэн. Тэгээд рентген эхо дуудаад харуулахад ямар нэгэн өөрчлөлт байхгүй, Б нь согтолттой тул өвчин намдаах тариа хийн онош тодруулахаар хонуулсан. Тухайн үед зондлоход нэвтрээгүй, урагшаа дээш чиглэлтэй шарх байсан. Би тухайн үед цээжний хөндийн нэвтрэлтийг зонд болон хурууны үзлэгээр шалгасан, мөн рентген, эхогоор давхар шалгасан. Тэгэхэд аль алинд шингэн байгаагүй. Багануурын эхо, рентгений хувьд хүчин чадал муутай хоцрогдсон байдлаас болж оношлогдоогүй байх боломжтой. Маргааш нь Б эмч байгаагүй болохоор нь би Бгийн өвчний түүхийг нээж эмчилгээнд оруулсан. Бг эргүүлж харах боломжгүй, согтуу өвдөлт ихтэй байсан тул эргүүлж харах боломж байгаагүй, энэ нь оношлогоонд нөлөөлсөн байх магадлалтай...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/

 

Гэрч Ш.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 02 дугаар сарын 22-ны шөнө 04 цагийн үед 103 дээр дуудаж байна гээд дуудлага ирсэн. Намайг очиход мэс заслын эмч Б эмч дуудагдаад ирчихсэн байсан. Би цээжний зураг эгцээр авсан. Цээжийг эргүүлж тойруулж харах боломж байгаагүй. Тухайн үед Б нилээд согтуу эргэж тойрч харж чадахгүй байсан. Тэгээд цээжний зураг дээр зүүн талын өрц, плеврийн синус хаалттай байсан, шөнийн авсан зурагны хариу дүгнэлтийг зурагтай нь хамт өгсөн. Тэгээд Б- эмч, Г- эмч бид нар зөвлөлдөөд маргааш дахин зураг авахаар болж шийдсэн. Тэгээд өглөө 08 цаг 30 минутад ахин цээжний зураг эгцээр авахад явц нь яг ижилхэн, өрц плеврийн синус адилхан хаалттай байсан. Түүнээс хойш цагаан сарын дараа 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр эход харахад зүүн талын плеверт шингэнтэй байсан. Өрц плеврийн синус нь гэмтлийн улмаас хаалттай байх боломжтой. Тухайн гэмтэлтэй талын плевр хаалттай байсан. Би Бгийн биед хавирганы хугарал байсан гэдгийг мэдэхгүй. Тухайн үед хавирганы хугарлыг харах боломж байгаагүй, хавирганы проекцоор ганц удаа эгцээр зураг дарсан. Маргааш нь ба  эгцээр зураг дарсан, хавирганы хугарлыг харахын тулд эргүүлж харах ёстой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/

 

Гэрч С.Баатар-Уулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв дээр С- эмчийн нөхөр Б нь хутгалуулсан байдалтай ирсэн, тухайн үед Г- эмч жижүүрт гарч таарсан, мэс заслын эмч Б- эмчийг дуудаад шарханд нь цэгцлэх оёдол хийгээд эхо рентгэнд харуулахад хэвлий сул шингэн байхгүй байсан, тэгээд мэс заслын тасагт хэвтүүлсэн. 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дахин рентгенд цээжийг харахад уушиг шалчийсан, цээжний дотуур цус алдсан шинж байгаагүй. Тэгээд өөрсдөө хүсэлт тавиад эмнэлгээс гарсан. Тухайн үед шархны гүн чиглэлийг үзээгүй, оёдол тавьсан тохиолдолд оёдлыг ахин задлах ёсгүй. 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Б эмнэлэг дээр ирээд дахин рентгенд харуулахад эхо нь хэвлийд сул шингэнгүй, цээжний хөндийд зурвас шингэнтэй гэж гарахаар нь ар гэрийнхэнтэй нь зөвлөлдөөд Улаанбаатар хотод очиж оношлуулъя гэж шийдсэн. Тухайн шингэн нь үрэвслээс ч үүсч болох бага шингэн юм. Мөн эхогоор харахад хавирганы хугарал илэрч гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/

 

 Гэрч Г.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 02 дугаар сарын 22-ны шөнө Б нь хутгалагдсан шархтай согтуу хүргэгдэж ирсэн. Тухайн үед Г- эмч жижүүрт гарч байсан, тухайн хүний биеийн байдал хүндэвтэр байсан учраас мэс заслын эмч дуудаад Б- эмч, дүрс оношлогооны эмч М-г нар ирээд 05 цаг 20 минутын үед рентгенд харсан байсан. Тэгээд өглөө нь дахин рентгенд хараад шингэнтэй байгаа эсэх талаар эргэлзээтэй байсан. Тэгэхээр нь эхогоор харахад зүүн талын гялтангийн хөндийд шингэн тодорхойлогдоогүй болохоор нь би шингэнгүй байна гээд явуулсан. Эхогоор хавирганы хугарлыг харах боломжгүй, рентгенээр харах боломжтой. Би Бг хутгалуулж ирсний өглөө нь нэг удаа үзсэн. Дараа нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гадна талын шархыг хараад бичилтээ өвчний түүх дээр нь бичсэн. 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ахин үзээд хэвлийдээ шингэнгүй, гялтангийн хөндийдөө бага зэрэг шингэнтэй байна гэж бичээд Баатар-Уул эмчид өгсөн. Тэр үед өвчний түүх хаагдсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/

 

Гэрч А.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Тухайн өвчтөнд би 2017 оны 3 сарын 5-ны өдөр анх хатгалт хийсэн. Би хатгалтыг хийхдээ рентгэн хяналтын дор мэдээ алдуулж, 7,8 дугаар хавирганы зүүн суганы арын шугамаар хатгалт хийж 250 мл цус соруулж авсан. А-н төгсгөлд синус чөлөөтэй болсон ба ажилбарын явцад гарсан хүндрэлгүй байсан. Орой 19 цаг 20 минутад цээжийг дахин рентгэнд харахад зүүн плевирт хийгүй, шингэнгүй гэж бичигдсэн байсан. Хатгалт хийхэд цус соруулж авахад хүчтэй соруулгын аппаратаар соруулж авдаг. Тэгэхэд цээжний хөндийн хасах даралтыг ихэсгэж шингэнийг соруулж авдаг ажилбар юм. Өвдөлт нь хавирга хоорондын мэдрэлийн болон анх хутгалахад үүссэн өрцний шархны өвдөлтөөс үүссэн гэж бодож байна. Хатгалтаас болж дэлүүнд гэмтэл учраагүй. Хатгалтын улмаас өрц дэлүүний гэмтлийг сэдрээж, цусан хураа  унаж дэлүүнээс цус алдалт өгсөн байх боломжтой. Яагаад гэвэл хагалгааны бичиг дээр өрц нэвтэрч дэлүүний капсулд 0.5 см урагдал үүсч цус алдсан талаар бичигдсэн талаар бичигдсэн байсан. Зарим тохиолдолд дэлүү гэмтээд нэг сар орчим явах тохиолдол байдаг. Сарын дараа ч дэлүү идээлж буглах цусан үхжилд орох тохиолдол байдаг. Дэлүү гэмтсэнээс цус алдах, урагдах зэрэг нь хүйтэн зэвсгийн гэмтлийн үед төдийгүй авто осол даруулж цохиуалах зэрэг хатуу мохоо зүйлээр цохигдох үед үүсгэгдэнэ. Дэлүүг авахуулснаас болж ямар нэг муу үр дагавар байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 181-183/

Гэрч Т.Хангарьдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Б гэдэг хүнийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр үзсэн. Манай эмнэлэгт ирэхэд шарх нь аньж эхэлж байсан ба Багануурын эмнэлгээс цээжний хөндий нэвтэрсэн шархтай гэсэн оноштой ирсэн. Тухайн өвчтөнийг чагнаж үзэхэд цээжний зүүн талд амьсгал сул хэвлийд эмзэглэлгүй байсан. Тэгээд хэвлий цээж эход харахад уушиг уналтгүй байсан. Түүнээс хойш 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ганбат гэдэг эмч 250 мл цус соруулж, хатгалт хийсэн. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өвчтөний шинжилгээнд өөрчлөлт илрээд амь насны заалтаар хагалгаанд орохоор болж хагалгаанд тэр дороо орсон. Хэвлийг нээхэд их хэмжээний цус алдсан, 1.5 литр орчим цус авсан, эрхтэнүүдийг шалгахад өрц нэвтэрч дэлүүний хальс урагдсан буюу зүсэгдэж цус шүүрч байсан. Дэлүүг суллаж артер, венийн бакцыг боож дэлүүг авсан. Хэвлийн хөндийн бусад эрхтэн гэмтэл илрээгүй, хэвлийн хөндийг угааж цэвэрлээд хяналтын гуурс үлдээгээд хэвлийг хаасан. Өрц цоорох, дэлүү гэмтсэн асуудал нь хатгалт хийгдсэний улмаас үүссэн байх боломжгүй. Хатгалт маань цээжний хөндийд хийгдсэн байгаа. Өрц маань хавиргануудын доор байрладаг, дэлүү өрцний доор наалдсан байдалтай байдаг учир хатгалтын улмаас үүсэх боломжгүй. Тухайн шарх нь ир хурц үзүүртэй зүйлийн гадны биетээс үүсгэгдэх боломжтой. Өрц цоорч дэлүү гэмтсэнээс болж цус алдалт үүсэх боломжтой. Тухайн өвчтөний хувьд дэлүү 0.5 см хэмжээтэй хатгагдсан зүсэгдсэн шарх байгаа учраас  бага хэмжээгээр шүүрээд явах боломжтой. Тийм үед эхэндээ эхо, рентгенээр оношлогдохгүй байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-53 дугаар хуудас/

Гэрч Т.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өвчтөн Б нь Багануураас ирсэн. Би анх үзээгүй, Хангарьд эмч үзсэн. Б гэдэг өвчтөний асуудлыг шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу өвчтөнийг үзэхэд дотуур цус алдалтын байдалтай, арьс салст цонхигор, цайвар, зовиуртай бодит үзлэг хийгээд яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж шийдээд хагалгаанд орсон. Хэвлийг нээхэд хэвлийд 1.5 литр орчим шингэн цус бүлэнтэй байсныг нь соруулж цэвэрлэж цааш нь шалгахад өрц гэмтэж, дэлүүнд хатгагдсан шархны улмаасс цус шүүрч байсан. Тухайн үед дэлүүг авах шаардлагатай гэж үзэж дэлүү тайрагдсан. Цээжний хөндийн хатгалтын улмаас хүндрэлүүд гардаг. Өрц өвчтөний хувьд өрц болон дэлүү гэмтэх боломжгүй, учир нь хатгалт маань гүн хийгдээгүй. Хатгалтын цэг гэж байдаг, уг цэг нь өрц болон дэлүүнээс хол байдаг. Уг өвчтөний гэмтэл бол анх хутгаар үүсгэгдсэний улмаас цээжний хөндийн нэвтэрсэн шарх байсан. Хүний цус алдалтын эрчим нь шархны хэмжээ, гэмтээсэн судас цаад эрхтэндээ гэмтэл учруулснаас шууд хамааралтай байдаг. Тухайн тохиолдолд дэлүүний гэмтэл харьцангуй бага, их гүн ороогүй, өнгөц орж хальс гэмтээсэн байсан. Тухайн үед цус бүлэгнүүлэх цус тогтоох тогтолцоо нь ажиллаж бүлэн үүсгэж цус алдалтыг багасгаж байсан байх магадлалтай. Түүний улмаас анх эхо, рентгэнээр оношлогдоогүй байх боломжтой. Түүний дараа бүлэн ховхорсон, даралт ихэснээс болж  цус алдалт ихэссэн байх боломжтой. Хүний бие өрцөөр цээжний хөндий болон хэвий хөндий гэж хоёр хуваагддаг, цээжний хөндий хасах даралттай, хэвлийн хөндий нэмэх даралттай байдаг. Өрц гэмтсэн тохиолдолд хэвлийн хөндийп үүссэн ямарваа нэг шингэн, дотор эрхтэн хасах даралтын нөлөөгөөр цээжний хөндий рүү сорогдол орох боломжтой байдаг. Тухайн хүний хувьд хэвлийн хөндийд байсан шингэн өрцний шархаар цээжний хөндий рүү орсон байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-50/,

 

Гэрч Ш.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Б гэдэг хүнийг хэвтсэн өдрөөс эхэлж үзсэн. Үзэхэд биеийн байдал хүндэвтэр, хутгалагдсан шархтай байсан, яаралтай хагалгаанд орсны дараа 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр цээжний хөндийд шингэн хурсан байсан тул цээжний хөндийд зориулалтын зүүгээр стандартын дагуу хатгаж гуурс байрлуулж, цусархаг шингэнийг соруулж аваад эмэн эмчилгээг үргэлжлүүлэх, рентгенд цээжний хөндийг хянах эмчилгээ бичсэн, би хагалгаанд ороогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2017 оны 2 сарын 22-ны өдрийн №09шэ/069 дугаартай дүгнэлтэд:” Б.Бгийн биед цээжинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-н 61/,

 

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Нэмэлт шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №09шэ/001 дугаартай дүгнэлтэд: “Б.Бгийн биед цээжний зүүн дунд хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь учирсан үедээ амь биед аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 57/,

 

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн хавтас хэргийн материалаар хийсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 6 сарын 2-ны өдрийн 702 дугаартай шинжээчийн  дүгнэлтэд:”шинжээч эмч Ө.Шаарийбуугийн гаргасан 09шэ/069 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй, нэмэлт шинжилгээ хийсэн 09шэ/001 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Хохирогч Б.Бгийн биед учирсан цээжний хөндий, хэвлийн хөндийг нэвтэрч өрц, дэлүүг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь босоо суугаа хэвтээ аль ч байрлалын үед үүсэх боломжтой. Хохирогч Б.Б нь өөрөө өөртөө уг гэмтлийг учруулах боломжгүй. Хохирогчийн биед үүссэн гэмтэл нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. /хх-н 168-170/,

 

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй хийсэн Шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 787 дугаартай дүгнэлтэд: “Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 09/шэ/069 тоот, нэмэлт 001, 702 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Б.Бгийн биед зүүн 8,9 дүгээр хавирга завсраар суганы ар шугамаар цээжний хөндийг нэвтэрч өрцийг гэмтээн хэвлийн хөндийд нэвтэрч дэлүүний дээд ирмэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж хэвлийн хөндийд цус алдалт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь хутганы нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Хутганы ажлын хэсгийн өргөн 3.5 см-ээс доошгүй байна, уртыг нарийвчлан тогтоох боломжгүй ба дэлүүний дээд ирмэг зүүн 8,9 дүгээр хавиргатай зэргэлдээ нэг түвшинд байна. Зүүн 9 дүгээр хавирганы хугарал хутгалагдах үед үүссэн байх боломжтой. Дэлүүний шарх хутганы хатгалт зүсэгдлээс үүссэн байх боломжтой. Энэхүү гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсч болно. Гэмтэл авсны дараа цээж хэвлийн хөндийд хий шингэн хуралдаагүй бол анхны үзлэгээр эмч оношлох боломжгүй. Дэлүү гэмтээд 10 гаран хоног цус бага багаар шүүрэх, нөж үүсч цус алдалт зогсох байдлаар оношлогдохгүй байх боломжтой. Б.Бгийн дэлүүний гэмтэл цус бага багаар шүүрэх, нөж үүсч цус алдалт зогсох байдлаар оношлогдохгүй байх боломжтой байна. Дэлүүний гэмтэл зүүгээр үүсгэгдсэн байх боломжгүй байна. Дэлүүг авснаар Б.Бгийн биед илэрсэн хүндрэл үр дагавар үгүй байна. Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт цээж гэрэлд харах, шинжилгээ хийж цээжний хөндийд хий шингэн хуралдалт үүссэн эсэхийг хянаагүй байна...” ахлах зэргийн шинжээч эмч Ц.Ганболд, Б.Ариунзул, шинжээч эмч О.Болороо, Ц.Бадрал, Т.Номинцэцэг гэжээ. /хх-ийн 188-190/

 

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1998 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн цамцанд уранхай гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн цамцанд гарсан 3.8 см 2 см 1.8 см уранхай нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна. Уг зүсэгдсэн уранхайнууд нь нэг удаагийн үйлчлэлээр гарсан байж болно. Уг уранхайнууд шинжилгээнд ирүүлсэн хутгаар гарах боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас тунгалаг өнгийн наалдамхай тууз ашиглан утасны сэмэрдэс авч цагаан цаасанд бэхжүүлэн авч шинжээчийн дүгнэлтэд хавсаргав” дүгнэт гаргасан лабортарийн эрхэлэгч, хошууч, шинжээч Ж.Баттулга гэжээ. /хх-ийн 65/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 3349 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хуванцар 12 см иштэй, 30 см урттай хутган дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Хар өнгийн хуванцар 12 см иштэй, 30 см урттай хутган дээрх нь цус  нь АВО системээс В/III/ бүлгийн харъяалалтай байна.” Биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Бямбадорж гэжээ. /хх-ийн 71/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2017 оны 7 сарын 4-ний өдрийн 09/013 дугаартай дүгнэлтэд:”Шинжилгээнд ирүүлсэн хутганы гадаргуу нь арчигдсан, ажлын хэсэг бохирлогдсон байгаа нь гарын мөр илрэхгүй байна” ахлах шинжээч, цагдаагийн хошууч Н.Цэнхэр-Онон,

 

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 3350 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн судалтай хар өнгийн сорочкон цамцан дээр цус илэрсэн. Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. Судалтай хар өнгийн сорочкон цамцан дээрх цус нь АВО системээс В/III/ бүлгийн харъяалалтай байна...” биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Бямбадорж гэжээ. /хх-ийн 75/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “...уг өрөөний цагаан өнгийн стенкний эсрэг талд байрлах цагаан өнгийн буйдангийн ертөнцийн зүгээр зүүн талд буйдангийн ард шалан дээр дэвссэн хивсэн дээр хар өнгийн иштэй хутгай байсныг тэмдэглэж авав...”гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг  /хх-ийн 4-11/,

 

Таньж олуулах ажиллагаагаар “гэрч Н.Т-, Ц.С-, хохирогч Б.Б нар нь хэргийн хураан авсан хар өнгийн бариултай хутгыг таньж олсон тухай” тэмдэглэл /хх-н 199-204/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай “хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хохирогч Б.Бгийн өмсөж явсан цамц зэргийг эд мөрийн баримтаар тооцов” гэсэн тогтоол болон эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-28/,

 

Шүүгдэгч Ж.Эын  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, 2005 оны 4 сарын 1-ний өдрийн 12 дугаартай Улсын Дээд Шүүхийн мэдэгдэх хуудас, Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2005 оны 6 сарын 7-ны өдрийн 129 дугаартай зарлиг, ялтан сулласан тодорхойлолтын хуулбарууд /хх-н 99-104/,

Хохирогч Б.Б, шүүгдэгч Ж.Эын нарын гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан талаарх мэдээлэл /хх-ийн 16-19 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Бгийн өвчний түүх болон эмчилгээний зардлын баримтууд /хх-ийн 107-149, 207-229, 235-241/,

Шүүгдэгч, хохирогч нарын “Б нь Эоос хохирол төлбөрт бэлнээр 8.500.000 төгрөг бэлнээр авсан, үлдэх 1.500.000 төгрөгийг 2017 оны 12 сарын 10-ны өдөр төлөхөөр харилцан тохирсон” талаарх Эвлэрлийн гэрээ /2 дугаар хх-ийн 29/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч гэрч, шинжээч эмч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн болон хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлтүүд, криминалистикийн шинжээчийн дүгнэлтүүдийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

 

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 2017 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 7 дугаар байрны 76 тоотод оршин суух иргэн Н.Т-гийн гэрт том өрөөнд нь шүүгдэгч Ж.Э, хохирогч Б.Б, түүний хамтран амьдрагч С- нар архи уугаад суух явцад Ж.Э нь шоронгийн амьдарлын талаар яриа өрнүүлсэн нь тэдний дунд таагүй харилцаа бий болжээ. Улмаар хохирогч Б нь буйдан дээр унтахаар хэвтсэн, харин С- нь ор засахаар жижиг өрөө рүү явах хооронд шүүгдэгч Ж.Э нь хохирогч Б.Бг буйдан дээр унтаж байхад нь цээжний зүүн талд хутгаар нэг удаа хутгалж, биед нь зүүн 8,9 дүгээр хавирганы завсраар суганы ар шугамаар цээжний хөндийг нэвтэрч өрцийг гэмтээн хэвлийн хөндийд нэвтэрч дэлүүний дээд ирмэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж хэвлийн хөндийд цус алдалт бүхий гэмтэл учруулсан болох нь:

 

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Эын мэдүүлсэн “би Бг  хутгалснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

- шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Бгийн мэдүүлсэн “буйдан дээр унтаж байхад амьсгалахад хэцүү болоод сэрэхэд цээжнээс цус гарсан байсан. Эрдэнцогт намайг баашлаад бай гэж хэлсэн. Би унтаж байсан болохоор хаанаас хутга авч намайг хутгалсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

 

-гэрч С-ийн “намайг ороо засч байхад гэнэт эвгүй сонин дуу гарсан, том өрөөнд ортол Б буйдан дээр хагас өндийсөн байдалтай, цээжин хэсгээс нь цамцыг нь цус нэвтрээд гарч байсан. Энэ үед Э гараад зугатсан” гэсэн мэдүүлэг,

 

-мөрдөн байцаалтад гэрч Т-гийн мэдүүлсэн “...нэг сэрэхэд гэрийн хаалга тас хийх чимээ гарч, амь авраарай гэж хашгирахад би сандраад өрөөнөөсөө гараад очтол Б гал тогооны шалан дээр цусаа гоожуулаад хэвтэж байсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 39-40, 180/,

 

-гэрч Б.Б-гийн мэдүүлсэн “...Б нь 2017 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө үүрээр цээжиндээ хутгалуулсан байдалтай ирсэн бөгөөд оёдол тавиад цусыг тогтоон боолт хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

 

-гэрч Ш.Мөнхцэцэгийн мэдүүлсэн“...эхлээд Бгийн цээжийг рентгэнд эгцээр харахад зүүн талын өрц, плеврийн синус хаалттай байсан. Харин дахин 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр эход харахад зүүн талын плеверт шингэнтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

 

-гэрч С.Баатар-Уулын мэдүүлсэн “...2017 оны 2 сарын 24-ний өдөр дахин рентгенд цээжийг харахад цээжний дотуур цус алдаагүй байсан. 2017 оны 3 сарын 02-ны өдөр дахин рентген эход харахад хэвлийд сул шингэнгүй, цээжний хөндийд зурвас шингэнтэй байсан тул хот руу явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

 

-гэрч Г.Одонтуулын мэдүүлсэн “...Тэгээд өглөө нь дахин эхогоор харахад зүүн талын гялтангийн хөндийд шингэн тодорхойлогдоогүй. 2017 оны 3 сарын 02-ны өдөр дахин үзэхэд гялтангийн хөндийдөө бага зэрэг шингэнтэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/,

 

-гэрч А.Ганбатын мэдүүлсэн ”Тухайн өвчтөнд би 2017 оны 3 сарын 5-ны өдөр анх хатгалт хийж 250 мл цус соруулж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 181-183/

 

-гэрч Г.Сүхбаатарын мэдүүлсэн “...2017 оны 3 сарын 3-ны өдөр өвчтөн дотуур цус алдалттай байсан тул яаралтай хагалгаанд орж хэвлийг нээхэд 1.5 литр орчим шингэн цус бүлэнтэй байсныг нь соруулж цааш нь шалгахад өрц гэмтэж, дэлүүнд хатгагдсан шархны улмаас цус шүүрч байсан. Уг өвчтөний гэмтэл бол анх хутгаар үүсгэгдсэний улмаас цээжний хөндийн нэвтэрсэн шарх байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50/,

 

-гэрч Г.Хангарьдын мэдүүлсэн “...Хагалгаанд орж хэвлийгээс 1.5 литр орчим цус аван, дэлүүний хальс урагдсан буюу зүсэгдэж цус шүүрч байсан тул дэлүүг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/,

 

-гэрч Ш.Батсайханы өгсөн “...намайг үзэхэд биеийн байдал хүндэвтэр, хутгалагдсан шархтай байсан, яаралтай хагалгаанд орсны дараа 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр цээжний хөндийд шингэн хурсан байсан тул цээжний хөндийд зориулалтын зүүгээр стандартын дагуу хатгаж гуурс байрлуулж, цусархаг шингэнийг соруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/,

 

-шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн:” ...Анх хохирогч Бг үзэхэд  цээжний хөндийг нэвтрээгүй шархтай байсан тул гэмтлийн зэрэг нь хөнгөн гэж гарсан. Харин хохирогчийн 2017 оны 3 сарын 3-ны өдөр БХХСАХНЭмнэлгийн өвчний түүх, №002804 үндсэн онош, цээжний хөндийд зүүн талаараа нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цус хуралт, зүүн 9 дүгээр хавирганы хугарал гэсэн оношийг үндэслэж гэмтлийн зэргийг нь хүнд гэж нэмэлт дүгнэлт гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 78-79/,

 

- хохирогчийн биед анх хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шинжээчийн 2017 оны 2 сарын 22-ны өдрийн №09шэ/069 дугаартай дүгнэлт, /хх-н 61/

 

-хохирогчийн биед цээжний зүүн дунд хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн хутгалагдсан шарх бүхий хүнд гэмтэл учирсныг тогтоосон Нэмэлт шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №09шэ/001 дугаартай дүгнэлт, /хх-ийн 57/

 

- хохирогчийн биед учирсан цээжний хөндий, хэвлийн хөндийг нэвтэрч өрц, дэлүүг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирсныг тогтоосон 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хавтас хэргийн материалаар хийсэн 2017 оны 6 сарын 2-ны өдрийн 702 дугаартай шинжээчийн  дүгнэлт, /хх-н 168-170/

 

-Дээрх гурван шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй болохыг тогтоосон, 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хэргийн материалаар хийсэн 2017 оны 7 сарын 03-ны өдрийн 787 дугаартай дүгнэлт /хх-ийн 190/,

 

- Хохирогчийн өмсөж байсан цамцан дээрх 3.8 см 2 см 1.8 см уранхай нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоосон Криминалистикийн шинжээчийн 2017 оны 3 сарын 31-ний өдрийн 1998 дугаартай дүгнэлт, /хх-ийн 65/

 

-Эд мөрийн баримтаар хураагдсан хутган дээрх цус нь АВО системээс В/III/ бүлгийн харъяалалтай болохыг тогтоосон шинжээчийн 2017 оны 4 сарын 12-ны өдрийн 3349 дугаартай дүгнэлт, /хх-ийн 71/

 

-Хохирогчийн өмсөж явсан судалтай хар өнгийн сорочкон цамцан дээрх цус нь АВО системээс В/III/ бүлгийн харъяалалтай болохыг тогтоосон шинжээчийн 2017 оны 4 сарын 12-ны өдрийн 3350 дугаартай дүгнэлт, /хх-ийн 75/

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг  /хх-ийн 4-11/,

 

-Таньж олуулах ажиллагаагаар “гэрч Н.Т-, Ц.С-, хохирогч Б.Б нар нь хэргийн хураан авсан хар өнгийн бариултай хутгыг таньж олсон тухай” тэмдэглэл /хх-н 199-204/,

 

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-28/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч Ж.Э нь согтуурсны улмаас үйлдлээ хянах чадвар суларч, улмаар хохирогчид дургүйцэн уурласан, түүнийг хутгалсан үйлдэл болон үр дагавартаа шууд санаатай ханджээ. Шүүгдэгч, хохирогч нар нь айлд архидан согтуурч, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулж, 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч Ж.Э болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь “хохирогчид хүнд гэмтэл учруулаагүй, унтаж байхад нь хутгалаагүй” гэж тус тус маргасан нь хохирогч Бгийн “би унтаж байсан учраас хутгалуулснаа мэдээгүй, амьсгалахад хэцүү болохоор нь сэрэхэд цээжнээс цус гарч байсан” гэсэн мэдүүлэг, гэрч С-ийн “би жижиг өрөөнд унтахаар ор засах гэж байтал гэнэт эвгүй гарахаар нь том өрөө рүү ортол Бгийн цээжнээс цус гарчихсан, Э хажууд нь битгий баашлаад бай гэж хэлээд зогсож байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Т-гийн “би жижиг өрөөндөө унтаж байхад хаалга тас хийх чимээ гарч, удахгүй амь авраарай гэж хэлэхээр нь сандраад өрөөнөөсөө гартал Б цусаа гоожуулаад байж байсан” гэсэн мэдүүлэг, эмчлэгч эмч, гэрч Т.Хангарьд, Т.Сүхбаатар, Ш.Батсайхан, А.Ганбат нарын “өрц нь хавирганы доор байрладаг, харин дэлүү нь өрцны доор наалдсан байдалтай байдаг учраас дэлүү нь хатгалтын улмаас гэмтэх боломжгүй. Хатгалт цээжний хөндийд хийгддэг. Өрц цоорч дэлүү гэмтсэнээс болж цус шүүрэх нь эхэндээ эхо рентгэнээр оношлогдох боломжгүй байж болно” гэсэн мэдүүлгүүд болон шинжээчийн №09шэ/001,  702, 787 дугаартай дүгнэлтүүдээр няцаагдаж байна.

Иймд Ж.Эыг “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч, хохирогч Б.Базардаъяа нь энэ гэмтлийг эмчлүүлэхэд зарцуулагдсан 1.615.200 төгрөгийн зардлын баримтыг шүүхэд ирүүлжээ. Гэвч шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд бэлнээр 10.000.000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв. /2 дугаар хх-н 27/

 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  заалтад заасан гэмт хэргийн хорих ялын доод хэмжээ нь таван жил байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байна.  

 

Шүүхээс Ж.Эод ял оногдуулахдаа хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд зарцуулсан материаллаг хохиролд бэлнээр 10.000.000 төгрөг төлснийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, “би хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан” гэж маргаж байх тул шүүгдэгчийг өмгөөлөгчөөс гаргасан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлэх  талаарх саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 18 см урттай ажлын хэсэгтэй, 4 см өргөн, 11.5 см урттай хуванцар бариултай хар өнгийн хутгыг, цагаан өнгийн тууш судалтай, хар өнгийн 45 размерийн эрэгтэй хүний сорочкон цамцыг тус тус устгах нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овгийн Жын Эыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б овгийн Жын Эыг  6  / зургаан/ жилийн  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Эод оногдуулсан 6  /зургаан/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ж.Эод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Эоос хохирогч Б.Бгийн эмчилгээний зардалд бэлнээр 10.000.000 төгрөг өгснийг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 18 см урт, 4 см өргөн, 11.5 см урттай хуванцар бариултай хар өнгийн хутгыг, цагаан өнгийн тууш судалтай, хар өнгийн 45 размерийн эрэгтэй хүний сорочкон цамц зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.
  7. Ж.Эод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ОЮУНБАТ         

                      ШҮҮГЧИД                                                Б.БАЙГАЛМАА

                                                                                     А.БЯМБАЖАВ