Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00001

 

С.Л-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/00067 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 568 дугаар магадлалтай,

С.Л-ын нэхэмжлэлтэй,

Д.А-, Ж.Т-, Ж.М- нарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Ү.Ж- болохыг тогтоолгож, түүнд ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч, өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч С.Л-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...С.Л- нь талийгаач Ү.Ж-ы төрсөн ээж нь бөгөөд 10 хүүхдийн эх юм. Ү.Ж- нь Д.А-тай гэрлэж, Ж.Т-, Ж.М- нарыг төрүүлсэн. Гэрлэлтийн баталгаатай ч 2006 оноос тусдаа амьдарч байгаад 2012 онд гэртээ ганцаараа байж байгаад нас барсан. Түүнийг нас барах үед тэрээр өөрийн нэр дээр автомашин, орон сууц, хадгаламж гэсэн өв хөрөнгөтэй байсан боловч эхнэр Д.А- нь өвүүдийг хүлээн авсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага болох Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хорооллын Ард Аюушийн өргөн чөлөөнд байрлах ахуй үйлчилгээний зориулалттай Ү-2205005209 улсын бүртгэлтэй эд хөрөнгө нь Ү.Ж-ы төрсөн эгч Ү.Б-гийн нэр дээр 2006 оноос хойш 2017 он хүртэл байсан учраас түүнийг нас барахад өвлөх хүсэлтийг гаргаагүй. Өөрөөр хэлбэл, талийгаачийн ээж нь энэ хөрөнгө нь Ү.Ж-ых биш, улсын бүртгэлд бүртгэлтэй өмчлөгч болох Ү.Б-гийнх гэж бодож байсан тул амьд байгаа охин Ү.Б-гийнхаа нэр дээр байгаа өв хөрөнгийг өвлөх хүсэлт гаргах бололцоогүй байсан. Хэрвээ энэ хөрөнгө Ү.Б-гийнх хэвээрээ байсан бол өвлөх эрхийн хүсэлт гаргахгүй байсан. Талийгаачийг нас барсны дараа Ү.Б- нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа болохоор Д.А-ыг байр чөлөөлж өг гэсэн нэхэмжлэл гаргахад Д.А- нь сөрөг нэхэмжлэл гаргаснаар 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэж, Ү.Ж-аас Ү.Б-д эд хөрөнгийг төлбөр шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар гэрлэгчдийн дундын эд хөрөнгө гэж үзсэн. Энэ хэргийг шийдвэрлэж дууссаны дараа С.Л- өв хүлээн авах талаар хүсэлтээ гаргасан нь нотариатын танхимын улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. 2018 оны 5 сард өвлөх хүсэлт гаргасан нотариатчтай уулзахад таны хүсэлтийг бүртгэсэн, гэхдээ та өв хүлээж авах гэж байгаа тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд Ү.Ж- гэж нэр байгаа тохиолдолд танд өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэсэн тул лавлагаа авахад 2017 оны 2 сард шүүхийн шийдвэрийн дагуу Д.А-, Ж.Т-, Ж.М- нарын нэр дээр шилжиж, Ү.Ж-ы нэр хасагдсан байсан. Энэхүү асуудлаас болж үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт хандахад шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэсэн байна, та шүүхэд хандана уу гэсэн хариуг өгсөн. Ингээд захиргааны хэргийн шүүхэд улсын бүртгэл нь буруу болсон, шүүхийн шийдвэрийг буруу бүртгэсэн гэж гомдол гаргахад өвийн асуудлыг манайх шийдэхгүй, таны нэр дурдагдаагүй учир та нэхэмжлэл гаргах үндэслэлгүй, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой улсын бүртгэлд бүртгэлгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээж авдаггүй гэсэн болно. Дээрх байгууллага шүүхийн шийдвэрийг буруу ойлгосноос үүдэж хуулийн дагуу өвийг хүлээж авах болоход эрх минь зөрчигдөж байна. Иймд үл хөдлөх хөрөнгөөс Ү.Ж-д ногдох хэсгийн өмчлөгч нь төрсөн ээж С.Л- нь болохыг тогтоолгох хүсэлтэй байна. Энэ хөрөнгө нь 4 хүнийх учраас тэнцүү хувааж өгөх ёстой бөгөөд Д.А- нь гэр бүлийн баталгаатай учраас тусдаа амьдарч байсан ч С.Л-ын адил хуулийн дагуу өвлөх ёстой байсан. Гэвч энэ талаар шаардлага гаргаагүй тул хүү Ү.Ж-д ногдох хэсгийг бүхэлд нь өвлөж авна. Хамт амьдраагүй хүмүүс нас барснаас хойш 1 жилийн дотор хүсэлт гаргах ёстой байсан. Нас барснаас хойш талийгаачийн өв хөрөнгө гэдгийг 2017 онд тогтоосон учраас хугацаа хэтэрсэн зүйл байхгүй гэж үзэж байна. Иймд Д.А, Ж.Т-, Ж.М- нарын өмчлөлд бүртгэлтэй байгаа Ү-2205005209 тоот үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч нь талийгаач Ү.Ж- болохыг тогтоож, Ү.Ж-д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч, өмчлөгч  нь төрсөн эх С.Л- нь мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Хариуцагч нар нэхэмжлэлийг бүрэн зөвшөөрөхгүй. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Д.А-, Ж.М-, Ж.Т- нарын гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө гэдгийг гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн. Тиймээс дахин тогтоох шаардлагагүй. Ү.Ж-ыг 2012 оны 03 сарын 21-ний өдөр нас барсны дараагаар үл хөдлөх эд хөрөнгийн маргаан үүссэн. Иргэний хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу иргэний эрх зүйн чадвар нь иргэний төрсөн үеэс эхэлж, нас барахад дуусгавар болдог. Иймд Ү.Ж-ы тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх нь нас барснаар дуусгавар болсон. Тэр нь цаашаа өв залгамжлагч руу шилжих ёстой байсан. Түүний эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхтэй субъект байхгүй байсан учраас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. С.Л- нь өв залгамжлах эрхгүй этгээд юм. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасны дагуу өвлөгчийг нас барах хүртэл өв залгамжлах эрхтэй өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор Нотариатчдын танхимд, Засаг даргад хүсэлтээ гаргах ёстой. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт 528.1-д зааснаас бусад өвлөгчид өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг нотариат, баг, сумын засаг даргад өв хүлээн авах хүсэлтийг гаргана гэж заасан байдаг. Гэтэл С.Л- нь хуульд заасан хугацааны дотор хүсэлт гаргаагүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт энэ хуулийн 528.1, 528.2-т зааснаар өвлөгдөх өв хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллагад гаргаагүй бол өв хүлээн авахаас татгалзсан гэж үзнэ гэж заасан. Тиймээс С.Л- нь хуульд заасны дагуу хүсэлтээ гаргаагүйг өвлөх хүсэлтээсээ татгалзсан гэж үзнэ. Эрхгүй этгээд гэж үзээд байгаа нь өвлөгч болох шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд мөн хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ авсан байх шаардлагатай. Өвлөх эрхийн гэрчилгээ нь өвлөгчийн шаардах эрхийг баталгаажуулж байгаа баримт юм. Гэтэл С.Л-т өвлөх эрхийн гэрчилгээ байхгүй, мөн гаргасан хүсэлт нь хуульд заасныг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн хүсэлт байдаг. С.Л-ын 200.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 сард гаргасны дагуу удаа дараа тайлбар өгч байсан. Гэтэл нэхэмжлэлээ татаж авсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 24-ний өдрийн 5940 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа учраас Иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт заасны дагуу нас барсан өдрөөс хойш өв нээгддэг. Өвлүүлэгч 2012 оны 03 сарын 21-ний өдөр нас барсан. Үүнээс хойш 1 жилийн дотор хүсэлтээ гаргасан байх ёстой байсан ч хуулийн хугацаагаа хэтрүүлсэн. Үүнийгээ сунгасан, эсвэл сэргээсэн гэсэн баримт байхгүй. Өвлөгчид орон сууц, автомашин, хадгаламж гээд олон өв хөрөнгө байдаг бөгөөд үр хүүхдүүд нь өвлөсөн байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/00067 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.4, 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө 1/8 дугаарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Ү.Ж- болохыг тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс Ү.Ж-д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч нь С.Л- болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Л-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 568 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/00067 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.4, мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө 1/8 дугаарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн талийгаач Ү.Ж-д ногдох хэсгийн 6.25 хувийн хууль ёсны өвлөгч нь С.Л- болохыг тогтоосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 568 дугаар магадлалын нэхэмжлэгчид өвлөгдвөл зохих байсан эд хөрөнгийн хэсгийг хуваан хуваарилахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагч нар Иргэний хуульд заасан өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэх буюу өв хүлээн авах эрхээ алдсан байхад маргаан бүхий эд хөрөнгийн талийгаачийн өвлөгдвөл зохих хэсгийг хуваарилан өвлөгдөх эд хөрөнгийн хэмжээг нэхэмжлэгчид багасган тогтоосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1 дэх заалтын хүрээнд гэрлэлтийн баталгаатай Д.А- талийгаачийн хүү Ж.М, Ж.Т- төрүүлсэн ээж С.Л- нь хууль ёсны өвлөгч бөгөөд өвлөгдөх эд хөрөнгийг тэргүүн ээлжид тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй гэдэгт маргахгүй. Гэвч Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт өвлүүлэгчтэй хамт амьдарч байгаагүй өвлөгчдийн хувьд, өв нээгдсэнээс хойш өвлөгдөх хөрөнгийг хэрхэн хүлээн авах хугацаа, журмыг хуулиар зохицуулсан бөгөөд уг журмын хүрээнд хариуцагч нар өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэхээр байхад тэдгээрт өвийг хуваарилан нэхэмжлэгчийн өвлөх хэсгийг багасгасанд гомдолтой байна. Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг нь Д.А-, хүү Ж.М, Ж.Т- нар талийгаач Ү.Ж-тай хамт амьдардаггүй салж тусдаа амьдраад 6 жил өнгөрсний дараа талийгаач гэртээ ганцаараа байхдаа нас барсан болохыг хүлээн зөвшөөрсөн ба энэ талаар маргаагүй. Д.А-, хүү Ж.М, Ж.Т-, талийгаач Ү.Ж- нар хамт амьдардаггүй байсан үйл баримт нь маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөлтэй холбоотой хэргийг өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн 3 шатны шүүхийн шийдвэрийн Д.А-ын тайлбарт тусгагдсан байдаг. Талийгаачийн хууль ёсны өвлөгч гэрлэлтийн баталгаатай эхнэр Д.А- талийгаачийн хүү Ж.М, Ж.Т- төрүүлсэн ээж С.Л- нарын хэн аль нь талийгаачтай хамт амьдарч байгаагүй тул өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өв хүлээн авах дараах шаардлагыг хангасан нөхцөлд өв хүлээн авсан гэж үзэхээр хуульд заасан Үүнд: Өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан тохиолдолд өвийг хүлээн авсан гэж үзнэ. Нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан бол. Хариуцагч нар буюу талийгаачийн гэрлэлтийн баталгаатай эхнэр Д.А-, хүү Ж.М, Ж.Т- нар нь талийгаачийн өвлөгдөх энэхүү хөрөнгөөс бусад эд хөрөнгийг өвлөх талаар нотариатчид хүсэлт гаргаж өвлөх эрхийн гэрчилгээ аван хууль ёсны өвлөгчийн эрхээ хэрэгжүүлсэн боловч энэхүү маргаж буй эд хөрөнгийн талийгаачид оногдох хэсгээс өв хүлээн авах хүсэлтийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар нотариатчид гаргаагүй. Харин уг хуулийн шаардлагыг иргэн С.Л- хангаж талийгаачийн эд хөрөнгө ба түүний гэр бүлийн гишүүд хамтран өмчлөх эрхтэй гэсэн шүүхийн шийдвэр гарснаас хойш өвлөх эрхээ хэрэгжүүлэн гэр бүлийн дундын эд хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгөөс талийгаачид оногдох хэсгийн өвлөгчөөр тогтоолгох хүсэлтээ зохих журмаар нотариатчид гарган өвийн улсын бүртгэлд уг хүсэлт бүртгэгдсэн байдаг. Хариуцагч нар нэхэмжлэгч С.Л-ын нэгэн адил талийгаачийг нас барсны дараа 1 жилийн дотор Ү.Б-гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бүртгэлтэй байсан нотариатчид гаргах боломжгүй байсан. Харин Д.А-, Ж.М, Ж.Т- нар С.Л-ын нэгэн адил эд хөрөнгийн талийгаачид оногдох хэсгийн өв хүлээн авах хүсэлтийг Ү.Б-гийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс, эсхүл улсын бүртгэл Ү.Б-г өөрчилж өөрсдийнхөө нэр дээр өмчлөх эрхээ бүртгүүлж гэрчилгээ авах үедээ, авсны дараа 1 жилийн дотор нотариатчид хүсэлт гаргах боломжтой байсан. Гэтэл ийнхүү хүсэлтийг хариуцагч нарын хэн аль нь гаргаагүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар нотариатчид хүсэлт гаргаагүй боловч өвлөгдөх эд хөрөнгийг Д.А-, Ж.М, Ж.Т- нар нь эзэмдэн авсан уу, эсхүл эрхлэн удирдсан уу гэвэл үгүй бөгөөд дээрх эд хөрөнгө нь анх талийгаачийн нэр дээр очсон 1998 оноос хойш одоог хүртэл “М Б” ХХК нь нарийн боовны худалдаа эрхлэн явуулж байгаа болно. Энэ талаар хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрт тусгагдсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ч Д.А-ын компани “М Б” ХХК үйл ажиллагаа явуулж байгаа талаар тайлбар өгдөг. Үүнийг Д.А-, хүү Ж.Т-, Ж.М- нарыг эзэмдэн авсан, эрхлэн удирдсан гэж үзэх боломжгүй. “М Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал Д.А- бөгөөд “М Б” ХХК үйл ажиллагаа явуулж байгааг иргэн Д.А-, тэрээр Ж.Т- Ж.М- нарын ээж учраас тэдгээр нь эзэмдэн авсан эрхлэн удирдсан гэсэн үг гэж тайлбарлах нь үндэслэлгүй юм. Учир нь Компанийн тухай хуулийн 3.1. "Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ". Мөн зүйлийн 3.2. "Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй." Мөн зүйлийн 3.3. "Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ." гэжээ. Иргэний хуулийн 25 дугаар зүйл 25.1. "Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ" гэжээ. Дээрх хуулийн заалтаар хувьцаа эзэмшигч нь зөвхөн хуулиар болон компанийн дүрмийн хүрээнд эрх эдэлж, үүрэг хариуцлага хүлээх, компанийн өмчлөлд оролцох эрх бөгөөд харин компани нь хуулийн этгээдийнхээ хувьд өөрийн нэрээр эрх олж үүрэг хүлээдэг, үйл ажиллагааны үр дагаварыг хариуцдаг тул “М Б” ХХК үйл ажиллагаа явуулж байгаа өвлөгдөх эд хөрөнгийг хариуцагч нар эзэмдэн авсан эрхлэн удирдсан гэж үзэх үндэслэлгүй юм. Ийнхүү өвлөх хүсэлтээ нотариатчид гаргаагүй, өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн аваагүй, эрхлэн удирдаагүй, тухайн хөрөнгийг анх Ү.Ж-ы нэр дээр байсан үеэс одоог хүртэл “М Б” ХХК эзэмдэн бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэн удирдаж байгаа тул Д.А-, Ж.М, Ж.Т- нар нь гэр бүлийн дундын эд хөрөнгө болох дээрх үл хөдлөх хөрөнгөөс талийгаач Ү.Ж-д оногдох хэсэг болох 25 хувийн эд хөрөнгийн эрхийг өвлөх эрхээ алдсан тул хууль ёсны өвлөх хүсэлт гаргасан С.Л-т талийгаачийн 25 хувь өвлөгдвөл зохих байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж 6.25 хувийг өвлөх эрхтэй гэж тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Д.А-, Ж.М, Ж.Т- нар нь талийгаач Ү.Ж-д оногдох 25 хувийн өвлөгдөх эд хөрөнгөөс хууль ёсны өвлөгчид нарт оногдох хэсгийг тэнцүү хэмжээгээр өвлөх, өв хүлээн авах эрхээ алдсан боловч, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч нар тул талийгаачид оногдох хэсгээс бусад 75 хувийг хамтран өмчлөгч бөгөөд уг эрхэд нь С.Л- халдаагүй халдах ч үндэслэлгүй юм. Иймд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3-р хороолол, Ард аюушийн өргөн чөлөө 1/8-д байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай Ү-2205005209 тоот үл хөдлөх хөрөнгөөс талийгаач Ү.Ж-д оногдох 25 хувийг өмчлөх хууль ёсны өвлөгч Д.А-, Ж.М-, Ж.Т- нарыг өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэх хуулийн үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэгч С.Л- нь талийгаачид оногдох 25 хувийг бүхэлд нь өвлөх эрхтэй, өвлөгч болохыг тогтоон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2019 оны З сарын 27-ны өдрийн 568 дугаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэнэ”, 528 дугаар зүйлийн 528.2-т өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор нотариатаар өв хүлээн авах буюу эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзэхээр хуульчилсан боловч өв нээгдэх үед уг үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгч С.Л-ын төрсөн охин Ү.Б-ийн нэр дээр шилжигдсэн байсан бөгөөд Ү.Ж- нь эд хөрөнгөө бусад этгээдийн нэр дээр гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэнтэй холбоотой маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байжээ. Энэ тохиолдолд Ү.Ж-ы эд хөрөнгөөс С.Л-ыг өвлөх эрхээ алдсан гэж үзэхгүй. Эрхийн зөрчил үргэлжилж байсан гэж үзнэ. Иймд энэ талаархи хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь диспозитив зарчмын үндсэн дээр хэрэгждэг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар хязгаарлагддаг. Өөрөөр хэлбэл шүүх нь тухайн хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өв хүлээн авах талаар хүсэлт гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлт болон энэ талаар шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх өөрийн санаачилгаар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт заасныг үндэслэн өв хүлээн авах хугацааг сунгаж шийдвэрлэсэн, улмаар үүнийг нь давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүх ийнхүү өөрийн санаачилгаар өв хүлээн авах хүсэлт гаргах хугацаа буюу өв хүлээн авах хугацааг сэргээж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрсөн гэх үндэслэлтэй юм. Мөн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-д “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж заасны дагуу Д.А-, Ж.М-, Ж.Т- нар нь өв нээгдсэнээс хойш буюу мөн хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар талийгаачийг нас барснаас хойш 1 жилийн дотор нэхэмжлэлд дурдагдсан эд хөрөнгийг эзэмдэн авч, эрхлэн удирдсанаар өвийг хүлээн авсан байдаг. Өөрөөр хэлбэл уг үл хөдлөх эд хөрөнгийг анх худалдан авснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Д.А-ын үүсгэн байгуулсан М Б ХХК нь тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, эд хөрөнгийг эзэмшиж, ашигласаар байна. Харин нэхэмжлэгч С.Л- нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасны дагуу хууль ёсны өвлөгч хэдий ч тэрээр мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дах хэсэгт заасны дагуу өв хүлээн авах талаар хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй тул 528.3 дах хэсэгт “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэж заасны дагуу өв хүлээн авахаас татгалзсан гэх үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл өвлүүлэгч нь энэхүү маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс гадна бусад хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдтэй байсан. Хэрэв С.Л- гуай үнэхээр хүүгийнхээ эд хөрөнгөөс өвлөх хүсэл зоригтой байсан бол эдгээр хөрөнгүүдийг ч мөн өвлөх тухай хүсэлтээ гаргах байсан. Хэрвээ ийнхүү хүсэлт гаргаснаас хойш өвлөгчид мэдэгдэх боломжгүй эд хөрөнгө өвлүүлэгчид бий болсон бол сая Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт заасны дагуу тухайн эд хөрөнгийн хувьд өвийг хүлээн авахаар хүсэлт гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл болох юм. Өвлөгч С. Лхагважав нь өвлүүлэгчийг нас барнаас хойш 1 жилийн хугацаанд өв хүлээн авахаар хүсэлт гаргаагүйгээс үзэхэд түүнийг Иргэний хуулийн 528.3 дах хэсэгт заасны дагуу өвлөх эрхээсээ татгалзсан гэх үндэслэлтэй юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх заалтыг заалтыг буруу тайлбарлан хэрэглэж С.Л-ыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өв хүлээн авах хугацааг сунгаж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч С.Л- нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн Ү.Ж-д оногдох хэсгээс төрсөн эх надад оногдох хэсэг буюу 200.000.000 төгрөгийг түүний өвийг хүлээн авч буй эхнэр Д.А-аас гаргуулж өгнө үү” гэх шаардлагатай нэхэмжлэлийг гаргаж байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 5 сарын 22-ны өдөр нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийг татан авах хүсэлтийг бичгээр гаргасны дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 24-ны өдрийн 183/Ш32017/05940 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дах заалтыг үндэслэн “нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан..., нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх..., нэхэмжлэгчийн татгалзал...-ийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь нэгэнтээ дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ өөрийн хүсэлтээр татан авсан тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасны дагуу энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс С.Л-ын гаргасан хүсэлтийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн дээрх захирамжаар шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байна гэж үзсэн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй гэх үндэслэлтэй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь ийнхүү иргэн С.Л-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмыг ноцтой зөрчиж, өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлсэн, мөн хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлтэй байх ба энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлтэй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           Нэхэмжлэгч С.Л- хариуцагч Д.А-, Ж.Т-, Ж.М- нарт холбогдуулан хариуцагч нарын өмчлөлд бүртгэгдсэн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 1/8 байрлах, Ү-2205005209 тоот бүртгэлтэй, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Ү.Ж- болохыг тогтоолгож, түүнд ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч, өмчлөгч  болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан боловч түүний шаардлага нь тухайн хөрөнгийн талийгаач хүү Ү.Ж-д ногдох хэсэг буюу 25 хувийг бүхэлд нь өвлөх эрхтэй болохыг тогтоолгох агуулгатай байгаа талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийг хариуцагч нар зөвшөөрөөгүй байна.

            Анхан шатны шүүх, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Ү.Ж- болохыг тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс Ү.Ж-д ногдох хэсгийн буюу 25 хувийн хууль ёсны өвлөгч нь С.Л- болохыг тогтоож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, үл хөдлөх эд хөрөнгийн талийгаач Ү.Ж-д ногдох хэсгээс 6.25 хувийн хууль ёсны өвлөгч нь С.Л- болохыг тогтоожээ.

            Давж заалдах шатны шүүх С.Л-ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв боловч нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгоогүйгээс гадна нэхэмжлэгчийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгон хэрэглээгүй байна. Магадлалд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулж, зохигчийн хэн алины гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

            1. Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт ногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.

            2. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх бөгөөд өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэхийг мөн хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д заасан байна.

          Ү.Ж-ыг нас барсан үед буюу 2012 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, 3 дугаар хороолол, 1/8 дугаарт байрлах Ү-2205005209 тоот бүртгэлтэй, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө   түүний төрсөн эгч Ү.Б-гийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан тул уг хөрөнгийн зохих хэсэг өвлөгдөх эд хөрөнгө эсэх нь тодорхой бус байжээ.

            Ү.Б-, Д.А- нарын хооронд гарсан маргааныг шүүх шийдвэрлэж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг талийгаач Ү.Ж-ы гэр бүлийн, тухайлбал, Ү.Ж-, Д.А-, Ж.Т-, Ж.М- нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоосон тул хөрөнгийн 4/1 буюу 25 хувийг Ү.Ж- өмчлөх эрхтэй бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс талийгаачид ногдох хэсгийг өвлөх үндэслэл үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

            3. Иргэний хуулийн 520  дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд мөн зүйлийн 520.1-д зааснаар тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна. Иймд С.Л-, Д.А-, Ж.Т-, Ж.М- нар талийгаач Ү.Ж-ы хууль ёсны өв залгамжлагчид мөн.

           4. Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч С.Л-, хариуцагч Д.А-, Ж.Т-, Ж.М- нарын хэн аль нь талийгаач Ү.Ж-ыг нас барах үед хамт амьдарч байгаагүй нь тогтоогдсон байна.

           Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3-т зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгчөөс бусад өвлөгчид нь өв нээгдснээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, ...заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үздэг боловч зохигчийг өвөөс татгалзсан гэх үндэслэлгүй тул хэн аль нь талийгаач Ү.Ж-ы өвийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй.

          Өмчлөх эрхийн талаар маргаан гарч шүүхээр шийдвэрлэгдсэнээс хойш нэхэмжлэгч С.Л-, өвлөх эрхийн үндэслэлтэй холбоотой нотариат, улсын бүртгэлийн байгууллага болон шүүхэд өмнө нь хандаж байсан тул түүнийг өвөөс татгалзсан гэж үзэхгүй талаархи шүүхүүдийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

            Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгөд хариуцагч Д.А-ын үүсгэн байгуулсан М Б ХХК 1998 оноос эхлэн үйл ажиллагаа явуулдаг талаар зохигч маргаагүй ба Ү.Б-, Д.А- нарын хооронд гарсан хөрөнгийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.А-, Ж.М-, Ж.Т- нар улсын бүртгэлд бүртгэгдсэн тул  өвлөгдөх хөрөнгийг хүлээн авсан, өвөөс татгалзаагүй гэж үзнэ.

            Шүүх Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            5. Анхан шатны шүүх “хариуцагч нар өвийн талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй” гэж  үл хөдлөх эд хөрөнгийн Ү.Ж-д ногдох хэсгийг бүхэлд нь түүний эх С.Л- өвлөх эрхтэй гэж дүгнэсэн нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүх залруулж, түүнд ногдох хэсгийг түүний эх С.Л-, эхнэр Д.А-, хүү Ж.М-, Ж.Т- нар адил хэмжээгээр буюу тус бүр 6.25 хувиар өвлөх эрхтэй гэж өөрчилсөн нь хуульд нийцжээ.

          Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хариуцагч нар өвөөс татгалзсан тул Ү.Ж-ы өвийг бүхэлд нь С.Л-т өвлүүлж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах”-ыг хүссэн гомдол, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч өвөөс татгалзсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 568 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.4, мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө 1/8 дугаарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн талийгаач Ү.Ж-д ногдох хэсгийн 6.25 хувийн хууль ёсны өвлөгч нь С.Л- болохыг тогтоосугай” гэснийг “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 528 дугаар зүйлийн 528.2, 532 дугаар зүйлийн 532.1-д зааснаар Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө 1/8 дугаарт байрлах, Ү- 2205005209 тоот бүртгэлтэй, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талийгаач Ү.Ж-д ногдох хэсгийн 6.25 хувийн хууль ёсны өвлөгч нь С.Л- болохыг тогтоож, 18.75 хувийн өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 70.200 төгрөг, хариуцагч нар 210.600 төгрөг төлснийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

           ШҮҮГЧ                                                             Г.АЛТАНЧИМЭГ