Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 1969

 

Д.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/01673 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Мын, хариуцагч БНСУ-ын  иргэн ШЕСт холбогдуулан гаргасан түрээсийн гэрээ цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батчулуун, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би хариуцагч Шин Еунг Сүектэй 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 15/02 тоот гэрээгээр өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Сэлбийн үйлчилгээний төвийн Д, Е блокын 2 давхрын 480 м.кв талбайтай “Амрита” диско клубыг 4 жилийн хугацаатай, сарын 12 000 000 төгрөгөөр түрээслүүлж, гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шинэчлэн байгуулсан. Уг гэрээгээр талууд 2017 оныг дуустал алданги тооцохгүй гэж тохиролцсон.

Хариуцагч нь 2016 оны 8 сараас хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй бөгөөд түрээсээ төлөх талаар удаа дараа шаардсан боловч сүүлд 12 сард гэрээ цуцлах талаарх мэдэгдэх хуудсыг нягтлантайгаа зөвшилцөнө гэж хэлж авснаас хойш сураггүй болсон.

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн захирамжаар “оршин суугаа хаяг нь тодорхойгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Шин Еунг Сүекийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр БНСУ руу яваад 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Монгол улсад орж ирсэн болохыг мэдсэн. Иймд хариуцагчтай байгуулсан түрээсийн гэрээг цуцалж өгнө үү гэжээ.

                                                                                                                  

Хариуцагч Шин Еунг Сүекийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар ашиглахаар 5 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, ажиллуулсан.

Ингэхдээ орчин үеийн хэв шинжийг агуулсан, дэлхийн жишигт нийцсэн клуб болгохын тулд ихээхэн хэмжээний зардал гаргаж, засвар үйлчилгээ хийж, тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэн үйл ажиллагаагаа явуулсан.

Түрээслэгчийн зүгээс дээрх хөрөнгө оруулалтыг 4 жилийн хугацаанд түрээслэн ажиллахдаа оруулсан хөрөнгө оруулалтаа нөхнө гэж тооцоолсон. Гэвч эдийн засгийн хямралын үр нөлөөгөөр тухайн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх иргэдийн тоо багасч, түрээслэгчийн зүгээс алдагдалд орж, хэвийн төлөгдөж байсан түрээсийн төлбөрөө төлж чадахгүйд хүрсний улмаас сүүлийн хэдэн сарын түрээсийн төлбөрийг төлж чадаагүй.

Ийнхүү дээрх хүндэтгэх үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр хариуцагчийн эзгүйд, БНСУ-д байх хугацаанд нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусаагүй байхад дур мэдэн тухайн үйлчилгээний байранд нэвтрэн орж, хэвийн явагдаж байсан үйл ажиллагааг зогсоон, өөрөө үйл ажиллагаа явуулж байгаа нь хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Иймд дээрх нөхцөл байдлаас үзвэл гэрээг нэг талын санаачилгаар цуцлах хууль зүйн үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар Д.Мын Шин Еунг Сүектэй 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээ цуцлагдсан байгааг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 960 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 136 750 төгрөгийг, хариуцагч Шин Еунг Сүекээс 70 200 төгрөгийг тус тус гаргуулан Д.Мад олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Шин Еунг Сүекийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Шин Еунг Сүек нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Батцэнгэлтэй байгуулсан.

Д.Батцэнгэл нь дээрх үл хөдлөх хөрөнгийн 000236210 дугаартай 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн гэрчилгээгээр өмчлөгч нь байсан. 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр түрээсийн гэрээг байгуулахад өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Менхмандахыг явуулж, түрээсийн гэрээг байгуулсан боловч уг итгэмжлэл хуулийн шаардлага хангахгүй зөвхөн худалдах, нэр шилжүүлэх, захиран зарцуулах итгэмжлэл /хэргийн 14 дүгээр тал/ авагдсан байхаас гадна, мөн түрээсийн гэрээг байгуулахдаа зөвхөн монгол хэл дээр гэрээг байгуулж, орчуулагч оролцуулаагүй хийсэн.

Харин өнөөдрийн байдлаар шүүхэд Д.М түрээсийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд уг гэрээг байгуулсан Д.Батцэнгэл нэхэмжлэл гаргаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг цуцлуулах нэхэмжлэлийг гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын аль ч хэсэгт байхгүй.

Хэрэв 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан гэрээг цуцлах гэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тайлбар гарган мэтгэлцэж, нотлох баримтыг гаргаж, өөрийн эрх ашгийг хамгаалах эрхтэй бөгөөд шүүх энэ эрхээр нь хангаагүйд гомдолтой байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4, 6.6 дахь хэсгийг тус тус зөрчиж байна.

Шүүх 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээгээр Д.М, Б.Даваа, Д.Нандинцэцэг нарын өмчлөлийн байрыг хариуцагчид түрээслэхээр тохиролцсон гэсэн нотлох баримтад буруу үнэлэлт, дүгнэлт хийсэн.

2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийг хариуцагч Шин Еунг Сүект гардуулж, эрх үүргийг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулахдаа орчуулагч байлцуулаагүй, нэхэмжлэлийг Монгол хэл дээр гардуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3 дахь заалтыг зөрчсөн. Учир нь Шин Еунг Сүек нь монгол хэл, бичиг, үсэг мэдэхгүй.

Мөн шүүх шийдвэртээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаярт шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй гэсэн. Гэтэл хэрэгт авагдсан хариуцагчаас Ж.Эрдэнэбаярт олгосон итгэмжлэл зөвхөн монгол хэл дээр хийгдсэн байх бөгөөд Шин Еунг Сүек нь монгол хэл мэдэхгүй уншиж чадахгүй тул уг итгэмжлэлийн утга, агуулгыг уншиж ойлгосон гэдэг нь эргэлзээтэй.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 болон 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар Д.Мын Шин Еунг Сүектэй байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээ цуцлагдсан байгааг дурдсугай гэж заасныг зөвшөөрөхгүй байна.

Учир нь Шин Еунг Сүек Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун сэлбийн Үйлчилгээний төвийн Д, Е блокын 2 давхрын 480 м.кв талбайтай “Амрита” диско клубыг түрээслэхийн тулд 800 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт гарган, засвар үйлчилгээ хийсэн. Аливаа баар, үйлчилгээний газар эхэндээ үйлчлүүлэгч багатай, олонд танигдаж, энэхүү клуб нь нээгдсэнээ мэдэгдэж танигдахад хүртэл үйлчлүүлэгч багатай байдаг бөгөөд мөн эдийн засгийн хямрал давхар нөлөөлсөн боловч үйл ажиллагаагаа явуулж байтал түрээслүүлэгч шууд дайрч орж ирээд үйл ажиллагааг нь зогсоож клубд байсан эд хөрөнгийг бүгдийг авч үлдэн, тэнд ажиллаж байсан ажилчдыг хөөж гаргасан.

Дээрх нөхцөл байдал нь хариуцагчийн үйл ажиллагааг зориудаар тасалдуулсан хохиролтой үйлдэл байсан. Нэхэмжлэгч шүүхэд түрээсийн төлбөрөө нэхэмжлээгүй, зөвхөн гэрээг цуцлах тухай нэхэмжлэл гаргасан нь үүнтэй холбоотой.

Шүүх Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх заалтыг баримталсан атлаа түрээсийн гэрээ цуцлагдсан байгааг дурдсан нь ойлгомжгүй, хууль бус шийдвэр болжээ. Нэгэнт нэхэмжлэл хангагдсан байна гэж шүүх үзэж байгаа бол хэргийг шийдвэрлэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөр нэхэмжлээгүй байхад уг заалтын хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Д.М, хариуцагч БНСУ-ын  иргэн ШЕСт холбогдуулан түрээсийн гэрээг цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэл дээр явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол тухайн этгээдээс гаргасан тайлбар, мэдүүлэг, нотлох баримт, хэлсэн үгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай орчуулагчаар дамжуулан танилцуулах үүргийг шүүх хүлээдэг.

Хэргийн 37-38 дугаар хуудсанд Л.Түвшинзаяа гэх этгээдийн орчуулагчийн ажил эрхлэх тусгай зөвшөөрөл, бакалаврын диплом авагдсан байгаа хэдий ч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан журмын дагуу орчуулагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулахдаа өөрөөр хэлбэл хариуцагч БНСУ-ын  иргэн ШЕСт нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгөхдөө мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасны дагуу орчуулагчаар дамжуулан танилцуулах үүргээ зөрчсөн байна.

Мөн хариуцагч БНСУ-ын  иргэн ШЕСээс Ж.Эрдэнэбаярт олгосон итгэмжлэл нь гадаад хэлнээс орчуулагдаагүй, монгол хэл дээр бичигдсэн байх тул түүнийг хариуцагчийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий этгээд гэж үзэхгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэлийн хүрээнд хариуцагчид холбогдуулан шаардлага гарган, эрхээ хэрхэн хамгаалуулах гэж байгаа нь тодорхой бус байгааг анхан шатны шүүх тодруулаагүйг анхаарах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/01673 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  

                                   ШҮҮГЧИД                             А.ОТГОНЦЭЦЭГ

                                   

                                                                             Ч.ЦЭНД