Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 978

 

                                                       Г.Б-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          шүүгдэгч Г.Бы өмгөөлөгч Ц.Амар,

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Б даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 733 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Бын гаргасан давж заалдах гомдлоор Г.Бд холбогдох 1808 0232 20764 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Гомбожавын Б, 1977 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр УлаанБ хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, “Үүлэн консалтинг сервис” ХХК-д борлуулалтын жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 4 дүгээр гудамжны 113 тоотод оршин суух, /РД: НЛ75071373/;

          Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 299 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлсэн;

Г.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 16 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Баянголын 44-4а тоот хашаанд Д.Быг очиход “чи ямар том болчихсон юм” гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Гомбожавын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Быг торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Г.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Баас 82.200 төгрөгийг 1 сарын хугацаанд гаргуулан, хохирогч Д.Бт олгож, эмчилгээний зардалтай холбоотой бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Г.Бд торгуулийн ял оногдуулсныг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Уг хэрэг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 44-4а тоот гэртээ очиход Г.Б миний араас дуудаад “чи яасан том болсон юм бэ” гэхээр нь “яасан юм бэ” гэж асуухад тэр намайг татаж газар унагаад нүүр рүү өшиглөж, миний хөмсөг сэтэрч, баруун гарын шууны мах тасарсан. Газраас гол төмөр аваад “алаад хаячъя” гээд цохих гэж байхад охин Долгоржав болиулсан. Анх намайг түүнтэй хамт явж байсан Баяртогтох татаж унагасан бөгөөд Б намайг цохиж зодсон. Намайг хоёулаа бүлэглэж зодсон. Баяртогтох, Бтай нийлж зодсон байхад түүнд хариуцлага хүлээлгээгүй гэрч болгосонд гомдолтой байна. Хэрэг болсны дараа хөмсөг задарч, нэлэнхүйдээ цус гарч ухаан балартсан. Бусдын орон байранд зөвшөөрөлгүй халдаж, хүний гоо сайхан, эмзэг газар цохиж, бүлэглэн хохирол учруулсан хүмүүст тохирох хариуцлага хүлээлгээгүй. Миний бие өдөрт 35.000 төгрөгийн, сард 1.050.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг. Холбогдох баримтаа өгсөн байхад хохирол барагдуулаагүй. Мөн би Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд амьдардаг бөгөөд уг асуудлаас болоод 2 удаа УлаанБ хотод ирэхэд 200.000 төгрөг зарцуулсан. Эмч намайг толгойн томографикийн зураг авахуул гэсэн боловч 350.000 төгрөг байхгүй учраас зураг авахуулж чадаагүй. Миний зүүн нүд цохиулснаас болж өмнөхөөсөө онигор болж, нүдэнд өөрчлөлт орж, нүдний хараа муудсан. Баруун гараа өргөхөд зовиуртай болж шар ус хурсан. Одоогийн байдлаар биеэ эмчлүүлэхэд 1.700.000 төгрөг зарцуулсан тул уг хэрэгт холбогдсон этгээдүүдээс гаргуулж өгнө үү. Намайг зодчихоод нэг ч удаа уучлалт гуйгаагүй, мөн нэг ч төгрөг өгөөгүй. Намайг хэл амаар доромжилж “чам шиг гуйлгачинг бодвол би хоёр өрөө байранд амьдардаг хүн, хашаа байшинд амьдардаг гуйлгачингуудыг яадаг юм, намайг яаж ч чадахгүй, мөнгө өгөхгүй гэж доромжилсонд нь маш их гомдолтой байна. Энэ хоёр этгээд бүлэглэн намайг зодож, цустай хутгаад орхиод явсан, хүний үнэргүй хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, миний хохирлыг барагдуулж өгнө үү. ...” гэжээ.   

Шүүгдэгч Г.Бы өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс хохирогч Д.Быг энэ хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Хохирлын мөнгийг хүлээлгэж өгөх гэхэд Д.Б нь олддоггүй, мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхэд ирдэггүй. Хэрэг болсон хашааг хохирогч Д.Б өөрийн хашаа гэсэн нь худал бөгөөд Г.Бы хашаа байсан. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Г.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 16 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Баянголын 44-4а тоот хашаанд Д.Быг очиход “чи ямар том болчихсон юм” гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Бын “...Г.Б миний нүүр рүү өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх-7/, насанд хүрээгүй гэрч Г.Долгоржав /хх-12/, гэрч Н.Баярсайхан /хх-13/, Д.Баяртогтох /хх-14-15/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Д.Бын биед зүүн хөмсөгт шарх, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 5402 дугаартай дүгнэлт /хх-20/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хохирогч Д.Бын “...торгуулийн ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн миний хохирлыг барагдуулж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь, анхан шатны шүүх хохирогч Д.Бын гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэн бодит зардлыг шүүгдэгч Г.Баас гаргуулан түүнд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд мөн эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг зааж өгчээ.

Түүнчлэн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Бд оногдуулсан ял шийтгэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд нийцсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

Иймд хохирогч Д.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Бд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа зааж шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол биелэгдэх боломжит хугацаатай уялдахгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан байх тул 90 хоног дотор торгуулийн ял биелүүлэх хугацааг заах шаардлагагүй болохыг тэмдэглэж байна.

Шүүгдэгч Г.Б торгох ял болон торгох ялыг биелүүлэх хугацааны талаар маргаагүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 733 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                                          

                                             ДАРГАЛАГЧ,

                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

                                             ШҮҮГЧИД                                                  Б.ЗОРИГ

                                                                                                                М.АЛДАР