Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/733

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,  

улсын яллагч М.Сансарсайхан,

гэрч Д.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808023220764 дүгээр хэргийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр УлаанБ хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, “Ү” ХХК-д борлуултын жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн** дугаар хороо, Яармагийн ** дүгээр гудамж, 113 тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан Жаргалант дүүргийн шүүхийн 1994 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 299 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлсэн, Б овогт Г-ын Б /РД:********/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Г.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянголын ** тоот хашаанд Д.Б-ыг очиход чи ямар том болчихсон юм гэх шалтгаанаар зодож, Д.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Бтой машин засаж байсан. Би машин доогуур юм хийж байтал Б миний араас бариад авсан. Би түүнийг цохиж зодоогүй. Тэр агсан тавиад байсан. Би Бтай ноцолдож байгаад давхаралдаж унасан. Би түүнд гар хүрээгүй, өшиглөх үйлдэл хийгээгүй. Бага насны 4 хүүхэдтэйг минь харгалзан ял шийтгэлийг хөнгөлж өгнө үү” гэв.

Гэрч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Б үгийн зөрөөгүй орж ирсэн. Би хаалга түгжээд эргээд хартал Б Бг хүзүүнээс нь зуурсан байсан. Би салгатал гэр рүүгээ гүйж ороод 2 гартаа хутга бариад гарч ирсэн. Би түүнийг салгаж зогсоосон” гэв.

 

Эрүүгийн 1808023220764 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Б-ын: “2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ архи уучихсан орох гэж байсан. Хашааны эзэн Т гэх залуу Б гэх залуугийн хамт машин засаж байсан. Би тэгэхээр нь өө та 2 машин засаж байгаа юм уу гээд хажуугаар нь өнгөрөх гэхэд Т түр хүлээж байгээд намайг татаж чангаагаад би яах гээд байгаа юм бэ гэсэн чинь чи ямар том болчихсон юм бэ гээд байсан. Тэгээд би Ттай барьцалдаад автал Б миний араас татаад намайг газар унагасан чинь Т миний нүүр рүү өшиглөсөн. Тэр үед Док гэх Д Б-ы охин цагдаад дуудлага өгсөн байсан. Ийм л юм болсон. Одоо миний бие зүгээр байгаа. Эмчилгээний зардал нэхэмжлэж байна” гэх мэдүүлэг /хх-6-7/,

Насанд хүрээгүй гэрч Г.Д-ын: “...Гэрийн гадаа зодоон болоод байх шиг болохоор нь хартал Т ах Б ахыг газар унагасан толгой дээр нь гишгэж байсан. Т ахыг Б ах болиулсан чинь Б манай гэрт орж ирээд цус болсон хувцсаа тайлаад буцаад гэрээс гартал Т ах төмөр барьчихсан Б ахыг цохих гэж байхад нь Б ах болиулаад байж байхад Т ах цагдаа дуудсан. Ийм л юм болсон...” гэх мэдүүлэг /хх-12/,

Гэрч Н.Б-ы: “...18 цагийн үед манай охин Д ажил дээр ирээд Б ах Т ахад зодуулаад бөөн юм болж байна гэж хэлсэн. Намайг гэрт ирэхэд хашааны үүдэнд Т, Б бас Тгийн дарга гээд нэг залуугийн хамт зогсож байсан. Би юу болоод байгаа юм, гэр эзгүйчлээд гэж хэлсэн чинь Т намайг чи юу гээд байгаа юм, наад архичингаа аваад зайл гэх мэтээр хэл амаар доромжилсон. Би гэртээ хаалга онгойлгоод ортол Б-ын хөмсөгнөөс цус гоожсон байсан. Тэгээд би юу болоод байгаа юм гээд орилж хашгиртал Т намайг гэрээ аваад зайл гэж хэлсэн. Б хүртэл намайг чи өвөл нүүж чадаагүй бол одоо нүү гэж хэлсэн. Чи хүн зодчихоод түргэн дуудсан юм уу гэж хэлсэн чинь Т наадах чинь охиныг чинь хутгалах гэж байхаар нь би цагдаа дуудсан чинь цоожтой байхаар нь цагдаа явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-13/,

Гэрч Д.Б-ын: “...Б гэх залуу согтуу ууртай миний хажуугаар хурдтай зөрсөн. Б машин янзлаад сууж байгаа Бгийн араас хүзүүг нь гараараа боогоод хойш нь татсан. Б эргэж хараад ноцолдоод газарт унасан. Газарт уначихаад Б босож ирээд гэр рүүгээ ороод буцаад гараад ирэхдээ хоёр гартаа хутга заазуур бариад та нарыг ална” гээд гараад ирсэн. Тэгээд Б Б руу дөхөөд очих үед нь би очоод Б-ыг барьж аваад боль гэж хэлэх үед Б-ын хөмсөгнөөс цус гоожиж байхад гараас нь хутга заазуурыг салгаад гэр рүү нь түлхэж оруулсан. Цагдаа ирэхэд Бхүүхэд Доогий нь гэрийнхээ хаалгыг түгжээд цагдаагаас маргааш ажилтай битгий авч яв” гээд гуйгаад байхаар нь цагдаа үлдээгээд явсан. Быг Б цохиж зодоогүй. ...Б хөдөө хамт мал маллаж байхад архи дарс уухаараа их тавьтаргүй омголон ууртай агсан нөхөр. Тухайн үед миний хажууд Б Бг чи миний авгай буюу хамтран амьдрагч хүүхэнтэй унтаж хэвтэж байсан гэж хэлээд Б чи юу яриад байгаа юм, би унтаж хэвтэж байгаагүй, архи дарс уугаад байвал манай хашаанаас зайлаарай гэж хэлж хэрэлдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-14-15/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.04.25-ны өдрийн 5402 дугаар шинжилгээний дүгнэлтэд:1.Д.Б-н биед зүүн хөмсөгт шарх, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-20/,

Шүүгдэгч Г.Б-ы яллагдагчаар өгсөн: “...Би хашаандаа Б буюу Бтай хамт машиныг янзлаад сууж байтал Б гэх залуу хаалга балбаад байхаар нь Б онгойлгож өгсөн. Машинаа засаж янзлаад сууж байхад араас ирээд цамцны захаас татаад намайг газарт унагаад чирсэн. Би босоод Бтай зууралдаад газарт хамт унасан. Тэгээд Б босоод гэр рүүгээ гүйгээд орчихсон. Гэрээсээ гарч ирэхдээ хоёр гартаа хутга заазуур бариад ална гээд гараад ирсэн. Б Б-ын хутгатай хоёр гарыг нь араас нь хумьж бариад гэр рүү нь түлхээд оруулсан. ...Би Б*-ыг цохиж зодоогүй. Тухайн гэмтлийг Б надтай зууралдаж ноцолдож байгаад газарт унах үед учруулсан. Б гэх эмэгтэй хүн цуглуулаад архидаж цагдаа сэргийлэх хүртэл  ирээд байна гэж хөршүүд мэдүүлж, өөр хүн амьтан буулгаачээ амар Т амьдарч болохгүй байна гэж хэлсэн. Тэрнээс гадна Баяраа нь түрээсийн мөнгөө өгөхгүй, цахилгааны мөнгө төгрөг төлөхгүй байхаар нь би цахилгааныг таслаад одоо нүүж хашаа суллаж өг гэж хэлээд зайл гээд хөөсөн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Миний буруу” гэх мэдүүлэг /хх-39-40/,

хохирлын баримтууд /хх-24-26, 28-34/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41/, “Үүлэн консалтинг” ХХК-ийн цалингийн тодорхойлолт /хх-44/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-45/, хорооны тодорхойлолт /хх-49/, дуудлагын дэвтрийн хуулбар /хх-52/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгуулах хуудас /хх-53/, хохирогчид хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-54/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-55/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 44 дүгээр гудамж, 4а тоот хашаанд иргэн Д.Б-ыг чи ямар том болчихсон юм гэх шалтгаанаар зодож, Д.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.Б-ын “...Хашааны эзэн Т ...“чи ямар том болчихсон юм бэ” гээд байсан. Тэгээд би Ттай барьцалдаад автал ...Т миний нүүр рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-6-7/, насанд хүрээгүй гэрч Г.Д-ын “...Т ах Б ахыг газар унагасан толгой дээр нь гишгэж байсан...” гэх мэдүүлэг /хх-12/, гэрч Н.Б-ы “...Охин Д ажил дээр ирээд “Б ах Т ахад зодуулаад бөөн юм болж байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-13/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 5402 дугаар “1.Д.Б-н биед зүүн хөмсөгт шарх, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-20/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаар “Хохирогчийн мэдүүлэг эх сурюалжаа заагаагүй, тогтворгүй байдаг. Насанд хүрээгүй гэрч хэргийн нөхцөл байдлыг хараагүй. Түүнд хууль сануулсан нь буруу. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бы буруутай үйлдэл байхгүй. Газар унахдаа л гэмтэл авсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэж дүгнэлт гаргалаа.

Хохирогч, гэрч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл /насанд хүрээгүй гэрчид мэдүүлэг авахдаа хууль сануулсан гэх зөрчил илрээгүй, түүнчлэн хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлан өгсөн болох нь тогтоогдсон хх-12/ журмын дагуу байцаалт авч, энэхүү мэдүүлэг нь өөр хоорондоо болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдож байгаа, мөн дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх үзэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд нотлох баримтаар хохирол 82.200 төгрөг /хх-24-26/ тогтоогдсон. Хэрэгт авагдсан хохирлын гэх бусад баримтууд /хх-28-34/ нь уг хэрэгт хамааралгүй болох нь дээрх баримтуудын огноогоор тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх огноотой эм, эмчилгээний баримтууд байгаа ч шүүгдэгч Г.Бгийн хохирогч Д.Быг зодож хөнгөн хохирол учруулсан үйлдлээс өмнө байх тул хохиролд тооцон гаргуулах үндэслэлгүй юм. Иймд баримтаар тогтоогдсон 82.200 төгрөгийг 1 сарын хугацаанд шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.  

Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох  баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.Б урьд ял шийтгүүлж байсныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шинэ хуулийн дагуу анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзнэ үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.   

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /“Үүлэн консалтинг” ХХК-ийн тодорхойлолт/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Г.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Баас 82.200 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаанд гаргуулж, хохирогч Д.Б /Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянголын ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, РД-И****/-т олгож, эмчилгээний зардалтай холбоотой бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАРМ