Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00020

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00307 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 450 дугаар магадлалтай,

Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаа болон анхны дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие шүүхийн шийдвэрийн дагуу Хас банкинд төлбөртэй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчин, эд хөрөнгө хураахдаа хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, өөрийн албан өрөөнд явуулж нэхэмжлэгчээр гарын үсэг зуруулахаар шаардсан. Мөн шийдвэр гүйцэтгэгч Г.Ганбаатар нь дуудлага худалдааны үнийн санал авч байгаа талаар мэдэгдэлгүй орон сууцны зах зээлийн үнийг хэд гэж бодож байгаа талаар бичнэ үү гэж худал хэлж бичүүлж, үнийн санал болгон дуудлага худалдаанд борлуулж байгаа хууль бус үйлдлийг зогсоож шийдвэр гүйцэтгэх ажиллагааны битүүмжлэх, хураах ажиллагааг болон анхны дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү. Зөвлөгөө авах, судалгаа хийх цаг хугацаа олголгүйгээр үнийн санал авсан, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур 180 сая төгрөгийн үнийн санал өгсөн байна. Энэ үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлүүлэх хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.27-ны өдрийн 184/ШШ2017/00246 дугаар захирамжаар Б.Б-, А.Одсүрэн нараас 88.611.313 төгрөгийг гаргуулж, Хас банкинд олгох, хариуцагч  нар шүүгчийн захирамжид заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлд барьцаалсан  үл хөдлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201028885 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Москвагийн гудамж 133/2 дугаар байрны 111 тоот хаягт байрлалтай 91.15 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2201014825 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 5 дугаар гудамжны 169 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2201000280 дугаартай 407 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалган шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нарт 2017 оны 17271408/02, 17271408/03, 17271408/08, 2018 оны 17271408/02, 17271408/01 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж анхааруулсан ч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг 2017.12.05-ны өдрийн 17271408/07 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. Хуульд заасны дагуу хөндлөнгийн хоёр гэрчийг оролцуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийн хаягт очиж 2018.10.12-ны өдрийн 17271408/05 дугаар хураах тогтоолоор хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д заасны дагуу хөндлөнгийн гэрчийн овог, нэр регистрийн дугаарыг тогтоол болон тэмдэглэлд тусгаж, 41.8-д заасны дагуу гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 180.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 126.000.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох үнийг тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 2018.11.01-ний өдрийн 4/18153, 4/18154 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу талуудад эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаагүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00307 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ээс хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, Москвагийн гудамж, 133/2 дугаар байр, 111 тоот, орон сууцны зориулалттай, 91.15 м.кв талбайтай, Ү-2201028885 улсын бүртгэлийн дугаартай 2 өөрөө орон сууцны үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, мөн шийдвэр гүйцэтгэлийн хууль бус үйл ажиллагааг зогсоож эд хөрөнгө битүүмжлэх, хураах, дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 450 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209.570 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан СХД-ийн 29-р хороо, Москва хороолол, 133/2-р байрны 111 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 2017 оны 12 сарын 05-ны өдрийн 17271408/07 тоот тогтоолоор битүүмжилж, 2018 оны 10 сарын 12-ны өдрийн 17271408/05 тоот хураах тогтоол үйлдэж, хураасан бөгөөд дээрх үл хөдлөх хөрөнгийг маань Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг удирдлага болгон албадан дуудлага худалдаанд оруулж, төлбөр авагч ХАС банк нь худалдан авсан байна. Анхан шатны шүүх дүгнэхдээ “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар 2018 оны 11 сарын 01-ний өдрийн 4/18153,  4/18154 мэдэгдлээр мэдэгдэж, хөндлөнгийн шинжээчийн үнэлгээгээр дуудлага худалдаанд оруулсан. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан үндэслэлээр мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл дээрх хийгдсэн хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг мэдэгдэхдээ 2018 оны 11 сарын 01-ний өдрийн 4/18153, 4/18154 тоот мэдэгдлээр мэдэгдсэн гэх боловч бодит байдал дээр 2018 оны 11 сарын 22-ны өдөр зохион байгуулсан анхны дуудлага худалдаа явагдсаны дараа танилцуулж гарын үсэг зуруулсан. ШШГХ-ийн 55.1-д заасны дагуу бол үл хөдлөх хөрөнгийг хураах тогтоол үйлдсэн өдрөөс талуудад мэдэгдэж, 1 сарын дотор зах зээлийн ханшийн үнэлгээг авна хэмээн заасныг зөрчиж, 2018 оны 12 сарын 12-ны өдрийн төлбөр авагч ХАС банкны албадан дуудлага худалдаанд яаралтай оруулж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэж, дуудлага худалдаанд оруулан ХАС банкинд зарсан нь хэт нэг талыг барьсан. Шийдвэрт “...Нэхэмжлэлийн шаардлагад байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой битүүмжлэх, хураах тогтоол, дуудлага худалдааг хүчингүй болгуулах зэрэг асуудлыг огт авч хэлэлцээгүй, зөвхөн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага хэмээн дүгнэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд шууд гаргах эрх зүйн зохицуулалттай байдаг бөгөөд ажиллагаатай холбоотой гомдлыг тухайн дээд шатны байгууллагад хандан гаргана хэмээн заасан. Нэхэмжлэгч талаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад хаягласан ажиллагааны хууль бус үйлдлийг илэрхийлсэн утга бүхий гомдлыг гаргасан. Гэтэл гомдлыг анхан шатны шүүх огт хянаж үзээгүй, зөвхөн хөрөнгийн үнэлгээтэй холбоотой хэмээн дүгнэлт өгсөн нь алдаатай болжээ. Нэгэнт анхан шатны шүүх үнэлгээтэй холбоотой дүгнэлт өгсөн бол тухайн үнэлгээг хийсэн компанийг, төлбөр авагч ХАС банк зэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оруулах ёстой хэмээн үзэж байна. Улмаар тогтоосон хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн ЗЗ.1.З. “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах” гэж заасны дагуу эрхээ хэрэгжүүлэн дээд шатны байгууллагад хандан гаргасан гомдлын хариуг хүлээн авсан өдрөөс хугацааг тоолон шүүхэд гомдол гаргасан. Гэтэл ажиллагаатай холбоотой гомдол гаргасан байхад мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д заасны дагуу ажиллагааг цааш нь үргэлжлүүлж, дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулсан нь илт хууль бус нэг талыг барьсан ажиллагаа явуулсан байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Б-, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг болон анхны дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлийн талаар хэрэглэвэл зохих Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/00246 дугаар захирамжаар Б.Б-, А.О нар 88.013.297 төгрөгийг 2017.07.25-ны дотор Хас банк ХХК-д төлөх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Б.Б-, А.О нар захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч Хас банк ХХК-ийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, уг ажиллагааны явцад төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох СХД-ийн 29-р хороо, Москва хороолол, 133/2-р байрны 111 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 2017 оны 12 сарын 05-ны өдөр  битүүмжилж, 2018 оны 10 сарын 12-ны өдөр хураах ажиллагаа явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д зааснаар гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ...эд хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, ...хураан авах нь иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээнд хамаардаг тул шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгийг битүүмжилж, хураасан нь хууль зөрчөөгүй байна.

Битүүмжлэх ажиллагаанд өмчлөгч байлцсан ба шийдвэр гүйцэтгэгч уг ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах шаардлагагүй гэж үзсэн, хураахдаа өмчлөгч, төлбөр төлөгч нар болон хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулсан нь хэргийн 54-57-р талд авагдсан тогтоолуудад тусгагджээ.

Шийдвэр гүйцэтгэгчийн дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т  “төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна, 41.2-т “шаардлагатай бол энэ хуулийн 41.1-д зааснаас бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно.” гэснийг зөрчөөгүй гэж үзэв.

Нөгөө талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг зөвшөөрөөгүй бол хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхтэй. Нэхэмжлэгч Б.Б- эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааны талаар хуульд заасан хугацааны дотор зохих этгээдэд хандаж гомдол гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Дурдсан үндэслэлээр эд хөрөнгө битүүмжилсэн болон хураасан ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болно. Төлбөрт хураагдсан орон сууцыг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар 180.000.000 төгрөгөөр үнэлж тохиролцсон тул уг үнийн 70 хувиар анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоосон нь хуульд нийцсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч Б.Б-, А.О нарт анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тухай 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4/18153 дугаар мэдэгдлийг мөн өдрөө, анхны албадан дуудлага худалдааг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр явуулах тухай 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/18 дугаар тогтоолыг 11 сарын 14-ний өдөр тус тус мэдэгдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогджээ.

Нэхэмжлэгч Б.Б- эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасантай нийцэх бөгөөд тэрээр гомдлоо 2018.12.12-ны өдөр шүүхэд гаргасныг дурдсан хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй.

Нэхэмжлэгч Б.Б-ийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага болсон, үнэлгээний компани болон төлбөр авагч Хас банк ХХК-г гуравдагч этгээдээр оролцуулаагүй гэх гомдолд давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

Иймд нэхэмжлэгч Б.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00307 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 450 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                Г.АЛТАНЧИМЭГ