Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2020/0050

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 20 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2020/0050

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Ганбат, шүүгч Ц.Одмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: Ж П Э ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Г, Ц.Б

Гомдлын шаардлага: “Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 0302853 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдол бүхий зөрчил хянан шийдвэрлэх хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, хариуцагч Д.Г, Ц.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, иргэдийн төлөөлөгч Ө.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Ж П Э ХХК-ийн захирал С.О шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо:

“Тус компанийн үйл ажиллагааг шалгаад татварын улсын байцаагч Д.Г, Ц.Б нар нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 0302853 дугаартай “хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудас бичсэн байна.

Энэхүү 0302853 дугаартай шийтгэлийн хуудас бичихдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтыг баримтлан бичсэн байна. Энэ 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заагаад 2.3-т “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх” гэж заасан байх бөгөөд улсын байцаагчийн акт илт хууль бус байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь заалт нь Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана гэж заасан бөгөөд энэ зүйлд гомдол мэдээллийг хүлээн аваад шалган шийдвэрлэх хугацааг 3 хоног гэж заасан байхад 2019 оны 1 дүгээр сарын 14-ний хяналт шалгалт хийх томилолт батлуулжээ. Өөрөөр хэлбэл 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хууль хяналтын байгууллагын хүсэлтээр иж бүрэн гэх шалгалт оруулсан гэсэн 36190100003 дугаартай Татварын ерөнхий газрын дарга О.Т ийн баталсан томилолтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтыг баримтлан шийтгэл ногдуулсан нь илт хууль бус юм. Мөн дээрх томилолтод 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 30 хоногийн дотор шалгалт хийх ёстой байтал 2019 оны 4 дүгээр сард шалгалт хийж Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, мөн 30.1.1-д “.татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх” гэсэн заалтыг зөрчиж хийсэн илт хууль бус үйл ажиллагаа болно.

Мөн шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1 ба 1.2 дахь заалтыг зөрчсөн гэж бичсэн байх бөгөөд 11.19 дүгээр зүйлийн 1-д “Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор” гэсэн заалт бөгөөд манайх татвар төлөхөөс зайлсхийх зорилготой санаатай хийсэн үйлдэл, үйл баримт тогтоогдоогүй болно. Мөн шийтгэлийн хуудсанд бичсэн 11.19 дүгээр зүйлийн 1.1 “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан”, мөн 1.2 “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн” гэсэн заалтууд бөгөөд яг ямар үйл баримтад заасан зөрчил гаргасан болохыг тодорхой заагаагүй тул энэ шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-д “ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх” 2.4-т “хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах” эрхийг эдлүүлээгүй байх бөгөөд ямар тооцоог үндэслэн шийтгэл ногдуулсан талаар тайлбарлан өгөөгүй, түүнийгээ нотлон танилцуулаагүй байна.

Иймд татварын улсын байцаагч Д.Г, Ц.Б нарын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 0302853 дугаартай “хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулсан тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү ” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу улсын байцаагч буюу эрх бүхий албан тушаалтан 0302853 дугаартай зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх хуудас үйлдсэн. Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа нь тухайн зөрчлийн талаар мэдээлэл ирсэн тохиолдолд 3 хоногийг дотор шалгаад хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хуульд тодорхойлон заасан байдаг.

Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлээд 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаанд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “... эрх бүхий албан тушаалтан гомдол мэдээлэл хүлээн авч хяналт шалгалтыг 3 хоногийн дотор явуулахыг” заасан. Гэтэл 3 сарын турш явуулсан байгаа юм. Тухайн өдөр Авлигатай тэмцэх газар Ж*******ийн санхүүгийн бүх баримтуудыг хураан авсан байсан. Тухайн баримтуудыг би өөрийн биеэр очиж авч ирсэн. Нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. Санхүүгийн бичиг баримтыг шалгана гэсэн бичиг  очсон байгаа. Э******* компани дээр шалгалт явуулаагүй зөвхөн “Ж*******” болон Ж*******ид шалгалт явагдсан. Хаанаас авсан талаар санхүүгийн шалгалт авч хийсэн талаар тодорхой болсон. Холбогдогчоор тогтоогдсон талаар бид нарт хамаагүй гэж гомдол гаргаад байхад шийтгэлийн хуудас гаргасан. Томилолттой байхад хэтрүүлж явуулаад тогтоол гаргасан. Мөн шийтгэлийн хуудсаас өмнө татвараас зугтаах гэмт хэрэг үйлдэгдсэн юм байна. Дандаа санаатай үйлдэл харагдаж байгаа. Гэмт хэргийг нуун далдлах зорилгоор илт хууль бус үндэслэлгүй шийдвэр гаргасан. 17 хуудас баримтыг хамруулаад акт үйлдэж байгаа талаар огт мэдэгдээгүй. Ямар шалгалт ирсэн талаар ойлгогдохгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх хуулиар зөвшөөрөөгүй байхад шууд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн байдаг. Илт хууль бус шийдвэр гарсан учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсч байна.” гэв.

Хариуцагч нар шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 3619010003 тоот томилолтын дагуу тус газрын татварын улсын байцаагч Д.Г, Ц.Б нар Ж П Э ХХК-ийн 2014-2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийн, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 0302853 тоот шийтгэлийн хуудас үйлдсэн. Уг шийтгэлийн хуудсыг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ж П Э ХХК-ийн гүйцэтгэх захирал С.О*******, нягтлан бодогч Б.П******* нарт танилцуулахад “ямар ч зүйл дээр гарын үсэг зурахгүй” гэсэн шалтгаанаар гарын үсэг зураагүй.

Тус компанийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийлгэхээр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн цагдаагийн албанаас 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10а-3/15 тоот албан бичгийн дагуу Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 3619010003 тоот томилолтоор шалгалтыг эхлүүлсэн. Анх олгосон томилолтын хугацаанд шалгалтын ажил хийгдэж амжаагүй тул дахин шалгалтын хугацааг сунгуулан шалгалтыг дуусган 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 0302853 тоот шийтгэлийн хуудас үйлдсэн. Иймээс Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй болно.

Ж П Э ХХК нь шалгалтад шаардлагатай баримт материалыг гаргаж өгөөгүй, байгаа баримтууд нь шаардлага хангахгүй байсны улмаас Гаалийн төв лабораториас шалгалтад хамрагдаж байгаа онуудын экспортод гаргасан ашигт малтмалын “Гаалийн төв лабораторийн дүгнэлт”-ийг, Ашигт малтмал, газрын тосны газраас тухайн жилүүдийн “Уулын ажлын тайлан ”-уудыг, Ж П Э ХХК-ийн 2014- 2016 оны санхүүгийн баримтыг С С Э И ХХК-иас гаргуулан авах зэргээр хугацаа алдсан. Нөгөө талаар татварын хяналт шалгалтын ажил нь өөрөө цаг хугацаа ихээр шаарддаг учир ирүүлсэн баримт материалыг тулган шалгах, тооцоолол хийх зэргээр шалгалтын ажил удааширсан.

Шалгалтын явцад татварын албанд тайлагнасан тайлан, мэдээтэй нь зөрүүтэй байж болзошгүй гэж үзсэн тодруулах зүйлсийг захирал, нягтлан бодогч нарт танилцуулан нягтлуулж байсан бөгөөд шалгалтын үр дүнгээр 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл" үйлдэн прокурорт танилцуулсан. Чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илрүүлсэн зөрчлийг тэмдэглэл үйлдэн прокурорт танилцуулсны үндсэн дээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 3 хоногийн дотор зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн 0302853 тоот шийтгэлийн хуудсыг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр үйлдсэн.

Татварын улсын байцаагч нь албан татвартай холбоотой илрүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэдэг.

 Тус компанийн гаргасан зөрчил нь дээрх хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дах заалтаар хариуцлага тооцох үндэслэлтэй байна. Үүнд:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор:

1.1. татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан; "гэсэн заалтад дараах зөрчлүүдэд хариуцлага тооцох үндэслэлтэй байна. 1.1. 2016 онд ашиглалтад хүлээн авсан 3.924.756.4 мянган төгрөгийн барилга, байгууламжид 2017-2018 онд 62.796.1 мянган төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж төлөөгүй;

1.2. 2018 онд 22 тээврийн хэрэгсэлд 2.184.100.00 төгрөгийн албан татвар ногдуулж төлөөгүй; гэсэн зөрчил нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан зөрчлүүд нь дээрх хуулийн заалтын “... нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан ” гэж заасантай тохирч байна..

2. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-д “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн” гэсэн заалтаар дараах зөрчлүүдэд хариуцлага тооцох үндэслэлтэй байна.

2.1. 2016 онд алт, мөнгөний хүдэр борлуулсан 280.466.9 мянган төгрөгөөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн борлуулалтын орлогыг бууруулсан;

2.2. 2014-2016 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах үнэлгээг буруу тооцсоны улмаас 35.649.518.5 мянган төгрөгөнд ногдох 1.782.475.9 мянган төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тайлагнасан гэсэн зөрчлүүд нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, .... ” гэсэн заалттай тохирч байна.

2.3. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалтад ногдох 7.820.086.6 мянган төгрөгийн худалдан авалтад төлсөн 782.008.657.20 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч илүү төлөлт үүсгэсэн гэсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т ”... эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн” гэсэн заалттай тохирч байна.

Татвар төлөгчийн зүгээс гаргасан гомдолдоо “хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах” эрхийг хангуулаагүй гэж гомдол гаргасан байна. Тус компанийн захирал С.О, нягтлан бодогч Б.П нарт зөрчил гарч байгаа тухай бүрд нь мэдэгдэн тайлбарлах боломжоор ханган ажилласан. Үүний нэг жишээ нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын зөрчлийн жагсаалтыг танилцуулсны үндсэн дээр нягтлан бодогч Б.П хөрөнгийн задаргааг гарган ирүүлсэн учир үл хөдлөх хөрөнгө гэж үзэхгүй зүйлийг нь хасан шийтгэлийн хуудас үйлдсэн.

Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тооцооллын хүснэгтийг нягтлан бодогч Б.П*******гийн “p*******” хаягаар 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 10 цаг 28 минутад илгээсэн байна.

Иймд Ж П Э ХХК-ийн гаргасан “татварын улсын байцаагчийн 0302853 дугаартай “хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулсан тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдол нь үндэслэлгүй байна.” гэжээ.

Хариуцагч нар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын алба нь 3 үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа. Хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих. Хяналт шалгалтын асуудал нь зөрчлийн хэргээс тусдаа асуудал. Томилолтоор хяналт шалгалтын ажил хийж гүйцэтгэсэн. Үйл ажиллагааны журмын дагуу хийж гүйцэтгэсэн ажил юм. Албан бичгүүдэд авагдсан бүх шалгалтыг хийгдээд баримт бичгүүд цагдаагийн газарт хуваагдсан асуудал байхгүй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулинд зааснаар уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнд хамаарагдахгүй учир бусдаас худалдан авсан барааны үнийн дүнг хассан зөрчил байгаа юм. Тус компанийн гаргаж байгаа зүйл нь шууд чөлөөлөгдөх борлуулалттай байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татвар олгогдохгүй хасалт хийж өгөхгүй хуультай байгаа. Борлуулалт байхад нэмэгдсэн өртгийн албан татвар хасаад явсан байгаа. Төлбөрийг төлөөлөгч хэлээд байна юу ч мэдэхгүй гэж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчлийн хэргийг шийдвэрлэхэд 3 үндэслэл байна. Зөрчил үйлдэгдсэн ил тодорхой нотлох талаар явуулах шаардлагагүй гэж байгаа. Зөрчил бол ил тодорхой байсан учраас ил тод болгох шаардлагагүй гэж үзээд хяналт шалгалтын ажиллагааны дагуу зөрчлийг илрүүлээд шийтгэлийн хуудас үйлдсэн. Заавал зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдлыг шаардахгүйгээр зөрчлийн акт үйлдсэн юм.” гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмаар зөрчил үйлдсэн нь тодорхой ил тод байсан. Татварын байцаагчийн гаргасан шийтгэлийн хуудас хүчинтэй гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Татварын ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн газрын Татварын улсын байцаагч Д.Г, Ц.Б нар нь Ж П Э ХХК-ийн 2014-2018 оны татварын ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийж, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 0302853 дугаар шийтгэлийн хуудсаар 51.601.768.836,47 төгрөгийн зөрчилд нийт 3.970.825.960,40 шийтгэл ногдуулжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Ж П Э ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.П******* 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шийтгэлийн хуудас гардуулсан тэмдэглэлд “3 төрлийн зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй.” тухайгаа тэмдэглэсэн боловч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Зөрчил шалган шийдвэрлэх хуулиар зөвшөөрөөгүй байхад шууд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн нь илт хууль бус учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” ёстой гэж гомдлын үндэслэлдээ дурдсан бөгөөд шийтгэл ногдуулсан зөрчилтэй маргаагүй тул гомдлын үндэслэлд дурдсан асуудалд дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Улсын байцаагч нараас гомдол гаргагч Ж П Э ХХК-ийн :

2016 онд ашиглалтад хүлээн авсан 3.924.756,4 мянган төгрөгийн барилга байгууламж 2017-2018 онд 62.796,1 мянган төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж төлөөгүй.

2018 онд 22 тээврийн хэрэгсэлд 2.184.100,00 төгрөгийн албан татвар ногдуулж төлөөгүй, нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан.

2016 онд алт, мөнгөний хүдэр борлуулсан 280.466.9 мянган төгрөгөөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн борлуулалтын орлогыг бууруулсан.

2014-2016 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах үнэлгээг буруу тооцсоны улмаас 35.649.518.5 мянган төгрөгт ногдох 1.782.475.9 мянган төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тайлагнасан.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалтад ногдох 7.820.082.6 мянган төгрөгийн худалдан авалтад төлсөн 782.008.657,20 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч илүү төлөлт үүсгэсэн зэрэг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт зааснаар шийтгэл хүлээлгэжээ.

Татварын улсын байцаагч нар Ж П Э ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан.”, 1.2-т “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн.” /Энэ зүйлийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байдаг./ зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.”, 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна.” 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна.”, 3.2 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна.” гэж заасантай нийцсэн байна.

Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн;” 1.2-д “хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн; тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулна.” гэж заасны дагуу явуулж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 2.3-т “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх;” 6.6 дугаар зүйлийн 1-ийн 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;” зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр заасны дагуу явуулсан байна.

Тодруулбал, хариуцагч Татварын улсын байцаагч нар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10а-3/15 дугаар албан бичгээр ирсэн мэдээллийн дагуу Татварын ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн томилолтоор  Ж П Э ХХК-ийн 2014-2018 оны татвар төлөлтийг шалгажээ.

Шалгалт 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 26-ний өдөр хүртэл 41 хоног хийгдэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан 51.601.768.836,47 төгрөгийн зөрчлийг илрүүлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 0302853 дугаар шийтгэлийн хуудсаар нийт 3.970.825.960,40 төгрөгийн шийтгэл ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Ж П Э ХХК-ийн захирал С.О*******, нягтлан бодогч Б.П******* нарыг холбогдогчоор оролцуулж тайлбар мэдүүлэг авсан бөгөөд холбогдогчийн ирүүлсэн татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн холбогдох баримт, дансны хуулга, мөн Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораториос ирүүлсэн Ж П Э ХХК-ийн 2013-2018 онд Гаалийн төв лабораторийн шинжилгээнд хамрагдсан баримт зэргийг үндэслэн хийгдсэн татварын хяналт шалгалтын үр дүнд илрүүлсэн зөрчилд шийтгэл ногдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг шийдвэрлэхэд нотлох баримт хангалттай цугларсан болохыг хүлээн зөвшөөрсөн болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд оролцох эрх байхгүй. Итгэмжлэл нь хуулийн шаардлага хангахгүй байна. Улсын байцаагчийн тамга тэмдгийг итгэмжлэл дээр дарсан. Зөрчлийн тухай хуулинд эрх бүхий албан тушаалтныг тодорхойлсон байхад Б.Б хариуцагчийг төлөөлөх эрхгүй тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах” хүсэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах боломжтой, итгэмжлэл хуульд нийцсэн гэж үзэж хэрэгсэхгүй болгосон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1дүгээр зүйлийн 1.1, 1.2, 2, 2.3, 6.6 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн газрын Татварын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 0065804 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Ж П Э ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.АДЪЯАСҮРЭН

                                                          ШҮҮГЧ                         С.ГАНБАТ

                                                       ШҮҮГЧ                         Ц.ОДМАА