| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2016/07959/И |
| Дугаар | 102/ШШ2017/01095 |
| Огноо | 2017-04-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2017/01095
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энэрэл хотхон 1 дүгээр байранд оршин байх, “Энэрэл-3” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, “Энэрэл хотхоны 1 дүгээр байр, 30 тоотод оршин суух, Цорс шаазган овогт Цэрэннадмидын Тулга /РД:ою65122114/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 29 айлын 6 давхарт оршин байх, “Алтан зул цэцэрлэг /РД:8192391/ -т холбогдох,
15,828,015.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат /0541/, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тулга, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюундэлгэр /0149/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Энэрэл-3” СӨХ “Энэрэл” хотхоны оршин суугчдын үүсгэл санаачилгаар байгуулагдсан бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 120 тоот гэрчилгээтэй албан ёсны сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ болно. “Энэрэл-3” СӨХ нь “Энэрэл” хотхоны сууц өмчлөгчдийн дундын эд хөрөнгө, цэвэр, бохир ус тараалтын болон цахилгааны шугамыг хамгаалан, зэвэрч элэгдсэн даруйд шинэчлэн солих, эвдэрсэн эд хөрөнгийг хугацаа алдалгүй засварлах, орц, хонгил, гражын гэрэлтүүлэг, нийтийн эзэмшилийн зам тапбай, орцны цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж оршин суугчдын ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн хууль тогтоомжид заасны дагуу “Энэрэл” хотхоны 1, 2, 3, 4-р байрны 120 өрхийг хариуцан үйл ажиллагааг явуулж байна. Хариуцагч Ц.Тулга нь Энэрэл хотхоны 1 дүгээр байрны 1 давхарын 30 тоотын 306м2 талбайтай байранд оршин сууж аж ахуйн үйл ажиллагаа “хувийн цэцэрлэг” ажиллуулдаг. 1-30 тоот сууцны сууц өмчлөгч, эзэмшигч бөгөөд Иргэний хуулийн 148.2.1, 148.2.2, 148.2.3 заалтыг зөрчин дундын өмчлөлийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, нийтлэг зардал хог, орцны гэрэлтүүлэг, цэвэрлэгээ үйлчилгээ, зам талбайн ашиглалт, үйлчилгээ, гэрээт байгууллагын төлбөрийг төлөхгүй “үнэгүй үйлчилгээ авч” нийтийн орон сууцны нийтлэг байдлыг ашиглан ашиг олж бусад суугчдын эрх ашгийг хохироож байна. Хариуцагч Тулга СӨХ-ны төлбөрөөс зайлсхийгч, хур өртэй суугчидтай нэгдэн “өөрийн өрийг цайруулах” зорилгоор “Шинэ Энэрэл” СӨХ байгуулахаар оршин суугчдын гарын үсгийг хуурамчаар бүрдүүлэн Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/613 тоот захирамж гаргуулан цаг хугацаа хожих байдлаар төлбөрөөс зайлсхийж, гүйцэтгэх захирлын ажлыг 1 жил 10 сар саатуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг түтгэлзүүлэн хохироож ирсэн. СӨХ-ны гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлж, тамга тэмдгийг хялбар байдлаар авах, төлбөрийн хөөн хэлэлцэх хугацааг хожих, төлбөрөө чөлөөлөх байдлаар залилангийн шинж чанартай үйл ажиллагааг хотхонд явуулж ирсэн нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 838 тоот шийдвэр, Баянгол дүүргийн Засаг дарга СӨХ-ны гүйцэтгэх захирлыг ажлаас халсан захирамж бүхэлдээ үндэслэлгүй болж, Баянгол дүүргийн Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/115 тоот захирамжаар 2014 оны 6 дугаар сарын 27-ны А/613 тоот захирамж “хүчингүй болгосон” зэрэг хууль бус үйлдэл нь баримтаар нотлогдсон. Хууль бус үйл ажиллагаа явуулсан цаг хугацаа хариуцагчийг төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй болно. Хариуцагч Ц.Тулга улсаас нэг хүүхдэд ногдох хувьсах зардал авдаг болон хүүхдийн эцэг, эхээс төлбөр хураамж авдаг бөгөөд СӨХ-ны орлогын байцаагч төлбөрөө төлөх мэдэгдэл, шаардлага өгөх, өр төлбөрөө төлж дуусгахыг шаардсан боловч төлбөр төлөгдөөгүй өдийг хүрсэн байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.3, 13.2.4,13.2.6, 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 заалт, МСӨХДЗТ-н № 06 тоот тогтоолын 1-р хавсралт, Удирдах зөвлөлийн тогтоолыг зөрчин нийтийн эрх ашгийг хохироож байгаа болно. Хариуцагчийн 306м2 дулаан, халуун, хүйтэн ус, бохирын төлбөр болон СӨХ-ны төлбөрийг оноор жагсаавал: 1/ 2013 оны 01-3 дугаар сар -1,514,613.91 төгрөг 2/ 2013 оны 4-12 дугаар сар- 683,100 төгрөг 3/ 2014 оны 01-12 дугаар сар-1,993,600 төгрөг 4/ 2015 оны 01-12 дугаар сар – 2,351,300 төгрөг 5/ 2016 оны 01-10 дугаар сар – 1,502,500 төгрөг Нийт төлбөрт 8,045,113.91 төгрөгийг “Энэрэл-3” СӨХ сууц өмчлөгчдөө төлөөлөн нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэлийн шаардлагыг 7,782,901.45 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал буюу 2006 оны 02 дугаар сараас 2009 оны 11 дүгээр сарыг хүртэл хугацааны төлбөрийг хариуцагч “Алтанзул” цэцэрлэгээс нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч “Энэрэл-3” СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. “Энэрэл-3” СӨХ нь 120 айл өрх, 1 аж ахуйн нэгжийг хариуцан үйл ажиллагаагаа явуулдаг. Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт маш тодорхой заасан бөгөөд “Алтанзул” цэцэрлэг нь нэгэнт манай хариуцан ажилладаг байранд оршин байдаг, үйл ажиллагаагаа явуулдаг учир сууц өмчлөгчдийн холбооноос үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг заавал төлөх үүрэг хүлээнэ. Ийм учраас хариуцагч “Алтанзул” цэцэрлэгээс “...бид СӨХ-д хамаагүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч манай нэмэгдүүлсэн шаардлагыг мөн зөвшөөрөхгүй, “...энэ асуудлыг шүүх өмнө нь шийдвэрлэсэн” гэж тайлбарлаж байна. Гэвч “Энэрэл-3” СӨХ нь СӨХ байгуулагдахаас өмнө уг байрны дулаан, халуун, хүйтэн ус зэргийг хариуцан ажиллаж байсан байгууллагын өр төлбөрийг шилжүүлэн авсан бөгөөд “Ганбар од” ХХК-иас “Алтанзул” цэцэрлэгийн төлөөгүй өрийг бид хүлээн авч төлсөн. Өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал нь энэхүү хэрэг маргаанд хамаагүй, хариуцагчийг төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Бид эхлээд хариуцагчаар Ц.Тулгыг татсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Алтанзул” цэцэрлэгийг хамтран хариуцагчаар татсан. Учир нь “Алтанзул” цэцэрлэг нь энэхүү байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд СӨХ-ны төлбөрийг энэ байгууллага хариуцах ёстой гэж бид үзэж байна. Хэрэв “Алтанзул” цэцэрлэг СӨХ-ны төлбөрийг төлөхгүй бол шударга биш болно. Уг байгууллага нь яг манай байрны нэгдүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулж, үйлчлүүлэгчид нь манай хотхоны автозогсоолыг ашигладаг, хогоо манай хогийн цэг дээр аваачиж хаядаг, нэг хаалгаар орж гардаг зэрэг нөхцөл байдал нь өөрөө “Алтанзул” цэцэрлэгийг төлбөрийг хариуцах ёстойг бэлхнээ нотолж байна. Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэйг гэж Иргэний хуулийн 147.2, 148.2.3 дахь хэсэгт заасан байгааг шүүх анхаарч үзнэ үү. Мөн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байгаа. 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/613 дугаар Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар миний ажлыг түдгэлзүүлсэн байсан бөгөөд энэхүү маргаан удаан үргэлжилсний эцэст шүүхээр ялж би буцаж ажилдаа орсон. Ингээд 7,782,901.45 төгрөг буюу 2006 оны 02 дугаар сараас 2009 оны 11 дүгээр сарыг хүртэл хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг бид оршин суугчдын хуримтлалаас мөнгө гаргаж, хариуцагчийн өмнөөс өмнө нь ашиглалтын зардлыг хариуцаж байсан байгууллагад нь төлж өрөө дарсан. “Алтанзул” цэцэрлэг нь хүнээр ашиглалтын зардлаа төлүүлчихээд одоо болтол үйл ажиллагаагаа явуулж байгаа нь шударга бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...гэрээт байгууллагын төлбөрийн төлөхгүй, үнэгүй үйлчилгээ авч нийтийн орон сууцны, нийтлэг байдлыг ашиглан ашиг олж, бусад суугчдын эрх ашгийг хохироож байна. Хариуцагчийн 306 м2 дулаан, халуун, хүйтэн ус, бохирын төлбөр болон СӨХ-ны төлбөрт 8,045,113.91 төгрөг нэхэмжилж байна” гэжээ. Ц.Тулга би “Энэрэл” хотхоны 1 дүгээр байрны 1 давхарын 306м2 талбай бүхий байрыг цэцэрлэгийн зориулалтаар захиалга өгч бариулан, 2003 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Промимпорт” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээгээр авснаас хойш өнөөдрийг хүртэл “Алтанзул” цэцэрлэг өөрийн үйл ажиллагаагаа явуулж байна. “Алтанзул” цэцэрлэг нь Боловсролын тухай хуулийн 3.1.16, 12.2.1, 42.4 -д заасны дагуу ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг боловсрол сургалтын байгууллага юм. Тус цэцэрлэг нь орон сууцны орцноос тусдаа хаалга, өөрсдийн хүч хөрөнгөөр тохижуулсан хүүхдийн тоглоомын талбай болон тусгаарласан хашаатай үйл ажиллагаа явуулж ирсэн болно. “Алтанзул” цэцэрлэг болон Ц.Тулга нь “Энэрэл-3” СӨХ-тэй ямар нэгэн гэрээт байгууллагын төлбөр төлөх гэрээ байгуулаагүй бөгөөд нэхэмжилж буй дулаан, халуун, хүйтэн ус, бохирын төлбөрийг орон сууцны К-СИМС компанид төлдөг. Түүнчлэн цэцэрлэг орчмын цэвэрлэгээ, цэцэрлэгийн харуул хамгаалалтын асуудлыг эрхлэгч, багш, ажилчид өөрсдөө шийддэг, мөн орцноос тусдаа хаалгаар үйл ажиллагаа явуулдаг тул “Энэрэл-3” СӨХ-ны үйлчилгээ авах, орцны гэрэл ашиглах шаардлагагүй байдаг. “Алтанзул” цэцэрлэг нь байгуулагдсан цагаасаа цэцэрлэгт байрлах дундын өмчлөлийн эд хөрөнгөд /дулаан, халуун хүйтэн ус, бохирын босоо шугам зэрэгт/ өөрсдийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийлгэж ирсэн болно. Түүнчлэн “Энэрэл-3” СӨХ-ны захирал Г.Эрдэнэчимэг нь 2014 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх хүсэлтэндээ 2006, 2007, 2008, 2009 онуудын төлбөр 7,782,901.45 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ. “Энэрэл-3” СӨХ-ны энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх хүсэлт нь үндэслэлгүй. 2006, 2007, 2008, 2009 онуудад “Энэрэл-3” СӨХ байгуулагдаагүй байсан. Дээрхи төлбөрийн асуудлаар “Промсервис” ХХК, “Ганбар од” ХХК-уудтай тус цэцэрлэг нь маргаантай байсан бөгөөд Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 10 сарын 17-ны өдрийн 2567 тоот шүүгчийн захирамж, 2009 оны 10 сарын 28-ны өдрийн 1578 тоот шүүхийн шийдвэрээр тус тус шийдэгдэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон болно гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тулга, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюундэлгэр шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Ц.Тулга нь “Энэрэл” хотхоны 1 давхарын байрыг 2003 онд захиалж, худалдан авсан. Зохих байгууллагуудаас зөвшөөрөл авсны үндсэн дээр анх “Касабланка” гэдэг нэртэй цэцэрлэгийг байгуулан ажиллаж байсан. 2010 оноос эхлээд “Алтанзул” нэртэй цэцэрлэгийг байгуулж үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж байна. Манай цэцэрлэг нь ашгийн төлөө бус бөгөөд уг байрны орцоор ордоггүй, ордог хаалга нь тусдаа, харуул, хамгаалалт, цэвэрлэгээ, хогоо өөрсдөө хариуцан зохицуулдаг. Бид “Энэрэл-3” СӨХ-тэй ямар нэг гэрээ байгуулж үйлчилгээ авдаггүй. Бид 2013 оноос хойш “КСИМС” ХХК-д ашиглалтын зардлаа төлж ирсэн. 2006 онд “Энэрэл-3” СӨХ нь байгуулагдаагүй байсан бөгөөд 2 өөр компанид ашиглалтын зардлаа төлж ирсэн. Энэ талаар маргаан гарч, шүүхээр шийдвэрлэгдэж байсан бөгөөд ашиглалтын зардалтай холбоотой маргааны шүүх нэгэнт шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шийдвэр нь хэрэгт авагдсан байгаа. “Энэрэл-3” СӨХ нь уг СӨХ-г байгуулаад нэг ч төгрөгийн өр төлбөргүй хүлээж авсан атлаа одоо биднээс 2006 оны төлбөрийг нэхээд байгааг гайхаж байна. Бид бүхий л тог, цэвэр, бохир ус, дулаанаа тусдаа төлдөг, СӨХ-г хохироогоогүй. Бид Иргэний хуулийн 145 дугаар зүйлд зааснаар орон сууцыг дангаар эзэмшиж байгаа. Бид СӨХ-ны төлбөрийг бол төлөхгүй, харин сантехниктэй холбоотой төлбөрийг төлнө, төлсөөр ч ирсэн. Бид хогны мөнгө төлөхгүй. Бид өөрсдөө хүмүүс дуудаж хогоо зөөлгөдөг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Хариуцагч Ц.Тулга нь Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 29 айлын орон сууцны 6 давхар барилгын 306м2 талбайтай, хүүхдийн цэцэрлэгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205020003 дугаартай бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.
Уг байранд “Алтанзул” цэцэрлэг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг байна /хх41, 42, 43 хуудас/.
Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 3, 4 дүгээр байрны оршин суугчдын хурлаас гарсан шийдвэр, өргөдөл, холбогдох материалыг үндэслэж “Энэрэл-3” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-г Баянгол дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэжээ /хх10-12 хуудас/.
Нэхэмжлэгч “Энэрэл-3” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь Ц.Тулга болон “Алтан зул” цэцэрлэгт холбогдуулж орон сууц ашиглалт, СӨХ-ны төлбөрт 8,045,113.91 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 7,782,901.45 төгрөгөөр нэмэгдүүлсэн /хх1, 2, 46, 50, 52 хуудас/.
Хариуцагч “Алтанзул” цэцэрлэг нь “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт заасны дагуу “Энэрэл-3” СӨХ-ны гишүүн байх ёстой ба дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг манай холбоонд төлөх үүрэгтэй гэж өөрийн шаардлагын үндэслэлийг тайлбарлажээ.
8,045,113.91 төгрөгийн шаардлага:
Нэхэмжлэгч “Энэрэл-3” СӨХ нь хариуцагч “Алтанзул” цэцэрлэг болон Ц.Тулга нараас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардал буюу 2013 оны 01 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сарыг хүртлэх хугацааны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөр, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 8,045,113.91 төгрөгийг шаардаж, шаардлагын үндэслэлийг “...орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхыг хуулиар зохицуулсан учир орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг бид шаардах эрхтэй” гэжээ.
Хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг орон сууц гэж ойлгохыг Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан бөгөөд хариуцагчийн өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар ашиглагдаж байгаа тул Иргэний хуулийн 142 дугаар зүйлд заасан орон сууцад хамаарахгүй гэж шүүх үзлээ.
Иймд хариуцагч “Алтанзул” цэцэрлэгийг Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамааруулан Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн, сууц өмчлөгч гэж үзэхгүй тул мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.
Харин хариуцагч “Алтанзул” цэцэрлэг тус байранд байрлаж, үйл ажиллагаа явуулахдаа “Энэрэл-3” СӨХ-ноос үзүүлсэн хогны үйлчилгээг ашигласан байх тул тухайн үйл ажиллагаанд зарцуулсан бусдын зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас хогны мөнгө 232,000 төгрөгийн зардлыг “Алтанзул” цэцэрлэгээр төлүүлэх нь зүйтэй.
7,782,901 төгрөгийн шаардлага:
Манай сууц өмчлөгчдийн холбооны оршин суугчдын хуримтлалаас “Алтанзул” цэцэрлэгийн 2006 оны 02 дугаар сараас 2009 оны 11 дүгээр сарыг хүртэл хугацааны орон сууцны ашиглалтын зардлыг “Алтанзул” цэцэрлэгийн өмнөөс төлсөн тул бид уг мөнгийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй” гэж өөрийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч талаас тайлбарласан.
Нэхэмжлэгч нь 2006 оны 02 дугаар сараас 2009 оны 11 дүгээр сарыг хүртэл хугацааны орон сууцны ашиглалтын зардал шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар хуульчилсан тул 7,782,901 төгрөгийг шаардах эрх байхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 496 дугаар зүйлийн 496.2, 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Алтанзул” цэцэрлэгээс 232,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Энэрэл-3” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,596,015.36 төгрөгт болон хариуцагч Ц.Тулгад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Алтанзул” цэцэрлэгээс 7,610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Энэрэл-3” СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
| ||||
| |