Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 3

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга  Ж.Оюунхүү,

улсын яллагч А.Оюунгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхбаатар,

иргэний хариуцагч М.Номинчимэг,

шүүгдэгч Б.Даваасамбуу, түүний өмгөөлөгч Б.Чинбат, Д.Галсанпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Хурхад овогт Баасанжавын Даваасамбууд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000073 дугаартай хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 30 настай, халх, дээд боловсролтой, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 103-ын 2 дугаар байрны 49 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Хурхад овогт Баасанжавын Даваасамбуу /РД:МЙ86031112/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Баасанжавын Даваасамбуу нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 16:30 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, 361-ийн гармын урд замд М.Номинчимэгийн эзэмшлийн Тоёота Аксио маркийн 43-62 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх,” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Э.Жамбалсүрэнгийн жолоодож явсан С.Батчулууны эзэмшлийн Тоёота Приус маркийн 26-15 УНЕ улсын дугаартай автомашиныг мөргөж 4.077.000 төгрөгийн шууд, 4.622.000 төгрөгийн нийт хохирол, зорчигч С.Оюунбилэгийн биед хүнд, зорчигч Г.Сондор, Г.Амараа нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, зорчигч Э.Халиуны амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Даваасамбуугийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас гарахдаа бензины мөнгө олох зорилгоор 3 хүн аваад явахдаа замаасаа Баянчандмань сумын тэнд нэг хүн гараа өргөхөөр мөн суулгаад явсан. Тэгээд 61-ийн гарам өнгөрөөд явж байтал миний урд явж байсан машин гэнэт тоормос гишгэхээр нь би жолооны хүрдээ зүүн гар тийшээ дарж ороод өөдөөс ирж яваа машинтай мөргөлдсөн. Хэрэв урд явж байсан Ланд-200 маркийн машин огцом тоормос гишгээгүй бол ийм хэрэг гарахгүй байсан. Лан-200 маркийн машин огцом тоормос гишгэхээр нь би зогсох гэж байна гэж ойлгоод түүнийг гүйцэж түрүүлэх зорилгоор зүүн гар тийш дарж эсрэг урсгал руу орсоноос осол болсон. Би Ланд-200 маркийн машиныг шалгуулах хүсэлтэй байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2016 оны  01 дүгээр сарын 25-ны өдөр би охиноо хот руу явуулах гээд танидаг нутгийн дүүгийнхээ машины урд талын суудалд нь суулгаж, аюулгүйн бүсийг нь зүүж өгөөд баяртай гэж хэлээд би явсан. Гэтэл намайг явсан хойгуур машин солигдсон юм шиг байгаа юм. Гэхдээ солигдож суусан машины марк, өнгө нь хүртэл миний суулгаж өгсөн машинтай адилхан байсан. Би эхний машинд охиноо суулгаж өгөхдөө жолоочид нь “...охиныг минь гэрийнх нь хажууд буулгаж өгөөрэй...” гэхэд “...за...” гэж хэлсэн. Тухайн жолооч манай охины очдог газрыг сайн мэддэг бидний танидаг хүн байсан юм. Охиноо машинд суулгаж өгчихөөд 30-40 минутын дараа би охин руугаа залгаад хаана явж байгааг нь асуухад “...Номгон өнгөрөөд явж байна...” гэж хэлсэн. Тухайн үед би охиноо миний суулгаж өгсөн машинд буюу эхний машинтай явж байна л гэж ойлгосон. Гэтэл удалгүй оройны 17.00-18.00 цагийн үед манай охиныг ийм болсон талаар эхнэр надад хэлсэн. Б.Даваасамбуу “...Энхбаатар ахаа уучлаарай...” гэж албан ёсоор надаас уучлалт гуйгаагүй. Харин түүний өмгөөлөгч нь манайд 2-3 удаа ирээд “...та гомдол саналгүй гэж хэлж болох уу...” гэж асуусан. Би ийм сайхан охиноо алдчихаад гомдолгүй гэж хэлэх эрх надад байхгүй. Хэргийн газарт очиж үзлэг хийхэд Б.Даваасамбуу жолооны хүрдээ баруун тийшээ дарсан бол ийм осол гарахгүй байсан. Учир нь баруун талын газар ямар нэгэн өө сэвгүй тэгшхэн. Харин зүүн гар талын газар нь маш эвгүй ухсан жалгатай байсан. Гэтэл 10.000 төгрөгийн бензины мөнгөнөөс болж хүний амь насыг хохироочихоод байна. Б.Даваасамбуу “...би таны охины аваад явж байна шүү...” гэж хэлж болох л байсан. Гэтэл тийм зүйлийн талаар юу ч хэлээгүй. Тиймээс би маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Иргэний хариуцагч М.Номинчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Б.Даваасамбуу бид хоёр дундаасаа нэг охинтой бөгөөд 2014 онд охиныг минь төрөхөд манай эцэг, эхээс Б.Даваасамбуугийн унаж байсан автомашиныг авч өгсөн. Энэ машин хэдийгээр миний эзэмшил дээр байдаг боловч Б.Даваасамбуу бид хоёрын дундын өмчлөлийнх бөгөөд уг автомашиныг жолоодох эрх түүнд байгаа. Б.Даваасамбуу бид хоёр хохирогч нарын хохирлыг төлж барагдуулахын тулд хоёр талын гэр бүлийнхнээсээ хохирлын мөнгөний эх үүсвэрийг авч, хохирогч нарт нийтдээ 30 гаруй сая төгрөгийн хохирлыг төлсөн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Мөн хавтаст хэргээс:

1.Хэрэг учирлын учирлын газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, фото зургийн үзүүлэлтүүд, /1хх-ийн 2-9х/

2.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, /1хх-ийн 10-12х/

3.Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /1 хх-ийн 14-15 х/

4.Хохирогч С.Оюунбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 16 цаг 40 минутын орчим Улаанбаатараас Сэлэнгэ чиглэлд нөхөр Жамбалсүрэнгийн хамтаар төрсөн ах Батчулууны эзэмшлийн 26-15 УНЕ машинтай явсан. Тэгээд бид хоёр 361 гарам орох гээд 40-50 орчим км/цагийн хурдтай ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байтал урдаас ирж явсан цайвар өнгийн том жийп машины араас цайвар жижиг машин гараад ирсэн юм. Тэгээд л сайн санахгүй байгаа юм. Нэг ухаан ороход миний сууж явсан машин мөргөлдсөн. Харин манай машинтай мөргөлдсөн машины хүмүүсийг гаргаад байх шиг байсан, би хөдлөх гэтэл миний зүүн хөл хугарсан байсан тул би машинаасаа гарч чадахгүй сууж байгаад түргэний тэргээр ГССҮТөвд очиж 25 хоног хэвтэж эмчлүүлсэн. Хот хоорондын зам болохоор 2 машин зөрж өнгөрдөг зам байсан. Манай машин өөрийнхөө урсгалаар явж байхад нөгөө машин урсгал сөрж гарч ирээд мөргөлдсөн юм. Тухайн үед харагдах орчин чөлөөтэй, зам хальтиргаа гулгаа байхгүй, замын хөдөлгөөн бага, цаг агаар таатай байсан. Нөхөр бид 2 суудлын даруулга зүүсэн байсан. Эмчилгээний зардалд баримттай 1.167.200 төгрөг одоогоор гарсан. Үүнээс 100.000 төгрөг авсан. Мөн би “Сутайнбуянт” зах дээр лангуу ажиллуулдаг. Одоогоор алданги тооцогдоод хэцүү байна. Энэ жолоочоос 2.500.000 төгрөг нэхэмжилж байна. Хэрэв энэ мөнгийг гаргуулж авсан тохиолдолд ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 21-23 х/,

“...Эмчилгээнд нийт 1.000.000 гаруй төгрөг зарцуулсан байгаа. Энэ хохирлоо би жолооч Даваасамбуугаас гаргуулан авсан. Жолооч Даваасамбуу надад нийт 2.500.000 төгрөг өгсөн. Тийм болохоор одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний зардал бүрэн төлөгдөж дууссан. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй болохоор шүүх хуралдаанд суухгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 24 х/

 

5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 13.00 цагийн орчим манай бага охин Халиун нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгоноос Улаанбаатар явах гээд замын машинд суулгасан юм. Тэгээд 17.00 цагийн орчим Улаанбаатар хотын орчим осолд орж нас барсан. Би энэ жолоочид гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлээ дараа баримтаар гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 28-30 х/

 

6.Хохирогч Г.Амараагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын наана байх 59 дүгээр зөрлөг дээр хүний автомашин аваачиж өгөөд буцаад хот орох гээд замын унаанд гар өргөж, жижиг саарал өнгийн машинд суусан юм. Би тэр машины хойд талын зүүн гар талд буюу жолоочийн ард талд суусан юм. Тэгээд явж байтал миний суусан машин 361 гарамын тэнд нэг машинтай мөргөлдсөн. Тухайн үед би хойд талын суудал дээр унтаж явсан. Нэг мэдэхэд тас гээд л явсан. Тэгээд л ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд эмч нар ирсэн байсан. Тэгээд тэндээс түргэний машинаар ГССҮТөвд хүргэгдээд 9 хоног эмчлэгдээд гарсан. Уг ослоос болж зүүн гар хугарч, эрүүндээ гэмтэл авсан. Би унтаж явсан болохоор сайн мэдэхгүй байна. Яаж яваад мөргөлдсөнийг ч мэдээгүй. Машинд жолоочоос гадна 4 хүн явсан. Урд суудал дээр нэг охин, хойд суудал дээр надаас гадна нэг хүүхэн, нэг залуу явсан, хойд суудал дээр сууж явсан хүүхэн нь голд сууж явсан. Одоо биеийн байдал гайгүй болж байна. Би эмчилгээнд 1.463.000 төгрөг зарцуулсан. Жолоочоос 410.000 төгрөг авсан. Одоо 2.000.000 төгрөг нэхэмжилмээр байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 35-37 х/,

 “...Эмчилгээнд нийт 1.463.000 төгрөг зарцуулсан байгаа. Энэ хохирлоо би жолооч Б.Даваасамбуугаас бүрэн гаргуулан авсан. Тийм болохоор одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно. Эмчилгээний 410.000 төгрөгийг Даваасамбуугаас манай ээжийн дүү Сүхбаатар овогтой Оюунцэцэг Төрийн банкны дансаар авсан байгаа. Харин бэлнээр 50.000 төгрөг би өөрөө авч, жижиг цаасан дээр гарын үсэг зурж өгсөн байгаа. Ингээд миний эмчилгээний зардал бүрэн төлөгдөж дууссан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 38 х/

 

            7. Хохирогч Г.Сондорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл хотоос Улаанбаатар явах гээд саарал өнгийн жижиг машинд 10.000 төгрөг өгч суусан юм. Би тэр машины хойд талын суудлын голд суусан. Харин миний баруун талд замаас суусан нэг залуу, харин зүүн гар талд Хөтөлөөс суусан залуу, жолоочийн хажуугийн урд суудал дээр нас барсан охин суусан юм. Тэгээд явж байтал миний суусан машин 361 гарамын тэнд нэг машинтай мөргөлдсөн. Тухайн үед хойд талын суудал дээр утсаараа оролдоод явж байтал жолооч зүүн гар тийшээ дарах шиг болохоор нь хартал гэнэт урдаас нэг саарал юм ороод ирсэн. Тэгээд юу ч санахгүй байгаа юм. Нэг сэрэхэд ГССҮТөвд хүргэгдэж ирсэн байсан. Эмнэлэгт 10 хоног хэвтэж гараад дараа нь хувийн эмнэлэгт 10 хоноод эмнэлгээс гарч байна. Уг ослоос болж миний нүүрэнд гэмтэл авч, би хагалгаанд орсон. Одоо биеийн байдал дунд зэргийн байна. ГССҮТөвд яаж хүргэгдсэнээ санахгүй байгаа. Жолоочоос гадна 4 хүн явсан. Урд суудал дээр нэг охин, хойд суудал дээр надаас гадна 2 залуу явсан. Миний эмчилгээнд 3.000.000 гаруй төгрөг гарсан байгаа. Баримтыг дараа гаргаж өгнө. Харин жолоочийн ар гэрээс 2.500.000 төгрөг өгсөн байгаа. Эмчилгээний баримтаа гаргаж өгч байгаад яг хэдэн төгрөг нэхэмжлэхээ шийдэх болно...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 43-45 х/,

“...Эмчилгээнд нийт 4.000.000 орчим төгрөг зарцуулсан байгаа. Энэ хохирлоо би жолооч Даваасамбуугаас авсан. Жолооч Даваасамбуу надад нийт 4.630.000 төгрөг өгсөн. Тийм болохоор надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ингээд миний эмчилгээний зардал бүрэн төлөгдөж дууссан. Энэ талаар дахин ямар нэгэн гомдол санал гаргахгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 46 х/

 

            8.Иргэний нэхэмжлэгч С.Батчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 17.00 цагийн орчим миний эзэмшлийн 26-15 УНЕ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашиныг манай хүргэн Э.Жамбалсүрэн унаж яваад осолд орсон байсан. Миний энэ машин 2006 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн. 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсад орж ирсэн. Би энэ машиныг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Мөнхбат гэх хүнээс 7.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний машин энэ ослоос болж засвар авах болон хөдлөх боломжгүй болсон. Үнэлгээ хийлгэхэд 4.622.000 төгрөг болсон байгаа. Би буруутай жолоочоос машиныхаа мөнгийг гаргуулан авмаар байна. Би машиныхаа хохирлыг барагдуулсан тохиололд надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй болно. Жамбалсүрэн манай төрсөн дүү Оюунбилэгтэй суусан манай хүргэн байгаа юм. Тухайн осол болсон өдөр Жамбалсүрэн надаас миний машиныг гуйж Сэлэнгэ аймаг ороод ирэх гээд зөвшөөрөл аваад явсан юм. Би буруутай жолоочоос мөнгөө гаргуулан авмаар байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 49-51 х/

 

            9.Гэрч Э.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2016 оны 01 дүгээр сарын 25-ны 17.10 цагийн орчим харих гээд өөрийн эзэмшлийн 61-30 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинтай Улаанбаатараас гараад Жаргалант тосгон орох гээд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Баруун турууны даваа уруудаж ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй 60 орчим км/цагийн хурдтай явтал миний урд явсан цайвар өнгийн “Тоёота Приус” маркийн автомашинтай эсрэг урсгалд явсан жижиг машин урсгал сөрж гарч ирээд шууд урд талаараа мөргөлдсөн юм. Би уг мөргөлдсөн “Тоёота Приус” маркийн автомашины хойно 3-5 орчим метр зайтай явсан юм. Тэгээд уг машин мөргөлдөнгүүт шууд тоормос гишгээд, зүүн тийшээ дараад, нөгөө 2 мөргөлдсөн автомашиныг өнгөрөөд зогссон юм. Тэгээд машинаа зогсоогоод, буугаад нөгөө мөргөлдсөн 2 автомашинд дээр яваад очтол нөгөө урсгал сөрж гарч ирээд мөргөсөн автомашины жолооч өндөр залуу машинаасаа буугаад ирсэн. Мөн “Тоёота Приус” маркийн жолооч машинаасаа буугаад ирсэн. Тэгээд би өндөр жолоочид хандан хүмүүс чинь гайгүй юу болгоомжтой явахад яадаг юм гэж хэлээд байж байтал манай Жаргалант тосгоны эмч Сүрэнчулуун Жаргалант явж байгаад зогссон юм. Тэгээд би өндөр жолоочийн машины урд хаалгыг онгойлгоод нэг жаахан охиныг гаргасан. Урд хаалгыг нь онгойлгоход уг охин өөрөө гарч ирээд тэнцвэр алдаад байхаар нь уг машины араас хөнжил аваад газарт хэвтүүлсэн юм. Тэгээд арын суудал дээр байсан 1 эмэгтэй, 2 залуу, нийт 3 хүнийг гаргасан юм. Тэр хооронд Сүрэнчулуун эмч тэр хүмүүсийг үзээд энэ 2 охин дотуур цус алдаад байж магадгүй, яаралтай эмнэлэгт хүргэж өгөх хэрэгтэй гэж хэлэхээр нь би Сүрэнчулуун эмчийн хамтаар өөрийнхөө машинтай нөгөө 2 охиныг аваад ГССҮТөвд хүргэж өгсөн юм. Замд явж байхад буюу 5 шарын хавьцаа явж байхад урд суудал дээр явж байсан Халиун гэх охин их муудаад бараг амьсгаа хураагаад эхэлсэн ба ГССҮТөвийн хүлээн авах дээр очиход их муу очсон. Харин “Тоёота Приус” маркийн автомашины жолоочоос гадна урд суудал дээрээ нэг зорчигчтой явсан. Ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явсан машины жолооч урд машинаа гүйцэх гээд урсгал сөрж гарч ирээд л урдаасаа эсрэг урсгалаас ирж явсан “Тоёота Приус” маркийн автомашинтай мөргөлдсөн юм. Тэр урсгал сөрж гарч ирсэн машины урд талд нэг том жийп л явсан. Ямар өнгөтэй болон ямар машин байсан төлөөр сайн мэдэхгүй байна. Уг аваар хийсэн машины урд талд 2-3 машин л явсан байх. Харин ямар машин явсан талаар сайн санахгүй байна. Харагдах орчин чөлөөтэй, замын хальтиргаа гулгаа байхгүй, машин тэрэгний хөдөлгөөн бага, цаг агаар таатай байсан. Би 50-60 км цагийн хурдтай тэр машины араас дагаад л явж байсан юм. Тийм болохоор миний урд явсан машин 50-60 км цагийн хурдтай л явсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 56-57 х/

 

            10.Гэрч Н.Сүрэлчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр албаны УАЗ фургон машинаар Улаанбаатар хот орчихоод эргээд 17.10 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 гарам ордог Баруун турууны даваа уруудаад явж байтал ... 2-уулаа цайвар өнгийн нэг нь “Тоёота Приус” маркийн автомашин нөгөө нь маркийг нь санахгүй байна машин замынхаа баруун талд осолд орсон байдалтай, 1 машин нь замынхаа эсрэг талд хойшоо харсан 1 өндөр залуу машины гадаа 1 цагдаа хүний хамт байж байсан. Тэр цагдаа манай Жаргалант тосгоны цагдаа байсан. Бид хэд өнгөрч зогсоод би машинаасаа буугаад очиход цагдаа Анхбаяр өндөр жолоочтой цайвар өнгийн машины урд талын хаалгыг онгойлгоход урд суудал дээр сууж явсан нэг жаахан охин өөрөө гарч ирээд тэнцвэр алдаад байхаар нь уг машины араас хөнжил авч охиныг газарт хэвтүүлсэн. Тэгээд арын суудал дээр байсан 2 залуу нэг охиныг машинаас гаргасан юм. Харин нөгөө “Тоёота Приус” маркийн автомашинд жолоочоос гадна урд суудал дээр нэг эмэгтэй байсан. Тэр эмэгтэй бие гайгүй, харин хөл өвдөөд байна гээд машинаасаа бууж чадахгүй байсан. Тэгээд би эмч хүний хувьд 5 хүнтэй явсан машины 2 эмэгтэй хүүхдийг гадна талаас нь үзсэн юм. Тэгээд ер нь дотуур гэмтэлтэй байж магадгүй гэж бодоод царай нь цайгаад байхаар нь Анхбаяр цагдаагийн хамт Анхбаярын машинаар нөгөө 2 охиныг аваад ГССҮТөвд хүргэж өгсөн юм. Намайг ГССҮТөвд уг 2 охиныг хүргэж өгөх үед Сондор гэх охины ар гэр ГССҮТөв дээр очсон байсан. Замд явж байхад буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 5 шарын тэнд явж байхад урд суудалд сууж явсан гэх Халиун гэх охин муудаад бараг амьсгаа хураагаад эхэлсэн ба ГССҮТөв дээр очиход их муу очсон. 5 хүнтэй явж байсан машины жолооч их өндөр залуу, харин “Тоёота Приус”-ын жолооч дунд зэргийн нуруутай бор залуу байсан. Би осол болсныг хараагүй осол болсны дараа очсон юм. Тэгээд би эмч хүний хувьд эдгээр хүмүүсийг үзээд 2 хүнийг нь яаралтай эмнэлэгт хүргэж өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 58-59 х/

 

11.Иргэний хариуцагч М.Номинчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Аксио маркийн 43-62 УНК улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг юм. Би энэ машиныг 2014 онд авсан. Энэ машин нь 2007 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн. 2014 онд Монгол улсад орж ирсэн машин байгаа юм. Энэ машиныг манай нөхөр Даваасамбуу бид 2 ээлжилж унадаг машин байгаа юм. Тухайн осол болоход манай нөхөр Даваасамбуу унаж яваад л ийм асуудал гаргасан. Уг ослоос болж миний машинд их хэмжээний хохирол учирсан. Гэхдээ машины эвдрэлд ямар нэгэн санал, гомдол байхгүй. Машиндаа үнэлгээ хийлгэхгүй. Нөхөр Даваасамбуугаас нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар ч байсан хохирогч нарын хохирлыг Даваасамбуу бид 2 чадлаараа барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 61-63 х/

 

            12.Гэрч Э.Жамбалсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 17.00 цагийн орчим хадам ах С.Батчулууны нэр дээр байдаг 26-15 УНЕ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинтай эхнэр С.Оюунбилэгийн хамтаар Сэлэнгэ аймаг явах гээд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 361-ийн гарамын тэнд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй 50 км/цагийн хурдтай, замын нэгдүгээр эгнээгээр /эсрэг урсгалтай нэг эгнээтэй зам/ явж байтал эсрэг эгнээнд явж байсан цайвар өнгийн жижиг машин урдаа явж байсан ямар өнгөтэйг нь санахгүй байна цайвар л өнгөтэй “Ланд-200” маркийн автомашины араас гэнэт гараад ирсэн. Тэгээд л яах ийхийн зуургүй 2 машин урд талаараа мөргөлдсөн. Миний санаж байгаагаар цайвар л өнгөтэй “Ланд-200” маркийн автомашин 40-50 орчим км/цагийн хурдтай, өгсүүр газар аажуухандаа явж байсан. Тэрний араас л гэнэт урсгал сөрөөд гараад ирсэн. Цайвар өнгөтэй “Ланд-200” маркийн автомашинтай зөрөх үед л араас нь гэнэт урсгал сөрж гарч ирсэн болохоор зайлуулж дарах болон тоормос гишгэх завдал олдоогүй л шууд мөргөлдсөн юм. Уг гэмтлээс болж миний биед ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй. Тийм болохоор шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, харин урд суудалд сууж явсан манай эхнэр С.Оюунбилэгийн зүүн хөл хугарсан. Түүнээсээ болж ГССҮТөвд 20 гаран хоног эмчлүүлээд гарсан. Одоо гэртэй хэвтэрт байгаа. Миний унаж явсан машин манай хадам ах С.Батчулууны машин учраас хохирлыг Батчулуун өөрөө нэхэмжилнэ. Нөгөө машинд явсан 2 эмэгтэй хүүхдийг “Тоёота Приус” маркийн автомашинтай цагдаа хувцастай хүн ГССҮТөвд хүргэж өгсөн юм.  Ямар хүн хаашаа явж байсан гэдгийг мэдэхгүй байна. Харин манай эхнэр болон үлдсэн хүмүүсийг түргэний машин ирж авсан. Тухайн үед замын нөхцөл байдал харагдах орчин чөлөөтэй,  замын хөдөлгөөн сийрэг, халтиргаа бага зэрэг байсан, цаг агаар таатай, миний явж байсан талаас бол уруу, харин нөгөө талаасаа өгсүүрдүү байсан. Өгсөж явж байсан машинууд хурд багатай явж байсан. Би болон миний хажууд сууж байсан зорчигч хамгаалах бүс зүүсэн байсан. Харин манай эхнэр хугарсан хөлөөрөө группид байдаг байсан. Энэ хугарсан хөл нь өвдгөөрөө нугардаггүй байсан. Тийм болохоор урд талаасаа мөргүүлээд нөгөө нугардаггүй хөл нь урдаасаа хүчтэй цохиулаад хугарсан юм. Өөр гэмтэл гээд байх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 69-70 хх/

 

            13.Насанд хүрээгүй гэрч М.Гунгаабуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотоос Улаанбаатар явах гээд саарал өнгийн жижиг машинд 10.000 төгрөг өгч суусан юм. Би тэр машины хойд талын суудлын хамгийн баруун талд суусан голд Сондор гэх охин түүний цаана замаас нэг залуу суусан. Харин урд талд жолоочийн хажуугийн урд суудал дээр нас барсан охин суусан юм. Тэгээд явж байтал миний суусан машин 361-н гарамын тэнд нэг машинтай мөргөлдсөн. Тухайн үед хойд талын суудал дээр унтаж явсан болохоор сайн мэдэхгүй байна, нэг мэдэхэд л тас гээд л явчихсан. Тэгээд л би хамгийн сүүлд машинаас буусан. Тухайн үед унтаж явсан болохоор биедээ ямар нэгэн гэмтэл шарх авсан зүйл байхгүй. Харин осол болсны дараа машинаас буугаад иртэл миний сууж явсан машин нэг “Тоёота Приус” маркийн машинтай мөргөлдсөн байсан. Уг “Тоёота Приус” маркийн машины жолооч нь гараад ирсэн. Харин урд суудал дээр сууж явсан нэг эгч гарч чадахгүй сууж байсан. Тэгээд осол болоод удаагүй байж байтал хажуугаар явж байсан машинууд зогсоод нэг цагдаа хувцастай хүн манай машинд сууж явсан 2 охиныг эмнэлэгт хүргэж өгнө гээд аваад явсан. Би дараа нь ГССҮТөвд түргэний машинаар очоод тэндээсээ гэр рүүгээ харьсан. Уг ослоос болж миний биед ямар нэгэн гэмтэл шарх учирсан зүйл байхгүй. Тухайн үед айгаад жаахан шоконд орсон байдалтай байсан болохоор зарим зүйлээ сайн санахгүй байгаа юм. Уг ослоос маш их айсан. Миний машиныг манай сумын нэг өндөр ах барьж байсан. Унтаж байсан болохоор машиныг ямар хурдтай явж байсан, замын нөхцөл ямар байсан гэдгийг мэдэхгүй байна. Машинд жолоочоос гадна 4 хүн сууж явсан. Надад гэмтэл учраагүй болохоор шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 2 х/

 

            14.Эд зүйлд үнэлгээ тогтоосон материал: Тоёота Приус маркийн 26-15 УНЕ улсын дугаартай автомашинд 4.077.000 төгрөгийн шууд хохирол учирсан /1 хх-ийн 79-80 х/  

 

15.Шүүх эмнэлгийн шинжээчийн 1721 тоот дүгнэлт:

а/ С.Оюунбилэгийн биед зүүн, дунд чөмөгний ил хугарал, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал, хамар, эрүү, баруун дунд хурууны угт, зүүн гарын шуунд зулгаралт, цээж, баруун гуя, зүүн шагай, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

б/ Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

г/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамарна гэжээ. /1 хх-ийн 84 х/

 

16.Шүүх эмнэлгийн шинжээчийн 1718 тоот дүгнэлт:

а/ Г.Амараагийн биед зүүн атгаал ясны хугарал, эрүү ясны хугарал, баруун зүүн үений сэртэнгийн хугарал, мултрал, баруун чамархай, эрүүнд шарх, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн угалз, баруун өвдөгт зулгаралт, хүзүү, эрүү, баруун бугалга, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

б/ Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

в/Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

г/Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн, эдгэрэлтээс хамаарна гэжээ. /1 хх-ийн 86 х/

 

17.Шүүх эмнэлгийн шинжээчийн 2908 тоот дүгнэлт:

а/ Сондорын биед тухайн хэргийн хугацаанд тархи доргилт, баруун гайморын хөндийн урд, дотор хана, баруун хацар, баруун нүдний ухархайн дотор хана, хамар яс, зүүн эгэм ясны далд хугарал, баруун гайморын хөндийн шингэн хуралдалт, хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогтлоо.

б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

в/ Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

г/ Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /1 хх-ийн 88 х/

 

18.Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 253 тоот дүгнэлт:

а/ Э.Халиуны цогцост элэгний баруун дэлбэнгийн язарч урагдсан шарх, хэвлийн хөндийд 2500 мл цусан хураа, голтод цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

б/ Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн тухайлбал авто ослын үед мөргөгдөх цохигдох, дарагдах үед үүсгэгдэх боломжтой.

в/ Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

г/ Талийгаач нь дээрхи хэвлийн битүү гэмтлийн улмаас нас баржээ.

д/ Талийгаач нь АВО системээр OaB (I) бүлгийн цустай байна.

е/ Талийгаачаас авсан гэх цусанд спиртийн зүйл илэрсэнгүй. /1 хх-ийн 92-95 х/

 

19.Шүүх эмнэлгийн шинжээчийн 1332 тоот дүгнэлт:

а/ Цусанд сдиртийн агууламж илэрч байгаа эсэхийг тодорхойлох шинжилгээг  зөвхөн шингэн цусанд хийдэг тул шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн даавуун  дээрх хатаасан цусанд шинжилгээ хийх боломжгүй байна./1 хх-ийн 99 х/

 

20.Техникийн шинжээчийн 164 тоот дүгнэлт:

а/ Тоёота Аксио маркийн 43-62 УНК улсын дугаартай автомашины жолооч Б.Даваасамбуу нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино:

-10.1а-д заасан “Уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх”

-10.1б-д заасан “Өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

б/ Тоёота Приус маркийн 26-15 УНЕ улсын дугаартай автомашины жолооч Э.Жамбалсүрэн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

в/ Тоормосны мөр байхгүй тул хурдыг тогтоох боломжгүй байна гэжээ. /1 хх-ийн 76 х/

 

21.Шүүгдэгч Б.Даваасамбуу сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд:

“...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 14.00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас Улаанбаатар хотын чиглэлд эхнэр М.Номинчимэгийн нэр дээр байдаг 43-62 УНК дугаартай Тоёота Аксио маркийн автомашинтай дотроо 3 хүнтэй хөдөлсөн юм. Тэгээд Улаанбаатар хот руу орж ирэх үед Баянчандмань өнгөрөөд явж байхад нэг залуу гар өргөөд суусан. Би машин бариад урд суудал дээр, талийгаач Халиун суугаад, ар талд миний хойно зам дээр гар өргөж суусан Амараа гэх залуу, голд Сондор гэх хүүхэн, түүний зүүн талд Гунгаахүү, эдгээр хүмүүс сууж явсан. Тэгээд 361-н гарам өнгөрөөд замын нэгдүгээр эгнээгээр 50 орчим км/цагийн хурдтай явж байтал урд явсан одоо номерыг нь санахгүй байна, боронзон өнгөтэй Ланд-200 маркийн автомашин гэнэт тоормос гишгэхээр нь араас нь тоормос гишгээд л тулаад ороод ирэхээр нь зүүн гар тийшээгээ дараад эсрэг урсгалд ортол урдаас ирж яваа машинтай мөргөлдсөн. Цагдаа хувцастай хүн ирсэн байсан. Мөн санаж байгаагаар миний машинд суусан 2 охиныг нэг цагдаа хувцастай хүн ГССҮТөвд хүргэж өгсөн. Тухайн үед харагдах орчин чөлөөтэй, машин тэрэгний хөдөлгөөн бага, зам гулгаатай байсан болохоор машинууд их хурдтай яваагүй, хурд багатай явж  байсан. Би тэр Ланд-200 маркийн автомашины араас 20 орчим метр зайтай явж байтал гэнэт тоормосны гэрэл асаад хурд нь саараад ирэхээр нь урд машин зогсох гэж байгаа юм байна гэж ойлгоод тоормос гишгээд дохио өгөөд гүйцэж түрүүлэх гэж зүүн гар талдаа рультэй болохоор урд машинаасаа бүтэн гарч байгаад, урдаас ирж байгаа машин харагддаг тухайн үед тонгойж харахад машин харагдахгүй байхаар нь эсрэг урсгалд ортол урдаас ирсэн машин асах их хурдтай ирээд халз мөргөлдсөн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 162-163 х/,

мөн яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд: “...Би яллагдаж байгаа зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна. Чин сэтгэлээсээ гэмшиж байна. Би сайн дураараа хохирлыг төлж барагдуулна. Энэ осол миний буруугаас болж гарсан. Тухайн үед зам гулгаатай, харагдах орчин чөлөөтэй, машин тэрэгний хөдөлгөөн бага, цаг агаар таатай байсан. Миний ярьсан зүйл үнэн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 165 х/

 

Жолооны үнэмлэх хэрэгт хавсаргасан тэмдэглэл /1 хх-ийн 19 х/

Шүүгдэгч Б.Даваасамбуугийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /1 хх-ийн 173-183 х/, /2 хх-ийн 15 х/

Хурхад овогт Баасанжавын Даваасамбуу 508724  тоот В ангилалын жолоочийн үнэмлэх хүчинтэй гэх жолоочийн лавлагаа /1 хх-ийн 166 х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 167 х/

Хохирогч нарын хохирлыг барагдуулсан тухай баримтууд /1 хх-ийн 20, 40, 47-48, 184, 2 хх-ийн 6, 16х/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбатаас гаргаж өгсөн 1 хуудас баримт зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Баасанжавын Даваасамбуу нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 16:30 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, 361-ийн гармын урд замд М.Номинчимэгийн эзэмшлийн Тоёота Аксио маркийн 43-62 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх,” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Э.Жамбалсүрэнгийн жолоодож явсан С.Батчулууны эзэмшлийн Тоёота Приус маркийн 26-15 УНЕ улсын дугаартай автомашиныг мөргөж 4.077.000 төгрөгийн шууд, 4.622.000 төгрөгийн нийт хохирол, зорчигч С.Оюунбилэгийн биед хүнд, зорчигч Г.Сондор, Г.Амараа нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, зорчигч Э.Халиуны амь нас хохирсон болох нь :

            Шүүгдэгч Б.Даваасамбуугийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...61-ийн гарам өнгөрөөд явж байтал миний урд явж байсан машин гэнэт тоормос гишгэхээр нь би жолооны хүрдээ зүүн гар тийшээ дарж ороод өөдөөс ирж яваа машинтай мөргөлдсөн.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ийм сайхан охиноо алдчихаад гомдолгүй гэж хэлэх эрх надад байхгүй. Хэргийн газарт очиж үзлэг хийхэд Б.Даваасамбуу жолооны хүрдээ баруун тийшээ дарсан бол ийм осол гарахгүй байсан. Учир нь баруун талын газар ямар нэгэн өө сэвгүй тэгшхэн. Харин зүүн гар талын газар нь маш эвгүй ухсан жалгатай байсан. Гэтэл 10.000 төгрөгийн бензины мөнгөнөөс болж хүний амь насыг хохироочихоод байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Иргэний хариуцагч М.Номинчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ машин хэдийгээр миний эзэмшил дээр байдаг боловч Б.Даваасамбуу бид хоёрын дундын өмчлөлийнх бөгөөд уг автомашиныг жолоодох эрх түүнд байгаа. Б.Даваасамбуу бид хоёр хохирогч нарын хохирлыг төлж барагдуулахын тулд хоёр талын гэр бүлийнхнээсээ хохирлын мөнгөний эх үүсвэрийг авч, хохирогч нарт нийтдээ 30 гаруй сая төгрөгийн хохирлыг төлсөн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хэрэг учирлын учирлын газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, фото зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /1 хх-ийн 2-15 х/

 

Хохирогч С.Оюунбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 16 цаг 40 минутын орчим Улаанбаатараас Сэлэнгэ чиглэлд нөхөр Жамбалсүрэнгийн хамтаар төрсөн ах Батчулууны эзэмшлийн 26-15 УНЕ машинтай уг машиныг манай нөхөр Жамбалсүрэн бариад явсан. Тэгээд бид хоёр 361 гарам орох гээд 40-50 орчим км/цагийн хурдтай ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байтал урдаас цайвар жижиг машин урсгал сөрж гарч ирээд мөргөлдсөн юм. Тэгээд л сайн санахгүй байгаа юм. Тэгээд би хөдлөх гэтэл миний зүүн хөл хугарсан байсан, ГССҮТөвд 25 хоног хэвтэж эмчлүүлсэн. Тухайн үед харагдах орчин чөлөөтэй, зам хальтиргаа гулгаа байхгүй, замын хөдөлгөөн бага, цаг агаар таатай байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 24 х/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 13.00 цагийн орчим манай бага охин Халиун нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгоноос Улаанбаатар явах гээд замын машинд суулгасан юм. Тэгээд 17.00 цагийн орчим Улаанбаатар хотын орчим осолд орж нас барсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 28-30/

 

Хохирогч Г.Амараагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хот орох гээд замын унаанд гар өргөж, жижиг саарал өнгийн машины хойд талын зүүн гар талд буюу жолоочийн ард талд суусан юм. Тэгээд явж байтал миний суусан машин 361 гарамын тэнд нэг машинтай мөргөлдсөн. Тухайн үед би хойд талын суудал дээр унтаж явсан. Нэг мэдэхэд тас гээд л явсан. Тэгээд л ухаан алдсан, ГССҮТөвд хүргэгдээд 9 хоног эмчлэгдээд гарсан. Уг ослоос болж зүүн гар хугарч, эрүүндээ гэмтэл авсан. Би унтаж явсан болохоор яаж яваад мөргөлдсөнийг ч мэдээгүй. Машинд жолоочоос гадна 4 хүн явсан. Урд суудал дээр нэг охин, хойд суудал дээр надаас гадна нэг хүүхэн, нэг залуу явсан, хойд суудал дээр сууж явсан хүүхэн нь голд сууж явсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 38 х/

 

             Хохирогч Г.Сондорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...саарал өнгийн жижиг машинд машины хойд талын суудлын голд суусан. Харин миний баруун талд замаас суусан нэг залуу, харин зүүн гар талд Хөтөлөөс суусан залуу, жолоочийн хажуугийн урд суудал дээр нас барсан охин суусан юм. Тэгээд явж байтал миний суусан машин 361 гарамын тэнд нэг машинтай мөргөлдсөн. Тухайн үед хойд талын суудал дээр утсаараа оролдоод явж байтал жолооч зүүн гар тийшээ дарах шиг болохоор нь хартал гэнэт урдаас нэг саарал юм ороод ирсэн. Тэгээд юу ч санахгүй байгаа юм. Нэг сэрэхэд ГССҮТөвд хүргэгдэж ирсэн байсан. Эмнэлэгт 10 хоног хэвтэж гараад дараа нь хувийн эмнэлэгт 10 хоноод эмнэлгээс гарч байна. Уг ослоос болж миний нүүрэнд гэмтэл авч, би хагалгаанд орсон....” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 46 х/

 

            Иргэний нэхэмжлэгч С.Батчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 17.00 цагийн орчим миний эзэмшлийн 26-15 УНЕ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашиныг манай хүргэн Э.Жамбалсүрэн унаж яваад осолд орсон байсан. Миний энэ машин 2006 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн. 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсад орж ирсэн. Би энэ машиныг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Мөнхбат гэх хүнээс 7.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний машин энэ ослоос болж засвар авах болон хөдлөх боломжгүй болсон. Үнэлгээ хийлгэхэд 4.622.000 төгрөг болсон байгаа...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 49-51 х/

 

            Гэрч Э.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 25-ны 17.10 цагийн орчим харих гээд өөрийн эзэмшлийн 61-30 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинтай Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Баруун турууны даваа уруудаж ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй 60 орчим км/цагийн хурдтай явтал миний урд явсан цайвар өнгийн “Тоёота Приус” маркийн автомашинтай эсрэг урсгалд явсан жижиг машин урсгал сөрж гарч ирээд шууд урд талаараа мөргөлдсөн юм. Тэгээд машинаа зогсоогоод, буугаад нөгөө мөргөлдсөн 2 автомашинд дээр яваад очтол нөгөө урсгал сөрж гарч ирээд мөргөсөн автомашины жолооч өндөр залуу машинаасаа буугаад ирсэн. Тэгээд би өндөр жолоочийн машины урд хаалгыг онгойлгоход нэг жаахан  охин өөрөө гарч ирээд тэнцвэр алдаад байхаар нь уг машины араас хөнжил аваад газарт хэвтүүлсэн юм. Тэгээд арын суудал дээр байсан 1 эмэгтэй, 2 залуу, нийт 3 хүнийг гаргасан юм. Тэр хооронд Сүрэнчулуун эмч тэр хүмүүсийг үзээд энэ 2 охин дотуур цус алдаад байж магадгүй, яаралтай эмнэлэгт хүргэж өгөх хэрэгтэй гэж хэлэхээр нь би Сүрэнчулуун эмчийн хамтаар өөрийнхөө машинтай нөгөө 2 охиныг аваад ГССҮТөвд хүргэж өгсөн юм. Харин “Тоёота Приус” маркийн автомашины жолоочоос гадна урд суудал дээрээ нэг зорчигчтой явсан. Харагдах орчин чөлөөтэй, замын хальтиргаа гулгаа байхгүй, машин тэрэгний хөдөлгөөн бага, цаг агаар таатай байсан. Би 50-60 км цагийн хурдтай тэр машины араас дагаад л явж байсан юм. Тийм болохоор миний урд явсан машин 50-60 км цагийн хурдтай л явсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 56-57 х/

 

            Гэрч Н.Сүрэлчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2-уулаа цайвар өнгийн нэг нь “Тоёота Приус” маркийн автомашин нөгөө нь маркийг нь санахгүй байна машин замынхаа баруун талд осолд орсон байдалтай, 1 машин нь замынхаа эсрэг талд хойшоо харсан 1 өндөр залуу машины гадаа 1 цагдаа хүний хамт байж байсан. Тэр цагдаа манай Жаргалант тосгоны цагдаа байсан. Бид хэд өнгөрч зогсоод би машинаасаа буугаад очиход цагдаа Анхбаяр өндөр жолоочтой цайвар өнгийн машины урд талын хаалгыг онгойлгоход урд суудал дээр сууж явсан нэг жаахан охин өөрөө гарч ирээд тэнцвэр алдаад байхаар нь уг машины араас хөнжил авч охиныг газарт хэвтүүлсэн. Тэгээд арын суудал дээр байсан 2 залуу нэг охиныг машинаас гаргасан юм. Харин нөгөө “Тоёота Приус” маркийн автомашинд жолоочоос гадна урд суудал дээр нэг эмэгтэй байсан. Тэр эмэгтэй бие гайгүй, харин хөл өвдөөд байна гээд машинаасаа бууж чадахгүй байсан. Тэгээд би эмч хүний хувьд 5 хүнтэй явсан машины 2 эмэгтэй хүүхдийг гадна талаас нь үзсэн юм. Тэгээд ер нь дотуур гэмтэлтэй байж магадгүй гэж бодоод царай нь цайгаад байхаар нь Анхбаяр цагдаагийн хамт Анхбаярын машинаар нөгөө 2 охиныг аваад ГССҮТөвд хүргэж өгсөн юм. 5 хүнтэй явж байсан машины жолооч их өндөр залуу, харин “Тоёота Приус”-ын жолооч дунд зэргийн нуруутай бор залуу байсан....” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 58-59 х/

 

Иргэний хариуцагч М.Номинчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Аксио маркийн 43-62 УНК улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг юм. Би энэ машиныг 2014 онд авсан. Энэ машиныг манай нөхөр Даваасамбуу бид 2 ээлжилж унадаг ба осол болоход манай нөхөр Даваасамбуу унаж яваад л ийм асуудал гаргасан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 61-63 х/

 

            Гэрч Э.Жамбалсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 17.00 цагийн орчим хадам ах С.Батчулууны нэр дээр байдаг 26-15 УНЕ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинтай эхнэр С.Оюунбилэгийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 361-ийн гарамын тэнд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй 50 км/цагийн хурдтай, замын нэгдүгээр эгнээгээр явж байтал эсрэг эгнээнд явж байсан цайвар өнгийн жижиг машин цайвар л өнгөтэй “Ланд-200” маркийн автомашины араас гэнэт гараад ирсэн. Тэгээд л яах ийхийн зуургүй 2 машин урд талаараа мөргөлдсөн. Миний санаж байгаагаар цайвар л өнгөтэй “Ланд-200” маркийн автомашин 40-50 орчим км/цагийн хурдтай, өгсүүр газар аажуухандаа явж байсан. Тэрний араас л гэнэт урсгал сөрөөд гараад ирсэн. Гэнэт урсгал сөрж гарч ирсэн болохоор зайлуулж дарах болон тоормос гишгэх завдал олдоогүй л шууд мөргөлдсөн юм. Уг гэмтлээс болж миний биед ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй, урд суудалд сууж явсан манай эхнэр С.Оюунбилэгийн зүүн хөл хугарсан. Түүнээсээ болж ГССҮТөвд 20 гаран хоног эмчлүүлээд гарсан. Миний унаж явсан машин манай хадам ах С.Батчулууны машин учраас хохирлыг Батчулуун өөрөө нэхэмжилнэ. Нөгөө машинд явсан 2 эмэгтэй хүүхдийг “Тоёота Приус” маркийн автомашинтай цагдаа хувцастай хүн ГССҮТөвд хүргэж өгсөн юм.  Тухайн үед замын нөхцөл байдал харагдах орчин чөлөөтэй,  замын хөдөлгөөн сийрэг, халтиргаа бага зэрэг байсан, цаг агаар таатай, миний явж байсан талаас бол уруу, харин нөгөө талаасаа өгсүүрдүү байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 69-70 хх/

 

            Насанд хүрээгүй гэрч М.Гунгаабуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотоос Улаанбаатар явах гээд саарал өнгийн жижиг машины хойд талын суудлын хамгийн баруун талд суусан голд Сондор гэх охин түүний цаана замаас нэг залуу суусан. Харин урд талд жолоочийн хажуугийн урд суудал дээр нас барсан охин суусан юм. Тэгээд явж байтал миний суусан машин 361-н гарамын тэнд нэг машинтай мөргөлдсөн. Тухайн үед хойд талын суудал дээр унтаж явсан болохоор сайн мэдэхгүй байна, нэг мэдэхэд л тас гээд л явчихсан. Биедээ ямар нэгэн гэмтэл шарх авсан зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 2 х/

 

            Эд зүйлд үнэлгээ тогтоосон материал: Тоёота Приус маркийн 26-15 УНЕ улсын дугаартай автомашинд 4.077.000 төгрөгийн шууд хохирол учирсан /1 хх-ийн 79-80 х/  

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн 1721 тоот дүгнэлт: “... С.Оюунбилэгийн биед зүүн, дунд чөмөгний ил хугарал, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал, хамар, эрүү, баруун дунд хурууны угт, зүүн гарын шуунд зулгаралт, цээж, баруун гуя, зүүн шагай, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна./1 хх-ийн 84 х/

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн 1718 тоот дүгнэлт: “...Г.Амараагийн биед зүүн атгаал ясны хугарал, эрүү ясны хугарал, баруун зүүн үений сэртэнгийн хугарал, мултрал, баруун чамархай, эрүүнд шарх, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн угалз, баруун өвдөгт зулгаралт, хүзүү, эрүү, баруун бугалга, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна./1 хх-ийн 86 х/

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2908 тоот дүгнэлт: “...Сондорын биед тухайн хэргийн хугацаанд тархи доргилт, баруун гайморын хөндийн урд, дотор хана, баруун хацар, баруун нүдний ухархайн дотор хана, хамар яс, зүүн эгэм ясны далд хугарал, баруун гайморын хөндийн шингэн хуралдалт, хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогтлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /1 хх-ийн 88 х/

 

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 253 тоот дүгнэлт: “...Э.Халиуны цогцост элэгний баруун дэлбэнгийн язарч урагдсан шарх, хэвлийн хөндийд 2500 мл цусан хураа, голтод цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн тухайлбал авто ослын үед мөргөгдөх цохигдох, дарагдах үед үүсгэгдэх боломжтой. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрхи хэвлийн битүү гэмтлийн улмаас нас баржээ./1 хх-ийн 92-95 х/

 

Техникийн шинжээчийн 164 тоот дүгнэлт: “... Тоёота Аксио маркийн 43-62 УНК улсын дугаартай автомашины жолооч Б.Даваасамбуу нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: 10.1а-д “Уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх”, 10.1б-д  “Өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.  Тоормосны мөр байхгүй тул хурдыг тогтоох боломжгүй байна гэжээ. /1 хх-ийн 76 х/

 

Шүүгдэгч Б.Даваасамбуу сэжигтин, яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 14.00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас Улаанбаатар хотын чиглэлд эхнэр М.Номинчимэгийн нэр дээр байдаг 43-62 УНК дугаартай Тоёота Аксио маркийн автомашинтай дотроо 3 хүнтэй хөдөлж Баянчандмань өнгөрөөд явж байхад нэг залуу гар өргөөд суусан. Би машин бариад урд суудал дээр, талийгаач Халиун суугаад, ар талд миний хойно зам дээр гар өргөж суусан Амараа гэх залуу, голд Сондор гэх хүүхэн, түүний зүүн талд Гунгаахүү, эдгээр хүмүүс сууж явсан. Тэгээд 361-н гарам өнгөрөөд замын нэгдүгээр эгнээгээр 50 орчим км/цагийн хурдтай явж байтал урд явсан одоо номерыг нь санахгүй байна боронзон өнгөтэй Ланд-200 маркийн автомашин гэнэт тоормосны гэрэл асаад хурд нь саараад ирэхээр нь урд машин зогсох гэж байгаа юм байна гэж ойлгоод тоормос гишгээд дохио өгөөд гүйцэж түрүүлэх гэж зүүн гар талдаа рультэй болохоор урд машинаасаа бүтэн гарч байгаад, урдаас ирж байгаа машин харагддаг тухайн үед тонгойж харахад машин харагдахгүй байхаар нь эсрэг урсгалд ортол урдаас ирсэн машин асах их хурдтай ирээд халз мөргөлдсөн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 162-163, 165 х/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэдийгээр шүүгдэгч Б.Даваасамбуу нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...миний барьж явсан машины урд явсан Ланд-200 маркийн машин нь огцом тоормослосон тул зогсох гэж байна гэж ойлгон гүйцэж түрүүлэх зорилгоор зүүн гар тийш дарж эсрэг урсгал руу орсоноос зам тээврийн осол гаргасан гэж”, “... ланд-200 маркийн машин огцом тоормослосон тул уг машинд тулж очсон, улмаар мөргөхөөс сэргийлж зүүн гар тийш дарж эсрэг урсгал руу орсон. Иймд урд явсан Ланд-200 маркийн машиныг шалгуулмаар байна”  гэх мэтээр мэдүүлсэн боловч түүний энэ мэдүүлэг нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1хх-ийн 2-9х/, гэрч Э.Жамбалсүрэнгийн “...нэгдүгээр эгнээгээр явж байтал эсрэг эгнээнд явж байсан цайвар өнгийн жижиг машин нь цайвар өнгөтэй “Ланд-200” маркийн автомашины араас гэнэт гарч ирээд яах ийхийн зуургүй 2 машин урд талаараа мөргөлдсөн. Цайвар өнгөтэй “Ланд-200” маркийн автомашин 40-50 орчим км/цагийн хурдтай, өгсүүр газар аажуухандаа явж байсан. Жижиг машин гэнэт урсгал сөрж гарч ирсэн болохоор зайлуулж дарах болон тоормос гишгэх завдал олдоогүй л шууд мөргөлдсөн юм. /1хх-ийн 59-60х/, гэрч Э.Анхбаярын “...миний урд явсан цайвар өнгийн “Тоёота Приус” маркийн автомашинтай эсрэг урсгалд явсан жижиг машин урсгал сөрж гарч ирээд шууд урд талаараа мөргөлдсөн юм. Тэр урсгал сөрж гарч ирсэн машины урд талд нэг том жийп л явсан” /1хх-ийн 56-57х/ гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

 

Өөрөөр хэлбэл, Ланд-200 маркийн автомашины жолоочийг буруутгах, шалгах үндэслэлгүй байна. Учир нь, тухайн үед зам хальтаргаатай, нэг талаас өгсүүр, нөгөө талаас уруудсан эсрэг урсгал бүхий 2 эгнээ замд явсан автомашинууд нь замын энэ нөхцөл байдалд тохируулсан хурдтай буюу аажуухандаа явж байсан талаар хэрэгт цугларсан, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Б.Даваасамбуугийн  мэдүүлсэнчлэн Ланд-200 маркийн  машины жолооч нь огцом тоормослосон, зогссон, урд болон хойно явж байгаа тээврийн хэрэгсэлд саад учруулахуйц байдлаар явсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна.

Харин шүүгдэгч Б.Даваасамбуу нь замын хөдөлгөөний дүрмийн талаарх мэдлэг дутмаг, хайхрамжгүй байдлаасаа болж урдаа яваа машинаа гүйцэж түрүүлэх зорилгоор эсрэг урсгалд ирж яваа машинуудын хөдөлгөөнүүдийг хяналгүйгээр явж орсноор зам тээврийн осол болж бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болон биемахбодид хүнд, хүндэвтэр гэмтэл учирсан, бусдын амь нас хохирсон  зэрэг хор уршиг учруулсан нь  түүний үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Даваасамбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбатын “... шүүгдэгч Б.Даваасамбууд торгох ял оногдуулж өгнө үү гэсэн”,

өмгөөлөгч Д.Галсанпунцагийн нэг талаас “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж Ланд-200 маркийн автомашиныг шалгуулах, шүүгдэгч Б.Даваасамбуу, Ланд 200-гийн жолооч нар нь замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтаас гадна хэд хэдэн заалт /Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “...замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, 4.1а “...хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх” , 9.4б “...хурдны хязгаар таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэгт зааснаас хэтрүүлэх”, 9.4г “...зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох” гэсэн заалтууд/-ыг тус тус зөрчсөн байх тул нэг мөр шалгуулах” гэсэн, мөн нөгөө талаас Б.Даваасамбууд Эрүүгийн хуулийн 551, 61 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой гэсэн саналуудыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь, шүүгдэгч Б.Даваасамбуу нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өөрийн гэсэн орлогын эх үүсвэргүй, эхнэрийн цалингаар амьдардаг, уг ослоос үүдэн гарсан зардлыг ах дүү хамаатан садангаасаа авч барагдуулсан талаар мэдүүлсэн тул түүнд торгох ял оногдуулах нь зохимжгүй байна.

Үүнээс гадна шүүгдэгч Б.Даваасамбуу нь хохирогч С.Оюунбилэг, Г.Сондор, Г.Амараа, иргэний нэхэмжлэгч С.Батчулуун, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхбаатар нарт холбогдох зардлуудыг /тээврийн хэрэгсэлд учруулсан зардал болон хохирогч нарын эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардал, оршуулгын зардал зэргийг/ төлж барагдуулсан болох нь тэдгээрийн мэдүүлэг, хүсэлт зэргээр тогтоогдсон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхбаатар шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт  “охиноо алдсандаа гомдолтой байна. Гэм хорыг мөнгөөр илэрхийлэх боломжгүй. Зохих хариуцлагыг хүлээлгэнэ үү” гэж мэдүүлсэн зэргээс үзвэл гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Даваасамбууд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр  зүйл “Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах” , 61 дүгээр зүйл “Тэнсэх” гэснийг хэрэглэх боломжгүй байна.

Мөн түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галсанпунцагийн хүсэлтэнд дурьдсан асуудлуудыг шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь ач холбогдолгүй байх бөгөөд хэргийн зүйлчлэл, шийдвэрлэлтэд нөлөөлөхөөргүй байх тул шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээ, хязгаарын хүрээнд тус хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Даваасамбуу нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1 хх-167х/-аар тогтоогдож байна.

 

 Хохирол төлбөрийн тухайд:

Зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд  буюу эмчилгээний зардалд хохирогч Г.Сондор нь 4.630.000 төгрөг, хохирогч Г.Амараа нь 1.463.000 төгрөг, хохирогч С.Оюунбилэг нь 3.100.000 төгрөг, оршуулгын зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхбаатар нь 15.000.000 сая төгрөг, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлтэй холбогдуулан гарсан зардалд иргэний нэхэмжлэгч С.Батчулуун нь 5.500.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Б.Даваасамбуугаас хүлээн авсан болох нь хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх-ийн 20, 40, 47-48,184, 2хх-ийн 6, 16х, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирогч С.Оюунбилэгийн хүсэлт/ зэргээр тогтоогдсон, улмаар хохирогч, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч Б.Даваасамбууг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Даваасамбуугийн 508724  тоот В ангилалын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолын хувийн хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Даваасамбуу нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хурхад овгийн Баасанжавын Даваасамбууг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын биемахбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан, бусдын амь нас  хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Б.Даваасамбуугийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасч, 3 (гурав) жил 1 (нэг) сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Даваасамбуугийн эдлэх 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Даваасамбуу нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.Даваасамбуугийн В ангиллын 508724 дугаартай жолоочийн үнэмлэхийг  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Б.Даваасамбуугийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Даваасамбууд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                   

              9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Даваасамбууд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ