Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 988

 

 

 

 

 

 

 

 

 

 

      Н.Г-д холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Ц.Гантулгабат,

            шүүгдэгч Н.Г-ийн өмгөөлөгч Д.Цэрэнханд,

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 1136 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ч.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Г-д холбогдох 1806040391331 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д овгийн Н.Г, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1981 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “Жигэн-Од” ХХК-д оёдолчин ажилтай гэх, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, ... дугаар хотхон, төмөр замын .. дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ....................../,

 

Н.Г нь 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны .. тоот гэртээ иргэн Ч.Г-ийн зүүн мөр, цээжний зүүн хажуу, бүсэлхийн зүүн хэсэгт хутгаар хатгаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Г-г 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ч.Г давж заалдах гомдолдоо: “... Би мөрдөн байцаалтын шатанд өөрт учирсан хохирол төлбөрийг барагдуулсан тохиолдолд гомдол, санал байхгүй гэж мэдүүлж ирсэн. Хэргийн зүйлчлэлийн хувьд гомдол, санал гаргаагүй. 6 сарын хугацаанд гарсан зардал болох 900,000 төгрөгийн хохирол учирсан гэдгээ мэдүүлж, Н.Г нь учруулсан хохирлоо төлнө гээд 50,000, 100,000 төгрөгөөр цувуулж, нийт 660,000 төгрөг төлсөн. 2018 оны 8 дугаар сард “хэрэг шүүхэд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжих боллоо” гэж надад танилцуулсан. Би хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхийг зөвшөөрөхдөө “энэ хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгч байгаа юм байна” гэж ойлгосон. “Хохирол төлбөрийн талаар эвлэрсэн” гэсэн боловч “хохиролгүй болсон” гэж бичээгүй байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад Н.Г нь бусдад төлөх төлбөргүй гэж дурдаж, миний хохирлыг барагдуулах, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг маань ноцтой зөрчсөн байна. Н.Г-тай утсаар яриад үлдсэн 240,000 төгрөгийн хохирлоо хэзээ төлөхийг асуухад “надад чамд төлөх төлбөр байхгүй, явдаг газраараа яв” гэж хэл амаар доромжилж, намайг гомдоож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасан байна. Н.Г-г учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлөөгүй байхад хохирол нэхэмжлэх эрхийг минь хааж, төлөх төлбөргүй гэж дүгнэсэн шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд тус шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхийг маань хангаж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Н.Г-гийн өмгөөлөгч Д.Цэрэнханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүгдэгч өөрийн хүсэлтээсээ татгалзсан бол гэж заасан байгаа. Шүүгдэгч Н.Г нь хүсэлтээсээ огт татгалзсан зүйл байхгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Мөн хохирогч хавтаст хэрэгт намайг эвлэрсэн гэж бичиг хийж өгөөгүй байхад шийтгэх тогтоолын 3 дахь заалтад Н.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн байна. Гэтэл хавтаст хэргийн 91 дүгээр хуудаст хохирогч Ч.Гийн өөрийн гараар бичиж өгсөн хүсэлтэд “Би Н.Г-тай эвлэрсэн, хохирлын маргаангүй болсон тул Н.Г-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна. Тэгэхээр анхан шатны шүүх энэ нотлох баримтыг үндэслэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ч.Гийн гаргасан давж заалдах гомдол хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ц.Гантулгабат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Ч.Г нь шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй, хохирол төлбөр төлөгдөөгүй байхад Н.Г-г төлөх төлбөргүй гэж гомдолдоо дурдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогчийг хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж болно гэж заасан. Энэ үндэслэлээр шүүх хуралдаан явагдаж шийдвэр гарсан. Мөн хавтаст хэрэгт хохирогч гомдол саналгүй, эвлэрсэн тухай хүсэлтээ гаргаж өгсөн тул энэ хүрээнд нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Н.Г нь 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, ... дугаар байрны ... тоот гэртээ иргэн Ч.Гийн зүүн мөр, цээжний зүүн хажуу, бүсэлхийн зүүн хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ч.Г-ийн “... би нилээд согтсон байсан. Г цаашаа гүйгээд хутга барьж ирээд хутгалаад байх шиг байсан... тоглож байна гэж бодож байтал зүүн хавирганы орчмоос цус гарсан ...” /хх 21/ гэсэн мэдүүлэг, гэрч Н.Одончимэгийн “... танихгүй 2 залууг гэрээс нь хөөж гаргаад Гансүх, Г нарыг хаалгаа түгж гэж хэлчихээд гараад цахилгаан шат хүлээгээд зогсч байтал шатны хонгилд миний хөөж явуулсан хоёр залуу “... Гансүх тасарчихсан, Г-г янзлах гээд байхад чинь ...” гэж ярилцаж байсныг сонссон. Миний уур хүрээд буцаж ороод сонссон зүйлийн талаар хэлчихээд баахан үглэж байгаад явсан...” /хх 101/, яллагдагч Н.Г-гийн “... нөхөрийн дүү Одончимэг буцаж орж ирээд дээд давхарт Энх-Амгалан, Ганхүдэр нар “одоо Гансүх, Төгөлдөр хоёр согтоод унтчихаар Г-тай унтана...” гэж ярьсан талаар хэлчихээд явсан. Удалгүй Г гэрт орж ирээд хана налаад сууж байсан. Би Г-тэй маргалдаж, хоол хийх гээд гартаа барьсан байсан хутгаараа 2 удаа хатгаснаа санаж байна...” /хх 98/ гэсэн мэдүүлэг, хохирогч Ч.Г-ийн биед зүүн мөр, цээжний зүүн хажуу, бүсэлхийн зүүн хэсэгт ир, ирмэгтэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хөнгөн зэргийн шарх гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5900 тоот дүгнэлт /хх-37-38/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-6, 8-9, 13-16/, Цэргийн төв эмнэлгээс ирүүлсэн өвчний түүх, яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх 60-66/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх, Н.Г-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял оногдуулжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргана” гэж зааснаас үзвэл хохирол, төлбөрийг барагдуулсан талаарх баримт нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, хуулиар заавал шаардагдах нотлох баримтад тооцогдож байна. 

 

Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалт, 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх асуудал нь шүүхийн заавал хянаж үзэх нөхцөл байдал төдийгүй прокурорт буцаах үндэслэлд хамаарчээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилсанаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх хүсэлт гаргах эрхийг зөвхөн яллагдагчид эдлүүлсэн байх бөгөөд хохирогчийн хувьд өөрт учирсан хохирол, хор уршиг барагдсан тухай баримтыг гаргаж өгөх, эсхүл хэрхэн хохирлыг барагдуулах талаар яллагдагчтай эвлэрэн хэлэлцсэн баталгааг гаргах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор зохицуулсан байна.

 

Тийм учраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан яллагдагчийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь хохирогчийн хүсэл зоригоос хамаарахгүй байх тул хохирогчийн “... энэ хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгч байгаа юм байна гэж ойлгосон...” гэсэн агуулгатай гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Хохирлын талаар баримт, баталгаа гаргахдаа хохирогч бусдад хууртсан, эсхүл өвчин, бусад шалтгааны улмаас төөрөгдөж тухайн баримтыг гаргасан байж болзошгүй нөхцөл байдал байгаа эсэхийг шүүх хянах үүрэгтэй.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлахад хохирогч Ч.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгтэй танилцуулсан баримтад “... одоохондоо санал хүсэлт алга байна ...” гэж өөрийн гараар тэмдэглэл үйлдэж /хх 83/, “... би Г-тай эвлэрч хохирлын маргаангүй болсон тул Г-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ...” гэсэн хүсэлт /хх 91/ гаргажээ.

 

Хохирогчийн дээрх санал, хүсэлт нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хангалттай, хуулийн шаардлагад нийцсэн байх ба хүсэлт, санал гаргахдаа өөрийн хүсэл зоригоо бүрэн илэрхийлж чадаагүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

Түүнчлэн шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд хохирогч “... шүүх хуралдаанд суухгүй...” гэсэн байх тул “шүүх хуралдаанд биеэр оролцох боломжоор хангаагүй, хохирол нэхэмжлэх эрхийг минь хаасан” гэсэн хохирогчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хүлээн авах боломжгүй байна.

 

            Хохирогч Ч.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын талаар маргаангүй, яллагдагчтай эвлэрсэн тухайгаа бичгээр мэдэгдсэн. Тэрээр энэхүү хүсэлтийг гаргахдаа бусдад хууртсан, эсхүл тухайн асуудлыг буруу үнэлж, дүгнэсэн байдал тогтоогдоогүй тул шүүхийн шатанд хохирол нэхэмжилж байгаа нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль бусад тооцох үндэслэл болохгүй.

 

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ч.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хохирогч Ч.Г “... хохирол нэхэмжилнэ...” гэх боловч тодорхой нотлох баримт гаргаж өгөөгүй, хэрэгт баримтаар хэлэлцэх хохирол, төлбөргүй учраас шийтгэх тогтоол, магадлалд хохирлоо жич нэхэмжлэх эрхийг тусгайлан заах шаардлагагүй гэж үзлээ. Гэвч энэхүү дүгнэлт нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэхэд хаалт болохгүйг дурьдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 1136 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ч.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧИД                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН