Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00900

 

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00900

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, горькийн 21 дүгээр гудамж, 759 тоотод оршин суух, Батхаан овогт Дамдиндоржийн Бямбадолгор /РД:чж74041064/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 74 дүгээр байранд оршин байх, “Мистер пицца” ХХК /РД:5693616/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 53,251,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Равдан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Саандарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Равдан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний дүү Б.Санчирдорж нь “Мистер пицца” ХХК-д захиалга хүргэгчээр ажиллаж байсан. 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хамгийн сүүлийн захиалгаа 23 цаг 17 минутад Санхүү эдийн засгийн дээд сургуулийн замын урд байрлах “Стрийт 6З” зочид буудалд хүргээд, ажлаа тараад явж байгаад 23 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр болох “Бичил” хороололын Энхбаярын зам руу эргэдэг уулзвар дээр автомашинд дайруулж, амь насаараа хохирсон. Энэхүү хэрэг явдлаас үүдэн хохирогч Б.Санчирдоржийн хуульд заасан эрхийг хангаж ОМ тогтоолгохоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.2, Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1, 4.1, 2.1.5 дахь хэсгүүдэд заасны дагуу акт тогтоож өгөхийг  хариуцагч байгууллагаас удаа дараа хүссэн. Гэтэл “Мистер пицца” ХХК нь өнөөдрийг хүртэл хуульд заасан үүргээ биелүүлэхгүй хариуцлагаас зугатаж, хугацаа хожин, хөөн хэлэлцэх хугацааг дуусгахыг оролдож биднийг улам хохироосоор байгаа тул шүүхэд хандаж гэм хороо арилгуулах шаардлага үүсээд байна. Хохирогчийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нь осол болсноос хойш “Мистер пицца” ХХК-ийг хуульд заасны дагуу, Засгийн газраас баталсан 269 дүгээр тогтоолын дагуу ОМ тогтоох үйл ажиллагааг явуулж өгөх байх гэж хүлээсээр 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүргэсэн. Энэ хугацаанд “Мистер пицца” ХХК нь ослын акт тогтоох үүргээ гүйцэтгэж байгаа эсэх нь мэдэгдэхгүй байсан ба хохирогчийн төлөөлөгч надад мэдэгдэж байгаагаар ямар ч бүртгэл мэдээлэл хийхгүй, энэ асуудлыг үл хүлээн зөвшөөрсөн, үгүйсгэсэн байр суурьтай байсан. Иймд хохирогчийн төлөөлөгчийн хувьд би ослын акт тогтоолгох хугацаа дуусах дөхөөд байгаа учир энэ асуудлаар Засгийн газраас 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шинэчлэн батлагдсан 269 дүгээр тогтоолыг үндэслэн “Мистер пицца” ХХК-ийг энэхүү тогтоолд заасан үүргээ биелүүлж, ослын акт тогтоож өгөх хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 16-нд “Мистер пицца” ХХК-д хандаж албан бичгээр хүсэлт гаргасан. Хүсэлт гаргаснаас хойш би утсаар болон биечлэн тус компанийн холбогдох албан тушаалтнуудтай уулзсан. Миний гаргасан хүсэлтэд хариу өгөхийг би хүсч байсан боловч мөн л акт тогтоох асуудлыг үгүйсгэсэн, үл хүлээн зөвшөөрсөн байдалтай байсан ба 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “2012 оны 12 дугаар сарын 08” гэсэн огноотой, 255 гэж дугаарласан “Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Равдан танаа” гэсэн хүсэлтийн хариуг өгсөн. Мөн “2012 оны 12 дугаар сарын 11” гэсэн огноотой 256 гэж дугаарласан “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 3-р хэлтэст, тайлбар хүргүүлэх нь”, 2012 оны 12 дугаар сарын 11” гэсэн он сартай, 256а гэж дугаарласан “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 3-р хэлтэст, ажлын хөлсний талаар” гэсэн бичгийг замын цагдаагийн газарт явуулсан гэж хуулбарыг надад өгсөн. Миний хүсэлтийн дагуу надад хариу өгсөн 255 дугаарын албан бичигт “Бид өмнө нь Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байсанчлан тухайн өдөр талийгаач Б.Санчирдорж нь зам тээврийн осолд өртөхдөө ажил үүргээ гүйцэтгэж яваагүй, хөдөлмөрлөх үүргээ биелүүлээгүй байсан болно. Энэ талаар бид холбогдох нотлох баримт, мэдүүлгүүдийг Цагдаагийн байгууллагад албан ёсоор гаргаж өгсөн билээ” гэсэн байх ба энэ нь Монгол улсын холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн албан бичиг гэж би үзсэн. Учир 269 дүгээр тогтоолын 2.1.5-д зааснаар “Ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтанд оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед” ажлын цагт тооцож акт тогтооно гэж заасан байх ба үүнийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын байцаагч нараас лавлаж тодруулахад “тэгэж тооцож ОМ тогтоох ёстой” гэж иргэн надад хэлсэн. Ингээд би ослын акт тогтоолгох асуудлаар Улаанбаатар хотын Цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаагчид ОМ тогтоолгох шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд хэргийн байцаагч миний хүсэлтийг хангаж Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандсан боловч татгалзсан хариу өгсөн байна. Ингээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний бие нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай очиж уулзан тэдний зөвлөсөний дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт “Үйлдвэрлэлийн осолын акт тогтоолгуулах тухай гомдол” гаргасан бөгөөд энэхүү гомдлыг шийдвэрлүүлэхээр тус байгууллагын  удирдлага нь байцаагч Ч.Туяад хариуцуулсан. Гэтэл Ч.Туяа байцаагч амаар “Бид хөндлөнгөөс ослын акт тогтоож өгөх эрхгүй, талийгаачийг ажиллуулж байсан байгууллага нь энэ ослыг ажлын осол мөн эсвэл биш гэдгийг Засгийн газрын 269 дүгээр тогтоолын дагуу зөвшөөрсөн эс зөвшөөрсөн ослын актыг заавал гаргаж өгөх үүрэгтэй. Энэ үүргийг нь Цагдаагийн байгууллага буюу хэргийг шалгаж байгаа байцаагч заавал гаргуулан авах ёстой гэж хэлсэн. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бидний гаргасан “Ослын акт тогтоолгох гомдол”-д бичгээр 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 02-02/3924 тоот албан хариу ирүүлсэн бөгөөд энэхүү хариунд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус байнгын комисс ажиллуулна” гэж заасны дагуу “Мистер пицца” ХХК нь үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж, акт тогтоох үүрэгтэй. Мөн хуулийн 29.3 дахь заалтын дагуу “Үйлдвэрлэлийн ослын акт” тогтоосны дараа Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч тус актыг хянан шийдвэрлэх болно гэж хариу ирүүлсэн. Ингээд дээр хэлсэнчлэн “Мистер пицца” ХХК нь цагдаагийн байгууллагын шаардлагыг биелүүлэхгүй явсаар дээрх эрүүгийн хэрэг прокурорын байгууллагаар дамжин шүүхэд ирсэн. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр болж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 90 дугаартай “Шийтгэх тогтоол” гарсан. Уг тогтоолын 6-д “Иргэний хуулийн 497.1, 508.1, 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Ганбаяр, иргэний хариуцагч Х.Болдбаатар нараас нийт 4,286,230 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Равданд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохирол, үйлдвэрлэлийн ослын акт гаргуулах тухай нэхэмжлэлээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэжээ. Иймд “Мистер пицца” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 29.5 дахь заалт буюу “Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчиж, хуулийг уландаа гишгэж байгаа тул ийнхүү шүүхийн байгууллагад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч би хандаж байна. Монгол улсын Засгийн газрын 269 дүгээр тогтоолын 7.2-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт дүгнэлт нөхөн гаргахгүй” гэж заасан байгаа ба “Мистер пицца” ХХК нь ийнхүү 6 сарын хугацааг элдэв зальт арга хэрэглэн өнгөрөөхийг оролдож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний бие нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 29.5 дахь заалтыг хангуулах хүсэлт гаргаад байгаа нь ослын акт тогтоолгож, актын дагуу Монгол улсын Засгийн газрын 269 дүгээр тогтоол, Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2 дугаар зүйл, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх, 2.1-т заасан эрхийг хангуулж, хуулиар олгогдох ёстой Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” олгоно гэж заасны дагуу хохирогчийн өмнөөс хуульд заасан нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхийг хуулиар надад олгосныг үндэслэж “Мистер пицца” ХХК-иас хуульд заасан нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Шүүхээс нэхэмжлэгч миний хүсэлтийг хүлээн авч 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хурал болсон бөгөөд уг шүүх хурлаас нэхэмжлэгч намайг “Хохирогчийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг олгосон баримтгүй гэж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд би хохирогчийн ээж болох хохирогчийн төлөөлөгч, миний төрсөн эгч Д.Бямбадолгороос итгэмжлэл авснаар Д.Равдан миний бие иргэний хэрэгт төлөөлөх эрхтэй боллоо.  Иймд “Мистер пицца” ХХК-иас хуульд заасны дагуу нөхөн төлбөр болох 53,251,560 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэм хорын хохирлын төлбөрийг “Мистер пицца” ХХК-ийн ахлах нягтлан бодогч Д.Буяннэмэхийн тооцон гаргаж өгсөн, хохирогч талийгаач Б.Санчирдоржийн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ажлын хөлсийг тооцон гаргасан цалингийн хавтгайг үндэслэсэ. 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр дуустал 13 өдөр ажилласныг энэ хугацаанд авсан нийт цалин 641,000 төгрөгт хувааж, 1 өдрийн дундаж цалин 49,307 төгрөгийг гаргасан. Гаргасан өдрийн дундаж цалингаа 30 хоногоор үржүүлж, 1 сарын дундаж цалин 1,479,210 төгрөгийг, сарын дундаж цалингаа 12 сараар үржүүлж жилийн дундаж цалин 17,750,520 төгрөгийг, жилийн дундаж цалингаа 3 жилээр үржүүлж нийт 53,251,560 төгрөгийн гэм хорын төлбөрийг тооцон гаргасан болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Равдан болон өмгөөлөгч Б.Цолмон нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр манай дүү ажлаа тарж яваад осолд орж, амь насаа алдсан. Энэ асуудлын хүрээнд бид ажлын газарт нь хандаж ослыг зохих журмын дагуу бүртгэж өгөхийг “Мистер пицца” ХХК-иас удаа дараа шаардсан боловч хариуцагч компанийн зүгээс “манайд хамаагүй, манай компани бүртгэхгүй” гэсэн. Хариуцагч компанийн буруугаас болж бид 36 сарын нөхөн төлбөрийг авч чадаагүй учраас нөхөн олговорын асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хөдөлмөрийн  тухай  хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар ажил олгогч нөхөн олговор олгох үүрэгтэй байдаг ч энэ үүргээ хариуцагч биелүүлэхгүй байгаа. Хариуцагч талаас эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтыг үгүйсгэж, худал тайлбар өгч байсан. Эрүүгийн хэргийн шүүх хохирогчийн хэргийг шийдээд 4,286,230 төгрөгийг шүүгдэгч н.Ганбаяр, хариуцагч н.Болдбаатараас гаргаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Равданд олгосон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэл санааны хохирол болон үйлдвэрлэлийн ослын акт гаргуулах тухай нэхэмжлэлээ иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж эрхийг нь нээж өгсөн. Үүний дагуу бид шүүхэд хандсан. Хариуцагч  байгууллагаас талийгаачтай “манай байгууллага хамтран ажиллах гэрээг байгуулж, ажиллаж байсан” гэж тайлбарласан. Гэтэл талуудын хооронд хамтран ажиллах гэрээ биш харин хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний агуулгыг тусгасан гэрээ байгуулан ажилласан. Хамтран ажиллах гэрээ нь талууд ашгаа хуваарилах, алдагдалд орвол алдагдлаа хариуцах, хамтын удирдлагын байгууллагаа байгуулах зэрэг нарийн зохицуулалттай байдаг. Хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч ажилтныг ажиллах нөхцөлөөр хангаж, цалин хөлс олгох үндсэн зохицуулалттай. Үүнийг хариуцагч байгууллага мушгиж яриад байгаа юм. Хөдөлмөрийн тухай  хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар  нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгохоор зохицуулсан тул нөхөн олговорыг хохирогчийн ар гэр авах эрхтэй. Автомопедыг байгууллагын зүгээс пицца хүргэгч нартаа хангалтаар өгдөг бөгөөд тухайн байгууллагын өмчлөлийн тээврийн хэрэгсэл байдаг. Хариуцагч байгууллага хүргэлтийн мопедыг жолооч нартаа ажилд нь зориулан өгсөн. Хариуцагч байгууллагаас “хохирогч хүний мопедыг унаж яваад осолд орсон” гэж ярьдаг. Гэтэл Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар “Мистер пицца” ХХК-ийг татсан. Компанийг төлөөлж н.Гантулга гэж хүн орсон. н.Гантулга нь тухайн компанид пицца хүргэдэг жолооч нарыг хариуцаж ажилладаг байсан ба цагдаагийн байгууллагаас н.Гантулгыг байцаахад “...тухайн авто мопедыг Япон улсаас худалдан авсан. Манай байгууллагынх” гэж мэдүүлсэн. Цагдаагийн байгууллага н.Гантулгаас “та жолооч нарыг хариуцдаг юм байна, эдгээр хүмүүстэй хөдөлмөрийн эрх зүйн ямар харилцаа үүсгэдэг юм бэ” гэхэд тэрээр “...би жолооч бүрт код өгдөг. Уг  кодын  дагуу цалин хөлс бичигдэж, санхүүд очдог” гэж хэлсэн байдаг. Талийгаач осолд ороход унаж явсан мопедыг өмнө  н.Цогтбаяр гэж хүн унадаг байсан. Цагдаагийн байгууллагаас н.Цогтбаярын гэрчээр байцаахад “...би мопедыг унаж яваад байгууллагын менежер н.Гантулгад хүлээлгэж өгсөн, н.Гантулга талийгаачид өгсөн. Миний код 33 гэсэн тоотой байсан. н.Гантулга уг мопедыг талийгаачид өгөхдөө 133 гэсэн код өгсөн. Бид кодынхоо дагуу цалин хөлсөө авдаг...” гэсэн гэрчийн мэдүүлэг өгсөн. Үүнээс үзэхэд талуудын хооронд яалт ч үгүй хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна. Шүүхээс талийгаач гэр бүлтэй, хүүхэдтэй байсан эсэхийг бүрэн шалгасан. Талийгаачид олгогдох ёстой 36 сарын нөхөн олговрыг хохирогчийн ар гэр буюу ээж нь авах ёстой нь баримтаар нотлогдож байгаа. Бидний хувьд “хууль бус аргаар мөнгө авна” гэсэн хүсэл байхгүй, хуульд зааснаар нөхөн олговор авах хүсэлтэй байна. Бидний тооцоогоор 36 сарын нөхөн төлбөрт 53,251,560 төгрөг шаардах эрхтэй байгаа юм. Энэ нөхөн төлбөрийн тооцоог “Мистер пицца” ХХК-ийн ахлах нягтлан бодогчийн санхүүгийн тамга, тэмдэгтэй баримтад тулгуурлаж гаргасан. “Мистер пицца” ХХК нь талийгаачийг нийт 13 өдөр ажиллаж 641,000 төгрөгийн цалин авсан гэдгийг өөрсдөө баталгаажуулж цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн, энэ тоон дээр ч хариуцагчийн төлөөлөгч маргахгүй байгаа. Иймд Хөдөлмөрийн тухай  хуулийн 97 дугаар зүйлийн  97.1.2-т заасны дагуу нөхөн олговрыг “Мистер пицца” ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч Д.Равдангийн “Мистер пицца” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Нэгдүгээрт: “Мистер пицца” ХХК-ийг хохирогч Б.Санчирдоржийн зам тээврийн осолд өртсөнтэй холбогдуулан ОМ буюу үйлдвэрлэлийн ослын акт дүгнэлт гаргуулах шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ. Б.Санчирдорж нь тус компанид 2014 онд түр хугацаагаар ажиллаж байхдаа ажлын хариуцлагагүй байдал гаргаж, компанид 200 гаруй мянган төгрөгийн өр тавьж, хохирол учруулан ажлаа орхиж явсан бөгөөд 2015 онд эргэж ажиллахдаа гэрээ байгуулахаас татгалзан, 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 13-ны хооронд сар хүрэхгүй хугацаанд түр хугацаагаар хүргэлтийн ажил гүйцэтгэсэн байдаг. Бидний зүгээс хүргэлтийн үйлчилгээнд мопедоор үйлчилдэг жолооч нартай “Автомопед түрээслэх гэрээ” байгуулж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажилладаг бөгөөд гэрээ байгуулагч нь мопедыг өөрийн нэр дээр шилжүүлэх нөхцөлтэйгээр лизингээр гэрээлж, пицца хүргэлтийн үйлчилгээг гүйцэтгэдэг. Хохирогч Б.Санчирдорж нь богино хугацаанд, түр ажиллахаар компанийн менежер А.Гантулгаас “хэдэн хоног мөнгө хийх хэрэгтэй байна. гэрээ байгуулмааргүй байна” гэж гуйн, тус компанийн хүргэлтийн жолооч н.Цогтбаярын нэр дээр гэрээтэй мопедыг компанийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр авч, хүргэлтийн үйлчилгээнд явсан. Энэ талаар эрүүгийн хэргийн материал, шийтгэх тогтоолд дурдсан байгаа. 2014 онд Б.Санчирдоржтой “Хөдөлмөрийн гэрээ” бус, “хамтран ажиллах гэрээ” байгуулж байсан бөгөөд уг гэрээг бид хууль шүүхийн байгууллагад мөн гаргаж өгсөн.  Өөрөөр хэлбэл, энэхүү асуудал нь хөдөлмөрийн гэрээний харилцаа бус хамтран ажиллах гэрээгээр жолооч өөрийн хувийн автомашинаар, эсвэл мопед лизингээр авах нөхцөлтэйгээр бүтээгдэхүүн хүргэх үйлчилгээг гүйцэтгэдэг тул Хөдөлмөрийн хуулийн 97.1.2-т заасан нөхөн төлбөрийг шаардах хууль зүйн үндэслэлгүй. Хүргэлтийн жолооч нар өөрсдийн автомашин, мопедны засвар үйлчилгээ, техникийн бүрэн бүтэн байдал, шатахуун түлшийг 100 хувь хариуцан хамтран ажиллах гэрээний үндсэн шаардлага, эрх үүргийг хүлээж энэхүү харилцаанд оролцдог тул хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй байдаг. Тиймээс энэхүү хэрэгт хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсэх боломжгүй. Хөдөлмөрийн хуулийн ажил олгогчид ногдуулдаг хариуцлагыг нэхэмжлэлийн шаардлага болгосон нь үндэслэлгүй. Нөгөө талаар энэхүү хэрэгт “Мистер пицца” ХХК-ийн гэм буруугийн шинж  нотлогдоогүй, хохирогчид шууд санаатай гэм хор, хохирол учруулсан гэж тогтоогдохгүй байхад ийнхүү нөхөн төлбөр шаардаж буй нь хууль зүйн хувьд үндэслэлгүй шаардлага гэж үзэж байна. Б.Санчирдорж нь ажил үүргээ хариуцлагатай, тогтвортой гүйцэтгэдэггүй, гэрээ байгуулж албан ёсоор хариуцлага хүлээж ажиллах сонирхолгүй байдаг байсан. Өмнө хамтран ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байхдаа компанид хохирол учруулж, бүтээгдэхүүний орлого тушаалгүй, хувьдаа завшин, ажил хаяж явсан бөгөөд уг хохирлыг түүнийг анх ажилд оруулсан тус компанийн хүргэлтийн жолооч Б.Нямдорж төлж барагдуулсан.

Хоёрдугаарт: “Мистер пицца” ХХК нь Б.Санчирдоржид холбогдох хэрэгт ОМ буюу үйлдвэрлэлийн ослын акт, дүгнэлт гаргахад хууль зүйн хувьд боломж, үндэслэлгүй бөгөөд энэ талаар албан бичгээр, уулзалтын үед ч тайлбарлаж, мэдэгдсэн. Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 3.2-т “Хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, хоршоо, нөхөрлөлийн гишүүн хөдөлмөр эрхлэх явцад үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан комисс тухайн гарсан осол, хордлогыг судлан бүртгэж, акт тогтооно”, мөн дүрмийн 1.9-д “Осолдогч ажил, үүргээ гүйцэтгэж байх үедээ зам тээврийн осолд орсон тохиолдолд ослыг замын цагдаагийн байгууллагын дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч судалж баталгаажуулна”, дүрмийн 3.16-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас ажилтны эрүүл мэндэд хүнд гэмтэл, бэртэл учирсан, нас барсны улмаас мэргэжлийн байгууллагын шинжилгээ, магадлагаа шаардлагатай бол ажлын 21 хоногийн дотор судлан бүртгэнэ” гэж тус тус заасан байх бөгөөд эндээс үзэхэд нэгдүгээрт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаагүй ажил, үүрэг гүйцэтгэгчийн осолтой холбоотой ОМ буюу үйлдвэрлэлийн ослын акт, дүгнэлтийг ажил олгогч гаргадаггүй, хоёрдугаарт зам тээврийн осолтой холбоотой үйлдвэрлэлийн осолд манай компани ОМ гаргах эрхгүй болох нь тодорхой тогтоогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч буюу хохирогчийн төлөөлөгч Д.Равдан нь ОМ гаргуулах хүсэлтийг “Мистер пицца” ХХК-д бус тухайн дүүргийн комиссоос, мөн  хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаас шаардан гаргуулах хууль, эрх зүйн зохицуулалттай байгаа юм. Түүнчлэн тухайн осолтой холбоотой ослын дүгнэлтийг 21 хоногийн дотор судлах хуулийн хугацаа нь ч өнгөрсөн байгаа юм. Энэ талаар өмнө нь иргэн Д.Равданд, цагдаагийн байгууллага болон шүүхэд тодорхой тайлбарлаж, бичгээр мэдүүлэг гаргаж өгсөн. Хэрвээ энэ тохиолдол нь зам тээврийн осол биш байсан бол бидний зүгээс нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж холбогдох акт, дүгнэлтийг гаргахад татгалзах зүйлгүй  байсан. Гэтэл дээр дурдсан  Засгийн  газрын тогтоолын заалтуудын дагуу зам тээврийн осол болон хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээний дагуух үйлдвэрлэлийн ослын бүртгэл, дүгнэлтийг гаргах этгээд нь холбогдох төрийн байгууллагын комисс, ажилтан байгаа тул нэхэмжлэгч нь тэдгээрт хандах ёстой байсан гэж үзэж байна. Иймээс “Мистер пицца” ХХК нь дээрх эрх зүйн зохицуулалтын  дагуу Б.Санчирдоржийн осолтой холбоотой ОМ буюу үйлдвэрлэлийн ослын акт, дүгнэлтийг гаргах үндэслэлгүй гэж үзэж, энэ талаар удаа дараа тайлбарлаж байсан болно. Үйлдвэрлэлийн ослын даатгал, тэтгэмжийн асуудал бол компаниас шууд гардаг төлбөр биш, улсын нийгмийн даатгалын сангаас төлөгддөг асуудал бөгөөд манай компани нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан ОМ буюу үйлдвэрлэлийн ослын акт, дүгнэлтийг гаргахаас зайлсхийж, хугацаа хожсон, хохирогчийг чирэгдүүлж, залхаасан зүйл байхгүй билээ.

Гуравдугаарт: Манай компаниас өмнө нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж байсанчлан, тухайн өдөр Б.Санчирдорж нь зам тээврийн осолд өртөхдөө ажил үүргээ гүйцэтгэж яваагүй, хөдөлмөрлөх үүргээ биелүүлээгүй байсан гэж бид үзэж байгаа юм. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.5-д “ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед; тайлбар: Энэ ослыг судлан бүртгэхдээ энэхүү дүрмийн 2.1.5-д дурдсан нөхцөл байдлын чиглэл, маршрут, цаг хугацаа зэргийг үндэс болгоно” гэж заасан байна. “Мистер пицца” ХХК-ийн хүргэлтийн жолооч нарын мөрдөж ажиллах журмын 14-т “Хүргэлтийн жолооч нь тухайн өдрийн тээвэрлэн хүргэсэн бүтээгдэхүүнийхээ тооцоог ямар ч тохиолдолд тэр өдөртөө багтаан заавал хийж байна. Энэхүү заалтыг зөрчсөн тохиолдолд “Хамтран ажиллах гэрээ”-г цуцлах хүртэл шат дараалсан арга хэмжээг авна”, 3.5-д “Касстай тооцоо нийлж гарын үсгээр баталгаажуулснаар тухайн өдрийн ажил дуусах ба ажлаас бууж буй эсэхээ ээлжийн ахлахад албан ёсоор мэдэгдэж хасалт хийлгэн бүртгүүлнэ” гэж тус тус заасан байдаг. Хохирогч Б.Санчирдорж нь эдгээр журмын заалтыг сайн мэдэж байсан, учир нь хүргэлтийн жолооч бүр “хамтран ажиллах гэрээ”-ний дагуу тухайн өдрийн орлогыг өдөрт нь багтаан компанид тушаах ёстой байдаг бөгөөд тэрээр ослын өмнөх өдрийн орлогыг мөн компанид тушаагаагүй тул дараа өдөр нь торгууль төлж тушаасан баримт байдаг. Үүнийг бид баримтаар энд хавсарган оруулж байна. Б.Санчирдорж нь осол болсон өдөр 23 цагт оройн СЭЗДС-ийн замын урд оюутны хотхоны дунд байрлах “Стрийт 63” зочид буудалд хүргэлтийн үйлчилгээ хийгээд тухайн өдрийн нийт орлого болох 138,500 төгрөгийг компанид тушаах ёстой байтал тушаахгүйгээр “Өргөө” кинотеатрын уулзвар буюу осол гарсан газрын зүг явсан байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Санчирдорж нь тухайн газарт дуудлага аваад яваагүй байсан, мөн тэрээр орлогоо тушаалгүйгээр явж байсан тул ажил тарсан гэж үзэхгүй, харин өөрийн дураар өөр бусад зорилгоор явж байсан гэж үзэх үндэстэй байгаа юм. Хэрвээ мөнгө тушаах байсан бол шууд төв замаараа яваад компанийн төвд мөнгөө тушаах байсан. Энэ талаар бид холбогдох нотлох баримт, мэдүүлгүүдийг цагдаагийн байгууллагад албан ёсоор гаргаж өгсөн билээ.

Дөрөвдүгээрт: Нэхэмжлэгч Д.Равдан нь “Мистер пицца” ХХК-ийг гэм хор учруулсан хэмээн нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-д “Б.Ганбаяр нь тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж бусдын амь насыг хохироосон гэм буруутайд тооцсугай”, мөн уг шийтгэх тогтоолын 9 дүгээр хуудсанд “Амь хохирогч Б.Санчирдоржийн ажил олгогч Мистер пицца ХХК-иар үйлдвэрлэлийн ослын акт гаргуулах, сэтгэл санааны хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Ганбаярын гэм буруутай үйлдлийн улмаас Б.Санчирдоржийн амь нас хохирсон боловч тухайн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй, түүнчлэн нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байгаа дээрх хохирлуудын асуудлыг энэ хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй” гэж тус тус тэмдэглэсэн. Энэ нь хохирогч Б.Санчирдоржийн амь нас хохирсонд зам тээврийн осол гаргасан Б.Ганбаяр шууд гэм буруутай болохыг, мөн “Мистер пицца” ХХК гэм хор учруулсан гэх үндэслэлгүй болохыг баталгаажуулж байгаа юм. Нөгөө талаар Б.Санчирдорж нь манай компанид пицца хүргэлтийн үйл ажиллагаа ямар журмаар, яаж явагддагийг маш сайн мэдэх тул тухайн өдөр мопед унахдаа хамгаалах каскыг зүүгээгүй байсан нь өөрийгөө эрсдэлд оруулах нөхцөл болсон, мөн урдьчилан сэргийлэх арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй гэж үзэж болно. Учир нь хохирогч Б.Санчирдорж нь “Мистер пицца” ХХК-ийн хүргэлтийн жолооч нарын мөрдөж ажиллах журмын 1.4-т “Ажилд гарч, замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, бэлэн байдлыг хангаж, хамгаалах хэрэгслийг /аюулгүйн бүс зүүх, каск өмсөх гэх мэт/ хэрэглэн замын хөдөлгөөний дүрмийг чанд сахиж, осол аваар гаргалгүй ажиллах үүрэг хүлээнэ” гэсэн заалтыг зөрчиж, тухайн үед хамгаалах хэрэгслийг зүүгээгүй явсан өөрийнх нь гэм буруугийн асуудлыг энд мөн анхаарах шаардлагатай. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2-т зааснаар ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх; ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх; өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх; ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах үүрэгтэй байдаг. Б.Санчирдорж хамгаалах каскыг зүүж явах үүргээ биелүүлээгүй нь компанийн холооч нарын мөрдөх журмыг зөрчсөн гэж үзэх үндэстэй. Компанийн “Автомопед түрээслэх гэрээ”-нд “Түрээслэгч нь түрээсийн мопедийг ашиглахдаа хамгаалалтын каск, хүргэлтийн үйлчилгээний хантааз, цүнхийг заавал ашиглах үүрэгтэй. Жолоочийн хариуцлага болон замын хөдөлгөөний үндсэн дүрмийг мөрдөж ажиллана, гарсан зөрчил болон аваар осолтой холбоотой асуудлыг түрээслэгч тал бүрэн хариуцах үүрэгтэй” гэж, мөн Б.Санчирдоржтой 2014 онд байгуулж байсан “Хамтран ажиллах гэрээ”-нд “Хүргэлтийн жолооч нь компанийн дотоод журам, хүргэлтийн жолоочийн мөрдөх журмыг хатуу мөрдөж ажиллах үүрэгтэй”, “Хүргэлтийн баримтан дээрх үнийн дүнг өөрчлөх, засварлах эрхгүй ба захиалгын дагуу хүргэсэн бүтээгдэхүүний төлбөр тооцоог тухайн өдөрт нь багтаан хийх үүрэгтэй” гэсэн заалтууд байдаг бөгөөд манай компаниас бүх жолооч нартаа эдгээр нэгдсэн шаардлагыг тавьдаг, Б.Санчирдорж ч үүнийг сайн мэдэж байсан. Тухайн өдөр Б.Санчирдорж нь хүргэлтийн тооцоог компанид тушаагаагүй, мөн хамгаалах каск хэрэглээгүй тул дээрх бүх заалтуудыг зөрчсөн гэдэг нь тогтоогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл, хохирогчийн өөрийн гэм буруугийн асуудал энд яригдах нь тодорхой бөгөөд харин нэхэмжлэгч Д.Равдангийн “Мистер пицца” ХХК Б.Санчирдоржид ямар гэм хор учруулсан гэж үзээд байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байгаа. Үүнээс гадна, нэхэмжлэгч тал үйлдвэрлэлийн ослын дүгнэлт шаардаж буйтай холбогдуулан нийгмийн даатгалын сангаас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг олгох хууль зүйн шаардлага хангагдсан эсэхийг ч мөн харгалзах хэрэгтэй болно. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэвэл зохих хугацаанд дур мэдэн өөр ажил гүйцэтгэх болон ажлын байраа орхиж яваад, түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний болон хөдөлмөрийн аюулгуй ажиллагааны горимыг санаатай зөрчсөний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд түүнд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй” гэж заасан байна. Эндээс дүгнэхэд, нэхэмжлэгч Д.Равдангийн “Мистер пицца” ХХК-ийг гэм хор учруулсан гэж үзсэн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй, үндэслэлгүй байгаа юм. Тодруулбал, нэхэмжлэгч Д.Равдангийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хангахгүй байгааг шүүх анхаарч үзнэ гэж итгэж байна.

Тавдугаарт: “Мистер пицца” ХХК-ийн зүгээс хохирогч Б.Санчирдоржийг осолд орсонд гүнээ харамсч буйгаа албан ёсоор илэрхийлж, ар гэрт нь сэтгэлийн хандив болгон 200,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Нөгөө талаар энэ хэрэг явдлаас шалтгаалан манай компани ч өөрөө хохирсон бөгөөд тухайн өдөр унаж явсан мопедны үнэлгээ болох 210,000 төгрөг, мөн хүргэлтээр авсан бүтээгдэхүүний тооцоо нийлээгүй дүн болох 138,500 төгрөг, нийтдээ 348,500 төгрөгөөр компани хохироод байгаа ч бид талийгаачид болсон явдлыг хүндэтгэж үзээд, энэ хохирлын талаар нэхэмжлээгүй. Хохирогчийн биедээ авч явсан бүтээгдэхүүний төлбөр болох 138,500 төгрөгийг хохирогчийн ар гэрийнхэн хүлээн авсан гэж үзэж байгаа. Гэтэл нэхэмжлэгч Д.Равдан нь хууль эрх зүйн зохицуулалт, болсон хэрэг явдал, фактыг зөвөөр ухамсарлан ойлгохын оронд зөвхөн “Мистер пицца” ХХК-ийг бүх талаар буруутган, нас барсан хүний нэрийг барин, ямар ч аргаар хамаагүй мөнгө авахын төлөө улайрч, увайгүй аашилж байгаад харамсаж байна. Иймд, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомжийг үндэслэл болгон, нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлж, нэхэмжлэгч Д.Равдангийн “Мистер пицца” ХХК-д холбогдуулан гэм хорын төлбөрт 53,251,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Саандарь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай байгууллагатай хамтран ажиллах гэрээг байгуулж, өөрийн хувийн машинаар пицца зөөж байгаад 1 сар хүрэхгүй хугацаанд бүтээгдэхүүний мөнгийг авч хувьдаа завшин, улмаар ажлаа хаяаад явсан. Талийгаач 2015 оны 7 дугаар сард манай компанид ахин буцаж ирээд менежер н.Гантулгаас “намайг хэд хоног ажиллуулаач” гэж гуйсан байдаг. Тухайн үед талийгаачтай хамтран ажиллах гэрээг байгуулж байсан нягтлан бодогч, менежер нар солигдсон байсан ба ажилд шинээр орсон менежер н.Гантулга талийгаачийн байгууллагад учруулсан хохирлыг мэдэлгүй ажилд ахин авсан байдаг. Манай компанийн хүргэлтийн ажлыг хувийн машинтай хүмүүс өөрсдийн бензин, засвар үйлчилгээ, өөрсдийн хоол ундаа хариуцаад явдаг. Пицца хүргэгч нар нэг хүргэлт тутмаас 3,500 төгрөг авах байдлаар бидэнтэй хамтарч ажилладаг. Үүнд ямар ч хөдөлмөрийн гэрээ байгуулах эрх зүйн үндэслэл байхгүй. Талийгаач тэр үед машингүй байсан учраас н.Цогтбаяр гэдэг хүргэгчээс мопед аваад зөөлт хийсэн. Түүнээс бус бид талийгаачтай ямар ч эрх зүйн харилцаанд ороогүй. Бид талийгаачтай нэг удаа л буюу 2014 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан ч гэрээний хугацаа нь дууссан. Талийгаач осолд орох үедээ манайхаас 133 дугаартай код аваад явсан нь үнэн. Бид тооцоо хийхдээ тулгаж, мөнгөө авах үүднээс хүргэгч нарт тус бүрд нь код өгдөг.  Үйлдвэрлэлийн ослыг бид бүртгэхгүй. Үйлдвэрлэлийн ослыг манайх бүртгэх ёстой байсан боловч тухайн осол ажлын байранд болоогүй. Уг зам тээврийн ослыг Замын цагдаагийн газар хариуцаж бүртгэх ёстой байсан. Манайх ослын акт тогтоох субъект биш. Нэхэмжлэгч тал гомдол гаргах ёстой байсан бол замын цагдаагийн газрын байцаагчтай ярих байсан. Шүүхэд бичгээр дэлгэрэнгүй гаргасан тайлбараа бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт  цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бямбадолгор хариуцагч “Мистер пицца” ХХК-д холбогдуулж 53,251,560 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч компанийн буруугаас болж бид Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан 36 сарын нөхөн төлбөрийг авч чадаагүй” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх ба “...талийгаач болон хариуцагч байгууллагын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй”, “...зам тээврийн осол нь ажлын байранд болоогүй, талийгаач пиццаны буюу бараа бүтээгдэхүүний үнийг байгууллагад ирж тушаалгүй, байгууллагын дотоод журмыг зөрчиж шууд гэртээ харьж байх үедээ осолд орж амь насаа алдсан”, “...бид ослын актыг тогтоох ёстой субьект биш” гэж өөрийн татгалзлын үндэслэлээ тайлбарлав.

 

Хэрэгт цугларсан баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Талийгаач Б.Санчирдорж 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 17 минутад “Мистер пицца” ХХК-иас хүлээн авсан захиалга буюу “Ананас тахиан махтай пицца”-г Баянзүрх дүүрэг, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн замын урд, “стрийт 63 зб 504” тоотод хүргэж өгөөд буцаж явахдаа зам тээврийн осолд орж, амь насаа алджээ. 

 

Тодруулбал, 2015 оны 8 дугаар сарын 13-ны шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Хасбаатарын гудамж, “Өргөө” кино театрын арын замын уулзвар дээр иргэн Б.Ганбаяр “Хьюндай соната-5” маркийн 30-75 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.10-д “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс нь чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Мистер пицца” ХХК-ийн хар өнгийн, улсын дугааргүй мопедтой мөргөлдөж, мопедийн жолооч Б.Санчирдоржийн амь насыг хохироосон болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогджээ /хх 27-31 хуудас/.  

 

Хариуцагч “Мистер пицца” ХХК нь түргэн хоолны үйлчилгээ эрхэлдэг, талийгаач Б.Санчирдорж нь зам тээврийн осолд орох үедээ хариуцагч байгууллагаас олгосон 133 кодоор дамжуулж хүргэлтийн үйлчилгээг хийж байсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж, хуулийн үйлчлэх хүрээг тус хуулийн 4 дүгээр зүйлд хуульчилжээ. Энэ хууль нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан  ажил олгогч, ажилтан нарын хооронд үйлчлэхээс гадна хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр ажил хөдөлмөр эрхэлж буй Монгол улсын иргэнд үйлчлэхээр заасан тул хариуцагчийн “...бид талийгаачтай хөдөлмөрийн гэрээний харилцаанд ороогүй”, “...өмнө нь хамтран ажиллах гэрээний дагуу ажиллаж байсан” гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11-д зааснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтөлж, холбогдох байгууллагад мэдээлж байх, 28.1.15-д зааснаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох үүрэгтэй байна.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29.5-д “Ажил олгогч ...29.2-т заасан үүргээ биелүүлээгүй ...бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ” гэж тус тус заажээ.  

 

Ажил олгогч “Мистер пицца” ХХК-иас осол гарсны дараа Засгийн газраас тогтоосон журмын дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус комиссыг байгуулж ажиллуулаагүйн улмаас ажилтан Б.Санчирдоржийг үйлдвэрлэлийн осолд өртсөн эсэхийг тогтоогоогүй, акт, дүгнэлт гаргах хугацааг өнгөрүүлсэн байх тул ажилтны гэр бүлийн гишүүн шүүхэд хандсан нь дээрх хуулийн заалттай харшлаагүй байна.

 

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно” гэж, 2.1.5-д “ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед” гэж тус тус заажээ.

 

Ажилтан Б.Санчирдорж “Мистер пицца” ХХК-ийн хүлээн авсан захиалгыг хүргэж өгөөд буцаж явах замдаа амь насаа алдсан тул энэхүү үйл явдлыг дээрх дүрмийн 2.1.5 дахь хэсэгт зааснаар “үйлдвэрлэлийн осол” гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд нас барсан ажилтны ар гэр буюу нэхэмжлэгчид үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирлыг нөхөн төлөх талаар зохицуулсан зохицуулалт болох Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2 дахь хэсгүүдэд зааснаар шаардах эрх үүсчээ. 

 

Нэхэмжлэгч Д.Бямбадолгор нь талийгаач Б.Санчирдоржийн төрсөн эх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон, талийгаач нь эхнэр, хүүхэдгүй болох нь хэрэгт цугларсан Улсын бүртгэлийн төв архивын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №103/001350 тоот “гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа”, Оюуны өмч, улсын бүртгэлийн  Ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12/1137 тоот албан бичиг, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол”, “иргэний нэхэмжлэгчээр тогтоох тогтоол” зэрэг баримтуудаар нотлогджээ /хх172, 173, 175, 210, 211 хуудас/.    

 

Ажилтнуудад хөдөлмөрийн хөлс олгох хэлбэрийг ажил олгогч нөхцөл байдалдаа тохируулан, сонгон хэрэглэх эрхтэйг буюу ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан. “Мистер пицца” ХХК нь захиалга хүргэлтийн жолоочийн ажлын хөлсийг нэгж үндсэн бүтээгдэхүүнд 3,500 төгрөгөөр тооцож бэлнээр олгодог ба энэ талаар зохигчид маргаагүй /хх 208 хуудас/.

 

Шүүх бүрэлдэхүүн хариуцагч “Мистер пицца” ХХК-иас Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр явуулсан “ажлын хөлсний талаар” 256а тоот албан бичгийг үндэслэж 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг дараах байдлаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Талийгаач Б.Санчирдорж нь 2015 оны 8 дугаар сард нийтдээ 11 хоног ажилласан байх ба энэ 11 хоногийн хугацаанд нийтдээ 526,000 төгрөгийн цалин хөлсийг авсан байх тул нэг өдрийн цалинг 47,818 төгрөг, 1 сарын цалинг 1,004,178 төгрөг гэж үзлээ  /526,000:11=47,818x21/. Иймд 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрт нийт 36,150,408 төгрөгийг хариуцагч “Мистер пицца” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгов. 

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба хариуцагч “Мистер пицца” ХХК-иас 338,702 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд нийцнэ. 

 

Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул талуудын хүсэлтийг үндэслэж хэргийг иргэдийн төлөөлөгчийн эзгүйд нь шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт харшлахгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэнийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.15 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Мистер пицца” ХХК-иас 36,150,408 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бямбадолгорт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,101,152 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 338,702 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

   

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Н.ХАНГАЛ

 

                ШҮҮГЧ                                                                      Ч.МӨНХЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД