Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2020/00051

 

Д.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00139 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 587 дугаар магадлалтай,

Д.У-ийн нэхэмжлэлтэй,

Б.С-ид холбогдох

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж ** тоот хаягт байршилтай 510,59 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-2206054656 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.С-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.У-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Могул скай ХХК-ийн захирал Д.Жаргалсайхантай 2012 онд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхонд байрлах 510,59 м.кв талбайтай, 1 ширхэг, 2 давхар үйлчилгээний барилгыг захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Захиалгаар ажил гүйцэтгэх гэрээнд төвийн төвлөрсөн дулаанд холбогдох хүртэл маргааны зүйл болж буй байрыг уурын зуухны зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн. Гэтэл Могул таун ХХК-ийн зүгээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй удааширсан бөгөөд хөөцөлдөж явсны эцэст 2017 онд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулаад өөрийн байрыг анх захиалсан зориулалтаар /үйлчилгээний/ ашиглах гэтэл уг байрны нэг давхарт СӨХ орсон, 2 давхарт нь хоёр айл амьдарч байсан. Могул скай ХХК-ийн зүгээс Могул таун хотхоныг төвийн дулаанд холбоогүй байсан учраас байрны оршин суугчтай маргаан гарч улмаар СӨХ-д уг байрны нэг давхарт орсон гэсэн тайлбар өгдөг. Д.У- СӨХ-ийг албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргах явцад Б.С- гэх айл 2 давхрын 80 м.кв талбайд оршин суудаг болох нь тогтоогдсон тул Б.С-ийг байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 510,59 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Д.У-ийн нэр дээр гарсан байгаа. Иргэний хуулийн 109 дүгээр зүйл, 110 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилждэг буюу баталгааждаг. Иймд Д.У-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж, Могул таун хотхонд байрлах үйлчилгээний барилгын 2 давхрын урд талын гаднах шатаар орох хэсэгт байрлах 80 м.кв талбайгаас Б.С-ийг албадан гаргуулж, үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.С-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Манай хадам эцэг Ч.Даваа Могул скай ХХК-ийн хүсэлтийн дагуу 2010 онд тус компанийн барьж байсан Зайсан дахь Могул таун хотхоны уурын зуухыг хариуцан ажиллуулахаар болж халаалтыг нь хянан ажиллуулж эхэлсэн. Ингэхдээ өөрийн шинэ бүтээлийн патентын дагуу ус халаах зуух хийж угсарч, ашиглалтад оруулж, Могул скай ХХК-ийн ерөнхий захирал н.Болдтой харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ерөнхий захирлын тушаалаар 80 м.кв талбайтай байрыг Ч.Даваад өмчлүүлэх шийдвэр гарч, уг байранд Ч.Даваа амьдарч байгаад 2016 онд нас барсан. Тус байранд одоо талийгаачийн эхнэр, хүүхдүүдийн хамтаар би амьдарч байгаа. Гэтэл Д.У- нь миний үл хөдлөх хөрөнгө гэж 510,59 м.кв талбайд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарган 80 м.кв талбайтай байрыг чөлөөлж өгөхийг шаардсан. Могул скай ХХК-ийн зүгээс Ч.Даваад танд байрыг өмчлүүлнэ, та санаа зоволтгүй ажлаа хийж бай гэсний дагуу Могул таун хорооллыг халуун дулаанаар хангаж, 2010-2016 оны хооронд Ч.Даваа тасралтгүй ажилласан юм. Ингээд Могул скай ХХК-ийн 2015 оны 75 тоот тушаалаар 80 м.кв талбайтай байрыг зуухны зөвлөх инженер Ч.Даваад өмчлүүлэх шийдвэр гарсан учир Могул коммуникэйшн ХХК-тай дулаан цахилгаанаар хангах гэрээ хийж, урсгал зардлыг цаг тухайд нь төлж ирсэн болно. Гэтэл энэ тушаалаар өмчлүүлсэн байрыг 2017 онд Д.У-т өмчлүүлсэн шийдвэр гаргасан байна. Иймд улсын бүртгэлийн гэрчилгээ гаргасан арга зам нь Эрүүгийн хуульд зааснаар залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байх тул хариуцагч талаас Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаад, гомдол гаргасны дагуу гэмт хэргийн шинжтэй байх үндэслэлтэй байна гээд хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байна. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн хэргийн журмаар шалгаж байгаа учраас иргэний хэргийг тус хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00139 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж ** тоот хаягт байршилтай 510,59 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-2206054656 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.С-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 587 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00139 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Б.С- улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд ...Шүүх хэргийг нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэх ёстой бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь “...80 мк-аас албадан гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх” гэсэн байхад шүүхийн шийдвэрт “...510,59 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-220605456 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.С-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй” гэж шаардлагаас давж шийдвэрлэсэн юм. Шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгч Л.Уранчимэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай үйл баримт тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна" гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа" заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулжээ. Өөрөөр хэлбэл уг нэхэмжлэлтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн талаар гомдол гаргасан болох нь Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай” тогтоолд маргаан бүхий обьектын хаягийг тодорхой дурдсан байхад нэхэмжлэгчид холбогдуулсан үйл баримт тогтоогдохгүй байна гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэн. Үүнийг давж заалдах шатны шүүхийн магадлалд “...нэхэмжлэгч Л.Уранчимэгт холбогдуулан маргааны зүйлтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа гэх үндэслэл байхгүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна'’ гэж дүгнэсэн бөгөөд магадлалыг амаар танилцуулахдаа “эрүүгийн журмаар шалгаж байгаа баримт байхгүй байна, сэжигтэн, яллагдагчаар татсан баримт байхгүй” гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм. Энэхүү тогтоол нь нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгааг нотлох бөгөөд яллагдагчаар татах тогтоолоор нотлох тухай ойлголт байхгүй юм. Хариуцагч талаас 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар “Могул Скай” ХХК-аас халаалтын зуухны 3-н давхарт байрлах 80 мкв байрыг зуухны зөвлөх инженер Ч.Даваад өмчлүүлэхээр гаргасан 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 75 тоот тушаалыг эх хувиар нь гаргуулан авах хүсэлт шүүхэд гаргасан юм. Тус тушаал нь хариуцагчийн хадам эцэг Ч.Даваад холбогдуулан гаргасан учир Б.С-ид компаниас гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарласан. Гэтэл шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Мөн өдөр нэхэмжлэгч Д.У-ийн захиалан бариулсан гэх барилгын төлбөрт 265.000.000 төгрөг төлсөн баримтыг “Могул Скай” ХХК-аас гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй болно. Уг хүсэлтийг төлбөр төлсөн баримт хэрэгт байгаа гэх үндэслэлээр хангахаас татгалзсан. Гэтэл татан авсан хэргийн материалд /147 дахь талд/ Голомт банкны төлбөрийн баримт байх бөгөөд 200.000 ам.долларыг “хоорондын тооцоо” гэсэн төлбөрийн зориулалтаар шилжүүлсэн байх ба 2012.07.09-ний өдрийн Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээний 4.1.1 дэх хэсэгт нийт санхүүжилт 267.736.000 төгрөгийг гүйцэтгэгчид төлнө гэснээс харахад тус барилгын төлбөр гэж дүгнэх үндэслэлгүй байна. Дээрх 2 хүсэлт хангаагүй асуудлыг давж заалдах шатны шүүх “Анхан шатны хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ дагуу хариуцагч талаас гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй” гэж үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч талын хуулиар олгосон эрхийг зөрчиж байна. Аливаа барилгыг батлагдсан зураг төсөл, зориулалт, техникийн нөхцөлийн дагуу улсын комисс хүлээж авч байж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгодог. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахад бүрдүүлсэн баримтыг шүүхийн журмаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас татан авахуулахад дээр дурдсан барилгын зураг төсөл болон холбогдох баримт бичиг байхгүй байхад гэрчилгээ олгосон төдийгүй барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг “АРККАД” ХХК-ний дүгнэлтээр 401.37 м.кв барилгыг 510.59 м.кв гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн үйлдэл нь эрүүгийн журмаар шалгуулах үндэслэл болсон. Нэгэнт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бий болсон учир зохих журмын дагуу цагдаагийн байгууллага шалгаж, эцэслэн шийдсэний дараа уг хэргийг шийдвэрлэхгүй бол Б.С-ийг албадан нүүлгэснээр энэхүү асуудал шийдэгдэхгүй бөгөөд цаашлаад өөр олон хүний эрх ашгийг хохироох нөхцөл бүрдэх эрсдэлтэй байна. Өөрөөр хэлбэл тус обьектыг цаашаа бусдад худалдаж, шилжүүлсэний дараа эрүүгийн журмаар шалгаад тус улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авахдаа хууль бус аргаар авсан болох нь тогтоогдвол эдгээр шийдвэрийн улмаас олон хүний эрх ашиг хохирсон талаар асуудал үүсэх аюултай юм. Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.У- Ү-2206054656 дугаарт улсын бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Ар Зайсан гудамж ** тоот хаягт байршилтай 510,59 м.кв талбай бүхий  үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.С-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Д.У-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэйг заажээ. Нэхэмжлэгчийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн хэдий ч хариуцагч Б.С-ийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар бүрэн тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч Д.У- Могул скай ХХК-тай 2011 онд гэрээ байгуулж нийт 510.59 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 2 давхар барилгын ажлыг гүйцэтгүүлж, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2017.11.27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, хариуцагч дээрх хөрөнгийн хэсэг буюу 80 м.кв талбай бүхий сууцыг эзэмшиж байгаа нь хууль бус гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон, хариуцагч татгалзлын үндэслэлээ, “...маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгийг 2011 оноос эхлэн эзэмшин  амьдарч байгаа, хадам эцэг Ч.Даваад өмчлүүлэхээр Могул скай ХХК-ийн ерөнхий захирал 2015.05.15-ны өдөр 75 тоот тушаал гаргасан, уг тушаалын дагуу Могул коммуникэйшн ХХК-тай дулаан, цахилгаанаар хангах гэрээ байгуулж урсгал засварыг цаг тухайд нь төлж ирсэн...” гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан “...Могул скай ХХК-с ...75 тоот тушаалыг эх хувиар, ...гаргуулах” хүсэлтийг шүүгчийн 2018.11.14-ний өдрийн 183/ШЗ2018/13356 тоот захирамжаар хангахаас татгалзахдаа ”...хариуцагч өөрөө олж авах боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж үзсэн байна. /хх-38, 46-47-р тал/

2018.12.18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас ...75 тоот тушаалыг гаргуулах хүсэлтийг дахин гаргахдаа “...н.Даваатай холбоотой тушаалыг Б.С-ид өгөх боломжгүй гэж хэлсэн...” гэж тайлбарласныг шүүгч “уг хүсэлтийг өмнөх хуралдаанд хэлэлцэж шийдвэрлэсэн” гэж, Г.Дуламсүрэн, Д.Энхзул нарыг гэрчээр асуулгах хүсэлтээс “гэрчүүдээс нэг ижил үйл баримтын талаар мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан” гэж  Г.Дуламсүрэнг асуухаар болж, Д.Энхзулыг асуухаас татгалзаж шийдвэрлэжээ.

Шүүхийн дээрх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр  шүүх бүрдүүлнэ” гэснийг зөрчиж, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэжээ.

Энэ байдлыг давж заалдах шатны шүүх анхаараагүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.У- “захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргээ биелүүлж эд хөрөнгө шилжүүлэх талаар үүрэг гүйцэтгэгч Могул скай ХХК-д хандсан эсэх, зохигчийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд Могул скай ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэх нөхцөл байдлуудыг шүүх анхаарч энэ талаар зохигчоос тодруулаагүй байна.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00139 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 587 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ