Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 993

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батжаргал,

шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Э.Ат холбогдох 201526030310 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Уран овгийн Э-н А /Баянгол дүүргийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 89 дүгээр захирамжаар “Б-н А” нэрээ “Э-н А” болгон өөрчилсөн/, 1980 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн ........... тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: .............../,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 408 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 5 жилийн хорих ял,

- Нийслэлийн шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 98 дугаартай
таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 127 дугаар зүйлийн 2, 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 6 жил ял шийтгүүлж, “Монголын Тулгар төрийг байгуулсаны 790 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулан үлдсэн ялын хөнгөнийг хүндэд нь багтааж, нийт 6 жил хорих ял,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 жил 6 сар хорих ял,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 118 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, оногдуулсан ял дээр өмнөх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй ялын заримыг нэмж, нийт 3 жил 8 сарын хорих ял,

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 211 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулснаас үлдсэн ялын заримыг нэмж нэгтгэн, бүгд 3 жил 3 сар хорих ял,

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 2, 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 4 жил хорих ял шийтгэж, оногдуулсан ял дээр өмнөх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нэгтгэн, нийт 6 жил 1 сар 27 хоног хорих ял,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.3 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил 10 хоног хорих ял шийтгэж, оногдуулсан ял дээр өмнөх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 6 жил 10 хоног хорих ял тус тус шийтгүүлэн биечлэн эдэлж, 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

Э.А нь бусдын захиалгаар, бүлэглэж, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор 2015 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00.24 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Туул өргөө” хотхоны 85 дугаар байрны 2 дугаар орцонд тус байрны 45 тоотод оршин суух Г-н Аийн нуруун зүүн талд хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Э.Аын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Уран овогт Э-н Аыг хүнийг захиалгаар, бүлэглэж, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлд заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11-д зааснаар Э.Аыг 19 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ат оногдуулсан 19 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Аын цагдан хоригдсон нийт 966 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3 дахь хэсэгт зааснаар Э.А нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд амь хохирогчийн оршуулгын зардлын 13.500.000 төгрөг нөхөн төлснийг дурдаж, хохирогчийн төлөөлөгч С.Г, Ц.Баярцэцэг нарын эдийн засгийн болон сэтгэл санааны хохиролд нэхэмжилж буй 744.000.000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, тэдгээр нь уг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан амь хохирогч Г.Азгэрэлийн эд зүйлсийг хохирогчийн төлөөлөгч С.Г, Ц.Баярцэцэг нарт, Э.Аын гэрээс хураан авсан эд зүйлсийг шүүгдэгч Э.Ат тус тус буцаан олгож, хэргийн газрын үзлэгээр хураан авсан 2 ширхэг /1 хос/ ажлын бээлий, шар өнгийн иштэй хутга, цусны дээж бүхий хуванцар сав 3 ширхэг, хумс, үсний дээж, тамхины ишнүүд, Э.Ааас хураан авсан хүрэн өнгийн иштэй “Колумбиа” гэсэн бичигтэй эвхдэг хутга 1 ширхэгийг олмогц зохих журмын дагуу устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, бусад эд зүйлсийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргахаар /шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэг бүрчлэн заасан/ тус тус шийдвэрлэж,

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирүүлээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсонд маш их харамсан гэмшиж байна. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө байрныхаа тэр хавьд машинтай явж байхад Ё.Баттөгс нэг залууг заагаад “Энэ залуу надтай том бизнес хийе гээд намайг хулхидсан юм” гэж хэлсэн. Би тэгэхэд нь “Та хариуг нь өгөхгүй яасан юм бэ” гэхэд “Яах юм бэ, ах нь тэртээ тэргүй сайн сайхан амьдарч болж л байна” гэж хэлсэн. Би “Тэр энэ байр юм уу” гэхэд “Үгүй ээ, цаад талынх нь байр” гэж хэлж байсан. Энэ үеэс л надад шунахай муу бодол төрж эхэлсэн. Тухайн үед Г.Азгэрэлийг шууд алчихъя гэсэн санаа зорилго байгаагүй. Хэргийг үйлдэх үедээ маш их сандарсан, хохирогч эргэж харах санамсаргүй үйлдэл хийсэн зэргээс л амь насанд нь хүрчихсэн харамсалтай явдал болсон юм. Би энэ бүхэнд өөрийгөө ямар нэгэн байдлаар зөвтгөөгүй бөгөөд хийсэн хэрэгтээ харамсан гэмшиж, өөрийн чадах бололцооны хэрээр гэмт хэргийн хохирлыг сайн дураар нөхөн төлсөн ба цаашид ч талийгаачийн ар гэрт тусална гэдгээ шүүх хуралдаан дээр илэрхийлсэн. Харин анхан шатны шүүх надад ял шийтгэл оногдуулахдаа захиалгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 бүлэглэж гэсэн үндэслэлээр, 2.11-д заасан зүйлчлэлээр ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад намайг энэ гэмт хэргийг “Батка” буюу Ё.Баттөгсийн захиалгаар үйлдсэн болгохын тулд хууль бус аргаар баримт цуглуулж, энэ үйлдэлдээ хар тамхичин, эрүүгийн гэмт хэрэгтнийг татан оролцуулж, улмаар хууль бус баримтаа миний эсрэг нотлох баримтын хэмжээнд үнэлэн ашигласныг эсэргүүцэн дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд нотлох баримтыг хэрхэн цуглуулах талаар маш тодорхой хуульчлан заасан байна. Гэтэл гэмт хэрэгтэн, хар тамхичин Х.Анхбаярын хууль бусаар цуглуулсан, мансуурсан хүмүүсээр яриулсан ярианы бичлэгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэн надад ял шийтгэл оногдуулах үндэс болгосныг эсэргүүцэж байгаа юм. Миний хувьд Ё.Баттөгсийг өөрийн байнгын дарамтанд байлгах, улмаар амьдрах эх үүсвэрийнхээ мөнгө төгрөгийг хангуулж байх зорилгоор л энэ гэмт хэргийг шунахайн сэдэлтээр үйлдсэн. Миний хэрэг үйлдэх болсон гол шалтгаан бол Г.Азгэрэл, Яао Жин Шан нарыг айлгаж, тухайн компанийн бичиг баримтыг авч Ё.Баттөгсөд өгөх зорилготой байсан. Тэрнээс би шүүхийн дүгнээд байгаа шиг захиалсны дагуу бүлэглэж эдийн болон эдийн бус баялгийг өөртөө бий болгох гэж гэмт хэрэг үйлдээгүй. Талийгаачаас эд зүйлийг нь булааж авах гэж оролдох явцад талийгаачтай заамдалцсан. Тэгэхэд би нүүрэн тус газар нь цохиход талийгаач муухай орилоод шат өгсөн зугтсан. Би зугтаалгахгүйн тулд хутга гаргаж хөл рүү нь хутгалах гэсэн боловч ар нуруу тус газар нь хутгалаад талийгаач сонин байдалтай дээшээ өгсөхөөр нь би айгаад зугтаасан. Би айсандаа бичиг баримттай цүнхийг нь аваагүй. Миний буруутай үйлдлээс болж хүний амь нас хохирсонд би туйлын гэмшиж байна. Намайг хэн нэгэн хүн ал гэж шан харамж өгөөгүй, амлаагүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хүү шүүгдэгч Э.Аыг танихгүй, шүүгдэгч Э.А миний хүүг танихгүй. Гэтэл бусдын захиалгаар миний хүүг сахиж, отож байгаад амь насыг нь хөнөөсөн. Энэ нь олон гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. Захиалагч Ё.Баттөгс гэгч этгээд оргон зайлж, Австрали улсад байгаа. Шүүгдэгч Э.А нь бидний эдийн засаг, сэтгэл санааны хохирлыг барагдуулаагүй. Шүүгдэгч Э.А нь олон удаагийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан боловч үүндээ гэмшиж засраагүй нь тодорхой байна. Шүүгдэгчийн хувийн байдал ийм байхад прокурор Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн бүх насаар нь хорих буюу ялын дээд хэмжээний заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Монголын хууль гэмт хэрэгтэнд үйлчилдэг юм уу. Хохирогч нарт халгаатай хууль байна гэж гомдож, энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид болон бусад хүмүүст гомдол гаргаж байгаа. Бүх насаар нь хорих ёстой гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлага хангасан эсэх, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн гурван хэсгийн аль заалтыг, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн гурван хэсгийн аль заалтыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, бусдын захиалгаар, бүлэглэж, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор хүний амь насанд хүрсэн гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Шийтгэх тогтоолд гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хураагдсан эд зүйлс зэргийг дүгнээд энэ хэргийг бусдын захиалгаар Э.А үйлдсэн байна гэж дүгнээд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хаалттай хорих байгууллагад 19 жил хорих ял оногдуулсан. Захиалагч гэх этгээд Ё.Баттөгсийн өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Э.Аын өөрийнх нь өгсөн мэдүүлэг зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд “өөрийн өгсөн мэдүүлэг бусдын өгсөн мэдүүлгээр нотлогдож байвал гэм буруугийн асуудлыг шийдвэрлэнэ” гэсэнтэй таарч байна. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар энэ хэргийг захиалгаар үйлдсэн эсэх, ингэж зүйлчилж байгаа нь хууль зүйн ямар үндэслэлтэйг нотлох асуудал байсан. Эхний удаа хэрэгт ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй буцаад ирсэн. Дахин буцаахад Чойр дахь хорих ангид хоригдож байгаа Х.Анхбаярын өгсөн мэдүүлэгт Око буюу Ц.Оюунбат, Б.Дашдондог нарт өгсөн, Э.Ат өгнө гэж амласан мөнгөн дүн хэр бодитой вэ гэдгээр очиж тодруулахдаа нүүрэлдүүлэн байцаасан байцаалт авсан. Байцаалтад ялтан Х.Анхбаяр мэдүүлгээсээ буцсаныг анхан шатны шүүхээс дүгнээгүй. Анхан шатны шүүхээс аль мэдүүлгийг үндэслэлтэй гэж дүгнэж, захиалгаар хүний амь насанд хүрсэн асуудалд бодитой дүгнэлт хийгээгүй. Х.Анхбаяр нь “Бродвай бааранд Э.А айдастай, сандралтай хүрч ирээд бичиг баримт яах гэсэн чинь хүн алчихлаа гэж надад хэлсэн” гэж мэдүүлснээс үзвэл энэ гэмт хэргийг бусдын захиалгаар үйлдсэн эсэх нь эргэлзээтэй байна. Анхан шатны шүүхээс дүгнэсэн гэрч, хохирогч, бусад үйл баримтаар хангалттай нотлогдохгүй байна. Шүүгдэгчийн гаргасан гомдолд хүний амь насанд хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ шүүгдэгч анхны мэдүүлэгтээ хохирогчийн биеийн аль хэсэгт мэс хүргээд, амь насанд хүрсэн гэдгээ тодорхой зааж өгч чаддаггүй. Шүүгдэгч Э.А мэдүүлэгтээ “Гар хэсэгт нь зүсэх юм уу, хутгалъя гэж бодсон” гэж мэдүүлсэн зэргээс үзвэл захиалгаар, санаатай, урьдчилан төлөвлөөд өөртөө бий болгосон үйл баримтыг гүйцэтгүүлэх гэсэн санаа зорилго нь яаж илэрхийлэгдэж байгаа нь ойлгомжгүй байна. Харин дараа нь талийгаачийн 11 дүгээр хавирга орчмоос хутгалагдсан байна гэдгийг шүүгдэгч хэргийн материалтай танилцахдаа мэдсэн байдаг. Шүүгдэгч Э.А хэлэхдээ “Хэрвээ би захиалгаар хэн нэгэн хүний амь насанд хүрэх байсан бол амь хохирогчид өмнө нь туслах шаардлагагүй байсан” гэдэг. Учир нь, өмнө нь шөнийн цагаар амь хохирогчийн автомашинд нь асуудал гарахад шүүгдэгч тусалж байсан байдаг. Анхан шатны шүүхээс Х.Анхбаяр, Б.Дашдондог нарын мэдүүлж тодорхойлсноор Ё.Баттөгс гэх хүний захиалгатай гэж дүгнэсэн. Үгүйсгэсэн баримтыг тодорхой тусгаагүй. Мөн бүлэглэж үйлдсэн гэдэг. Бүлэглэж гэдэгт хамтрагч, хатгагч гэдгээр тодорхойлогддог боловч ийм үйл баримтууд тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг бүх талаас нь бодитойгоор дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэр нь  хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Хавтаст хэргийн 85 дугаар хуудаст Хүрэн өнгийн иштэй “Columbia” гэсэн бичигтэй эвхдэг хутга 1 ширхгийг олмогц зохих журмын дагуу устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасан гэдэг. Энэ хутга эд мөрийн баримтаар ирсэн эсэх, ирээд алга болсон эсэх үйл баримтууд тодорхойгүй байна. Зүйлчлэлийг зөв тогтоож шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгчтэй уулзахад “Ё.Баттөгсөөс бичиг баримтыг нь аваад ирээч, Г.Азгэрэл надтай уулзахгүй зугтаад байна” гэсэнтэй холбоотой хавтас хэрэгт авагдсан дуу бичлэг болон бичгийн хэлбэртэй нотлох баримт үнэлнэ гэж үзсэн. Энд захиалгын шинжтэй, хүний амь настай холбоотой зүйл яригдаагүй. Зөрж гүйцэтгэсэн асуудал байхыг үгүйсгэхгүй.” гэв.

Прокурор Б.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийн үйл баримтын хувьд Э-н А нь талийгаач Г.Азгэрэлийг танихгүй, нэг ч удаа харилцаж байгаагүй гэдэг нь хавтас хэрэгт авагдсан. Шүүгдэгч Э.Аын хувьд хорихоос гарч ирснээсээ хойш Ё.Баттөгстэй харилцаж, фитнесст цуг явдаг байсан нь тогтоогдсон. 2014 оноос хойш Ё.Баттөгс нь талийгаачийг дарамталж эхэлсэн, дарамтаас болж Хятад улс руу явсан байдаг. Шүүгдэгч Э.А талийгаачтай нэг ч удаа уулзаагүй байж, Ё.Баттөгстэй нөхөрлөж байх хугацаандаа талийгаачийн гэр орныг судалсан. Ерөнхийдөө Ё.Баттөгс зааж өгсөн гэж ойлгож болно. Улмаар алсан үйл баримт нь тогтоогдсон. Шүүгдэгч Э.Аын хувьд хүн алсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Хэрэгт авагдсан баримтуудаас Ё.Баттөгс нь талийгаачийг ална, дарамтлана гэсэн үйл баримт, гэрчийн мэдүүлэг, эхнэрийнх нь мэдүүлэг, бусад баримтуудаар тогтоогдсон. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зүйл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэсэн ажиллагаа болон шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан бөгөөд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзнэ. Тодруулбал,

Шүүгдэгч Э.А нь бусдын захиалгаар, бүлэглэж, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор  2015 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00.24 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Туул-Өргөө” хотхоны 85 дугаар байрны 2 дугаар орцонд иргэн Г.Азгэрэлийг гэртээ орох замд нь отож, улмаар амь хохирогчийг гэртээ орохоор шатаар өгсөх үед нь түүний нурууны зүүн талд нь нэг удаа хутгалж санаатай алсан болох нь:

шүүгдэгч Э.Аын “...талийгаачийн араас баруун бугалга руу нь хутгаар савж цохиход нөгөө залуу гэнэт эргэж харж таарсан. Тэгээд талийгаач нэг эвгүй орилохоор нь шууд гараад зугтчихсан юм. ...Би Баттөгсийг айлгах ч гэдэг юм уу, энэ хэрэг чамтай хамаатай шүү гэж ойлгуулах санаатай “Чи бид хоёр нэг завинд суусан шүү” гэж хэлсэн юм. Би хүн алчихсан гэдгээ мэдээд маш их сандарсан” гэх мэдүүлэг /хх11, х96-101, хх12, х244-247/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаачийн биед хэвлийн хөндийг зүүн 12-р хавирганы доод хэсгээр нэвтэрч, хэвлийн гялтангийн арын эрхтэн зүүн бөөрний дээд булчирхай, нойр булчирхай, гол судасны хэвлийн хэсгийг хагас тасалж гэмтээсэн нурууны зүүн ар хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц цус алдалт, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, нүүрний хэсгийн цус хуралт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, нүүрний хэсгийн цус хуралт зулгаралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ. Талийгаачийн цус нь В (III) бүлгийн харьяалалтай байна. Талийгаач нь хэвлийн хөндий нэвтэрч гол судас хагас таслагдсаны улмаас хурц цус алдаж нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.” гэх 944 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх2, х231/,

 “...Талийгаач Г.Азгэрэлийн биед учирсан нурууны зүүн ар хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх биеийн ардаас урагш, бага зэрэг зүүнээс баруун тийш чиглэлтэй үйлчилсэн байна. Дээрхи гэмтэл авах үед хохирогч босоо байрлалд байсан байх боломжтой байна. Талийгаачид учирсан гэмтэл нь ажлын хэсэг 10см-ээс дээш урттай, хамгийн өргөн хэсэг 4 см, нэг талдаа ирмэгтэй хутгаар үүсгэгдсэн байх боломжтой байна.” гэх 1204 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх7, х150/,

“...Шинжилгээнд бээлийн дээр цус илэрсэн. ДНХ-ийн тогтоц нь хохирогч Г.Азгэрэлийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх 4869 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх3, х10/,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х2-15, х23-25, х40-43/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х17-28/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх1, х21-22, х26-27, х28-37/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Э.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.3, 2.5, 2.11 дэх хэсгүүдэд зааснаар “захиалгаар, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүнийг санаатай алсан” гэж онц хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Аыг “захиалгаар, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүнийг санаатай алсан” гэм буруутай гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Хавтас хэрэгт гэрч С.Соёлмаагийн “...Өс хонзонтой хүн нь Ёндонжамцын Баттөгс” гэж талийгаач хүү хэлж байсан. Энэ хүн манай талийгаач хүүтэй хамтарч ажиллах санал тавиад манай хүү ажиллахгүй гэхэд "Ална хядна” гэх зэргээр дарамталж байна гэж 2014 оны намар хэлж байсан. /хх1, х191-193/,

гэрч Ц.Сэдэдийн “...Азаа ах Шижирээд хандаад Баттөгс дарамтлаад байна, нэг бол чамайг ална гээд, нэг бол бид хоёрын дунд яс хаяад, “Хөрөнгө оруулагч яасан бэ гээд дарамтлаад байна” гэж ярьж байсан. ...Батка Азаа ахтай утсаар яриад чамайг хэдэн цагт гэрээсээ гараад хэдэн цагт хаагуур хаагуур яваад хэдэн цагт гэртээ ирж байгааг би мэдэж байна гэж хэллээ гээд Азаа ах Баярцэцэг эгчид хэлж байгааг нь би сонссон.” /хх1, х201-203, хх7, х121-122/,

гэрч О.Оргилболдын “...Сэжиглэж байгаа хүн бол Баттөгс /Батка/ хэмээх хүн. ...Баттөгс хэлэхдээ “та нарыг би шорон руу явуулчихаад өөрөө би араас чинь ороод та нарын мууг үзнэ” гэдэг байсан.” /хх1, х217-220/,

гэрч У.Баттөмөрийн “...2014 онд “хамт ажиллаж байсан Батка ална гээд сүрдүүлээд байна, эхнэр хүүхдийг чинь ална гээд сүрдүүлээд байна” гэж надад ярьж байсан. Тухайн үед би ойлгохдоо Батка нь буруу гарын хүн болоод Азгэрэл зайгаа барьсан, түүнээс болоод Батка сүрдүүлээд байгаа юм гэж би ойлгож байсан./хх1, х224-227/,

гэрч Ш.Жавхлантөгсийн “...Талийгаач Азгэрэл ...одоогоос 4-5 сарын өмнө ...Батка /Баттөгс/ намайг сүүлийн үед дарамтлаад, “орцны үүдэнд хүлээж байгаад уулзана шүү, орцонд чинь хоёулаа нэг уулзна аа, эхнэр хүүхдийг чинь чадаж чадна шүү, ална шүү гээд байх юм” гэж ярьж байсан.” /хх1, х235-237/,

гэрч Э.Мягмарбаярын “...Батка ах над руу 2-3 удаа залгаад “Азгэрэлийг олж өг, тэр муу чинь надаас хаа холдох юм” гэх зэргээр дарамталж ярьж байсан.” /хх1, х241-245/,

гэрч Г.Эрдэнэбадрахын “...Батка нь Азааг байнга дарамтлахгүй ч гэсэн надтай ярихдаа “танай энэ Азаа чинь сэргэлэн бацаан юм аа, намайг тонгорчих гээд байх юм, ах нь олон жил шоронгоор явсан хүн шүү, Азааг цааш нь харуулчихад юу байхав дээ” гэж олон удаа хэлж байсан. Ерөнхийдөө бол Батка нь байнга Азгэрэлд дарамт үзүүлдэг байсан. Нэг удаа бүр Азаа нь “Батка дарамтлаад эхнэрийг чинь хүчиндэнэ шүү гэж хэллээ. Яаж энэ хүнээс хөндийрөх вэ” гээд яриад явдаг байсан.” /хх1, х249-250, хх2 х1-2, хх6, х38/,

гэрч Х.Анхбаярын “...Э.А надтай юм яриад сууж байхдаа би захиалгаар хүн алсан гэж хэлсэн. Бас тэр алсан хүнээс нэг бичиг авах ёстой байсан гэж хэлсэн. ...Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө Батка Э.Аыг дагуулж яваад, талийгаачийн байран дээр очоод машинаа тавьдаг газар болон зогсоолоос гэр рүүгээ яаж ордогийг зааж өгсөн, шатаар өгсөх үед нь тэр хүнийг хутгалсан, хутгаа худалдаж авсан гэж Анхбаяр ярьсан. Мөн лиценз ч гэл үү нэг бичиг авах ёстой байсан боловч хутгалах үед цаад талд нь хүн муухай орилохоор нь сандарсандаа буцаад зугтаачихсан гэсэн.” /хх2, х136, хх7, х127-129, хх10, х244-250/,

гэрч Х.Баттулгын “...Батка нь Азгэрэлийг “Одоо надаас сална гэж байхгүй шүү, хэрвээ надаас өөр хүнтэй хамтрах гээд байвал гэр бүлийг чинь ална, хүйс тэмтэрнэ, та нарыг айлгана шүү, ар гэрийнхний чинь хаяг, аав ээжийг чинь бүгдийг нь мэднэ шүү, би бол шоронд байсан хүн, шоронгоос гараад амьдарч чадахгүй буцаад шорондоо оръё гэсэн залуучууд зөндөө байна, тэд нарт ойр зуур хэдэн төгрөг шидээд л та нарыг дугдайлгачихаж чадна, тэр залуучууд надад ямар нэг дарамтгүй мөнгөө хэрэглээд л хэвтчихнэ гэх зэргээр дарамталж эхэлсэн гэж хэлсэн. Мөн Азгэрэл нь Батка дандаа гараараа хоолойгоо тойруулж үзүүлээд ална шүү гээд айлгаад байдаг болохоор унтаж ч чадахгүй зүүдлэгдээд байна, би ер нь эхнэр, хүүхдээ зугтаалгаад Хятад руу явуулчихаад, өөрөө энд Баткатай алалцчихдаг юм билүү гэж байсан.” /хх7, х107-108/,

гэрч М.Ариунболдын “...Х.Анхбаяр надтай манай ажил дээр ирж уулзахдаа ах чинь захиалгаар хүн алчихсан байна гэж ярьж байсан. Э.Аыг Хятад руу явсан байхад нь “Гуйж байна, ах минь хэнтэй ч битгий уулзаарай, болгоомжтой байгаарай” гэж мессеж бичсэн шиг санагдаж байна.” гэх мэдүүлгүүд /хх7, х123-126, хх11, х86-95, хх13, х97/,

мөн шүүгдэгч Э.Аыг мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...2015 оны 5 дугаар сарын эхээр Баттөгстэй хамт явж байхад нэг залуу хажуугаар зөрөөд нэг машинд суусан. Батка тэр залууг заагаад “Энэ залууг Азаа гэдэг юм. Надтай Алтанбулагийн чөлөөт бүсэд хамтарч бизнес хийнэ гэж байгаад новширчихсон” гэж хэлж байсан... “Энэ байранд амьдардаг уу?” гэхэд Батка “Биш, Тэр байр” гэж зааж байсан” гэж мэдүүлсэн мэдүүлгүүд авагдаж, эдгээрийг анхан шатны шүүхийн хэлэлүүлэгт шинжлэн судалж, бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийсэн байна.

Эдгээр мэдүүлгүүдийг бүх талаас нь хянаж үзэхэд, дээрх гэрч нар нь бодит зүйлийг зөв гэрчлэн мэдүүлсэн, Э.А нь бусдын захиалгаар бүлэглэн, мөн “Г.Азгэрэлийг алчихвал Ё.Баттөгсийг дарамталж, амьдралын эх үүсвэрийн мөнгөөр хангуулж байх” гэсэн өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор амь хохирогч Г.Азгэрэлийг алсан болох нь тогтоогдсон бөгөөд амь хохирогч болон шүүгдэгч нарын зан харьцаа, хувийн харилцааны түүх зэргийг тал бүрээс нь хянаж, хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан шинжилсний үндсэн дээр шүүгдэгч Э.А нь Г.Азгэрэлийн амь насыг онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хохироосон үйл баримтыг тогтоосон, хууль зүйн үнлэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн бодит байдлыг зөв тогтоожээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.”, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ... гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба ... бусад хүнийг ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан бүлэглэж үйлдсэн байдлыг буюу гэмт хэрэгт хамтран оролцсон байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн зохих хэсгээр тодорхойлох нь хууль хэрэглээний асуудлыг тодруулах ач холбогдолтой юм.

Шүүгдэгч Э.А нь амь хохирогч Г.Азгэрэлийг огт танихгүй атлаа энэ хэрэгт яллагдагчаар татагдсан Ё.Баттөгстэй хохирогчийн талаар ярилцан тохиролцож, түүний гэрийг заалгаж, хохирогчийг судалж, гэр болон автомашиныг нь ажиглаж, улмаар түүнийг гэр рүүгээ орохоор явж байхад нь араас нь довтолж хутгалсан байх бөгөөд түүний энэ үйлдэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг бусдын захиалгаар, бүлэглэж, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг санаатай алсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Энэ хэрэгт холбогдон шалгагдаж байсан Ё.Баттөгс гэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын хилээр гарсан үндэслэлээр Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 170200057 дугаар прокурорын тогтоолоор хэргийг тусгаарласан баримт хэргийн 10 дугаар хавтасны 154 дэх талд авагджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11-т тус тус зааснаар 19 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Шүүгдэгч Э.Аын гаргасан “Хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй. Хохирогчийг айлгах гэж байгаад золгүй байдлаар хутганд өртсөн” тухай давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Учир нь, шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд шүүгдэгч Э.А нь энэ хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, амь хохирогч өөрөө эргэж харснаар санамсар болгоомжгүйгээр хутгалагдсан талаар давж заалдах гомдолдоо дурьдсан нь гэрч С.Соёлмаа, Ц.Сэдэд, О.Оргилболд, У.Баттөмөр, Ш.Жавхлантөгс, Э.Мягмарбаяр, Г.Эрдэнэбадрах, Б.Баярсайхан, Л.Энхсайхан, Х.Анхбаяр, Х.Баттулга, М.Ариунболд нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэргээр няцаагдаж, хэргийн жинхэнэ байдлыг өөрөөр тайлбарлаж мэдүүлж байгаа нь тогтоогдож байна.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гын гаргасан “шүүгдэгч Э.Ат анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн, сэтгэл санааны хохирол барагдуулаагүй” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял, эсхүл цаазаар авах ял шийтгэхээр”,

2015 онд батлагдсан шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр” тус тус хуульчилжээ.

Уг гэмт хэрэг нь 2015 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх цаг хугацаанд үйлдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд бүх насаар нь хорих ялыг шинээр тусгасан учир Э.Ат бүх насаар нь хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль буцаан хэрэглэх асуудлыг шийдвэрлэхдээ хорих ялын хэмжээ багассан хуулийг буцаан хэрэглэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ үндэслэлээр анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ат холбогдох хэргийг хянан хэлэлцээд, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэсэн үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хуулийн шаардлагад нийцүүлсэн нь зөв байна.

Мөн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тодорхой заасан байх бөгөөд хохирогч нас барсантай холбоотой сэтгэл санааны хохирлыг мөнгөөр тооцож гаргуулах асуудлыг хуулиар тусгайлан зохицуулаагүй тул шүүгдэгч Э.Ааас 744.000.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох хууль зүйн үндэслэлгүй юм.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Аыг гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ...3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлд заасныг тус тус журамлан” гэж хэрэглэвэл зохих хуулийн заалтыг нарийвчлан заалгүй орхигдуулсныг, эд мөрийн баримт болох Э.Ааас хураан авсан хутгыг “...олмогц устгахаар” гэж бичвэр техникийн шинжтэй алдаа гаргасан зэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Дээрх үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Э.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ... 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлд заасныг тус тус журамлан...” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ... 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан...” гэж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтын 6.3 дахь хэсгийн “...олмогц зохих журмын дагуу устгахыг...” гэснийг “...зохих журмын дагуу устгахыг...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                Ц. ОЧ