Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 33

 

“Төгс зам” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                          Хэргийн индекс: *********************

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:                            

   Даргалагч,

   Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

    Шүүгчид                            С.Оюунцэцэг

                                               Г.Давааренчин

     Оролцогчид                               

     Нэхэмжлэгч                        *******                    

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нарыг  оролцуулан, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан  2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 171 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор *******гийн нэхэмжлэлтэй *******д холбогдох “Хууль бус эзэмшлээс ЗИЛ-131 маркийн 78-92 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл чөлөөлүүлэх” тухай, *******гийн сөрөг нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох “7.821.177 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...2017 оны 02 сарын 10-ны өдөр манай ээж хөдөөнөөс ирээд би хамт гадуур явж байгаад орой 16 цагийн үед гэртээ иртэл хашаанд байсан ***** СБА улсын дугаартай Зил-131 авто машин маань байхгүй байсан. …Тэгээд цагдаа хэн авч явсан байх боломжтой вэ гээд Баасансүрэнгийнх рүү утсаар холбогдоход Баасансүрэнгийн эхнэр нь тиймээ бид энэ айлд очоод 2, 3 цаг хүлээгээд гэрт нь хүн ирээгүй, энэ айл манайхаас 8.500.000 төгрөг зээлээд мөнгөө өгсөн ч гэсэн ашгаа өгөхгүй байгаа. Тйим учраас бид нар машиныг нь хүнээр бариулаад аваад ирсэн. Манай нөхөр адуундаа явсан байна гэж цагдаад хэлсэн байсан. …Нөхөр бид хоёр Баасансүрэнгээс мөнгө зээлэхийн хувьд зээлсэн, зээлсэн мөнгөө ч төлсөн. Баасансүрэнтэй хамтарч ажиллах талаар ярилцаж тохиролцоогүй, мөнгөө зээлэхдээ хүү алданги тооцно гэж ярилцаагүй. …Одоо би ******** СБА улсын дугаартай Зил-131 маркийн машинаа *******гээс нэхэмжилж байна...” гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...2016 оны намар 10 сарын эхээр ******* нь манайд ирээд хүмүүс самарт яваад байна. Машин авч самарт явах гэсэн юм мөнгө зээлүүлээч гэсэн. Бид мөнгөгүй гэж хэлэхэд дахин дахин манайхаар ирээд самарт явбал ийм ийм ашигтай байна гээд машин хамтарч авъя ашгаа 50 хувиар хуваая гэхээр нь бидэнд машин хэрэггүй гэж хэлээд тоохгүй байтал ******* нь дахин ирээд та хоёр мөнгө зээлчих тэгээд самарт явж олсон гарсан ашгаа бүгдийг хуваая гээд байхаар нь тухайн үед малын тэжээл авах 3.500.000 төгрөг байна гэхэд дахиад 5.000.000 төгрөг хэрэгтэй гэсэн. Тэгэхээр нь мөнгөгүй гэхэд танайх банкнаас зээл авчих лдаа мал ахуйтай юм чинь. Манайх зээл авах боломжгүй байна гээд байсан. Тухайн үед манайх хүнд зээл аваад өгчихсөн нөгөө хүн маань бас мөнгөө гүйцэд төлөхгүй байгаа, тэгэхээр хэцүү байна гэж манай эхнэр хэлэхэд ******* нь би ямар тэр хүн шиг чинь хоосон хүн биш гаднаас туугаад явсан ч үхэр байна. Би найдвартай гэж хэлээд эхнэр бид хоёроос гуйж байгаад банкнаас зээл авахуулахаар болж, банкны хүнийг өөрөө дагуулж ирээд 5.000.000 төгрөгийн зээл гаргуулахаар болсон. Ингээд манайх нийт 8.500.000 төгрөг гаргаж Зил-131 машин авахаар болж ******* эхнэртэйгээ, би эхнэртэйгээ бид дөрөв ярилцан ******* бид хоёр самарт явахаар болж, самарт явж ирээд 8.500.000 төгрөгөө төлж дуусгаад үлдсэн бүх ашгаа хуваахаар болсон. Гэтэл ******* нь 4 удаа самарт явсан боловч 8.500.000 төгрөгийг хэл амтай өгч дуусаад бидэнд ашиг гэж нэг ч төгрөг өгөөгүй. …Миний гаргасан зардал хохирлыг нөхөн төлчих юм бол би Зил-131 машиныг нь буцааж өгнө. Түүнээс биш өгөхгүй...” гэжээ. 

******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“...1. ******* нь самарт 2016 оны 11  сарын 03-ны өдөр яваад 2016 оны 11 сарын 30-ны өдөр ирсэн. Энэ явалтанд нь би цуг явсан. Ингэж явахдаа 4730 кг самартай ирсэн. Самрын үнэ энэ үед 1 кг нь 4650 төгрөг байсан. Самраа зараад 21.994.500 төгрөг болсон үүнийг 2 хуваахад 10.997.250 төгрөг болсон. Үүнээс гарсан зардал 3.000.000 /үүнд бензин, хүнс, бусад зардал/ надад машин авахад зээлсэн 5.000.000 төгрөг өгсөн. Ингээд 10.997.250 төгрөгнөөс гарсан зардал 8.000.000 төгрөгөө хасахаар 2.997.250 үлдэж байгаа ба үүнийгээ 2 хуваахаар 1.498.625 төгрөг надад өгөх байсан. Би *******аас эм тариа авах гэсэн юм гэж гуйгаад 100.000 төгрөг авсан өөр ямар ч мөнгө аваагүй.

2. 2016 оны 12 сарын 06-ны өдөр яваад 2016 оны 12 сарын 30-ны өдөр ирсэн. Ирэхдээ 4500кг самартай ирсэн. Самрын үнэ энэ үед 1 кг нь 3650 төгрөг байсан. Самраа зараад  16.425.000 төгрөг болсон үүнийг 2 хуваахад 8.212.500 төгрөг болсон. Үүнээс гарсан зардал 3.000.000 /үүнд бензин, хүнс, бусад зардал/ надад мөн машин авахад зээлсэн 3.500.000 төгрөг өгсөн, мөн машины эвдрэл гарсан тул 1.000.000 төгрөг зарцуулсан. Ингээд 712.500 төгрөг үлдэж байгаа ба үүнийгээ 2 хуваахаар 356.250 төгрөг надад өгөх байсан.

3. 2017 оны 01 сарын 06-ны өдөр самарт явсан. Ингэж явахдаа 2 отог гаргасан. 2017 оны 01 сарын 25-ны өдөр эхний отог буусан. 4000 кг самартай ирсэн. Нэг отог нь үлдсэн. Самрын үнэ 1 кг нь 3200 төгрөг байсан. Самраа зараад 12.800.000 төгрөг болсон үүнийг 2 хуваахад 6.400.000 төгрөг болсон, үүнээс Сугар нөгөө хүнтэйгээ ашгаа хуваахад 3.200.000 төгрөг болсон. Үүнийгээ надтай хуваахад 1.600.000 өтгрөг надад өгөх байсан

4. 2017 оны 02 сарын 06-ны өдөр сүүлийн отог ирсэн. 4700 кг самартай ирсэн ба самрын үнэ 3600 төгрөг байсан. Энэ самрыг зараад 16.920.000 төгрөг болсон ба энэ мөнгөө 2 хуваахад 8.460.000 төгрөг болсон ба зардал 3.000.000 төгрөгөө хасахад 5.460.000 төгрөгийг хоёр хуваахад 2.730.000 төгрөг болж байгаа ба 2.730.000 надад оногдох ёстой боловч надад энэ олон удаа явахад нэг ч төгрөг өгөөгүй дээрх мөнгийг нэмж тооцвол самрын ашиг багаар бодоход 6.184.875 төгрөг болох ёстой үүн дээрээс банкнаас зээлсэн 5.000.000 төгрөгийн 2 сарын хүү 636.302 төгрөг,  тухайн үед тэжээлийн үнэ өссөн тул зөрүү 1.000.000 төгрөг бүгд 7.821.177 төгрөг болж байгаа. Үүнийг *******, ******* нараас гаргуулж өгнө үү...” гэжээ.

Сөрөг нэхэмжлэлд ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...*******гээс мөнгө зээлж машин авсан нь үнэн. …Мөнгөө өгөх үедээ ашиг орлого хуваах талаар ярьж тохирсон зүйл огт байхгүй. Хэрэв тэр үедээ ашиг орлогоо хуваах талаар ярьсан бол би энэ мөнгийг авахгүй байсан. Удсан ч гэсэн өөрийнхөө зээлийг банкнаас гаргуулаад машинаа авах байсан. Уул явна, самарт явна гэдэг тийм ч амархан ажил биш. Тэр олон хүний амь насыг дааж хол газар маш их эрсдэл гаргаж явдаг. Ийм байж энэ айлын өмнөөс юу гэж самарт явна гэх вэ дээ. …Машин авч явахдаа хажуугаар нь байсан бензин хийдэг 200 литрийн 2 поошиг, Зил-131 машины 4 ширхэг дугуйны гинж, том жижиг 2 домкрат, бүх түлхүүр багаж, бонго машин дээр байсан ямааны арьсан дах, гэрт байсан дөш гэх зүйлүүдийг ачаад *******гийн дүү гэх хүнээр бариулаад явсан байсан. Бид үүнийг эдгээр хүмүүс манайхаас бүлэглэн хулгай хийсэн гэж үзэж байна. Энэ хүмүүс манайхаас мөнгө гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. Бидэнтэй ******* ашиг орлого хуваах, банкны хүү төлөх, алданги алдагдал барагдуулах талаар ярьж тохирсон зүйл огт байхгүй тул үндэслэлгүй зүйл гэж бодож байна. Харин ******* нь манай машиныг авч яваад 2-3 самарт явж, мод хийгээд байгаа мөртлөө манайхаас мөнгө нэхээд байгааг нь гайхаж байна. Манайхыг самарт яваад сард багаар бодоход 10.000.000 төгрөг олсон тухай маш тодорхой тооцоог ******* гаргажээ. Манайх энэ мөнгийг ЗИЛ-131 машинаараа ажил хийж олсон. *******гийн хууль бусаар манай машиныг авч явснаас болж 2017 оны 2 сарын 10-наас 2017 оны 4 сарын 10-ныг хүртэлх 2 сарын хугацаанд би 20 сая төгрөг олох боломжоо алдсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

Сөрөг нэхэмжлэлд ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...******* нь машин авч явахдаа бидэнд хэлж ярьсан зүйл огт байхгүй. Самарт явъя, ашгаа хуваая гэж огт яриагүй. Бүгд худлаа. Банкнаас Зил-131 машин худалдаж авах зорилгоор зээл авахуулаагүй. Банк, банкны ажилтан миний хэлж ярьснаар зээл өгнө гэж байхгүй. *******д энэ машинаа аваад яв гэж хашгирах нь битгий хэл уулзаа ч үгүй. Хүний машиныг эзэнд нь мэдэгдэлгүй гэрийн гаднаас нь авч явчихаад, буцаад гүтгэж байгаад гомдолтой байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүх хэргийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 171 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч *******гийн хуль бус эзэмшлээс /арлын дугаар 69063580, хөдөлгүүрийн дугаар 103460/ Зил-131 маркийн **** СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг чөлөөлж нэхэмжлэгч *******д олгож,

-Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн нийт шаардлагаас *******, ******* нараас 636.302 төгрөгийг гаргуулж *******д олгож, үлдсэн 7.184.875 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 109.950 төгрөг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 141.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, *******, ******* нараас 19.739 төгрөгийг гаргуулж *******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Нэхэмжлэгч ******* нь ******* надаас хууль бус эзэмшлээс Зил-131 машиныг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч ******* би *******аас хамтран ажиллахаар тохирсоны дагуу ашиг буюу надаас гарсан зардал 7.821.177 төгрөг гаргуулах шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Мандал сум дахь сум дундын шүүх 2017 оны 05 сарын 24-ний өдөр шийдвэрлэн 171 тоот шийдвэрээр миний нэхэмжлэлийн ихэнхийг буюу 7.184.875 төгрөгийн нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байгаа учир хянуулахаар гомдол гаргаж байна.

Учир нь ******* бид хоёр сайн танилууд бөгөөд ******* нь манайхаар орж гараад л явдаг юм. 2016 оны намар хадлангийн үеэр ******* нь манайд ирээд хүмүүс самарт яваад их ашиг олж байна. Та мөнгө төгрөг олчих хоёулаа машин худалдаж аваад самарт явж ашгаа хувааж авъя гэж хэд хэдэн удаа ирсэн. Би эхлээд мөнгөгүй гэж байсан боловч сүүлдээ *******т зөвшөөрч нэхэмжлэлдээ дурьдсан дагуу банкнаас зээл авч, тэжээл авахаа больж мөнгөө нийлүүлж өгөөд 8.500.000 төгрөг өгсөн. Ингээд ******* эхнэртэйгээ, би эхнэртэйгээ дөрвүүлээ ярьж машин худалдаж аваад самарт явж олсон ашгаа хувааж авахаар болж 2016 оны 11 сараас самарт явж эхэлсэн. Би эхлээд *******тай хамт самарт явсан боловч бие өвдөөд дахин явах боломжгүй болсон учир дүүгээ *******тай явуулж тооцоог хийлгэхээр болсон. ******* нь самарт явж ирээд машин авсан мөнгөө 2 яваад төлсөн бөгөөд дараагийн явалтаас ашиг өгнө гээд самарт яваад байгаа мөртлөө нэг ч төгрөг бидэнд өгөөгүй. Үүнээс болж бидний хооронд маргаан гарч мөнгөө нэхэхээр өгөхгүй сүүлдээ энэ муу машинаа авахгүй юу гээд байхаар нь би очиж машиныг нь авсан нь үнэн. Ийм асуудал болсон. *******, ******* нар нь анх ярьж тохирсон шигээ байхгүй дэндүү муухай гүтгэж байна даа. Би худлаа ярихгүй. Мандал сум дахь сум дундын шүүх бидний асуудлыг шийдэхдээ хэтэрхий нэг талыг барьж шийдсэнд гомдолтой байна. Анхнаасаа л шүүх хурал дээр бидний хүсэлтийг шийдэхгүй нөгөө талын хотын өмгөөлөгчөөс айгаад байгаа юм шиг хандлагаар шийдсэн гэж би бодож байна. Уг нь ******* бид хоёрын эрх, үүрэг нэг л байх ёстой гэж бодох юм.

Би хөдөөний малчин хүн. Хуулийн талаар нарийн мэдлэггүй байж магадгүй. Ж.Эрдэнэбат шүүгчийн гаргасан энэ шийдвэрийг уншиж танилцахад: шүүх хурал дээр бидний ярьсан зүйлүүдийг бичсэн байх шиг байна. Миний сөрөг нэхэмжлэлийг зөв юм шиг дүгнээд л хамтран ажиллах гэрээ хийгдсэн байна, амаар тохирсон байна, намайг хөрөнгө оруулалт хийсэн байна, ашгаа хуваахаар тодорхойлсон байна энэ нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнээд бичээд л яг миний нэхэмжлэл хангагдах нь дээ гэтэл хэрэгсэхгүй болчих юм даа. Тэгээд яагаад хэрэгсэхгүй болгочихвоо гээд цааш унших гэтэл шийдвэр нь дуусчихлаа. Мөн шийдвэрт машиныг *******ын эзэмшлийнх байна, Баасансүрэнгийн машин гэдэг нь тогтоогдохгүй байна гэсэн байсан. Би энэ машиныг минийх гэж огт маргаагүй. Энэ машиныг өгөхөд татгалзах зүйлгүй. Би *******аас олсон ашиг, банкнаас зээл авсны хүү, үхрийн тэжээлийнхээ мөнгийг өгсөн учир түүнийгээ л нэхэмжилсэн. Самрын ашгийг маш багаар бодож тооцсон. Сугар нь 2 яваад л миний машин авахад өгсөн 8.500.000 төгрөг төлж байгаа юм чинь цааш 3 явахад ямар ашиг олж байна гэдэг нь харагдаж байгаа шүү дээ. Шүүх үүнд ямар ч дүгнэлт хийгээгүй. Яагаад ямар учраас миний нэхэмжилж байгаа мөнгийг хэрэгсэхгүй болгосон талаар шийдвэртээ огт бичээгүй байна. Энэ талаар бичсэн бол би за миний нэхэмжлэл ийм үндэслэлээр хэрэгсэхгүй боллоо доо гэж бодох байлаа. Миний бодож байгаагаар нэхэмжлэлийг буруу шийдсэн гэж үзэж байна. Ядаж зөвхөн самарт яваад олсон ашгийг гаргуулж болдоггүй юм уу гэж бодож байна.  Иймд Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 сарын 24-ний өдөр шийдвэрлэсэн 171 тоот шийдвэрийг хянаж үзээд, хэрэгт байгаа нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч үнэн зөв шийдвэр гарахад тусална уу...” гэжээ.                 

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Би тэр хүнээс мөнгө зээлсэн, гэхдээ буцааж өгсөн. Би мөнгийг нь өгье гэсэн цагтаа өгсөн. Ашгаа хуваана гэдэг тал дээр бид нар тохиролцоогүй. Манай хүний бие нь тааруу эмнэлэгт хэвтэж байх хооронд машиныг аваад явчихсан. Нүүр нүүрээ хараад надтай уулзаагүй, манайхыг эзэнгүй байхад машиныг аваад явчихсан байсан. Бид нар тухайн үедээ мэдээгүй. Дараа нь мэдсэн. Тэрнээс өмнө ашгаа хуваах талаар яриагүй. 5.000.000 төгрөгийг буцааж өгөхөд ашгаа хуваана гэсэн зүйл яриагүй, дараагийн мөнгө өгөхөд бас тийм зүйл хэлээгүй. Тэгээд сарын дараагаас эхлээд ийм зүйл ярих болсон. Одоо болтол машинаа аваагүй хүлээгээд байж байгаа, би ч бас гомдолтой байна.  Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж байна. Хэвээр нь үлдээж өгнө үү. Банкнаас зээлсэн 5.000.000 төгрөгний хүү болох 636.000 төгрөгийг төлье гэж бодсон. Шүүхээс боломжтой гэвэл 2 сарын хүү мөнгийг дал жаран мянгаар нь  төлье, боломжгүй гэвэл 636.000  төгрөгийг төлье. Харин 5.000.000 төгрөгийг бол өгчихсөн” гэв. 

                                                 Үндэслэх нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс эд хөрөнгө чөлөөлүүлэх, хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдуулан хамтын ажиллагааны үр дүнд бий болсон ашиг 7.821.177 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус  шүүхэд гаргажээ.

Хэргийг судлан үзвэл: нэхэмжлэгч ******* нь автомашин худалдан авах зорилгоор хариуцагч *******гээс 8.500.000 төгрөгийг зээлж  авсан, ******* нь *******т мөнгө зээлүүлэхийн тулд 5.000.000 төгрөгийг Төрийн банкнаас зээлж авч өгсөн, ******* нь зээлж авсан 8.500.000 төгрөгөө тодорхой хугацааны дараа буцаан төлсөн ба энэ талаар зохигчдын хэн аль нь маргаагүй байна. 

Харин талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан эсэх талаар маргаан үүссэн байна. Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн  шаардлагын үндэслэлээ автомашиныг хариуцагч ******* нь ямар нэгэн үндэслэлгүйгээр өөрийн эзэмшилд авсан гэж тайлбарладаг бол хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нэхэмжлэгч *******т автомашин худалдан авахад нь тусалж хариуд нь худалдан авсан автомашинаар самар түүж борлуулан ашгаа тэнцүү  хуваан авахаар тохиролцсон боловч тохиролцоогоо зөрчин ашгаас ногдох хувийг өгөөгүй тул автомашиныг авсан гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг судлан үзвэл:  

Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, гэрч мэдүүлэг,  Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл,  Л.Даваажаргал, ******* нарын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, ************** дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,   зэргээр  **** СБА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь нэхэмжлэгч ******* болох нь тогтоогдсон, хариуцагч ******* нь автомашины өмчлөлийн талаар маргаагүй  байна

Харин хариуцагч  ******* нь *******ын автомашиныг өөрийн эзэмшилд авсан шалтгаанаа хамтран ажиллах гэрээний дагуу ашиг өгөөгүй гэж тайлбарлан улмаар нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн 7.821.177 төгрөг гаргуулах тухай  шаардлагаа нотлохын тулд  шүүхэд хүсэлт гарган  Г.Гантулга, О.Дорждэрэм, Г.Батбаяр, Н.Батхишиг С.Оюунчимэг нарын гэрчээр мэдүүлэг авахуулсан бөгөөд тухайн гэрчүүд нь зохигчдыг зөвхөн хамтран ажиллахаар ярилцаж байсан тухай мэдүүлжээ.

Иргэний хуульд хамтран ажиллах гэрээг амаар байгуулж болохоор хуульчилсан бөгөөд  тухайн гэрээний үндсэн шинж нь хоёр буюу түүнээс дээш этгээд  байх,  ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд талууд хамтран ажиллах үүрэгтэй байдаг. Мөн гэрээний талуудын хамтын ажиллагаанд гүйцэтгэх үүрэг нь тодорхой, ашиг орлогоо талуудын гүйцэтгэсэн үүрэгтэй нь холбогдуулан хэрхэн хувиарлах зэргийг тодорхой тохиролцсон байхыг шаарддаг.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд  *******, ******* нар хамтран ажиллах гэрээ байгуулан хамтран ажилласан талаар болон гэрээг хэрхэн байгуулсан, гэрээнд хэн хэн ямар үүрэгтэй оролцсон, талуудын хамтын ажиллагаа нь хэрхэн явагдах байсан, талууд үйл ажиллагаанаас олсон ашгаа хэрхэн хувиарлах талаар тохиролцсон зэрэг нотлох баримт авагдаагүй, энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж нотлоогүй байх тул  зөвхөн   гэрчүүдийн  хамтран ажиллана гэж ярьж байсан гэх мэдүүлгээр зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж  үзэх боломжгүй байна.

Мөн хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т холбогдуулан банкнаас зээлсэн 5.000.000 төгрөгийн хүү 636.302 төгрөг, тэжээлийн үнийн зөрүү 1.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т “ зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохирч хүү тогтоож болно, талууд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.  Энэхүү шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ  алдана” гэж заасан. Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийг ******* нь биелүүлж гэрээ дуусгавар болсон  талаар маргаагүй боловч гэрээний талууд  хүү төлөх талаар  тохиролцсон эсэх  болон тэжээлийн үнийн зөрүү гаргуулах  талаар  хэрэгт ямар нэгэн нотлох баримт авагдаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч ******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй байх тул түүний сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болох бөгөөд  иргэн ******* нь өөрийгөө төлөөлөх  бүрэн эрхийг эхнэр *******д 2017 оны 03 сарын 06-ны өдөр нэг жилийн хугацаатай олгосон бөгөөд тухайн эрхийнхээ дагуу ******* нь *******д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ******* нараас зөвхөн   *******гийн   Төрийн банкны Зүүнхараа салбартай байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №16/121 дугаартай Барьцаат зээлийн гэрээг үндэслэн зээлийн хүү  636302 төгрөг гаргуулахаар  шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь:  зээлийн хүү тооцон  гаргуулсан  2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №16/121 дугаартай Барьцаат зээлийн гэрээ  нь *******г банкнаас зээл авсан тухай баримт бөгөөд энэхүү гэрээг үндэслэн  *******, ******* нараас зээлийн хүү тооцон гаргуулсан нь хуулийн үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг  Мандал сум дахь сум дундын  шүүхийн 2017 оны 05 сарын 24-ний өдрийн 171 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн:

 2 дахь заалтыг:  

“Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2-д зааснаар *******гийн ******* ******* нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

4 дэх заалтыг: 

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 190.950  төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 190.950  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, *******гийн сөрөг нэхэмжлэлд төлсөн тэмдэгтийн хураамж 141.000 төгрөгийг орон нутгийн оролгод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас   давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141.000 төгрөгийг  орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                     ШҮҮГЧИД                       С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                          Г.ДАВААРЕНЧИН