Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 135/2018/01184/И |
Дугаар | 001/ХТ2020/00068 |
Огноо | 2020-02-06 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2020/00068
ДДС ТӨХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 137 дугаар шийдвэртэй,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаар магадлалтай,
ДДС ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,
Т ХХК-д холбогдох
Дулааны төлбөр 4.064.485 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, дулааны өндөр даралтын төв шугамыг буцаан 16 давхрын 0 давхарт байрлуулах, засварын зардал болон нөхөн олговор 9.507.550 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Д.Я-, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч ДДС ТӨХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Дархан-Уул аймгийн Захирагчийн албанаас үүрэг даалгавар өгсөний дагуу манай байгууллага Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 16 давхар байрны подьвалд байсан дулааны шугам сүлжээг 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг 3 албан байгууллагатай ярилцаад, танай эзэмшлийн талбайгаар дулааны шугам хоолой явуулахгүй бол доор засвар үйлчилгээ хийх боломжгүй болчихлоо гэж хэлж тохиролцоод 3 аж ахуй нэгжийн ханыг цоолоод шугам сүлжээ явуулсан байдаг. Энэ асуудал дээрээ хоорондоо ярилцаад дулааны төлбөр авахгүй байх талаар ярилцсан байдаг. Түүнээс гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй. Дулаан хэрэглэгч Тана дэлгүүрийн захирал Янжмаа нь 2013 оноос Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 16 давхар байрны нэгдүгээр давхарт хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа ба энэхүү хугацаанд хэрэглэсэн дулааны төлбөрөө огт төлөхгүй байгаа тул түүнээс 2013-2018 онуудын дулааны үндсэн төлбөр 4.064.485 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т ХХК-ийн захирал Д.Я-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Дархан сумын 12 дугаар багт байрладаг 16 дугаар байрны дулааны шугам гэмтсэнээс оршин суугчид дулаан авч чадахгүй, тус байрны дулааны шугам, хоолой хөлдөх ноцтой, хүнд байдалд орсон. 16 дугаар байрны 0 давхарт бохирын лагаар дүүрч дулааны шугамын засвар, үйлчилгээг ДДС ТӨХК хийх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын захирагчийн алба болон Дархан Дулааны сүлжээ ТӨХК-аас 0 давхрын дулааны шугамыг ашиглахгүйгээр нэг давхарт байрладаг аж ахуй нэгжүүдийн талбайд суурилуулах санал тавьсан. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Захирагчийн алба, Дархан дулааны сүлжээ ТӨХК болон 16 дугаар байрны нэг давхрын аж ахуйн нэгжүүдтэй олон удаагийн уулзалт хэлэлцээр зохион байгуулсан бөгөөд тус аж, ахуй нэгжүүдийг төлөөлж иргэн Д.Сарантуяа хэлэлцээр хийсэн. Тус уулзалт хэлэлцээрийн үр дүнд дараах шийдэлд хүрсэн. Аж ахуй нэгжүүдийн талбайд дулааны гол шугам байрлуулна. Дулааны шугамд гэмтэл гарсан үед ДДС ТӨХК засварын ажлыг хариуцна. Тус барилгын 1 давхрын аж ахуйн нэгжүүдийг дулааны төлбөрөөс чөлөөлнө. Дулааны шугам тавьснаас хойш том магистрал шугамын гэмтэл, эрсдэлийг хариуцаагүй. Өнөөдрийг хүртэл аж ахуй нэгжүүд гэмтэл засварыг хийж байна. Дулааны төлбөрөөс чөлөөлсөн байхад төлбөр нэхэмжилсэн. Иймд ДДС ТӨХК дээрх хэлэлцээрийн дагуу үүргээ гүйцэтгээгүй бөгөөд дулааны төлбөрийг нэхэмжлэх нь үндэслэлгүй гэжээ.
Хариуцагч Т ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж хуульчилсан байдаг. Бидний зүгээс дулааны өндөр даралтын төв шугамыг буцаан 16 давхрын 0 давхарт байрлуулах, дулааны өндөр даралтын төв шугамтай холбогдох засварын ажлыг өөрсдийн зардлаар тухай бүр засвар хийж байсан бөгөөд нийт 4.618.750 төгрөгийн засварын ажлыг хийсэн. Мөн төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан тул сүүлийн 5 жилд дэлгүүрийн ашигтай талбайны 9.7 м.кв талбайг Дархан дулааны сүлжээ ТӨХК-ийн дулааны өндөр даралтын төв шугам ашиглаж байсан тул нийт 4.888.800 төгрөг, /9.7 мкв2*8000 төгрөг/ сарын түрээс 1 мкв2/*63 сар /ашигтайн талбайн нийт сар/. Иймд нөхөх олговрын нийт 9.507.550 төгрөгийг нэхэмжилж байна. Манай дэлгүүрийн ашигтай талбай 90 м2, үүний 9.7 м2 талбайг дулааны шугам эзэмших болсон. Хэрэв энэхүү талбайг зах зээлийн ханшийн доод жишгээр тооцвол 1 м2 ыг 8000 төгрөгөөр гэж үнэлбэл сард 77.600 төгрөг, жилд 931.200 төгрөг болно. Дулааны өндөр даралтын төв шугамыг тавихад дэлгүүрийн үйл ажиллагааг 3 хоног зогсоож, шугам тавьсан. Энэ нь дэлгүүрийн өдөр тутмын орлогод нөлөөлөөд зогсохгүй тэнд ажиллаж буй хүмүүсийн амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлсөн. Дулааны өндөр даралтын төв шугам байршуулснаар хавар, намрын улиралд хэт халуун агаараас болж хүнсний бүтээгдэхүүнд сөрөг нөлөө үзүүлдэг. Дулааны өндөр даралтын төв шугамаас үүдэлтэй нийт 4.618.750 төгрөгийн засварын ажил хийгдсэн. Уг шугамыг буцаан байршуулах зорилгоор зоорийн давхрыг цэвэрлэх, засварлах, засварын ажилд тусалж, хүнсний бүтээгдэхүүнээр туслалцаа үзүүлсэн. 2ф80-ын трубаг /15-20 м урттай/ зааланд оруулах гэж 3 м 10 см ханыг цөмлөсөн боловч зааланд оруулаагүй тул хана хэрэггүй цөмлөсөн. Цөмлөсөн ханыг засаж өгөөгүй. Тэр оруулж ирэх гэж байсан 2ф 80-ын трубаг нь одоо хүртэл 16 дугаар байрны 1 дүгээр давхарт нийтийн эзэмшлийн талбайд /коридор/ ямар ч хамгаалалтгүй байгаа бөгөөд оршин суугчдын аюулгүй байдлыг хангаагүй. Труба цоорох тохиолдол гарвал оршин суугчид 1 давхарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд ихээхэн аюул, хохирол учирна. Иймд дулааны өндөр даралтын төв шугамыг буцаан 16 давхрын 0 давхарт байрлуулах, засварын зардал болон нөхөн олговорт нийт 9.507.550 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уламбаярын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Дулааны өндөр даралтын төв шугамаас үүдэлтэй засварын 4.618.750 төгрөг нэхэмжилсэн байна. Уг засварыг мэргэжлийн ямар аж ахуй нэгж байгууллагаар засвар хийлгэсэн болох. Ямар шугам хоолойг хаанаас ямар үнэ өртгөөр авсан талаар ямар ч баримт нотолгоо байхгүй. 9.7 м квадрат талбайг эзэлсэн шугам хоолой байгаа тул 9.507.550 төгрөг мөн нэхэмжилсэн. Хэргийн материалд нотолгоо байхгүй байгаагаас гадна шугам хоолой байснаар ямар хохирол учирсан болох, хэрвээ байхгүй байсан бол ямар хэмжээний ашиг орлого нэмэгдэх олох байсныг нотлох. Ямар хуулийн зүйл заалтыг баримтлаад байгааг тодорхой бичээгүй байна. Дулааны шугам хоолойг гаргасан нь 16 давхрын 180 өрх айлын 700 гаруй иргэдийн эрх ашгийн үүднээс Аймгийн Засаг даргын захирагчийн албатай хамтран удаа дараа ярьж, эцэстээ энэ шийдвэрт арга буюу хүрсэн байдаг. Түүнээс ДДС ТӨХК-д ямар ч алдаа байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 137 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д тус тус зааснаар хариуцагч Т ХХК-аас 2.969.897,63 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ДДС ТӨХК-д олгож, 1.094.587,37 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, дулааны өндөр даралтын төв шугамыг буцаан 16 давхрын 0 давхарт байрлуулах, засварын зардал, нөхөн олговор нийт 9.507.550 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 79.981 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 237.371 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62.468 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.470 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан "шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Дархан-Уул аймгийн 12 дугаар багт байрлах 16 дугаар байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулж буй обьект нь Я.Батцэцэг гэсэн хүний нэр дээр байна. Энэхүү хэрэг нь Тринитрейд ХХК-д огт хамааралгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дахь хэсэгт зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
ДДС ТӨХК, Т ХХК-д холбогдуулан дулааны төлбөр 4.064.485 төгрөг гаргуулах нэхэмжлэл, Т ХХК, ДДС ТӨХК-д холбогдуулан дулааны өндөр даралтын төв шугамыг 1 давхараас 0 давхарт шилжүүлэн байрлуулах, засварын зардал, нөхөн олговор 9.507.550 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг зохигч хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.
Хоёр шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.
1. Хариуцагч Т ХХК-с 2013-2018 онуудын дулааны төлбөр гаргуулах үндэслэл тогтоогдоогүй байхад шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь хуульд нийцээгүй байна.
“Эрчим хүчээр хангагч” гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг, “хэрэглэгч “ гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлэхийг Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16, 3.1.19-т заажээ.
Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна, эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага тооцох журам, эрчим хүчний шугам сүлжээний эзэмшлийн зааг, эрчим хүчний хэрэглээний горим, сар бүрийн хуваарь, хэрэглэгч хуулийн этгээдийн харилцах данснаас төлбөрийг банкны байгууллагаар шууд хийлгэх нөхцөл, төлбөрийн барьцаа болон шаардлагатай бусад асуудлыг тусгахыг мөн хуулийн 28.2, 28.3-т заасан байна.
Хэргийн баримтаас үзвэл 2009 онд ...16 дугаар байрны О-ын давхарт байрлах дулааны шугам сүлжээг засварлах, оршин суугчид дулаанаар хангагдах боломжгүй болсноос 1 давхарт байрлах Д.Батцэцэгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн талбайгаар дамжуулж дулааны шугам хоолой татсан, тухайн үед дулааны төлбөрөөс чөлөөлж шийдвэрлэж байсан нь зохигчийн тайлбараар тогтоогджээ.
Нэхэмжлэгч ДДС ТӨХК хариуцагч Т ХХК-с 2013-2018 онуудын дулааны төлбөр нэхэмжилж байгаа боловч хуулийн эсхүл гэрээний үндсэн дээр ямар нөхцлийн дагуу төлбөрийг шаардсан нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, нотлоогүй байна.
Зохигчийн хооронд эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд хоёр шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа хариуцагч буюу хэрэглэгчийг эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй гэж үзэж, төлбөр гаргуулсан нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасантай нийцэхгүй байна.
Иймд төлбөр гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Т ХХК, ДДС ТӨХК-д холбогдуулан дулааны өндөр даралтын төв шугамыг 1 давхараас 0 давхарт шилжүүлэн байрлуулах, засварын зардал, нөхөн олговор 9.507.550 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд хариуцагч гомдол гаргаагүй байна.
Харин сөрөг нэхэмжлэлийн агуулга нь хариуцагчид холбогдуулан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, бусдын үүргийг даалгаваргүйгээр биелүүлсэн гэж зардлаа шаардсан, мөн хохирол гаргуулах агуулгатай байхад хоёр шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэсэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 137 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Т ХХК-с дулааны төлбөр 4.064.485 төгрөг гаргуулахыг хүссэн ДДС ТӨХК-ийн үндсэн нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 496 дугаар зүйлийн 496.2, 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул ДДС ТӨХК-д холбогдуулан дулааны өндөр даралтын төв шугамыг 1 давхараас 0 давхарт шилжүүлэн байрлуулах, засварын зардал, нөхөн олговор 9.507.550 төгрөг гаргуулах Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсүгэй.
2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 65.200 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ