Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/00548

 

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/00548

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, “Зоос гоёл” ХХК-ийн байрны өртгөтгөл 206 тоотод оршин байх, “АО жаргалант” ХХК /РД:2569035/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Богд ар” 1/б байранд оршин байх, “Богда холдинг” ХХК /РД:2613239/-д холбогдох,

  

Түрээсийн төлбөр 60,000 ам доллар буюу 118,324,800 төгрөг гаргуулах үндсэн,

 

243,999,598 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэнбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Содхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.  

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “АО Жаргалант” ХХК нь 2008 онд өөрийн эзэмшлийн газар дээр 640 айлын орон сууцны хотхон барих төслийн ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд барилгын ажлын гүйцэтгэгчээр “Богда холдинг” ХХК шалгарч барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилдаа орсон. Барилгын ажлыг гүйцэтгэхээр “Богда холдинг” ХХК-ийн нийт 380 орчим ажилчид БНХАУ-аас ирж байсан бөгөөд тус компанийн удирдлагаас манай компанид хандан манай компанийн зарим барилга, обьектыг барилгын ажил дуустал түрээслэх хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу “АО Жаргалант” ХХК-ийн оффисын барилгыг оффис ажилчдын амьдрах байр, талбайн инженерүүдийн оффис, харуул хяналтын байрны зориулалтаар, агуулахын барилгыг ажилчдын гал зуух, агуулах, ажилчдын амьдрах байрны зориулалтаар, 36 автомашины гараашийн барилгыг амьдрах байр, материалын агуулахын зориулалтаар 2008-2011 оныг  хүртэл хугацаанд түрээслэсэн. Талуудын хооронд “Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ”-г 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан. Гэтэл хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээний дагуу төлбөрийг одоо болтол төлж барагдуулаагүй байна. Түрээсийн төлбөрийн талаар 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн удаа дараа сануулга, шаардлага тавьсан боловч янз бүрийн шалтаг хэлж хойшлуулсаар байх тул гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж байна. Иймд хариуцагч “Богда холдинг” ХХК-иас нийт төлөгдөөгүй төлбөр болох 60,000 ам.доллар, буюу 60,000 х 1972.08 төгрөг нийт 118,324,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаяр, өмгөөлөгч О.Батцэцэг нар сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “АО жаргалант” ХХК нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн газарт төсөл хэрэгжүүлж “Хаппи” /Happy/ нэртэй орон сууцны хотхон барихаар болсон. Уг барилгын гүйцэтгэгчээр “Богда холдинг” ХХК ажиллахаар болсон бөгөөд 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан. Гэвч “АО Жаргалант” ХХК-ийн банкны зээлээр санхүүжүүлэн хэрэгжүүлж байсан “Хаппи” /Happy/ хотхоны барилгын төсөл санхүүгийн боломжгүйн улмаас цаашид хэрэгжих боломжгүй болсон. Бид зээлийнхээ өрөнд “Хадгаламж” банкинд уг төслийг шилжүүлэн өгсөн. Энэ үйл ажиллагааны хүрээнд тухайн барилгын төсөлтэй холбоотой бүхий л баримт бичиг, түүний дотор “Богда холдинг” ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ эх хувиараа банкинд шилжсэн. Хадгаламж банкнаас энэ төслийг “Өндөр буянт холдинг” ХХК авч хэрэгжүүлсэн бөгөөд манай компанийн зүгээс барилгын талбай дээрх эд зүйлс болох кран, краны суурь, түр байгууламж, арматур бэлдэц гэх мэтийн тооцоог хэрхэн хийсэн эсэхийг “Өндөр буянт холдинг” ХХК-иас тодруулахад Гуо Зянминтай тооцоогүй гэсэн хариуг албан бичгээр манайд өгсөн. Өөрөөр хэлбэл манай компанийн оролцоогүйгээр “Богда холдинг” ХХК нь “Өндөр буянт холдинг” ХХК-д дээрх эд материал, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч төлбөрийг авсан байдаг. “Богда холдинг” ХХК нь “Өндөр буянт холдинг” ХХК-иас дээрх эд материал, тоног төхөөрөмжийн төлбөрийг авсан бөгөөд дахин манай компаниас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тэгээд ч хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй, гэрээний хөөн хэлэлцэх хугацаа ч дууссан байгааг анхаарна уу. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2008 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлж, барилга бариулахаар “Богда холдинг” ХХК нь 380 орчим хятад ажилчдыг оруулж ирсэн бөгөөд 2008-2011 оны хооронд эдгээр ажилчид нь манай эзэмшлийн газар дээр байсан оффис, агуулах, гараж зэргийг түрээслэж, ашигласан. Бид 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр түрээсийн төлбөр барагдуулах гэрээг хоёр талаасаа хийсэн бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч манай эд зүйлийг ашиглаж, түрээслэсний төлбөр 60,000 ам доллар буюу 118,324,800 төгрөгийг одоо болтол өгөхгүй байна. Иймд манай түрээсийн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Бид хариуцагчийн хэлээд байгаа шиг тэдний краны суурь, түр барилга, хашаа, арматурын төмрийн үнэ зэргийг өөр этгээдээс авч, хариуцагчид өгсний эцэст мөнгө авахаар харилцан тохироогүй. Хариуцагч талаас гэрээний зүйл, заалтыг буруугаар тайлбарлаж байна. Гэрээний хоёрдугаар зүйл “түрээсийн төлбөрийн хэмжээ” гэсэн заалтын 1-д барилгын талбай дээр хийсэн түр барилга, краны суурь, хашаа, арматурын үнэ зэргийг захиалагч буюу Жаст групп, Хадгаламж банкнаас “Богда холдинг” ХХК нь авсаны дараа бидэнд мөнгөө өгнө гэсэн санаа, агуулга байгаа. Гэтэл уг мөнгөө өөрсдөө “Богда холдинг” ХХК нь авчихсан мөртлөө одоо 60,000 ам доллараа бидэнд өгөхгүй байгаа учраас л бид шүүхэд хандсан гэдгийг анхаарч үзнэ үү. Гэрээний бусад заалтууд маш тодорхой байгаа. Хэрэв барилгын ажлыг “Богда холдинг” ХХК нь өөрсдөө дуусгасан бол 50,000 ам доллар, өөр гүйцэтгэгч гүйцэтгэх бол 50,000 ам доллар гэсэн л агуулга байгаа. Бид хариуцагч талд удаа дараа санал тавьсан. Нэг бол бид 12,000 ам доллар аваад эвлэрье гэсэн боловч тэд зөвшөөрөхгүй байгаа тул бид 60,000 ам доллараа л авна. Тодруулбал, бид өнөөдөр бодитоор түрээслүүлсэн мөнгөө л нэхэмжилж байгаа болохоос өөр ямар нэг зүйлийн талаар маргаагүй.

  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэнбаяр, өмгөөлөгч Б.Батбаяр нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Богда холдинг” ХХК нь “АО Жаргалант” ХХК-ийн нэхэмжилсэн төлбөрийг хариуцах үндэслэлгүй. Анх “Гуоши гуонся” ХХК-ийн захирал Гуо Зянмин нь манай компани дээр ирж “АО Жаргалант” ХХК-ийн захиалгаар баригдах орон сууцны барилгын гүйцэтгэгчээр ажиллах болсон, барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй тул танай компанийн тусгай зөвшөөрлийг ашиглах тухай санал тавьсан. Ингээд бид харилцан тохирч, ярилцсаны үндсэн дээр “АО Жаргалант” ХХК-тай 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Хаппи” /Happy/ нэртэй орон сууцны хотхон барихаар “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г нэхэмжлэгчтэй байгуулсан. Ингээд барилгын ажлыг гүйцэтгэхээр БНХАУ-аас давхардсан тоогоор 150-180 хятад ажилчдыг оруулж ирсэн. Барилгын материалыг хадгалах болон ажилчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэх үүднээс бид түр барилга барьсан, мөн краны суурь болон бусад байгууламжийг нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр барьсан. Ингээд барилгын ажил ид явагдаж байтал эдийн засгийн хямрал болсон. Уг барилга нь “Монгол шуудан” банкны зээлээр санхүүжигдэж байсан ба энэ банк нь “Хадгаламж” банктай нэгдсэнээр баригдаж байсан барилгын ажил үндсэндээ зогссон. Захиалагч буюу санхүүжүүлэгч “АО жаргалант” ХХК маань бидэнд төлбөрөө төлж чадахгүй, ажлыг үргэлжлүүлж санхүүжүүлэх боломжгүй болсон тул тэд уг төслөө бусдад зарсан. Ингэж барилгын ажил нь өөр гүйцэтгэгч компанид шилжэхээр болсон тул “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г хоёр талууд дүгнэж, аль аль нь өр төлбөргүй гэсэн 88 тоот протоколыг 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр үйлдсэн. Уг протоколоор бидний хооронд одоо ямар ч асуудал, өр шир байхгүй, хохирол нэхэмжлэхгүй гэж тодорхой дурдсан. Бид “АО жаргалант” ХХК-ийн эзэмшлийн газар дээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулж, краны болон бусад тоног төхөөрөмжийн суурь, түр барилга байгууламж, хашаа зэргийг барьсан ба хашаан дотор нь илүү гарсан арматур төмрүүд байсан ба протоколд ч энэ нь тусгагдсан. Эдгээр эд хөрөнгийн үнийг “АО жаргалант” ХХК нь дараагийн төслийг авсан компаниас авч өгөхөөр тохирсон нь харагдаж байгаа. Бид нэгэнт эхлүүлсэн ажил байсан тул дараагийн газартай тохирвол ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байсан. Ингээд 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хоёр тал ахин “Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан. Уг гэрээнд барилгын ажлыг бид өөрсдөө гүйцэтгэвэл 50,000 ам доллар, үгүй бол 60,000 ам доллар төлөхөөр тохирсон. Гэхдээ уг төлбөрийг төлөхөөс өмнө “АО жаргалант” ХХК нь барилгын талбай дээр хийсэн түр барилга, краны суурь, хашаа, арматурын үнэ зэргийг барилгыг шинээр хүлээн авч буй захиалагч буюу Хадгаламж банк, Жаст группээс авч бидэнд өгсний дараа түрээсийн төлбөрийг төлөхөөр тохирсон байгаа. Гэтэл бидний барилгын талбай дээр үлдээсэн эд зүйлийн төлбөрийн авч өгөөгүй атлаа түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Бид “АО жаргалант” ХХК-ийн захирал Л.Алтангэрэл нь хэрэгт холбогдож, хоригдсон тул уг эд хөрөнгийн үнээ нэхэмжлээгүй, урьд нь хамт ажиллаж байсан, ажил хэргийн холбоотой гэдэг үүднээс уг асуудлыг тэр чигт нь хаясан байсан. Ингээд ямар нэг өр төлбөрийн маргаангүй гэж бодож явтал шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж заасны дагуу бид 60,000 ам долларыг төлөх үүрэггүй.

Цаашлаад “АО Жаргалант” ХХК нь “Богда холдинг” ХХК-иас түрээсийн төлбөр нэхэж байгаа боловч чухам хэдэн оны хэдэн сарын хэдний өдрийн ямар дугаартай, ямар түрээсийн гэрээгээр юу түрээслэсэн тухай нэхэмжлэлийн үндэслэлдээ бичээгүй бөгөөд түрээсийн гэрээг хавсаргаагүй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж, 318.4-т “энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл түрээсийн хуулбар гэрээ тэр тусмаа үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээний хэлбэрийн шаардлагыг хангасан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагын түрээсийн гэрээний талаар дурдаагүй, хавсралтаар түрээсийн гэрээг ирүүлээгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойгүй болгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 “АО Жаргалант” ХХК-ийн нэхэмжлэл гаргахдаа шүүхэд өгсөн 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ”-ний 2 дугаар зүйлд “энэ хэмжээ дараах тохиолдолд өөрчлөгдөхийг харилцан зөвшөөрөв” гэсний 2.1-д “барилгын талбай дээр хийсэн түр барилга, краны суурь, хашаа, арматурын үнэ зэргийг захиалагч талаас авсны дараа энэ түрээсийн төлбөрийг төлөхөөр тохиролцов” гэжээ. Гэтэл өнөөдрийн байдлаар захиалагч буюу “АО Жаргалант” ХХК нийт 243,999,598 төгрөгийг “Богда холдинг” ХХК-д төлөөгүй байна. 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Богда холдинг” ХХК болон “АО Жаргалант” ХХК-ийн хооронд 88 дугаартай гэрээ дүгнэсэн протокол, хавсралтын хамт үйлдсэн байдаг. Тус протоколд “гүйцэтгэгч нь тус барилгыг барихын тулд оруулсан хөрөнгө оруулалт болох краны болон тоног төхөөрөмжийн суурь, түр барилга байгууламж, хашаа бэлдэц, арматур зэрэгт оруулсан хөрөнгө хөрөнгийг “АО Жаргалант” ХХК нь Хадгаламж банк буюу дараагийн гүйцэтгэгч компаниас гаргуулж өгөх” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл “АО Жаргалант” ХХК нь тус гэрээ дүгнэсэн протоколын хавсралтаар батлагдсан 243,999,598 төгрөгийг “Богда холдинг” ХХК-д дараагийн гүйцэтгэгч компаниас гаргуулан өгөх үүргийг хүлээжээ. Тийм ч учраас 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1-д “Барилгын талбай дээр хийсэн түр барилга, краны суурь, хашаа, арматурын үнэ зэргийг захиалагч талаас авсны дараа энэ түрээсийн төлбөрийг төлөхөөр тохиролцов” гэж тодорхой заасан байна. Дээрх гэрээ дүгнэсэн протоколоор хүлээсэн үүргээ “АО Жаргалант” ХХК биелүүлсэн тохиолдолд мөн түрээсийн төлбөр барагдуулах гэрээний үүргээ “Богда холдинг” ХХК биелүүлэхээр харилцан тохиролцсон болох нь дээрх хоёр хэлцэлээс тодорхой харагдаж байна. Бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй атлаа түрээсийн гэрээгүй, ямар нөхцөл болзол нь тодорхой бус зүйлд үндэслэн их хэмжээний төлбөр гаргуулахаар гаргасанд маш их гомдолтой байх бөгөөд харин “АО Жаргалант” ХХК-иас харилцан тохиролцсоны дагуу авах ёстой төлбөрөө нэхэмжилж байна. Иймд 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Богда холдинг” ХХК болон “АО Жаргалант” ХХК нарын хооронд 88 дугаартай гэрээ дүгнэсэн протокол, хавсралт, 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1-д заасныг тус тус үндэслэн “АО Жаргалант” ХХК-иас 243,999,598 төгрөгийг гаргуулж “Богда холдинг” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Содхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би анх 2006 онд “Богда холдинг” ХХК-тай Нийслэлийн захиргааны төв байр буюу Хангарьд ордны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулснаар Монгол улсад ирж, уг гэрээний дагуу тус барилгын гүйцэтгэгчээр ажиллан, “Богда холдинг” ХХК-тай холбогдсон юм. Нэхэмжлэгч “АО Жаргалант” ХХК компани нь 2008 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Хаппи таун” /Нappy town/ орон сууцны хорооллын төслийг гүйцэтгүүлэхээр “Богда холдинг” ХХК-тай гэрээ байгуулсан ба уг төслийн барилгын гүйцэтгэгчээр миний бие оролцож, гэрээт ажлыг гүйцэтгэж байсан болно. Гэтэл 2009 онд захиалагч “АО Жаргалант” ХХК нь эдийн засгийн хямралаас шалтгаалан төслөө цаашид санхүүжүүлэх боломжгүй болсоны улмаас барилгын ажлыг зогсоож, 2010 оны 7 дугаар сарын 22-нд тооцоо нийлж, гэрээгээ дүгнэн дуусгавар болгосон ба энэ нь тухайн өдрийн 88 тоот гэрээ дүгнэсэн протоколоор нотлогдоно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ”-ний дүн болох 60,000 ам.доллар буюу 118,324,800 төгрөгийг манай компани болон “Богда холдинг” ХХК-ийн аль нь ч хариуцан төлөх үндэслэлгүй юм. Учир нь 88 дугаар протоколын 3 дахь заалт, түрээсийн төлбөр барагдуулах гэрээний 2.1-д тодорхой заасан байх ба энэхүү заалтад дурдсан төлбөрийг “АО Жаргалант” ХХК нь дараагийн захиалагчаас гаргуулж гүйцэтгэгч талд төлүүлээгүй учир уг түрээсийн төлбөрийг биднээс нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. 88 тоот протоколын хавсралтад дээрх төлбөрийн дүнг 243,999,598 төгрөг гэж хоёр тал харилцан баталгаажуулсан байх бөгөөд энэ мөнгийг бидэнд гаргуулж өгөөгүй тул эсрэгээрээ бид зөрүү мөнгөө нэхэмжлэн гаргуулах үндэслэлтэй байна. Гэвч бид “АО Жаргалант” ХХК-ийн нөхцөл байдлыг ойлгож байгаагийн хувьд нэхэмжлээгүй өнөөдрийг хүрсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин сөрөг нэхэмжлэлийн хувьд дэмжиж байна гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан баримт болон зохигчийн тайлбарыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “АО жаргалант” ХХК нь өөрийн эзэмшлийн газар дээр “Хаппи” /Happy/ нэртэй орон сууцны зориулалттай хотхоныг барихаар болсон ба уг барилгын гүйцэтгэгчээр “Богда холдинг” ХХК ажиллахаар харилцан тохирчээ. “Богда холдинг” ХХК нь “Хаппи” /Happy/ хотхоны барилгын ажлыг гүйцэтгүүлэх үүднээс БНХАУ-аас ажилчид оруулж ирсэн, нэхэмжлэгчийн эзэмшил газарт тодорхой хэмжээний бүтээн байгуулалт буюу краны суурь, хашаа, ажилчдын түр орон сууц зэргийг барьсан тал дээр зохигчид маргаагүй /хх 7, 100 хуудас/.

 

“АО жаргалант” ХХК-ийн зүгээс санхүүжилт зогсож, улмаар “Хаппи” /Happy/ хотхоны барилга угсралтын ажил цаашид үргэлжлэх боломжгүй болсны улмаас талууд гэрээний харилцаагаа дуусгавар болгож 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 88 дугаар “гэрээ дүгнэсэн протокол”-ыг үйлдсэн байна /хх 100 хуудас/.    

 

2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч “АО жаргалант” ХХК болон “Богда холдинг” ХХК-иуд №09/10 тоот “Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч “АО жаргалант” ХХК нь өөрийн контор, гараж, үйлдвэрлэлийн зориулалттай байр, обьектийг “Богда холдинг” ХХК-д түрээслэн, ашиглуулсаны төлбөрийг хэрхэн барагдуулахыг харилцан тохирчээ /хх 7 хуудас/.

 

Тодруулбал, дээр дурдсан обьектуудын түрээсийн төлбөрийн хэмжээг 60,000 ам доллараар тогтоож, төлбөр төлөх нөхцөл, төлбөрийн хэмжээ ямар тохиолдолд өөрчлөгдөхийг дараах байдлаар гэрээнд тусгажээ. Үүнд:

 

1/ Барилгын талбай дээр хийсэн түр барилга, краны суурь, хашаа, арматурын үнэ зэргийг захиалагч /Хадгаламж банк, Жаст групп/ талаас авсны дараа энэ түрээсийн төлбөрийг төлөхөөр тохиролцов.

2/ Өөр гүйцэтгэгчээр барилгын ажлыг /НАРРУ хотхоны 640 айлын орон сууцны барилга/ гүйцэтгүүлэхээр болсон тохиолдолд дээрх үнэ хэвээр хадгалагдана.

3/ Барилгын ажлыг “Б” тал өөрсдөө гүйцэтгэх бол түрээсийн төлбөр 50,000 ам доллар болно гэсэн байна.

 

Дээрх гэрээг үндэслэж, “АО Жаргалант” ХХК нь хариуцагч “Богда холдинг” ХХК-иас 60,000 ам.доллар буюу 118,324,800 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Нэхэмжлэгч талаас өөрийн шаардлагын үндэслэлийг “...хариуцагч манай компанийн эд зүйлсийг түрээслэж, ашигласан атлаа 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний үүргийг биелүүлэхгүй байгаа тул 60,000 ам.доллар буюу 118,324,800 төгрөгийг бид шаардах эрхтэй” гэжээ. 

 

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх ба “...бид гэрээг байгуулсан тал дээр маргахгүй хэдий ч нэхэмжлэгч энэхүү гэрээний дагуу гүйцэтгэх ёстой ажлаа буюу бидний өөрийн хөрөнгөөр босгосон түр барилгууд, краны суурь, хашаа, мөн арматурын үнийг барилгын ажлыг шилжүүлэн авсан байгууллагаасаа авч өгөөгүй, гэрээний дагуу болзлоо биелүүлээгүй учир бид төлбөрийг төлөхгүй”, “...нэхэмжлэгч бидний барьсан барилга, байгууламжийг өөрсдийн хөрөнгө байсан мэтээр тайлбарлаж байна, тухайн эзэмшил газарт нь ямар нэг оффис, гараж, контор байгаагүй. Нэхэмжлэгч бидэнд юуг түрээсэлсэн болохоо баримтаар нотолж чадахгүй байна” гэж татгалзлын үндэслэлүүдээ тайлбарлаж байна.

 

Шүүх 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №09/10 тоот “Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ”-гээр зохигчид “АО жаргалант” ХХК-ийн эзэмшлийн газар дээрх контор, гараж, үйлдвэрлэлийн зориулалттай байр, обьектийг “Богда холдинг” ХХК-д түрээслэн, ашиглуулсаны төлбөрийг хэрхэн барагдуулахыг харилцан тохирсон байдал нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасантай харшлаагүй, талуудын хооронд байгуулагдсан “Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ” нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

 

Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан. Харин нэхэмжлэгч “АО жаргалант” ХХК нь 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №09/10 тоот “Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ”-ний үүргийг буюу 60,000 ам долларыг хариуцагч “Богда холдинг” ХХК-иас шаардах эрхгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Өмнө дурдсанчлан, хөрөнгө оруулалт зогссоны улмаас “Хаппи” /Happy/ хотхоны барилга угсралтын ажлыг “Богда холдинг” ХХК гүйцэтгэхээ больж, улмаар өөр гүйцэтгэгчид “Хаппи” /Happy/ хотхоны барилгын ажлыг шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

2010 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №09/10 тоот “Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ”-ний хоёрдугаар зүйлийн 1-д “Барилгын талбай дээр хийсэн түр барилга, краны суурь, хашаа, арматурын үнэ зэргийг захиалагч /Хадгаламж банк, Жаст групп/ талаас авсны дараа энэ түрээсийн төлбөрийг төлөхөөр тохиролцов” гэж заажээ /хх 7 хуудас/.

 

Хариуцагч талаас “дээрх гэрээний заалтын дагуу “АО жаргалант” ХХК нь “Хаппи” /Happy/ хотхоны дараагийн гүйцэтгэгчээс бидний барилгын талбайд хийсэн түр барилга, краны бетонон суурь, хашаа, барилгын ажлаас илүү гарсан арматурын төмрийн үнийг гаргуулж өгөөгүй тул бид 60,000 ам доллар төлөх үүрэггүй” гэж, нэхэмжлэгч талаас “уг заалтын захиалагч гэдэг нь манай компани биш бөгөөд уг гэрээний заалт бидэнд хамаарахгүй” гэсэн агуулгаар маргасан. 

 

Гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах, гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол агуулгыг бусад нөхцөл болон, гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлох учиртайг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсгүүдэд заажээ. Мөн гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх учиртайг мөн хуулийн 198.6 дахь хэсэгт тусгажээ.

 

“АО жаргалант” ХХК, “Богда холдинг” ХХК-ийн хооронд 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн 88 дугаар “гэрээ дүгнэсэн протокол”-д “...гүйцэтгэгч нь тус барилгыг барихын тулд оруулсан хөрөнгө оруулалт болох краны болон тоног төхөөрөмжийн суурь, түр барилга байгууламж, хашаа, бэлдэц, арматур зэрэгт оруулсан хөрөнгийг АО жаргалант ХХК нь Хадгаламж банк буюу дараагийн гүйцэтгэгч компаниас гаргуулж өгөх” гэсэн заалт байна. Уг заалтаас үзэхэд “АО жаргалант” ХХК нь 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №09/10 тоот “Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ”-ний үүрэг буюу 60,000 ам долларыг шаардах эрх нь барилгын талбай дээр хийсэн түр барилга, краны суурь, хашаа, арматурын үнийг шинэ гүйцэтгэгч эсхүл Хадгаламж банк, Жаст группээс талаас авч “Богда холдинг” ХХК-д шилжүүлсний эцэст үүсэх байсан гэж үзэхээр байна. 

 

Хэрэгт цугларсан баримтаар “АО жаргалант” ХХК нь гэрээний дээрх заалтыг биелүүлсэн болох нь тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч тал уг үүргээ биелүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан үүргийнхээ дагуу зааснаар нотолж чадаагүй болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр “Богда холдинг” ХХК-иас 60,000 ам.доллар буюу 118,324,800 төгрөг гаргуулах “АО жаргалант” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:

 

Хариуцагч “Богда холдинг” ХХК нь нэхэмжлэгч “АО Жаргалант” ХХК-д холбогдуулан 243,999,598 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлийг “...2010 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 88 дугаартай гэрээ дүгнэсэн протокол, түүний хавсралт, мөн 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн түрээсийн төлбөр барагдуулах гэрээний 2.1-д зааснаар 243,999,598 төгрөгийг бид нэхэмжлэгчээс шаардах эрхтэй” гэжээ. 

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбаруудаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч талууд 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, “АО жаргалант” ХХК-ийн эзэмшлийн газар дээр “Хаппи” /Happy/ орон сууцны зориулалттай хотхоныг барих ажилд гүйцэтгэгчээр “Богда холдинг” ХХК ажиллахаар харилцан тохирч талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Улмаар зохигчид харилцан тохирч дээрх гэрээний харилцааг дуусгавар болгосон нь “АО жаргалант” ХХК болон “Богда холдинг” ХХК-иудын хооронд 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн №88 дугаар “Гэрээ дүгнэсэн протокол”-оор нотлогдож байна. 

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг чөлөөтэй тодорхойлох эрхтэй. 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн №88 дугаар “Гэрээ дүгнэсэн протокол”-оор “Богда холдинг” ХХК-иас Хаппи” /Happy/ хотхоныг барихын тулд оруулсан хөрөнгө оруулалтыг дараагийн гүйцэтгэгчээс гаргуулж өгөх үүргийг “АО жаргалант” ХХК нь хүлээсэн гэж үзэхээр байх бөгөөд уг барилгын талбайд нийт 243,999,598 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс байсан болох нь “15-р хороолол 640 айлын орон сууцны бусад материалын үнийн хүснэгт”-ээр тогтоогдож байна.  

 

Аливаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зохицуулсан. Хариуцагч талаас 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн №88 дугаар “Гэрээ дүгнэсэн протокол”, 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №09/10 тоот “Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу “АО жаргалант” ХХК-иас барилгын талбайд байсан нийт 243,999,598 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг холбогдох газруудаас нь гаргуулж өгөхийг шаардаагүй болохоо үгүйсгээгүй. 

 

 Иймд талууд дээрх гэрээнүүдийг байгуулахдаа гэрээний хөөн хэлэлцэх хугацааг тохироогүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч “АО жаргалант” ХХК-ийн хариуцагч “Богда Холдинг” ХХК-иас гэрээний үүрэгт 60,000 ам.доллар буюу 118,324,800 төгрөг гаргуулах үндсэн, хариуцагч “Богда Холдинг” ХХК-ийн “АО жаргалант” ХХК-нд холбогдуулан гаргасан 243,999,598 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан “АО жаргалант” ХХК-ийн хариуцагч “Богда Холдинг” ХХК-иас 60,000 ам.доллар буюу 118,324,800 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч “Богда Холдинг” ХХК-ийн нэхэмжлэгч “АО жаргалант” ХХК-нд холбогдуулан гаргасан 243,999,598 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 749,580 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,377,947 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Н.ХАНГАЛ