Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2017/01479

 

 

 

 

 

 

 

 

     2017 оны 06 сарын 22 өдөр

     Дугаар 184/ШШ2017/01479

               Улаанбаатар хот

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Эмээлт, Шандын 7-103 тоот хаягт оршин суух, Халзан овогт Цэдэн-Ишийн Амгаланбаатар /РД:АГ81011711/

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Эмээлт, Шандын 7-103 тоот хаягт оршин суух, Шарууд овогт Очирбатын Эрдэнэчимэг /РД:АГ68041307/ нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамж, 168 тоот хаягт оршин суух, Хэрэйд овогт Надмидын Дэлгэрмаа /РД:ЦБ63112067/

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамж, 168 тоот хаягт оршин суух, Хэрэйд овогт Дагважамцын  Мөнхсүх /РД:ЦБ85031278/ нарт холбогдох

 

Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамж, 168 тоот хаягт байрлах 210 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.      

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Амгаланбаатар, О.Эрдэнэчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 2011 оны 5 дугаар сард иргэн Р.Эрдэнэбатаас Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 10-р гудамж, 168 тоот хаяг дээрх 6x12 хэмжээтэй хувийн орон сууцны байшинг худалдан авсан. Гэхдээ энэ байшинг худалдан авахын тулд уг байшин байгаа хашааны газрын талыг Н.Дэлгэрмаатай тохиролцоод түүнд 3 сая төгрөгийг шилжүүлэн өгч, тухайн 168 тоот хаяг дээрх газрын тал хэсэг 210 м.кв газрыг авахаар болсон юм. Ингээд манай гэр бүл уг хашаа, байшинд 2011 оны 5 сараас хойш амьдарч байна. Хашааны газрыг хувааж өгч, авалцахаар болж 2012 онд “Үүлэн зээрд” ХХК-иар кадастр хийлгэсэн. H.Дэлгэрмаа газрын тал хэсэг 210м.кв-ыг шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй арга саам хийсээр одоог хүрээд байна. Иймд Ц.Амгаланбаатар, О.Эрдэнэчимэг бид нарыг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамж, 168 тоот хаяг дээрх 470 м.кв газрын 210 м.кв газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг болон Ц.Амгаланбаатар нар нь 2011 оны 05 сард иргэн Р.Эрдэнэбатаас буюу хариуцагч Н.Дэлгэрмаагийн нөхрийн ахаас Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо тоосгоны 10 гудамж, 168 тоотод байрлах байшинг худалдаж авсан. Тухайн үед зөвхөн байшинг худалдан авсан. Уг байшинг эзэн Р.Эрдэнэбатаас худалдаж авахдаа нэхэмжлэгч Ц.Амгаланбаатар, О.Эрдэнэчимэг нар нь Н.Дэлгэрмаатай тохиролцож  хашааны газрын талыг 3.000.000 төгрөгөөр авахаар болсон. Энэ хугацаанд 3.000.000 төгрөгийг төлсөнөөс 1.300.000 төгрөгийг нь дансаар, үлдэгдэл 1.700.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд тохиролцооны дагуу газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авъя гэхэд ямар нэгэн шалтаг шалтгаан хэлж хойшуулсаар байсан. Энэ газар нь хот төлөвлөлтөөр газарт орох болоод 3 талт гэрээг хариуцагч тал байгуулсан юм билээ. Төрийн зүгээс уг газрыг өндөр үнээр үнэлсэн чинь хариуцагч нар өмнөх тохиролцооноос буцаж бид газраа 3.000.000 төгрөгөөр зарахгүй. Доод тал нь 25.000.000 сая төгрөгөөр зарна гэсэн. Үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бид худалдах худалдан авах гэрээ нэгэнт байгуулсан. Мөнгийг ч  бүрэн төлсөн. Гагцхүү газрын өмчлөх эрхийг шилжүүлэхгүй өдийг хүрсэн. Тэгсээр байгаад газарт орох тухай гурвалсан гэрээ байгуулаад тухайн газрыг улсаас өндөр үнээр үнэлсэн учраас анх тохиролцсон үнийг нэмнэ гэсэн маргаан байгаа юм.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж О.Эрдэнэчимэг, Ц.Амгаланбаатар нарыг энэ газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Нийт 470 м.кв газрын 210 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байгаа гэв.

 

Хариуцагч, хариуцагч Д.Мөнхсүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэлгэрмаа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эрс эсэргүүцэж байна. Би 2011 оны 10 сард Архангай аймгийн Их тамир суманд байдаг нөхрөөсөө салаад Улаанбаатар хотод ирсэн.  Бид өмнө нь энэ хашаа байшинд амьдарч байсан. Хашаа байшин миний нэр дээр биш манай нөхөр Р.Эрдэнэцогтын нэр дээр байсан. Тэр газарт манай хадам ах Р.Эрдэнэбатын болон бидний амьдардаг байсан байшин байдаг. Намайг Архангайн Их тамирт гуанз ажиллуулдаг байхад О.Эрдэнэчимэг тогооч хийдэг байсан. Бид хоёр найз, сайн ярьвал манай хадамтай садан байсан. О.Эрдэнэчимэг хотод ирээд манайд нэг хэсэг амьдарсан. Гэртээ үр хүүхдүүд дээрээ очихоор нөхөр н.Тамир нь зодно цохино гээд манайд байдаг байв. Нэг өдөр манай хадам ах байшингаа 5.000.000 төгрөгөөр зарах гэж байгаа гэхээр нь би зуучилж өгсөн. Тэгээд 5.000.000 төгрөгөө увуулж цувуулаад өгсөн байх. Би О.Эрдэнэчимэгээс нэг ч төгрөг гар дээрээ аваагүй, өөрөө ч мэдэж байгаа. Манай хүү Д.Мөнхсүх 2012 онд үнэтэй камераа ломбарданд тавьчихаад алдах гээд байна гээд О.Эрдэнэчимэгээс 450.000 төгрөг зээлээд 500.000 төгрөг болгож өгнө гээд авахад нь би хамт явж авч байсан нь үнэн. Дараа нь бас бус удаа мөнгө зээлж буцааж өгч байсан. О.Эрдэнэчимэгийн хэлж байгаа шиг 2011 оны сүүл 2012 оны эхээр нийт 3.000.000 төгрөг надад өгч хашааны газрын талыг өгч авалцахаар тохиролцсон зүйл байхгүй. Энэ хашаа байшин 2014 онд манай нөхөрөөс миний нэр дээр шилжсэн. О.Эрдэнэчимэг, Ц.Амгаланбаатар нар худал ярьж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг, Ц.Амгаланбаатар нар нь Н.Дэлгэрмаа, Д.Мөнхсүх нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамж, 168 тоот хаягт байрлах 210 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгч нар нь “...Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамж, 168 тоот хаягт байрлах 470 м.кв газрын 210 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар Н.Дэлгэрмаа, Д.Мөнхсүх нартай тохиролцож 2011 оны сүүлээр 1.700.000 төгрөгийг цувуулж, 2012 оны 3 сард 1.300.000 төгрөгийг Д.Мөнхсүхийн Хаан банк дахь дансаар шилжүүлэн нийт 3.000.000 төгрөгийг өгсөн тул уг газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү..” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан. 

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэлгэрмаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргав.

 

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 751 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 466 м.кв, 6.151.200 төгрөгийн үнэ бүхий газрыг Р.Эрдэнэцогтод өмчлүүлэхээр шийдвэрлэж, газар өмчлүүлэх тухай шийдвэрийг 2010 оны 11 сарын 01-ний өдөр олгожээ. /хх-29х/

 

Р.Эрдэнэцогт нь 2013 оны 02 сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамж, 168 тоот хаягт байрлах 18636311076964 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 466 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр, өмчлөх эрхийн Г-220101921 дугаарт бүртгэгдэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. /хх-26,27,28,30,33х/

 

2014 оны 9 сарын 19-ний өдөр Р.Эрдэнэцогт нь дээрх газар өмчлөх эрхээ бэлэглэлийн гэрээний дагуу Н.Дэлгэрмаад шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэнээр Н.Дэлгэрмаа уг газрын хууль ёсны өмчлөгч болжээ. /хх-34-39х/

 

Н.Дэлгэрмаа нь 2016 оны 05 сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний үндсэн дээр өөрийн хүү Д.Мөнхсүхэд газар өмчлөх эрхээ шилжүүлж, өнөөдрийн байдлаар уг газрын хууль ёсны өмчлөгч нь Д.Мөнхсүх болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 03 сарын 27-ны өдрийн 7/2385 тоот албан бичиг, түүнд хавсаргасан баримтаар нотлогдов. /хх-26, 40-46х/

 

Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг нь 2011 онд газар өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцож 3.000.000 төгрөгийг Н.Дэлгэрмаад өгсөн гэж тайлбарлах боловч энэ нь баримтаар нотлогдоогүй. 2012 оны 3 сарын 01-ний өдөр хариуцагч Д.Мөнхсүхийн 5024098399 тоот Хаан банк дахь дансруу 1.300.000 төгрөгийг О.Эрдэнэчимэг шилжүүлсэн дансны хуулгыг хариуцагч нараас гаргасан ба энэхүү мөнгийг газар өмчлөх эрхийг шилжүүлэн авахад зориулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь Н.Дэлгэрмаа нь уг газрын өмчлөгчөөр 2014 оны 9 сарын 19-ний өдөр, Д.Мөнхсүх нь 2016 оны 5 сарын 19-ний өдөр өмчлөгчөөр бүртгэгдэж, газар өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байхад 2012 онд уг газрыг өмчлөх эрхгүй этгээд болох Н.Дэлгэрмаа, Д.Мөнхсүх нартай тохиролцоо хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл баримтаар нотлогдоогүй. Мөн нэхэмжлэгч нар 1.300.000 төгрөгийг дансаар, 1.700.000 төгрөгийг цувуулж Н.Дэлгэрмаад бэлнээр өгсөн гэж тайлбарлах боловч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд О.Эрдэнэчимэг, Ц.Амгаланбаатар нар нь хариуцагч Н.Дэлгэрмаа, Д.Мөнхсүх нартай газар өмчлөх эрх шилжүүлэхээр тохиролцож, худалдах худалдан авах гэрээ хийсэн болох нь баримтаар нотлогдоогүй тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Н.Дэлгэрмаа, Д.Мөнхсүх нарт холбогдох Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамж, 168 тоот хаягт байрлах 210 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай О.Эрдэнэчимэг, Ц.Амгаланбаатар нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.УРАНЗУЛ