Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2039

 

О.Эрдэнэчимэг, Ц.Амгаланбаатар нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/01479 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг, Ц.Амгаланбаатар нарын, хариуцагч Н.Дэлгэрмаа, Д.Мөнхсүх нарт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамж, 168 тоот хаягт байрлах 210 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг, Ц.Амгаланбаатар нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2011 оны 5 сард иргэн Р.Эрдэнэбатаас Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамж, 168 тоот хаягт байрлах 6x12 хэмжээтэй хувийн орон сууцны байшинг худалдан авсан. Гэхдээ энэ байшинг худалдан авахын тулд уг байшин байгаа хашааны газрын талыг Н.Дэлгэрмаатай тохиролцож худалдан авахаар болж, түүнд 3 000 000 төгрөгийг шилжүүлэн өгч, тухайн 168 тоот хаяг дээрх газрын тал хэсэг 210 м.кв газрыг авахаар болсон. Бид 2011 оны 5 сараас хойш уг газар дээр амьдарч байна. Хашааны газрыг хувааж өгч, авахаар болж 2012 онд “Үүлэн зээрд” ХХК-иар кадастрын зураг хийлгэсэн. Гэтэл H.Дэлгэрмаа нь газрын тал хэсэг 210 м.квадратыг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч нар өнгөрсөн хугацаанд дансаар 1 300 000 төгрөг, үлдэгдэл 1 700 000 төгрөгийг бэлнээр хариуцагч Н.Дэлгэрмаад өгсөн.

Мөн уг газар хот төлөвлөлтөд орохоор болж, 3 талт гэрээг хариуцагчтай байгуулсан. Энэхүү гэрээ нь хэрэгт авагдаагүй боловч Засгийн газраас дээрх газрыг өндөр үнээр үнэлэхэд хариуцагч нар өмнөх тохиролцооноосоо буцаж, бид газраа 3 000 000 төгрөгөөр худалдахгүй, доод үнэ нь 25 000 000 төгрөг гэсэн. Гэвч талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Бид мөнгийг нь бүрэн төлсөн боловч хариуцагч нар газрын гэрчилгээг шилжүүлэхгүй өнөөдрийг хүрч байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамж, 168 тоот хаяг дээрх 470 м.кв талбайтай газрын 210 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагч Д.Мөнхсүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэлгэрмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид өмнө нь энэ хашаа байшинд амьдарч байсан. Хашаа, байшин миний нэр дээр биш, манай нөхөр Р.Эрдэнэцогтын нэр дээр байсан. Тэр газарт манай хадам ах Р.Эрдэнэбатын болон бидний амьдардаг байсан байшин байдаг. Нэг өдөр хадам ах байшингаа 5 000 000 төгрөгөөр худалдах гэж байгаа гэхээр нь би тэднийг хооронд нь зуучилж өгсөн. Ингээд 5 000 000 төгрөгөө цувуулаад түүнд өгсөн. Би О.Эрдэнэчимэгээс нэг ч төгрөг аваагүй, өөрөө үүнийг мэдэж байгаа.

Манай хүү Д.Мөнхсүх 2012 онд үнэтэй камераа ломбарданд тавьчихаад алдах гээд байна гэхээр нь О.Эрдэнэчимэгээс 450 000 төгрөг зээлээд 500 000 төгрөг болгож өгнө гээд авахад нь би хамт явж авч байсан нь үнэн. Дараа нь хэд хэдэн удаа мөнгө зээлээд буцааж өгсөн. О.Эрдэнэчимэгийн хэлж байгаа шиг 2011 оны сүүл 2012 оны эхээр нийт 3 000 000 төгрөг надад өгч хашааны газрын талыг өгч, авалцахаар тохиролцоогүй. Энэ хашаа байшин 2014 онд манай нөхрөөс миний нэр дээр шилжсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Дэлгэрмаа, Д.Мөнхсүх нарт холбогдох Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамж, 168 тоот хаягт байрлах 210 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай О.Эрдэнэчимэг, Ц.Амгаланбаатар нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүх 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн 184/ШЗ2017/03633 дугаар захирамжид бидний 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан Д.Мөнхсүхийг хамтран хариуцагчаар оролцуулах болон Р.Эрдэнэцогтыг шүүхэд дуудан, гэрчийн мэдүүлэг авах тухай хүсэлтийг орхигдуулан шийдвэрлэсэн.

Шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт “... тухайн хэрэгт гэрчээр Р.Эрдэнэцогтыг асуулгах нэхэмжлэгч нарын хүсэлт нь тодорхойгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй байх тул хүсэлтийг хангахгүй орхих нь зөв гэж үзэв” гэж дурдсан боловч захирамжлах хэсэгт гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь судлах боломж бололцоог ашиглаагүй.

Р.Эрдэнэцогт нь хэргийн бодит нөхцөл байдлыг мэдэж байгаа газрын анхны өмчлөгч бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр газар өмчлүүлэх тухай шийдвэр гарч, 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж, газрын өмчлөгч болсон. Үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдсан, маргааны үйл баримт тухайн цаг үед болсон байхад шүүх анхаарч үзэлгүй гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг ойлгомжгүй байдлаар бүрэн шийдвэрлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

            Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг, Ц.Амгаланбаатар нар хариуцагч Н.Дэлгэрмаа, Д.Мөнхсүх нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамж, 168 тоот хаягт байрлах 210 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байхад талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх үүргээ зөрчсөн байна.

Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг, Ц.Амгаланбаатар нар 2011 оны 5 сард Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, тоосгоны 10 дугаар гудамжны 168 тоотод байрлах байшинг иргэн Р.Эрдэнэбатаас худалдан авч, одоог хүртэл байшин болон газрыг эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүйн зэрэгцээ тус хаягт оршин сууж байгаа бүртгэлтэй талаар хорооны Засаг даргын тодорхойлолт хэрэгт авагджээ. /хх-4-6, 20-21/

Мөн маргаан бүхий газрын өмчлөгчөөр Р.Эрдэнэцогт 2013 онд анх бүртгэгдэж, улмаар 2014 онд бэлэглэлийн гэрээгээр хариуцагч Н.Дэлгэрмаад, 2016 онд бэлэглэлийн гэрээгээр хариуцагч Д.Мөнхсүхийн өмчлөлд тус тус шилжсэн байх бөгөөд нэхэмжлэгч тал өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаа хууль буюу гэрээгээр хариуцагчид ямар үүрэг үүссэний дагуу шаардаж байгааг тодруулах шаардлагатай байжээ. /хх-27-46/

Түүнчлэн нэхэмжлэгч нар газар дээр байгаа байшинг 168 тоот хаягт байрлах газрын тал хэсэг болох 210 м.кв газрын хамт худалдан авахаар болж, кадастр хийлгэсэн гэж тайлбарлан, өмчлөгч нь газрын талаар хэлцэл хийхийг хариуцагч Н.Дэлгэрмаад зөвшөөрч байсан, одоог хүртэл хөрш зэргэлдээ газарт амьдарч байгаа гэжээ. Хэргийн энэ нөхцөл байдлыг нотлохоор гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг шүүгч 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 03633 дугаар захирамжаар “хүсэлт нь тодорхойгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй” гэж хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн ба нэхэмжлэгчийг үндэслэлээ нотлоогүй гэж буруутгах боломжгүй.

            Иймд, давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.Эрдэнэчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/01479 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

        ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

                                                          Ч.ЦЭНД