Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1101

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 16 өдөр

      Дугаар 182/ШШ2017/01101

                 Улаанбаатар хот

 

    

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Булганхангай хорооллын 41 дүгээр байрны 05 тоотод оршин суух, Хануйн Долгор овогт Гүенгийн Баярмаа /РД:АЭ82102507/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу-1, өөрийн байранд байрлах, “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох,

 

Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/27 тоот тушаалыг хүчингүй болгож, гэрээт ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах тухай иргэний хэргийг хяан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Баярмаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэлбат, Б.Өнөржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Огторгуй нар оролцов. 

    ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Г.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Төрийн орон сууцны корпорацитай 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан Архангай аймгийн Эрдэнэбулган суманд баригдаж, ашиглалтанд орсон барилгын ашиглалт, түрээс хариуцсан мэргэжилтнээр ажиллах болсон.

Бидний хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дууссах байсан бөгөөд гэрээ дуусгавар болох үед гэрээг үргэлжлүүлэн сунгаж өгөхийг хүсэхэд хариу мэдэгдээгүй.

Би Иргэний хуулийн 366.1-д заасны дагуу гэрээг сунгагдсан гэж үзэж байсан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А/27 дугаартай тушаал гаргаж гэрээг дуусгавар болгосон учраас уг тушаалыг хууль бус гэж үзэж байна.

Иргэний хуулийн 364.2 гэсэн заалт нь гэрээнд хугацаа тогтоогоогүй үед үйлчлэх заалт бөгөөд бидний 6 сарын хугацаатай байгуулсан гэрээний хугацаа дуусахад миний бие үргэлжлүүлэн ажиллах хүсэлт тавихад Төрийн орон сууцны корпораци эсэргүүцээгүй, гэрээ үргэлжилж би 2017 оны 1, 2 дугаар саруудад ажлаа хийж цалин хөлсөө авч байсан учраас хуульд заасны дагуу гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзэж байгаа бөгөөд хөлсөөр ажиллах гэрээний заалтын ажиллагчийн эрх, үүргийг ноцтой зөрчсөн асуудал байхгүй, ажил үүргээ гүйцэтгэж байсан. Харин ажиллуулагч нь гэрээнийхээ үүргийг зөрчсөн гэж үзэж байна.

Гэрээ дуусгавар болох тухай 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдэлд “Монгол улсын Засгийн газраас баримталж байгаа төрийн болоон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааны зохион байгуулалтыг эдийн засгийн хэмнэлттэй, хүний нөөц бүрдүүлэлтийн хувьд оновчтой зохион байгуулах зорилгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 53 дугаар тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталсан.

Энэ орон тооны хязгаарт гэрээт ажилтнуудын орон тоог байхгүй болгосон эсэх нь тодорхойгүй байдаг.

Мөн миний бие 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн нялх хүүхэдтэй байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болохоор гомдолтой байна. Ийм учраас Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/27 тоот тушаалыг хүчингүй болгож, гэрээт ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь “Аймаг бүрт 1000 айл” орон сууцны хөтөлбөрийн хүрээнд Архангай, Хэнтий зэрэг 6 аймагт 120 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан бөгөөд эдгээр байруудыг худалдан борлуулах, зүгшрүүлэлт ашиглалтын хугацаа дуусган орон сууцны контор, СӨХ-д хүлээлгэн өгөх хүртэл 1 жилийн хугацаанд хөлсөөр ажиллуулах гэрээгээр 1-2 хүн ажиллуулж байсан.

Барилгын тухай хуульд зааснаар дээрх хугацаа дуусгавар болсон учраас “Ашиглалт, түрээс хариуцсан мэргэжилтэн”-г ажиллуулах шаардлага байхгүй болсон. Зөвхөн манаач л ажиллаж байгаа.

Манай байгууллага 2017 оны 01 дүгээр сарын сүүлийн цалингаа бодож байхдаа гэрээний хугацаа дууссаныг мэдсэн бөгөөд гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Г.Баярмаад хүргүүлсэн.

Тэрээр мэдэгдлийг хүлээж аваад гэрээг үргэлжлүүлж өгөх биш “мэдэгдэлд хариу өгөх хугацаа сунгаж өгөх” хүсэлтээ ирүүлсэн байдаг. Г.Баярмаатай байгуулсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний хугацаа дуусгавар болсон цаашид гэрээт ажилтан тус аймагт ажиллуулах шаардлагагүй болсон учраас гэрээг сунгаагүй. Ажилласан хугацааных нь цалин хөлсийг бүрэн олгосон байгаа.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 53 дугаар тогтоол бол зөвхөн үндсэн ажилтнуудад хамааралтай бүтэц бөгөөд гэрээт ажилтнууд ажилуулах талаар зохицуулаагүй юм.

Нэгэнт гэрээний хугацаа дуусгавар болсон учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Баярмаа нь хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/27 тоот тушаалыг хүчингүй болгож, гэрээт ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Ажиллуулагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь ажиллагч Г.Баярмаатай 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд баригдаж, ашиглалтанд орсон барилгын “Ашиглалт, түрээс хариуцсан мэргэжилтэн”-ээр 6 сарын хугацаатай ажиллуулахаар “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Хөлсөөр ажиллах гэрээ”-нд нэг талаас нэхэмжлэгч Г.Баярмаа гарын үсэг зурсан, нөгөө талаас “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Тамгын газрын дарга Б.Энхзул, Хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга Б.Нарантуяа нар гарын үсэг зурах ёстой байсан боловч гарын үсэг зураагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Баярмаа болон хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГазар нь “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулагдсан талаар маргаагүй, дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгэж хөлс авч байсан нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул шүүхээс энэ гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1-д “Энэхүү гэрээ нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 6 сар хүчин төгөлдөр үйлчилнэ. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний хугацааг цаашид сунгаж болно” гэж тохиролцсон байх ба талууд гэрээний дуусах хугацаа “2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл” гэдэг нь техникийн шинжтэй алдаа, гэрээ 6 сарын хугацаатай байгуулагдсан талаар хэн аль нь маргахгүй гэж тайлбарласан болно.

 

Мөн гэрээний 2.2-т “ажиллуулагч нь ажиллагчид хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний нийт хөлсөнд сар бүр 650,000 төгрөг олгоно”, 2.3-т “...сар бүрийн 25-ны өдөр олгоно...” гэж тохиролцсоноос үзэхэд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу ажиллагч нь тодорхой ажил үүргийг гүйцэтгэж, ажиллуулагч нь хөлс төлж байснаас талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГазар нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2-т заасны дагуу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр Хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан,  үндэслэлээр ажлаас чөлөөлөх мэдэгдлийг нэхэмжлэгч Г.Баярмаад буюу ажиллагчид гардуулжээ.

 

Г.Баярмаа нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГазартай 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний үндсэн дээр “Ашиглалт, түрээс хариуцсан мэргэжилтэн”-ээр ажиллаж байгаад Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/27 тоот тушаалаар гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээг дуусгавар болох үед гэрээг сунгаж өгөхийг хүсэхэд хариу мэдэгдээгүй, гэрээний хугацаа дууссан ч ажлаа хийж 1, 2 дугаар сарын цалингаа авч байсан гэж маргасан.

 

Гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх дээрх хугацаанд уг гэрээнд заасан ажил, үүргээ нэхэмжлэгч буюу ажиллагч нь зохих ёсоор биелүүлсэн, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГазрын “сарын сүүл цалингийн дэлгэрэнгүй зэргээр ажиллуулагч буюу хариуцагч нь 2017 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд ажлын хөлсийг бүрэн төлж байсан талаар талууд хэн аль нь маргаагүй.

 

Гэтэл нэхэмжлэгч Г.Баярмаа нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төрийн орон сууцны корпорацийн захиргаанд гаргасан өргөдөлдөө “Г.Баярмаа нь Архангай аймгийн гэрээт ажилтаны үүргийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл гүйцэтгэж байгаа. Ажиллах хугацаандаа алдаа дутагдал, зөрчил гаргаагүй хуулийн хүрээнд дүрэм журмаа баримтлан ажиллаж байгаа. Гэтэл гэнэт 2017.02.10-ны өдөр орон тооны хязгаарлалтаар ажлаа хүлээлгэн өгөх мэдэгдэл ирж, Батбаяр гэх хүн ажлаа хүлээж авна гэж утсаар удаа дараа ярьж байна. Эдгээр нь миний биед хүндээр тусч байгаа тул мэдэгдлийн хариу өгөх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01 буюу 15 хоногоор хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж байжээ.

 

Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-д “Гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно” гэж заасан бөгөөд ажиллагч Г.Баярмаа нь гэрээний хугацаа дууссан талаар ажиллуулагч талдаа мэдэгдэж, гэрээг сунгах хүсэлтийг гаргаагүй байх тул хуульд заасны дагуу ажиллуулагчид хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа бус иргэний эрх зүйн харилцаа үүссэн тул нэхэмжлэгчийн 1 сартай нялх хүүхэдтэй байхад ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг ба нэхэмжлэгч Г.Баярмаа нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дуусч байгаа тухайгаа өөрөө мэдэж байсан боловч гэрээг үргэлжлүүлэх талаар ажиллууллагчид мэдэгдэх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, мэдэгдсэн гэж тайлбарласан боловч энэ талаар баримтаар нотлох үүргээ тус тус хэрэгжүүлээгүй болно.

 

Ийм учраас нэхэмжлэгч Г.Баярмаагийн хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т холбогдох “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГазрын ерөнхий захирлын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/27 тоот тушаалыг хүчингүй болгож, гэрээт ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 366 дугаар зүйлийн 366.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Баярмаагийн хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т холбогдох “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГазрын ерөнхий захирлын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/27 тоот тушаалыг хүчингүй болгож, гэрээт ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          Х.ДАШДЭЧМАА