Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1577

 

МАГАДЛАЛ

 

2017.7.17                                                     Дугаар 1577                                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Б.Байгалмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01232 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Байгалмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Эрдэнэбилэгт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 41 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2014 оны 12 сарын 10-ны өдөр Н.Эрдэнэбилэгтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж гэрчилгээний 000314732 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2202021652 дугаартай, Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 6-р хороолол, бага тойруу гудамж 62-р байр, 73 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 1 өрөө байрыг 41 000 000 төгрөгөөр худалдаж авсан. 34 м.кв талбайтай. Худалдаж авсан энэ байраа М.Оюунчимэгт худалдсан. Гэтэл М.Оюунчимэг уг байрыг авсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 сарын 29-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж тус шүүхээс 2016 оны 09 сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/05770 дугаартай шийдвэр гарч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 1929 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...шүүхээс томилогдсон шинжээч Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтэд Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 6-р хороолол, бага тойруу гудамж 62-р байр, 73 тоот орон сууцны өргөтгөлийн хэсэг нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон дүүргийн Өмч, газрын харилцааны албаны газар эзэмших болон ашиглах, өмчлөх зөвшөөрөл бүхий зураг төслийн байгууллагаар хийлгэж батлуулсан зураг төсөлгүй аж ахуйн аргаар баригдсан, иймд уг сууцны өргөтгөлийн барилга нь барилгын норм ба дүрмийн дагуу баригдаагүй тул чанар, стандартын шаардлага хангахгүй, цаашид засварлан ашиглах боломжгүй, нурах аюултай нөхцөл байдал үүссэн учир буулгах шаардлагатай” гэжээ. Шинжээчийн дүгнэлтээр өргөтгөл хэсэг баригдсан үеэсээ доголдолтой байсан болох нь тогтоогдож байна гэсэн байна. Дүүргийн иргэний хэргийн шүүх дээр маргаан үүсч дээрх шийдвэр болоод магадлал гарснаар нэхэмжлэгч худалдан авч цааш нь худалдсан орон сууцаа баригдсан үеэсээ доголдолтой байсныг мэдсэн юм. Тиймээс иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Н.Эрдэнэбилэгтэй байгуулсан 2014 оны 12 сарын 10-ны өдрийн орон сууц, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт өгсөн 41 600 000 төгрөгийг буцаан авахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2014 оны 12 сарын 10-ны орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 6-р хороолол, бага тойруу гудамж 62-р байр, 73 тоотод байршилтай өргөтгөлтэй 1 өрөө байрыг Н.Байгалмаад худалдсан. Үнэнд 15 000 000 төгрөг төлсөн л баримт байдаг. Байр доголдолтой байсан бол тухайн үед нь үзэж харж авах байсан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар доголдлыг мэдэх байсан, эрхээ хэрэгжүүлээгүй тул шаардах эрхээ алдсан. Тиймээс 2014 оны 12 сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах, 41 000 000 төгрөгийг буцаан авах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Эрдэнэбилэг, Б.Байгалмаа нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсаныг тогтоож, Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 6-р хороолол, бага тойруу 62-р байр, 73 тоот 1 өрөө байрыг Н.Эрдэнэбилэгт буцаан шилжүүлж, Н.Эрдэнэбилэгээс 41 600 000 төгрөгийг гаргуулж Б.Байгалмаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 368 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 368 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анх орон сууцыг худалдаж авахдаа чанарын доголдолтой гэж үзвэл түүнийг мэдэх боломжтой байсаар байтал орон сууцны үнэ өндөр байгаа үед ашиг олох зорилгоор миний орон сууцыг худалдан авсан мөртөө орон сууцыг цааш зарж борлуулаад өөрт нь ашиггүй нөхцөл байдал үүсэнгүүт ийн хандсан нь тодорхой байсаар байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдсэн нь шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна. Талуудын хооронд хийгдсэн орон сууц худалдах, худалдан авсан гэрээ нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсныг шүүх нотлох баримт болгон шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Энэ бүгдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Байгалмаа нь хариуцагч Н.Эрдэнэбилэгт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 41 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах худалдан авах гэрээний зүйл болох ,Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 62 дугаар байрны 73 тоот, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч 41 600 000 төгрөгөөр худалдан авсан, тухайн орон сууцны өргөтгөлийн     хэсэг нь барилгын норм ба дүрмийн дагуу баригдаагүй тул чанар стандартын шаардлага хангахгүй, цаашид засварлан ашиглах боломжгүй, нурах аюултай нөхцөл байдал      үүссэн нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийн биет байдлын доголдлын улмаас орон сууцыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан нь хуулийн үндэслэлтэй байна.

Хариуцагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлснээ нотолж чадаагүй, энэ талаар шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийг хангасан нь нотлох баримтанд үндэслэгдсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 365 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ИЧИНХОРЛОО

                                   

                        ШҮҮГЧИД                                            Ч.ЦЭНД                                             

 

                                                                                   М.НАРАНЦЭЦЭГ