Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
Хэргийн индекс | 188/2016/0079/э |
Дугаар | 68 |
Огноо | 2016-07-22 |
Зүйл хэсэг | 181.2.1, |
Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,
улсын яллагч А.Ганзориг,
хохирогч А.Мөнх-Эрдэнэ,
шүүгдэгч У.Отгонбат,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 2-260/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Угтахбаярын Отгонбатад холбогдох эрүүгийн 2016 2601 1040 дугаартай, 1 хавтаст хэргийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр тус шүүхийн А-1 танхимд хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Боржигин овгийн Угтахбаярын Отгонбат Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, ах дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 43-р гудамжны 18 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл:
-2015 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр Сум дундын 21 дүгээр шүүхийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүхээс уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, НШ95101410 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч У.Отгонбат нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эм Жи” худалдааны төвийн гадна иргэн А.Мөнх-Эрдэнийг “гар утас өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн нүүрэн тус газар нь гараараа цохиж, хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Отгонбат: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: Миний бие “Жи Эм Жи” нэртэй шөнийн клубд бармен, зөөгчөөр ажиллаж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажилдаа очоод ажиллаж байхад 22 цагийн үед харахад Отгонбат орж ирсэн, хэдэн залуучуудтай нийслэл пиво ууж байсан. Тэгээд Отгонбат намайг дуудаад ширээнд суучих гээд байсан. Мөн пиво хийж өгсөн, би үгүй гэсэн. Миний таньдаг Ганбаяр гэж залуу Отгонбатыг миний найз байгаа юм, согтчихож, харж байгаарай гэж захиад гарсан. Би У.Отгонбатыг бол танихгүй. Тэгээд Отгонбат надад “нокиа” болон “Ай поне 4” маркийн гар утас зэргээ хаяж магадгүй гээд хадгалуулсан. Намайг “Атм” ороод мөнгө аваад ирээч гэхээр нь би үгүй гэсэн. Тэгтэл Отгонбат өөрөө “Атм” орж 20,000 орчим төгрөг аваад ирсэн. Ирэхдээ “гар утас, мөнгөө хүнд дээрэмдүүлчихлээ” гэхээр нь би Отгонбатад “гар утаснууд чинь надад байгаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд Отгонбаяр Ганбаярын найзуудын хамт ширээнд сууж байсан. Тэгэхдээ Отгонбат ширээнд хамт сууж байсан залуучуудынхаа 2-3 залуутай нь зодолдоод маргаад байхаар нь “боль” гэж хэлж болиулсан. Тэгээд Отгонбатыг таксинд суулгаад өгье гэтэл надаас 400,000 төгрөгийг авсан байна гээд нэхсэн. Би “чи юу яриад байгаан, чи надад гар утсаа л хадгалуулсан” гэж хэлээд эргэтэл Отгонбат гараараа миний нүүр нүд рүү цохисон. Тэнд байсан Цэрэндэжид, Тэмүүжин нар “хамар чинь хугарсан байх, эмнэлэг яваач” гэж хэлсэн. Тухайн үедээ би эмнэлэг яваагүй. 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Би жирэмсэн байсан. Гэмтлийн эмнэлэг, шүүх эмнэлэгт үзүүлэхдээ жирэмсэн гэдгээ хэлээгүй, дараа нь ч ураг зулбасан талаар хэлээгүй. Отгонбат нүүрнээс өөр газар цохиогүй боловч Отгонбатад цохиулснаас болж ураг зулбасан. Энэ хэргийн улмаас 1 дүгээр эмнэлэгт очиж үзүүлж хамраа 150,000 төгрөгөөр тэгшлүүлсэн. Толгой өвдөж, мэдрэлийн эмчид үзүүлж эмнэлэгт хэвтсэн. Эмчилгээний зардалд 750,000 гаруй төгрөг заруулсан. Нийт 900,000 гаруй төгрөгийн зардал гарсан. Үүнээс У.Отгонбат бэлнээр 500,000 төгрөг төлсөн. “Бриллианс” төвд компьютерт харуулах 120,000 төгрөгийн төлбөрийг У.Отгонбат төлсөн. Цаашид 2016 оны 04 дүгээр сарын 07-наас 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 32 хоног ажилгүй байсан цалинг нэг өдөрт багаар 70,000 төгрөгөөр тооцож, нийт 2,240,000 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн “Хатагтай” эмнэлгээс хамрын гоо сайханы хагалгааны талаар асууж, хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Энэхүү хагалгааны зардалд мөнгө нэхэмжилж, нийт 5,000,000 төгрөг У.Отгонбатаас нэхэмжилсэн боловч У.Отгонбаттай ярилцаад 3,000,000 төгрөгөөр тохирсон. Үүний 500,000 төгрөгийг авсан. Үлдэх 2,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ талаараа У.Отгонбаттай гэрээ хийсэн. У.Отгонбат 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлнө гэсэн гэв.
Мөн 2016 2601 1040 дугаартай хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:
Мөрдөн байцаалтад хохирогч А.Мөнх-Эрдэнийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 23 цагийн үед Отгонбат Ганбаяр гэх хүнтэй хамт манай “Жи Эм Жи” нэртэй бааранд орж ирээд тамхины өрөөнд пиво уугаад хоорондоо юм яриад сууж байсан. Хэсэг хугацааны дараа Отгонбат гэх хүний найз Ганбаяр миний хажууд ирээд “манай найзыг анхаарч байгаарай жаахан архи уучихсан байгаа” гэж хэлсэн. Отгонбат бааранд сууж байсан хүмүүстэй маргалдах гээд яваад байсан. Манай бааранд үйлчлүүлж байсан хүмүүс миний хажууд ирээд бид нарыг хэл амаар доромжлоод байна гэхээр нь нөгөө залуугийн хажууд очоод “чи битгий хүмүүстэй маргалдаад бай, танай найз чинь надад захиад явсан” гэж хэлсэн. Отгонбат надад хэлэхдээ “би гар утсаа хаях гээд байна” гэж хэлээд 2 ширхэг гар утас гаргаж өгөөд буцаад ширээн дээрээ суусан. Хэсэг хугацааны дараа Отгонбат миний гар утас алга болчихлоо гэж хэлэхээр нь би “чи надад өгсөн ш дээ” гэж хэлсэн чинь за за уучлаарай гэж хэлээд надад 5000 төгрөг өгөөд пиво авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд баарнаас гарч АТМ орж мөнгө авах гэсэн юм гэж хэлээд гараад явсан. Буцаад удалгүй 20,000 төгрөг аваад орж ирсэн. Бааранд Отгонбат сууж байхдаа Тэмүүжин гэх хүнтэй маргалдаад зодолдоод байсан. Манай баар хаах цаг нь болоод Отгонбатыг гаргасан чинь хаалганы дэргэд “чи миний 400,000 төгрөгийг авсан” гэж хэлээд миний нүүрэн тус газар руу хэд, хэдэн удаа гараараа цохисон. Отгонбат намайг эхлээд нэг удаа цохисоны дараа газар унасан. Дараа нь босоод ирсэн чинь дахиад нэг удаа нүүрэн тус газар руу цохисон. Би тухайн үед нь эмнэлэгт үзүүлээгүй шууд гэртээ харьсан. Маргааш өглөө нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү очтол миний хамар хугарсан байсан. Шинжээчийн 4938 дугаартай дүгнэлттэй танилцлаа, асууж тодруулах зүйл байхгүй. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлэж миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг [1] ,
-2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Намайг Отгонбат гэх залуу гараараа нүүрэн тус газар нэг удаа цохих үед би газар унаагүй, зүгээр доошоо хамраа дараад явган суусан. Отгонбат нүүрэн тус газар нэг удаа цохисноос болж миний хүүхэд зулбасан гэж бодохгүй байна. Би Отгонбатад цохиулахаас өмнө л доошоо юм гараад зулбах гээд байсан юмаа. Би тухайн үед 2 сартай жирэмсэн байсан нь үнэн, гэхдээ зодуулснаас болж хүүхэд зулбасан зүйл байхгүй. Отгонбаттай маргалдсан шалтгаан нь У.Отгонбатын гар утаснаас болсон. Отгонбат надад гар утсаа хадгалж бай гэж өгсөнөө мэдэхгүй намайг хулгайлсан гээд байсан. Тэгээд л хоорондоо маргалдсан. Би Отгонбатыг цохиогүй байхад, миний нүүрэн тус газар цохиж гэмтээсэн. Надад одоо гомдол санал алга, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг [2] ,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Цэрэндэжидийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр найзуудынхаа хамтаар 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эм Жи” нэртэй бааранд орсон. Би Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэйг “Жи Эм Жи” нэртэй бааранд бармен хийдэг болохоор зүс төдий танина. Мөнх-Эрдэнэтэй нэг ширээнд хамт сууж байсан чинь Отгонбат гэх залуу ширээний хажууд ирээд хамт сууж байгаад баарнаас гарч АТМ-с мөнгө авахаар гарсан. Би 04 цагийн орчимд баарнаас гараад хаалганы ойролцоо байж байсан чинь Отгонбат, Мөнх-Эрдэнэ нар хоорондоо маргалдаад байх шиг байсан. Би Мөнх-Эрдэнийн хажууд “очоод юу болсон” талаар асуутал Отгонбат маргалдах гээд байсан. Отгонбат гэх залуу “миний түрүүвчинд байсан 400,000 төгрөг алга болсон байна аваад ир” гээд Мөнх-Эрдэнэд хандаж хэлсэн. Мөнх-Эрдэнэ Отгонбатын урдаас “юу яриад байгаа юм гэж хэлээд” хоорондоо маргалдаад байсан. Отгонбат гэх залуу Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэйн нүүрэн тус газар руу нь 1 удаа гараараа цохиод газар унагасан. Намайг очсон чинь Мөнх-Эрдэнийн хамар хэсэг нь хавдсан байдалтай цус гарч байсан. Отгонбат харин таксинд суугаад яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа Отгонбат буцаж ирээд “би гинжээ хаячихсан байна” гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг [3] ,
Мөрдөн байцаалтад У.Отгонбатын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 23 цагийн орчим найз Ганбаяр утсаар дуудаад байхаар нь Сонгинохайрхан дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эм Жи” бааранд орсон. Би “Жи Эм Жи” бааранд орохоосоо өмнө ажлынхаа Хурцбилэг гэх залуутай билъяарданд 4 ширхэг пиво уугаад гараад, дахин пабд орж 2 ширхэг пиво уусан. Тэгээд шууд Баянхошууны “Жи Эм Жи” нэртэй бааранд орсон чинь найз Ганбаяр найзуудтайгаа ширээ захиалаад суусан. Би бааранд ороод 2 ширхэг пиво ууж, Ганбаярын найзуудын хийж өгсөн архинаас 1-2 удаа уусан. Хэсэг хугацааны дараа манай найз Ганбаяр гэртээ харилаа гээд гараад явсан. Би Ганбаярын найзуудтай үлдээд “Жи Эм Жи” баарны караокед орсон. Би хэсэг хугацаанд их согтсон байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Нэг мэдсэн чинь Ганбаярын найзуудтай маргалдаад байсан. Ганбаярын найзууд надтай маргалдах гээд байхаар нь гэртээ харья гэж бодоод караокенээс гарсан чинь “I Phone-4” маркийн гар утас байхгүй байсан. Би буцаж ороод Ганбаярын найзуудаас гар утсаа авъя гэж хэлсэн чинь Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэй “бид нарт чиний гар утас байхгүй” гээд байсан. Би гар утсаа нэхээд өгөхгүй болохоор нь маргалдаад дотор байсан танихгүй 3 эрэгтэй, 2 охинтой хамт баарнаас гарсан. Баарнаас гараад дахин гар утсаа авъя гэж хэлсэн чинь Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэй надад чиний гар утас байхгүй гэж хэлээд миний нүүрэн тус газар гараараа цохиод, маажаад байсан. Би Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэйг “за одоо болъё, зүгээр миний гар утсыг өгчих” гэж хэлсэн чинь намайг доромжлоод гараараа цохих гээд байсан. Тэгээд миний уур хүрээд Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэйн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Намайг цохих үед Мөнх-Эрдэнэ газар явган суухад хажууд байсан хүмүүс нь “чи эмэгтэй хүний хамар руу нь цохичихлоо ш дээ” гээд байсан. Намайг Мөнх-Эрдэнийн найз залуу гэх “туранхай өндөр залуу” найзуудтайгаа нийлээд зодох гээд байхаар нь би зугтаад замын хажуу талаас такси бариад явсан. Таксинд суугаад Ганбаярын найзуудыг гаднаас нь ажиглаад байж байгаад гар утсаа авах гээд таксинаас буугаад буцаад очсон. Би баарны хаалгыг 04 цагийн орчим нүдэж байгаад орсон. Намайг бааранд орсон чинь нэг туранхай өндөр залуу “чи яах гээд байгаан, чиний утас бид нарт байхгүй гээд хувцаснаас барьж аваад байсан. Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэй цаанаас гарч ирээд намайг цагдаад хэлэхгүй, адилхан хамар руу чинь цохино гээд миний нүүрэн тус газар руу цохиод байсан. Тухайн үед Мөнх-Эрдэнэ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би тухайн үед жирэмсэн байсан талаар нь мэдээгүй. Би маргааш өглөө нь буюу 2016 оны 07 дугаар сарын 07-ны өглөө “Жи Эм Жи” бааранд очиж гар утсаа буцааж авсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнээс болж ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна...” [4] гэх мэдүүлэг,
Мөн түүний 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн орчим ажлынхаа газрын нэг залуутай Драгон төвийн ойролцоо байдаг билъяарданд орж 2 ширхэг пиво уусан. Билъяарднаас гараад дахин пабд орж 3 ширхэг пиво уусан. Би 00 цагийн орчим найз Ганбаярын гар утас руу залгаад уулзах уу гэж хэлсэн чинь “Баянхошууны Жи Эм Жи нэртэй бааранд хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би такси бариад очсон. Намайг бааранд орсон чинь Ганбаяр хэдэн хүмүүстэй хамт пиво, архи уугаад сууж байсан. Би Ганбаярын хэдэн найзуудтай нь хамт ширээнд суугаад архинаас нь 2 удаа уугаад, дандаа пиво уусан. Хэсэг хугацааны дараа найз Ганбаяр гэртээ харилаа гээд гараад явсан. Би Ганбаярт хандаж “чи жаахан сууж байгаад гэртээ харь” гэж хэлээд ганцаараа бааранд суугаад үлдсэн. Би хэсэг хугацааны дараа пиво ууж сууж байгаад ухаанаа алдсан бололтой ой ухаан маань орж гараад байсан. Би Ганбаярын найзуудтай хамт караокед сууж байгаад маргалдах гээд байхаар нь караокены сандал дээр байсан савхин куртикээ аваад гарсан чинь куртикны халаасанд байсан гар утас байхгүй байх шиг байсан. Би Ганбаярын найзуудаас “би гар утсаа аваад гэртээ харьлаа, миний гар утас хаана байна” гэж хэлсэн чинь танихгүй эмэгтэй “чиний гар утас бид нарт байхгүй” гээд байсан. Би гар утаснаас болоод Ганбаярын найзуудтай маргалдсан. Ганбаярын найзууд гар гээд байхаар нь гарсан. Тэгээд баарны гадна талд зогсож байсан чинь Ганбаярын 3 найз гараад ирсэн. Би тэд нарт гар утсаа авмаар байна гэж хэлсэн чинь Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэй “бид нар чиний гар утсаар яах юм, бид нар хулгайч биш шүү, чи өөрөө надад гар утсаа хаячих байх авч бай гээд өгөө биз дээ, чи маргааш эрүүл болохоороо аваарай” гээд байсан. Би тухайн үед их согтсон байсан болохоор Мөнх-Эрдэнэтэй маргалдаад, жаахан агсам тавьсан чинь намайг Мөнх-Эрдэнэ алгадаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд гараараа хамар хэсэг рүү нь нэг удаа цохисон. Би Мөнх-Эрдэнийн хамрыг цохичихоод шууд такси бариад ороод сууж байсан чинь Мөнх-Эрдэнэ найзуудынхаа хамт баар руугаа буцаад орсон. Би араас нь гар утсаа авах гээд орсон чинь Мөнх-Эрдэнийн найз залуу нь намайг зодох гээд байхаар нь би баарнаас гараад гэртээ харих гээд явсан. Зугтаад замын хажуу талаас такси бариад явсан. Би Мөнх-Эрдэнийг 2 сартай жирэмсэн байсан талаар нь огт мэдээгүй. Мөнх-Эрдэнэ жирэмсэн байсан байж надтай хамт архи согтууруулах ундааны зүйл уугаад байсан болохоор миний цохисноос болж зулбасан зүйл байхгүй гэж үзэж байна...” [5] гэх мэдүүлэг,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4938 тоот актын:
“...1.Мөнх-Эрдэнийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой./Шинжээч Н.Энхцолмон/ гэсэн дүгнэлт...” [6],
-2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн яаралтай түргэн тусламж үйлчилгээний хуудсын хуулбар [7],
-Хохирол нэхэмжилсэн баримтууд [8],
-Хохирогч А.Мөнх-Эрдэнийн өвчний түүхийн хуулбар [9],
-Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсын хуулбар [10],
-Шүүгдэгч У.Отгонбатын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [11] болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:
Нэг.Шүүгдэгч У.Отгонбат нь 2016 оны 04 дүгээр сарын 06-наас 2016 оны 04 дүгээр сарын 07-нд шилжих шөнө согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эм Жи” караоке, баарны гадна иргэн А.Мөнх-Эрдэнийг “гар утас өгсөнгүй, 400,000 төгрөгийг авчихсан байна” гэх үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нүүрэн тус газар нь гараараа цохиж хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-хохирогч А.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 23 цагийн үед Отгонбат Ганбаяр гэх хүнтэй хамт манай “Жи Эм Жи” нэртэй бааранд орж ирээд ....пиво уугаад хоорондоо юм яриад сууж байсан. ...Отгонбат надад хэлэхдээ “би гар утсаа хаях гээд байна” гэж хэлээд 2 ширхэг гар утас гаргаж өгөөд буцаад ширээн дээрээ суусан. Хэсэг хугацааны дараа Отгонбат миний гар утас алга болчихлоо гэж хэлэхээр нь би “чи надад өгсөн ш дээ” гэж хэлсэн чинь за за уучлаарай гэж хэлсэн. ...Манай баар хаах цаг нь болоод Отгонбатыг гаргасан чинь хаалганы дэргэд чи миний 400,000 төгрөгийг авсан гэж хэлээд миний нүүрэн тус газар руу хэд хэдэн удаа гараараа цохисон....” гэсэн мэдүүлэг [12], түүний 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Отгонбаттай гар утаснаас болж маргалдсан. Отгонбат надад гар утсаа хадгалж бай гэж өгсөнөө мэдэхгүй намайг хулгайлсан гээд байсан. Тэгээд л хоорондоо маргалдсан. ...” гэсэн мэдүүлэг[13], шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Отгонбатыг таксинд суулгаад өгье гэтэл надаас 400,000 төгрөгийг авсан байна гээд нэхсэн. Би “чи юу яриад байгаан, чи надад гар утсаа л хадгалуулсан” гэж хэлээд эргэтэл Отгонбат гараараа миний нүүр нүд рүү цохисон. ...” гэсэн мэдүүлэг,
-гэрч Б.Цэрэндэжидийн мөрдөн байцаалтад 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Отгонбат гэх залуу “миний түрүүвчинд байсан 400,000 төгрөг алга болсон байна аваад ир” гээд Мөнх-Эрдэнэд хандаж хэлсэн. Мөнх-Эрдэнэ Отгонбатын урдаас “юу яриад байгаа юм гэж хэлээд” хоорондоо маргалдаад байсан. Отгонбат гэх залуу Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэйн нүүрэн тус газар руу нь 1 удаа гараараа цохиод газар унагасан. Намайг очсон чинь Мөнх-Эрдэнийн хамар хэсэг нь хавдсан байдалтай цус гарч байсан....” [14] гэх мэдүүлэг,
-шүүгдэгч У.Отгонбатын мөрдөн байцаалтад 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 23 цагийн орчим найз Ганбаяр утсаар дуудаад байхаар нь Сонгинохайрхан дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эм Жи” бааранд орсон. ...Би бааранд ороод 2 ширхэг пиво ууж, Ганбаярын найзуудын хийж өгсөн архинаас 1-2 удаа уусан. ...гэртээ харъя гэж бодоод караокенээс гарсан чинь “I Phone-4” маркийн гар утас байхгүй байсан. ...Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэй “бид нарт чиний гар утас байхгүй” гээд байсан. ...дахин гар утсаа авъя гэж хэлсэн чинь Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэй надад чиний гар утас байхгүй гэж хэлээд миний нүүрэн тус газар гараараа цохиод, маажаад байсан. Би Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэйг “за одоо болъё, зүгээр миний гар утсыг өгчих” гэж хэлсэн чинь намайг доромжлоод гараараа цохих гээд байсан. Тэгээд миний уур хүрээд Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэйн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. ...” [15] гэх мэдүүлэг,
-түүний 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...гар утсаа авмаар байна гэж хэлсэн чинь Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэй “бид нар чиний гар утсаар яах юм, бид нар хулгайч биш шүү, чи өөрөө надад гар утсаа хаячих байх авч бай гээд өгөө биз дээ, чи маргааш эрүүл болохоороо аваарай” гээд байсан. Би тухайн үед их согтсон байсан болохоор Мөнх-Эрдэнэтэй маргалдаад, жаахан агсам тавьсан чинь намайг Мөнх-Эрдэнэ алгадаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд гараараа хамар хэсэг рүү нь нэг удаа цохисон. ...” [16] гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4938 тоот акт, дүгнэлт...” [17], Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэсэн хуулбар [18] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч У.Отгонбат нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх ба шүүгдэгч У.Отгонбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Харин хохирогч А.Мөнх-Эрдэнэ нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...би 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 2 сартай жирэмсэн байсан, шүүгдэгч У.Отгонбатад цохиулсаны улмаас ураг зулбасан гэж мэдүүлж байх боловч энэ талаараа мөрдөн байцаалтад үгүйсгэж “...Намайг Отгонбат гэх залуу гараараа нүүрэн тус газар нэг удаа цохих үед би газар унаагүй, зүгээр доошоо хамраа дараад явган суусан. Отгонбат нүүрэн тус газар нэг удаа цохисноос болж миний хүүхэд зулбасан гэж бодохгүй байна. Би Отгонбатад цохиулахаас өмнө л доошоо юм гараад зулбах гээд байсан юмаа. Би тухайн үед 2 сартай жирэмсэн байсан нь үнэн, гэхдээ зодуулснаас болж хүүхэд зулбасан зүйл байхгүй....” гэж мэдүүлсэн байдаг. Мөн шүүгдэгч У.Отгонбат нь хохирогчийн нүүрэн тус газар цохисон нь талуудын мэдүүлгээр тогтоогдсон. Харин хохирогч мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...У.Отгонбатад цохиулаад ухаан алдаж унасан...” гэж, эсхүл мөрдөн байцаалтад “... У.Отгонбатад цохиулаад унаагүй, зүгээрээ доошоо хамраа дараад явган суусан юм гэж тус тус зөрүүтэй мэдүүлдэг ба хуультай танилцаж, гаргасан өөрийнх нь мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байна.
Шүүгдэгч У.Отгонбатаас “... намайг цохих үед Мөнх-Эрдэнэ газар явган суусан...” гэж мэдүүлсэн.
Мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4938 тоот акт, дүгнэлтээр А.Мөнх-Эрдэнийн биед “...хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан...” байх ба А.Мөнх-Эрдэнийн биед өөр ямар нэг ил харагдах шарх гэмтэл тогтоогдоогүй бөгөөд, дүгнэлтийн зовиур гэсэн хэсэгт “...нүүрний баруун талаар хөндүүр, хүзүүний баруун хажуу хэсгээр таталдаж өвдөнө...” гэж тэмдэглэгдсэн. Эдгээрээс үзвэл хохирогч А.Мөнх-Эрдэнэ шүүгдэгч У.Отгонбатад цохиулаад газар унасан гэх нөхцөл байдал тогтоодохгүй байна.
Нөгөө талаас хэрэг үйл явдал 2016 оны 04 дүгээр сарын 06-наас 2016 оны 04 дүгээр сарын 07-нд шилжих шөнө болсон байх ба хэрэгт авагдсан өвчний түүхийн хуулбарт 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн үзлэгээр умайн тонустой гэж тэмдэглэгдсэн, яаралтай тусламж үйлчилгээний хуудсанд “... яаралтай тусламжийн тасагт ирсэн огноо 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 20 цаг гэж тэмдэглэгдсэн, мөн 19 цагаас хойш доош цус ихээр гарсан гэж тэмдэглэгдсэн, байх ба эдгээр нь хэрэг үйл явдал болсноос хойш нилээдгүй хугацааны дараа болжээ.
Мөн хохирогч А.Мөнх-Эрдэнэ нь Шүүх эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үзүүлэхдээ жирэмсэн байсан талаараа хэлээгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл хохирогч А.Мөнх-Эрдэнийн ураг шүүгдэгч У.Отгонбатын үйлдлийн улмаас зулбасан гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар нотолсон баримтгүй, энэ талаар тогтоогдох нөхцөл хязгаарлагдмал байна.
Иймд хохирогч А.Мөнх-Эрдэнийн шүүгдэгч У.Отгонбатын үйлдлийн улмаас “миний ураг зулбасан” гэдэг нь үндэслэлгүй гэж үзнэ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө гэсэн байх боловч хэрэгт цугларсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр 2016 оны 04 дүгээр сарын 06-наас 2016 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө болсон нь тогтоогдож байх тул гэмт хэрэг гарсан цаг хугацааг шүүх зөвтгөн дүгнэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч А.Мөнх-Эрдэнийн хамрын ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь хавтаст хэрэгт хохирол нэхэмжилсэн хуулбар баримтуудыг ирүүлжээ. Шүүх хохирогч А.Мөнх-Эрдэнийн хавтаст хэрэгт ирүүлсэн хуулбар баримтыг судалбал эм тариа, шатахуун, усан үзэм, чихэр, нойлын цаас, шүдний оо, компот, гурилан боов, тор гэх зэрэг ахуйн хэрэглээний бараа зэргийн үнийг нэхэмжилжээ.
Шүүх хуралдаанд хохирогч А.Мөнх-Эрдэнээс “миний бие нь шүүгдэгч У.Отгонбатад цохиулсны улмаас миний толгой их өвдөж, мэдрэлийн эмчид үзүүлж, эмнэлэгт хэвтэх хэрэгтэй гээд Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн, эмнэлэгт хэвтэж байх хугацаанд гаднаас эм тариагаа авч хэрэглэсэн гэж мэдүүлж, энэ талаар эмчилгээний зардлыг нэхэмжилсэн баримтуудын хуулбарыг ирүүлсэн гэж тайлбарласан.
Мөрдөн байцаалтад хохирогч А.Мөнх-Эрдэнийн хэвтэн эмчлүүлсэн эмнэлгээс өвчний түүхийг хэрэгт хуулбарлан авсан байх ба уг өвчний түүхийг үзвэл А.Мөнх-Эрдэнэ нь Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдийн нэгдсэн эмнэлгийн Арьс харшлын тасагт 2016 оны 04 дүгээр сарын 18-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн байна. Мөн өвчний түүхэнд “өвчний түүх гэсэн хэсэгт “...сарын өмнөөс биеэр юм гарч эхэлсэн. Жилийн өмнөөс толгой өвдөх, үе мөч өвдөх зовиур эхэлсэн. ...” гэж тэмдэглэгдэж, арьс харшлын эмчилгээ хийлгэжээ.
Түүнчлэн хохирогч А.Мөнх-Эрдэнийн толгой өвдөх зовиур нь хэрэг үйл явдал болохоос 1 жилийн өмнө эхэлсэн байна. Нөгөө талаас хохирогч А.Мөнх-Эрдэнийн мэдрэлийн эмчилгээ хийлгэсэн гэх эм тариагаа ямар эмчийн заавар, жороор хийлгэсэн нь ч тодорхой бус байна.
Мөн хохирогч А.Мөнх-Эрдэнийн хэрэгт ирүүлсэн баримтууд бүгд хуулбар, үүн дотор зарим нь засвартай, уншигдахгүй, худалдан авагчийн нэр, хүлээн авагчийн нэр байхгүй зэргээр нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх эдгээр баримтаар хохирлыг тооцож гаргах боломжгүй гэж үзсэн. Харин хохирогч А.Мөнх-Эрдэнэ нь дээрх баримтуудтай холбогдуулж эдгээр баримтын мөнгийг төлөгдсөн гэж үзэж байна гэж тайлбарласан.
Шүүгдэгч У.Отгонбат нь мөрдөн байцаалтад бэлнээр 500,000 төгрөг, хохирогчийн компьютер томографикийн гэрэл зургийн төлбөр 120,000 төгрөг, нийт 620,000 төгрөгийг нөхөн төлжээ.
Хохирогч А.Мөнх-Эрдэнэ шүүгдэгч У.Отгонбатаас нийтдээ 5,000,000 төгрөг нэхэмжилсэн, энэ нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ноос 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 32 хоногийн цалинг 1 өдрийн 70,000 төгрөгөөр тооцож 2,240,000 төгрөг болон хамрын хагалгаанд орох эмчилгээний зардал гэж нэхэмжилсэн боловч У.Отгонбаттай тохирч 3,000,000 төгрөг авахаар болсон. Үүнээс 500,000 төгрөг авсан, үлдэх 2,500,000 төгрөгийг нэхэмжилнэ гэж мэдүүлж, энэ талаар 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “хохирол төлөх тухай баталгаа” гэсэн баримтуудыг талууд гарын үсэг зуруулж, нотариатаар гэрчлүүлж шүүхэд ирүүлжээ.
Шүүх хэрэгт цугларсан баримтыг үзэхэд хохирогч А.Мөнх-Эрдэнэ нь “Жи Эм Жи” ХХК-нд ажилд томилогдсон тушаал байхгүй, мөн харин 2016 оны 04 дүгээр сарын 07-ноос 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 32 хоног ажлаа хийгээгүй гэх, мөн эмнэлгийн лист, листний зөрүү хэдэн төгрөг авсан эсэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар гэх зэрэг цалин хөлстэй холбоотой холбогдох баримтыг ирүүлээгүй байх тул түүний цалин гэж нэхэмжилж байгаа мөнгийг энэ тогтоолоор шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Мөн цаашид хамрын хагалгаанд орно гэх боловч энэ талаар эмнэлгийн байгууллагад үзүүлсэн, хагалгаанд орох талаарх эмч, эмнэлгийн байгууллагын дүгнэлт байхгүй байх тул хохирогч нь эдгээр зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Гурав. Шүүгдэгчийн хувийн байдал, бусад асуудлын талаар.
Шүүгдэгч У.Отгонбат нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүх уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан байна.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж,
-мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д “хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг...” хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан.
Шүүгдэгч У.Отгонбат нь 2015 онд хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт холбогдсон байх ба Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг нь дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн өршөөлд хамаарах зүйл хэсэгт хамаарч байх тул У.Отгонбатын ял шийтгэгдсэн тогтоолоор 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч У.Отгонбатад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцлоо.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч У.Отгонбат нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297.1.1-297.1.4, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг удирдлага болгон
[1] Хавтаст хэргийн 8 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 85-86 дугаар тал.
[3] Хавтаст хэргийн 9 дүгээр тал.
[4] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал.
[5] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал.
[6] Хавтаст хэргийн 25 дугаар тал.
[7] Хавтаст хэргийн 51-55 дугаар тал.
[8] Хавтаст хэргийн 58-66 дугаар тал.
[9] Хавтаст хэргийн 72-78 дугаар тал.
[10] Хавтаст хэргийн 80 дугаар тал.
[11] Хавтаст хэргийн 26 дугаар тал.
[12] Хавтаст хэргийн 8 дугаар тал.
[13] Хавтаст хэргийн 85-86 дугаар тал.
[14] Хавтаст хэргийн 9 дүгээр тал.
[15] Хавтаст хэргийн 21-22дугаар тал.
[16] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал.
[17] Хавтаст хэргийн 25 дугаар тал.
[18] Хавтаст хэргийн 80 дугаар тал.