Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 0027

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 09 өдөр           Дугаар 128/ШШ2020/0027          Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Нэхэмжлэгч: “Т” ХХК,

          Хариуцагч: СЯ, НЗДТГ,

Нэхэмжлэлийн шаардлага: “СЯны 2019 оны 12 дугаар сарын 05-ны  өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/8012 тоот албан бичгийн “Т ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд тендерийн баримт бичгийн №ТШМ-1-ийн дагуу үнийн маягт ирүүлээгүй байхад хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад заасныг үндэсэлэн үүгээр мэдэгдье” гэсэн хэсгийг хүчингүй болгож, тендерт шалгарсан Т ХХК-тай  гэрээ байгуулахыг НЗДТГт даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагч СЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, Б.Т, хариуцагч НЗДТГын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч “Т” ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зарлагдсан 960 хүүхдийн суудал бүхий сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэх тендерт оролцож шалгарсан. Үүний дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02/2025 дугаар албан бичгээр бид нарт ажлын хамгийн сайн үнэлгээтэй тендерээр шалгарсан тул ажлын 6-аас доошгүй хоногийн дотор гэрээ байгуулна уу гэсэн мэдэгдлийг манай компанид ирүүлсэн. Мэдэгдэлд зааснаас хойш 6 хоног буюу 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулах хугацаа болсноор нэхэмжлэгчийн зүгээс захиалагчтай гэрээ байгуулахаар очсон боловч тодорхой бус шалтгаанаар гэрээ байгуулахаас татгалзсан. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.” гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тодорхой бус шалтгааны улмаас гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа юм. Гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож НЗДТГтай гэрээ байгуулахыг даалгах эхний нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Монгол улсын СЯны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/12 тоот албан бичгийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь тендерт оролцогчид гэрээ байгуулах мэдэгдлийг олгосон байтал, тендерт оролцсон бусад оролцогчдоос СЯанд гомдол гаргасанд албан бичгээр хариу өгөхдөө “Т” компанийн гаргаагүй зөрчлийг гаргасан гэж дүгнэн тендерийн үнэлгээг дахин хийхийг захиалагчид даалган шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа юм. Тодруулбал СЯны албан бичигт дурдсанаар “Т” компанийн ирүүлсэн тендерийг хянан үзээд “...үгний маягтыг ирүүлээгүй байхад тендерийг хамгийн сайн гэж үнэлсэн нь буруу байна” гэсэн агуулгаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т заасныг үндэслэн дахин үнэлгээ хийлгэхийг даалгахаар шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан тендерийн баримт бичиг нь хуулийн дагуу бүх шаардлагад нийцсэн баримт бичгийг бүрдүүлж, захиалагч дүгнээд хамгийн сайн гэж дүгнээд тендерт шалгарсан гэж үзэж байна. Тендерийг дахин зарлах болсон үндэслэл өөрөө хуульд нийцэхгүй байгаа учраас албан бичгийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.

Хоёр. хариуцагч НЗДТГын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэхүү тендерийг гардан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зарлаад 09 дүгээр сарын 23-ны өдөр  тендер шалгаруулах үйл ажиллагааг нээсэн. Ингээд нээхэд нэг ч  тендер ирээгүй тул тендерийн үнэлгээний хороо дараагийн тендерийн баримт бичгийг боловсруулаад дахин тендерийг 09 дүгээр сарын 25-ны өдөр зарлахад 12 оролцогч тендерийн материал ирүүлсэн. Хуулийн дагуу тендерийг үзэхэд 12 оролцогчоос “Ч” ХХК, “К” ХХК, “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзээд үлдсэн 9 оролцогчийн  тендерийг шаардлагад нийцээгүй тендер гэж үнэлсэн. Тендерийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т зааснаар шаардлагад нийцсэн тендерүүдээс үнэлгээ хийгээд хамгийн бага харьцуулалтаар “Т” ХХК-ирүүлсэн тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч, шалгарсан шалгараагүй оролцогчдод нэгэн зэрэг мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын 6 хоногийн дотор гэрээ байгуулсан байх ёстой. Үүний дагуу СЯнаас 12 дугаар сарын 05-ны өдөр гомдол гарсан тухай албан бичиг ирүүлээд нэр бүхий хоёр компаниас гомдол ирүүлсэн тухай албан бичиг ирүүлсэн байдаг. Үүний дагуу СЯанд баримт бичгүүдийг хүргүүлээд гомдол гарсантай холбоотой тендер шалгаруулалтын хүчинтэй хугацааг СЯнаас 15 хоног сунгасан. Сунгасан тохиолдолд Тендерийн үнэлгээний хороо тендерт оролцогчдод мэдэгдэж, тендер сунгах эсэх талаар зөвшөөрөл авдаг. Мэдэгдээд энэ ажиллагааг хийх гэтэл СЯнаас дахин үнэлгээ хийх талаар шийдвэр ирсэн. СЯнаас ирүүлсэн шийдвэрийн дагуу дахин үнэлгээ хийх үйл ажиллагаа явагдаж байтал шүүхээс дахин үнэлгээ хийх ажиллагааг түдгэлзүүлсэн тул дахин үнэлгээ хийгдэх ажиллагаа зогссон. Гэрээ байгуулах боломжгүй байгаа юм...” гэв.

Гурав. хариуцагч СЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...СЯанд тус тендер шалгаруулалттай холбогдуулан нэр бүхий 2 компаниас гомдол гаргасан. Гомдлын дагуу шалгарсан компанийн тендерийн материалыг хянан үзсэн. Хянан үзэхэд “Т” ХХК нь тендерийн 1 дүгээр маягтыг тендерийн баримт бичигт заасан шаардлагын дагуу ирүүлээгүй байсан. Тендерийн маягтын дагуу үнийн маягтыг ирүүлэх ёстой байсан. Маягтын шаардлагын дагуу хангахгүй материал ирүүлсэн байсан...” гэв.

Дөрөв. хариуцагч СЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу захиалагч нь тендерийн баримт бичгийг боловсруулахдаа СЯнаас баталсан жишиг баримтыг үндэслээд тендерийн баримт бичгийг боловсруулах ёстой. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас СС-ын 2012 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 122 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулан тендерийн жишиг баримт бичгийг баталсан байдаг. Тендерийн тухай хуулийн 27.1.3-т заасны дагуу тендерийг нээсний дараа тендерийн нөхцөлд заасан баримт бичгийг хангасан эсэх талаар хянаж үзэх ёстой. Нэхэмжлэгчийн тендерт ирүүлсэн баримт бичгийг хянаж үзэхэд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендерт оролцогчдод хүргүүлсэн маягтын дагуу ирүүлээгүй болох нь тогтоогдсон.  Нэхэмжлэгч талын  ирүүлсэн баримт бичиг нь хуучин 2012 оны СС-ын тушаалаар батлагдсан 3 үндсэн заалтаар маягтыг ирүүлсэн байсан. НЗДТГаас өгсөн тайлбарт нэхэмжлэгч компаниас ирүүлсэн баримт бичигт хуучин 3 заалтаар ирүүлсэн ч тоо нь зөрүүгүй учраас шаардлага хангасан гэж үзэж шийдвэр гаргасан гэж тайлбарласан байсан. Гэтэл манай яаманд ирүүлсэн гомдолд “Г” компанийг үнэлэхдээ яг адилхан  бөгөөд татгалзсан үндэслэл нь хуучин маягтаар ирүүлснийг үндэслэлгүй байна гэж татгалзсан байсан. Энэ компанитай адил байхад “Т” компанийг хамгийн сайн гэж үнэлсэн байсан. СЯ захиалагч хуулийн дагуу тендерийг үнэлсэн эсэхэд хяналт тавьдаг. Иймд Тендерийн тухай хуулийн 27.4-т заасныг зөрчсөн учраас дахин үнэлгээ хийлгэхийг даалгахаар албан бичиг явуулсан.  Манай албан бичгийн дагуу захиалагч өөрийн хууль бус үнэлгээг залруулаад дахин үнэлгээг хийх ёстой. Гэтэл анхнаасаа хуулиа зөрчсөн учраас “Т” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерээр шалгарсан гэж үзэх боломжгүй...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Тендерт шалгарсан Т ХХК-тай  гэрээ байгуулахыг НЗДТГт даалгуулах” гэж тодорхойлж байгаад “СЯны 2019 оны 12 дугаар сарын 05-ны  өдрийн Гомдол хянасан тухай” 6-1/8012 тоот албан бичгийн “Т ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд тендерийн баримт бичгийн №ТШМ-1-ийн дагуу үнийн маягт ирүүлээгүй байхад хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад заасныг үндэслэн үүгээр мэдэгдье” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” гэж  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.

1. “СЯны 2019 оны 12 дугаар сарын 05-ны  өдрийн гомдол хянасан тухай 6-1/8012 тоот албан бичгийн “Т ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд тендерийн баримт бичгийн №ТШМ-1-ийн дагуу үнийн маягт ирүүлээгүй байхад хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад заасныг үндэслэн үүгээр мэдэгдье” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Анх нийслэлийн Засаг даргын 2019 оны А/199 дүгээр захирамжаар сургуулийн барилга, 960 суудал /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо/ төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлж, тус газраас 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зарласан боловч нэг ч тендер ирээгүй тул дахин тендерийн баримт бичиг боловсруулж 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зарлаж, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нээхэд 12 оролцогч тендер ирүүлжээ.

Үнэлгээний хороо тендерийг хянан үзээд 12 оролцогчоос 3 оролцогчийн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэж, үлдэх 9 оролцогчийн ирүүлсэн тендерээс шаардлагад нийцээгүй тендер гэсэн үндэслэлээр татгалзсан байна.

Ингээд шаардлагад нийцсэн 3 тендерээс  хамгийн бага харьцуулсан үнэтэй “Т” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Харин СЯанд уг тендерт оролцож захиалагч шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр татгалзсан “Г” ХХК, “ГМ” ХХК-иас гомдол гаргажээ.

            Дээрх хоёр компани захиалагчийн тэдгээрийн тендерээс татгалзсан үндэслэлийг эс зөвшөөрч СЯанд гомдол гаргаж хянуулах эрхтэй хэдий ч  тендер хянан үзэх шатнаас хасагдсан тул, тэдний хувьд тендер үнэлэх үе шаттай буюу үнэлгээтэй маргах эрхгүй байхад СЯ захиалагчийн  “хамгийн сайн” гэж үнэлсэн тендерийг хянаж, дахин үнэлгээ хийх мэдэгдэл хүргүүлжээ.

Хэргийн оролцогчид дээрх үйл баримтаас СЯны гомдол хянасан албан бичгийн нэхэмжлэгчид холбогдох хэсэгтэй маргаж байгаа болно.

Нэхэмжлэгчээс “...СЯны 2019 оны 6-1/8012 тоот албан бичигт ... манай компанийн ирүүлсэн тендерийг хянан үзээд тендерийн баримт бичгийн №ТШМ-1-ийн дагуу үнийн маягт ирүүлээгүй гэсэн үндэслэлээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн нь бидний хууль ёсны эрх ашгийг хохироосон үндэслэлгүй акт” гэж хариуцагчаас “...нэхэмжлэгчийн ирүүлсэн үнийн маягт нь захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн  үнийн маягтаас зөрүүтэй байсан тул тендерийн шаардлага хангаагүй гэж үзэж, татгалзах үндэслэл болно...” гэж маргаж байгаа болно.

 Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч СЯнаас ирүүлсэн бичгийн нотлох баримтуудаас үзвэл Сангийн сайд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Журам батлах тухай” 132 дугаар тушаалын хавсралтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалтыг үндсэлэн “Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам”-ыг баталжээ.

Дээрх журмаар тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох харилцааг зохицуулахаар, тендер шалгаруулалтыг хуулийн дагуу зохион байгуулсан эсэхэд хяналт тавих зорилгоор гаргасан, харин тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах талаар зохицуулсан журам биш байна.

Энэ журмын 1.3-д “ Тендерт оролцогч нь тендерийн материалд хувь хүний нууцын тухай хууль болон байгууллагын нууцын тухай хуулиар ил болохыг хориглосон мэдээллийг ялган ирүүлэх ба тэдгээрийг хуулийн дагуу ил болгохыг хориглосон зайлшгүй үндэслэлийг бичгээр тайлбарласан байна”, 2.4-д “Захиалагч гэрээ байгуулах эрх олгогдсон этгээдийн ирүүлсэн тендерээс ил болгох материалыг тендерт оролцогчдод танилцуулна” гэснээс үзвэл тендерт оролцогчийн тендерийн материалаас хувь хүний болон байгууллагын нууцтай холбоотой материалаас бусад материалыг захиалагч тендерт оролцогчдод ил болгохоор байна.

Харин СС-ын 2012 оны 81 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичигт” СС-ын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Тушаалын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 122 дугаар тушаалын 1-ийн 3-д дөрөвдүгээр бүлгийн ТШМ-1 маягтын 7.7. “Бид тендерийг холбогдох журмын дагуу бусад тендерт оролцогчдод ил болгохыг үүгээр зөвшөөрч байна. Захиалагч бидний ирүүлсэн тендерийг нууцлах аливаа үүргээс бүрэн чөлөөлөгдөнө” гэж, мөн дээрх “тендерийн жишиг баримт бичиг”-ийн хэд хэдэн заалтад өөрчлөлт оруулахаар зааж, энэ талаар зөвлөмжийг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт СЯны 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3690 дугаартай албан бичгийг хүргүүлсэн байна.

Хариуцагч СЯнаас “... СС-ын 2019 оны 122 дугаар тушаалаар ТШМ-1 маягтад өөрчлөлт оруулж, 4. Бид тендерийг холбогдох журмын дагуу бусад тендерт оролцогчдод ил болгохыг үүгээр зөвшөөрч байна. Захиалагч бидний ирүүлсэн тендерийг нууцлах аливаа үүргээс бүрэн чөлөөлөгдөнө” гэх нөхцөл нэмсэн гэж тайлбарлаж байгаа ч шүүхэд ирүүлсэн нотлох баримт болох  “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичиг”-ийг үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3-т орсон нэмэлт өөрчлөлттэй уялдуулан СС-ын  2012 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичиг”-т нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 81 дүгээр тушаал гаргасан хэдий ч уг нэмэлт өөрчлөлтүүдийг “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичиг”-т тусгаагүй байна.

Харин нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн нотлох баримтаар №ТШМ-1-т “4. Бид тендерийг холбогдох журмын дагуу бусад тендерт оролцогчдод ил болгохыг үүгээр зөвшөөрч байна. Захиалагч бидний ирүүлсэн тендерийг нууцлах аливаа үүргээс бүрэн чөлөөлөгдөнө”  гэж утга бүхий нэмэлт оруулсан баримт иржээ.

Хариуцагч СЯ нэхэмжлэгчийг “...тендерийн баримт бичгийн №ТШМ-1-ийн дагуу үнийн маягт ирүүлээгүй гэж буруутгажээ.

Нэхэмжлэгчийн захиалагчид ирүүлсэн тендерийн баримт бичгээс “...үнийн санал”-ыг үзвэл СЯны сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний “Тендерийн жишиг баримт бичиг шинэчлэн батлах тухай” 81 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар шинэчлэн батлагдсан “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичиг”-т заасан №ТШМ-1-ийн үнийн маягтаар ирүүлжээ.

Харин СС-ын 2019 оны 122 дугаар тушаалаар “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичиг”-ийн №ТШМ-1-ийн үнийн маягтад 4 дэх заалт буюу “Бид тендерийг холбогдох журмын дагуу бусад тендерт оролцогчдод ил болгохыг үүгээр зөвшөөрч байна. Захиалагч бидний ирүүлсэн тендерийг нууцлах аливаа үүргээс бүрэн чөлөөлөгдөнө” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсан байх бөгөөд нэхэмжлэгч захиалагчид ирүүлсэн тендерийн баримт бичигт “манай компанийн ирүүлсэн саналыг олон нийтэд мэдээлэхэд татгалзах зүйлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн мэдэгдлийг хавсаргажээ.

Хариуцагч НЗДТГ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...энэхүү тендерийн баримт бичгийн №ТШМ-1-ийн үнийн маягтад 4.Бид тендерийг холбогдох журмын дагуу бусад тендерт оролцогчдод ил болгохыг үүгээр зөвшөөрч байна. Захиалагч бидний ирүүлсэн тендерийг нууцлах аливаа үүргээс бүрэн чөлөөлөгдөнө гэсэн заалтыг оруулсан маягт буюу СС-ын 2012 оны 81 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичиг шинэчлэн батлагдаагүй болно. Мөн энэхүү тендерийг ил болгохтой холбоотой мэдээллийг оролцогч “Т” ХХК өөрийн тендерт албан бичгээр ирүүлсэн байгаа тул үнэлгээний хороо шууд татгалзах томоохон зөрүүгүй гэж үзэж хамгийн сайн тендерээр шалгаруулсан” гэж, шүүх хуралдаанд “...энэ тендерийг эхний удаа зарлахад нэг ч тендер ирээгүй, сургуулийн барилга учраас уг тендерийг яаралтай шалгаруулж, гэрээ байгуулах шаардлагатай” гэж тайлбарлаж байгаа болно.

Маргаан бүхий СЯны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/8012 дугаартай албан бичигт нэхэмжлэгчийг “...тендерийн баримт бичгийн №ТШМ-1-ийн дагуу үнийн маягт ирүүлээгүй байхад...хамгийн сайн тендер гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр үндэслэлгүй гэж дахин тендер шалгаруулалтын үнэлгээ хийх”-ийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт мэдэгдсэн байна.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзвэл тендер оролцогч тендерийн баримт бичгийн шаардлагын дагуу тендерийн маягтыг ирүүлэх үүрэгтэй хэдий ч яг энэ нөхцөлд СС-ын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалаар батлагдсан “№ТШМ-1, үнийн маягт” өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, СС-ын 2019 оны 122 дугаар тушаалаар батлагдсан нэмэлт өөрчлөлтүүдийг дагаж мөрдөх талаар хариуцагч захиргааны байгууллагууд өөр өөр ойлголттой байхад нэхэмжлэгчийг нэмэлт өөрчлөлт орсон “үнийн санал маягт”-аар ирүүлээгүй гэж шууд буруутгах боломжгүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч СС-ын 2019 оны 122 дугаар тушаалаар “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичиг”-ийн №ТШМ-1-ийн үнийн маягтад 4 дэх заалтаар “4.Бид тендерийг холбогдох журмын дагуу бусад тендерт оролцогчдод ил болгохыг үүгээр зөвшөөрч байна. Захиалагч бидний ирүүлсэн тендерийг нууцлах аливаа үүргээс бүрэн чөлөөлөгдөнө” гэж оруулсан нэмэлт заалттай утга агуулгын хувьд ижил “манай ирүүлсэн саналыг олон нийтэд мэдээллэхэд татгалзах зүйлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн  мэдэгдлийг ирүүлсэн байх тул түүнийг тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох зөвшөөрлийг ирүүлээгүй гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр “№ТШМ-1-ийн үнийн маягт”-аар “үнийн санал” болон “тендер шалгаруулалтын материал”-ыг ил болгохыг зөвшөөрсөн мэдэгдлээ хүргүүлсэн байхад түүний ирүүлсэн тендерийг “№ТШМ-1-ийн үнийн маягтын дагуу ирүүлээгүй,  хамгийн сайн тендер гэж үнэлэн, гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй” гэж үзсэн хариуцагчийн шийдвэр буруу байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д тендерийг хянан үзэхдээ захиалагчийн тогтоосон шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа 27 дугаар зүйлийн 27.2-д бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө, захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх, шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх шалгуур үзүүлэлтийг удирдлага болгохоор зааж, 27.3-д “тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг  нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэжээ.

Хариуцагч СЯ “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг тендерийн баримт бичгийн №ТШМ-1-ийн дагуу үнийн маягт ирүүлээгүй” гэж буруутгаж, шаардлагад нийцээгүй тул дахин тендер шалгаруулалтын үнэлгээг явуулах ёстой гэж үзжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад шаардлага” хангасан эсэхийг хянахаар заажээ. Тэгвэл тендерийн баримт бичгийн №ТШМ-1-ийн дагуу үнийн маягтад тавигдах шаардлагыг үзвэл тендер гүйцэтгэх үнийн санал, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хэлцэл болохыг хүлээн зөвшөөрөх, ирүүлсэн тендерийг тендер оролцогчдод ил болгохыг зөвшөөрөх шаардлагууд тавигджээ.

“Т” ХХК нь СС-ын 2012 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан маягтын дагуу үнийн санал мөн тендерийн хүчинтэй байх хугацаа болон  гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хэлцэл байна гэж хүлээн зөвшөөрч, тендерийг нийтэд мэдээлэхийг зөвшөөрсөн мэдэгдлийг ирүүлснээр №ТШМ-1 маягтад заасан нөхцөл шаардлагыг биелүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж,... мэдэгдэнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн  ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” тендер гэж үнэлэн, гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байх тул СЯны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/8012 дугаартай мэдэгдлийн “...тус тендерт шалгаруулалтад шалгарсан “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд тендерийн баримт бичгийн №ТШМ-1-ийн дагуу үнийн маягт ирүүлээгүй байхад хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь хэсэгт заалтад заасныг үндэслэн тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх”-ийг мэдэгдсэн хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. “Тендерт шалгарсан Т ХХК-тай гэрээ байгуулахыг НЗДТГт даалгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх...” гэж заасны дагуу Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 0212025  дугаартай албан бичигт “...НХААГ-19/135 дугаартай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй сургуулийн барилга 960 суудал /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо/-ны ажлыг гүйцэтгэхээр “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох тухай үнэлгээний хорооны  дүгнэлт гарсан тул...гэрээний маягтад гарын үсэг зурж, захиалагч НЗДТГ ирүүлнэ үү” гэсэн мэдэгдлийг “Т” ХХК-д хүргүүлсэн байна.

Мөн СС-ын 2012 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан“Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичиг”-ийн ТОӨЗ-ны 36.1-д “Захиалагч  аливаа тендерийг сонгох эсхүл татгалзах...эрхтэй” гэж заасан.

Үнэлгээний хорооноос “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэж “хамгийн сайн” гэж үнэлсэн, мөн шүүхээс СЯны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “ Гомдол хянасан тухай” 6-1/8012 дугаартай албан бичгийн “...тус тендерт шалгаруулалтад шалгарсан “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд тендерийн баримт бичгийн №ТШМ-1-ийн дагуу үнийн маягт ирүүлээгүй байхад хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь хэсэгт заалтад заасныг үндэслэн тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх”-ийг мэдэгдсэн хэсгийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийх шаардлагагүй гэж үзсэн тул НЗДТГ нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Нөгөөтэйгүүр 960 суудалтай сургуулийн барилгыг түргэн шуурхай ашиглалтад оруулснаар хүүхдийн эрх ашиг, нийтийн ашиг сонирхол нийцсэн байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар худалдан авах ажиллагаанд үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлах нь зүйтэй байна.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн 27 дугаар зүйлийн дагуу “Тендерийг хянан үзэх” бөгөөд 27.3-ийн дагуу тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн 28 дугаар зүйлд заасан “Тендер үнэлэх” үе шат эхлэх бөгөөд  СЯанд гомдол гаргасан “ГМ”,ХХК, “Г” ХХК-ийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар тендер хянан үзэх үе шатнаас хасагдсан байх тул тэдний хувьд “тендерээ үнэлүүлэх” дараагийн үе шатанд оролцох, үнэлгээтэй холбоотой маргах эрх үүсэхээргүй, СЯнаас гомдлыг хянаж үзээд захиалагчийн тэдний тендерээс татгалзсан  шийдвэрийг үндэслэлтэй байна гэж дүгнэсэн, тэдгээрээс энэ талаар гомдол гаргаагүй, нэхэмжлэгчээс СЯны 2019 оны 6-1/8012 дугаартай албан бичгийн өөрт холбогдох хэсэгтэй маргаж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж зааснаар дээрх хоёр компанийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй гэж үзлээ.

Хариуцагч НЗДТГаас “...тендер хүчинтэй байх хугацаа дууссан тул дахин тендер зарлах боломжтой...” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар СЯны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/1802 дугаартай мэдэгдлийг энэ маргааныг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хариуцагчийн дээрх тайлбар хамаарахгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1-т заасныг баримтлан “Т” ХХК-ийн СЯ, НЗДТГт холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, СЯны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “ Гомдол хянасан тухай” 6-1/8012 дугаартай мэдэгдлийн “Тендер шалгаруулалтад шалгарсан “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд тендерийн баримт бичгийн №ТШМ-1-ийн дагуу үнийн маягт ирүүлээгүй байхад хамгийн сайн тендер гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлгүй. Хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь хэсэгт заалтад заасныг үндэслэн тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх” гэсэн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, тендер шалгарсан “Т” ХХК-тай гэрээ байгуулахыг НЗДТГт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ