Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч И.Ганбат, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

            иргэдийн төлөөлөгч Г.Сугар,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхзул,

            улсын яллагч В.Төгсбаяр,

            хохирогч Г.Бямбадорж,

            хохирогчийн өмгөөлөгч Д.Данзандорж /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0-519/,

            шүүгдэгч М.Эрдэнэ-Отгон,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0-273/, Н.Болормаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0-201/ нарыг оролцуулан тус шүүхийн Г  танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Мөнхбаярын Эрдэнэ-Отгонд холбогдох эрүүгийн 2014 26000 5285 дугаартай, 3 хавтас хэргийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, төмөр хийцийн угсрагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хүн-Од ХХК-д мах шулагчаар ажиллаж байсан, одоо Элит Техно Метал Сервис ХХК-д борлуулагчаар ажилладаг гэх, ам бүл 5, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 17-р гудамжны 36 тоотод оршин суудаг, ял шийтгэл:

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, УУ89032572 дугаарын регистртэй, Боржигон овгийн Мөнхбаярын Эрдэнэ-Отгон. 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч М.Эрдэнэ-Отгон нь согтуугаар 2014 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 11 дүгээр гудамжинд иргэн Г.Бямбадоржийг ямар ч шалтаг шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр зэвсгийн чанартай зүйл болох хутга ашиглан хэвлий, цээжин тус газар нь хутгалж бие махбодид нь ... хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархай, өрц, элэгний 8 сегментийг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд хий хуралт, эрүүнд зүсэгдсэн шарх гэмтэл... бүхий хүнд зэргийн гэмтлийг онц харгис хэрцгий аргаар санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Эрдэнэ-Отгон мэдүүлэхдээ: 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай ажил амарч байсан. Би эмээгийнхээ гэрийг барилцаж дуусаад гэртээ хэвтэж байтал 18 цагийн үед Отгонбаяр над руу яриад постны хажууд хүрээд ир гэхээр нь би очиход Отгонбаяр, Амараа, Золоо гурав байсан. Тэгээд бид дөрөв 2 том пиво аваад лагер явсан. Тэндээ Отгонбаяр, Амараа бид гурав 1 том пивийг нь уусан. Золоо машин барьж байсан болохоор уугаагүй. Бид нар буцаж яваад Отгонбаярын гэрийн ойролцоо Отгонбаяр, Амараа бид гурав үлдэж, үлдсэн 1 пивоо уусан. Тэгээд Отгонбаяр, Амараа хоёр маргалдаад Амараа такси бариад явах гэхээр нь Золоо бид хоёр араас нь дагаж очиж таксины мөнгө өгсөн. Амараа гэртээ орсон. Золоо бид хоёр Сансар явах гэж байгаад би болиод тойрог дээрээс 500 төгрөгийн унаанд суугаад гэртээ очсон. Би 23 цагт гэртээ орсон. Тэгээд эмээгийнхээ гэрт ороход ээж архи уусан байсан. Би ээждээ бие чинь дийлэхгүй байж яагаад архи уугаад байгаа юм бэ, 2 ахын араас явах гээд байгаа юм уу гэж хэлээд аяга хагалаад гараа зүссэн. Тэгсэн чинь манай эхнэр Уянгоо орж ирээд намайг гэр рүү дагуулж ороод эмээтэй хамт миний гарыг боож өгсөн. Тэгээд би унтсан. Шөнө надад буцаж гарч явах шалтгаан байгаагүй. 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажлаа тараад явж байсан чинь эрүүгийн төлөөлөгч таараад, танай ажлын газрын хүний зургийг таниулах гэсэн юм гээд намайг дагуулаад Цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү авч явсан. Тэгээд өрөөнд сууж байсан чинь 1 өндөр биетэй хүн орж ирээд намайг шууд зодоод эхэлсэн. Чи хутгалчихаад хэргээ хүлээ, тэр хүн чинь үхээгүйд баярлаж яваарай гэж хэлэхээр нь би юу яриад байгаа юм бэ гэсэн чинь 1 жижиг өрөөнд өөр хүн дагуулж ороод цахилгаан бороохойгоор толгой руу цохиулсан. Тэгээд би тэсэхээ байж, айсандаа болоод энэ хэргийг би хийсэн гэж тэд нарт хэлсэн. Тэр өдрөө тэндээ хоноод маргааш нь Мөнхбат байцаагч намайг өрөөндөө  оруулсан. Тэгэхээр нь би энэ хэргийг хийгээгүй, намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд Мөнхбат байцаагч намайг өрөөндөө орхичихоод гараад явчихсан чинь өөр ахмад орж ирээд намайг цохиж дарамталсан. Удалгүй Мөнхбат байцаагч өрөөндөө орж ирэхээр нь би энэ хэргийг хийгээгүй шүү дээ гэсэн чинь чи эрүүгийнхэнд хэргээ хүлээгээд ярьсан байна шүү дээ, одоо ярь гээд байхаар нь би энэ хэргийг хийсэн гэж хэлсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Бямбадорж мэдүүлэхдээ: 2014 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө замын доод талаас ирж байтал замын хойд талаас саарал малгайтай цамцтай хүүхэд гарч ирээд доголтой гудамжны үзүүр дээр таарахад миний баруун гар тал руу хутгалсан. Тэгээд яаж байна гэх хооронд цээж рүү хатгаад тэгээд эрүүний хэсэг рүү хутгаар зүссэн. Тэгэхээр нь би хүн алах гэж байна уу, яаж байна гэсэн чинь гүйгээд яваад өгсөн. Би явах гэсэн чадахгүй, унаж тусч гэртээ харьсан. Эхнэр сандраад эмнэлэг дуудсан. Түргэн их хурдан ирсэн. Би шархаа дараастай цусаа гойжуулахгүй хэвтэж байсан. Эмнэлэгт очиж үзлэгт ороод шууд хагалгаанд орсон. Би эмнэлэгт 7 хоног ухаангүй байж байгаад босч ирсэн. Эрдэнэ-Отгоны ээж манай гэрийн үүдэнд өмгөөлөгч гэх хүнтэй хамт ирсэн. Би тэдэнд эмнэлгээр ирэхгүй яасан юм, ямар сонин хүмүүс вэ гэж хэлсэн. Тэгэхэд намайг машиндаа оруулж байгаад бие сайн уу гэх мэт зүйл асууж байгаад, та хүн андуураагүй юу гэж хэлсэн. Миний хувьд өдий болтол хүн чанаргүй зан гаргаж байгаад гомдолтой байна. Би байнга гэрт байдаг болсон. Миний биеийн байдал сайн биш байгаа. Даарч болохгүй, хоол унд идэж чадахгүй болсон.  Намайг харахад тэнхээрхэж байгаа юм шиг боловч бие тааруу байна. Санаа тавьж байгаа хүн ч алга, би өөрөө санаа тавих гэхээр чадал хүрэхгүй байна. Би хохирсон гээд шүүх цагдаагаар яваад байх тэнхэл алга. 13.770.000 төгрөгийг хохиролд нэхэмжилж байна. Энэ хүнийг царай зүсээр нь таньсан. Хянган хамартай, өндөр шанаатай хүн байсан гэв.

 

Мөн 2014 26000 5285 дугаартай хавтаст хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Бямбадоржийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: ...2014 оны 10 дугаар сарын 26-ны орой Баянхошууны эцэс дээр 17 цагийн орчим би найз Мөнхцагаантай таарсан. Би ус авч явж байсан учир бид хоёр манай гэрт ус аваачиж тавьчихаад гэрээс гараад Баянхошууны хуучин эцэст байх цагаан дэлгүүр орж би Монгол стандарт архинаас 0,5 литрийн нэг шил архи аваад Баянхошууны гүүрний хажууд уусан. Тухайн үед цаг 19 орчим болж байсан байх. Мөнхцагаан өөрийн цагаан жижиг суудлын тэрэгтэй явж байсан. Архи ууж дуусчихаад явах гээд машинаа асаах гэсэн чинь машиных нь аккумлятор нь суучихаад асахгүй байсан. Тэгээд машиныг нь асаах гээд түрээд нэлээн ноцолдсон боловч асаагүй тул нэгэнт өнгөрч гэж санаад бид хоёр юм ярьж сууж байгаад шөнийн 02 цагийн орчимд би гэрлүүгээ харих гээд явсан. Тухайн үед машин түрээд халууцсан байсан учир би куртикээ Мөнхцагааны машинд орхиод явсан. Бид хоёр нэмж архи уугаагүй, өөр тийшээ яваагүй тэр газарт байсан юм. Мөнхцагаан машиндаа үлдээд би харих гээд алхаж яваад засмал замаар хойноосоо урагш чиглээд миний өөдөөс нэг залуу ирж явсан юм. Тэгээд тэр залуу надаас түрүүлээд зүүн тийшээ Одонтын 11 дүгээр гудамж руу эргээд орчихсон. Манайх уг гудамжинд байдаг болохоор би мөн уг гудамж руу эргээд тэр залуугийн хойноос алхаж явтал дөнгөж гудамж руу ороод блокон хашааны хажуу талд нөгөө залуу эргэж хараад Яах гээд байна гэж хэлээд миний гэдэс рүү цохиод авах шиг болохоор нь хартал хутгалчихсан байсан. Тэгэхээр нь би яаж байна аа гэсэн чинь тэр залуу Мөнгө байна уу гээд дахиад миний цээж рүү хутгаараа хатгаад авахаар нь яаж байгаа юм бэ, ахад нь мөнгө байхгүй гээд өмдний халаасанд байсан 500, 1000 төгрөгөө өөрийн гар утастайгаа гаргаад ирсэн чинь нөгөө залуу миний шанаа руу цохиод авах шиг болсноо цаашаа эргээд жалга дагуу зүүн хойшоо гүйгээд явчихсан. Тэгэхээр нь би болохоо байлаа гэж санаад шууд гэр лүүгээ явсан. Гэртээ ортол манай эхнэр Бямбаа унтаж байхаар нь Би хутгалуулчихлаа гэж хэлээд эхнэр түргэн дуудсан. Би тэр хүнтэй маргаагүй. Урд талд явж байснаа гэнэт эргэж хараад Яах гээд байна гээд шууд хутгалсан. Надаас юм аваагүй, миний халаасыг ч ухаж үзээгүй. Саарал юүдэнтэй цамцтай, малгайг нь өмсчихсөн, доогуураа хөх саарал эсвэл цагаан саарал жинсэн өмдтэй залуу байсан. Гутал болон бусад зүйлийг нь ажиглаагүй. Цамцны гадуураа юм өмсөөгүй байсан. Надаас арай намхан, туранхай, шардуу царайтай залуу байсан. Тэр залуугийн барьж байсан хутганы бариулын ар талын хэсгийг нь харахад ишний хойд тал нь шар өнгөтэй байсан. Толгой руу цохих шиг болоод хүзүү орчимд зүсэхэд нь харсан юм. Бусад хэсгийг нь хараагүй, Тэр залуу хэнэггүй байрын гэмээр гөлийсөн залуу явж байсан. Би тэр залуугийн өөдөөс эсэргүүцэж ноцолдсон зүйл байхгүй. Цохиж ноцолдоогүй, Би буруутай этгээдээс эмчилгээний зардлаа бүгдийг нь нэхэмжилнэ, маш их гомдолтой байна. Намайг хутгалсан залууг харвал танина. Тэр залуу намайг эхлээд хутгалахаар нь Ахыгаа яаж байнаа гэж хэлээд би тэр залууг сайн ажиглаж харсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67-70 дугаар тал/,

 

-Мөн түүний 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: ...Мөнхцагаанаас 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2 дугаар гудамжинд буюу зүүн салааны хуучин эцсээс салсан юм. Тэгээд шууд хойшоо гэрлүүгээ явсан замаасаа ерөөсөө хазайгаагүй. Тэгээд гудамж руу дөхөөд ирэхэд хойноос урагшаа чиглэлд нэг залуу ирж байсан. Тэгээд тэр залуу надаас түрүүлээд Одонтын 11 дүгээр гудамж руу орсон. Тэр нь манай гудамж байсан учраас би гэр лүүгээ очих гээд явж байхад гудамжны үзүүрт саарал блокон хашааны үүдэнд саарал юүдэнтэй цамцтай залуу намайг хутгалж гэмтээсэн. Намайг хутгалсан саарал юүдэнтэй залуу гудамж эргээд зүүн хойшоо жалга дагуу гүйгээд явсан. Хаашаа, аль зүгт явсныг би яаж мэдэх вэ. Араас нь дагаж явсан биш. Тэгээд би гэртээ очоод эхнэртээ хүнд хутгалуулсан талаар хэлсэн. манай эхнэр намайг хэдэн цагт гэртээ орсныг мэдэлгүй яахав... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 62 дугаар тал/ ,

-2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн: ...Би гэртээ хэдэн цагт орж ирсэнээ одоо ч хэлж чадахгүй байна. Манай эхнэр мэдэж байгаа. Би саарал өнгийн малгайтай цамцтай хүнд хутгалуулсан гэж эхнэртээ хэлсэн. ...тухайн үед миний барьж байсан гар утсаар манай эхнэр дуудлага өгсөн. Хаашаа нь эхэлж дуудлага өгсөн талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан цагдаа эмнэлэг цуг ирсэн байсан. Би тухайн өдөр 96200473 дугаарыг барьж байсан... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 225 дугаар тал/,

-2016 оны  04 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: ...Би тэр үед зүүн салааны авто замыг баруун талаасаа Хайрханы гудамжнаас гараад /хэддүгээр гудамжийг мэдэхгүй байна/ зүүн хойшоо Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Одонтын 11 дүгээр гудамж чиглээд алхаж байхад дээрх автозамын голоор /автомашин явдаг хэсгээр/ ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй гар хөлөө савчсан саарал өнгийн юүдэнтэй малгайтай мөртлөө цамцныхаа малгайг өмссөн залуухан эрэгтэй хүн ирж байснаа авто замынхаа зүүн тал руугаа гарч Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 10 дугаар гудамж руу орох чиглэлтэй явж байснаа маршрут нь мушгирч миний урдуур ороод Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 11 дүгээр гудамжны үзүүр дээр ирээд аажуухан алхахад би тэр хүний зүүн талаар нь гүйцээд хажуугаар нь их ойрхон өнгөрөхөд тэр залуу гэнэт л миний баруун талаас гэдэс рүү баруун гараараа цохих шиг болоход миний гэдэс эвгүйрхээд халуу оргиод явчихсан. Тэр залуу хойшоо бага зэрэг ухарсан. Би тэр залууд эхлээд нэг хутгалуулчихаад гэдсээ дараад царай руу нь хараад хүү минь чи яаж байна аа гэхэд тэр залуу миний өөдөөс харж байснаа мөнгө байна уу гэснээ дахин миний цээж рүү хутгалчихаар нь би байдал бишдлээ гэж бодоод, түүнийг дийлэхгүй гэдгээ мэдээд царайг нь л харж авъя гэж бодсон. Тэгээд ямар ч байсан дахин хутгалуулахгүй юм сан гээд халаасанд байсан зүйлсээ гаргаад түүний царай руу хараад бага зэрэг тонгойсон байдалтай зогсож байхад тэр хүн дахиад миний хүзүү орчимд зүсчихээр нь би хойшоо бөгсөөрөө савж унасан боловч түүнд дахин хутгалуулчих байх гэж айгаад өөрөө ч мэдэлгүй маш хурдан босоод ирсэн. Тэгэхэд тэр залуу над руу харсан чигтээ хойшоо ухарч байснаа эргээд ертөнцийн зүгээр зүүн хойшоо явчихсан, түүнийг яг хаашаа явсныг нь би хараагүй. Тэгэхээр нь би түүний араас нь гүйцэхгүй гэж бодоод Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 11 дүгээр гудамж руу ороод гэртээ очиж л ясаа тавья гэж бодоод л зүтгэж гэртээ хүрсэн. Үйл явдал их хурдан болсон, ойролцоогоор ямар хугацаанд болсныг хэлж мэдэхгүй байна, би түүнд хутгалуулчихаад гэртээ л очьё гэж зүтгэсээр байгаад л хүрсэн. Манайх ойрхон байсан болохоор л би уначихгүй гэртээ хүрсэн. Би хэрэг болсон газраа сайн зааж өгч чадна. Би эргэлзээгүй тэр Эрдэнэ-Отгон гэх хүн намайг хутгалсан хүн мөн гэж зааж өгч чадна, зааж ч өгсөн. ...Тэр шөнө харанхуй нь харанхуй байсан. Надад тэр шөнө сартай л юм уу гэж санагдаж байсан, учир нь намайг хутгалсан залуугийн царай тод харагдаж байсан. Магадгүй үйл явдал ойрхон болсон болохоор замын гэрэл ч нөлөөлсөн байж магадгүй. Ямар ч байсан тас харанхуй байгаагүй, хүний зүс царай харагдаж л байсан. Хэрэв би тэр хүнийг сайн хараагүй, эргэлзээтэй байсан бол ингэж итгэлтэй хэлэхгүй л байсан... гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 61-62 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Т.Мөнхцагааны 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн: ...2014 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагийн орчим Бямбадорж над руу залгаад Чи машинаараа худгаас ус аваад өгөөч, эхнэр Зүүн хараа явчихсан орой 20 цагт ирнэ гэж хэлсэн. Би гадуур ажлаа амжуулж байгаад 17 цагийн орчим буцаж явтал Бямбадорж дахин залгаад Би худаг дээр байна усаа авчихлаа, гэрлүү хүргэх хэрэгтэй байна гэхээр нь шууд Баянхошууны эцсийн орчим байх улаан тоосгон худаг дээр очтол машинд савтай уснуудаа ачаад хамт явж байсан залуутайгаа машинд суугаад гэрлүүгээ уснуудаа буулгасан. Би бодохдоо уг залууг хашаанд нь байдаг хүн юм болов уу гэж бодсон. Мөн машинд явж байхдаа Бямбадорж бид хоёр ганц хоёр шил архи ууя, тэгээд эхнэрийг нь хамт тосолцоно гэж ярьсан. Бямбадорж удалгүй ганцаараа гарч ирсэн. Хашааны гаднаас бид хоёр миний машинтай хөдлөөд Баянхошууны эцсийн дэлгүүрийн гадаа очиж зогсоод Бямбадорж надад 4000 төгрөг өгөхөөр нь би машинаас буугаад дэлгүүрээс 0,5 литрийн Монгол стандарт нэртэй архи аваад буцаж урагшаа хөдлөөд манай хашааны гадаа очоод бид хоёр машин дотор уг архиа хувааж уусан. Тэгээд дахин архи уухаар болоод би машинаа жолоодоод анх архи авсан дэлгүүр лүү очоод 0,5 литрийн архи аваад буцаж манай хашааны гадна очоод архиа хувааж уугаад дуусгасан. Нийт хоёр шил архи хувааж уусан. Ойролцоогоор 3 цаг гаран уусан болов уу гэж бодож байна. Эхний архийг 19 цагийн орчим ууж эхэлсэн гэж бодохоор сүүлийн архийг 23 цагийн орчим дууссан гэж бодож байна. Сүүлийн архийг ууж дуусаад би машинаа асаах гэтэл аккумулятор суугаад асахгүй байсан чинь Бямбадорж дээгүүрээ өмсөж явсан бараан өнгийн куртикээ надад өмсгөчихөөд Би аккумулятор олоод ирье, ойрхон манай таньдаг найз байдаг юм гэж хэлээд машинаас буугаад явсан. Гадаа харанхуй байсан болохоор аль зүг рүү явсныг нь мэдэхгүй байна. Би машин дотроо сууж байгаад унтчихсан, сэртэл 06 цаг өнгөрч байхаар нь Бямбадоржийн дугаар луу өөрийнхөө утаснаас залгатал эрэгтэй хүн утсыг нь аваад Цагдаа байна. Баянхошууны цагдаагийн хэлтэс дээр ир гэж хэлэхээр нь би ирж байцаалт өгсөн. Бямбадорж бид хоёр л архи хувааж уусан. Ямар нэгэн хүн байгаагүй. Бид хоёр миний машинд уусан. Бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан болоогүй. Бямбадоржийн гэр хүртэл 1 км орчим байгаа. 1 км-с хэтрэхгүй. Энэ хооронд зайд 15 минут л алхах байх. ...  гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч М.Бямбаагийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: ...2014 оны 10 дугаар сарын 26-ны орой Драгон дээр 20 цаг 20 минутын орчим ирээд Бямбадорж руу залгахад Би гэртээ байна, чи такси бариад ир гэж хэлсэн. Тэгэхэд Бямбадорж согтуу гэж мэдэгдээгүй. Тэгээд би такси бариад шууд гэрлүүгээ иртэл хүн байхгүй байсан. Нэг сэрээд харахад нөхөр маань ирээгүй байсан. Ингээд ...хэвтэж байхад манай нөхөр гаднаас орж ирсэн. Нөхрийгөө орж ирэхэд би цаг харахад 03 цаг 40 минут болж байсан шиг санагдаад байна. Манай нөхөр хөгшөөн би үхлээ гэж хэлээд баруун талын орон дээр дээшээ хараад хэвтээд өгөхөөр нь би очоод харахад хүзүү, хоолой орчим нь цус болчихсон, гэдэс орчим нь цус болчихсон, гараараа гэдсээ дарж байсан. Би юу болсон бэ, хүнд зодуулчихсан юм уу гэж асуухад нөхөр доороос ирж явахад юүдэнтэй цагаан саарал цамц өмссөн залуу тааралдаад надаас мөнгө асуухаар нь би байхгүй гэж хэлэхэд гэдэс рүү цохих шиг болсон юм, би миний дүү яаж байгаа юм бэ гэж хэлэхэд гэдэс рүү цохих шиг болсон юм. Би миний дүү  яаж байгаа юм бэ гэж хэлээд гэдсээ дараад болохоо байлаа гэж мэдээд хурдан гэртээ ороё гээд ирлээ, тэр хүн жалга дагаад хойшоо гүйчихлээ гэж хэлсэн. Би айгаад эхлээд дүү Нараа руу нь залгасан боловч утас нь авахгүй болохоор нь 103-т дуудлага өгсөн юм. .... түргэн 10 минутын дараа ирсэн. Би цагдаад дуудлага өгөөгүй боловч цагдаа түргэнтэй зэрэг орж ирсэн. ...шөнө 03 цагт орж ирэхэд нь архи үнэртэж байсан. ...би хэд орчим насны ямар хүн байсан бэ гэж асуухад өрвийсөн, туранхайдуу, шар царайтай, надаас арай өндөр, 17-18 орчим насны залуу хүн байсан гэж хэлсэн. Манай нөхөр 165 см өндөртэй болохоор манай нөхрөөс арай өндөр гэхээр 170 см орчим өндөр нуруутай хүн байх. ... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 76-77 дугаар тал/,

Мөн түүний 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн: ...Би нөхрийгөө гэрт орж ирэхэд цаг харах сөхөө байгаагүй. ...Манай нөхөр өөрийгөө хутгалсан хүнийг саарал өнгийн цамцтай, тэр цамц нь малгайтай цамц байсан гэж хэлж байсан. ...Намайг дуудлага өгөөд нөхрийнхөө цусыг тогтоох гэж оролдож байхад эхлээд 103 орж ирээд, дараа нь цагдаагийн бүрэлдэхүүн орж ирсэн болохоор би зэрэг дуудлага өгсөн байх. ...Би нөхрөө орж ирэнгүүт нь гар утсыг нь аваад дуудлага өгсөн болохоор цагдаа эмнэлэг 2 хамт ирж гэж ойлгож байна... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 227 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.Мөнхбаярын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: … Манайх хоёр ширхэг хутгатай юм. Нэг нь заазуур, нөгөө нь шаргал өнгөтэй пивор иштэй хутга байгаа юм. Одоо заазуур хутга байгаа, харин шаргал иштэй хутганы иш нь хугарахаар нь ишийг нь хаяад хутгыг нь хүүхдийн баас авдаг юм уу гээд угаалтуурын доод талын шургуулганд хийсэн юм. Гэхдээ одоо байгаа үгүйг нь мэдэхгүй байна. Би тэр орой хүүхэд болох Эрдэнэ-Отгонтой маргалдсан байсан учраас уурандаа ээжийнхээ гэрт унтсан. Эрдэнэ-Отгоныг гадагшаа гарсан үгүйг, гарсан бол хэзээ гараад хэзээ ирснийг мэдэхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дүгээр  тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Банзрагчийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: ... 104 дүгээр сургуулийн галч юм. 2014 оны 10 дугаар сарын 26-ны шөнө сургууль дээрээ хонож ажилласан юм. Тэгж байгаад шөнө цагийг нь сайн санахгүй байна нилээн л шөнө байсандаа, уурын зуухаа галалчихаад гадна ойр орчныг хараад зогсож байтал хойноосоо урагш чиглэлтэй машины замаар нэг эрэгтэй хүн их хурдан гүйж явсан. Би тэр залууг хулгай хийгээд явж байна даа араас нь хүн явж байгаа болов уу гээд хэсэг харж зогсоход тэр их хурдан гүйж явсан залуугийн араас ямар ч хүн яваагүй. Тэр үед машины замаар машин тэрэг огт явахгүй байсан. Тэгэхээр их л орой байсан болов уу гэж бодож байна. Толгойгоо битүүлчихсэн сааралдуу хувцастай залуу /өндөрдүү/ байсан. Сая таны харуулсан бичлэг дээр гарч байгаа залуу их адилхан юм, бараг л мөн юм шиг байна.  Өчигдөрийн миний харсан залуу урагш чиглэлтэй зам дээгүүр гүйж явсан. Тэр залууг сонирхоод харахад замаар урагш гүйгээд зүүн салааны 2 дугаар буудал оролгүй түүнээс наашаа л гудамж руу орсон болов уу гэж бодож байна. Уг нь зүүн салааны 2 дугаар буудлын хажуугаар өнгөрсөн бол надад харагдах байсан. Тухайн замын гэрэлтүүлэг сайн байсан. Тэгэхээр 2 дугаар буудлын наагуур л гудамж руу орсон байх гэж бодож байна. Тэр залууг 104 дүгээр сургуулийн баруун талаас харсан. Миний харсан газраас тэр залуугийн гүйж байсан газар 100 орчим метр зайтай ба тэр залуугийн нүүрийг хараагүй учраас харвал танихгүй. Тэр залуу юүдэнтэй малгайтай саарал цамцтай явж байсан. ... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр тал/,

Мөн түүний 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: ...2014 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө яг цаг хэд болж байгааг анзаарч хараагүй ч 02 цаг өнгөрсөн байсан байх, дээгүүрээ юүдэнтэй цайвар цагаан өнгийн цамцтай, дунд зэргийн нуруутай залуу хүн их хурдтай дээрээс доошоо буюу хойд зүгээс урд зүг рүү чиглэн маш хурдтай гүйж явсан. Би бодохдоо тэр хүнийг хулгай хийгээд зугтаж байна гэж хэлж болохоор гүйж явсан. Надад үзүүлсэн бичлэг дээрх хүн мөн байсан. Миний харж байснаар тэр хүн 100-120 метрийн зайтай гүйж би түүнийг 104 дүгээр сургуулийн баруун урд булангаас буюу уурын зуухнаас хараад зогсож байсан. Тэр хүнийг би замын хажуугийн гэрэлтүүлгээр сайн харсан зам дагаад өөр машин, хүн явж харагдаагүй их нам гүм байсан... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 107 дугаар тал/,

2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн: ...Би 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэг өгөхдөө тодорхой зүйлийн талаар яриагүй. Яагаад гэвэл надад ямар нэгэн бичлэг үзүүлж байцаалт аваагүй. Харин 2015 оны 08 сарын 22-ны өдөр Цогтбаяр гэдэг байцаагч бичлэг үзүүлж мэдүүлэг авсан болохоор тодорхой зүйлийн талаар ярьсан байгаа... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 228 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Л.Нямсүрэнгийн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: ... тэр өдөр Эрдэнэ-Отгон манайд орж ирэхэд би жорлонд бие засчихаад ороод иртэл ээжийгээ архи уусан гэж хэлээд муудалцаад гарынхаа шууг зүссэн байдалтай байсан. Тэгтэл эхнэр Уянгоо орж ирээд Эрдэнэ-Отгоныг аваад гарсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 91 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч С.Уянгоогийн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: ...2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай гэрийн хашааны хажуу талд байдаг эмээ Нямсүрэнгийн гэрийг барьчихаад байж байтал Эрдэнэ-Отгоны найз Отгонбаяр нь утсаар дуудаад орой 18 цагийн орчим гараад явсан. Тэгээд би орой 22 цагийн орчим эмээ Нямсүрэнгийн гэрт ороход манай нөхөр Эрдэнэ-Отгон ээжтэйгээ муудалцаад аяганд гараа авчихсан байсан. Тэгээд удалгүй бид 2 гэр рүүгээ ороод би гарыг нь янзалчихаад, хүүхэд бид 3 унтацгаасан. Би хүүхдээ шөнөдөө 2-3 удаа тосч бие засуулдаг тул  шөнө 04 цагийн орчим хүүхдээ бие засуулахад Эрдэнэ-Отгон унтаж байсан. Тэгээд бид нар өглөө 08 цаг өнгөрөөгөөд босоод, манай нөхөр ажилдаа явсан. Тэгээд 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдөр өглөө ажилдаа яваад ирээгүй. Маргааш өглөө нь 09 цаг өнгөрөөгөөд байцаагч Мөнхбат дуудсан. Тэгээд хадам ээж, бид 2 Мөнхбат байцаагчийн өрөөнд ортол манай нөхөр Эрдэнэ-Отгон намайг хүн хутгалсан гээд намайг хүчээр зодож байгаад хэлүүлсэн, би хүн хутгалаагүй гэж хэлж байсан. Тэгээд Мөнхбат байцаагч манай гэр рүү очоод гэрт байсан нэг заазуур, иш нь хугараад унасан хутга 2 байсны иш нь хугарсан хутганы зургийг аваад явсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 92-93 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Т.Отгонбаярын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хаагуур юу хийж байснаа ерөөсөө санахгүй байна. Би энэ өдөр Эрдэнэ-Отгонтой уулзсанаа сайн санахгүй байна. Гэр ойрхон болохоор байнга л уулздаг. Эрдэнэ-Отгоныг хэрэгт холбогдсоноос хойш 5,6 сар орчим уулзаагүй. Эрдэнэ-Отгон нарийнхан өмд, ботинк, кет, дээгүүрээ биедээ таарсан цамц өмсдөг. Өнөөдөр өглөө гэртээ 08 цагт унтаж байхад Эрдэнэ-Отгон орж ирээд чи байцаагчид үнэн учраа хэлээд өгөөч гэсэн. Эрдэнэ-Отгон надад хэлэхдээ хэрэг гарахаас өмнөх өдөр нь гэж хэлсэн. Би Амараа, Золоо, Эрдэнэ-Отгон нартай пиво  уусан өдрийг 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байсныг санахгүй байна. Ямар ч байсан 10 сарын сүүлээр байсан байх гэж бодоод байгаа юм. Тэгээд тэр өдөр Амараа Золоо бид гурав 18 цагийн орчим манай гэрийн ойролцоо уулзсан. Тэгээд Амараа бид хоёр 2 лааз пиво уучихаад гудамжинд байж байгаад Эрдэнэ-Отгоныг дуудсан. Удалгүй Эрдэнэ-Отгон ирээд бид нар 2 литрийн 2 том пиво уугаад би гэрийн ойролцоо байсан болохоор гэр лүүгээ орсон. Эрдэнэ-Отгон, Амараа, Золоо 3 үлдсэн. Тэд нар надаас салаад хаашаа явсан талаар би сайн мэдэхгүй байна. Гэр гэр лүүгээ харина гэж ярьж байсан. Тухайн өдөр Эрдэнэ-Отгон саарал өнгийн өмд цамцтай явж байсан. Яг ямархуу хувцастай явж байсныг би санахгүй байна... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 64 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Золбаярын 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2014 оны 10 сард хотод байсан. Яг 10 сарын 26-нд хаана юу хийж байсан талаар ерөөсөө санахгүй байна. 2014 оны 10 сард Эрдэнэ-Отгонтой 2 удаа таарч байсан. Эрдэнэ-Отгон ерөнхийдөө даруухан хувцасладаг. Биедээ таарсан нимгэн куртик, нарийхан өмд өмсдөг, малгай нэг их өмсөөд байдаггүй. Ямар ч байсан 2014 оны 10 дугаар сарын сүүлээр Амараа, Эрдэнэ-Отгон, Отгонбаяр нартай уулзсан. Тэгээд бид 1 том пиво аваад хойшоо лагер луу очиж ууцгаагаад тэгээд ахин манай гэрийн ойролцоо дэлгүүрээс 1 том пиво авч ууцгаагаад Отгонбаярыг гэрт нь хүргэж өгчихөөд байж байтал Амараа гэнэт такси бариад яваад өгсөн. Тэгэхээр нь Эрдэнэ-Отгон бид 2 араас нь гүйцэж очоод Амараад таксины мөнгө өгсөн. Тэгээд Амараа яваад өгсөн, Баянхошууны тойрог дээр Эрдэнэ-Отгон бас гэртээ харьлаа гээд 22 цагийн орчим буугаад үлдсэн. Би цаашаа 13 дугаар хорооллын бөхийн өргөө рүү явсан. Тухайн өдөр Эрдэнэ-Отгон ямархуу хувцастай явж байсныг санахгүй байна... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 65 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Мөнхбатын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: ...Дуудлага өгсөн мэдээллүүдийг шүүж үзэхэд ...М.Эрдэнэ-Отгон нь ээждээ агсам тавьж гэрээсээ хутга аваад гарсан тухай дуудлага шүүн гаргаж өгсөний дагуу сэжигтэн Эрдэнэ-Отгоныг эрүүгийн төлөөлөгч нараар олуулах үүрэг өгч тэр хооронд хохирогч Г.Бямбадоржийн тухайн үед өмсөж явсан хувцаснуудад үзлэг хийж Г.Бямбадоржийг хохирогчоор тогтоож, мөн холбогдох гэрчүүдийг тус тус байцаасан. 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эрүүгийн төлөөлөгч а/х Болдбаяр, д/ч Золбаяр нар М.Эрдэнэ-Отгон гэх залууг өрөөнд оруулж ирсэн бөгөөд Бямбадоржийг хутгалсан этгээд гэж танилцуулсан. ...Бичиг үсэг мэддэг эсэхийг лавлахад сайн мэдэхгүй гэхээр нь тухайн үед тус хэлтэс дээр явж байсан өмгөөлөгч Чинбаттай уулзуулж хууль зүйн туслалцаа үзүүлнэ гэхэд зөвшөөрсөн. Өмгөөлөгч Чинбат М.Эрдэнэ-Отгонтой ганцаарчлан уулзах хүсэлт гаргасан тул уулзуулж эрхийг нь хангасан. Тэгээд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 т зааснаар сэжигтнээр тооцон байцааж 17,10 минутад хойшлуулашгүйгээр баривчилсан. Үүний дараа 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр М.Эрдэнэ-Отгонд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлин 181.3-т зааснаар ял сонсгож байцаахаар цагдан хорих 461 дүгээр ангид очиход би Чинбат гэдэг өмгөөлөгчөөс татгалзаж байна, өөр өмгөөлөгч авахаар болсон, тэр өмгөөлөгчтэйгээ мэдүүлэг өгнө гээд мэдүүлэг өгөөгүй байдаг. Үүнээс харахад сэжигтнээр 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч Чинбаттай мэдүүлэг өгсөн гэдэг нь харагддаг шүү дээ. Миний хувьд бичлэг хийгээгүй, байцаалт авч байхад эрүүгийн ахмад төлөөлөгч Тулга орж ирж сууж байгаад гарсан. Бичлэг хийсэн талаар анзаараагүй. Би Эрдэнэ-Отгоныг байцааж байхад өмгөөлөгч Чинбат байсан. Түүнийг зодсон цохьсон асуудал байхгүй миний хувьд түүнийг зодох нь битгий хэл загнаж зандраагүй шүү дээ. Гэтэл юу яриад байгааг ойлгохгүй байна...  гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 104-105 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Алтанхуягийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2014 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө цагдаагийн 2 дугаар хэлтсийн ерөнхий зохицуулагчаар хонож ажилласан. Энэ хугацаанд шөнийн 03 цаг 35 минутад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Одонтын 11-11 тоотод 59 настай эрэгтэй хүнд хутгалуулсан байдалтай орж ирлээ гэсэн мэдээллийг хүлээн авч жижүүрийн мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Т.Баатарсүхийн удирдсан бүрэлдэхүүнийг явуулж гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Эрдэнэхүүд мэдэгдэн тасгийг түргэн авахуулж ажилласан. Энэ өдөр хохирогчийг яаралтай цэргийн госпитал эмнэлэгт хүргүүлэн хагалгаанд оруулж эмнэлгийн анхны тусламж авахуулсан. 2014 оны 10 дугаар сарын 27-нд өглөө ажлаасаа гарахдаа гэмт хэрэг үйлдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан тул өөрийн санаачилгаар тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын ойролцоох гэртээ агсам тавьж танхайрсан дуудлага шүүж үзэн шалгавал зохих 4 дуудлага мэдээллийг хэвлэн авч дэд даргад өгсөн юм. Эхний дуудлага Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Хайрхан 8-15 тоотод согтуу хүн агсам тавиад эд зүйл сүйтгээд байна гэх, Сонгинохайрханы 10 хороо, Зүүн баян уулын 7-42 тоотод согтуу хүн агсам тавиад байна гэх, Сонгинохайрхан дүүргийн 25 хорооны Зүүн салааны 3 дугаар буудал дээр согтуу хүн агсам тавиад байна гэсэн дуудлага мэдээллийг цагдаагийн албан хаагч нар очиж шалгахад агсам тавьсан хүн нь гарч зугтсан байсан болохоор шалгах нь зүйтэй гэж үзсэн юм... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 106 дугаар  тал/,

Мөн түүний 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн: ...Би дуудлага бүрийг эцэслэн шалгаагүй. Тухайн үед 25 дугаар хороонд үйлдэгдсэн танхайн гэмт хэргийг илрүүлэхэд ач холбогдолтой байх болов уу гэж дуудлагын бүртгэлийг тасгийн даргад хэвлэж өгөөд тухайн үед хэрэгт Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан цагдаагийн ахмад Мөнхбатад өгч шийдвэрлүүлсэн байх гэж бодож байна. Би хэргийн дуудлага мэдээллийг авсан даруйдаа тухайн хариуцсан чиглэлд нь машинд эргүүл, явган эргүүл, хэсгийн байцаагч гэж мэдээлдэг. Түүнийг очиж шалгасан алба хаагч буцаж станцаар хариу мэдэгдсэн тохиолдолд дуудлага мэдээллийг комьпютерт шивж хааж байдаг. Тийм болохоор би сангаас өөрийн шийдвэрлэсэн дуудлага мэдээллийг хэвлэн авч өгсөн байгаа. 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт тухайн өдөр цагдаагийн дэслэгч Ганбаяр Ачит-117 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан болохоор очиж ажилласан байдаг... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 226 дугаар тал/ ,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Чинбатын 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр мөрдөн байцаалтын ажиллагаанд суучихаад гарч явахад мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Мөнхбат надтай тааралдаад энд бичиг үсэг муу мэддэг хүнийг сэжигтнээр тооцож байцаах гэсэн юм аа, та байцаалтанд нь сууж хууль зүйн туслалцаа үзүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргахаар нь би Мөнхбат байцаагчийг даган өрөөнд нь ороход Эрдэнэ-Отгон гэх 20 гаруй насны эрэгтэй хүн ганцаараа сууж байхаар нь би түүнтэй ганцаарчилан уулзаж ямар хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа талаар асуухад шөнө гудамжинд согтуу явж байгаад нэг хүнтэй маргаж түүнийг хутгаар хатгасан гэж ярьж байсан. Би түүнд одоогоор өмгөөлөгч авсан уу, би таны байцаалтад сууж хууль зүйн туслалцаа үзүүлэхэд татгалзах зүйл байна уу гэж саналыг асуухад тэрээр бичиг үсэг муу мэддэг, одоогоор өмгөөлөгч аваагүй байгаа, та энэ удаагийн байцаалтанд өмгөөлөгчөөр оролцоод өгөөч гэж өөрөө хүссэний дагуу түүний хүсэлтээр сэжигтнийг байцаалтанд оролцсон. Байцаалт авсны дараа Эрдэнэ-Отгон сэжигтний байцаалтаа өөрөө уншиж би мөн уншиж тайлбарлаж өгөхөд миний хэлсэн ярьсан зүйл үнэн бичигдсэн байна гэж хэлээд байцаалтын төгсгөлд өөрийн гараар бичиж байсан. Тухайн байцаалт явагдаж байх үед мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Мөнхбат сэжигтэн Эрдэнэ-Отгоны хэлж ярьж байгаа зүйлийг бичиж байхад тухайн байцаалтын явцад эрүүгийн төлөөлөгч гэх энгийн хувцастай хүн өөрийнхөө гар утсан дээр сэжигтэн Эрдэнэ-Отгоны хэлж ярьж байгаа зүйлийн талаар бичлэг хийж байгаа харагдсан... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 108 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Самбуубаярын 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: ...Манай хүнсний дэлгүүр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 6-02 тоотод байдаг Улаан дэлгүүр гэдэг нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр байдаг юм. Манай хүсний дэлгүүрийн хяналтын камер дэлгүүр дотор, хойд талын баруун, зүүн талын буланд 2 ширхэг камер, урьд талын буланд 2 ширхэг камер, урьд талд нэг ширхэг камер, гадна талын камер гэвэл дэлгүүрийн дээвэр дээр засмал зам руу харсан нэг камер нийт 4 ширхэг хяналтын камер байдаг. Манай хяналтын камер 16-18 хоног л бичлэгээ хадгалдаг юм. Гадна талын камер бол эгц урагшаа засмал зам руу харсан байдаг юм. Манай гадагш харсан нэг камер байдаг түүнд шөнийн бичлэг бичигддэг сайн үзүүлэлттэй камер тавьсан байсан. Дэлгүүрийн хойд талын дээвэр дээр урагшаа харуулсан тавьсан камер байсан... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 130 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ангарагийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2014 оны 10 дугаар сарын 26-27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б нь үл таних хүнд хутгалагдан эмнэлэгт хүргэгдсэн хэрэгт хутгалсан гэх хүнийг олж тогтоох зорилгоор ажлласан юм. Ойр орчмын газраас биечилсэн сурвалжлага хийхэд тодорхой мэдээлэл олдоогүй, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо зүүн салааны зам дагуу дэлгүүрүүдийн гадаа камерын бичлэгийг хэрэг болсон цаг хугацаатай тааруулан шүүж үзэхэд хэд, хэдэн дэлгүүрийн камерын бичлэгт хойд зүгээс урд зүг рүү зам дагуу гүйж явсан хүний бичлэг байсан. Тэдгээрийн талаар одоо тайлбарлаж чадахгүй байна. Гадаад төрх нь эрэгтэй хүн шиг туранхайвтар, толгой дээрээ юүдэн малгайтай хүний дүрс бичлэг байсан. Шөнийн бичлэг байсан тул ганцаараа гүйж байсан. Ойр орчимд хүмүүс байхгүй байсан. Миний санахаар ертөнцийн зүгээр замын зүүн талдаа гүйж байсан... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 229 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнх-Учралын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2014 онд Сонгинохайрхан дүүргийн 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ачит-114 чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг байсан. Энэ дуудлагын талаар үнэхээр санахгүй байна. Бид нар шөнөдөө ачаалал багатай үед дундажаар 10-15 дуудлага мэдээлэлтэй хонодог болохоор тэр болгон дуудлагын утгыг мэдэхгүй байна. Иймэрхүү согтуугийн дуудлага нь өдөр тутам ирдэг болохоор энэ дуудлагын талаар санахгүй байна.  Дуудлагаар очиход голдуу агсам тавьсан хүн нь гараад зугтаасан байдаг, одоо бараг 2 жил өнгөрсөн байна. Ер нь дуудлага мэдээлэл дээр очоод дуудлагын үнэн зөвийг нягталж, үйлдэгдэж байгаа гэмт хэрэг болон захиргааны зөрчлийг таслан зогсоож шаардлагатай хүмүүсийг эрэн сурвалжлах чиглэлээр ажилладаг. Агсам тавиад гараад явсан хүний хувьд гэрт нь болон ойр байгаа эсэхийг үзээд дахин ирвэл дуудлага өгөөрэй гэж дуудлага өгсөн иргэнд зөвлөөд дараагийн дуудлагандаа явдаг... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 236 дугаар  тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Г.Ганбаярын 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2014 онд хэв журмын офицероор ажиллаж байсан. 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ахлах ахлагч Чөдөрбатын хамт Сонгинохайрхан дүүргийн 25, 24, 7 дугаар хорооны нутагт ачит-117 чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Ачит-10 буюу Сонгинохайрхан дүүргийн жижүүрээс 23 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 25 хороо хайрханы 17-36 тоотод согтуу хүн агсараад байна гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлагыг аваад дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо хайрханы 17 дугаар хорооны ойролцоо машинтайгаа очоод хаягийг нь нарийвчилж асуух зорилгоор дуудлага өгсөн утас руу нь залгахад эмэгтэй хүн утас авахаар нь би амрыг эрье цагдаагаас ярьж байна дуудлага өгсөн үү, та хаягаа тодруулж өгөөч ээ, би ойрхон ирсэн байна гэж асуухад уг эмэгтэй дуудлага өгсөн, 2 давхар улаан тоосгон сартуул гэдэг дэлгүүр байгаа тэр дэлгүүрийн хажуугаар шороон зам руу ороод ирдэг юм аа эгч нь урдаас нь тосоод очъё  гэсэн. Ингээд утсаа салгаад зааж өгсөн газраар нь машинтайгаа яваад очиход 17 дугаар гудамжны үзүүрт ирэхэд нэг эмэгтэй хүн урдаас алхаж байсан. Уг эмэгтэй дээр очоод дуудлага өгсөн хүн мөн үү гэхэд мөн байна аа гэхээр нь би юу болсон бэ, агсам тавьсан хүн чинь одоо байна уу гэхэд уг эмэгтэй нөгөө хүн маань гараад явчихсан, манай хүү байгаа юм гэхээр нь би юу болсон талаар улам тодруулж асуухад уг эмэгтэй эгч нь нэг их архи уудаггүй юм, ажлынхантайгаа түрүүхэн жаахан ууж байгаад ирсэн чинь манай хүү уурлаад бид хоёр хоорондоо маргалдсан, манай хүү архи уудаггүй мөртлөө, их ууртай, огцом ууртай хүн байгаа юм, түрүүн надтай маргалдаад цайны сэнжтэй аяга шидчихээд гараад явчихсан гэхээр нь би үнэхээр хүн гараад явчихсан бол би дараагийн дуудлагандаа явлаа, дахин нөгөө хүн чинь орж ирвэл эргээд 102 дуудлагаа өгөөрэй гэж хэлээд дараагийн дуудлагандаа явсан. Тухайн үед дуудлага ихтэй 3 дуудлага давхцсан байсан юм. Ингээд ажлаа үргэлжүүлээд хийж байхад шөний 03 цагийн орчим байх жижүүрээс станцаар яаралтай дуудлага байна. Сонгинохайрхан дүүргийн 25 хороо одонтын 11-11 тоотод хутгалуулсан хүн байна гэсэн дуудлага өгсөн юм. Тухайн үед давхцаж ирсэн дуудлагаа орхиод шууд энэ хаяг руу очиход хашааны хаалга онгорхой хашаанд 1 монгол гэр байсан. Бид нарыг очихоос өмнө түргэн тусламж ирчихсэн байсан. Гэрт ороход гэрийн баруун орон дээр 50-55 орчим насны эрэгтэй хүн дээшээ хараад хэвтчихсэн, хажууд нь мөн ойролцоо насны эмэгтэй хүн зогсож байсан. Түргэний эмч гэмтсэн хүний хэвлий хэсэгт боолт хийж байгаа бололтой сууж байсан. Ойртоод очиход уг эрэгтэй цээжээрээ нүцгэн, доогуураа бараан өнгийн өмдтэй байсан. Эмч боолт хийж байсан болохоор тэр эрэгтэй ихээр ёолж байсан. Би уг эрэгтэйгээс юу болсон талаар асуухад манай эхнэр хөдөөнөөс ирж байгаа гээд утас нь тасарчихсан юм ах нь хэзээ ирэхийг нь мэдэхгүй болохоор доошоо явж тосох санаатай гудамжны үзүүрт явж байсан чинь насаар залуу малгайтай цамцтай, малгайгаа өмссөн эрэгтэй тааралдаад мөрлөөд намайг бариад авахаар нь би яаж байгаа юм бэ миний дүү гэхэд тэр залуу гэдэс хавьцаа 2-3 удаа цохих шиг болсон халуу оргиод доошоо суутал нөгөө залуу жалга дагаад дээшээ гүйсэн гэж хэлсэн. Би уг хүнээс хутгалсан хүнийх нь содон шинж тэмдэг, хувцасны талаар асуухад малгайтай цамцтай, малгайгаа өмссөн залуухан эрэгтэй байсан гэж хэлсэн. Би энэ хүнээс ийм л мэдээлэл авч чадсан. Тухайн үед уг хүн өвчиндөө шаналаад энэ миний асуусан асуултанд гүйцэт хариулж чадаагүй. Ингээд тэр хүнийг түргэн авч явахаар болоод би тэр хүнийг түргэний машинд суулгахад нь тусласан юм. Энэ хүнтэй ярьсан яриа их хурдан болж өнгөрсөн. Би гэмтсэн хүнийг явуулчихаад ойр орчим хэргийн газар ач холбогдолтой зүйл байгаа эсэхийг шалгаж үзээд 11 дүгээр гудамжны дунд хэсэгт шороонд дарагдсан ишгүй хутга, цагаан өргөө тамхины хайрцагтай тамхи, 100 төгрөг байсан, тухайн өдөр их салхитай байсан болохоор мөнгийг нь чулуугаар даруулж тавьсан юм. Мөн 11 дүгээр гудамжны баруун үзүүрт шороон дээр цус мэт хүрэн улаан зүйл болсон байсан, энэ газруудад хамгаалалтын тууз татаж хэргийн газрыг хамгаалж хэргийн газрыг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Би дуудлага мэдээллийн хүснэгтийг харж байна. Эхний хүүхдээ булаацалдаад байна гэсэн дуудлаганд очих гэсэн боловч дуудлага өгсөн хүн дуудлагаа буцаасан. Хүргэн нь согтуу ирээд хүүхдээ авч явна гээд тэгээд хадам нь дуудлага өгсөн байсан. Дараагийн эд зүйл сүйтгээд ална гэж орилоод байна гэсэн дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 25 хороо одонт 12-27 тоот хаягаар очиход хамтран амьдрагч Бат-Эрдэнэ гэдэг хүн нь гараад явсан байсан. Зөрчил гаргасан хүнийг дахин ирвэл дуудлага өгөөрэй гээд дараагийн дуудлагандаа явсан. Согтуу хүн агсараад байна гэсэн дуудлагаар Сонгинохайрхан дүүргийн 25 хороо хайрхан 8-15 тоот хаягаар очиход тэр айлд найр болж байсан, олон хүн байсан, хүмүүс дуулж хуурдсан байдалтай байсан. Очиход хашааны гадаа очиход гэрээс хүмүүс гарч ирээд Пүрэврагчаа агсам тавиад тэгээд эхнэр нь аваад явчихлаа гэсэн. Энэ 3 дуудлагын дагуу ингэж ажилласан юм аа. Мөнхбаяр гэх настай эмэгтэй нь гудамжинд гарч ирсэн, гэрээ зааж өгөөгүй, манай хүү гараад явсан гэсэн болохоор гэрт нь очиж үзээгүй. Тухайн үед дуудлага ихтэй, ар араасаа дуудлага ирээд дараагийн дуудлагандаа шууд явсан. Тэр эгчээс бага зэрэг архи үнэртэж байсан. Их согтуу байгаагүй... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 237-238 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Л.Гончигсүрэнгийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2014 онд Сонгинохайрхан дүүргийн 10, 28 дугаар хорооны
нутаг дэвсгэрт Ачит-118 чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг байсан юм. Би одоо энэ дуудлагын талаар санахгүй байна. Өдөртөө дунджаар 10-аад дуудлагатай хонодог болохоор тэр болгон согтуугийн дуудлагыг санаад байдаггүй, ер нь бол согтуугийн дуудлагын тодорхой хувь нь очиход гараад зугтчихсан байдаг юм. Ар гэрийнх нь цагдаа дуудаж байгааг мэдээд гараад зугтсан байдаг юм. Тэр болгон зугтсан хүний араас хөөцөлдөөд яваад байх боломж байдаггүй, дараагийн дуудлагандаа явдаг юм. Хэрэв зөрчил гаргасан хүн нь эргэж ирвэл дуудлага өгөөгүй л гэж хэлдэг. Дуудлагаар шуурхай очиж шалгаад зөрчил гаргасан иргэн байвал зөрчлийн шинж чанараас шалтгаалж торгох, ар гэрт нь хүлээлгэн өгөх, түр саатуулах зэрэг арга хэмжээг авдаг, зөрчил гаргасан хүн нь зугтсан байвал ойр орчим эргүүл шалгалт хийгээд олдоогүй тохиолдолд ар гэрт нь зөвлөгөө өгөөд дараагийн дуудлагандаа явдаг... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 239 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад М.Эрдэнэ-Отгоны сэжигтнээр 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн ... 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Отгонбаяр гэдэг найзынхаа хамтаар гэрээсээ хойшоо байдаг лагерийн тэнд хөдөө гарч Боргио гэх шошготой 2 том пиво уучихаад тэндээ юм яриад сууж байгаад 23 цагийн орчим байх эмээ Нямсүрэнгийн гэрт ороход тэдний гэрт ээж Мөнхбаяр, нагац ах Мөнхцогт нар согтуу байсан. Тэгэхэд ээж над руу уурлаад агсан тавиад байхаар нь уурлаад монгол гэрийн төмөр баганад аягатай цайгаа цохиод хагалчихсан. Тэгэхэд миний баруун зүүн гар аяганы хагархайд зүсэгдсэн. Тэгэхэд ах Эрдэнэбаяр орж ирснээ намайг гэрт оруулаад эхнэр Уянгоо миний хоёр гарын шархыг боосон. Би гэртээ хэсэг байж байснаа эмээгийн гэрт орлоо гэж эхнэртээ хэлээд гарахдаа гэртээ байсан шаргал өнгийн пивор бариултай хутгыг аваад гарсан. Намайг хутга аваад гарахыг эхнэр маань хараагүй болов уу гэж бодож байна. Би гэрээсээ гараад эмээгийнхээ гэрт ороогүй хашаанаас гараад урагшаа нилээн явсан, тэгж байгаад гудамж руу орсон чинь нэг ах намайг мөрлөсөн. Тэгэхээр нь би тэр ахыг Зүгээр эвтэйхэн явчихаач гэж хэлсэн чинь өөдөөс Чи муу бацаан дуугай байгаарай гэж хэлээд заамдаад хоолой боохоор нь хутгаа гаргаж ирээд гэдэс рүү нь нэг удаа, цээжний орчимд нэг удаа хутгалсан. Тэгээд зугтсан. Яаж хаагуур явснаа мэдэхгүй байна, нэг мэдэхэд уулан дээр ганцаараа сууж байсан. Би тэндээ хэсэг сууж байгаад гэртээ очиж унтсан. Яг хэдэн цагийн үед гэртээ очиж унтсанаа санахгүй байна. Миний санаж байгаагаар тэр ахыг 2 удаа хутгалснаа санаж байна. …тухайн үед нилээн согтуу байсан учраас тэр ахтай хаана, аль гудамжинд таарснаа мэдэхгүй байна. Ямар ч байсан манайхаас урагшаа гудамж байсан. Тэр үед одоогийн өмсөж байгаа саарал жинсэн өмд, хар өнгийн ботинк, саарал өнгийн юүдэнтэй цамц, хүрэн өнгийн подволк зэрэг хувцас өмсөж байсан. ...Саарал өнгийн юүдэнтэй цамцаа хаана хаяснаа санахгүй байна.  Би нэг мэдсэн чинь уулан дээр подволктойгоо сууж байсан, бусад хувцаснуудаа өмсөж байна. Миний мэдэж байгаа ганц зүйл гэвэл тэр гудамжны баруун үзүүр орчимд төв замдаа их ойрхон гудамж байсан. Би гэрээсээ ууртай гарсан учраас хэдэн цагийн орчимд гарснаа санахгүй байна. Мөн тэр ахыг хэдэн цагийн үед хутгалсан, мөн гэртээ хэдэн цагт очсоноо үнэхээр санахгүй байна. ... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 124-126 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн өвчний түүхээр гаргасан 16533 тоот актын:

1.Бямбадоржийн биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархай, өрц, элэгний 8-р сэртэнгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд хий хуралт, эрүүнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 110 дугаар тал/,

-Мөрдөн байцаалтад шинжээч Ц.Цэцэгмаагийн 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: ...Хохирогчийн биед учирсан гэмтэл бол 3 удаагийн идэвхитэй үйлдлээр үүссэн гэмтэл юм. Олон тооны үйлдэл гэдэг 2 ба түүнээс дээш үйлдлийг ойлгож болно. Тийм болохоор хохирогчийн биед учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн гэмтэл гэж үзэж болно. Хохирогч эмнэлгийн тусламж авснаар бүрэн эдгэрэх боломжтой гэмтэл юм. Ердийн явдлаар эдгэрэх үйлдэл буюу өөр ойлголт юм... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 131-132 дугаар тал/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжээчийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 9680 дугаартай :

...хэргийн газраас хураан авсан гэх хутга 1 ширхэг, нийт урт нь 11,5 см, өргөн нь 2 см, бариултай хутганд цус илрээгүй. ... гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 97 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжээчийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 9678 дугаартай:

1.ХГҮ-ээр хураан авсан гэх чулуунууд дээрх хүрэн өнгийн зүйл нь цус мөн байна.

2. №5 дугаарын чулуун дээр илэрсэн цус нь эрэгтэй хүний цус байна. №1-4 дугаарын чулуу дээрх цусыг хүн амьтны цус аль болохыг тогтоох боломжгүй байна.

3.ХГҮ-ээр хураан авсан гэх чулуунууд дээрх цусны бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй байна. /ДНХ-ийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Тэнүүн/... гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 101 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний хэлтсийн Гэрэл зураг, дүрс бичлэгийн шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 3256 тоот:

1.Шинжилгээнд ирүүлсэн SUMMER гэсэн бичигтэй CD дискэнд бичигдсэн AVSEQ01.dat, AVSEQ02.dat, AVSEQ03.dat гэсэн нэртэй дүрс бичлэгүүдэд дүрслэгдэх сэжигтний дүр төрх нь харьцуулах загвараар ирүүлсэн 3*4 хэмжээтэй сэжигтэн М.Эрдэнэ-Отгоны фото зурагтай адил тохирч байна.

2.Сэжигтний духны хэв, хэлбэр, үсний хэв, хэлбэр, засалт, нүдний хэлбэр, хамрын үзүүр, хамрын хэв, хэлбэр, уруулын хэв, хэлбэр, эрүүний хэв, хэлбэр, нүүрний ерөнхий хэлбэр, тэгш хэм, нүүрний ерөнхий төрх зэрэг шинжүүдээрээ тохирч байна. ... гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 112-113 дугаар тал/,

-2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 11-11 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг, схем зураг /1 дүгээр хавтаст хэргийн 5-12 дугаар тал /,

 

-Хэргийн учралын газарт 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг, схем зураг /1 дүгээр хавтаст хэргийн 13-19 дүгээр тал/,

 

-Г.Бямбадоржийн хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр тал/

-Г.Бямбадоржийн гэрээс хураан авсан гэх хутганы зураг /1 дүгээр хавтаст хэргийн 62 дугаар тал/,

- 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Г.Бямбадоржийг оролцуулан таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 64-66 дугаар тал/,

-2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Г.Бямбадоржийг оролцуулан таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 172-173 дугаар тал/,

-Цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 4 ширхэг чулуу, ишгүй хутганы ажлын хэсэг, 100 төгрөгийн дэсвгэрт зэргийг 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөн байцаагчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 161 дүгээр тал/,

- М.Эрдэнэ-Отгоны сэжигтний мэдүүлгийг бичсэн бичлэг бүхий Си Ди бичлэгийг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тухай мөрдөн байцаагчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 162 дугаар тал/,

-Юүдэнтэй цамцтай эрэгтэй хүний талаарх Си Ди бичлэгийг 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тухай мөрдөн байцаагчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 163 дугаар тал/,

-2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр юүдэнтэй цамцтай эрэгтэй хүний талаарх Си Ди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 164 дүгээр тал/,

-2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Одонтын 10-11 дүгээр гудамжны өнцөгөөс Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуулийн өнцөг хүртэл зам шалгасан тэмдэглэл  /2 дугаар хавтаст хэргийн 116 дугаар тал/,

-Схем зургууд /2 дугаар хавтаст хэргийн 117-119 дүгээр тал/,

-2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Хайрханы 17-р гудамжнаас 104 дүгээр сургуулийн урд зам хүртэл үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 120-123 дугаар тал/,

-Дуудлагын мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 125-128 дугаар тал/,

-Дуудлагын дэвтрийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 244-248 дугаар тал/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 48-53 дугаар тал/,

-2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр туршилт хийсэн, таньж олуулах ажиллагаа тус тус хийсэн тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 57-60 дугаар тал/,

-Хохирол нэхэмжилсэн баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 137-138, 240-247, 166 дугаар тал/,

-Хохирогч Г.Бямбадоржийн өвчний түүхийн хуулбар /3 дугаар хавтаст хэргийн 2-30 дугаар тал/,

-Шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоны урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 133 дугаар тал/,

-Шийтгэх тогтоолын хуулбар  /1 дүгээр хавтаст хэргийн 156-160 дугаар тал/ болон  хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн эрх зүйн дүгнэлт:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас М.Эрдэнэ-Отгоныг согтуугаар 2014 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Одонтын 11 дүгээр гудамжид иргэн Г.Бямбадоржийг ямар ч шалтаг шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр зэвсгийн чанартай зүйл болох хутга ашиглан хэвлий, цээжин тус газар нь хутгалж бие махбодид нь ... хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархай, өрц, элэгний 8 сегментийг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд хий хуралт, эрүүнд зүсэгдсэн шарх гэмтэл... бүхий хүнд зэргийн гэмтлийг онц харгис хэрцгий аргаар санаатай учруулсан гэж түүнд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Шүүгдэгч М.Эрдэнэ-Отгон нь  танхай сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай бөгөөд эргэлзээгүй нотлох баримт хэрэгт цуглараагүй байна. Үүнд:

1.Хохирогч Г.Бямбадорж мөрдөн байцаалтад анх хохирогчоор тогтоогдож 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэхдээ ... нөгөө залуу эргэж хараад яах гээд байна гэж хэлээд миний гэдэс рүү цохиод авах шиг болохоор нь хартал хутгалчихсан байсан. ...Саарал юүдэнтэй цамцтай, малгайг нь өмсчихсөн, доогуураа хөх саарал эсвэл цагаан саарал жинсэн өмдтэй залуу байсан. ...надаас арай намхан туранхай, шардуу царайтай залуу байсан. ... гэж мэдүүлсэн байх ба өөрийг нь хутгалсан гэх этгээдийн нүүрний ерөнхий хэлбэр, хамар, нүд, шанаа зэргийн төрх, шинж байдлын талаар мэдүүлээгүй байна.  

Үүний дараа мөрдөн байцаалтад 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Г.Бямбадоржоор таньж олуулах ажиллагааг хийжээ. Ингэхдээ 1 дүгээр хавтаст хэргийн 66 дугаар талд авагдсан 4 хүний зургийг байрлуулсан байх ба уг зурагт 2 гэж дугаарлагдсан хэсэгт М.Эрдэнэ-Отгоны зургийг байрлуулжээ. Уг зургаас харахад М.Эрдэнэ-Отгоны цайвар өнгийн юүдэнтэй малгайтай цамц өмссөн, гадуураа бараан өнгийн хувцас өмссөн зургийг байрлуулжээ. Харин бусад 3 хүний зураг нь юүдэнтэй малгайтай цамц өмсөөгүй, энгийн хувцас өмссөн хүмүүсийн зургийг байрлуулжээ.

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд ...хохирогч Г.Бямбадорж 4 ширхэг зургийг харснаа 2 гэсэн тоон дээр байгаа залуу нь намайг хутгалсан залуу мөн байна гэж тайлбарлав. Энэ залуу цагаан саарал өнгийн юүдэнтэй цамц өмссөн байна, мөн хар хөх өнгийг куртик шиг зүйл өмссөн байна. Энэ залуу тухайн үед гадуур хар өнгийн куртик өмсөөгүй, энэ цамцтайгаар явж байсан гэж тайлбарлав... гэж тэмдэглэжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 151 дүгээр зүйлд таньж олуулах журмын талаар заасан ба уг зүйлийн 151.1-д Танигдах гэж байгаа этгээдийг түүнтэй гаднах байдлаараа адил төстэй гурваас доошгүй бусад хүмүүсийн хамтаар таньж олох гэж байгаа хүнд харуулна гэж,  

-151.7-д Таньж олох гэж байгаа хүн харуулсан хүн, мал,  амьтан, эд зүйлийн аль нэгийг мөн гэж заавал ямар шинж тэмдэг, онцлогоор нь таньсаныг тайлбарлуулж тэмдэглэлд тусгана... гэж тус тус заажээ.

Гэтэл мөрдөн байцаалтад хохирогчоор таньж олуулах ажиллагааг хийхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-ийг зөрчиж, гаднах байдлаараа төстэй биш 3 хүний зургийг М.Эрдэнэ-Отгоны зургийн хамт байрлуулсан буюу М.Эрдэнэ-Отгоны юүдэнтэй малгайтай цамц өмссөн зургийг байрлуулж, хохирогч таньж байгаа хүнээ юүдэнтэй малгайтай цамц өмссөн байгаагаар нь таньж байгаагаа  тайлбарласан зэргээр тус таньж олуулах ажиллагаа нь байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Энэхүү хууль зөрчсөн ажиллагааны дараа 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Г.Бямбадоржоор дахин таньж олуулах ажиллагааг явуулсан байх ба энэхүү таньж олуулах ажиллагааг явуулахаас өмнө М.Эрдэнэ-Отгоны зургийг харуулж таньж олуулах ажиллагаа хийсний дараа түүнийг биеэр нь таньж олуулах ажиллагааг дахин хийсэн нь хууль зөрчсөн гэж үзнэ.  

Мөн хохирогч Г.Бямбадорж нь 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр мөрдөн байцаалтад дахин мэдүүлэг гаргахдаа өөрийг нь хутгалсан гэх этгээдийн царайны хэлбэр, хамар, шанааны талаар огт мэдүүлээгүй, үүнээс хойш удаа дараа мэдүүлэг гаргахдаа намайг хутгалсан хүнийг би танина, зааж өгч чадна гэх зэргээр мэдүүлсэн байх боловч харин ямар шинж тэмдгээр таних талаараа огт  мэдүүлэг гаргаагүй байдаг.

Харин хохирогч Г.Бямбадорж нь хоёр удаа таньж олуулах ажиллагаанд оролцсон, шүүх хуралдаанд удаа дараа оролцсоны дараагаас хохирогчоор мэдүүлэг гаргахдаа ...намайг хутгалсан хүнийг би царай зүсээр нь таньж байна. Өндөр хамартай, хурц нүдтэй, өндөр шанаатай хүн байсан... гэж мэдүүлэг гаргаж, түүний мэдүүлэг өөрчлөгдсөн, өөрөөр хэлбэл анх удаа болон дараа нь хохирогчоор мэдүүлэг гаргахдаа тодорхой мэдүүлгийг гаргаагүй атлаа дээрх ажиллагаануудад оролцсоны дараагаар өөрийгөө хутгалсан гэх этгээдийн нүүр, царайны хэлбэр, төрхийн талаар тодорхойлон мэдүүлсэн нь түүний мэдүүлгийг эргэлзээгүй,  үнэн зөв гэж үзэх, нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

 

2.Хохирогч Г.Бямбадоржийн эхнэр болох М.Бямбаагаас мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ ...би хэд орчим насны ямар хүн байсан бэ гэж асуухад өрийвсөн, туранхайдуу, шар царайтай, надаас арай өндөр 17-18 орчим насны залуу хүн байсан гэж хэлсэн. Манай нөхөр 165 см өндөртэй болохоор манай нөхрөөс арай өндөр гэхээр 170 см орчим нурууртай байх ... гэж мэдүүлсэн ба энэ хохирогч Г.Бямбадоржийн мөрдөн байцаалтад гаргасан мэдүүлэгтэй зөрсөн. Өөрөөр хэлбэл хохирогч Г.Бямбадорж надаас арай намхан... залуу байсан гэж мэдүүлсэн ба, хохирогч Г.Бямбадоржийн мэдүүлгийн эх сурвалж тогтоогдоогүй.

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний хэлтсийн Гэрэл зураг, дүрс бичлэгийн шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 3256 тоот дүгнэлтэд ....шинжилгээнд ирүүлсэн SUMMER гэсэн бичигтэй CD дискэнд бичигдсэн AVSEQ01.dat, AVSEQ02.dat, AVSEQ03.dat гэсэн нэртэй дүрс бичлэгүүдэд дүрслэгдэх сэжигтний дүр төрх нь харьцуулах загвараар ирүүлсэн 3*4 хэмжээтэй сэжигтэн М.Эрдэнэ-Отгоны фото зурагтай адил тохирч байна. ....Сэжигтний духны хэв, хэлбэр, үсний хэв, хэлбэр, засалт, нүдний хэлбэр, хамрын үзүүр, хамрын хэв, хэлбэр, уруулын хэв, хэлбэр, эрүүний хэв, хэлбэр, нүүрний ерөнхий хэлбэр, тэгш хэм, нүүрний ерөнхий төрх зэрэг шинжүүдээрээ тохирч байна. ... гэсэн /2 дугаар хавтаст хэргийн 112-113 дугаар тал/ байх ба энэхүү шинжээчийн дүгнэлт нь шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоны сэжигтнээр мэдүүлэг гаргаж байгаа бичлэг дээрх түүний дүрсийг М.Эрдэнэ-Отгоны цээж зурагтай харьцуулсан дүгнэлт байх ба үүнийг эрүүгийн хэргийг нотолсон нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй.

4.Тухайн гэмт хэрэг гарсан гудамжны ойролцоох 104 дүгээр сургуулийн галчаар ажилладаг Б.Банзрагч гэрчээр 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлэг гаргахдаа ...2014 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө яг цаг хэд болж байгааг анзаарч хараагүй ч 02 цаг өнгөрсөн байсан байх, дээгүүрээ юүдэнтэй цайвар цагаан өнгийн цамцтай, дунд зэргийн нуруутай залуу хүн их хурдтай дээрээс доошоо буюу хойд зүгээс урд зүг рүү чиглэн маш хурдтай гүйж явсан. ...Миний харж байснаар тэр хүн 100-120 метрийн зайтай гүйж би түүнийг 104 дүгээр сургуулийн баруун урд булангаас буюу уурын зуухнаас хараад зогсож байсан. ...тэр хүнийг харвал танихгүй ... гэж мэдүүлэх ба мөн 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр дахин мэдүүлэг гаргахдаа ... 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэг өгөхдөө тодорхой зүйлийг яриагүй, надад ямар нэгэн бичлэг үзүүлж байцаалт аваагүй гэж мэдүүлж, хавтаст хэргийн 90 дүгээр талд авагдсан мөрдөн байцаалтад гаргасан мэдүүлгээ үгүйсгэсэн ба гэрч Б.Банзрагч нь гэмт хэрэг гарсан шөнө замаар гүйж байгаа хүнийг харсан болохоо мэдүүлж байгаа боловч нүүр царайгаар нь танихгүй талаараа мэдүүлсэн зэргээс үзэхэд тухайн гэрчийн мэдүүлэг нотолгооны чадваргүй болно.

5.Гэрч Б.Ангараг мэдүүлэхдээ ...Б нь үл таних хүнд хутгалагдан эмнэлэгт хүргэгдсэн хэрэгт хутгалсан гэх хүнийг олж тогтоох зорилгоор ажилласан. Ойр орчмоос биечилсэн сурвалжлага хийхэд тодорхой мэдээлэл олдоогүй, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны зүүн салааны зам дагуу дэлгүүрийн гадаа камерийн бичлэгийг хэрэг болсон цаг хугацаатай тааруулж шүүж үзэхэд хэд, хэдэн дэлгүүрийн камерийн бичлэгт хойд зүгээс урд зүг рүү зам дагуу гүйж явсан хүний бичлэг байсан. ...гадаад төрх нь эрэгтэй хүн шиг, туранхайвтар, толгой дээрээ юүдэнтэй малгайтай хүний дүрс бичлэг байсан... гэж мэдүүлсэн.

Хэрэгт Юүдэнтэй цамцтай эрэгтэй хүний талаарх Си Ди бичлэгийг 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эд мөрийн баримтаар тооцсон байх ба /1 дүгээр хавтаст хэргийн 163 дугаар тал/ уг дүрс бичлэгээс үзэхэд зам дагуу гүйж яваа юүдэнтэй малгай өмссөн хүний царай, царайны төрх байдал харагдахгүй.  

Мөрдөн байцаалтад 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шинжээч томилж, дээрх дүрс бичлэгт шинжилгээ хийлгэж, дүрс бичлэгт байгаа эрэгтэй хүний нас, өндөр, жин, содон онцлог шинжийг тогтоох боломжтой эсэх талаар асуултыг тавьж, тогтоолыг тусгай мэдлэг бүхий шинжээчид хүргүүлэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 09/1772 дугаартай албан бичгээр шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг нь хяналтын дэлгэцнээс дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглан хуулбарлан бичсэн байх тул дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэхгүй талаар хариуг өгч /2 дугаар хавтаст хэргийн 84-85 дугаар тал/, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийхэд үр дүн гараагүй болно.

Иймд тухайн дүрс бичлэг дээрх гүйж яваа хүн-ийг шүүгдэгч М.Эрдэнэ-Отгон гэж таамаглах боломжгүй байна.

6.Хохирогч Г.Бямбадорж нь мэдүүлэхдээ ... цээж рүү хатгаад авахаар нь яаж байгаан юм бэ, ахад нь мөнгө байхгүй гээд өмдний халаасанд байсан 500 төгрөг, 1000 төгрөгөө өөрийн гар утастайгаа гаргаад ирсэн чинь нөгөө залуу миний шанаа руу цохиод авах шиг болсон ... гэж мэдүүлсэн.

Хэрэг учралын газарт 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хийсэн үзлэгээр хэргийн газраас 100 төгрөгийн дэвсгэрт олдсон ба энэ нь хохирогчийн биед байсан гэх дээр дурдсан мөнгөн дэвсгэрттэй тохирохгүй байна.

 

7.Хэрэг учралын газарт 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үзлэг хийж, хэргийн газраас цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон чулуу, ишгүй хутганы ажлын хэсэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, шинжилгээ хийлгэжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжээчийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 9678 дугаартай дүгнэлтээр хэргийн гарын үзлэгээр хураан авсан гэх чулуунууд дээрх хүрэн өнгийн зүйл нь цус мөн байна. ... №5 дугаарын чулуун дээр илэрсэн цус нь эрэгтэй хүний цус байна. №1-4 дугаарын чулуу дээрх цусыг хүн амьтны цус аль болохыг тогтоох боломжгүй, ...мөн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх чулуунууд дээрх цусны бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй байна. ... гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 101 дүгээр тал/ гарсан ба хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй.

Мөн хохирогч Г.Бямбадоржоос ...тэр залуугийн барьж байсан хутганы бариулын ар талын хэсгийг харахад ишний хойд тал нь шар өнгөтэй байсан ... гэж /1 дүгээр хавтаст хэргийн 67-70 дугаар тал/ мэдүүлсэн боловч 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн газрын үзлэгээр хэрэг учралын газраас ишгүй хутганы ажлын хэсэг хураагдсан,  тус хутганд шинжилгээ хийлгэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжээчийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 9680 дугаартай дүгнэлтээр ...хутганд цус илрээгүй/1 дүгээр хавтаст хэргийн 97 дугаар тал/ ба мөрдөн байцаалтаар хутган дээр гарын  мөрийг илрүүлэх ажиллагааг тухайн ач холбогдол бүхий цаг хугацаанд хийгээгүй, хэрэг үйл явдал гарснаас хойш цаг хугацааны хувьд нөхөн гүйцэтгэх боломжгүй болжээ.

Харин хохирогч Г.Бямбадоржийн гэрээс шар иштэй хутганы болон бор иштэй хутганы зургийг хэрэгт гэрэл зургаар бэхжүүлсэн нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.  

 

8.Дуудлагын бүртгэл, мэдээлэл баримтаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 17 дугаар гудамжны 36 тоотоос иргэн Н.Мөнхбаяр манай хүүхэд гэртээ агсараад байна гэх мэдээллийг 2014 оны 10 дугаар сарын 26-ны 23 цаг 31 минут, 20 секунтэд цагдаагийн байгууллагад өгсөн, дуудлагын дагуу цагдаагийн ажилтан Н.Ганбаяр очиход иргэн Н.Мөнхбаяр манай хүү гараад явчихсан... гэж хэлж дуудлагаа буцаасан талаар гэрч мэдүүлжээ. /2 дугаар хавтаст хэргийн 126 дугаар тал/

Мөн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Одонтын 11-11 тоотоос 2014 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 59 настай эрэгтэй хүн хутгалагдсан байдалтай орж ирлээ гэх дуудлага 03 цаг 35 минут 16 секундэд цагдаагийн байгууллагад өгсөн байна. /2 дугаар хавтаст хэргийн 128 дугаар тал/

            Түргэн тусламжийн дуудлагын хуудсанд дуудлагыг 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 03 цаг 33 минут 47 секундэд хүлээн авсан, хүлээгдсэн хугацаа 0:13 сек, айлд очсон хугацаа 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 03 цаг 47 минутад очсон, буцаж ирсэн хугацаа нь 2014 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 04 цаг 40 минут, зарцуулсан хугацаа 59 минут, дуудлага өгсөн дугаар 96200473 гэж тэмдэглэгдсэн, яаралтай тусламжийн хуудсанд өвчтөн эмнэлэгт ирсэн хугацаа нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 04 цаг 20 минут гэж мөн тэмдэглэгджээ.  /3 дугаар хавтаст хэргийн 1/,

Шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоны эхнэр С.Уянгоо мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ ... бид хоёр гэр рүүгээ ороод унтацгаасан. ...шөнө 04 цагийн орчим хүүхдээ бие засуулахад Эрдэнэ-Отгон унтаж байсан...  гэж мэдүүлжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 92-93 дугаар тал/

Хохирогч Г.Бямбадорж нь шүүх  хуралдаанд мэдүүлэхдээ ...гэртээ 02 цагийн үед орсон байх .... гэж, харин түүний эхнэр гэрч М.Бямбаа нь ...нөхрийгөө орж ирэхэд би цаг харахад 03 цаг 40 минут болж байсан ... гэж тус тус зөрүүтэй мэдүүлсэн.

Дээрх цаг, хугацаа тодорхойлсон баримтууд, мэдүүлэг зэргээс үзвэл М.Эрдэнэ-Отгоны гэрээс дуудлага өгсөн гэх 2014 оны 10 дугаар сарын 26-ны 23 цаг 31 минут 20 секунтээс хохирогчийн ар гэрээс эмнэлэгт дуудлага өгсөн гэх 03 цаг 33 минут 47 секунд, цагдаагийн байгууллагад 2014 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө дуудлага өгсөн гэх 03 цаг 35 минут 16 секундийн хоорондох цагийн зай 4 цаг байх ба эдгээр цаг хугацаа нь хэрхэн холбогдож, шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоныг хохирогчид гэмтэл учруулсан гэж үзэж буй үндэслэл тодорхойгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг зөв тогтоож чадаагүй, бодитой тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсчээ. 

 

            9.Туршилт нь хууль ёсны болсон гэж үзэх боломжгүй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 131 дүгээр зүйлд туршилт хийх талаар заасан ба уг зүйлийн  131.1-т Хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн  дүрслэх шаардлагатай бол туршилт хийж болно. гэж заажээ.

            Гэтэл гэмт хэрэг гарсан 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 1 жил 7 сар орчмын дараа буюу 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус хэрэгт туршилт хийсэн, уг туршилтад оролцогч этгээд нь хар өнгийн юүдэнтэй малгайтай куртик өмссөн байх ба, хохирогчоор хар өнгийн куртик өмссөн этгээдийг таньж олуулсан, энэ талаарх бэхжүүлсэн гэрэл зураг, тэмдэглэл зэрэг баримт авагджээ.    

Гэтэл хохирогч Г.Бямбадоржийн мэдүүлэг нь анхнаасаа эх сурвалж тодорхой бус,  мөн хууль зөрчсөн таньж олуулах ажиллагаа, гүйж яваа хүний дүрс бүхий бичлэгээс хохирогч нь тодорхой төсөөлөл авсны дараа энэ дагуу туршилт хийсэн, ингэхдээ туршилтад оролцсон этгээдийн өмссөн хувцас өөр буюу зөрүүтэй байгаа зэрэг нь тухайн туршилт хууль ёсны болсон гэж үзэх боломжгүй. 

 

10.Сэжигтний мэдүүлэг бусад хууль ёсны хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдоогүй. 

Мөрдөн байцаалтад авагдсан баримтуудыг судлан үзвэл хохирогч Г.Бямбадоржийн хутгалдагдсан талаарх мэдээллийг авсаны дараа цагдаагийн байгууллага 2016 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө тус байгууллагад ирсэн мэдээллүүдийг шалгаж, уг мэдээллийн дагуу зохих ажиллагааг хийж Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Одонтын 11-11 тоотын хөрш, мөн гудамжны ойр орчмын айл өрх зэргээс мэдээлэл авах, тодруулга хийх зэргээр ажилласан илтгэх хуудсууд хэрэгт авагджээ. /1 дүгээр хавтаст хэргийн 20-59 дүгээр тал/

Мөн цагдаагийн байгууллагад ирсэн мэдээлэлд 2014 оны 10 дугаар сарын 26-ны 23 цаг 31 минут, 20 секунтэд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 17-р гудамжны 36 тоотоос иргэн Н.Мөнхбаяраас манай хүүхэд гэртээ агсраад байна гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч, уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын ажилтан Г.Ганбаяр очиход манай хүүхэд гэрээсээ гараад зугтчихлаа гэж иргэн Н.Мөнхбаяраас мэдэгдснээр ажиллагааг дуусгасан байдаг. 

Цагдаагийн байгууллага гэмт хэрэг гарсаны дараа М.Эрдэнэ-Отгоныг мөрдөн байцаалтад сэжигтнээр тооцож, тогтоол үйлдэж, М.Эрдэнэ-Отгон нь сэжигтнээр мэдүүлэхдээ ...гэртээ байсан шаргал өнгийн пивор бариултай хутгыг аваад гарсан. ...хашаанаас гараад урагшаа нилээн явсан, тэгж байгаад гудамж руу орсон чинь нэг ах намайг мөрлөсөн. Тэгэхээр нь би тэр ахыг Зүгээр эвтэйхэн явчихаач гэж хэлсэн чинь өөдөөс Чи муу бацаан дуугай байгаарай гэж хэлээд заамдаад хоолой боохоор нь хутгаа гаргаж ирээд гэдэс рүү нь нэг удаа, цээжний орчимд нэг удаа хутгалсан. ...Тэр үед одоогийн өмсөж байгаа саарал жинсэн өмд, хар өнгийн ботинк, саарал өнгийн юүдэнтэй цамц, хүрэн өнгийн подволк зэрэг хувцас өмсөж байсан. ... ... гэж мэдүүлсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 124-126 дугаар тал/

Харин М.Эрдэнэ-Отгон нь шүүгдэгчээр шүүх хуралдаанд удаа дараа мэдүүлэхдээ...анх сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь эрүүгийн төлөөлөгч нарт зодуулсны улмаас хийгээгүй хэргээ хүлээж мэдүүлэг өгсөн гэж мэдүүлж, сэжигтнээр өгсөн мэдүүлгээ үгүйсгэсэн ба үүнээс гадна тухайн сэжигтнээр өгч буй мэдүүлгийг дүрс бичлэгт буулгасан, энэ үед огт өмгөөлөгч байгаагүй, байсан бол өмгөөлөгчийг дүрс бичлэгт оруулах боломжтой байсан, дараа нь өмгөөлөгч оруулж ирж гарын үсэг зуруулсан гэж мэдүүлсэн бөгөөд М.Эрдэнэ-Отгоны сэжигтнээр мэдүүлэг өгч буй үйл явцыг дүрсжүүлсэн дүрс бичлэгт өмгөөлөгч оролцсон байдал харагдахгүй байдаг.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн             36.4-тяллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй... гэж,

            -82 дугаар зүйлийн 82.2-т Яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно... гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоны сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад баримтаар хангалттай, хөдөлбөргүй нотлогдон тогтоогдохгүй байна.  

            Мөн хэрэгт авагдсан Т.Отгонбаяр, Б.Золбаяр, Ц.Алтанхуяг, Ц.Самбуубаяр, Б.Мөнх-Учрал, Л.Гончигсүрэн, Г.Цэрэнтөгс, Б.Алтанцэцэг, Б.Баярбямба, Д.Болортуяа, Д.Мөнхтуяа, Д.Золжаргал нарын мэдүүлэгт хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй.

             

Мөрдөн байцаалтад М.Эрдэнэ-Отгоны өмгөөлөгчөөр оролцсон гэх Б.Чинбатыг байцаан шийтгэх ажиллагаанд гэрчээр тогтоож мэдүүлэг авчээ.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэгт дараах хүмүүсийг гэрчээр байцааж болохгүй:   

            -45.3.2-т өмгөөлөх үүргээ гүйцэтгэж байх явцад тухайн хэргийн байдлыг мэдэх болсон өмгөөлөгч-ийг гэж заажээ. Энэхүү заалтыг зөрчиж өмгөөлөгч Б.Чинбатыг гэрчээр тогтоож байцаасан байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд гэрчийн талаар заасан ба уг зүйлийн 45.1-т Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ. ... гэж заасан.

Гэтэл мөрдөн байцаалтад М.Эрдэнэ-Отгоноос 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг авсан мөрдөн байцаагч Ц.Мөнхбатыг М.Эрдэнэ-Отгонд холбогдох эрүүгийн хэрэгт нь гэрчээр тогтоож, байцаалт авсныг нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй гэж үзнэ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т ...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ. ... гэж заасан.

            Иймд дээр дурдсан баримтуудаар шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоны үйлдсэн гэх гэмт хэрэг нь хангалттай, хөдөлбөргүй нотлогдон тогтоогдоогүй, хэрэгт цугларсан дээр дурдсан  баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн, тус хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар цуглуулсан баримтууд гэж үзэх боломжгүй байх тул нотлох чадвараа алдсан, нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзнэ. 

Иймд шүүгдэгч М.Эрдэнэ-Отгонд холбогдох хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

Харин хохирогч Г.Бямбадоржийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг гарсан үйл явц тогтоогдож байгаа тул тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 4 ширхэг чулуу, бариулгүй хутга, 100 төгрөгийн дэсвгэрт, Юүдэнтэй цамцтай эрэгтэй хүний талаарх дүрс бичлэг бүхий  Си Ди бичлэг зэргийг хохирогч Г.Бямбадоржийн хохирсон гэх хэрэгт хавсаргахаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч М.Эрдэнэ-Отгон нь 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 25-ний өдрийг хүртэл 207 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй зэргийг дурдаж, шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоны сэжигтнээр өгсөн мэдүүлгийг дүрс бичлэгээр бэхжүүлсэн Си Ди бичлэгийг хэргийг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297 дугаар зүйлийн 297.6, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон