Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2020/0214

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: МЖБК ХХК

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Э.Д

Гомдлын шаардлага: Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Э.Д-ийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0066571 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. , Г. хариуцагч Э.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч МЖБК ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Хан-Уул мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Э.Д-ийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0066571 тоот шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл хэсэг заалтыг үндэслэн зөрчилд холбогдогчийн зүгээс гомдол гаргаж байна. 0066571 тоот шийтгэлийн хуудсаар “МЖБК”-ийгЗөрчлийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 3-т заасан “Бараа ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон...” зөрчил үйлдсэн гэж үзэж 20 000 нэгж буюу 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Зөрчилд холбогдогчийн төлөөлөгч нарын зүгээс Мэргэжлийн хяналтын зүгээс Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Э.Д нь “МЖБК” ХХК-д холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан, ажиллагааны журам зөрчсөн, мөн шийтгэлийн хуудсанд бичигдсэн зөрчлийг үйлдсэн болох нь бүрэн тогтоогдоогүй гэж үзэж байна. Нэгдүгээрт: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, мөн оролцогчид хуулиар олгосон эрхийг хязгаарласан талаар 1.1. “МЖБК” салоныг зориулалтын бус усаар хохирогчид үйлчилсэн гэх үндэслэлээр 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Гэтэл хэргийн материалтай танилцахад 2019 оны 08 дугаар сарын 28-ны 0066571 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 3-т зааснаар шийтгэл оногдуулсан байна. Эрүүл ахуйн халдвар хамгааллын улсын байцаагч Э.Д нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчлийн хэрэг нээснээс өөр зүйл, хэсгээр холбогдуулан шалгаж, шийтгэл оногдуулах гэж байгаа талаар огт мэдэгдээгүй бөгөөд, энэ талаар зөрчилд холбогдогчийн төлөөлөгчийн зүгээс №0066571 тоот шийтгэлийн хуудас гарсны дараа буюу хэргийн материалтай танилцахдаа л мэдсэн болно. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хяналтын улсын байцаагч Э.Д нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгааг мэдэх” гэсэн холбогдогчид хуулиар олгосон эрхийг үл тоож, нууц далд аргаар шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. 1.2. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Э.Д нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчлийн хэрэг нээснээс өөр зүйл, хэсгээр холбогдуулан шалгаж байгаа талаар мэдэгдэх, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” заасан үүргээ биелүүлээгүйн улмаас зөрчилд холбогдогч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар тодорхой ажиллагаа явуулах болон нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах зэрэг хуулиар олгосон боломж, эрхээ эдэлж чадаагүй. Хоёрдугаарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн талаар “М******* ******* ******* *******” ХХК-д холбогдох 1910000768 тоот зөрчлийн хэргээс харахад зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан Э.Д нь №0066571 тоот шийтгэлийн хуудсыг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ц.г-ийгзөрчилд холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, мэдүүлэг авахаас, Усны шинжилгээний сорилын дүнтэй танилцуулах ажиллагаа явуулахаас өмнө бичсэн болох нь харагддаг. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчилд холбогдогч нь хуулийн этгээд бол эрх бүхий албан тушаалтан, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох ёстой гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан Э.Д нь зөрчилд холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилоогүй байж шийтгэлийн хуудас бичсэн явдал нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Гуравдугаарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэт биш, дутуу явуулсан талаар 3.1.” МЖБК” ХХК-ний төлөөлөгчийн зүгээс 1910000768 тоот зөрчлийн хэрэгт хяналт тавьж буй прокурорт хандаж “Зөрчлийн хэрэгт авагдсан Б.Б-ийн гаргаж өгсөн гэх CD-г хэзээ, хаана, ямар техник хэрэгслийн тусламжтайгаар бичсэнийг шинжээч томилж, дүгнэлт гарган тогтоож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Учир нь гэрчийн мэдүүлэг өгсөн гэх  Ч.А, хохирогч Б.Б нар нь найз нөхдийн харилцаатай. Ч.Ань зөрчил гаргагч “мжбк” салоны түрээслүүлэгч бөгөөд түрээсийн төлбөр, бусад зүйлийн талаар шүүх дээр маргаантай байгаа тул Б.Ба-тэй үгсэн хуйвалдсан байх магадлал өндөр байгаа болно. Улсын байцаагч Э.Д нь Б.Б-ийг гэрч Ч.А-тэй хамтран хувийн өс хонзонгийн сэдэлтээр, хуурамч бичиг баримт цуглуулан “М******* ******* ******* *******” салоныг зориулалтын бус усаар хохирогчид үйлчилсэн гэх үндэслэлээр өргөдөл гомдол гаргасан гэх үндэслэл бүхий эргэлзээ байхад шалгаж тодруулсангүй. Өөрөөр хэлбэл Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр үйлчилгээ авсан гэх атлаа 18 хоногийн дараа эрх бүхий байгууллагад өргөдөл гаргасан, энэ хугацаанд өргөдөлдөө хавсаргаж өгсөн CD-н дээрх бичлэгийг хуурамчаар хийсэн байх гэж үзэж байгаа талаар хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл огт шийдвэрлэж, хариу мэдэгдэх хуудас өгөөгүй. Тухайн хоёр CD нь нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаар хуульд заасан арга хэрэгслийн дагуу хэрэгт хавсаргагдсан эсэх, эх сурвалж нь юу болохыг олж тотгоолгүй шийтгэлийн хуудас бичсэнд гомдолтой байна. 3.2. “МЖБК” салон нь усан массажны үйлчилгээ үзүүлэхдээ жирийн ус, эсхүл крантны ус хэрэглэсэн удаа байхгүй. Хэрэв массажны үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэх ёстой усанд тавигдах стандарт шаардлага байдаг бол тухайн үед хэрэглэсэн Итали улсад үйлдвэрлэгдсэн гэх SanBenedetto нэртэй усыг Монгол улсад мөрдөгддөг стандартад нийцэж байна уу үгүй юу гэдгийг шалгаж тотгоох хэрэгтэй гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан. Тухайлбал: усан массажны үйлчилгээ үзүүлснээр ямар үр нөлөө үзүүлдэг, шинжилгээний дүнд дурьдагсан 3 усны үзүүлэх нөлөөний ялгаа, сөрөг нөлөө үзүүлэх эсэх, үзүүлэх бол шинжилгээний дүнд дурьдагдсан 3 усны үзүүлэх сөрөг нөлөөний ялгаа, шинжилгээний дүнд дурьдагдсан 3 усны аль нь Монгол улсад мөрдөгддөг усан массажны үйлчилгээнд тавигдах стандарт шаардлагад нийцэж байна зэрэг асуултын хүрээнд дүгнэлт гаргуулж өгнө үү г.м. Энэхүү хүсэлт нь зөрчлийн хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан аргаар цуглуулж бэхжүүлсэн эсэх, шийдвэрийн үндэслэл болох боломжтой, зөрчилд холбогдогч гэм буруутай эсэхийг тодруулах зорилготой байсан боловч түүнийг огт харгалзаж үзээгүйд гомдолтой байгаа болно   ” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Э.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Д би, Иргэн Б.Б-ээс МЖБК ХХКсалон нь арьсанд өндөр нөлөө үзүүлэх чилтөрөгтзй эрдэс бодис витаминтай анагаагч ус болох Watercos брэндийн бүтээгдэхүүний саванд ус хийж үйлчилсэнд гомдолтой байна. Иймд тус газрыг үнэн зөвөөр шалгаж өгнө үү” зөрчлийн талаар Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст бичгээр гаргасан гомдол, мэдээллийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1910000768 тоот зөрчлийн хэрэг нээн шалгасан. МЖБК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ц.Г, Г.Б нарын гаргасан нэхэмжпэлд тайлбар гаргаж байна.

Нэгдүгээрт: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, мөн оролцогчид хуулиар олгосон эрхийг хязгаарласан талаар дурджээ.

1.1 Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...бараа бүтээгдэхүүн, бодис бэлдмэлд тавих эрүүл ахуйн шаардлага хангаагүй” гэх зөрчил гаргасан байж болзошгүй гэх үндэслэлээр 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1910000768 тоот дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгасан.

Нэхэмжлэлдээ “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан ...гэсэн холбогдогчид хуулиар олгосон эрхийг үл тоож, нууц далд аргаар шийтгэл оногдуулсан гэж байна” дурджээ.

1.2 Зөрчлийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээсэн бөгөөд МЖБК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмчгөөлөгч Ц.Г, Г.Б нар 2019 оны 07 дугаар сарын 04, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр удаа дараа Нийслэлийн Уул дүүргийн Прокурорын газарт зөрчлийн хэрэг нээсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрт гомдол гаргасан мөн шалгалтын явцад ашиглагдаж байсан бүтээгдэхүүнүүдээс дээж авч Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Дэргэдэх Хүнсний Аюулгүй Үндэсний лавлагаа Лабораторид шинжилгээнд хамруулсан ба тус салоны ажилтнуудаас гэрчийн мэдүүлэг холбогдогчоос тус тус авсан бөгөөд өөр зүйл. хэсгээр холбогдуулан шалгаж байгаа талаар 2019 оны 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх байрны 7 давхрын ******* тоот өрөөнд ирж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар хэсэгт заасан холбогдогчийн эрх үүрэгтэйгээ танилцан, мэдүүлэг өгөх явцад мэдэгдэж засан болно. Зөрчлийн хэрэг нээсэн цагаас хойш тус байгууллагын итгэмжлэгдсэн нэхэмжлэгч, өмгөөлөгч нар ”            нотлох баримт гаргуулах хүсэлт гаргах            нотлох баримт гаргаж өгөх” хүсэлтийг амаар болон бичгээр шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй болно,

Хоёрдугаарт. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжпэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ц.г-ийг2019 оны 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хууль ёсны төлөөлөгчөөр томилон холбогдогчийн мэдүүлэг авч, шинжилгээний хариу, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах тухай танилцуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан хэргийн материалыг танилцуулахаар 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 88******* тоот утаснаас 15 цаг 56 минутад Өмгөөлөгч Ц.Г-н 88******* тоот утас руу залгаж залгасан ярьсан бөгөөд танилцах боломжгүй талаар хариу хэлсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн хэсэгт заасан үндэслэл тодорхой байсанд шийтгэлийн хуудсыг бичин шуудангаар явуулсан.

Гуравдугаарт: 3.1 Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа гэрчээр П.А, Б. Б. П.в, А.С, П.П нарыг гэрчээр оролцуулсан.

Хохирогч Б.Б-ийн Watercos брэндийн бүтээгдэхүүнд ямар нэгэн үнэр байгаагүй гоо сайханчаас асуухад яг үнэндээ энэ тухайн бүтээгдэхүүн бишээ дотор нь ус хийсэн байгаа гэж үнэнээ хэлсэн.Бусад бүтээгдэхүүний саванд мөн адил хямд чанарын бүтээгдэхүүн хийсэн байгаа гэж тайлбарласан”.... гэх мэдүүлэг, гэрч А-ийн “..тухайн үед тэнд ажиллаж байсан ажилчдын зарим хүмүүс нь над руу холбогдож яг үнэндээ хэрэглэнэ гээд заагаад өгсөн бүтээгдэхүүнээ хэрэглэхгүй өөр бүтээгдэхүүн хэрэглээд байна гэж хэлсэн...усан эмчилгээнд ус ашигладаггүй яагаад гэвэл тухайн Watercos брэндийн бүтээгдэхүүнээр маш удаан массажилж хийдэг учраас усаар хийсэн тохиолдолд арьс чийгээ алддаг” гэх мэдүүлэг, гэрч П.Б-ын “.... 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш ажиллаж эхэлсэн бөгөөд тэрнээс хойш бол 2 удаа Watercos брэндийн бүтээгдэхүүнийг авсан бөгөөд тэрнээс хойш тус бүтээгдэхүүний саванд ус хийж хэрэглэж байсан ....тус анагаагч усыг хэрэглэхгүй байснаар арьс хуурайшиж эмзэгшиж нарийн хялгасан үрчлээ үүсдэг. Усан массаж үйлчилгээ үзүүлсний дараа чийгшүүлэх тос түрхдэг учраас үйлчлүүлэгч карын арьсан дээр мэдэгдэхүйц чи өөрчлөлт анзаарагддаггүй... бохирдол дутуу соруулсан арьс хуурайшсан гэсэн утга бүхий гомдол ирдэг. Тухайн үйлчлүүлэгч их бухимдаагүй тохиолдолд өөрсдөө аргалдаг...” гэх мэдүүлэг, гэрч А.С-ын “....биений массажинд хэрэглэж байсан бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдэд танилцуулахдаа Японоос манай захирал оруулж ирсэн гэж танилцуул гэдэг байсан....Бөмбөгөрийн хажууд байрлах 6 давхар барилга дотор байрлах гоо сайхны бүтээгдэхүүн оруулж ирдэг газраас хятад тос авч хэрэглэдэг байсан.Тухай газраас худалдан авсан тосны савыг бол ил тавьж болохгүй талаар сануулж хэядэгбайсан...бүх бүтээгдэхүүн өрөөтэй байдаг бөгөөд Watercos  брэндийн хүчилтөрөгчтэй ус, бүтээгдэхүүн дунд байдаггүй байсан ” гэх мэдүүлэг, гэрч П.П-ын "... Mild *******-аас хямд массажны тос аваад өөр үнэтэй бүтээгдэхүүний оронд ашигладаг байсан.Тухайн гоо сайхны дотор болж буй үйл явдлыг ерөнхийд нь бүх хүмүүс мэддэг. Home *******-д байрлах гоо сайхны газраас Watercos брэндийн анагаагч ус 2 удаа авч байсан.Бүтээгдэхүүн дууссан талаар хэлэхэд дууссан бүтээгдэхүүнээ бус өөр бүтээгдэхүүн авчирдаг байсан..” гэх мэдүүлгээр Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан  үйлчлүүлэгч дэд үзүүлж байгаа үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар худалдсан гүйцэтгэсэн...” зөрчил үйлдэгдсэн болох нь тогтоогдсон.

Мөн “МЖБК”салонд хэрэглэгдэж байсан бүтээгдэхүүнээс дээж авч Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Дэргэдэх Хүнсний Аюулгүй Үндэсний Лавлагаа Лабораторид шинжилгээнд хамруулсан 19-2692 тоот сорилын дүнгээр Watercos брэндийн гоо сайхны бүтээгдэхүүний саванд хийж хэрэглэж байсан ус, болон Watercos брэндийн бүтээгдэхүүний оронд хэрэглэж байсан гэж холбогдогчоос мэдүүлсэн San Benedetto /цэвэр ус/ нь Watercos” брэндийн лацтай задлаагүй байсан бүтээгдэхүүнтэй харьцуулахад хатуулаг өндөр буюу Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан үйлчлүүлэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар худалдсан гүйцэтгэсэн...” зөрчил үйлдэгдсэн болох нь тус тус нотлогдсон.

Мөн “М” ХХК- аас ирүүлсэн албан бичгийг үндэслэн Ц.г-ийгхууль ёсны төлөөлөгчөөр тогтоосны үндсэн дээр 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлэг авсан ба “    О овогт М тухайн бүтээгдэхүүн ашиглах талаар зааварчилгаа болон мэдээллээр хангадаг....ус ашиглаж байсан бүтээгдэхүүн үнийн хувьд ялгаатай, 2 дугаарт энэ бүтээгдэхүүн орц найрлагаараа өөр, ихэнхдээ Watercos брэндийн бүтээгдэхүүнээ хэрэглэдэг. Тухайн үед San Benedetto нэртэй цэвэр усыг үйлчилгээнд хэрэглэж таарсан” гэх мэдүүлгийг холбогчдогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өгсөн байна.

 Дээрх нотлох баримт дээр тулгуурлан Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дэх заалтаар шийтгэл оногдуулсан.

3.2 Нэхэмжпэлдээ “м” ХХК “            San Benedetto нэртэй усыг Монгол улсад мөрдөгддөг стандартад ....хүсэлтийг удаа дараа гаргасан” гэжээ. Зөрчлийн 191000768 тоот хэрэг хаагдсаны дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр San Benedetto нэртэй усыг Монгол улсад мөрдөгддөг стандартад ....” ажиллагаа явуулах хүсэлтийг Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс хүлээн авч бүртгэсэн байдаг” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Гомдол гаргагч “МЖБК” ХХК-ийн гаргасан “Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Э.Д-ийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0066571 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” гомдлын шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.

          Хариуцагч Э.Д шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ц.г-ийг2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хууль ёсны төлөөлөгчөөр томилон холбогдогчийн мэдүүлэг авч, шинжилгээний хариу, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах тухай танилцуулсан. ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн хэсэгт заасан үндэслэл тодорхой байсанд шийтгэлийн хуудас бичин шуудангаар явуулсан” гэж,

          Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлд Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 4 гэсэн заалт байгаа. ...Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан зөрчлийн хэргийн материалтай танилцаж байгаагүй. Зүйлчлэл нь өөрчлөгдсөн талаар хэргийн материалд бичих ёстой байсан. Гэтэл 10.2 дугаар зүйлийн 3 дахь гэж бичээгүй байсан. Зөрчлийг шийтгэлийн хуудас авахдаа мэдсэн. Мөн хариуцагч зөрчлийг нарийн шалган тогтоогоогүй” гэж тус тус маргажээ. 

          Иргэн Б.Б-ээс гаргасан МЖБК ХХКнь арьсанд өндөр нөлөө үзүүлэх хүчилтөрөгчтэй эрдэс бодис витаминтай анагаагч ус болох Watercos брэндийн бүтээгдэхүүний саванд ус хийж үйлчилсэнд гомдолтой байна” гэх гомдол мэдээллийг Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Э.Д 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1910000768 тоот зөрчлийн хэрэг нээн шалгасан байх боловч маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “МЖБК” ХХК-д шийтгэл оногдуулахдаа хуулийн зүйл заалтыг өөрчлөн Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан 20.000.000 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.

          Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 10.2 дугаар зүйлийн 3-т “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна:”, 1.3-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх”, 6.9 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэж тус тус заасан байна.

          Дээрх хуулийн зохицуултаас үзвэл Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалт нь гаргасан зөрчилтэй нийцэж байх ёстой бөгөөд энэ тухай холбогдогчид хариуцагчтанилцуулан мэдэгдэх үүрэгтэй байна.

          Хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 17-320/121 дугаар тэмдэглэлд “Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн...” гэж тэмдэглэсэн байх ба Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилсөн тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

          Мөн хариуцагч “Зүйлчлэл өөрчлөгдсөн тухай хэлсэн боловч тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулаагүй. Прокуророос зөрчлийн хэргийг шинээр нээж өгнө үү гэж хүсэлт гаргаж, яах вэ гэж асуухад захиргааны хэрэг учраас дахин хэрэг нээх шаардлагагүй гэж тайлбарласан” гэж шүүх хуралдааны үед тайлбарласан байх ба энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй төдийгүй хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

          Түүнчлэн хариуцагч нь зөвхөн иргэн Б.Б-ийн гомдол, гэрчийн мэдүүлэг,  шинжээчийн сорилын дүнг үндэслэн холбогдогч “МЖБК” ХХК”д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна:”,1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасантай нийцэхгүй байна.

          Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагч “МЖБК” ХХК-ийн гаргасан Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Э.Д-ийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0066571 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэв.

          Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 4, 10.2 дугаар зүйлийн 3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “МЖБК” ХХК-ийн Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Э.Д-ийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0066571 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, “МЖБК” ХХК-д оногдуулсан 0066571 дугаартай 20 000 000 /хорин сая / төгрөгийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай. 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.                                                                                                                                                               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ОЮУНГЭРЭЛ