Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 119

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ /томилолт/,

хохирогч С.Цэрэндулам,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг,

шүүгдэгч Ж.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт Ж.Батсайханыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000225 дугаар хэргийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, 117 дугаар сургуульд слесарь ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 23-29 тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан, Боржигон овогт Жанцангийн Батсайхан /РД:УС71110313/.

Үйлдсэн хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.Батсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 11-ний орой 19 цаг 24 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны сити шоп автобусны буудлын хажуугийн замд Тоёото Приус маркийн 34-45 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчих хэсгээс гарч явган зорчигч С.Цэрэндуламыг мөргөж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, мөн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 31 дүгээр гудамжны 31 тоот хашааны хайс төмөр салсан, хашааны суурь блок нь хагарч бутарсан, Мана бэлдмэл эмийн сангийн бүргэд хаалга эвдэрсэн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...2016 оны 3 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед ажлаа тараад гэр рүүгээ явж байхдаа ажлынхаа газрын ах Жаргалсайхантай хамт дэлгүүрээс нэг шил архи авч гэрийнхээ үүдэн дээр хувааж ууж байхад над руу манай ах Найдансүрэн утсаар залгаад машинаа өгчих хүүхдээ эмнэлэгт үзүүлээд ирье гэж хэлэхээр нь ахдаа машинаа өгөх гэж явж байгаад энэ авто ослыг гаргасан. Согтуугаар тээврийн хэрэгсэл барьж замын хөдөлгөөнд оролцсондоо харамсаж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 2.953.750 төгрөгийг өгсөн, Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал дээр 1.150.000 төгрөг нийт 4.103.750 төгрөг өгсөн” гэв.

 Хохирогч С.Цэрэндулам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“....2016 оны 3 дугаар сарын 11-ний орой 19 цаг 20 минутын үед дэлгүүрээс гарч явах үедээ шүүгдэгч Ж.Батсайханы барьж явсан машинд дайруулсан. Намайг мөргүүлээд унах үед эргүүлийн цагдаа хараад ирж түргэн тусламж дуудсан. Дэлгүүрээс гарах үед гадаа харанхуй болж байсан болохоор машин ирж байгааг хараагүй. Тэгээд баруун тал руу мөргүүлээд унасан. Автомашинд мөргүүлснээс болж шүүх эмнэлгийн дүгнэлтээр гарсан гэмтэл учирсан. Олдоогоор нэхэмжлэх зүйл байхгүй. Харин цаашид би хүүхэд төрүүлэх бодолтой байна. Тэр үед нь ямар хүндрэл өгөхийг мэдэхгүй байна, тухайн үед эмчилгээ хийлгэхтэй холобоотойгоор гарах зардлыг шүүгдэгч Ж.Батсайханаас нэхэмжилнэ” гэв.   

201624000225 дугаар эрүүгийн хэргээс:

 1.Хохирогч С.Цэрэндуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2016 оны 3 дугаар сарын 11-ний орой 19 цагийн орчим Мана бэлдмэл эмийн сангийн зэргэлдээ хүнсний дэлгүүрээс гараад явган хүн гардаг хашааны хаалганы тэнд ирэхэд өөдөөс гэнэт нэг машин яах ийхийн зуургүй ороод ирсэн. Тэгээд зугтах гэсэн боловч хойшоо эргэх үед баруун талын ташаа хэсгээр машин мөргөсөн. Газар унаад босох гэтэл босч чадахгүй байсан. Осол гаргасан машин баруун хойд хэсэгт ертөнцийн зүгээр хойшоо харсан байдалтай зогсож байсан. Удалгүй түргэн, цагдаа ирсэн. Замын хөдөлгөөн сийрэг, гэгээ тасраагүй, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, цас бороо ороогүй байсан. Миний аарцаг ясны умдаг, суудал яс хугарч, толгой болон ар нуруу, өгзөг хэсэг, баруун шилбэ хэсгээр зөөлөн эдийн гэмтлүүдтэй хөхөрч няцарсан. ...Жолооч ямар нэгэн дуут дохио өгөөгүй. Би машиныг ойролцоогоор 7-8 метрийн зайнаас харсан. ...Эмчилгээнд гарч байгаа зардлыг жолооч гаргаж байгаа. Осол болох үед миний өмсөж явсан хар өнгийн куртик ханзарч урагдсан. Ажилгүй байсан үеийн 2 сарын цалин 1.500.000 төгрөгийг жолооч гаргаж өгсөн. Гэмтлийн улмаас өөрөө төрж чадах эсэх нь эргэлзээтэй болж байна. Би эрүүл мэндийн болон сэтгэл санааны хохирол амссан болохоор гомдолтой байна. Мөн цаашид гарах зардлаа нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг /хх-40-42/,

2.Гэрч Т.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2016 оны 3 дугаар сарын 11-ний орой ажил тараад хамт ажилладаг Батсайханы машинд дайгдаад явсан. Замдаа дэлгүүр орж 1 шил 0,5 гр архи аваад Батсайханы гэрийн гадаа очоод машин дотор хувааж уугаад бид 2 гэр гэр лүүгээ явцгаасан. Тухайн үед бид 2 согтоогүй байсан. Батсайхан биеэ авч явах чавдартай байсан... ” гэх мэдүүлэг /хх-50-51/,

3.Гэрч Т.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2016 оны 3 дугаар сарын 11-ний орой 19 цагийн орчим би Мана бэлдмэл эмийн санд байж байтал гэнэт гадаа чимээ гарахаар нь очоод харах гэсэн чинь манай эмийн сангийн гадна хаалгыг машин зүүн хойд хэсгээрээ шүргээд зогсчихсон байсан. Би тухайн үед гараагүй байж байгаад сүүлд нь гараад харахад ослын улмаас эмийн сангийн гадна хаалга цоожлогдохгүй мөн урд талын хашааны хайс төмөр нь доогуураа салсан, хашааны суурь блок нь хагарч бутарсан байдалтай байсан. Маргааш нь осол гаргасан гэх жолооч ирээд хашааны хайс төмөр, суурь блокийг янзлаад эмийн сангийн хаалгыг шинээр сольж учирсан хохирлоо бүрэн барагдуулж өгөөд явсан. Манай байгууллагаас тухайн үед эвдрэл хохиролын үнэлгээ хийлгээгүй. МД хүнсний дэлгүүрт эвдрэл гэмтэл учраагүй. Мана бэлдмэл эмийн сан болон МД хүнсний дэлгүүр нь Сүрэнрагчаа гэдэг хүний эзэмшлийнх...” гэх мэдүүлэг /хх-53-54/,

4.Гэрч Ч.Сүрэнрагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 31 дүгээр гудамжны 31 тоот хашаанд байрлах 8 нэрийн хүнсний дэлгүүр нь миний эзэмшлийнх. Гэхдээ манай дүү Ариунболдын нэр дээр байдаг. ...2016 оны 3 дугаар сарын 11-ний орой манай дэлгүүрийн гадна талын нүүрний хашааг нэг суудлын автомашин нурааж, эвдрэл учруулсан боловч жолооч нь хашааг завсарласан байгаа. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-59/,

5.Гэрч Б.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Анх хэргийн газарт очоод, дэлгүүрийн камераас осол болсон бичлэг үзээд А1 үсгээр автомашин зорчих хэсгээс анх гарсан цэг, А2 үсгээр автомашин анх хүн мөргөсөн цэг, Б1 үсгээр хүн унасан цэг, Б2 үсгээр автомашин Мана бэлдмэл эмийн сангийн хаалгыг мөргөсөн гэх цэг, В үсгээр үл хөдлөх цэг буюу МД хүнсний дэлгүүрийн хаалгаар авсан. Дээрх цэгүүд нь камерт бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-65/,

6.Шүүх эмнэлгийн өвчний түүхээр гаргасан 3622 дугаар актын дүгнэлтэд:

а. Цэрэндуламын биед аарцаг ясны умдаг, суудал ясны далд хугарал, баруун түнхний үе орчмын зөөлөн эдийн няцрал, толгойн үстэй хэсэгт шарх, цээжинд зулгаралт гэмтэл учирчээ.

 б.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 в. Ээрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

г.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-67/,

7.Авто тээврийн үндэсний төвийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4/628 тоот албан бичигт:

 “...Уг тогтоолд тусгагдсан тээврийн хэрэгсэл нь асах, хөдлөх боломжгүй байгаа нь шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага хангахгүй байна...” гэжээ /хх-75/,

8.Техникийн шинжээчийн 257 тоот дүгнэлтэд:

а.Тоёото Приус маркийн 34-45 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ж.Батсайхан нь Замын хөдөлгөөний дүрмийн “2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, “9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

б.Явган зорчигч С.Цэрэндулам нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

в.Автотээврийн үндэсний төвийн 4/628 тоот дүгнэлтэнд Тоёото Приус маркийн 34-45 УБӨ улсын дугаартай автомашиныг асахгүй, хөдлөх боломжгүй, оношлогоо хийлгэх боломжгүй байх тул тухайн тээврийн хэрэгслийн техникийн байдал осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй гэж дүгнэлтийг гаргасан байна.

г. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна” гэжээ  /хх-77-78/,

9. Ж.Батсайханы  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...Би 2016 оны 3 дугаар сарын 11-ний 19 цагийн үед орой ажлаа тараад, ажлын газрын Жаргалсайхантай нийлээд 0,5 л архи дэлгүүрээс аваад, манай гэрийн үүдэнд ирээд, машин дотроо хувааж уугаад Жаргалсайхан явсан. Би машинаа гэр рүү оруулах гэж байтал утсаар хуурай ах /танил ах/ Найдансүрэн “машинаа өгч байгаач” гэхээр нь би зөвшөөрөөд Найдансүрэн ах руу машинаа бариад, 6 настай охин Отгонжаргалын хамт явсан. ...Би гудамжаар явж байгаад, төв зам уруу орж байтал төв зам дээр миний зүүн гар талаас 5-6 насны жоохон охин хүүхэд ганцаараа урдуур гүйхээр нь хурдаа хасаад зүүн гар тийшээ дараад гарах гэж байгаад сандраад зүүн дарж чадалгүй чигээрээ зам уруу гараад, дэлгүүрээс гарч байсан хүнийг мөргөөд, улмаар дэлгүүрийн хашааг мөргөөд зогссон. Тэгээд машинаасаа буугаад иртэл эргүүлийн хэв журмын нэг цагдаа гүйгээд ирсэн. ...намайг согтуурлын багажаар шалгасан, 2.25 хувь гарч байсан. ...Би осол гаргасны маргааш өглөөнөөс нь эхлээд дэлгүүрийн хашааг шинээр бариад, эмийн сангийн хаалгыг янзалсан, ойролцоогоор 100.000 гаран төгрөг болсон. Дэлгүүрийн эзэн, эмийн сангийн эзэн нарыг гомдолгүй болгосон. Би хохирогчийг шинжилгээ хийлгэх хэрэгтэй байна гэхээр нь шинжилгээнүүдийг нь хийлгэсэн, мөн хэрэгтэй эм тариаг авч өгсөн, Гэмтлийн эмнэлэгт 3 хоног хэвтээд гараад ирэхэд хувийн эмнэлэгт 10 хоног хэвтүүлсэн. Ойролцоогоор 500.000 гаран  төгрөг гаргасан. Бэлнээр эхлээд 300.000 төгрөг, дансаар 1.200.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-92-94/,

10. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-4-8/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-10/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-12/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-13/, Ж.Батсайханы иргэний үнэмлэхийн хуулбар /хх-23/, автомашинд үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-24-26/, мөрдөн байцаагчийн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-27-28/, CD-ны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-30/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-34/, автомашины үнэлгээ /хх-35/, эд зүйлийн үнэлгээ, зураг /хх-70/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-95-97/, Ж.Батсайханы ажил байдлын тодорхойлолт /хх-98/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-99/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-110/, хохирогч С.Цэрэндуламд гаргасан нийт зардлыг тооцоолсон дүн баримт /хх-141-144/, хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэл /хх-145, 146/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн шинэ баримтууд зэргийг шинжлэн судлав.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн осол хэргийн газрын бичлэг бүхий СД ширхгийг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талууд үзэж шинжлэн судлах шаардлагагүй, СД-нд үзлэг хийсэн тэмдэглэлийг уншиж судлуулах санал гаргасан тул уг бичлэгийг үзэж шинжлэн судлаагүйг дурдах нь зүйтэй.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Ж.Батсайхан нь 2016 оны 03 дугаар сарын 11-ний орой 19 цаг 24 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны сити шоп автобусны буудлын хажуугийн замд Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчин Тоёото Приус маркийн 34-45 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явж, мөн дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж улмаар замын зорчих хэсгээс гарч, явган зорчигч С.Цэрэндуламыг мөргөж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 31 дүгээр гудамжны 31 тоот хашааны хайс төмөр, хашааны суурь блок, “Мана бэлдмэл” эмийн сангийн бүргэд хаалга зэргийг эвдэлж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Батсайханыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.Батсайхан урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д “тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд ялгүй болно” гэж зааснаар дээрх хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Ж.Батсайханыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч С.Цэрэндулам нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол гэж нэхэмжилж, шүүгдэгч Ж.Батсайханаас мөрдөн байцаалтын шатанд 2.953.750 төгрөг, шүүхийн шатанд 1.150.000 төгрөг, нийт 4.103.750 төгрөг авсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримт болон хэрэгт авагдсан мөнгө хүлээлгэн өгсөн, авсан тухай баримтууд /хх-142,145, 146/ зэргээр тогтоогджээ.

Хохирогч С.Цэрэндулам нь шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ одоогоор нэхэмжлэх зүйлгүй, харин цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой зардлаа тухай бүр гаргаж нэхэмжлэнэ гэх тул хохирогч нь тус хэргийн улмаас эмчилгээ хийлгэхтэй холбоотойгоор гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Ж.Батсайханыг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг бүрэн барагдуулсан гэж үзэх  боломжгүй байна.

Харин шүүгдэгч Ж.Батсайханы хувийн байдал, хохирогч С.Цэрэндуламд хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлыг харгалзан түүнд хуульд заасан баривчлах ялыг оногдуулж шийдвэрлэх зохимжтой гэж дүгнэлээ.

 Хэрэгт хураагдаж ирсэн Ж.Батсайханы В ангиллын 187556 дугаар жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, Ж.Батсайханы эзэмшлийн Toyota prius маркийн 34-45 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн уг зам тээврийн ослын бичлэг бүхий СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 34-45 УБӨ улсын дугаартай Тоёота приус маркийн тээрийн хэрэгслийн гэрчилгээ шүүхэд ирээгүй, Ж.Батсайхан цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.  

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Жанцангийн Батсайханг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батсайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батсайханд оногдуулсан 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Батсайхан нь хохирогч С.Цэрэндуламд хохирол төлбөрт 4.103.750 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.Цэрэндулам нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдуулан гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Ж.Батсайхан цагдан хоригдсон хоноггүй, 34-45 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Ж.Батсайханы эзэмшлийн Toyota Prius маркийн 34-45 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Ж.Батсайханы В ангиллын 187556 дугаар жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт шилжүүлсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Ж.Батсайханд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

10. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ж.Батсайханы батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Батсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.АЛТАНЦЭЦЭГ