Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1992

 

      М дээд сургууль, Д.Г, Ч.Н нарын

     нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01263 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М дээд сургууль, Д.Г, Ч.Н нэхэмжлэлтэй

Хариуцагч “В х” ХХК-д холбогдох

Барилга нураалгах тухай нэхэмжлэлтэй,

Бохирын шугамыг өөрсдийнх нь зардлаар нүүлгэн шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М

Хариуцагчийн өмгөөлөгч Г.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

Нэхэмжлэгч М дээд сургууль болон Д.Г, Ч.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт 18 дугаар дунд сургуулийн урд талд Монгол дээд сургуулийн захиалга, санхүүжилтээр багш ажилчдын 72 айлын орон сууцыг /53 дугаар байр/ барьж, 2015 оны 01 дүгээр сарын 19-нд улсын комисс хүлээн авсан. Тус барилгын гадна бохирын шугам ба сантехникийн узелийг орон сууцны конторт хүлээлгэж өгөөгүй тул М дээд сургууль эзэмшиж, засвар, зардлыг нь хариуцаж байна. Узель дэх насосуудын ажилладаг цахилгааны төлбөр, сантехникчийн цалинг, оршин суугчдын хэрэглэсэн уснаас үлдсэн усны төлбөрийг байгууллагын үнэ тарифаар буюу илүү үнээр бодож, борлогдоогүй үлдсэн байрнуудын СӨХ, дулааны төлбөрийг М дээд сургууль төлж байна. Эдгээр нөхцлийн улмаас М дээд сургууль шүүхэд нэхэмжлэгчийн нэг байх үндэслэлтэй. Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт, гадаад хэлний 18 дугаар сургуулийн өмнө баригдсан М дээд сургуулийн багш ажилчдын байрны бохир ус татан зайлуулах шугамын хажууд “В х” компани барилга барьж эхэлсэн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 20-ны шөнө барилгын шалыг цутгаснаар тус барилга манай бохирын шугамны хамгаалалтын бус рүү 3 метр орчим гүнзгий орж буюу хууль зөрчин, бидэнд хохирол учруулан баригдаж байна. “В х” компани, барилгын зураг зурсан компани, мэргэжлийн хяналтын зарим байцаагч нар бохирын шугамаас 3 метрээс дээш зайтай бол барилга байгууламж барьж болно гэсэн 2002, 2004 оны холбогдох яамны сайдын тушаалын хавсралтаар баталсан журмыг баримталсан. Гэтэл 2011 оны Хот суурины ус хангамж, ариутгах татуургын тухай ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14 дэх хэсэгт барилга, байгууламж барихыг зөвшөөрөх зайг 6 метр болгосон. Иймд 2002-2004 онуудад сайдын гаргасан норм, дүрэмд заасан зайг 2011 онд өөрчилчихөөд байхад хуучин норм дүрэм баримтлана гэдэг нь хууль зөрчсөн явдал гэж үзэж байна. Тодруулбал, машин зам хаахгүйгээр бохирын шугамдаа засвар үйлчилгээ хийх боломжгүй. Ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан явган хүний зам барих боломжгүй, машин зам хоёр урсгалтай байх боломжоо аллаж нэг урсгалтай болж, машин орж гарахад хүндрэл учруулж, өндөо барилга баригдаж байгаа тул урагшаа харсан цонхтой 18 айл нар үзэх боломжгүй байна. Засгийн газар хууль хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй тул хуультай зөрчилдсөн, өмнө нь гаргасан дүрэм журмыг баримтлах ёсгүй юм. Хуулийн заалтыг баримталж шийдвэр гаргана гэж итгэж байна гэжээ.

         Хариуцагч “В Х” ХХК-ийн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 282 м.кв талбай бүхий орон сууцны барилгын суурийг эзэмшил газрын хамт Т.Баатараас 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Барилгын суурь худалдах, худалдан авах гэрээ” байгуулан худалдан авсан болно.Тус 24 айлын орон сууцны барилгын суурь 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр олгогдсон 31/2008 тоот “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-тэй “Өрнөл проект” ХХК-ийн боловсруулсан зураг төслөөр, “Бул Бул” ХХК-ийн захиалгаар баригдсан бөгөөд суурийг хийгээд санхүүжилтийн асуудлаас болж түр зогссон барилга юм. Манай барилгын суурь 2008 онд баригдсан байтал Монгол дээд сургуулийн багш ажилчдын 72 айлын орон сууцны барилга 2013 онд баригдаж эхлэн, 2015 онд ашиглалтанд орсон. 2013 онд Ус сувгийн удирдах газар Монгол дээд сургуулийн барилгад техникийн нөхцөл олгохдоо 24 айлын орон сууцны барилгын суурийн өмчлөгч болох манай компанид мэдэгдэлгүйгээр 225/04 дугаартай техникийн нөхцөл олгосныг тухайн үед мэдээгүй. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Батбаяр 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 02-07-095/859 тоот дүгнэлт гаргаж, М дээд сургуулийн багш ажилчдын орон сууцны барилгын бохир усны гадна цуглуулах шугамыг “В х” ХХК-ийн барилгын сууриас 2 метр орчим зайд угсарсан нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” БНбД 20-01-04-ийн 14 дүгээр хүснэгт “өөрийн урсгалтай ариутгах татуургын шугам хоолой барилга байгууламжийн суурь хүртэл хэвтээгээр 3 метр” гэснийг, “Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 “Хотын доторх.., шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвастай байна.”, “Барилгын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 “...зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй” гэж заасныг зөрчиж, ашиглалтын шаардлага хангаагүй гэж дүгнэлт гаргасан.

М дээд сургууль 2013-2015 онд орон сууц барьж ашиглалтанд оруулахдаа  орон сууцны барилга руу оруулсан бохирын шугамыг манай барилгын сууриас 2 м орчим зайтай хийсэн нь Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7, 17.14 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд М дээд сургууль хууль зөрчин манай барилгын суурийг баригдсанаас хойш 5 жилийн дараа бохирын шугам хийсэн мөртлөө компанийн барилгын суурийг буулгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч “В Х” ХХК-ийн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Манай барилгын суурь М дээд сургуулийн орон сууцны барилга баригдахын өмнө хийгдсэн бөгөөд Ус сувгийн удирдах газрын 2002 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №2/130 тоот техникийн нөхцөл, Барилга угсралтын ажлын /иж бүрнээр/ эхлэх, үргэлжлүүлэх 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 31/2008 дугаар зөвшөөрлүүдийг холбогдох байгууллагуудаас авсан. Гэтэл М Дээд сургууль 2013-2015 онд орон сууц барьж ашиглалтад оруулсан бөгөөд ингэхдээ орон сууцны барилга руу оруулсан бохирын шугамыг мана барилгын сууриас 2 м зайтай хийсэн нь Хот суурины усан хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь хэсэгт “хотын доторх шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна”, гэж, мөн хуулийн 17.14 дэх хэсэг “бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж шугам сүлжээ барихыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж, компанийн эрх ашгийг хохироож байна. Иймд манай компанийн барилгын сууриас 2,7 м зайтай хийгдсэн М дээд сургуулийн барьсан орон сууцны барилгын бохирын шугамыг өөрсдийнх нь зардлаар нүүлгэн шилжүүлүүлэх, Ус сувгийн удирдах газраас Монгол дээд сургуульд олгосон 225/04 тоот техникийн нөхцлийг хүчингүй болгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

          Нэхэмжлэгч М дээд сургуулийн төлөөлөгч Н.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:     Өмнө нь “Бул бул” ХХК газрын зөвшөөрөлгүй 6 давхар барилга эхлүүлээд, ажлаа зогсоосон байсан. 2014 оны 9 дүгээр сарын 25-нд 5/6529 тоот мэдэгдлийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас “В х” ХХК-д өгч, эзэмшүүлсэн 282 м.кв газраас хэтрүүлэн барилга, хашаа барьж хууль зөрчснийг тогтоосон. Манай барилгыг улсын комисс 2015 оны 01 дүгээр сарын 19-нд ашиглалтанд хүлээн авсан. Гэтэл “В х” компани 2015 оны 9 дүгээр сард 282 м.кв газраа 580 м.кв болгож өргөтгөж авсан юм. Иймд өмнө баригдсан бохирын шүгамд зохицож “Вест хилл” компани барилгаа барих ёстой юм. Манай бохирын шугам “В х” компаний 282 кв метр газраас 7 метрийн зайтай тул ямар ч хууль дүрэм зөрчөөгүй. Манай бохирын шугам зөрчилгүй тул улсын комисс хүлээн авсан. Манай шугам зөрчилтэй байсан бол “В х” компани манай барилга барьж эхлэх үеэс гомдол гаргаж болох байсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар М дээд сургууль болон Д.Г, Ч.Н нарын нэхэмжлэлтэй хариуцагч “В х" ХХК-д холбогдох хууль зөрчин барьж эхэлж буй барилгыг нураалгахыг хүссэн, хариуцагч “В х” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэгч М дээд сургуульд холбогдох бохирын шугамыг өөрсдийнх нь зардлаар нүүлгэн шилжүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М дээд сургууль, Ч.Г, Д.Н нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч “В х” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “В х” ХХК-ийн барилгын хуучин суурийг хэн, хэзээ хуулийн дагуу барьсан гэдгийг тогтоогоогүй байхад тэр суурьд манай бохирын шугам ойртож барьсан гэж буруутгах үндэслэл байхгүй. Тус компани энэхүү суурийг барих зөвшөөрөлтэй байсан гэдгийг батлахын тулд шүүхэд гаргаж өгсөн "Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл"  холбогдох баримт бичгийн бүрдэлгүй уг зөвшөөрлийн эх хувь нь завсартай байна. 2008 оны бичвэр өнөөдөр бичсэн юм шиг хатаагүй, зөвшөөрлийн өмнөх хуулбар, эх хувийн цаасны фон зөрж байна. Үүнийг хуурамч нотлох баримт гэж цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Гэтэл энэ эрүүгийн хэрэг шийдэгдээгүй байхад шүүх хуралдааныг явуулж хууль зөрчсөн үйлдэл болсон. Шүүх хуралдаан дээр “В х” ХХК-ийн гаргаж өгсөн нотлох баримтыг шинжлэн судлаагүй. Шүүх нотлох баримтыг Цагдаагийн байгууллага шалгахаар хавтаст хэргээс авсныг мэдсээр байж лавлагаа авалгүй шүүх хуралдаан хийсэн нь алдаа юм. Шүүх хуралдаан болох үед хариуцагч байгууллагын барилгын ажил эхлэх зөвшөөрлийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар буцаагаад хураан авсан байсан. Үүнийг өмнөх хуралдаан дээр хэлсэн боловч шүүх анхаарсангүй. Мэргэжил Хяналтын Ерөнхий газрын гаргасан шийдвэр алдаатай байсан учир бид Шадар сайд, Ерөнхий сайдад хандсан одоо ч шалгалт дуусаагүй байна. Тухайн байранд оршин суудаг 3 иргэн гомдол гаргасан байхад шүүгч бусад оршин суугчдыг шүүхэд төлөөлөх эрх бүхий этгээд болох нь баримтаар тогтоогдоогүй гэсэн нь алдаатай болжээ. Мэргэжил Хяналтын Ерөнхий газрын дүгнэлт алдаатай байгааг шалгуулж байгаа болно. Манайх худгаа шилжүүлж барих талаар Ус сувгийн удирдах газраас зөвшөөрөл авсан байхад түүнийг шалгахгүй дүгнэлт гаргасан нь алдаатай юм.

Бохирын шугам зургаасаа шилжиж барьсан гэдэг нь алдаатай бөгөөд зургийн зохиогч үүнийг батлахгүй. Үүнийг ямар ч байгууллага хэмжиж тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байгааг Цагдаагийн байгууллага шүүхэд мэдэгдэнэ гэсэн тул бид шүүх хүралдаан хойш лоно гэж тооцоолоод хуралдаанд очоогүй. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “В х” ХХК хууль зөрчин сууриа шилжүүлэн барьж байгааг зогсоох шаардлагыг 2017 оны 7 дугаар сарын 20-нд өгсөн тул барилгын ажлыг зогсоож өгнө үү. Мэргэжил Хяналтын Ерөнхий газрын дүгнэлт ч “В х” ХХК барилгын шинэ сууриа хууль зөрчин шилжүүлж барьж тогтоосныг шүүх анхаарч үзсэнгүй. Бохирын шугам зургаасаа шилжсэн эсэхийг мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэхээр шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.

Нэхэмжлэгч М дээд сургууль, Д.Г, Ч.Н нар хариуцагч “В х" ХХК-д холбогдуулан барилга нураалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, бохирын шугамыг өөрсдийнх нь зардлаар нүүлгэн шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архиваас 2008 онд Булбул ХХК-д олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон улаан шугам тавьсан актууд зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч нарт 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс хойш хэрэгт авагдсан 10 хуудас нотлох баримтуудыг танилцуулаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмыг анхан шатны шүүх хангаагүй хэрэгжүүлээгүй байна. / 1 хав 200/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Д нь шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэж гомдол гаргасан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд тэрээр оролцсон байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй. Түүнчлэн зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь тус маргаантай холбоотой хуурамч нотлох баримтыг шалгаж байгаа эрүүгийн хэрэг шийдэгдээгүй байхад шүүх хуралдааныг хийсэн, холбогдох нотлох баримтуудыг гаргуулаагүй нь хууль зөрчсөн гэх гомдол гаргасан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул гомдлын энэ хэсэг үндэслэлгүй.

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эрх зүйн дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01263 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М дээд сургуулиас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгожp, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                            Г.ДАВААДОРЖ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА