Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 1263

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2017/01263

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, МДС-ийн байр, 33 байранд байрлах Монгол дээд сургууль,

Нэхэмжлэгч:  Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 53 байр, 40 тоотод оршин суух Боржигон овогт Долгорын Ганболд /РД:ШЗ75010110/,

Нэхэмжлэгч:  Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 53 байр, 45 тоотод оршин суух  Найман овогт Чимидбазарын Нэргүй /РД:ТЖ82010601/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, UB  март худалдааны төв, 5 давхар 510 тоотод байрлах  “Вест Хилл” ХХК-д холбогдох,

Хууль зөрчин барьж эхэлж буй барилгыг нураалгахыг хүссэн,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, UB  март худалдааны төв, 5 давхар 510 тоотод байрлах  “Вест Хилл” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, МДС-ийн байр, 33 байранд байрлах Монгол дээд сургуульд холбогдох

Бохирын шугамыг өөрсдийнх нь зардлаар нүүлгэн шилжүүлэх тухай иргэний  хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Г.Урантогос /ШТЭҮ-1006/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.    

                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Монгол дээд сургууль болон Д.Ганболд, Ч.Нэргүй нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт 18-р дунд сургуулийн урд талд Монгол дээд сургуулийн захиалга, санхүүжилтээр багш ажилчдын 72 айлын орон сууцыг /53-р байр/ барьж, 2015 оны 1-р сарын 19-нд улсын комисс хүлээн авсан юм.Тус барилгын гадна бохирын шугам ба сантехникийн узелийг орон сууцныконторт хүлээлгэж өгч амжаагүй байгаа тул Монгол Дээд сургууль эзэмшиж, засвар, зардлыг нь хариуцаж байна. Узель дэх насосуудын ажилладаг цахилгааны төлбөрийг Монгол Дээд сургууль төлж байна. Сантехникч ажиллуулж цалинг нь Монгол Дээд сургууль төлж байна. Оршин суугчдын хэрэглэсэн уснаас үлдсэн усны төлбөрийг байгууллагын үнэ тарифаар буюу илүү үнээр бодож Монгол Дээд сургууль төлж байна. Борлогдоогүй үлдсэн байрнуудын СӨХ, Дулааны төлбөрийг Монгол Дээд сургууль төлж байна.Эдгээр нөхцлүүдийн улмаас Монгол дээд сургууль шүүхэд нэхэмжлэгчийн нэг байх үндэстэй юм.

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутагт, гадаад хэлний 18-р сургуулийн өмнө баригдсан Монгол Дээд сургуулийн багш ажилчдын байрны бохир ус татан зайлуулах шугамын хажууд “Вест хилл” компани барилга барьж эхэлсэн бөгөөд 2016 оны 10-р сарын 20-ны шөнө барилгын шалыг цутгаснаар тус барилга манай бохирын шугамны хамгаалалтын бус рүү 3 метр орчим гүнзгий орж буюу хууль зөрчин, бидэнд хохирол учруулан баригдаж буй нь тодорхой болов. “Вест хилл” компани, барилгын зургийг зурсан компани, мэргэжлийн хяналтын зарим байцаагч нар бохирын шугамаас 3 метрээс дээш зайтай бол барилга байгууламж барьж болно гэсэн 2002, 2004 онуудад холбогдох яамны сайдын тушаалын хавсралтаар баталсан журмыг буюу “Хот төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” /БНбД 30.01,02-ийн 7.10 дугаар заагдсан шаардлагыг/ баримталсан гэж байгаа юм.Гэтэл 2011 онд онд УИХ-аар батлагдсан “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын тухай ашиглалтын тухай хуулийн /17.14/ “ бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно гэж барилга, байгууламж барихыг зөвшөөрөх зайг 3 метр байсныг 6 метр болгосон юм.Энэ 3 метр зай амьдралд нийцэхгүй байсан тул экскватор явах, шороо овоолох талбайтай болгож өөрчилсөн юм.

Иймд 2002-2004 онуудад сайдын гаргасан норм, дүрэмд заасан зайг 2011 онд УИХ хууль гаргаж өөрчилчихөөд байхад хуучин норм дүрэм баримтлана гэдэг бол хууль зөрчсөн явдал гэж үзэж байна. Эдгээр хүмүүсийн алдаатай шийдвэрийн талаар бид дээд шатны байгууллага болон Авлигатай тэмцэх газарт тус тус хандаад байна.3 метр зайд барилга барьсанаар бидэнд учирч буй гэм хор:

1.Машин зам хаахгүйгээр бохирын шугамдаа засвар үйлчилгээ хийх боломжгүй болж байна. Тодруулбал, экскватор явах ухсан шороо овоолох гэх мэт талбайгүй болж байна.

2.Ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан явган хүний замыг барих боломжгүй болж байна.

3.Машин зам хоёр урсгалтай байх боломжоо алдаж нэг урсгалтай болж, машинууд орох гарахад хүндрэл учирж байна.

у

 

4.Өндөр барилга барьж буй тул урагшаа харсан цонхтой 18 айлын нар үзэх боломжийг хааж байна. Засгийн газар хууль хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй тул хуультай зөрчилдсөн, өмнө нь гаргасан дүрэм журмыг баримтлах ёсгүй юм.Төрийн албан хаагчид, шүүгчид хууль сахиулах үүрэг, тангарагтай тул хуулийн заалтыг баримтлаж шийдвэр гаргана гэж итгэж байна гэжээ.

 

           Хариуцагч “Вест Хилл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баттогтох шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

           Манай компани нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт 282 мкв талбай бүхий орон сууцны барилгын суурийг эзэмшил газрын хамт иргэн Т.Баатараас 2009 оны 12-р сарын 11-ний өдөр “Барилгын суурь худалдах, худалдан авах гэрээ” байгуулан худалдан авсан бөгөөд тус барилгын суурь нь манай компанийн өмч болно.Тус 24 айлын орон сууцны барилгын суурь 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр олгогдсон 31/2008 тоот “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-тэйгээр Өрнөлпроект ХХК-ийн боловсруулсан зураг төслөөр, Бул Бул ХХК-ийн захиалгаар баригдсан бөгөөд суурийг хийгээд санхүүжилтийн асуудлаас болон түр зогссон байсан барилга юм.Манай барилгын суурь 2008 онд баригдсан байтал Монгол дээд сургуулийн багш ажилчдын 72 айлын орон сууцын барилга нь 2013 онд баригдаж эхлэн, 2015 онд ашиглалтанд орсон байдаг.Тухайн үед буюу 2013 онд Ус сувгийн удирдах газар нь Монгол дээд сургуулийн барилгад техникийн нөхцөл олгохдоо барилгын норм дүрэм, холбогдох хуулийн заалтыг үнэслэн олгох ёстой байтал 24 айлын орон сууцны барилгын суурийн өмчлөгч болох манай компанид огт мэдэгдэлгүйгээр 225/04 дугаартай техникийн нөхцөл олгосныг бид тухайн үед мэдээгүй бөгөөд үүнийг манай зүгээс хууль зөрчиж олгосон гэж үзэж байна.Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Батбаяр 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02-07-095/859 тоот дүгнэлт гаргаж, “Монгол дээд сургуулийн багш ажилчдын орон сууцын барилгын бохир усны гадна цуглуулах шугамыг “Вест хилл”ХХК-ийн барилгын сууриас 2 метр орчим зайд угсарсан нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” БНбД 20-01-04-ийн 14 дүгээр хүснэгт “өөрийн урсгалтай ариутгах татуургын шугам хоолой /ахуйн ба борооны усны/ барилга байгууламжийн суурь хүртэл хэвтээгээр 3 метр” гэснийг, “Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 “Хотын доторх..., шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвастай байна.”, “Барилгын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 “...зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй,” заалтуудыг тус тус зөрчиж, ашиглалтын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гаргасан болно.

           Монгол дээд сургууль нь 2013-2015 онд орон сууц барьж ашиглалтанд оруулсан бөгөөд ингэхдээ орон сууцны барилга руу оруулсан бохирын шугамыг манай барилгын сууриас 2 м орчим зайтайгаар хийсэн нь “Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 “Хотын доторх .., шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.14 дэхь “бохир ус татан зайлуулах шугамны тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн юм.

          Иймд Монгол дээд сургууль өөрөө хууль зөрчин манай барилгын суурийг баригдсанаас хойш 5 жилийн дараа, бохирын шугам хийсэн мөртлөө манай компанийн барилгын суурийг буулгуулах талаар гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

           Хариуцагч “Вест Хилл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баттогтох шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

           Манай компани нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт 282 мкв талбай бүхий орон сууцны барилгын суурийг 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Барилгын суурь, худалдах худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан юм. Бид өөрсдийн эзэмшил газар дээрээ зориулалтын дагуу үйлчилгээнтэй орон сууцны барилга барихаар төлөвлөж холбогдох байгууллагуудаас зохих зөвшөөрлүүдийг аван ажиллаж байна.

Манай барилгын суурь нь Монгол Дээд сургуулийн орон сууцны барилга баригдахын өмнө хийгдсэн бөгөөд Ус сувгийн удирдах газрын 2002 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №2/130 тоот техникийн нөхцөл, Барилга угсралтын ажлын /иж бүрнээр/ эхлэх, үргэлжлүүлэх 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 31/2008 дугаар зөвшөөрлүүдийг холбогдох байгууллагуудаас авч байсан юм. Гэтэл Монгол Дээд сургууль 2013-2015 онд орон сууц барьж ашиглалтад оруулсан бөгөөд ингэхдээ орон сууцны барилга руу оруулсан бохирын шугамыг мана барилгын сууриас 2 м зайтайгаар хийсэн нь “Хот суурины усан хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 “хотын доторх шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.14 дэх “бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж шугам сүлжээ барихыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, манай компанийн эрх ашгийг хохироож байна.

             Иймд 1.“Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хууль зөрчиж, өмнө баригдсан байсан манай компанийн барилгын сууриас 2,7 м зайтай хийгдсэн Монгол дээд сургуулийн барьсан орон сууцны барилгын бохирын шугамыг өөрсдийнх нь зардлаар нүүлгэн шилжүүлүүлэх,

2.Ус сувгийн удирдах газраас Монгол дээд сургуульд олгосон 225/04 тоот техникийн нөхцлийг хүчингүй болгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Монгол Дээд сургуулийн захирал Н.Дашзэвэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

            “Вест хилл” компани нь барилгын зураг, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, энэ барилгыг барих үеийн газар эзэмших гэрчилгээгээ хавсаргаагүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй буюу үндэслэл, нотлох баримтгүй нэхэмжлэл гаргажээ. Өмнө нь Бул бул компани газрын зөвшөөрөлгүй 6 давхар барилга эхлүүлээд, ажлаа зогсоосон байсан юм. 2014 оны 09-р сарын 25-нд 5/6529 тоот мэдэгдлийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас “Вест хилл” компанид өгч, эзэмшүүлсэн 282 мкв газраас хэтрүүлэн барилга, хашаа барьж хууль зөрчсөнийг тогтоосон юм. Манай барилгыг улсын комисс 2015 оны 1-р сарын 19-нд ашиглалтанд хүлээн авсан /хуулбарыг хавсаргасан/ гэтэл “Вест Хилл” компани 2015 оны 9-р сард 282 мкв газраа 580 мкв болгож өргөтгөж авсан юм. Иймд өмнө баригдсан бохирын шүгамд зохицож “Вест хилл” компани барилгаа барих ёстой юм. Манай бохирын шугам “Вест хилл” компаний 282 кв метр газраас 7 метрийн зайтай байгаа тул ямар ч хууль дүрэм зөрчөөгүй. Ийм учраас бүх зөвшөөрөл өгсөн болно. Манай бохирын шугам зөрчилгүй тул улсын комисс хүлээн авсан. Энэ нь бүх зөвшөөрөл зөв байсан гэсэн үг болно. Манай шугам зөрчилтэй байсан бол “Вест Хилл” компани манай барилга барьж эхлэх үеэс гомдол гаргаж болох байсан гэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани 2009 оны сүүлээр уг барилгын суурийг худалдаж авсан бөгөөд худалдаж авахад барилга барих зөвшөөрөлтэй байсан. Тиймээс ажлын зургийг оруулсан ажлын зөвшөөрлийг авч хуульд заасны дагуу барилгын ажлыг явуулж байсан учраас нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн захирал нь хуулийг буруу ойлгосон байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь багш ажилчдын орон сууц гэж ярьдаг боловч өөрийнх нь газартай холбоотой эзэмшил газар байдаг бөгөөд барилгын тухай хуулиар 70 хувиас хэтрэхгүй гэж байдаг байхад 92 хувьд нь төлөвлөсөн. Техникийн нөхцлийн дагуу шугам сүлжээг хийхдээ батлагдсан зураг төслийн дагуу хийх ёстой байсан боловч батлуулсан зургаасаа зүүн тийш буюу хариуцагч талруу 2 метр шилжүүлж хийсэн. 2008 онд “Бул Бул” ХХК зөвшөөрөлгүй барьсан барилгын суурь гэж байгаа боловч 1993 оны Ардын хурлын шийдвэрээр “Бул Бул” ХХК албан ёсны эрхтэйгээр эзэмшиж байгаад өөрсдөө зураг төслийг хийж 2008 онд бүх зөвшөөрлийг авч хийгдсэн барилгын суурь байдаг. Энэ нь манай байгууллага барилгын суурийг аваагүй байсан үе, тиймээс нэхэмжлэгч талаас гүтгэсэн тайлбарыг өгсөн гэж үзэж байна.

Бид хууль бусаар барилга барих гэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч талаас манай барилга барихтай холбоотой олон газар гомдол гаргаж байсан, тиймээс ч манай барилгын ажил удааширсан. Хамгийн сүүлд манай барилгын газар дээр 3 мэргэжлийн газар ирж нэхэмжлэгч болон хариуцагч талыг байлцуулж байгаад хэмжилт хийж дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр бүх зүйл тодорхой гарсан. Гэтэл үндэслэлгүйгээр манай ажлыг гацааж, саад учруулж байгаа бид гомдолтой байна, үүнээс болж бидэнд бас хохирол учирч байгаа. Хамгийн сүүлд хийсэн шалтгалтын дүгнэлтээр нэхэмжлэгч нарын байрны хоорондын суурь нь баруун урд булан нь 15.4м, зүүн нь 15.5м байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь хуулиа буруу ойлгосон байдаг бөгөөд хуульд бохирын усны гаргалгааны шугам нь, цуглуулах шугам нь эхний худгаас бохир ус татан зайлуулах, барилгын ноором дүрэм нь гаргалгааны болон цуглуулах шугам нь 3 метр зайд байна гэж заасан байдаг. Бохир ус татан зайлуулах шугам гэдэг нь барилга барьж байгаад хамаардаггүй. Тиймээс нэхэмжлэгчийн бохирын шугамын бүсэд орж хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч нар нь орох гарах гарц хаасан, нар хаасан гэж байгаа боловч орц, гарц чөлөөтэй байгаа, барилга баригдаагүй учраас нар хаасан гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгчийн барилга нь 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр улсын комисс хүлээж авсан бөгөөд барилгын зураг бохир усны шугамыг уялдуулж хийх ёстой байсан гэдэг нь гадна бохир шугам нь урагш эргэж явж байгаад 4 дүгээр худгаас дамжиж батлагдаж хянагдсан зураг төслөөс, зураг төслийг зөрчиж, хариуцагчийн бохирын шугамын Барилгын 14. 34. 37 дугаар зүйлийг зөрчсөн байна гэж гарсан.Нэхэмжлэгчийн гадна шугам сүлжээний зураг төслийг угсарч гүйцэтгэхээр батлагдсан байхад барилгын сууринаас угсарсан байгаа нь гадна шугам сүлжээний зураг төслийг мөн зөрчсөн гэж үзэж байна. Мөн Нийслэлийн шугам сүлжээний даатгалын тэнхлэгээр 1 блок 9 давхар барилгын зөвшөөрөлтэйгөөр олгогдсон байхад үүнийг зөрчиж баригдсан гэж дүгнэлт гарсан байдаг. Нэхэмжлэгчийн бас нэг зөрчил нь батлагдсан журмын солбилцлоор гүйцэтгэлийн хэмжилтийн журмаар батлагдахад тэнхлэгээр батлагдсан шугамаас баруун хүрдийн дагуу 2 метр шилжиж барьсан байна гэдэг нь батлагдсан. Мөн батлагдсан зургийг хэмжээнээс сольж барилгын суурийг 12х18 хэмжээтэй, суурийн урд баганыг 4.5м, баруун хойд 4.3м, баруун 5.6м хэмжээнээс шилжүүлж суурилуулсан байна гэсэн. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч талын барилга зөрчилтэй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Монгол дээд сургууль болон Д.Ганболд, Ч.Нэргүй нар нь хариуцагч “Вест Хилл” ХХК-нд холбогдуулан хууль зөрчин барьж эхэлж байгаа барилгыг нураалгах, хариуцагч “Вест Хилл” ХХК нь нэхэмжлэгч Монгол дээд сургуульд холбогдуулан бохирын шугамыг өөрсдийнх нь зардлаар нүүлгэн шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Монгол Дээд сургуульд холбогдуулан бохирын шугамыг өөрсдийнх нь зардлаар нүүлгэн шилжүүлэх, Ус сувгийн удирдах газраас Монгол Дээд сургуульд олгосон 225/04 тоот техникийн нөхцлийг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа бохирын шугамыг өөрсдийнх нь зардлаар нүүлгэн шилжүүлэхээр багасгасан болно. /хэргийн 37-р хуудас/

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

                                                             

Нэхэмжлэгч нар нь хариуцагчийг хууль зөрчиж барилга барьж оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, нарны гэрэл үзэх боломжийг хааж, бохирын шугаманд засвар хийх боломжгүй, явган хүний зам барих талбайгүй, машин орох гарахад хүндрэл учруулж байгаа тул баригдаж эхэлж байгаа барилгыг нурааж эрхийг хамгаалж өгнө үү гэсэн.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, оршин суугчдын эрх ашгийг зөрчсөн үйлдэл байхгүй, өөрийн эзэмшлийн газартаа зохих зөвшөөрлийн дагуу батлагдсан зураг төслөөр барилга барих гэж байгаа гэж маргасан.

 

                Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.4-д “энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж заасан байна.

Нэхэмжлэгч Монгол дээд сургууль нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 33-т байрладаг болох нь улсын бүртгэлийн №9025002135 дугаар гэрчилгээгээр, нэхэмжлэгч Ч.Нэргүй нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж 53 байр 45 тоотод, нэхэмжлэгч Д.Ганболд нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж 53 байр, 40 тоотод оршин суудаг болох нь иргэний үнэмлэхний хуулбараар тус тус тогтоогдож байна. /хэргийн 4, 7-8-р хуудас/

Хариуцагч “Вест Хилл” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Чингисийн өргөн чөлөөнд байрлах 18 дугаар сургуулийн урд газарт барилга барихаар төлөвлөж барилгын суурь тавьсан талаараа маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Монгол дээд сургууль нь хариуцагч “Вест Хилл” ХХК-ийн барилгын суурийн хажууд байрлах 72 айлын орон сууцны барилгыг барьсан, уг орон сууцны бохирын шугам сантекникийн узелийг эзэмшиж, засвар зардлыг нь хариуцаж байгаа тул хариуцагчийн барилга нь бохирын шугамтай ойрхон баригдаж хууль зөрчснөөс өөрийн эзэмшлийн сантехникийн шугам, узельд завсар хийх боломжгүй болгосон гэсэн.

Нэхэмжлэгч Ч.Нэргүй, Д.Ганболд нар нь уг 72 айлын орон сууцанд оршин суудаг бөгөөд хариуцагчийн барилга нь явган хүний зам барих боломжгүй болгож, машинуудыг орох гарахад хүндрэл учруулж, урагшаа харсан цонхтой 18 айлын нар үзэх боломжийг хааж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна гэж тайлбарласан.

 

                Хариуцагч нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/776 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 660 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж байх бөгөөд уг газрыг 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Барилгын суурь худалдах, худалдан авах гэрээ”-гээр иргэн Т.Баатараас Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт Чингисийн өргөн чөлөөнд байрлах, 282 м.кв талбай бүхий барилгын суурийг эзэмшил 1140 м.кв газрын хамт 200 000 000 төгрөгөөр худалдан авсан болох нь худалдах, худалдан авах гэрээ, барилгын суурь худалдах худалдан авах гэрээний төлбөр тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна. /хэргийн 31-33, 205-208-р хуудас/

                Хариуцагчийн худалдан авсан барилгын суурь нь 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №31/2008 тоот Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөөр 24 айлын орон сууц, 15х24 м зоорьтой 5 давхар цутгамал төмөр бетон каркас хийцлэлтэй барилга угсралтын ажлыг иж бүрнээр нь хийж гүйцэтгэхээр зөвшөөрөл олгогджээ. /хэргийн 34-р хуудас/

                Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №31/2008 тоот Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хуурамч, завсартай гэж маргасан боловч уг зөвшөөрлийн хүчинтэй хугацааг “2008 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал” олгосон бөгөөд хариуцагчид 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 0000167№40/2017 тоот “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг дахин олгосон байх тул нэхэмжлэгч нарын хариуцагчийг хууль бус зөвшөөрөлгүй барилгын ажил явуулж байгаа гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв. /хэргийн 210-р хуудас/

 

                Нэхэмжлэгч Монгол Дээд сургуулиас хариуцагчийн барилгын суурь нь 72 айлын орон сууц болох 53 дугаар байрны бохирын шугамтай ойр баригдсан болох нь “Гурван хорол” ХХК-ийн Бохир усны худаг болон барилгын суурийг хэмжиж хоорондын зайг тодорхойлсон ажлын тайланд “...суурийн гадна талын булан болон бохир усны худгийн төв дээр хүлээн авагчийг байрлуулж дугуй тэгш усыг төвлөрүүлэн антенны өндрийг 2 метр болгон RTK бодит цаг хугацааны хэмжилтээр солбицлын ITRF-97 системд хэмжиж солбицжууллаа. Хэмжилтийн үр дүнд ELKS дэлгүүрийн баруун талын суурь болон бохир усны худаг хоорондын зай 2,17 метрийн зайд байгаа болно” гэсэн дүгнэлт, хэрэгт авагдсан Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газрын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн3/1529 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналын газрын 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 02-07-095/859 албан бичиг, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/276 тоот албан бичиг зэрэг баримтуудаар нотлогдоно гэж тайлбарласан. /хэргийн 17, 35-36, 53, 55-56-р хуудас/

            Гэвч хэрэгт авагдсан 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хяналт шалгалтын 01/40 тоот “Гомдлын мөрөөр шалгасан тухай” танилцуулгад “...бохир усны шугамыг зүүн тийш шилжүүлэн барилгын суурьтай ойртуулан угсарсан байгаа нь хууль зөрчсөн”, мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14-д “бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно” гэснийг зөрчсөн байх боловч энэ нь нэхэмжлэгч Монгол Дээд сургуулийн техникийн нөхцлийг зөрчсөн, буруутай үйл ажиллагаа байсан болох нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хяналт шалгалтын 01/40 тоот танилцуулгаар тогтоогдож байна гэж үзэв. /хэргийн 141-172-р хуудас/

            Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хяналт шалгалтын 01/40 тоот танилцуулгыг эс зөвшөөрч, холбогдох газарт нь гомдол гаргасан гэж тайлбарласан боловч тайлбараа баримтаар нотлоогүй, гомдол гаргасан эсэх талаараа баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

                Нэхэмжлэгч нар нь машины орц, гарц хаасан, явган хүнийг явах боломжгүй болсон, нар үзэх боломжийг хааж эрх зөрчсөн гэсэн боловч эрх зөрчсөн үйлдлийг баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл бусдын өмчид үзүүлж буй бүхий л нөлөөллийг “зөрчил”-д тооцох бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан шаардах эрхийг хэрэгжүүлэгч нь зөвхөн өмчлөгч, хууль ёсны эзэмшигч этгээд байх ёстой бөгөөд нэхэмжлэгч нар нь 18 айлын нар үзэх боломжийг хаасан гэсэн боловч орон сууцны бусад оршин суугчдыг шүүхэд төлөөлөх эрх бүхий этгээд болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

                Мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “хот суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмч байна”, 19.2-д “энэ хуулийн 19.1-д заасан барилга байгууламж, шугам сүлжээ, байгууламжийн ашиглалт, үйлчилгээг зохих тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж болно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Монгол Дээд сургууль нь 53 дугаар байрны бохирын шугам, сантехникийн узелийн ашиглалт, үйлчилгээг хэрэгжүүлж байгаа талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

             Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д заасан “..хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй” гэсэн боловч хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчих ямар үндэслэл байгааг баримтаар нотлоогүй, хариуцагч нь Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй” гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд хариуцагч “Вест Хилл” ХХК нь өөрийн эзэмшлийн газарт зохих байгууллагын зөвшөөрөлтэйгээр, олгогдсон техникийн нөхцлийн дагуу барилгын үйл ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Монгол Дээд сургууль болон Ч.Нэргүй, Д.Ганболд нарын хууль зөрчин барьж эхэлж буй барилгыг нураах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагч “Вест Хилл” ХХК нь нэхэмжлэгч Монгол Дээд сургуульд холбогдуулан тус сургуулийн багш, ажилчдын 53 дугаар байрны бохирын шугамыг өөрсдийнх нь зардлаар нүүлгэн шилжүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, улсын комисс хүлээн авсан тул хууль зөрчөөгүй, бохирын шугам нь хариуцагчийн эзэмшлийн 282 м.кв газраас 7 метр зайтай байрлаж байгаа гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 782 тоот захирамжаар Монгол Дээд сургуульд барилгын зориулалтаар 532 м.кв газрыг эзэмшүүлж, уг газарт Монгол Дээд сургуулийн захиалгаар 2013-2015 онд доороо зоорьтой 9 давхар бүхий 72 айлын орон сууцны барилга баригдаж, 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2015/36 тоот Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын актаар Хан-Уул дүүргийн 3 хороо, Монгол Дээд сургуулийн 12 автомашины дулаан зогсоолтой 72 айлын орон сууцны барилгыг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэж, Монгол Дээд сургуулийн мэдэлд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хэргийн 50-51, 141-143-р хуудас/

Мөн уг орон сууцнаас ахуйн бохир усыг өөрийн урсгалаар нь цуглуулан дамжуулах гадна салбар шугам сүлжээг 4 худаг бүхий ф150 мм-ийн голчтой хуванцар шугамаар угсарч гүйцэтгэсэн бөгөөд №225/04 тоот техникийн нөхцөл олгогдсон байна. /хэргийн 202-р хуудас/

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Хяналт шалгалтын 01/40 тоот “Гомдлын мөрөөр шалгасан тухай” танилцуулгын 6.1 Зай хэмжээг тогтоосон хэмжилтийн дүнгийн талаар, 1-д “тус байрны ахуйн хэрэглээний бохир усыг цуглуулан дамжуулах гадна салбар шугам тэнхлэгээс “Вест Хилл” ХХХ-ийн барилгын шинэ суурийн баруун урд баганын баруун гадна тал хүртлэх зай хэмжээ 3,7 м, барилгын баруун хойд баганы баруун гадна тал хүртлэх зай хэмжээ 3,1 м байна”, 8-д “МДС-ийн 53 дугаар байрны бохир усны байгууллалтыг батлагдсан зургийг 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэсэн хэмжилтийн зурагтай солбицолоор давхцуулахад 53 дугаар байрны бохир ус цуглуулан зайлуулах гадна салбар шугам нь тэнхлэгээрээ батлагдсан зураг төслөөс “Вест Хилл” ХХК-ийн батлагдсан шинэ суурийн баруун урд баганы дагуу 2,4 м, баруун хойд баганы дагуу 2,0 м баруун тийш тус тус газар дээр шилжиж байрласан байна” гэжээ.

Мөн танилцуулгын 8.Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал, шалтгаан зөрчигдсөн хууль тогтоомж дүрэм журам стандартын мөрдөлтийн талаар, 3-д “МДС-ийн орон сууцнаас бохир усыг цуглуулан дамжуулах гадна салбар шугам нь барилгаас гараад 1-р худгаар дамжин урагшаа эргэн явж байгаад 3-р худгаас Хүүхдийн сувилалын барилгын урдуур баруун тийш эргэж яваад 4-р худгаар дамжин цаашаа төвийн бохир усны шугам сүлжээнд холбогдохоор батлагдаж хянагдсан зураг төсөлтэй байхад эрх бүхий байгууллагуудаас албан ёсны зөвшөөрлийг авалгүйгээр зураг төслийг зөрчиж, бохир усны тус шугамын угсралтыг 3-р худгаас ертөнцийн зүгээр зүүн тийш эргүүлэн Вест Хилл ХХК-ийн барилгын суурийн урдуур явуулж байгаад 4 дэх худгийг угсарч цааш нь төвийн бохир усны шугамд холбож угсарсан байгаа нь Барилгын тухай хуулийн 14, 37, 38-р зүйлүүдийн холбогдох заалт, АК 07/03-2013 шифртэй “ус хангамж ариутгах татуургын гадна шугам сүлжээний батлагдсан зураг төсөл, УСУГ-с олгогдсон техникийн нөхцлийн холбогдох заалтуудыг,

Мөн МДС-ийн эрх бүхий байгууллагуудаар баталгаажуулсан /орон сууцны бохир усны гадна шугам сүлжээний зураг төсөлд тус шугам сүлжээг, 2008 онд баригдсан барилгын сууриас 3 метрээс хол зайд авто замын баруун доод хэсэгт угсарч гүйцэтгэхээр төлөвлөсөн байхад угсралтыг нь гүйцэтгэхдээ батлагдсан зураг төсвийг зөрчиж бохир усны шугамыг зүүн тийш шилжүүлэн барилгын суурьтай ойртуулан угсарсан байгаа нь АК 07-03/2013 шифртэй “ус хангам ариутгах татуургын гадна шугам сүлжээний батлагдсан зураг төсөл, УСУГ-с олгогдсон техникийн нөхцлийн холбогдох заалтуудыг” тус тус зөрчсөн байна гэжээ. /хэргийн 153-р хуудас/

Хариуцагч “Вест Хилл” ХХК нь Нийслэлийн засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 782 захирамжаар ХУД-ийн 3 дугаар хороонд 282 м.кв газрыг эзэмшиж байсан боловч 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/776 захирамжаар 660 м.кв газрыг эзэмшиж байгаа болох нь Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн №000316780 тоот гэрчилгээ, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1/350 тоот “...”Вест Хилл” ХХК нь газрын кадастрын мэдээллийн санд 660м.кв талбайтайгаар газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байна” гэсэн албан бичгээр нотлогдож байна. /хэргийн 124-130, 208-р хуудас/

Иймд нэхэмжлэгчийн бохирын шугам нь хариуцагчийн эзэмшиж буй 282 м.кв-с 7 метр зайтай байрлаж байгаа гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан нь тайлбартаа нэхэмжлэгч Монгол Дээд сургуульд олгогдсон техникийн нөхцлийг хүчингүйд тооцуулахаар холбогдох газарт нь гомдол гаргасан гэж тайлбарласан, уг бохирын шугам нь хариуцагчийн барилгын үйл ажиллагааг явуулахад саад болох нөхцөл байдал үүсгэж байгааг баримтаар нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дашзэвэг нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцохдоо мэдэж, хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зурсан, мөн түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяад шүүх хуралдааны товыг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 91118710 дугаарын утсаар мэдэгдсэн боловч товлон зарлагдсан шүүх хуралдаанд хэн аль нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүхэд санал хүсэлт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

                       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлдзаасныг удирдлага болгон 

                ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар Монгол дээд сургууль болон Д.Ганболд, Ч.Нэргүй нарын нэхэмжлэлтэй хариуцагч “Вест Хилл” ХХК-нд холбогдох хууль зөрчин барьж эхэлж буй барилгыг нураалгахыг хүссэн, хариуцагч“Вест хилл” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэгч Монгол Дээд сургуульд холбогдох бохирын шугамыг өөрсдийнх нь зардлаар нүүлгэн шилжүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Монгол Дээд сургууль, Ч.Ганболд, Д.Нэргүй нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч “Вест хилл” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.ХУЛАН