Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2018/ДШМ/82

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 31 өдөр                        

    2018/ДШМ/82                                                                Зуунмод

М.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттай хийсэн шүүх хуралдаанд: 

Прокурор Б.Эрхэмбаяр,

Шүүгдэгч М.М ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,

 Хохирогч М.Цэцэгсүрэн,

Хохирогчийн өмгөөлөгч Я.Батханд,

Нарийн бичгийн дарга Г.Бадам нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргалын даргалж хянан шийдвэрлэсэн, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч М.М-д холбогдох 1708005310477 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг  шүүгдэгч М.М түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М.М , 1986 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, ... цагдаа, зохицуулагч ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар:З..0.

 

  Шүүгдэгч М.М  нь 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын Хүй долоон худаг гэх газарт Наадмын хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн М.Цэцэгсүрэнтэй маргалдан баруун мөр, гар луу нь түлхэж цохьсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 130  дугаар шийтгэх тогтоолоор: 

Шүүгдэгч М.М г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М г торгох ялыг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Шүүгдэгч нь М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 2 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж,

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 680.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.М гаас 14.556.676 /арван дөрвөн сая таван зуун тавин зургаан мянга зургаан зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Цэцэгсүрэнд олгож, хохирогч М.Цэцэгсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.М  гаргасан давж заалдах гомдолдоо: “Би цагдаагийн албан хаагч бөгөөд зохих үүргийн дагуу хууль сахиулах нийгмийн хэв журмыг сахиулах, хамгаалах үүрэг хүлээн ажил үүргээ гүйцэтгэж байхад иргэн Цэцэгсүрэн нь хориглосон газраар хууль бусаар нэвтрэн зорчихыг санаархаж тавьсан шаардлагыг илтэд эсэргүүцэн хэрүүл маргаан хийж үндэслэлгүйгээр хардан гүтгэж хууль сахиулагч миний тайлбар татгалзал, тавьсан шаардлагыг үл биелүүлж улмаар миний биед хүч хэрэглэхээр халдаж толгой руу цохиж малгай газарт унаган дахин цохих гэхэд нь цохиж буй гарыг нь хамгаалан хориглож цааш түлхэх үед гарных нь мөр мултрах гэмтэл авсан үйлдлийг шүүх хянан шийдвэрлэхдээ илт үндэслэлгүйгээр нотлох баримтыг буруу үнэлж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн намайг гэм буруутайд тооцсонд маш их гомдолтой байна.

Би хуульч хүний хувьд бусдыг зодох хууль бусаар биед нь халдах бусдын эрх. эрх чөлөөг хууль бусаар зөрчих ямарч үйлдэл гаргаагүй бөгөөд энэ тухайгаа анхнаас нь хариуцсан албаны дарга болон хэргийн газар байсан ирсэн хүмүүст хэлж тайлбарлаж байсан. Намайг иргэн Цэцэгсүрэнгийн биед хууль бусаар халдаагүй гэдгийг хажууд байсан гэрч Эрдэнэцэцэг гуай биеэр харж байсан бөгөөд тэрээр хэргийг шалгах үед энэ талаараа хохирогчийг өөрийнх нь буруу цагдаа руу дайраад хэл амаар доромжлоод малгайг нь авч шидээд /цохиод/ байсан, харин цагдаа нь хохирогч иргэнийг зодох цохих үйлдэл хийгээгүй гэдгийг хэлж мэдүүлдэг. Хохирогч нь гэнэт л гараа бариад орилоод суучихсан тэр үед нь би түүнийг яагаад хаанаа гэмтээд орилоод байгааг ойлгоогүй. Учир нь би Цэцэгсүрэнгийн гарыг мушгиж түлхэх үйлдэл хийгээгүй болохоор та яачихваа гээд очоод асууж байсан болно. Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын зарим хэсгийг дүгнэж зарим хэсгийг орхигдуулан хайхрахгүй орхиж бүхэлд нь нэгтгэн дүгнэхээс зайлсхийж дан ганц хохирогчийн нотлогдоогүй мэдүүлгийг үндэслэл болгон төөрөгдөн дүгнэлт хийж Цэцэгсүрэнг гар утсаар бичлэг хийлгэхгүй гэх санаа зорилгоор гарыг түлхэж цохиж гэмтээсэн байна. Энэ нь санаатайгаар бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулах хэргийн зүйлчлэлтэй тохирч байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит үнэнийг олж тогтоож чадаагүй бусдыг илтэд хохироосон шийдвэр гаргалаа.

Зүгээр ажлаа хийж байгаа цагдаагийн албан хаагч дээр ирж танхайрсан хохирогч Цэцэгсүрэн нь над руу дайрч цохиж байгаа тэр үйлдлийг би зүгээр хараад үргэлжлүүлээд зодуулаад зогсох ёстой байсан гэж үү. Ямарч хүн өөрийг нь хүн ирээд цохиод самардаад эхлэхэд өөрийгөө хамгаалаад гарыг нь түлхэнэ биз дээ. Ердөө л ийм үйлдэл болсон. Энэ өөрийгөө цохиулахаас хамгаалж гарыг нь түлхсэн үед хохирогчийн мөр мултрах гэмтэл авсныг ойлгож байна.  Гэтэл энэ нь миний санаатай түүнийг гэмтээх гэж довтолсон үйлдэл биш шүү дээ.

Шүүх яг энэ хохирогчийн биед гэмтэл авах үеийн үйлдлийг ямар санаа зорилгоор ямар үйлдлээс болж учирсаныг үнэн зөв тогтоож чадсангүй, улмаар хэргийг илтэд болсон явдлаас өөр байдлаар дүгнэж намайг гэмт хэрэгтэн болгож шийдлээ.

Хохирогч нь нэгэнт биед нь эрүүл мэндийн хувьд хохирол учирсан болохоор шууд л миний буруугаас болсон мэтээр гүтгэж миний гарыг мушгиж түлхэж гэмтээсэн гэж мэдүүлж эхэлсэн. Хохирогчийн энэ мэдүүлэг огт үндэслэлгүй худал мэдүүлэг юм. Цэцэгсүрэнг яагаад гэмтсэнийг манай албаны дарга Чинзориг мөн албан хаагч Тэгшжаргал нар газар дээр нь ирж судалж хэргийн газар дээр шууд асууж гэрчээс тодруулсан. Тэгэхэд цагдаа нь огт зодоогүй гэдгийг гэрч хэлж байсан шүү дээ. Энэ тухай тэд хавтас хэрэгт гэрчийн мэдүүлгээр мэдүүлдэг. Эдгээр гэрчийн мэдүүлгүүдэд шүүх үнэлэлт өгсөнгүй.

Хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг иргэн бүр тэгш эрхтэй биелүүлэх зарчмыг зөрчиж бүдүүлгээр авирлан цагдаагийн бие эрх, эрх чөлөөнд халдсан үйлдлийг шүүх олж харалгүй харин ч хохирогч нь хууль бус үйлдэл гаргасан болох нь тогтоогдсонгүй гэж буруу дүгнэлт хийлээ. Ингэснээр хохирогчийн буруутай үйлдлийг цагаатгах нотлох баримт гаргаж хохирогчийн гэм буруутай үйлдлийг шалгаж түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болгож түүнийг ял завшихад хүргэсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Анхан шатны шүүх нь хэргийг үйлдсэн үйдлийн байдал хэрхэн яаж үйлдэгдсэн гэмтэл учруулах үеийн субъектив санаа зорилго ямар байсныг нарийвчлан тогтоож байж хэргийн зүйлчлэлийг сонгож хэрэглэх ёстой гэж бодож байна. Хохирогчийн өөрийн нь үйлдлийн улмаас тухайн гэмтэл учирч болох талаар шинжээчийн дүгнэлтэд дурьдаж байсныг ч анхаарч үзсэнгүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тэнцвэртэйгээр харахгүй хэт хохирсон этгээдийн эрх ашгийн үүднээс анхаарч нотлох баримтыг үнэлжээ. Үүний улмаас зүгээр ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан намайг гэм буруутайд тооцож ял шийтгэж үндэслэлгүйгээр 14.500.000 төгрөгний хохирлыг хариуцуулсанд гомдолтой байна.

Иргэний нэхэмжлэлтэй холбоотой гаргасан зардлын баримтуудыг нотлох баримтаар үнэлэхүйц шүүх нотлох баримтыг хууль ёсны байх шаардлагад нийцүүлэлгүй нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтад тооцогдохооргүй баримтуудыг үнэлж илтэд хохиролтой дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Иймд М.М надад холбогдох хэргийг дахин хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү.

Гэм буруугүйгээр бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн, бусдын хууль бус үйлдлийг таслан зогсоох явцад гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн хуулийн заалтуудыг үндэслэл болгон надад холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг гаргасан давж заалдах гомдолдоо:  Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05-дугаар сарын 08-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.М-д ЭХ-ийн тусгай ангийн 11.4-дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож 1.000.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах байдлаар давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нь шүүгдэгч М.М-д холбогдох хэргийн нотлох баримтыг дүгнэхдээ түүнийг бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзсэн нь ЭХ-ийг буруу хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг тогтоож чадсангүй. Мөн гэм буруутайд тооцох субьектив байдал болох гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй, гэмт хэргийн шинжтэй хууль бус үйлдэл хийгээгүй гэдгийг шүүгдэгч болон тухайн байдлыг харсан гэх гэрч Эрдэнэцэцэгийн мэдүүлэгт тодорхой заан нотолсоор атал шүүгдэгчийг гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй юм. Хохирогч Цэцэгсүрэн нь мэдүүлэхдээ "... М.М нь миний баруун гарыг базаж зүүн гараараа дараад ноцолдоод мушгиад дарсан, гэтэл миний гар таг гээд дугарсан... " гэж гэмтэх үеийн үйлдлийг мэдүүлдэг боловч энэхүү үйлдэл нь хохирогчийн мэдүүлж буй шиг түүний гарыг базаж, дарж, мушгиж, түлхсэн байдлаар түүнд санаатайгаар гэмтэл учруулах шинжтэй хууль бус үйлдэл гаргасан гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад хохирогчийн мэдүүлгийг үндэслэл бүхий гэж үзсэн нь хууль бус юм. Шүүгдэгч нь тухай үед хохирогч Цэцэгсүрэнгийн гаргасан өөр лүү нь довтолж, толгой руу нь цохиж, малгайг нь унаган дахин цохихоор довтолсон хууль бус үйлдлийг таслан зогсоох үед хохирогчийн мөр мултарч гэмтэл авсан нь ЭХ-н тусгай ангийн 11.4-дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх үндэслэлгүй байх бөгөөд энэ нь ЭХ-н ерөнхий ангийн 4.1-т заасан өөрийн болон ойр дотны хүний эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэг тооцохгүй гэсэн мөн хуулийн 4.1.3-т заасан аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ гэсэн хуулийн заалттай нийцэж байхад хэргийн субьектив байдлын нотлох баримтыг анхаарч зүйлчлэлийг зөв тогтоож чадсангүй. Үүний улмаас үндэслэлгүйгээр Эрүүгийн хариуцлага хүлээлгэж бусдад учирсан гэм хорын хохиролыг хариуцуулсан нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 09-ний өдрийн 130 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож М.М-д холбогдох хэргийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1-т зааснаар аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Эрхэмбаяр гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Бичлэг хийсэн үйлдлийг таслан зогсоох үйлдэл М.М-н зүгээс гарсан. М.М-н үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг гаргасан тайлбартаа: Нотлох баримтыг буруу үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй. Гэмтэл, учирсан гэмтлийн зэрэг зэрэгтэй маргадаггүй. Хохирогчийн буруутай үйлдэл байсаар байхад шүүхийн хийсэн дүгнэлт нь М.М-н эрх ашгийг зөрчсөн дүгнэлт болсон. Хохирогчийн гарыг холдуулж буй үйлдэл нь хэлбэрийн төдий, өөрийгөө хамгаалах шинжтэй байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Я.Батханд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй. Хохирогчид учирсан гэм хор одоо хүртэл арилаагүй. Шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай нотлогдсон. Шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэстэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч М.Цэцэгсүрэн гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Би энэ хүнийг доромжлоогүй. Бичлэг хийж байхад гарыг маань мушгиж цохих ямар шалтаг, шалтгаан байсан юм бэ. 1 сая төгрөгөөр энэ хүнийг торгож байгаад гомдолтой байна. Хэрвээ энэ хүн бичлэг хийлгэж дуусгаад явуулсан бол би ийм болохгүй байсан. Хамаг юмаа ломбарданд тавьж эмчлүүлсээр байтал одоо мөнгөчгүй боллоо.  Хохирлоо хурдан төлүүлмээр байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.М  гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдолтой байна. Хэт нэг талыг барьж хохирогчийн талд шийдвэрлэсэнд гомдолтой байгаа. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Давж заалдах шатны шүүх М.М-д холбогдох хэргийг шүүгдэгч М.М  түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүй бүхэлд нь хянаж үзэв.

 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч М.М  нь 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын Хүй долоон худаг гэх газарт Наадмын хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн М.Цэцэгсүрэнтэй маргалдан түүний баруун мөр, гар луу нь түлхэж цохьсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь: хэрэг учрал гарах үед байсан гэрч Д.Эрдэнэцэцэг, С.Отгонбаяр хохирогч С.Цэцэгсүрэн нарын мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч шүүгдэгч нарын гар утсаараа хийсэн бичлэгийг СД-нд буулгасан бичлэг, хэрэг учрал гарсны дараа очсон гэрч Ц.Чинзориг, Л.Тэгшжаргал нарын мэдүүлэг болон гэмт хэрэгт гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-05 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1324 дугаар бүхий 5 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас хх95-96 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-108-109 тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас хх-110-115 тал/, дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтас хх-119 тал, “Түргэн тусламжийн дуудлагын хуудас” /1 дүгээр хавтас хх-121-122 тал/, / болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

М.М-д холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж гарсан байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.М-д оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

Гэрч Д.Эрдэнэцэцэгийн” ...Тэгээд нүүр рүү тулгаад бичлэг хийх гээд дайраад байсан. Тэр цагдаагийн албан хаагч мөн өөдөөс нь бичлэг хийх гээд утсаа гаргаж ирсэн. Тэр эмэгтэй баруун гараараа утсаа барьчихсан байсан. Цагдаагийн алба хаагч мөн баруун гартаа утсаа барьсан байсан. Эмэгтэй цагдаагийн нүүр рүү тулгаад бичлэг хийгээд байсан тул цагдаа зүүн гараараа утастай гарнаас нь барьсан. Нөгөө эмэгтэй зүүн гараараа цагдаагийн утсыг авах гээд самардаад байсан. Тэр үед нь цагдаагийн албан хаагч зүүн гараараа утастай гарыг нь доош нь дараад түлхсэн.” гэсэн мэдүүлгээр өмгөөлөгчийн давж заалдах гомдол дурдсан “М.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1-т зааснаар аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн” гэдэг нь тогтоогдохгүй байна. Хохирогч М.Цэцэгсүрэнгийн зүгээс шүүгдэгч М.М гийн амь нас, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн хууль бус ба тулгарсан довтолгоон байсан гэх нотлох баримт хэрэгт цуглаагүй байна. Шүүгдэгч М.М гийн үйлдэл хохирогч М.Цэцэгсүрэнгийн биед учирсан хүндэвтэр гэмтлийн хооронд шалтгаант холбоотой болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөхөөс өмнө М.М г яллагдагчаар татсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй байна. 

 

Иймд шүүгдэгчийн болон түүний өмгөөлөгчийн гаргасан М.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 130  дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.М  болон түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.         

           

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.БОЛОРМАА

 

   ШҮҮГЧИД                                                                    Т.ЭНХМАА

 

                                                                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ