Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00031

 

М.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00292 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 605 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: М.А-

          Хариуцагч: Баянзүрх дүүргийн ..-р цэцэрлэгт холбогдох

         Ажлын байр татан буугдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин 2,459,400 төгрөг, тэтгэмж 1,854,750 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Хишигдаваа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Тус цэцэрлэгт 2016 оноос хойш ажилласан. 2018 оны ээлжийн амралт дуусаж ажилдаа орохоор эрхлэгчийн ажлыг орлон гүйцэтгэгч Я.Баасанхүүтэй өөрийн биеэр уулзаж ярилцахад 2018-2019 оны хичээлийн жилд миний ажиллаж байсан хувилбарт бүлгийг татан буулгасан тул ажлын байр байхгүй, орон тоогүй гэж тайлбарласан. Ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаалаа аваад өөр ажил хөөцөлдөх, ажилгүйдлийн тэтгэмжээ авах талаар саналаа хэлсэн боловч өнөөдрийг хүртэл тушаал гаргаж өгсөнгүй. Энэ тухай 2018-9-14-ний өдөр цэцэрлэгийн захиргаанд өргөдөл гаргасан боловч хуулийн хугацаанд хариу өгөөгүй тул 2018-10-12-ны өдөр өргөдлийн хариуг албан бичгээр өгнө үү? гэж дахин хүсэлт гаргасан... Намайг цомхтголд оруулж ажлаас чөлөөлсөн тухай тушаал өнөөдрийг хүртэл гараагүй байгаа нь ойлгомжгүй байна. Иймд ажлын байр цомхтголд орж чөлөөлсөн тухай тушаал гаргахыг даалгах, ээлжийн амралт дуусаад өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, ажлын байр татан буугдсан тул 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, тэдгээр дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

      Хариуцагчийн төлөөлөгч тайлбартаа: Миний бие 2018-6-22-нд НЗДарга бөгөөд УБ хотын захирагч С.Батболдын Б/119 захирамжаар тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ирсэн. Энэ үед арга зүйч н.Энхзул, эмч н.Мядагмаа, нябо н.Долгорсүрэн нар ажил хүлээлгэн өгсөн. Ингээд бүх хүмүүстэй зар хүргэн нийт багш ажилтнуудтай уулзан амралтын мөнгө болон 6 сарын цалин олгосон. Энэ үед хувилбар сургалтын багш нар ирэх жил ажиллахгүй анги нь хүүхэд авах боломжгүй гэж МХА-ны дүгнэлт гарсан гэж тухайн үед танилцуулсан. 06-22-с хойш миний бие тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд цэцэрлэгт ажиллаж байгаа хүмүүс бүгд ирж уулзаж, боломжгүй нь утсаар ярьж хэзээ ажилд орох талаар асууж лавлаж байсан. М.А- нь энэ хугацаанд ямар ч холбоо бариагүй. Ажлаасаа гарч байгаа хүмүүс ч ирж уулзаж, ярьж байсан. Ингээд арга зүйч үйлдвэрчний хороон даргаар дамжуулан 08-10-нд туслагч багш нар ирж ажилдаа орсон. М.А- нь ирээгүй, үүнийг нь ажилд орохгүй хүн байна гэж ойлгосон. Хуучин эрхлэгчээсээ өрөө бусад бичиг баримтыг тооллогын комисс хүлээлцэхэд хөдөлмөрийн гэрээнд М.А-гийн гэрээ байгаагүй /Ямар ч хөдөлмөрийн гэрээ үүсээгүй түр байсан/. 09-01 болж бүх хүүхэд багш аль хэдийн ажилдаа ирсэн боловч М.А- ирээгүй, утсаар ч яриагүй /ажил тасалсан/. 09-05-нд ирж уулзсан чи хөдөлмөрийн гэрээгээ аваад ир, эсвэл өргөдөл өг би тушаалыг нь гаргая гэсэн өгөөгүй. Дараа нь бичгээр өргөдөл өгсөн би хариуг нь бичиж өгсөн харин аваагүй холбоо барих утасгүй байсан /өргөдөл дээр бичээгүй/. Хамт ажиллаж байсан бүлгийн багш өргөдлөө өгөөд хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан. Мөн хөдөлмөрийн гэрээгүй түр ажиллаж байсан н.Оюунгэрэл мөн саяхан ирээд өргөдлөө өгөөд тушаал нөхөж гаргуулаад явсан. М.А- нь хуучин цэцэрлэгийн эрхлэгч байсан н.Алдармаагийн ойрын садан төрөл бөгөөд дуртай үедээ ажиллан дургүй үедээ хэдэн өдөр сараар ч явдаг гэдгийг хамт олон нь нотлох ба цагийн тооцоон дээр үйлчлэгч, туслах тогооч, сүүлд нь тухайн бүлгийн туслах багшаар ажиллаж байсан байна. Миний хувьд тушаалыг нь гаргах гэхээр хөдөлмөрийн гэрээгүй учир өөрийнх нь өргөдлийг үндэслээд гаргаж өгье гэж өөрт нь хэлсэн. Одоо ч гаргаж өгч болно гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00292 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн .. дүгээр цэцэрлэгээс 2,336,131 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.А-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 1,978,019 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан “.. дүгээр цэцэрлэгийн хувилбарт бүлэг татан буугдсан” үндэслэлээр нэхэмжлэгч М.А-г ажлаас халсан тушаалыг гаргахыг, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг тус тус хариуцагч Баянзүрх дүүргийн .. дүгээр цэцэрлэгт даалгаж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн .. дүгээр цэцэрлэгээс 52,328 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод, 70,200 төгрөгийг нэхэмжлэгч М.А-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 605 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурджээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гомдлоо гаргаагүй учир хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргаж байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ 2018-11-16-ны өдрөөр огноолон бичсэн ч шүүхэд нэхэмжлэлээ 2018-11-23-ны өдөр гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн өдрийг 2018-09-01-ний өдөр гэж дүгнэж ажилгүй байсан хугацааны цалинг энэ өдрөөс тооцож олгохоор шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь нэхэмжлэгчийн ээлжийн амралтын хугацаа 2018-08-15-ны өдөр гэж тайлбарласан байгаагаас үзэхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул хянан үзэж шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      М.А- 2018-11-23-ны өдөр Баянзүрх дүүргийн ..-р цэцэрлэгт холбогдуулан   нэхэмжлэл гаргаж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргуулах, олговорт 2,459,400 төгрөг, тэтгэмжид 1,854,750 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахыг шаардсан байна.

      Хариуцагч нь нэхэмжлэлээс “...ажлаас чөлөөлсөн тушаал гаргах...”-с бусад шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. 

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.         

      Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, М.А- Баянзүрх дүүргийн .. дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2018-02-19-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар туслах багшаар түр ажиллаж байсан талаар зохигч маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.

      М.А- Баянзүрх дүүргийн .. дүгээр цэцэрлэгийн “хувилбарт бүлгийн туслах багш”-р ажиллаж байсан, уг ажлын байр татан буугдсан нь тогтоогдсон тул ажилтныг ажлаас нь чөлөөлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, ажлаас халагдсаны тэтгэмжийг ажил олгогч төлөх үүрэгтэй, шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

     Ажил олгогч нь ажилтныг ажлын байранд түр томилсон болон ажиллуулаагүй үндэслэл болон нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрсөн тайлбараа баримтаар нотлоогүй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй байна. 

     Түүнчлэн, шүүх 2018-09-01-ний өдрөөс 2019-01-18-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцон М.А-д олгуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.

     Ажилтан шүүхэд хандахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйл, .. дүгээр зүйлийн ...2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн байна. 

     Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт байгаа баримтын хэмжээнд Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

   1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00292 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 605 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ