Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2019/0694/З |
Дугаар | 200 |
Огноо | 2020-03-26 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 200
2020 оны 03 сарын 26 өдөр Дугаар 128/ШШ2020/0200 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн нэгдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д.М
Хариуцагч: СБДЗД
Гуравдагч этгээд: Б.Ч
Нэхэмжлэлийн шаардлага: “СБДЗДын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/442 тоот захирамжийн Б.Чд холбогдох хэсгийг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд Б.Ч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Г, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. нэхэмжлэгч Д.М болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2004 оноос хойш С дүүргийн дугаар хороонд 1600 метр квадрат газар хашаалсан. Үүнээс 900 метр квадрат газарт зохих ёсны бичиг баримтаа гаргуулаад 2014 онд энэхүү 900 метр квадрат газраа бусдад шилжүүлээд үлдсэн 700 метр квадрат газраа эзэмших хүсэлтээ 2015 оны 8 дугаар сард дүүргийн газрын албанд бичиг баримтаа бүрдүүлээд өгсөн. Тухайн үед дүүргийн газрын албанд бичиг баримтаа бүрдүүлээд өгсөн учраас газрын гэрчилгээ гарахыг хүлээж байсан.
Тухайн газар дээр хүүхдүүд амьдарч байсан гэдэг. 2019 оны 5 дугаар сараас эхлээд маргаан бүхий тухайн газар дотор гэр барьсан байсан. Дараа нь дүүргийн Газрын албанд хандахад СБДЗДын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/442 дугаар захирамж гарсан байсан талаар мэдээд энэ асуудлаар зохих байгууллагад гомдол гаргаж, дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргасан...”,
“...Захиргааны байгууллагад хүсэлт гаргахад хүссэн газар нь бус өөр газарт бичиг баримтыг бүрдүүлж гаргахыг хууль ёсны гэж үзэх боломжгүй гэж үзээд байна. Энэ талаар Б.Ч нь гурван удаа кадастрын зураг хийлгэсэн байдаг. Энэ нь 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр кадастрын зураг хийлгэсэн. Мөн 2014 оны 10 болон 12 дугаар сард кадастрын зураглал хийлгэсэн. Үүнээс үзэхэд 2010 он болон 2014 оны 10 сард хийлгэсэн кадастрын зураглалууд хоорондоо таарч байсан бөгөөд 2014 оны 12 сард хийлгэсэн зураглал нь өөр газрын кадастрын зураглал байсан.
Газар дээрээ гэр бариад амьдарч байсан гэж хэлдэг. Гэтэл тухайн газар дээр үзлэг хийхэд гуравдагч этгээд “ТҮЦ авч ирж тавьсан, хашааг голоор хаалт хийхийн тулд хашаалсан” гэж тайлбарлаж байсан. Мөн миний хүссэн газар биш, миний бичиг баримт өөр газар байсан гэж тайлбарласан учраас захиргааны байгууллага иргэний хүссэн газар бус өөр газар бичиг баримтыг гаргаж өгсөн нь хууль ёсны гэж үзэх боломжгүй гэж үзэж байна...” гэв.
Хоёр. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Д.Мийн нэхэмжлэлтэй, СБДЗДд холбогдох СБДЗДын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/442 дугаар захирамжийн Б.Чд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах талбарыг өгч байна. Үүнд нэхэмжлэгч маргаан бүхий газрын урд хэсэгт дүүргийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/277 дугаар захирамжаар анх 400 метр квадрат газрыг эзэмшиж, нэхэмжлэгч өөрийн дүү Д.Д гэх иргэнд 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/203 дугаар захирамжаар шилжүүлсэн.
Маргаан бүхий газарт нэхэмжлэгч хашаа хатган 2004 оноос хойш одоог хүртэл амьдарч байна гэх боловч тус газрыг эзэмших хүсэлтээ холбогдох байгууллагуудад ирүүлээгүй байсан. Нэхэмжлэгч газар эзэмших хүсэлтээ өгсөн гэх боловч манай Газрын албанд холбогдох материал нь байдаггүй.
2014 онд маргаан бүхий газар нь газрын мэдээллийн санд бүртгэлгүй байсан нь нотлох баримтаар нотлогддог. Маргаан бүхий газар болох С дүүргийн дугаар хороо Б*******ийн аманд байрлах газрыг иргэн Б.Чгийн дүүргийн Газрын албанд 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн СБДЗДын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/442 дугаар захирамжийн 1864932******* нэгж талбарын дугаартай 700 метр газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн байгаа юм. Үүнд иргэн Б.Чгийн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан хүсэлтийг үндэслээд Газрын тухай хуульд заасан бүх бүрдүүлбэрийг хангасан байсан учраас тухайн газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт 2004 оноос хойш хашаа хатган амьдарч байсан гэх боловч тус газраа өөрийн эзэмшилд авах талаар холбогдох байгууллагад хуулийн дагуу хүсэлт өгдөггүй. Газрын албанаас судалж байгаа гэдэг зүйлийг ярьсан гэж өмгөөлөгч хэлж байгаа ч амаар хэлсэн болохоос албан ёсоор бичгээр баримт өгсөн талаар мэдэхгүй. Албан ёсоор хүсэлт ирүүлээгүй байна. Иргэн н.Эрдэнэчимэг гэх хүнээс худалдаж авсан гэж хэлсэн байсан гэв.
Гурав. гуравдагч этгээд Б.Ч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.М нь албан ёсоор худалдаж авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан нөхцөл байдал тогтоогдож байгаа юм. Албан ёсоор эзэмшиж байсан гэдэг нь тогтоогдохгүй. Нэхэмжлэгч 2014-2016 онд тухайн газарт байшин барьсан гэдэг ч шүүхээс хэргийн газарт очиж үзлэг хийсэн. Тухайн газар ямар нэгэн байшин биш машинаар авч ирсэн зөөврийн ТҮЦ хэлбэрийн зүйл тавьсан байсан. Олон жилийн өмнө барьсан байшин гэж үзэх боломжгүй гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Г, Г.Б нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/277 дугаар захирамжаар анх 400 метр квадрат газрыг эзэмшиж аваад, 2014 оны А/408 дугаар захирамжаар үлдсэн газрыг Нийслэлийн үйлчилгээний газар эзэмшиж авсан байсан. Д.Мт 1000 метр квадрат гаран газар байгаагүй. Түүний 400 метр квадрат газар нь миний үйлчлүүлэгчийн газартай ямар нэгэн байдлаар давхцал байхгүй, орц гарцыг нь хаагаагүй, холбогдох хууль тогтоомжийн дагуу эзэмшсэн юм.
Анх Б.Ч нь бичиг баримтаа бүрдүүлээд дүүргийн Газрын албанд бичиг баримтаа өгөхөд тухайн газрын координат давхцал нь тухайн газар биш өөр газрын бичиг баримт бүрдүүлэн олгосон байгааг мэдээд Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн байсан. Энэ таны газар биш байна өөр газар бөгөөд одоогийн эзэмшиж, ашиглаж байгаа газар байна гэдгийг тогтоосон. Нэхэмжлэгчийн үндэслэл шаардлага хууль бус учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/442 тоот захирамжийн Б.Чд холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэж тодорхойлж байгаад “СБДЗДын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/442 тоот захирамжийн Б.Чд холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэж тодруулжээ.
Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ.
Хэрэгт авагдсан 2005 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “бүртгэл хяналт”-ын картаар Д.М нь С дүүргийн Газрын албанд тус дүүргийн Б*******ийн Х******* дахь зуслангийн газраа баталгаажуулах хүсэлтийг гаргажээ. Үүний дагуу СБДЗДын 2005 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 277 дугаартай захирамжаар Д.Мт “Б*******”-д зуслангийн зориулалттай, нэгж талбарын 186493243101-- дугаар бүхий 0.04 га газрыг эзэмшүүлсэн байх ба нэхэмжлэгч уг газраа хүү Б.Д*******д шилжүүлсэн болох нь СБДЗДын 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/203 дугаартай захирамжаар тогтоогдож байна.
СБДЗДын 2015 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн “Зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх шинээр олгохыг баталгаажуулах тухай” А/308 дугаар захирамжаар иргэн Д.М-д “Б*******”-д нэгж талбарын 186493243071-- дугаартай 520мкв газрыг шинээр эзэмшүүлснээс үзвэл нэхэмжлэгчийн “...би өөрийн эзэмшлийн 920мкв газрынхаа 520мкв газрыг Д.М-д эрх шилжүүлсэн...” гэсэн тайлбар нотлогдохгүй байгаа хэдий ч энэ үйл баримт дээр хэргийн оролцогчид маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Харин маргаан бүхий С дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт Б*******ийн зуслангийн газарт нэгж талбарын 186493243151-- дугаар бүхий газрын тухайд нэхэмжлэгч Д.М “...2004 оноос эхлэн С дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт Б*******ийн зуслангийн газрыг хүнээс 500000 төгрөгөөр худалдан авч амралтын мөнгөөр мод аваад хүн хөлсөлж хашаа барьсан энэ хашаа одоог хүртэл байгаа. 2019 оны 5 дугаар сард уг хашаан дотор гэнэт гэр барьж хашаан дотор газрыг хуваан хашаа барьсан...” гэж тайлбарлаж байгаа болно.
Хэдийгээр нэхэмжлэгч дээрх маргаан бүхий газрыг эзэмшихээр 2005 оноос хойш хашаалан амьдарч байгаа гэх боловч С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд уг газрын эзэмших хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд харин 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “газар чөлөөлүүлэх тухай” хүсэлтийг гаргаж, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 14/1734 дугаар албан бичгээр хариу хүргүүлж байжээ.
С дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан бичигт “...газрын кадастрын мэдээллийн сангийн программд иргэн Д.М /ЧН63101365/-ийн нэр дээр өмчлөл, эзэмшил, ашиглалтын газрын бүртгэл байхгүй байна” гэжээ.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2/368 дугаар албан бичигт “...нэгж талбарын 186493243081--, 186493243151-- дугаарууд давхцалгүй байна” гэсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Учир нь нийслэлийн СБДЗДын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/442 дугаар захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтаар 700мкв газрыг эзэмших эрхийг Б.Чд олгожээ.
Нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг хэн нэгний эзэмшилд олгогдоогүй, хоосон газар байсан гэх маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд 2014 онд бусдын эзэмшил үүссэн, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар бусдын эзэмшил, ашиглалтад олгогдсон газар байжээ.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт зааснаар газрыг гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх ба газар эзэмшүүлэх ажиллагаа нь газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангасан хүсэлтийг үндэслэн Засаг даргаас газар эзэмшүүлэх шийдвэр гарч, уг шийдвэрийг үндэслэн Газрын албанаас гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үе шатаар хэрэгждэг бөгөөд нэхэмжлэгч хуулийн дээрх заалтыг хангаагүй бөгөөд тус газрыг “...газар зохион байгуулагчийн зааж өгсөн газар” гэж маргаж байгаа боловч Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын кадастрын мэдээллийн санд гуравдагч этгээдийн нэр дээр бүртгэгдсэн, газар зохион байгуулагчийн газрын байршил зааж өгсөн үйлдэл нь дангаараа газар эзэмших эрх үүсэх эх сурвалж болж чадахгүй юм.
Учир нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “кадастрын зураглал гүйцэтгэсэн аж ахуй нэгж, байгууллага, иргэн хууль тогтоомжийн дагуу ажлаа нэг бүрчлэн шалгуулж, шалгалтын актаар бүх зураг, мэдээллийн эх хувийг кадастрын зураглалын мэдээллийн санд хүлээлгэн өгнө”, 16 дугаар зүйлийн 16.13-т “газар дээр нь тэмдэглэж, газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй, ... эсхүл газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирч байна” гэж тус тус заажээ.
Эндээс үзвэл нэхэмжлэгч нь тухайн үедээ газар зохион байгуулагчийн зааж өгсөн байршлыг газар дээр нь тэмдэглэж, координатжуулж, газрын мэдээллийн санд хүлээлгэн өгч, бүртгүүлж баталгаажуулсан байх ёстой бөгөөд үүнийг нотлох баримт нэхэмжлэгчид байхгүй, харин гуравдагч этгээдийн кадастрын зураг нь 2014 онд газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 186493243151-- дугаартайгаар түүний эзэмшилд бүртгэгдсэн байх бөгөөд маргаан бүхий газарт гуравдагч этгээдэд түрүүлж эзэмших эрх үүссэн тул нэхэмжлэгчийн “газар зохион байгуулагчаар заалгаж, бичиг баримтаа түүнд өгсөн” гэх тайлбарыг хүлээх авах боломжгүй байна.
Нөгөөтэйгүүр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гуравдагч этгээд Б.Чг өөрийн газрын кадастрын зургийн дагуу бус бусдын эзэмшил газарт хашаа хатган амьдарч байсан гэж үзэж, түүний эзэмшил газрыг С дүүргийн дугаар хороо “Б*******”-д зуслангийн зориулалтаар нэгж талбарын 186493243151-- дугаар бүхий 700мкв газрыг эзэмшдэг болохыг тогтоожээ.
Мөн шүүхээс нотлох баримт цуглуулах явцад Д.М маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргаж байсан болох нь тогтоогдохгүй байх ба гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг сэргээгдэхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар “газрыг гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 21 дүгээр зүйлийн 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 33 дугаар зүйлийн 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан байх тул гуравдагч этгээд Б.Чгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Нэхэмжлэгч маргаан бүхий газрыг “...2004 онд н.Э гэдэг хүнээс 500.000 төгрөгөөр худалдан авч, амралтынхаа мөнгөөр хашаа хатгаж, амбаар барьсан...” гэж тайлбар гаргаж байгаа бөгөөд эдгээр зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг баримтлан Д.Мийн нэхэмжлэлтэй, СБДЗДд холбогдуулан гаргасан “СБДЗДын2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/442 тоот захирамжийн Б.Чд холбогдох хэсгийг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ