Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 14

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогчийн төлөөлөгч М.Мөнхтуяа,

Иргэний хариуцагч “Сутайн буянт” ХХК-ийн төлөөлөгч Т.Лхагвачулуун, Б.Лхагвадулам,

Нарийн бичгийн дарга Т.Мөнхзул,

 Шүүгдэгч С.Найдан, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархчууд овогт Сүхбаатарын Найданд холбогдох эрүүгийн 201524001236 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Сутайн буянт” ХХК-д жолооч ажилтай, ам бүл ганцаараа, Сэлэнгэ аймгийн Баянгол сум 2 дугаар баг, Баянгийн 10-03 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоогоор Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Яргайтын 41-689 тоотод айлд түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Дархчууд овогт Сүхбаатарын Найдан /РД:МБ81022811/,  

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 Шүүгдэгч С.Найдан нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны орой 22 цаг 34 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Цамбагаравын зүүн урд талын явган хүний гарцан дээр “Сутайн буянт” ХХК-ийн эзэмшлийн Даевоо-106 маркийн 26-48 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна: г/ улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Хонгорыг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

1. Шүүгдэгч С.Найдангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2015 оны  12 дугаар сарын 18-нд орой 10:30 орчим ажлаасаа буугаад зүүнээс баруун тийш Саппоро өнгөрөөд Цамбагарав орох гээд явж байхад явган хүний гарц дээр 3, 4 хүн харагдаж байсан. Би зөвшөөрсөн ногоон гэрлээр явж байсан. Гэтэл гэнэт гэрэл солигдоод явган хүмүүс хөдөлгөөнд оролцох гэрэл асахад би машинаа зогсоож амжилгүй талийгаач Хонгорыг мөргөсөн. Мөргөчихөөд зогсоход улаан гэрэл ассан байсан. Тэгээд би  буугаад талийгаачид тусламж үзүүлэх гэтэл талийгаачийн толгойноос цус гарч байсан. Цагдаа, түргэн 2 өөрөө дуудах гэтэл сандраад дуудаж чадаагүй. Тэгээд хажууд байсан хүмүүсийг гуйж дуудуулсан. Түргэн тусламж 5, 10 минут орчим болоод ирсэн” гэсэн  мэдүүлэг,/шүүх хуралдааны тэмдэглэл/

 

2. Хохирогчийн төлөөлөгч М.Мөнхтуяагаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Талийгаач М.Хонгор нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн орчим нас барсан. М.Хонгор нь 1979 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. Би хажууд хараагүй болохоор мэдэх зүйлгүй. Хонгор бол миний төрсөн дүү. Ийм учраас хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Миний дүүгээс 18, 16, 8, 5 настай 4 өнчин хүүхэд үлдсэн. Хамгийн том охин Мягмарсүрэн нь 1997 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, одоо 18 настай, удаах хүүхэд нь Бямбасүрэн 1999 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 16 настай, охин Халиунаа нь 2008 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 9 настай, хамгийн  бага охин Хүслэн нь 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 5 настай. Байцаагч хэдэн төгрөг нэхэмжлэх вэ гэхээр нь хууль мэдэхгүй болохоор сандарсандаа 30.000.000 төгрөг гэж хэлсэн. Энэ мөнгөнөөс 2 айлын хоосон газар 4.000.000 төгрөгөнд тооцож авсан. Дараа нь оршуулгын зардалд бэлнээр 6.000.000 төгрөг авсан. Одоо 2 хүүхдийн тэжээгчээ алдсны тэтгэмж 26.000.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгийг ямар нэгэн баримтанд тулгуурлаагүй. Дандаа охин хүүхдүүд болохоор нь өөрсдийгөө аваад явж чадахгүй. Тийм учраас тэр өгсөн газар дээр 4 хүүхдэд хашаа, байшин барьж өгье гэж бодож байна. Мөнгийг хувааж авах боломжгүй бөөнд нь авснаар байшин барьж орон гэртэй болгох боломжтой байгаа. Бага хүүхдийнх нь тэжээгчээ алдсаны тэтгэмж 189.750 төгрөгөөр тогтоогдсон. Талийгаач хувиараа барилга дээр ажилладаг. Нийгмийн даатгалын дэвтэр байхгүй, төлдөггүй байсан. 3 хүүхдийнх нь эцэг нас барсан. 1 хүүхдийнх нь эцэг талийгаачийн 21 хоног дээр хаяад явсан” гэсэн мэдүүлэг,/шүүх хуралдааны тэмдэглэл/

 

3. Иргэний хариуцагч, нэхэмжлэгч “Сутайн буянт” ХХК-ийн төлөөлөгч Б.Лхагвадуламын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Гомдол гаргахаас өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дээр очиж уулзсан. Манай байгууллагаас хохирлын мөнгийг өгөхгүй гэсэн зүйл байхгүй. Өгнө гэдгээ тодорхой хэлсэн. Одоо эдийн засгийн байдал, мөн салбарын байдал хүнд хэцүү байна. Та нарт ч мөн хүнд байгаа гэдгийг ойлгож байна. 18 нас хүрсэн нэг хүүхэд байгаа юм байна. Тэр хүүхдийг сургалтанд суулгаж өгье, ажлын байр гаргаж өгье. Тэгэхээр цалинтай болно. Дараагийн 16 настай хүүхэд өнгөрсөн жил сургалтын төлбөр байхгүй гээд сургууль завсардсан байна лээ. 1 жил 5 сарын сургалтын төлбөр дутуу байгаа юм байна. Энэ төлбөрийг байгууллагаас гаргаад өгье. Тэгээд мөн ажлын байранд гарчих юм байна. Ахиад 2 бага хүүхэд байгаа. Бид энэ 2 хүүхдийн ирээдүйг бодоод  тэтгэмжийг сар сард нь өгье. Эгч нарыг нь ажлын байранд гарчихна. 2 багад нь сар бүр тэтгэмж нь ороод ирчихнэ. Тэгэхээр энэ хүүхдүүдэд амьдралын батламж болно. Тэгэхгүй болохоор манай компани өгье гэсэн сэтгэл байгаа боловч май гээд өгөх ийм их хэмжээний бэлэн мөнгө алга. Эсвэл тэр мөнгийг бөөнөөр нь өглөө гэхэд энэ хүүхдүүдэд юу болоод дуусах нь тодорхойгүй байна гэж хэлсэн чинь нэг бол 26.000.000 төгрөгөөр авна. Эсвэл 10.000.000, 16.000.000 төгрөгөөр 2 хувааж авна гэж хэлсэн. Надад 3 хувааж авна гэж хэлээгүй. Бид нар байгууллага дээрээ хурал хийсэн. Тэгээд энэ хүүхдүүдийг бодоход бид нарын гаргалгаа хамгийн зөв байна. Хэрвээ энэ байдлаараа яваад байх юм бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очно. Тэгэхээр тус албанаас манай дансыг битүүмжлээд нэг дор нь мөнгийг гаргана. Тэгвэл энэ хүүхдүүдийн ирээдүй тодорхойгүй болчихно. Тийм учраас бид нар Найдан дээр биш, хууль ёсны дагуу энэ хүүхдүүдийн ирээдүйг батламжтай болгох зорилгоор хэсэгчлэн давж заалдахаар давж заалдах өргөдлөө гаргасан. Гэтэл Давж заалдах шатны шүүх дээр очиход Найдан дээр гомдол гаргаж байгаа юм шиг ойлгоод Найданг цагдан хорьсон. Мөнгө дээрээ тохирохгүй байсан учраас шүүхээс ийм графикийн дагуу мөнгийг гаргаж өгөөч гэдэг байдлаар давж заалдах гомдол гаргасан. Одоо бол байгууллагаас 5.000.000 төгрөг, Найдан 5.000.000 төгрөг өгсөн байгаа. Өмнө нь өгсөн мөнгөө тооцож үзээд үлдсэн мөнгийг сар сард нь өгөөд явъя гэсэн байр суурьтай байгаа. Бид нарын гаргасан графикаар мөнгийг сар сард нь өгнө гээд тооцоод үзэхээр байгууллагаас нийт өгч байгаа мөнгө нь нэхэмжилж байгаа мөнгөнөөс давж байсан. Гэхдээ бид нар хүүхдүүдийн ирээдүйг илүү чухал байна гэж үзсэн. Өмнө нь Мөнхтуяатай уулзахад надад хувийн банкнаас авсан 6.000.000 төгрөгийн зээл байгаа. Тэр зээл тулгамдаад байна. Би эхэлж ядаж 10.000.000 төгрөг аваад өөрийн банкны зээлээ дарчихаад хүүхдэд нь данс нээж өгөөд өөрийнхөө цалингаас өгч байя гэдэг зүйл ярьсан. Тэр үед компани цалингаа хүртэл хоцорч тавиад мөнгөний боломжгүй байгаа гэдгээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хэлсэн. Тэгээд шийдэж чадахгүй байсан учраас ер нь шүүхээр шийдвэр гаргуулъя гэсэн байр суурьтай болсон. Найдан гэж хүн ажил дээрээ алдаа дутагдал гаргаж байгаагүй. Бид нар анхан шатны шүүх хуралдаан болсны дараа буцааж ажилд аваад жолооны эрх хасагдсан учраас энэ хүнийг цалинтай байвал хохирогчийн хүүхдүүдийг эргэж тойроод явах юм болов уу гэдэг хүн ёсны үүднээс засварчингаар авч ажиллуулж байсан 200.000 сүүлд нь нэмж өгсөн. Нийтдээ 6,200,000 төгрөг. Гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

4. Иргэний хариуцагч, нэхэмжлэгч “Сутайн буянт” ХХК-ийн төлөөлөгч Т.Лхагвачулууны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

            “...Иргэний нэхэмжлэгчийн журмаар Найдангаас нэхэмжлэх зүйл байхгүй. Дараа нь иргэний журмаар жич нэхэмжилнэ. Иргэний хариуцагчийн хувьд Б.Халиун нь 16 нас 9 сартай, одоогоор сурч байгаа учраас 18 нас хүртэл нь тэжээн тэтгэхийг хүлээн зөвшөөрөөд өмнө нь өгсөн оршуулгын зардал нотлох баримтын шаардлага хангасан 2.613.170 төгрөгийн баримт байгаа. Оршуулгын зардлын үлдэгдэл мөнгийг тэтгэмжиндээ оруулан тооцуулах, мөн Найдангийн өгсөн 5.000.000 төгрөгийг одоо нэхэмжилж байгаа тэтгэмжинд оруулан тооцуулж өгөөч гэж хүсч байна. 8 настай Хүслэнд тэтгэмж тогтоолгож сар бүр тэтгэмжийг олгох саналтай байна. Бид нарт тэтгэмжийг 3 хувааж төлөх боломжгүй байгаа. Тиймээс тэтгэмжийг сар бүр олгох саналтай байна” гэсэн мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Эрүүгийн 201524001236 дугаартай хэргээс:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би талийгаачийн төрсөн эгч юм. Талийгаачийг Мижид овогтой Хонгор гэдэг. 1979 оны 09 сарын 18-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. 37 настай байсан. Талийгаач гэр бүлтэй байж байгаад гэр бүлийнх нь хүн нас барчихсан юм. Тэгээд одоогоос 5 жилийн өмнөөс хамтран амьдрагчтай болсон байсан.

Өмнөх нөхрийн 3 хүүхэд, дараагийн нөхрийн 1 хүүхэд гээд 4 хүүхдүүдтэй. Хамгийн том нь 2015 оны 12 сарын 16-нд 18 нас хүрсэн. Дараагийнх нь 16 настай эмэгтэй, дараагийнх нь 8 настай эмэгтэй, бага нь 4 настай эмэгтэй хүүхдүүдтэй. Талийгаач СХД-ийн 31-р хороо, Дэнжийн 1А-ийн Аадрийн 18 тоотод хамтран амьдрагч болон 4 хүүхдийнхээ хамт амьдардаг байсан юм. Бага боловсролтой, мэргэжилгүй хүн байсан. Ажил төрөл хийж байгаагүй. Талийгаач маань ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй, эрүүл мэндийн хувьд эрүүл хүн байсан. Зан байдлын хувьд гайгүй сайхан наргианч, хэл амгүй, нийтэч хүн.

Талийгаач осолд ордог өдрийнхөө орой 21 цаг өнгөрч байхад надтай утсаар ярихдаа гэртээ байна л гэж ярьсан, өөр ямар нэг юм яриагүй, Тухайн үед хаашаа ямар зорилгоор явж байсныг мэдэхгүй юм. Надад ослын талаар мэдэх зүйл алга. Талийгаачийн ажил явдалд 6.000.000 төгрөг зарцуулсан. Компаниас 5.000.000 төгрөг, жолоочооч 750.000 төгрөг өгсөн. Талийгаач согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй Гомдолтой байна. Хүүхдүүдийнх нь 18 нас хүртэлх тэтгэмжид 30.000.000 төгрөг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 55х/,

 

            2. Гэрч Ц.Гансүхийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

“...2015 оны 12 сарын 18-ны өнлөө 06 цаг 50 минутын орчимд “Сутайн буянт” ХХК-ийн гражаас гарч ажилдаа явах үед шалгах механик автобусны бүрэн бүтэн байдлыг шалгаж, гэрэл дохио, шил арчигч, тормос зэргийг шалгаж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд гарын үсэг зуруулаад ажил үйлчилгээнд гаргасан.

Шалгах  механик өглөө өөрөө унаж, тормос гишгэхэд 4 дугуй нь тормос барьж байсан. Тэгээд ажил үйлчилгээндээ гарсан. Өдөр 14 цаг өнгөрч байхад ээлжийн жолооч Найданд ээлжээ хүлээлгэн өгөхдөө автобусны бүрэн бүтэн байдлыг шалгаж, тормосыг гишгэж шалгахад тормос хэвийн, ямар нэг  байдлаар өрөөлдөж барьж байсан зүйл байхгүй байсан. Найдан надаас ээлж хүлээн авахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ээлж хүлээлцэхэд диспетчер шалгаад, мөн аюулгүй ажиллагааны зааварчилгаагаа өгөөд ээлжинд гаргадаг.” гэсэн мэдүүлэг /хэргийн 57х/,

 

3.  Гэрч Б.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Ээж маань осолд ордог өдрийнхөө 18 цагийн орчим гэрээсээ “айлд очоод ирье” гээд гарсан. Тэр айл нь манай гэрийн хойно байдаг юм. Тэгээд орой 21 цагийн орчим ээж над руу залгаад “одоо очлоо” гэж байсан. Тэгээд ирээгүй, тэгсэн осолд орчихсон байсан. Талийгаач гэрээсээ гарахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Орой над руу ярихдаа бас гайгүй байсан. Зам тээврийн ослын хэрэгт ээжийн эгч Мөнхтуяаг хохирогчоор тогтоосонд татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна. Манай ээж бид нарт маш их халамжтай, элдэв муу зан байхгүй, хаяа нэг архи уудаг, тамхи татдаг хүн байсан. Надад санал хүсэлт гэх зүйл байхгүй ээ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 59х/,

 

4. Иргэний хариуцагч “Сутайн буянт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Баярмагнайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Сутайн буянт” ХХК-ны автобусны жолооч С.Найдан нь нийтийн тээврийн үйлчилгээнд ажил үүргээ гүйцэтгэж явж байсан. Daewoo BS-106 маркийн 26-48УНЧ улсын дугаартай автобусны бүрэн бүтэн байдлыг шалгасан жолооч Найданд аюулгүйн ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан. Хохирогчийн оршуулгын зардлыг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Манай байгууллагаас хохирогчид 5.000.000 төгрөг өгсөн.  Автобусанд шаардлагатай бол үнэлгээ хийлгэнэ, шаардлагагүй гэж үзвэл үнэлгээ хийлгэхгүй..” гэсэн мэдүүлэг /хэргийн 63х/,

 

5. Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2-9х/,

 

6. Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 10-13х/,

 

7.  Энхтайваны өргөн чөлөө, Цамбагарав худалдааны төвийн зүүн урд явган зорчигчийн гэрэл дохионы горим /хэргийн 19х/,

 

8. Автобусны дотор байрлах камерын бичлэгийг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэлд: “...СХД-н 13-р хорооны нутаг Саппоро автобусны буудлаас ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй 2 дугаар эгнээгээр явж байгаад нэгдүгээр эгнээ рүү шилжин ороод явж байх үед Цамбагарав автобусны буудлын наад талд буюу зүүн талд байх явган хүний гарцан дээр замынхаа хойд талаас буюу хойноосоо урагшаа чиглэлтэй 3 хүний голд нь зогсож байсан улаан өнгийн куртиктэй эмэгтэй нь урагшаагаа алхаад явахад автобусанд мөргүүлсэн ба замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд доошоогоо хараад унав. Осол болох үед автомашинуудын улаан гэрэл ассан байдалтай, бүдэг харагдаж байх ба хоёр болон гуравдугаар эгнээнд автомашинууд зүүнээсээ баруун чиглэлтэй түгжрэлтэй явж байлаа...” гэсэн тэмдэглэл болон уг камерын бичлэг бүхий CD-г  эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн мөрдөн байцаагчийн тогтоол  /хэргийн 25-26х, 28х/,

 

9. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2016 оны 01 сарын 15-ны өдрийн №26 тоот актад:

а. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр дагз ясны хугарал, тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархай, бага тархины суурь хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт, баруун, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

б. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, талийгаачийн амь насанд аюултай шинэ гэмтэл байна. Гэмтэл үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

в. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

г. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.

д. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр нас барсан хугацаа тогтоохгүй.

е. Талийгаачийн цусанд 2.6 % спиртийн зүйл илэрсэн байна. Энэ согтолтын хүчтэй зэргийн үзүүлэлт болно.

ё. Талийгаач нь А /II/ бүлгийн цустай байна гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хэргийн 66-67х/,

 

10.Тээврийн хэрэгслийн оношлогоо хяналт зохицуулалтын албаны Сонгинохайрхан салбарын 2015 оны 12 сарын 30-ны өдрийн шинжээчдийн 5/78152 тоот дүгнэлтэд:

а. Daewoo BS-106 маркийн 26-48 УНЧ улсын дугаартай автобус техникийн бүрэн бүтэн байдлын хувьд: урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 3 кН, баруун талдаа 4,7 кН, зөрүү нь 36,17%, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 7,1 кН, баруун талдаа 4,9 кН, зөрүү 30,99% байгаа нь стандартын шаардлага хангахгүй, мөн урд шил нь баруун доод хэсэгтээ хагарч цуурч цацарсан, мөн ухрах арааны гэрэл нь асахгүй, урд тэнхлэгийн баруун зүүн талын тоормосны ABS системийн утас нь тасарсан байдалтай байсан нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

б. Уг автобус нь урд ба хойд дугуйн тоормос нь нэг тэнхлэг дэх тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй, урд шил нь баруун доод хэсэгтээ хагарч цацарсан, мөн ухрах арааны гэрэл нь асахгүй, урд тэнхлэгийн баруун зүүн талын тоормосны ABS системийн утас нь тасарсан байв.

в. Энэхүү автобусны урд шил нь баруун доод хэсэгтээ хагарч цуурч цацарсан гэмтэл нь хатуу биетээр цохих, мөн мөргөсний улмаас үүснэ.

г. Уг автобусны ухрах арааны гэрэл нь асахгүй, урд тэнхлэгийн баруун зүүн талын тоормосны ABS системийн утас нь тасарсан, мөн урд болон хойд дугуйн тоормосны хүчний зөрүү нь стандартын шаардлага хангахгүй байгаа нь ослоос өмнө ашиглалтын явцад үүссэн байх магадлалтай ба энэхүү осолд хэрхэн нөлөөлсөнийг тодорхойлох боломжгүй. Урд шил нь баруун доод хэсэгтээ хагарч цуурч, цацарсан гэмтэл нь ослын үед үүссэн байж болно.

д. Уг автобусны урд тэнхлэгийн баруун зүүн талын тормосны ABS системийн утас нь тасарсан, мөн урд болон хойд дугуйн тоормосны хүчний зөрүү нь стандартын шаардлага хангахгүй байгаа нь уг автобус тоормос гишгэж зогсоход хурдаас хамаарч шарвалт үүсэх байдлаар нөлөөлнө...” гэсэн дүгнэлт, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын хуудас /хэргийн 75-77х/,

 

11. Шинжээч Б.Ганцоожийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Дээрх дүгнэлтэд дурдагдсан эвдрэл, гэмтэл нь тусгай тоног төхөөрөмж дээр гаргаж шалгаж тогтоосон зүйл юм. Тухайн автобусыг би өөрөө барьж үзэхэд 4 дугуй нь тоормосоо барьж байсан. Урд ба хойд дугуйн тормос нь нэг тэнхлэг дэх тоормосны хүчний зөрүүг жолооч автобусыг барьж явах үедээ бол мэдэх боломжгүй ээ. Урд тэнхлэгийн баруун зүүн талын тоормосны ABS системийн тасарсан утсыг яам дээр гаргаж байж доогуур орж байж харах боломжтой. Тэрнээс биш яг тонгойж харахад харагдахгүй. ABS систем нь халтиргаа, гулгаатай замд шарвалт өгөхгүй байлгах, тоормосыг жигд ажиллуулах систем юм. Тэрнээс биш автобусны тоормос бол хэвийн ажиллаж байсан. Утас нь тасарсан нь зам тээврийн осолд нөлөөлөхгүй...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 79х/,

 

12. Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2016 оны 02 сарын 05-ны бдрийн 81 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

а. Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, ослын акт, хэргийн газрын үзлэг, эд мөрийн баримт болох сиди дээрх дүрс бичлэг зэргээс үзэхэд Daewoo BS-106 маркийн 26-48 УНЧ улсын дугаартай автобусыг жолоодон явсан С.Найдан нь:

 Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна:, г/ улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

б. Явган зорчигч М.Хонгор нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

в. Хэргийн газрын үзлэгээр авагдсан зорчих хэсэгт үлдсэн Daewoo BS-106 маркийн 26-48 УНЧ улсын дугаартай автобусыг тоормосны мөрөөр хурдыг тодорхойлвол:

Тоормосны мөр - S 1 = 15,30 метр,

Тоормосны идэвхжилтийн коэффицент:  K э = 1,4

Зам дугуйн барьцалдалтын коэффицент (тухайн нөхцөлд замын гадаргуугийн байдлаас үзэхэд асфальтан, шулуун тэгш, халтиргаатай гэсэн байх тул): φ = 0,35 аар авч болно.

Иймд V= =   31.2 км/цаг байна гэсэн дүгнэлт /хэргийн 81х/,

 

13. “Daewoo BS-106 маркийн 26-48 УНЧ улсын дугаартай автобусыг жолоодон явсан С.Найданг драйгер багаж үлээлгэн шалгахад 0.00 хувь гарч согтууруулах ундаа хэрэглээгүй байна” гэсэн жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хэргийн 95х/,

 

14.  С.Найданг ажилд томилсон тухай 2015 оны 12 сарын 11-ний өдрийн 01/103 дугаартай “Сутайн буянт” ХХК-ийн захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ /хэргийн 105-107х/,

 

15. Жолоочийн талаарх Замын цагдаагийн газрын мавлагаа, мэдээлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримтууд /хэргийн 110х, 127х/,

 

16. Насанд хүрээгүй Хонгорын Хүслэн, Хонгорын Халиунаа, Батхуягийн Бямбасүрэн нарын төрсний гэрчилгээний хуулбар, СХД-ийн 31 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 29-31х/,

 

17. Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 32х/, Ш.Батхуяг, М.Хонгор нар нас барсан тухай бүртгэлийн гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 33-34х/,

 

18. Оршуулгын зардал, хохиролтой холбоотой баримтууд /хэргийн 37-49х/,

 

19. Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай СХД-ийн Засаг даргын захирамж /хэргийн 52х/,

 

20. Шүүгдэгч С.Найдангийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би “Сутайн буянт” ХХК-ийн эзэмшлийн Daewoo BS-106 маркийн 26-48 УНЧ улсын дугаартай автобустай нийтийн тээврийн үйлчилгээнд ажил үүргээ гүйцэтгэсэн. Тэгээд орой 22 цаг 17 минутад ажлынхаа цагийн  гүйцээж дуусгаад Дүнжингараваас ажил руугаа буюу бааз руу автобусаа тавихаар кабиндаа ганцаараа явж байгаад СХД-ийн 1-р хорооллын Саппорогоос Цамбагарав орох замд буюу Цамбагаравын зүүн урд байрлах явган хүний гарцны орчим замаар, замын нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 20-30 орчи км/цаг хурдтай, зүүнээсээ баруун зүгт явж байтал зөвшөөрсөн ногоон гэрэл асаж байсан.

Явган хүний гарц руу дөхөөд ирэхэд шар гэрэл анивчсан. Тэгээд амжаад гарчих байх гэж бодсон чинь 3 орчим метрийн зайд явган зорчигч баруун гар талаас явган хүний гарцаар алхаад гараад ирсэн, би ч тоормосоо гишгээд зогсоож чадалгүй, явган зорчигчийг автобусныхаа баруун гар талын урд хэсгээр мөргөөд зогссон.

 Тэгээд шууд автобуснаасаа бууж хохирогч дээр очоод татсан чинь толгойноос нь цус гарч байсан. Тэнд явж байсан хүмүүсээс түргэн дуудаад өгөөч, цагдаа дуудаад өгөөч гэж гуйж байгаад түргэн цагдаад дуудлага өгүүлсэн. Хохирогч хойноос урагшаа зүгт, явган хүний гарцаар зам хөндлөн, ганцаараа алхаж гарч ирсэн.   

Тухайн үед гадаа харанхуй, зам гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин чөлөөтэй, хальтиргаатай байсан. Автобус ойрын гэрэлтэй явж байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. 2003 онд жолооч болсон. Одоо B, C, D, E ангиллын жолооны эрхийн үнэмлэхтэй. Ослын улмаас автобусны баруун гар талын урд салхины шил няцарч цуурсан байсан, өөр ямар нэгэн эвдрэл учраагүй. Хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг мэдэхгүй байна. Автобус бүрэн бүтэн байдал нь хэвийн, бүх зүйл нь ажиллагаатай тоормос хэвийн барьж байсан. Хохирогчийн ажил явдалд байгууллагаас 5.0 сая төгрөг, би өөрөө хувиасаа 1.0 сая төгрөг тус тус өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 98-100х/ болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтуяагаас гаргаж өгсөн 3 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч С.Найдан нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны орой 22 цаг 34 минутын  орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Цамбагаравын зүүн урд талын явган хүний гарцан дээр “Сутай буянт” ХХК-ийн эзэмшлийн Daewоо-BS-106 маркийн 26-48 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна: г/ улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна”. гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Хонгорыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2-9х/,

 - автобусны камерын бичлэгийг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 25х,/

-Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 10-13х/,

-  М.Хонгор нас барсан бүртгэлийн гэрчилгээний хуулбар баримт /хэргийн 34х/,

- шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2016 оны 01 сарын 15-ны өдрийн №26 тоот акт  /хэргийн 65-66х/,

- Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2016 оны 02 сарын 05-ны бдрийн 81 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 81 х/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтуяа, гэрч Б.Мягмарсүрэн нарын мэдүүлэг болон шүүгдэгч С.Найдангийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч С.Найдан нь явган хүний гарц руу дөхөж ирэх үед нь улаан гэрэл буюу хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглосон гэрлэн дохио ассан байхад тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасах, зогсоох зэрэг ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр хурдтайгаар ирж явган зорчигчийг мөргөж буй байдал нь түүний хайхрамж болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрмээ муу баримталдагтай шууд шалтгаант холбоотой байна.

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч С.Найданд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул С.Найданг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрсөний улмаас бусдын амь насыг хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Зам тээврийн осол хэрэг гарах үед шүүгдэгчийн жолоодон явсан тээврийн хэрэгсэл нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх “Сутайн буянт” ХХК-ийн эзэмшил өмчлөлийн эд хөрөнгө болох нь,  мөн шүүгдэгч нь тус байгууллагад жолоочоор ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэж явахдаа буюу ээлжээс буухаар авто бааз руугаа явж байх замдаа уг зам тээврийн ослыг гаргасан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч Ц.Гансүх, Б.Цэрэндаш нарын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримт, С.Найданг автобусны жолоочийн албан тушаалд томилсон “Сутайн буянт” ХХК-ийн захирлын 01/13 тоот тушаал, түүний ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.Баярмагнайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Лхагвадулам, Т.Лхагвачулуун нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогджээ.

 

Шүүгдэгч С.Найдан нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 126х/ баримтаар нотлогдож байх тул түүний анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх юм.

 

Шүүх, шүүгдэгч С.Найданд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  гэм буруугаа ухамсарлан гэмшиж буй нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэмт хэргийн улмаас учирсан гэм хор бүрэн арилаагүй байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдал тооцлоо.

Иймд шүүгдэгч С.Найданд оногдуулсан хорих ялыг тэнсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах боломжгүй байна.

 

Хохирол төлбөрийн тухайд:

-Хохирогчийн хууль  ёсны төлөөлөгчөөс нэхэмжилж буй үнийн дүн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтуяа нь  шүүгдэгч С.Найдангаас оршуулга, зан үйлийн зардалд 6 сая төгрөг, мөн амь хохирогч М.Хонгор нь насанд хүрээгүй, бүтэн өнчин үлдэж байгаа, 1999 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн Б.Бямбасүрэн, 2007 оны 11 сарын 02-ны өдөр төрсөн Х.Халиуна, 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Х.Хүслэн гэсэн 3 хүүхдүүдийн насанд хүртэлх хугацаанд нь тэжээн тэтгэх, тэтгэмж нөхөн төлбөрт 30.0 сая төгрөг гаргуулахаар  нэхэмжилсэн болно.

 

-Шүүгдэгч, иргэний хариуцагч  “Сутайн буянт”ХХК-иас хохирол, төлбөрт төлсөн үнийн дүн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтуяа нь иргэний хариуцагч “Сутайн буянт” ХХК-ис 5 сая 200.000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөг, шүүгдэгчээс 1.000.000 /нэг сая/ төгрөгийг, нийт бэлнээр 6.200.000 төгрөгийг хүлээн авсан,

 Мөн шүүгдэгч нь амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн асран хамгаалагч харгалзан дэмжигчээр тогтоогдсон М.Мөнхтуяа, охин Б.Мягмарсүрэн нарын нэр дээр Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Тахилтын 25-233, 25-246 тоотод байрлах, нэгж талбарын 18627311709668, 18627311686691 дугаарт тус тус бүртгэгдсэн газар эзэмших эрхийг 4,0 сая төгрөгөөр худалдан авч, хохиролд тооцон шилжүүлсэн нь газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримттай ба нийт 10.200.000  / арван сая хоёр зуун мянга/  төгрөг төлөгдсөн гэж үзэхээр байна.

 

Хохирогчийн нэхэмжилж буй хохирол, төлбөрт олговол зохих үнийн дүн, задаргаа:

Хохирогчийн төлөөлөгч М.Мөнхтуяа нь оршуулга, зан үйлийн зардалд 6 сая төгрөг нэхэмжилснээс, хавтаст хэргийн 37-49 дүгээр талд авагдсан баримтын хүрээнд нийт  4.364.370 /дөрвөн сая гурван зуун жаран дөрвөн мянга, гурван зуун далан төгрөг/ төгрөгийн хохирлыг ханган гаргуулах нь үндэслэлтэй байх бөгөөд харин үлдэгдэл баримтгүй нэхэмжилсэн 1.635.630 /нэг сая зургаан зуун гучин таван мянга зургаан зуун гучин/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй, боломжгүй байна.

Мөн хохирогчийн төлөөлөгч М.Мөнхтуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...амь хохирогч М.Хонгор нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан тул нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй, түүний бага насны хүүхэд болох 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 4 нас 5 сартай Х.Хүслэнд 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нийгмийн халамжийн тэтгэврийг 18 нас хүртэл нь сар бүр 189.750 төгрөгөөр тогтоосон” талаар мэдүүлсэн төдийгүй халамжийн дэвтрийн хуулбар зэрэг баримттай байна. 

Харин амь хохирогчийн  18 насанд хүрээгүй буюу 1999 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн Б.Бямбасүрэн /16 нас 5 сартай, 2007 оны 11 сарын 02-ны өдөр төрсөн Х.Халиуна /8 нас 3 сартай/ нарт халамжийн тэтгэвэр тогтоогдоогүй байх тул тэдгээрт нь 18 насанд хүртэлх хугацаагаар гэм хор учруулсаны төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 192.000 төгрөгөөр тооцон иргэний хариуцагч “Сутайн буянт” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэв. Ингэхдээ Х.Хүслэнд халамжийн тэтгэвэр тогтоосон хугацаагаар буюу 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тооцов. Үүнд:

-1999 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн Б.Бямбасүрэн нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 18 насанд хүрэхээр байх бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тооцож үзвэл түүнд төлбөл зохих төлбөрийг 1 жил 8 сараар олгох нь зүйтэй байна. Тухайлбал,  8 сарх192.000=1.536.000 төгрөг, 12сар х192.000=2.304.000 төгрөг буюу 1.536.000+2.304.000= 3.840.000 төгрөг гаргуулах,

 

- 2007 оны 11 сарын 02-ны өдөр төрсөн Х.Халиуна нь 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 18 насанд хүрэхээр байх бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тооцож үзвэл түүнд төлбөл зохих төлбөрийг 9 жил 9 сараар олгох нь зүйтэй байна. Тухайлбал, 

9/сар/х192.000=1.728.000 төгрөг, 12/сар/х192.000=2.304.000 төгрөг, 2.304.000х9/жил/=20.736.000 төгрөг буюу 1.728.000+20.736.000=22.464.000 төгрөг гаргуулах,

Дээрх 2 хүүхдийн төлбөр болох 3.840.000+22.464.000=26.304.000 төгрөгийг иргэний хариуцагч “Сутайн буянт”ХХК-иас гаргуулахаар байна.

Дээрх байдлаас дүгнэж үзвэл: иргэний хариуцагч болон шүүгдэгчээс гаргасан төлбөр болох 10.200.000 төгрөгөөс оршуулгын зардал болох 4.364.370 төгрөгийг хасаж, үлдэгдэл 5.835.630 төгрөгийг гэм хор учруулсны төлбөр болох 26.304.000 төгрөгөөс хасаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтуяад  нийт 20.468.370 /хорин сая, дөрвөн зуун жаран найман мянга, гурван зуун дал/ төгрөгийг гаргуулж олгох нь үндэслэлтэй байна. /10.200.000-4.364.370=5.835.630 төгрөг, 26.304.000-5.835.630=20.468.370/

Дээрх гэм хорын төлбөрийг иргэний хариуцагч “Сутайн буянт” ХХК-иас нэгмөр гаргуулахаар шийдвэрлэлээ. Учир нь, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтуяа нь “амь хохирогчийн хүүхдүүд нь 5 ханатай гэрт амьдардаг амьдралын нөхцөл хүнд байгаа тул  цаашид уг мөнгийг авснаар тэдгээрт байшин барьж өгөх талаар” мэдүүлсэн тул уг хүсэлтийг үндэслэсэн болно.

 

“...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэл/-ээр бусдад учруулсан гэм хорыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж, “...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” “...гэм хор учруулсны төлбөрийг бага насны буюу насанд хүрээгүй иргэнд 16 нас хүртэл, харин суралцаж байгаа бол 18 нас хүртэл” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4 дэх хэсэгт тус тус зохицуулсан тул гэм хорын хохирлыг иргэний хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

“Сутайн буянт” ХХК нь иргэний нэхэмжлэгчийн хувиар шүүгдэгч С.Найдангаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай хүсэлтээ илэрхийлсэн баримтыг /хэргийн 145х/ хэрэгт  бичгээр гаргаж өгсөн.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалах, шүүгдэгч С.Найдангийн B, C, D, E ангиллын жолооны үнэмлэх баримтыг /№279513/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч С.Найдан нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 27 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дархчууд овогт Сүхбаатарын Найданг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар С.Найдангийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Найданд оногдуулсан 04 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Найдангийн цагдан хоригдсон 27 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “Сутайн буянт” ХХК-аас 20.468.370 төгрөг /хорин сая, дөрвөн зуун жаран найман мянга, гурван зуун далан төгрөг/ гаргуулж,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Мижидийн Мөнхтуяад /СХД-ийн 31-р хороо, Дэнж 1а аадар гудамж 18 тоотод оршин суух хаягтай, РД:ЙР77050862/ олгосугай. 

 

6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Сутайн буянт” ХХК нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэйг тайлбарласугай.

 

7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий СD нэг ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан С.Найданд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, С.Найдангийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №279513 дугаартай үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх бичиг баримтын хамтаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Гансугарт үүрэг болгосугай.

 

9. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурьсугай.  

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Найданг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

11.Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний хариуцагч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт мөн хугацаанд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.

  

 12. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан С.Найданд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Г.АЛТАНЦЭЦЭГ