Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1991

 

Д.Э-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/01457 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Э-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Э, Э.О нарт холбогдох

Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот Ү-2205005389 дугаартай 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Бэлэглэх гэрээ”, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 15/105 дугаартай “Барьцааны гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах,

Д.Э, Д.Э нарыг маргаан бүхий орон сууцны өв залгамжлагчаар тогтоолгож, өв залгамжлагч тус бүрт ногдох хэсгийг тодорхойлуулан орон сууцны өмчлөгчөөр Д.Э-ийг үлдээж, ногдох хэсгийг Д.Э-ээс гаргуулж Д.Э-д олгож, орон сууцны өмчлөгчөөс Д.Э-ыг хасуулах,

Д.Э-аас учирсан хохиролд 4 559 000 төгрөг гаргуулах,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр Д.Цэсэнжавтай 1988 оноос 2000 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот 29 м.кв талбай бүхий Ү-2205005389 улсын бүртгэлд бүртгүүлсэн, түүний болон Ц.Энхбаатар нарын өмчлөлийн 2 өрөө орон сууцанд ам бүл тавуулаа амьдарч байсан. Нөхөр маань 2000 оны 02 дугаар сард нас барж 49 хоногийг хурааж амжаагүй, байхад талийгаачийн том хүү Ц.Дамдинсүрэн бидний амьдарч байсан маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг надаас эх хувиар нь авч гэрчилгээн дээр миний нэрийг хамтран өмчлөгчөөр нэмж бичүүлж шинэ гэрчилгээ гаргуулан буцааж өгнө гээд авсан. Харин би 2000 оны 12 дугаар сарын 08-ны өдөр намайг талийгаач Д.Цэсэнжавын хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ч нөхрийн үр хүүхдүүд намайг маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлнэ гэж итгэж байсан боловч биелэгдээгүй.  Миний хувьд 1990 онд зам тээврийн осолд орж хүнд гэмтэл авсны улмаас тахир дутуугийн группт хамрагдаж эмчийн хяналтад байдаг, 2014, 2016 онд 2 удаа БНСУ-д эмчилгээ хийлгэж байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлээгүй. Гэтэл манай байрны өмчлөх эрх 2000 оны 4 дүгээр сараас 2015 оны 6 дугаар сар хүртэл надад мэдэгдэлгүйгээр олон удаа бусдад шилжсэн ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 02525 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан Д.Э-ын төлбөр авагч н.Гэрэлт-Одод төлөгдөх 43 640 000 төгрөгт хураагдаж дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгааг би 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн.

Хариуцагч Д.Э намайг талийгаач Д.Цэсэнжавтай 12 жил хамт амьдарсан мөн түүний хууль ёсны өв залгамжлагч болохыг мэдсээр байж хуулийн мэдлэггүй байдлуудыг ашиглан миний өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр маргаан бүхий байрны цорын ганц өмчлөгч болсон, 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эхнэр хүүхдүүийг уг байрны хамтран өмчлөгчөөр Бэлэглэлийн гэрээгээр нэмж бүртгүүлэн 4 хүн өмчлөгч нь болсон. Иймд шүүхийн шийдвэрээр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж тогтоолгох, 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 225 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Д.Э уг орон сууцандаа үлдэж, орон сууцны 68 000 000 төгрөгөөс хариуцагч Д.Э-д оногдох 50 хувийг төлөх хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э талийгаач Д.Цэсэнжавын том хүү Ц.Дамдинсүрэнгийн 3 дахь хүүхэд бөгөөд эцэг эхээс зургуулаа юм. Эцэг Ц.Дамдинсүрэн 2011 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зуурдаар нас барсан. Өвөө Д.Цэсэнжав Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоотод оршин сууж байгаад 2000 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нас барсан ба уг үл хөдлөх хөрөнгө нь тухайн үед Д.Цэсэнжав болон Ц.Энхбаатар нарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан. Д.Цэсэнжавыг нас барснаас хойш хууль ёсны өв залгамжагч болох хүү Ц.Дамдинсүрэн, Ц.Энхбаатар, охин Ц.Оюунчимэг, Ц.Уранчимэг нар хуулийн дагуу өвлөх эрхээ нээлгэхээр нотариатад хандан үл хөдлөх хөрөнгийг эцэг Ц.Дамдинсүрэнд өмчлөх эрхийг бусад өв залгамжлагч нар нь өгч бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Эцэг Ц.Дамдинсүрэн 2011 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зуурдаар нас барсан ба дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг өвлөх албан ёсны эрхтэй эх Г.Цээлхам, хүүхэд Д.Энхтөр, Д.Энхболд, Д.Энхбаяр, Д.Отгонлхам, Д.Оюунлхам нар өв залгамжлахаас татгалзаж би хүсэлт гаргаж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Үүний дараа эхнэр Э.Одончимэг, хүү Э.Энх-Од, Э.Энхмэнд нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн.

Би өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг Х.Г-оос 2015 оны 6 сард 24 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, барьцаалсан. Зээлээ төлж барагдуулаагүй тул Х.Г-д шүүхийн шийдвэрийн дагуу 43 640 000 төгрөг төлөх болсон. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцаа хөрөнгөөр төлбөр барагдуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Х.Г-д хуулийн дагуу шилжсэн. Э.О бид 2 хуулийн дагуу өмчлөх эрхтэй байсан үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулсан. Нэхэмжлэгчийг албан ёсоор өвлөх эрхээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан баримтгүй. 2002 онд нэхэмжлэгчийг өв залгамжлагч мөн гэж тогтоосноос хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Д.Э талийгаачтай 1988 онд танилцаж 1991 онд нэг гэрт орсон гэж тайлбарладаг. Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор маргааны зүйл болох 15 тоот орон сууц хувьчлагдахдаа өмчлөх эрх Д.Цэсэнжав, Ц.Э нарт үүсч, эрхээ баталгаажуулсан. Нэхэмжлэгчтэй 7 жил болчихоод талийгаач Д.Цэсэнжав эхнэрээ өмчлөгчөөр бүртгүүлээгүй нь Д.Э-т өөрийн орон сууцаа өмчлүүлэхээр шийдээгүй нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Г-д шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШЗ2016/02525 дугаар захирамжаар хариуцагч Д.Э-аас 43 828 075 төгрөг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ажиллагаа хийгдэж байх үед Д.Э орон сууцаа 65 000 000 төгрөгөөр үнэлж, би зөрүү төлөхийг зөвшөөрснөөр төлбөр авагч Д.Э-ын Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот үл хөдлөх эд хөрөнгө миний нэр дээр шилжүүлэн өгсөн. 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Д.Э-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болж, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 00510530 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн. Үүнээс хойш байрны зөрүүд Д.Э надаас Тоёота гаяа 58-28 УНМ автомашиныг 8 607 000 төгрөгт Субару Импреза 71-92 ДАР автомашиныг 5 200 000 төгрөгт, Митсубиши пажеро 94-48 ДАХ автомашиныг 4 365 000 төгрөгөөр тооцон, үлдэгдэл төлбөрийг бэлэн мөнгөөр авч бүрэн дууссан. Миний бие Д.Э-тай хуулийн дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж Иргэний хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр гаргуулж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар төлбөр барагдуулах ажиллагаа хийлгэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны шудрага өмчлөгч болсон тул нэхэмжлэгч Д.Э-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Д.Э нарын хоорондын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, маргаанаас болж үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны шудрага өмчлөгч Х.Г миний бие хохирч болохгүй гэжээ.

       Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд НШГА-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лочин шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2525 дугаартай захирамжаар Д.Э-аас 43 828 075 төгрөг гаргуулж Х.Г-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дээрх, шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Д.Э-д төлбөрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгч, уг хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул төлбөр төлөгч Д.Э-ын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот, 29 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилэн, хураах актаар хурааж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч Д.Э үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгөөр төлбөрийг бүрэн барагдуулах хүсэлт гаргасан, төлбөр авагч Х.Г-д хүлээн зөвшөөрсөн тул 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1/24823 дугаар албан бичгээр маргаан бүхий орон сууцыг Х.Г-ын өмчлөлд төлбөрт тооцон шилжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 16/748 дугаар тогтоолоор дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 520 дугаар зүйлийн 520.1, 531 дүгээр зүйлийн 531.1, 528 дугаар зүйлийн 528.2, 528.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Э-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Э, Э.О нарт холбогдох Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот Ү-2205005389 дугаартай 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид “Бэлэглэх гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Барьцааны 15/105 дугаартай гэрээг хүчингүй болгуулах, Д.Э, Д.Э нарыг маргаан бүхий орон сууцны өв залгамжлагчаар тогтоолгож, өв залгамжлагч тус бүрт ногдох хэсгийг тодорхойлуулан орон сууцны өмчлөгчөөр Д.Э-ийг үлдээж, маргаан бүхий өвийн хөрөнгөнөөс ногдох хэсгийг нэхэмжлэгч Д.Э-ээс гаргуулж Д.Э-д олгож, уг орон сууцны өмчлөгчөөс Д.Э-ыг хасуулах, Д.Э-аас өөрт учирсан хохиролд 4 559 000 төгрөгийг гаргуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ньхэрэгсэхгүй болгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497 950 төгрөгийг улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нар 2002 онд нэхэмжлэгчийг өв залгамжлагч гэж тогтоосноос хойш хөөн хэлэлцэх 10 жилийн хугацаа дууссан, би хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан мөн хүндэтгэн үзэх шалтгаан байсан, холбогдох газруудад хандаж байсан, хариуцагч нар намайг эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байсан гэж шүүхэд маргасан. Манай байрны өмчлөх эрх 2000 оны 4 дүгээр сараас эхлэн надад мэдэгдэхгүйгээр бусдад шилжиж, өмчлөгч нар өвлөгч миний зөвшөөрөлгүй өөрчлөгдөж байсныг тухайн байранд тасралтгүй 28 жил амьдарч, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр мэдсэн. Намайг шүүхээс албан ёсоор өвлөх эрхээ тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан тухай баримт хэрэгт байхгүй гэсэн атал нас барагч Д.Цэсэнжавын хууль ёсын өв залгамжлагчаар тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Би 2007 оноос өмнө Нотариатчдын танхим, бусад төрийн байгууллагад хамтран өмчлөгчөөр тогтоолгох, өв залгамжлалын гэрчилгээ авахаар хандаж байсан баримт хэрэгт авагдсан. Би маргаан бүхий орон сууцны өмчлөгч, өвлөгч гэж бодож уг орон сууцны ашиглалтын бүх зардлыг 28 жил тасралтгүй төлж, бусдын асрамжид 2003 оноос эхлэн хүнд өвчний учир амьдарч байна гэж ойлгож байсан ба талийгаачийн дагавар хүү Ц.Дамдинсүрэнгийн хүү Д.Э-ын буруутай үйлдлийн улмаас тэд үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Шүүхийн шийдвэрээр өв залгамжлагч гэдгийг тогтоосон байхад заавал нотариатаас өв залгамжлалын гэрчилгээг өвлөгч, өмчлөгч гэдэг нь нэг агуулгатай учраас авах шаардлагагүй гэж 2016 оны 5 дугаар сарыг хүртэл бодож байсан.

Шүүхээс гомдлын шаардлага гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлага нотлоогүй, маргаан бүхий орон сууцанд 28 жил амьдарсан боловч энэ нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамааралгүй, өв хүлээн авсан гэж хуульд зааснаар үзэх үндэслэл болохгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж, өв хүлээн авах хугацааг сунгах үндэслэлгүй, Иргэний хуулийи 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа миний хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тасалдсан, нэг л үйл баримт буюу маргаан бүхий 2 өрөө орон сууцны өмчлөлийн тал дээр маргаж байсан, эрх бүхий төрийн байгууллагуудад гомдлын шаардлага гаргасан асуудал дээр зөв дүгнэлт хийгээгүй, түүнчлэн өв залгамжлалын гэрчилгээг нотариатаас өвлөгч Ц.Дамдинсүрэнд олгосон байхад шүүхээр өв залгамжлагчаар тогтоогдсон надад дахин давхардуулан гэрчилгээ олгох боломжгүй гэдгийг шүүх үнэлж ач холбогдол өгөөгүйн улмаас үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй, нотлох баримтын агуулгыг судалж үзээгүйд гомдолтой байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн байна.

Нэхэмжлэгч Д.Э хариуцагч Д.Э, Э.О нарт холбогдуулан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11  дүгээр байрны 15 тоот Ү-2205005389 дугаартай 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж тогтоолгох, 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Аманкелээс Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот Ү-2205005389 дугаартай 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Бэлэглэх гэрээ”, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 15/105 дугаартай “Барьцааны гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, Д.Э, Д.Э нарыг маргаан бүхий орон сууцны өв залгамжлагчаар тогтоолгож, өв залгамжлагч тус бүрт ногдох хэсгийг тодорхойлуулан орон сууцны өмчлөгчөөр Д.Э-ийг үлдээж, ногдох хэсгийг Д.Э-ээс гаргуулж Д.Э-д олгож, орон сууцны өмчлөгчөөс Д.Э-ыг хасуулах, Д.Э-аас учирсан хохиролд 4 559 000 төгрөг гаргуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлжээ. /1 хав  222-223, 2 хав 17-18/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, өөрчилсөнтэй  холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах ажиллагааг шүүх хэрэгжүүлээгүй  байна.

Нэхэмжлэгч Д.Э-ийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч Э.О-т гардуулаагүй. Өөрөөр хэлбэл, 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Э.О-ээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийг Э.Э-д 1 жилийн хугацаатай олгосон бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг гардуулаагүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлж, өөрчилсөн шаардлагыг хариуцагч Э.Э, Э.Онарт гардуулаагүй байна.

Уг шаардлагыг хариуцагч талд гардуулаагүй байхад тайлбар гаргах, нотлох баримт цуглуулах боломж олгогдсон гэж үзэхгүй тул хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эрх зүйн дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/01457 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШЗ2017/07947 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Э-ийг давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                              Г.ДАВААДОРЖ

                                                                                                              Д.БАЙГАЛМАА