Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/00065

 

“...банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/00262 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 554 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “...банк” ХХК

          Хариуцагч: “...сондор” ХХК-д холбогдох

          Үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: БГД-ийн ..-р хороо, .. 36 тоот хаягт байрлах 288 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, БГД-ийн ..-р хороо .. 226 тоот хаягт байрлалтай 400 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2017-07-27-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу компанийн өмчлөлд шилжүүлэн авсан. Дээрх үл хөдлөх хөрөнгийг иргэн Э.Болормаа чөлөөлж өгөхгүй, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж, мөн бусдад түрээслүүлж орлого олж байна. БГД-ийн ИХАШШ-ийн 2017-11-29-ний өдрийн 102/ШШ20174/03218 дугаар шийдвэрээр дээрх ...банкны өмчлөлийн объектуудад шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр “...сондор” ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон. Иймд банкны өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

      Хариуцагч тайлбартаа: “...банк” ХХК нь маргаж буй 2 үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан. Иргэний хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэх, худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлж байгаа тохиолдолд эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх ёстой. Маргаан бүхий хоёр эд хөрөнгийг биет байдлын доголдолтой байхад нь шилжүүлсэн байна. “...сондор” ХХК дээрх объектуудад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. “...банк” ХХК-иас иргэн Г.Мөнхтуулд, Г.Мөнхтуулаас “...банк” ХХК-д шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн объектод “...сондор” ХХК үйл ажиллагаа явуулж байхад өөр хоорондоо шилжүүлсэн. Нэхэмжлэгч дээрх объектуудын өмчлөгч, шударга эзэмшигч биш тул Иргэний хуулийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхгүй гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 102/ШШ2019/00262 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баянгол дүүрэг .. дугаар хороо ... 36 тоот хаягт байрлах 288 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг .. дугаар хороо ... 226 тоот хаягт байрлалтай 400 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус “...сондор” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “...сондор” ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 554 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/00262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: “...сондор” ХХК маргаж буй үйлдвэрлэлийн зориулалттай 2 барилгад 2008 оноос өнөөдрийг хүртэл ...ий үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Э.Болормаагаас ... банканд, ... банкнаас Г.Мөнхтуулд, Г.Мөнхтуулаас ... банканд тус тус шилжсэн. ИХ-ийн 243.1 дэх хэсэгт биет байдлын доголдолгүй хөрөнгийг шилжүүлэх, хүлээн авах үүрэгтэй гэж заасан. Мөн хуулийн 251.2-т зориулалтаар нь ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр зохицуулсан байдаг. Бодит байдал дээр бусдын эзэмшил ашиглалтад байгаа, зориулалтаар нь ашиглах боломжгүй хөрөнгийн өмчлөх эрхийг ... банк шилжүүлэн авсан нь үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      “...банк” ХХК 2018-10-31-ний өдөр “...сондор” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Баянгол дүүргийн ..-р хороо, .. 36 тоот хаягт байрлах 288 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хорооны .. 226 тоот хаягт байрлалтай 400 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэхийг шаарджээ. 

      Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...нэхэмжлэгч нь эдгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан... “...сондор” ХХК үйл ажиллагаа явуулж байхад шилжүүлсэн... уг хөрөнгийн өмчлөгч, шударга эзэмшигч нь биш ...” гэж маргасан байна. 

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “... “...банк” ХХК  өөрийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй...” гэсэн үндэслэл заажээ.

      Давж заалдах шатны шүүх “... 2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг авсан талаар ямар нэгэн маргаан байхгүй шүүх “...банк” ХХК-ийг хууль ёсны өмчлөгч гэж үзсэн нь  үндэслэлтэй байна...” гэж дүгнээд шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

      Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Нийслэлийн Баянгол дүүргийн ..-р хороо, .. 226 тоот байрлах 400 м.кв ., мөн хорооны, .. 36, үйлдвэрийн зориулалттай 288 м.кв талбайтай хоёр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч “...банк” ХХК болох нь тогтоогдсон байна.

     Хариуцагч дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүсгэсэн баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг шаардсан ч хариуцагч эзэмшсээр байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, “...банк” ХХК өөрийн өмчийг бусдын эзэмшлээс шаардах эрхтэй тул шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 101,106,109,110 дугаар зүйлд нийцжээ. 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шаардлага, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ.

      Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбараа баримтаар нотлоогүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

      Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр болон магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/00262 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 554 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ