Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 262

 

 

 

 

                           
     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо К БХХК

           Хариуцагч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол С СХХК

Үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, О.Б, хариуцагч С СХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уянга нар оролцов.                                                  

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч К БХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, О.Б нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:   Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс-1 Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах 288 мкв талбайтай Улсын бүртгэлийн Ү-2205028543 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн бүс гудамжны 226 тоот хаягт байрлалтай 400 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205022771 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу компаний өмчлөлд шилжүүлэн авсан.  Дээрх үл хөдлөх хөрөнгийг иргэн Э.Болормаа нь чөлөөлж өгөхгүй, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж, мөн бусдад түрээслүүлж орлого олж байгаа бөгөөд Капитал банкны өмчлөлийн хөрөнгүүдийг чөлөөлүүлэх талаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №102/ШШ20174/03218 тоот  шүүхийн шийдвэрээр дээрх Капитал банкны өмчлөлийн обьектуудад шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр С СХХК нь үйл ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогдсон. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа тайлбар татгалзлаа нотлох үүрэгтэй боловч хэрэгт авагдсан баримтаар ийнхүү нотлогдохгүй байна. Эрхийн доголдолтой хөрөнгө байгаа нь үндэслэл бүхий биш байна. Иймд С СХХК-наас Капитал банкны өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг албадан чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч С СХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. К БХХК нь маргаж буй хоёр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан. Иргэний хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэх, худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж байгаа тохиолдолд эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх ёстой. Хариуцагч маргаан бүхий хоёр эд хөрөнгийг биет байдлын доголдолтой байхад нь шилжүүлсэн гэж үзэж байна. С СХХК дээрх объектуудад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа.  К БХХК-иас иргэн Г.Мөнхтуулд, Г.Мөнхтуулаас К БХХК-нд гээд бие биерүүгээ шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн объектод С СХХК үйл ажиллагаа явуулж байхад нь хоорондоо шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь дээрх объектуудын өмчлөгч, шударга эзэмшигч биш тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106-1-т заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхгүй гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч К БХХК нь хариуцагч С СХХК-нд холбогдох Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс-1 Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах 288 мкв, мөн хорооны 226 тоот хаягт байрлалтай 400 мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан чөлөөлүүлэх тухай  нэхэмжлэл гаргажээ.

Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн бүс гудамжны 226 тоот үйлдвэрлэлийн зориулалттай 400 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Монгол Алтай Индастри ХХК /2086026/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205022771 дугаарт бүртгэлтэй байсан ба 136 дугаартай нотариатчийн 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн Ц.Сайханжаргалын өмчлөлд, Ц.Сайханжаргал  нь 70 дугаартай нотариатчийн 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн Э.Болормаагийн өмчлөлд, Э.Болормаа нь 225 дугаартай нотариатчийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр К БХХК /2556375/-ийн өмчлөлд, К БХХК нь 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр иргэн Г.Мөнхтуулийн өмчлөлд, Г.Мөнхтуул нь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр  К БХХК-ийн өмчлөлд,

 Баянгол дүүрэг 20 дугаар хороо үйлдвэрийн баруун бүс-1, эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 288 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгчөөр иргэн Э.Болормаа бүртгэлтэй бөгөөд 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр К БХХК-ийн өмчлөлд, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Г.Мөнхтуулийн өмчлөлд, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр К БХХК-ийн өмчлөлд тус тус шилжүүлэн бүртгүүлсэн байна.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанд талуудын тайлбарласан тайлбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааны хариу албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн хувийн хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож, эдгээр баримтад талууд маргаагүй байна.

Шүүх хуралдаанд хариуцагч нь “үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бэлэглэх, худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж байгаа тохиолдолд эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх ёстой. С СХХК дээрх объектуудад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байхад хоорондоо өмчлөлийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан боловч маргааны зүйл болох үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг С СХХК өмчлөх эрхтэй болохоо нотолж чадаагүй байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж, нотариатаар гэрчлүүлэх, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж заажээ.

Хариуцагч С СХХК-ийн эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлсэн үйл баримтууд дээрх хуулийн зүйл заалтыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, тухайн  үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч нь К БХХК байх тул Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс-1 Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах 288 мкв талбайтай Улсын бүртгэлийн Ү-2205028543 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн бүс гудамжны 226 тоот хаягт байрлалтай 400 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205022771 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С СХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсан нэхэмжлэгч К БХХК-ний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

                                                                 ТОГТООХ нь:   

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс-1 Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах 288 мкв талбайтай Улсын бүртгэлийн Ү-2205028543 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн бүс гудамжны 226 тоот хаягт байрлалтай 400 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205022771 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хариуцагч С СХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С СХХК-наас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К БХХК-нд олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                    

                                

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА