Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/43

 

 

 

      2022          03          15                                              2022/ШЦТ/43

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч Л.Солонго /цахимаар/

Хохирогч Ц.Отгонбаяр /цахимаар/

Шүүгдэгч А.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа /цахимаар/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд холбогдох 2128000970062  дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс харъяалалын тогтоон 2022 оны 03 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад,

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эзэмшлийн 03-01 ӨМА улсын дугаартай “Hyundai CrandStarex” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон, Өмнөговь аймгаас Улаанбаатар хот явах хатуу хучилттай автозамын 29 дэх километрт явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Отгонбаярын эрүүл мэндэд  сээрний 4 болон 11 дүгээр нугалмуудын хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 04 сарын 02-ний өдөр 24 цагийн жижүүрт гарсан. Бид нар ээлжээс буухдаа машинаа цэвэрлэж орхидог. Тэгээд машинаа цэвэрлэчхээд 1 цагийн үед гэртээ харьсан. Гэртээ ирчихээд түлээ мод хагалаад байж байсан чинь 17 цагийн үед Улаанбаатар хот яв гэсэн. Би 4 сарын 03-ний өглөө буугаад орой нь 17 цагийн үед ажил дээр дуудагдаад очсон. Тэгээд очоод хүн амьтан гайгүй болохоор нь өглөө явдаг юм бил үү шөнө нойр хоолгүй хоноод сайн амраагүй байсан. Тэгсэн чинь онцгой байдлаас заавал одоо явж гэж хэлээд явсан. Тэгээд явж байгаад ийм хэрэгт холбогдсон гэв.

Хохирогч Ц.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”… Ер нь би жолоочийн анхаарал, болгоомжгүй, хариуцлагагүй, үйлдлээс болж эрүүл мэндээрээ насан туршаад хохирсондоо маш их гомдолтой байдаг. Үнэн зөвөөр шүүж өгнө үү гэж хүсэж байна. Хэргийн газарт очсон автотээврийн цагдаа тийм ч сайн тодорхойлолт гаргаж өгөөгүй. Засмал дам дээр овгор, товгор зүйл байхгүй. Шууд шулуун замаар явж байгаад тэмээтэйгээ тулж очсон. Холоос харах боломж байсан. Гэтэл ямар ч хариуцлага болгоомжгүйгээс болж хохирсон гэж бодож байгаа.   Би 8 сар хэвтрийн дэглэм сахиж ажил хийгээгүй. 2 сар нь амралт байсан. 4 сарын хугацаанд цалингүй хэвтрийн дэглэм сахиж эдийн засаг, сэтгэл санаагаар маш их хохирсон. Би эрүүл биетэй хүн байсан. Сүүлд шинжилгээ өгөхөд нэмэлт хүндрэл гарч нэмэлт нурууны диск цүлхийсэн. Одоо ямар ч хөдөлмөрийн чадваргүй. Удаан суух, бөхийж тонгойход байнга нуруу чилдэг. Удаан явж сууж чаддаггүй. Эрүүл мэндээрээ насан туршдаа хохирсон. Тийм учраас цаашид эмчилгээний зардал болон гэрээр байх хугацаандаа хэрэглэсэн эм тарианыхаа баримт болон сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг нэхэмжилсэн байгаа”  гэв.

 Гэрч Д.Мөнхгэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр амарч байхад ажил дуудаад ковид өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн хүний талаар ажлын шуурхай штаб хуралдаад эхний ээлжинд тусгаарлалтад авахаар ярьж байснаа тусгаарлахаа болиод Улаанбаатар хот руу ХӨСҮТ-рүү хүргэхээр болсон. Энэ үед ажиллах төлөвлөгөөний дагуу нэгдүгээр ээлжинд явах жолоочийг дууд гэсний дагуу би Баярмөнхийг дуудаж, эмнэлгийн түргэн тусламжийн 03-01 ӨМА улсын дугаартай автомашинаар явуулсан. Ковидын үед ажиллах эмч жолооч хоёр нь Отгонбаяр эмч, Баярмөнх хоёр байсан. Тэр ажил дээрээс хөдлөөд, Улаанбаатар хот руу хүргэх хүнээ гэрээс нь аваад явсан байсан. Би гэртээ хариад байж байтал 23 цаг өнгөрөөгөөд осол болсон талаар сонсоод буцаж ажил дээрээ ирсэн. Жолооч Баярмөнх өөрөө бүх бэлтгэлээ хийгээд гарсан, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. Болгоомжтой яваарай, сайн яваарай гэж хэлсэн. Эмнэлгийн жолооч нар аж ахуйн тасагт харьяалагддаг, алсын дуудлага мэдээлэл, ямар ажилтай хаашаа явах гэдгийг нь эмчилгээ эрхэлсэн орлогч дарга хариуцдаг. Жолооч нарын сард ажиллах хуваарийг би гаргаж өгдөг. Манай эмнэлгийн 2018 оны жолооч нарт өгсөн зааварчилгаа байдаг, энэ зааварчилгааг би жолооч нарын амрах өрөөнд байрлуулсан байгаа. Өдөр бүр зааварчилгаа өгдөггүй. Автомашин ашиглалт, засвар арчлалтыг манай тасаг хариуцна, манай байгууллагыг төлөөлөөд онхолдсон автомашины талаар цагдаагийн байгууллагад оролцох хүнийг би мэдэхгүй, байгууллагын дарга мэдэх байх. Энэ машиныг жолооч Баярмөнх өөрөө хариуцдаг, техникийн хяналтын үзлэгт орсон байсан. Тормозын систем нь хэвийн ажиллагаатай, хэрвээ ямар нэгэн юм дутуу байх юм бол аж ахуйн тасагт тэр даруй мэдэгдээд асуудлаа шийдвэрлүүлдэг, жолооч нар ч өөрсдөө энэ тал дээр сайн ажилладаг. Хүний нөөцийн менежер энэ ажлыг давхар хийдэг. /хх-ийн 22-23-р хуудас/

Эрх бүхий албан тушаалтны магадлагаа: “...Жолооч А.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн нь ослын газрын үзлэг, фото зураг, схем зураг, оролцогч нарын мэдүүлэг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, баримтжуулсан фото зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 34-36-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Т.Оюунтуул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…Би Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эд хөрөнгө хариуцагч нягтлан бодогчоор ажилладаг. 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр манай эмнэлгийн жолооч А.Б нь тус эмнэлгийн 03-01 ӨМА улсын дугаартай гранд старекс маркийн автомашиныг жолоодож яваад онхолдсон гэх хэрэпг байгууллагын даргын шийдвэрээр эмнэлгийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. 2018 оны 07 дугаар сард 03-01 ӨМА улсын дугаартай автомашиныг манай эмнэлэгт хувь хүн хандивласан юм. Түүнээс хойш эмнэлгийн түргэн тусламжийн дуудлаганд ашиглагдаж байгаа юм. Манай эмнэлгийн бүх авто машин “Тэнгэр даатгал” ХХК-д эд хөрөнгийн даатгалд хамрагдсан байгаа. Надад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. 03-01 өма дугаартай автомашины эвдрэлийг даатгалын компанийн нөхөн төлбөрөөс засуулах боломжтой гэж бодож байна. /хх-ийн 50-р хуудас/

Иргэний хариуцагч Т.Оюунтуул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”…Би Өмнөговь аймгийн Х.Шаравын нэрэмжит Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эд хөрөнгийн нягтлан бодогч албан тушаалд ажилладаг. Би энэ хэрэгт байгууллагын захирлын шийдвэрээр томилогдон Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг төлөөлөн оролцож байна. А.Б, Ц.Отгонбаяр нар нь манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эмчилгээний зардал ор хоногийн мөнгө нь эрүүл мэндийн даатгалаар төлөгдсөн үнэгүй хийгдсэн байгаа. /хх-ийн 53-р хуудас/

Гэрч Х.Жаргалсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ”… Би Улаанбаатар хотод хүүхдээ эмчлүүлж явж байгаад 2021 оны 04 дүгээр сарын 02-ны орой Улаанбаатар хотоос гарч Даланзадгад суманд 03-ны өглөө 04 цагт ирсэн байсан юм. Тэгсэн чинь өдөр нь Аймгийн онцгой комиссоос яриад таны шинжилгээний хариу эерэг гарсан байна. Гэрээсээ битгий гараарай, өөрийгөө тусгаарлаарай гэжхэлсэн. Тэгээд байж байтал эмнэлгээс эмч ирээд намайг аваад Улаанбаатар хот руу явна гээд миний хувцасыг өмсгөөд машиндаа суу гэсэн. Би машинд нь суугаад арын орон дээр нь хэвтээд унтаж явсан чинь гэнэт л түр тар гэсэн чимээ гараад машин онхолдох шиг чимээ гараад дугуйн дээрээ зогсохоор нь машиндаа сууж байсан чинь жолооч нь өөрөө буугаад хажуудаа сууж байсан эмчээ буулгасан. Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирээд бид нарыг авч яваад аймгийн эмнэлэгт авчирч намайг рентгенээр харж эмч үзлэг хийсэн. Тухайн үед миний биед гэмтэл учирсан зүйл байгаагүй, үзсэн эмч бас гэмтэл байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд тэр шөнөө эмнэлэгт хоночихоод маргааш өглөө нь эрт намайг Улаанбаатар хотод хүргэж өгсөн. Миний биед гэмтэл учирсан зүйл байгаагүй. /хх-ийн 67-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 235 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Отгонбаярын биед сээрний 4 болон 11-р нугаламуудын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Ц.Отгонбаярын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Ц.Отгонбаярын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 69-70-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 236 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А.Бийн биед эгэм ясанд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. А.Бийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. А.Бийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 74-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна..

Шүүгдэгч А.Б нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч А.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Отгонбаярын эрүүл мэндэд  сээрний 4 болон 11 дүгээр нугалмуудын хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан тул иргэний хариуцагч  нь хохирол, хор уршгийг арилгах үүрэгтэй байна.

Хохирогч Ц.Отгонбаяр нь ажилгүй байсан хугацааны мөнгө болон цаашид эмчилгээ хийлгэх төлбөрөө шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд цаашид хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэх эсэх нь тодорхойгүй хавтаст хэрэгт хохирлын талаар баримт авагдаагүй. Мөн хохирогч нь ажилгүй байсан хугацааны мөнгө нэхэмжилсэн ба нийгмийн даатгал төлсөн эсэх, даатгалын байгууллагаас өвчтэй байсан хугацааны цалин хөлсөнд 7,200,000  авсан нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгээр  тогтоогдож байх  тул хохирогч Ц.Отгонбаяр нь цаашид гарах эмчилгээний зардал, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас: “…Шүүгдэгч А.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, Эмчилгээний төвийн эзэмшлийн 03-01 ӨМА улсын дугаартай “Hyundai Grand Starex” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон, Өмнөговь аймгаас Улаанбаатар хот явах замын 29 дэх километрт явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Отгонбаярын эрүүл мэндэд сээрний 4 болон 11 дүгээр нугалмуудын хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж түргэн дуудсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа тул дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв”.  

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “…Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Энэ гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаардаг байгаа.  Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн байгууллага болон аймгийн онцгой комисс буруу шийдвэр үйл ажиллагаа гаргаж гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж дурдаж хэлмээр байна. Мөн манай үйлчлүүлэгчийн гаргасан осол нь 2021 оны 04 сарын 03-ний өдөр гарсан. Энэ хэрэг гарснаас хойш 2021 оны 07 сарын 02-ний өдөр Өршөөлийн тухай хууль батлагдсан байдаг. Өршөөлийн тухай хуульд хамрагдах цаг хугацааны хувьд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн хөнгөн ангиллын гэмт хэргүүд Өршөөлийн хуулиар өршөөлд хамрагдахаар хуульчилсан байгаа. Хохирол төлбөрийн тухайд манай үйлчлүүлэгчээс хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлээгүй учраас Өршөөлийн тухайн хуулийн 4 дүгээр зүйлтийн 4.1, 4.2 дахь хэсгийг үндэслээд манай үйлчлүүлэгчид холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв”.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч А.Бийн  үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Бийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.10,  4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар торгох ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Улсын яллагч шүүхэд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулах талаар санал гаргаагүй тул шүүх нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

            2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, , 36.4,  36.8, 36.10  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд  600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.10, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг  баримтлан шүүгдэгч А.Бд оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар хохирогч Ц.Отгонбаярын эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхиж, эмчилгээтэй холбоотой болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нь нээлттэй үлдээж, иргэний хариуцагч бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь гомдол саналгүй, болохыг нь дурдсугай.  

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч,  өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА