Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 439

 

Д.Ууганбаярын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч Д.Ууганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 597 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2016/0704 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Д.Ууганбаярын нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, Спортын яамны /хуучнаар/ сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 597 дугаар шийдвэрээр: Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9, Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ууганбаярын нэхэмжлэлээр Эрүүл мэнд, Спортын яамны /хуучнаар/ сайдад холбогдуулан гаргасан “Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б86 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэхийг тус тус хариуцагчид даалгуулах''-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2016/0704 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 597 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Анхан шатны шүүх зөвхөн эрхийн заалтуудыг шийдвэрийн үндэслэлээ болгосныг зөв мэтээр дүгнэж, харин энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд заасны дагуу ямар шийдвэр гаргах, бусын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх, хэрэв зөрчигдөж байгаа этгээдийн эрхийг хэрхэх тухай дүгнэлт хийгээгүй ба анх нэхэмжлэгч иргэнийг ерөнхий нягтлан бодогчоор томилохдоо сайд томилох ёстой байсан гэх үндэслэлээр хуульд нийцсэн тушаал гаргасан гэж дүгнэн нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан байдалд дүгнэлт хийлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг зөвтгөх байдлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийг анх ажилд томилох эрхтэй эсэхийг нэхэмжлэгч шалгах, хууль бус гэж марган тухайн ажлыг хийхээс татгалзах боломжгүй ба хэдийгээр хуульд заасан томилох эрх бүхий албан тушаалтан томилоогүй хэдий ч Эрүүл мэндийн яамнаас Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар нэхэмжлэгч иргэнийг анх ажилд томилохдоо “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргатай” зөвшилцсөн байдлаас үзэхэд сайд уг ажлыг хийж гүйцэтгэсэн байх ба харин ажилд томилсон тушаалыг гаргахдаа Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилсон байдал нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Яамны сайд хүн төсвийн ерөнхийлөн захирагч хүн байж өөрийн томилох ёстой албан тушаалтнаа мэдэхгүй 4 сарын хугацаанд явна гэж бодит байдал дээр байх боломжгүй бөгөөд өөрсдийн алдаагаа засах нэрээр нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, Төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх ёстой баталгаа, хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж, халагдах эрхийг нь хөндөх үндэслэлгүй байхад энэ зүйлд анхаарал өгч шүүхээс дүгнэлт өгөөгүй.

2. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн байдаг.

Гэтэл бодит байдал дээр маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгч иргэнийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай асуудлыг шийдвэрлэсэн болохоос бус тус Яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 413 дугаар шийдвэрийг хүчингүй болгож байгаа тухай дурдаагүй байхад шүүх хийсвэр байдлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй ба хуулийг буруугаар тайлбарлаж дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Түүнчлэн маргаан бүхий тушаалд нэхэмжлэгчийг хуульд заасан ямар үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй, зөвхөн хуулиар хариуцагчид олгосон эрхийн зохицуулалтыг барьж шийдвэрээ гаргаж байгаа нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох шударга ёс, хууль дээдлэх болон Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус зөрчсөн байдлыг анхан болон давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэлгүйгээр зөвхөн хариуцагч байгууллагаас эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн байдал, түүнийгээ зөвтгөх нэрээр гаргаж буй маргаан бүхий тушаалыг хуульд нь нийцүүлэх байдлаар дүгнэлт хийснийг буруу гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулиар нэхэмжлэгч иргэнд хөдөлмөрлөх эрх нь олгогдсон ба энэхүү эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлах болохоос бус хэн нэгний алдааг зөвтгөх нэрээр үндсэн эрхийг нь хөндөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Хэдийгээр өөр ажилд нэхэмжлэгчийг томилсон боловч нэхэмжлэгчээс өөрт олгогдсон ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох эрхийнхээ дагуу өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа ажиллах хүсэлтэй, хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн хариуцагчийн тушаалыг эс зөвшөөрч төрийн эрх бүхий байгууллагад хандаж эрхээ хамгаалуулах үүднээс өөрийн хүсэлтээ өгснийг түүний буруу мэтээр тайлбарлаж, "өөрөө хүсэлт гаргасан, ...гомдол гаргаагүй байна" гэх байдлаар шүүхээс дүгнэсэн нь иргэн хүнд хуулиар олгогдсон Төрийн байгууллага, албан тушаалтан, шүүхэд хандан өөрийн эрхээ хамгаалуулахаар өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг нь хязгаарласан байдлаар дүгнэлт хийсэн дээрх үйлдэлээр хариуцагчийн гаргасан маргаан бүхий шийдвэрийг хууль ёсны гэж зөвтгөх үндэслэл болохгүй.

Хариуцагч байгууллага хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй болохоос бус нэхэмжлэгчид хамаарах, түүнийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан төрийн албанаас чөлөөлөгдөх, халагдах ямар ч үндэслэл байхгүй байхад нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн байхад анхан шатны шүүхээс уг маргаанд хэрэглэх ёсгүй Захиргааны ерөнхий хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр болсон байхад давж заалдах шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах байсан гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийг илт буруутгасан маргааны гол зүйлд үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.1-д заасныг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Ууганбаяр нь Эрүүл мэнд, спортын яамны /хуучнаар/ сайдад холбогдуулан 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн томилох, цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Д.Ууганбаяр нь тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын санхүү, эдийн засгийн хэлтэст төсвийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд түүнийг Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 413 дугаар тушаалаар уг албан тушаалд томилжээ.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт зааснаар төсвийн ерөнхий нягтлан бодогчийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцөж, төсвийн ерөнхийлөн захирагч томилж, чөлөөлөхөөр зохицуулсантай нийцэхгүй байна.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн “томилох эрхгүй этгээд ажилд томилсон” тухай дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “захиргаа өөрийн алдааг засах нэрээр нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хөндөхгүй” гэх гомдлын хувьд:

Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт зааснаар төрийн нарийн бичгийн даргын тушаал хуульд нийцээгүй бол сайд хүчингүй болгох эрхтэй ба энэ хүрээнд маргаан бүхий тушаалыг гаргасан захиргааны байгууллагын шийдвэр хуулийн дагуу байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол маргаан бүхий актыг хүчингүй болгох ёстой.

Иймээс, нэхэмжлэгч маргаан бүхий албан тушаалд хууль ёсны дагуу томилогдсон тохиолдолд төрийн албаны нэмэлт баталгаагаар хангагдахыг шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзнэ.

“Маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгааг тодорхой заагаагүй, нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар ажлаас чөлөөлсөн” гэх гомдлын хувьд:

Маргаан бүхий тушаалын үндэслэх хэсэгт ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тухай тодорхой заагаагүй боловч уг тушаалд Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтыг хэрэглэсэн байгаа нь “томилох эрхгүй этгээд тушаал гаргасан” тухай хариуцагчийн тайлбартай тохирч байх тул зөвхөн дээрх үндэслэлээр захиргааны байгууллагыг буруутгах, нэхэмжлэлийг хангах хангалттай үндэслэл болохгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 597 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2016/0704 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                      Х.БАТСҮРЭН   

ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ