Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2017/02601

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 23 өдөр          Дугаар 101/ШШ2017/02601           Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Төв аймаг, * баг, * байр, 6 тоотод оршин суух, 55 настай, эрэгтэй, Г овогт Г О /**********/  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, * тоотод оршин суух, 46 настай, эмэгтэй, Б овогт Н Б /*********/ холбогдох,

           

Зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

            Иргэн Г.О миний бие барьцаат зээлийн үйлчилгээ, үйл ажиллагаа эрхэлдэг. 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэн Н.Б нь бидэнд хандаж 2 давхар өвлийн байшингаа буюу үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавина хэмээн тохиролцож эхэндээ 15 000 000 төгрөг, дараа нь 5 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгийг 1 сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан. Гэвч барьцаанд тавих ёстой байсан хөрөнгөө барьцааны гэрээ байгуулж, бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж байсан боловч тухайн эд хөрөнгөө бидэнд өгөөгүй. Гэвч бид зээлдэгчид хүндэтгэлтэй хандаж сар бүр хүүгээ өгөөд яваарай, үндсэн зээлээ хугацаандаа төлж барагдуулахыг удаа дараа шаарддаг байсан ба зээлдэгч сар бүр барьцаат зээлийн гэрээгээ сунгуулдаг байсан. Заримдаа хүүгээ өгдөг байсан, ингэж явсаар гэрээний хугацаагаа 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дууссан. Энэ цаг хугацаанаас хойш гэрээгээ сунгуулахгүйн зэрэгцээ хүүгээ ч мөн төлөхөө байсан. Ингэж явсаар байгаад миний бие 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр үндсэн зээлээ хүүгийн хамт авахаар шаардлага гаргасан боловч зээлдэгч иргэн Н.Б нь 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Н.Б миний бие нь Г.Оын хувийн ломбардаас 20 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй авсан. Одоо 7 сараас хойш хүү төлөөгүй, барьцаа тавиагүй байсан. Барьцаанд 2 давхар өвлийн байшингаа барьцаалсан, үндсэн зээл болон хүүг цаад тал нь 2015 оны 04 дүгээр сарын 10-нд өгнө” гэсэн агуулга бүхий баталгааг гараар бичиж улмаар нотариатаар баталгаажуулан надад өгсөн. Гэвч одоог хүртэл миний бие барьцаа ч аваагүй, үндсэн зээл болон хүүгээ ч аваагүй хууль ёсны эрх ашиг сонирхол минь зөрчигдсөөр өнөөг хүрлээ. Зээлийн хүүг 2014 оны 07 дугаар сараас хойш өнөөг хүртэл бодож тооцоход нэлээд их хэмжээний мөнгөн хөрөнгө бодогдож гарах бөгөөд миний бие хүүгээ л нэхэмжилж авахаар шүүхэд хандаж байгаа болно.

Иймд иргэн Н.Баас Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 20 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг гаргуулан авах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргаж байна гэжээ.       

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Иргэн Н.Б миний бие тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэгч Г.Отгогбаатарын нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа.

Нэхэмжлэгч нийт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 10 000 000 төгрөгийг бүхэлд нь дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Иргэн Н.Б би өөрийн найз байсан Я.Энхмөнх, Ч.Н нарт тус болж иргэн Г.Оаас 2014 оны 02 дугаар сарын 26-нд 15 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй өөрийн нэр дээр авч өгсөн. Мөн дахиад мөнгө зээлье гээд ирэхээр нь Г.Отай уулзуулж 5 000 000 төгрөг зээлэхэд нь тус тус тусалсан. Миний хувьд өөрөө 20 000 000 төгрөгийг аваагүй болно.

2. Зээлсэн мөнгийг Я.Энхмөнх, Ч.Н нар миний нэрээр зээлдэгч Г.О болон түүний эхнэр Н.О нарт тодорхой хэсгийг төлсөн байдаг.

3. Зээл авсан Я.Энхмөнх нар нь 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зээлдэгчид төлбөр төлөх баталгааг өөрөө гаргаж өгсөн байдаг.

4. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2015/*****дугаар шийдвэрээр 2014 оны 02 дугаар сарын 26-нд зээлсэн 15 000 000 төгрөгөөс Я.Энхмөнх, Ч.Н нар нь нийт 9 800 000 төгрөг, мөн 3 500 000 төгрөгийг тус тус иргэн Н.Б миний нэрээр Г.О, Н.О нарт төлсөн болох нь тогтоогддог. Энэхүү зээлийн гэрээтэй холбоотой шүүхийн шийдвэр гарсан байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон...үйл баримт” гэж үзэхээр байна.

5. 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлсэн 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2016/* дугаар хүчин төгөлдөр шийдвэртэй байгаа болно. Дээрх шүүхийн шийдвэрүүдийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан гүйцэтгэж байгаа болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Г.О болон н.О нар хүнд мөнгө зээлдүүлж, амьдрал ахуйд нь тус дэм болж байсан. Н.Б ч бас хүнд тус болж явж байгаад ийм хүнд байдалд орсон. Түүнийгээ төлж явж байгаад 2014 оноос хойш 25.760.000 төгрөгийг дансаар нь шилжүүлж төлсөн. Үндсэн 15.000.000 төгрөгийг тухайн үед Н.Б өөрөө зээлийн гэрээ байгуулаад н.Энхмөнх, н.Н гэх хоёр найздаа авч өгсөн. Тухайн үед төлөлт хийгдээд нийт 9.800.000 төгрөгийн төлөлт хийгдсэн байдаг. Мөн Н.Б өөрөөсөө 3.500.000 төгрөгийг нэмж төлсөн. Түүнээс хойш Г.О ах болон н.О эгчийг ирж уулзаад мөнгө нэхэх бүрт бага багаар төлсөөр байгаад нэлээн их хэмжээний мөнгө төлсөн. Иймээс 15.000.000 төгрөгийг төлөөд дууссан. Зээлийн гэрээний хугацаа ард талд нь байгаа. Үүнийг сунгасан асуудал байхгүй. Энэ асуудлыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж дүгнэх байх.

5.000.000 төгрөгийн зээлийн гэрээтэй хариуцагч ямар ч холбоогүй. 2014 оны 04-р сарын 30-ны өдөр 8250 УНӨ улсын дугаартай автомашин барьцаалж н.Н, н.Энхмөнх нартай зээлийн гэрээ хийж 5.000.000 төгрөгийг зээлдүүлсэн байдаг. Чиний найзууд авсан юм чинь чи учрыг нь олж өг гээд Н.Болртунгалагааас нэхдэг. Н.Б өөрөө хөөцөлдөөд нөгөө хүмүүсээс мөнгийг нь аваад өгье гэх сэтгэлээр нэлээн хөөцөлдөөд сүүлд нь намайг өмгөөлөгчөөр аваад хуралд орж байсан. Эдгээр иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдийг хэрэгт хавсаргаад өгсөн байгаа. Нэхээд байгаа 20.000.000 төгрөгөөс 15.000.000 төгрөг болон 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээ нь тус тусдаа зээлийн гэрээнүүд болохыг анхаарч үзнэ үү.

5.000.000 төгрөгийн зээлийн гэрээг хэзээ ямар хүнтэй байгуулаад хэнд мөнгө өгсөн болохоо нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна. Манай зүгээс 2 шүүхийн шийдвэрийг хуулбар үнэн даруулаад авч ирээд өгсөн байгаа. Иймд, төлбөр төлөхтэй холбоотой харилцаа дууссан гэжээ.

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

           

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Н.Бт холбогдуулан зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрт 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талууд хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн дагуу буюу 2014 оны 02 дугаар сард 15 000 000 төгрөг зээлдүүлсэн, 2014 оны 04 дүгээр сард 5 000 000 төгрөг зээлдүүлсэн гэрээний дагуу шаардлага гаргасан талаар тайлбарлаж байна.  

Нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн үнсэн төлбөрт 20 000 000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд, хоёр өөр үнийн дүн бүхий зээлийн харилцаа байх тул тухайн зээлийн харилцаа тус бүрд дүгнэлт хийх зүйтэй.

2014 оны 04 дүгээр сард зээлдүүлсэн гэх 15 000 000 төгрөгийн харилцааны хувьд,

2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Г.Ораас 15 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж зээлж авсан үйл баримттай хариуцагч тал маргаагүй байна. Тухайн зээлийн гэрээг байгуулсан ч цааш өөрийнхөө хоёр найздаа зээлдүүлсэн гэж тайлбарлах бөгөөд  тухайн харилцаа нь зохигч талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийн харилцаанд дүгнэлт хийхэд хамааралгүйг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 5 дахь талд авагдсан Барьцаат зээлийн гэрээ №196 тоот гэх баримтанд 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 15 000 000 төгрөгийг Найдангийн Б хүлээн авсан гээд гарын үсэг зурагджээ. /х.х-ийн 5 дахь талд/

Зохигчдын тайлбар болон тухайн баримтаар 15 000 000 төгрөг зээлэх болон зээлдүүлэх хүсэл зориг илэрхийлэгдсэн, гэрээний дагуу зээлдэгч буюу хариуцагч Н.Б 15 000 000 төгрөгийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Тухайн гэрээний агуулга, талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэхэд, зохигчид хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэг хэрэгжсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийг хугацаанд нь буцаан төлөх үүрэг зээлдэгчид, түүнийг шаардах эрх зээлдүүлэгч тус тус үүссэн байна.

Тус гэрээний дагуу талуудын хүсэл зоригийг тодорхойлбол, зээлийн хүүнд 1 сард 1 200 000 төгрөг төлөхөөр тохиролцсон хүсэл зориг буюу сарын 8 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн хүсэл зориг илэрхийлсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар талууд зээлийн гэрээгээр хүү тооцохоор тохиролцох нь хуульд нийцэх бөгөөд хүүгийн хэмжээг харилцан тохиролцож тогтоох зохицуулалттай.

Хүсэл зоригийн илэрхийлэл, зээлийн гэрээний гол нөхцөлүүдийг бичгээр илэрхийлснээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү шаардах эрхээ хадгалж, хуульд зааснаар шаардах эрхтэй байна.

 Тус гэрээ нь хугацааны хувьд 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тушаах хугацааг тодорхойлсон байх боловч сунгалт хэсэгт ***, 05/**, 05/**, 07/** гэсэн бичилтүүд /х.х-ийн 5 дахь талд/ байх бөгөөд тодорхой дурдсан хугацаагаар гэрээ мөн нөхцөлөөр үргэлжилж байсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч тус зээлийн төлбөрийн шаардлагыг тодорхойлохдоо гэрээгээр шилжүүлсэн 15 000 000 төгрөг болон түүнд ногдох хүүнд 6 666 667 /нэхэмжлэлийн шаардлагын 10 000 000 төгрөгийн хүүний 3/1 гэж тайлбарлав./ төгрөг гаргуулна гэжээ.

Дээр дурдсан баримтаар 15 000 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул хуульд зааснаар буцаан шаардах, хүү тооцон шаардах эрхтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг тайлбарлахдаа зээл авсан талаар маргаагүй ч буцаан төлөлтөд 25 760 000 төгрөг төлсөн байгаа тул зээлийн үүрэг дууссан гэж маргаж байна.

Зохигчид хооронд 10 100 000 төгрөгийн, 15 000 000 төгрөгийн, 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргүүд үүссэн бөгөөд 10 100 000 төгрөгийн зээлийн харилцаа дууссан, тухайн зээлийн төлбөрт 6 200 000 төгрөгийн хүү аваад зээлээ хаасан, мөн үлдэх зээлийн төлбөртэй холбоотойгоор 9 700 000 төгрөгийн төлөлт хийсэн талаарх нэхэмжлэгчийн тайлбартай хариуцагч маргаагүй байна.

Эдгээр 3 зээлийн төлбөртэй холбогдуулан 25 760 000 төгрөгийн төлөлт хийгдсэн гэж дүгнэхээр байна. Үүнээс 16 300 000 төгрөгийн төлөлт нь 10 100 000 төгрөгийн зээлийн төлбөр, хүүнд хамаарах талаар хариуцагч маргаагүй байна.

Иймд 15 000 000 төгрөгийн зээлийн төлбөр болон хүүг төлсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Тус зээлийн гэрээ нь тодорхой бус хугацаагаар үргэлжилж байх тул хүүг сар бүр 8 хувийн хүүгээр тооцохыг /2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хойших хугацаанд/ хууль зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд хүүнд хийсэн төлөлтийг тооцон үлдэх хүүгийн төлбөрт 15 000 000 төгрөгт ногдох хэсэгт 6 666 667 төгрөгийг дундажлан гаргуулна гэснийг буруутгах боломжгүй байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг болон 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу 15 000 000 төгрөг болон түүнд 6 666 667 төгрөг гаргуулах шаардлагыг хуульд зааснаар хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2014 оны 04 дүгээр сард зээлдүүлсэн гэх 5 000 000 төгрөгийн шаардлагын хувьд,

Нэхэмжлэгч тус шаардлагыг хангуулах үндэслэлийг 5 000 000 төгрөг зээлдүүлэх гэрээ байгуулан шилжүүлсэн, тус гэрээний үүргээ зээлдэгч зөрчсөн тул буцаан шаардах, хүү тооцох эрхтэй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаар 5 000 000 төгрөгийг үндсэн төлбөрт, түүнд ногдох хүүг дундажлан 3 333 333 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч тал тухайн зээлийн харилцаа үүсээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2015/*****дугаар бүхий шийдвэрээр нэхэмжлэгч Н.Б болон хариуцагч Я.Энхмөнх, Ч.Н нарын хооронд үүссэн зээлийн харилцаанд дүгнэлт хийсэн байх бөгөөд хариуцагч Я.Энхмөнх нь 5 000 000 төгрөгийг энэ хэргийн гэрч Г.Оаас зээлсэн байх тул уг мөнгийг Н.Б нэхэмжлэх эрхгүй талаар дүгнэлт хийсэн байна.

Маргаан бүхий 5 000 000 төгрөгийг зээлдүүлсэн харилцаа нь зохигчид хооронд бус нэхэмжлэгч Г.О болон Я.Энхмөнх нарын хооронд үүссэн харилцаа гэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг тайлбарыг нэхэмжлэгч тал баримтаар няцаагаагүй байна.

Зохигчид хооронд 2014 оны 04 дүгээр сард 5 000 000 төгрөг зээлдүүлсэн зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу хариуцагч Н.Бт 5 000 000 төгрөгийг шилжүүлэн өгч тус гэрээ хэрэгжсэн талаарх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч шаардлагын энэ хэсгийг хангуулах үндэслэлийг хавтаст хэргийн 6 дахь талд авагдсан гараар бичсэн бичгийн нотлох баримтаар тогтоогдоно гэж үзэж тайлбарлажээ.

Тус баримтыг хоёр талын хүсэл зориг илэрхийлэгдсэн зээлийн гэрээ гэж үзэх боломжгүй бөгөөд бичгээр хийсэн зээлийн гэрээ, зээлийн гэрээ хийсэн талаарх бичгийн нотлох баримт хоёрыг ялгаж ойлгох шаардлагатай.  

Тус баримт нь 15 000 000 төгрөгөөс гадна 5 000 000 төгрөгийг зээлж авсан талаарх нэг талын тодорхойлолт гэж үзэх хэдий ч бодитоор хүлээлгэж өгөөгүй талаарх зохигчдын тайлбартай харьцуулан үзэхэд эргэлзээтэй байна.

Нөгөө талаар тухайн харилцааны талаар дүгнэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2015/*****дугаар бүхий шийдвэр хүчин төгөлдөр байх тул тус үйл баримтыг дахин дүгнэх шаардлагагүй байна.

Иймд талууд хооронд үүссэн гэх 5 000 000 төгрөг зээлдүүлсэн харилцаа нь бодит байдалд бүрэн тогтоогдохгүй, зохигчид хооронд үүссэн харилцаа биш талаарх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 15 000 000 төгрөг болон түүнд хамаарах хүүний төлбөр 6 666 667 төгрөг нийт 21 666 667 төгрөгт холбогдох хэсгийг ханган, үлдэх 5 000 000 төгрөг болон түүнд хамаарах хүүний төлбөр 3 333 333 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Баас 21 666 667 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 333 333 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Н.Баас 266 283 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.От олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АМАРЖАРГАЛАН