Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2261

 

 

Г.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/02601 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Б-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.О нь барьцаат зээлийн үйлчилгээ, үйл ажиллагаа эрхэлдэг. 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэн Н.Б нь 2 давхар өвлийн байшингаа буюу үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавина хэмээн тохиролцож анх 15 000 000 төгрөг, дараа нь 5 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгийг 1 сарын 8 хувийн хүүтэй зээлсэн. Гэвч барьцаанд тавих ёстой байсан хөрөнгөө барьцааны гэрээ байгуулж, бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж байсан боловч тухайн эд хөрөнгөө өгөөгүй боловч зээлдэгчид хүндэтгэлтэй хандаж сар бүр хүүгээ өгөөд яваарай, үндсэн зээлээ хугацаандаа төлж барагдуулахыг удаа дараа шаарддаг байсан. Зээлдэгч сар бүр барьцаат зээлийн гэрээгээ сунгуулдаг байсан ба заримдаа хүүгээ төлдөг, гэрээний хугацаа 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр дууссан. Миний бие 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үндсэн зээлээ хүүгийн хамт авахаар шаардлага гаргасан боловч зээлдэгч Н.Б нь 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Н.Б миний бие Г.О-ын хувийн ломбардаас 20 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй авсан. Одоо 7 сараас хойш хүү төлөөгүй, барьцаа тавиагүй байсан. Барьцаанд 2 давхар өвлийн байшингаа барьцаалсан, үндсэн зээл болон хүүг 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өгнө” гэсэн агуулга бүхий баталгааг гараар бичиж улмаар нотариатаар баталгаажуулан өгсөн. Гэвч одоог хүртэл миний бие барьцаа ч аваагүй, үндсэн зээл болон хүүгээ ч аваагүй миний хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байна. Зээлийн хүүг 2014 оны 7 дугаар сараас хойш өнөөг хүртэл бодож тооцоход их хэмжээний мөнгөн хөрөнгө бодогдож гарах бөгөөд миний бие хүүгээ нэхэмжилж авахаар шүүхэд хандаж байгаа болно. Иймд иргэн Н.Б-с барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 20 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг гаргуулан авах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Б би өөрийн найз байсан Я.Энхмөнх, Ч.Нямсүрэн нарт тус болж иргэн Г.О-с 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 15 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй өөрийн нэр дээр авч өгсөн. Мөн дахиад мөнгө зээлье гээд ирэхээр нь Г.О-тай уулзуулж 5 000 000 төгрөг зээлэхэд нь тусалсан. Миний хувьд өөрөө 20 000 000 төгрөгийг аваагүй болно. Зээлсэн мөнгийг Я.Энхмөнх, Ч.Нямсүрэн нар миний нэрээр зээлдэгч Г.О болон түүний эхнэр Н.Отгонбаяр нарт тодорхой хэсгийг төлсөн байдаг. Зээл авсан Я.Энхмөнх нар нь 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зээлдэгчид төлбөр төлөх баталгааг өөрөө гаргаж өгсөн байдаг. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2015/07830 дугаар шийдвэрээр 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлсэн 15 000 000 төгрөгөөс Я.Энхмөнх, Ч.Нямсүрэн нар нь нийт 9 800 000 төгрөг, мөн 3 500 000 төгрөгийг тус тус иргэн Н.Б миний нэрээр Г.О, Н.Отгонбаяр нарт төлсөн болох нь тогтоогддог. Энэхүү зээлийн гэрээтэй холбоотой шүүхийн шийдвэр гарсан байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон...үйл баримт гэж үзэхээр байна.

2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлсэн 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2016/00393 дугаар хүчин төгөлдөр шийдвэртэй байгаа болно. Дээрх шүүхийн шийдвэрүүдийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан гүйцэтгэж байгаа болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Б-с 21 666 667 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 333 333 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Н.Б-с 266 283 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.О-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Зохигчид хооронд 10 100 000 төгрөгийн, 15 000 000 төгрөгийн, 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргүүд үүссэн бөгөөд 10 100 000 төгрөгийн зээлийн харилцаа дууссан, тухайн зээлийн төлбөрт 6 200 000 төгрөгийн хүү аваад зээлээ хаасан, мөн үлдэх зээлийн төлбөртэй холбоотойгоор 9 700 000 төгрөгийн төлөлт хийсэн талаарх нэхэмжлэгчийн тайлбартай хариуцагч маргаагүй байна" гэж дүгнэсэн. Ийнхүү шүүх дүгнэхдээ Н.Б-н аваагүй 5 000 000 төгрөгийн зээлийг авсан байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй. 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр авсан 5 000 000 төгрөгийн зээл 10 100 000 төгрөгт орсон байгаа болно. Ингэж дүгнэхдээ мөн нэхэмжлэгчийн тайлбарласан Н.Б-с авсан гэх 9 700 000 төгрөгийг хэрхэн тооцох талаар дүгнэх ёстой байсан гэж үзэж байна. Иргэн Н.Б нь Г.О-с 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1 500 000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 5 000 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 3 600 000 төгрөг, нийт 10 100 000 төгрөгийг тус тус зээлсэн байдаг. Мөн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өөрийн найз Я.Энхмөнх, Ч.Нямсүрэн нарт 15 000 000 төгрөгийн зээлийг өөрийн нэрээр авч өгсөн. Дээрх зээлүүдээс өөрөө зээлсэн 10 100 000 төгрөгийн зээлийг 2015 оны 4 сард багтаан бүрэн төлөөд дуусгасан байдаг. Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "...эдгээр 3 зээлийн төлбөртэй холбогдуулан 25 760 000 төгрөгийн төлөлт хийгдсэн гэж дүгнэхээр байна. Үүнээс 16 300 000 төгрөгийн төлөлт нь 10 100 000 төгрөгийн зээлийн төлбөр, хүүд хамаарах талаар хариуцагч маргаагүй байна. Иймд 15 000 000 төгрөгийн зээлийн төлбөр болон хүүг төлсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Хэрэгт цугларсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн эхнэр Н.Отгонбаярын Хаан банкны 5751200663 тоот дансны хуулга, хариуцагч Н.Б-ийн Хаан банкны 5741072181 дансны хуулгуудаар нэхэмжлэгчийг мөнгө нэхэх бүрт мөнгө шилжүүлж байсан болох нь баримтаар нотлогдоод байхад шүүх огт төлбөр болон хүү төлөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Г.О-ын эхнэр Н.Отгонбаярын Хаан банкны 5721200663 тоот дансанд 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 660 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 120 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 3 500 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 120 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 80 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 200 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 400 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 750 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 300 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 400 000 төгрөг, нийт 7 530 000 төгрөгийг төлсөн.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2015/07830 дугаар шийдвэрээр 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Н.Б-ийн зээлсэн 15 000 000 төгрөгөөс Я.Энхмөнх, Ч.Нямсүрэн нар нь нийт 9 800 000 төгрөг иргэн Н.Б-ийн нэрээр нэхэмжлэгч Г.О-ын эхнэр Н.Отгонбаярын Хаан банкны 5751200663 тоот дансанд төлсөн болох нь тогтоогддог. Энэ талаар хэрэгт нотлох баримт байгаа боловч шүүх огт дүгнээгүй. Энэхүү шүүхийн шийдвэрээр Н.Б-т олгохоор шийдвэрлэсэн 5 200 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөд татгалзах зүйлгүй. Дээрх 15 000 000 төгрөгтэй холбоотойгоор хариуцагч Н.Б нь Я.Энхмөнх, Ч.Нямсүрэн нараар дамжуулан 9 800 000 төгрөг, өөрийн нэрээр 7 530 000 төгрөг, нийтдээ 17 330 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд шүүхийн шийдвэрт зааснаар 21 666 667 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Г.О хариуцагч Н.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь 15 000 000 төгрөгийг,  сарын 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай хариуцагчид зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд энэ үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

 

Зохигчид зээлийн гэрээг сунгасан эсэх үйл баримтын талаар маргаж байна.

 

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах шаардлагатай бөгөөд энэхүү хүү тогтоосон гэрээний хугацааг сунгах тохиолдолд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар сунгалтыг бичгэн хэлбэрээр хийх шаардлагатай. Нэхэмжлэгч зээлийн гэрээний хүү тогтоосон хугацааг сунгасан гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна. Учир нь хэргийн 49-51 дүгээр талд авагдсан зээлийн гэрээний сунгалтын хэсэгт огноог бичсэн байх боловч, хариуцагч Н.Б зээлийн гэрээний сунгалтыг зөвшөөрч гарын үсэг зураагүй гэж няцаасан болно.

 

Хүү тогтоосон зээлийн гэрээг талууд тохиролцон сунгасан талаар баримтгүй байхад анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ тодорхой бус хугацаагаар үргэлжилж байсан гэж үзэн хүүг сар бүр 8 хувийн хүүгээр тооцохыг хууль зөрчөөгүй зэргээр дүгнэж, зээлийн хүүд 6 666 667 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг дараах байдлаар залруулах боломжтой.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн 15 000 000 төгрөгийн сарын хүү  1 200 000 төгрөг байхаар талууд зээлийн гэрээгээр харилцан тохиролцсон тул зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, хүү төлөх үүрэг болох 16 200 000 төгрөгөөс талуудын хэн аль нь төлөгдсөн гэж хүлээн зөвшөөрсөн 9 700 000 төгрөгийг хасч 6 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч хариуцагчаас 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр зээлдүүлсэн 5 000 000 төгрөгийг зээлийн хүүгийн хамт нэхэмжилсэн бөгөөд хэргийн 49 дүгээр талд нэхэмжлэгч хариуцагчид 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 5 000 000 төгрөг зээлдүүлсэн бичгийн зээлийн гэрээ авагджээ.

 

Хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийг няцаан “дээрх 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээг Г.О-тай байгуулаагүй, найз Ч.Нямсүрэн, Я.Энхмөнх нарыг Г.О дээр дагуулан очиж 5 000 000 төгрөг зээлж өгсөн гэх” тайлбар гаргасныг нэхэмжлэгч үгүйсгээгүйгээс гадна, тэрээр Ч.Нямсүрэн, Я.Энхмөнх нараас дээрх 5 000 000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт нэхэмжилснийг Хан-Уул дүүргийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2016/00393 дугаар шүүхийн шийдвэрээр хариуцагч Я.Энхмөнх, Ч.Нямсүрэн нараас 5 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

Мөн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 5 000 000 төгрөгийн бичгийн гэрээ хэрэгт авагдсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчид 5 000 000 төгрөгийг бодитойгоор шилжүүлэн өгөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн 5 000 000 төгрөг, зээлийн хүү 3 333 333 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/02601 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “21 666 667” гэснийг “6 500 000” гэж, “8 333 333” гэснийг “23 500 000” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “266 283” гэснийг “118 950” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Н.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ