| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 187/2018/0238/Э |
| Дугаар | 1004 |
| Огноо | 2018-11-01 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 1004
Д.М-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Г.Эсэн,
хохирогч Юань Миао Жен, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин, Г.Ганцэцэг, Д.Ганбат, орчуулагч Цуй Хай Пин,
хохирогч “Минметекс Интернэйшнл ФЗЕ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Амарсайхан,
шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч Д.Тамир, Д.Батсүх, Б.Долгорсүрэн,
нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 393 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Юань Миао Жений өмгөөлөгч А.Энхтүвшин, Г.Ганцэцэг, хохирогч “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компанийн хууль ёсны төлөөлөгч Ч.Амарсайхан, шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч Д.Тамир, Д.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.М-т холбогдох эрүүгийн 2014260002222 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Амгалан овгийн Д.М, 1969 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, социологич мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:/;
Д.М- нь “Оюу толгой” ХХК-иас хаягдал ган бөмбөлөг худалдаж аваад Дарханы төмөрлөгийн үйлдвэрт тушааж ашиг олох бизнес байна гэж “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компанийн захирал Ильдар Масгутовтой гэрээ хэлцэл хийх байдлаар халхавчлан “Монгол Металл Бирж” ХХК-д хөрөнгө оруулалт авч, уг мөнгийг компанийн хоёрдугаар гарын үсгийн эрхийг “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компанийн төлөөлөгчид өгье, тэр хүний зөвшөөрөлгүйгээр мөнгийг захиран зарцуулахгүй гэж итгэл төрүүлэн төөрөгдүүлж, 130.000 ам.доллар буюу 222.379.300 төгрөгийг “Монгол Металл бирж” ХХК-ийн дансанд шилжүүлэн авсныхаа дараа “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компанид мэдэгдэлгүйгээр уг компанийн төлөөлөгч П.Халиуны гарын үсгийг хүчингүй болгож, 2013 оны 9 дүгээр сарын 13-наас 17-ны өдрийн хооронд хөрөнгө оруулалтаар орж ирсэн 130.000 ам.доллар буюу 222.379.300 төгрөгийг данснаасаа гарган өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан,
мөн “Монгол Шар Газар” ХХК-ийн захирал Юань Миао Женийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Шарын гол хэсэг” гэх нэртэй газарт байгаа 6676А дугаартай тусгай зөвшөөрөлд хамтран ажиллана гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2015 оны 10-аас 12 дугаар сарын хооронд 294.406.260 төгрөгийг хөрөнгө оруулалт нэрээр авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.М-ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Д.М-ын цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.М-аас 475.889.441 төгрөг гаргуулж, хохирогч “Минметекс Интернэйшнл ФЗЕ” ХХК /төлөөлөгч Ч.Амарсайханд/-д 145.583.181 төгрөг, хохирогч “Монгол Шар Газар” ХХК-ийн захирал Юань Миао Женд 330.306.260 төгрөг тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж, Д.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогч нарт бодит хохирол учирсан эсэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоосон эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн гадна, миний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, мэдүүлгийг бодитой нотлох баримтаар няцааж чадаагүй атлаа нэг талыг барьсан хийсвэр дүгнэлт хийжээ.
1. “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компаниас гэрээ хэлцлээр халхавчлан, итгэл төрүүлэн төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгасан асуудлын тухайд:
1.1. Намайг “... “Оюутолгой” ХХК-иас ган бөмбөлөг авч Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлэх боломжгүйг мэдэж байсан...” гэж буруутгаж байгаа нь үндэсгүй. Учир нь зээлийн гэрээгээр эхний ээлжинд “Минметекс Интернэйшнл” компаниас хөрөнгө оруулалтыг олгохоор шийдсэн. Энэхүү зээлээр Монгол улс дахь бизнесийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ашгийг Ильдар бид хоёр 50:50-иар хувааж авах санал тохиролцсоны дагуу нэмэлтээр тусад нь хамтын ажиллагааны гэрээг хийсэн. Хамтран ажиллах гэрээнд заасан ажлууд эхэлж, бэлтгэл ажлууд хийгдэж байсан. Гэвч надаас болон манай “Монгол Металл Бирж” ХХК-иас үл хамаарах шалтгаанаар энэ гэрээ цуцлагдсан. Энэ эрсдлийг бид урьдчилан харах боломжгүй байсан.
1.2. Бидний хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнд “металлических шаров БВУ” гэснийг “төмөрлөгийн шаар” гэж орчуулсан. “БВУ” гэдэг нь “бывший в употреблений” гэсэн үгийн товчлол бөгөөд “ашиглагдсаны дараах” гэсэн утгыг илэрхийлж байгааг дутуу орчуулсан байсан. Дарханы Төмөрлөгийн үйлдвэртэй хийсэн Худалдах, худалдан авах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6-д “...худалдагчаас шилжүүлж байгаа хөрөнгө нь чанар, овор хэмжээний хувьд шаарын хэмжээ 20 мм-ээс доошгүй...” гэж заасан. Гэрээг “хаягдал төмөр худалдах, худалдан авах гэрээ” гэсэн байгаа ч “ашиглагдсаны дараах ган бөмбөлөг” нь ялгаагүй л хаягдал төмөр буюу металл лом гэж нэг л ойлголтод хамаарах юм. Үүнийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр нэг л янзын үнээр буюу хаягдал төмрөөр л худалдан авдаг. Энэ үйл баримтыг прокурор, шүүх бодитоор тогтоож чадаагүй.
1.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэх Ч.Амарсайхан нь намайг “хамтарсан компани байгуулъя гэсэн, мөнгө шилжүүлэхийг шаардсан, хүссэн” гэж мэдүүлээд байгаа нь ор үндэсгүй гүтгэлэг. Тэр хүн Ильдар бид нарын хооронд ямар асуудал яригдаж, хэрхэн харилцан ойлголцож байсныг огт мэдэхгүй. Түүнчлэн “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компанийн санхүүгийн төлөөлөл болох нягтлан бодогч П.Амаржаргал нь манай компанийн тайлан баланс, санхүүгийн чадавхитай танилцсан байдаг.
1.4. Хохирогч гэж үзээд байгаа “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компани нь ямар улсын хуулиар, эрх зүйн ямар этгээд болохыг шалгаж тогтоогоогүй. Мөн Ч.Амарсайхан гэгч нь тус компанийн хууль ёсны төлөөлөгч мөн эсэх асуудлыг хуулийн хүрээнд бодитой тогтоож чадаагүй. Би “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компанийн санхүү эрхэлсэн захирал Масгутов Ильдар гэдэг хүнтэй харилцаж байсан бөгөөд тус компанид Альдис Натальи гэдэг захирал байдгыг мэдэхгүй. Энэ хүнийг тус компанийн захирал мөн гэдгийг нотолсон нэг ч баримт хэрэгт байхгүй. Би тус компанид төлөх ёстой төлбөрөө төлье гэхэд хэнд өгөх нь тодорхойгүй. Шүүх хуралдааны дараа төлбөрийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор миний найз нөхөд хохиролд тооцон үл хөдлөх эд хөрөнгө өгөхөөр болоход энэ бүхнийг Ч.Амарсайхан өөрийн өмчлөлдөө шилжүүлж аваад байна. Ч.Амарсайханд олгосон гэх итгэмжлэлийг өнөө үед ямар ч хүн энгийн техник хэрэгсэл ашиглаад үйлдчих боломжтой. Энэ бүхнээс үзэхэд Ч.Амарсайхан нь үүссэн нөхцөл байдал дээр тоглолт хийж үндэслэлгүй хөрөнгөжөөд байгаа юм биш биздээ гэх хардлагыг төрүүлж байна.
1.5. Гэрч П.Халиун “...зээлийн гэрээ байгуулж, ашиг орлогоо нуун дарагдуулах зорилготой байсан...” гэх агуулга бүхий мэдүүлэг өгчээ. Зээлийн гэрээ ч бай, хамтын ажиллагааны гэрээ ч бай ил тод гүйлгээгээр ашиг орлого, зарлага нь тодорхой харагдана. Энэ хүмүүс санхүүгийн мэдлэг хомсоос гадна, бидний хооронд байгуулагдсан гэрээний нөхцөл, заалтыг болон гэрээг хэрэгжүүлэх явцад Масгутов Ильдарт бид хоёрын хооронд хийгдсэн яриа, тохиролцоог бүрэн мэдэхгүй болохоор намайг буруутгасан мэдүүлэг өгчээ гэж ойлгож байна.
1.6. Гэрч А.Ононгийн мэдүүлгээр 2 талын үйлдлийг баталж байгаа боловч тэрээр бас л өөрийнхөө оролцоогүй, мэдэхгүй зүйлсийг хэлсэн байдаг. Энэ нь бодит үнэнд нийцэхгүй.
1.7. Гэрч Г.Чинбат, Ю.Болорцэцэг нар нь болсон үйл явдлыг бодитоор мэдүүлсэн байхад тэдний мэдүүлгээр яагаад намайг буруутгасныг ойлгохгүй байна. Би энэхүү зээлийн санхүүжилтыг Ильдартай тохиролцсоны дагуу ашигтай бизнес хийе, олсон ашгаа хуваая гэсэн зорилгоор хамтран ажиллах гэрээндээ нэмэлт оруулж, вольфрам авч, зарах үйл ажиллагааг гэрээний нэмэлт нөхцөл болгож оруулаагүйдээ буруутаж байна.
1.8. “Оюутолгой” ХХК-ийн 2014 оны 9 дугаар сарын 17-ны өдрийн 3279/РRОС албан бичигт: “Монгол Металл Бирж” ХХК-ийн захирал Д.М- нь манай хангамжийн газартай хаягдал төмөр /ган бөмбөлөг/ авах талаар санал хүргүүлж, гэрээ хэлцэл байгуулж байгаагүй” гэснийг шүүх намайг буруутгах нотлох баримт болгон ашиглажээ. Гэвч би “Оюутолгой” ХХК-тай шууд харьцаагүй, орон нутаг буюу Ханбогд сумаас шалгаруулалт хийж, санал болгосон “Ихэр Гурван Мөнх” ХХК-тай “Бэлтгэн нийлүүлэх гэрээ” хийсэн талаараа анхнаасаа Ильдарт тайлбарлаж, танилцуулж байсан.
2. “Монгол Шар Газар” ХХК-ийн захирал Юань Миао Женийг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “Ричмогол” ХХК, 6676А шарын голын хэсэг тусгай зөвшөөрөлтэй алтны орд дээр хамтарч ажиллахаар хөрөнгө оруулалт нэрээр 294.406.260 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгасан тухайд;
2.1. Би “Ричмогол” ХХК-ийг ашигт малтмалын 6676А дугаар лицензийн хамт худалдан авахаар тохиролцож, 2015 оны 6, 7 дугаар сард тус компанийн ТУЗ-ийн гишүүдийн олонхийн зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэх захирлаар томилогдон тамга, тэмдэг, гэрчилгээг хүлээн авч, компанийн үйл ажиллагааг бие даан хариуцан ажиллахаар болсон. Засгийн газрын 125, 220 дугаар тогтоолуудыг үндэслэн тусгай зөвшөөрлийг сэргээж авах боломжтой гэж үзсэн учир ирээдүйд тухайн орд дээр хамтран ажиллах буюу хөрөнгө оруулалт хийх этгээдийг хайж байсан. Энэ үедээ өөрийн танилаар дамжуулан Юань Миао Жен буюу Алтантуяатай уулзахад тэрээр алтны найдвартай орд дээр хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахыг маш их сонирхож байгаагаа илэрхийлсэн. Би анхнаасаа нөхцөл байдлыг түүнд үнэн зөвөөр танилцуулсан. Ингээд бид үйл ажиллагаатай холбогдуулан тооцоог хийж, хөрөнгө оруулалтын үнийн дүнг тохирсон. Хамтын ажиллагааны гэрээний асуудлаар тохиролцох, гэрээ байгуулах үед гэрч Юань Ван Бао, Ш.Жавзан, Янь Чин Жун нарын хэн нь ч хамт байгаагүй. “Ричмогол” ХХК нь өнөөдөр “Монгол Металл Бирж” ХХК-ийн охин компани бөгөөд 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа.
2.1. Юань Миао Жений “...А лиценз орд байна, хөрөнгө байвал 7 хоногийн дотор эхлүүлж болно. Хөрөнгө оруулалтыг эхний ээлжинд 100.000 ам.доллар ... маш их мөнгө шаардлагатай байна гэж хэлсэн. Уурхай дээр очиж үзээгүй, тайлангаа өгөөгүй. 2016 оны 6 дугаар сард уурхай дээр очиход юу ч байгаагүй. “Ричмогол” ХХК-д Д.М- нь ямар ч хамааралгүй байсан. 7 хоногийн дараа бүх юм бэлэн болно гээд алга болсон...” гэх зэргээр ярьж, хэлсэн нь бодит байдалтай нийцэхгүй, худал мэдүүлэг юм.
2.2. Гэрч Юань Ван Бао нь надад мөнгө авчирч өгөхдөө миний оруулж ирсэн тоног төхөөрөмжийг нүдээр харсан. Тэрээр энэ тухайгаа ч мэдүүлсэн байдаг.
2.3. 2016 оны 6 дугаар сард “Монгол Шар Газар” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж эмэгтэй гарч ирсэн нь гэрч Ш.Жавзан байсан. Биднийг хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтын ажиллагаа эхэлүүлсэн үйл явдлын талаар энэ хүн юу ч мэдэхгүй.
2.4. Гэрч Х.Эрдэмбилэгтийн мэдүүлэг нь ганц нэг цаг хугацаа зөрж хэлснийг эс тооцвол миний мэдүүлгийн үнэн зөвийг баталдаг.
2.5. Гэрч Янь Чин Жун нь 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр надтай уулзаад, шинээр гарсан лицензүүдийг маань харж байсан гэж мэдүүлсэн нь миний худлаа яриагүй, ажлаа хийж байсныг нотолно.
2.6. Хамтын ажиллагааны гэрээ, мөнгө хүлээлцсэн акт, зориулалтын мэдүүлэг зэрэг нь хамтран ажиллаж нэг үйлийн төлөө зүтгэж байсны бодит баталгаа юм. 6676А тусгай зөвшөөрлийн талбайд алт олборлох хамтын ажиллагааны гэрээний 2 дугаар зүйл 2.1.6-д “Дархан Уул аймгийн Хонгор сумын Шарын голын хөндий 6676А тусгай зөвшөөрлийн алтны шороон ордын эрдэс, баялгаас ашиг орлого авах зорилгоор өөрсдийн эд хөрөнгийг нэгтгэж 100 кг алт олборлох ажлыг гүйцэтгэж...” гэж зорилгыг тодорхойлоод А тал буюу “Ричмогол” ХХК нь “үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ахуйн нөхцөл, ажиллах хүчинг бүрдүүлнэ...”, Б тал буюу “Монгол Шар Газар” ХХК нь “...үйлдвэрлэлийн эхний хөрөнгө оруулалтанд 300.000 ам.доллараар санхүүжүүнэ” гэх зэргээр бид ямар асуудлаар хэрхэн хамтарч ажиллахаар тохиролцсоныг нотлох хангалттай баримт юм.
2.7. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн миний мэдүүлгийг шүүгч “... “Ихэр Гурван Мөнх” ХХК-ийн захирал А. Төрхүү, Ханбогд сумын ИТХ-ын дарга X.Нэхийт нарын мэдүүлгээр, мөн “Монскоркион” ХХК-ийн ажилтан гэгдэх Ц.Цолмондорж, гэрч Ц.Бадрах нарын мэдүүлгээр тус тус үндэслэлгүй гэж тогтоож байна...” гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Гэрч А.Төрхүү, Х.Нэхийт нар нь тэр үед хаягдал төмөр нийлүүлэх гэрээг “Оюутолгой” ХХК-тай хийх тухай ажиллагаа хийгдэж байсныг гэрчилсэн. Тэр хүмүүсийн ойлголт бол хаягдал ган бөмбөлөг, хаягдал төмөр гэдэг нь нэг ойлголт, харин металл ган бөмбөлөг гэж асуухаар мэдээж хийгээгүй, яриагүй зүйлийг үгүй гэж хэлсэн нь намайг буруутгах үндэслэл болохгүй.
2.8. Алт олборлохын тулд аж ахуй нэгжүүдтэй байгуулсан хэд хэдэн төрлийн гэрээг хуурамч гэрээ гэж үзсэн нь үндэсгүй. Учир нь алт олборлох ажилд анги, харуул хамгаалалт ажиллуулах, машин механизм түрээслэх гээд олон зүйл шаардлагатай байдаг. Гэрч Х.Эрдэмбилэгт, Э.Мөнх-Эрдэнэ, Х.Болдбаатар нарын мэдүүлгээр алт олборлох ажилтай шууд хамааралтай, гэрээний үүргүүд хэрэгжиж байсан нь нотлогдоно.
2.9. “Ричмогол” ХХК нь уул уурхайн алт олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг, өөр үйл ажиллагаа явуулж байгаагүй нь металл тушаалтын бүртгэл мэдээллээр тодорхойлогдож байгаа. Холбогдох санхүүгийн баримтуудыг хавтас хэрэгт хавсаргах саналыг шүүх хүлээн авалгүйгээр, шууд үгүйсгэж “Монгол Металл Бирж” ХХК, “Ричмогол” ХХК-иудын үйл ажиллагааг бодитоор үнэлээгүй нь буруу юм.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд;
3.1. “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компаниас 130.000 ам.доллар манай компанийн дансанд орж, түүнийг би захиран зарцуулсан асуудал дээр маргахгүй байгаа. Уг мөнгийг бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээний графикийн дагуу төлж эхэлсэн боловч ашигтай ажиллах төслүүд хэрэгжих боломжгүй болсноос хүндрэл учирсан. Төлөх ёстой үлдэгдэл төлбөрийн асуудал дээр маргахгүй.
3.2. Хохирогч “Монгол Шар Газар” ХХК-ийн захирал Юань Миао Женд 294.406.260 төгрөгийн хохирол учруулсан ба хохирогч нь “Ориент Инвест” ББСБ-аас 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 50.000.000 төгрөгийн зээл авч шүүгдэгч Д.М-т өгсний улмаас зээлийн хүү 40.900.000 төгрөг төлснийг ... гэмт хэргийн хор уршигт тооцох үндэслэлтэй...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Монгол Шар Газар” ХХК нь санхүүгийн тайландаа зээлийн хүү 40.900.000 төгрөгийг тусаагүйг шүүх үнэлээгүй. Хамтын ажиллагааны явцад алдагдал, эрсдэл учирвал гэрээний 2 тал оруулсан хөрөнгийнхөө хувь хэмжээгээр эрсдлээ хамтран үүрэх ёстой. Алт олборлох ажлын хүрээнд нийт 509.200.000 төгрөгийн зардал гарсан гэдгийг манай нягтлан бодогч Э.Мөнх-Эрдэнэ мэдүүлдэг. Аудитын дүгнэлтэд мөн энэ зардлыг тооцсон байгаа. Манай компани нь нийт зарцуулсан зардлаас оруулсан хувь хөрөнгөөрөө эрсдлээ үүрвэл арай ч 330.306.260 төгрөгийн тооцоо гарахгүй. Хэрвээ “Монгол Шар Газар” ХХК манай “Ричмогол” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө оруулалтынхаа талаар маргаж байгаа бол энэ нь Иргэний эрх зүйн маргаан бөгөөд иргэний шүүхэд хандан асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай.
Эцэст нь хэлэхэд, миний бие өөрийн аж ахуй нэгжээрээ дамжуулан сүүлийн 3 жил зөвхөн ажил бүтээлийн төлөө зүтгэж, өдий болтол гаргаж буй үр дүнг минь шууд үгүйсгэж, 2 үйлдэлд буруутгаж байгаа зээлийн гэрээ, хамтран ажиллах гэрээ, мөн алт олборлох хамтын ажиллагааны гэрээнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй зөвхөн хохирогч нарын мэдүүлгийг үнэлж, ял халдаасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхэд хүргэж байна.
Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, “хэргийг дахин шалгуулах хүсэлтэй” байгааг минь хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Д.Тамир, Д.Батсүх нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо, мөн өмгөөлөгч Д.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
1. “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компанийн залилсан гэх үйлдлийн тухайд;
1.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компанийг залилсан гэх үйлдэлд ямар этгээд хохирогч болох асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж чадаагүй. Улсын яллагчийн зүгээс Д.М-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэгт буруутгаж ялласан. Энэ төрлийн гэмт хэргийн үндсэн шинж нь “эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” байхаар хуульчилсан. “Залилах” гэмт хэргийн шинжийг тодорхойлохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нотолбол зохих асуудлын хүрээнд уг гэмт хэргийн улмаас “эд хөрөнгөө алдсан этгээд нь хэн болох”-ыг тогтоосон байх шаардлагатай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөигийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ”, 42.2 дахь хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийг хохирогчоор тогтоохдоо хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж эрүүгийн хэргийн улмаас хохирсон этгээдийг болон хэрэг хянан шийдвэрлэх ажилгаанд оролцох хохирогчийн эрх зүйн байдлыг хэрхэн тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулсан байна.
Хэргийн материалыг судлахад “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компани, эсхүл “Минметекс Интернэйшнл ФЗЕ” ХХК гэх хуулийн этгээдийг хохирогчоор тогтоосон баримт огт байхгүй байна. Энэ нь тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгийг зөрчсөн. Мөрдөн байцаалтын явцад гаргасан дээрх зөрчлийг анхан шатны шүүх хуульд нийцүүлэн залруулах боломж байсаар байтал энэ алдааг залруулж, тус хуулийн этгээдийг хохирогчоор тогтоох шийдвэр гаргалгүйгээр хохирогч гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчжээ.
2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амарсайхан гэгчийг хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох ажиллагааг нэг тогтоолоор гүйцэтгэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзнэ. Учир нь иргэн Ч.Амарсайханыг энэ хэргийн хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй. Харин хуульд заасан шаардлагын дагуу “Минметекс Интернэйшнл ФЗЕ” гэх хуулийн этгээдийг хохирогчоор, Ч.Амарсайханыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон бол хуульд нийцэх байжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүгийн хэргийн хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах зохицуулалтыг илүү тодорхой болгон зохицуулсан. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт “хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно.” гэж, 9.5 дутаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгч прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно...”, мөн хэсгийн 1.2 дахь заалтын “...хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх, албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг...” гэж тус тус зохицуулсан.
Дээрх хууль нь уг хэргийг шүүхээр хянан шийдвэрлэгдэж байх үед үйлчилж эхэлсэн бөгөөд шүүх уг хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд мөрдөн байцаалтын явцад хохирогч бус этгээдийг хохирогчоор тогтоосон алдааг залруулж, хэргийн жинхэнэ хохирогч байж болох “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компанийг хохирогчоор тогтоох асуудлыг шийдвэрлэсний дараа хэргийг шийдвэрлээгүйгээс шийтгэх тогтоолд хохирогчийн асуудлаар буруу дүгнэлт хийх, хохирлыг хүлээн авах эрхгүй этгээдэд хохирол олгуулах зэрэг алдаатай шийдвэр гаргах үндэслэл болсон гэж үзэж байна.
1.2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогч гэх “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компанийн эрх зүйн байдлыг болон уг хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд хэн болохыг тогтоогоогүй, тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Эдгээр үйл баримтыг тогтоох асуудлаар 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 361 дүгээр шүүгчийн захирамж гарч, энэ асуудлыг шалгаж, тогтоолгохоор хэргийг мөрдөн байцаалтад буцаасан боловч уг шийдвэрийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 сарын 1-ний өдрийн 567 дугаар магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэн хэдий ч өмгөөлөгч бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүх тухайн асуудлыг дахин хянан үзэх хууль зүйн боломж байгаа гэж үзэж байна.
1.2.1. Хэрэгт “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компанийн албан бланк дээр бичигдээгүй, Монгол хэл дээрх зөвхөн гарын үсэг, тэмдэг бүхий, ерөнхий захирал Алдис Натальи гэх гадаад иргэний нэртэй “... “Монгол Металл Бирж” ХХК-ийн ерөнхий захирал Дүгэрээ овогтой М-т холбогдох, 130.000 ам.долларын хэрэгт “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компанийн эрх, ашиг сонирхлыг хамгаалуулахаар Монгол Улсын иргэн Ч.Амарсайханыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон...” гэх агуулга бүхий итгэмжлэлийг гарган өгчээ. Уг бичигтэй адилхан агуулга бүхий Орос, Англи хэл дээрх итгэмжлэлийг Монгол хэл дээр орчуулан гаргаж өгсөн байх бөгөөд эдгээр нь дээрхтэй нэгэн адил ямар нэгэн маягт дээр биш зөвхөн Алдис Натальи гэх хүний гарын үсэг, “Минметекс Интернейшнл ФЗЕ” компанийн гэх тэмдэг дарагдсан байна. Эдгээр бичгүүд нь бүгд 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөр огноологдсон. Түүнчлэн хэрэгт уг албан бичигт нэр дурьдагдсан “Минметекс Интернэйшнл ФЗЕ” гэх компани, тухайн хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна.
Уг итгэмжлэл гэх бичиг нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт “...төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ...”, 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт “Бичгээр олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино: 64.2.1 дэх заалтад “...хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;...” гэсэн шаардлагуудад нийцээгүй тул мөн зүйлийн 64.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус итгэмжлэл болно.
Анхан шатны шүүх хохирогч гэх этгээдийн эрх зүйн байдлыг тогтоосон ямар нэгэн нотлох баримтгүйгээр хохирогчийн төлөөлөгч Ч.Амарсайхан гэгчийн гаргаж өгсөн үнэн, бодитой эсэх нь үл мэдэгдэх итгэмжлэл гэх бичгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “...нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх шийдвэрийн үндэслэл болгохгүй...” гэж заасанд нийцээгүй байна.
1.2.2. Дээр дурьдсан итгэмжлэл гэх бичгийг хууль ёсны гэж үзэх тохиолдолд 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш “Минметекс Интернэйшнл ФЗЕ” гэх хуулийн этгээдийг Ч.Амарсайхан төлөөлөх эрхгүй болсон гэж үзнэ. Тухайн бичгүүдийг 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөр огноолсон боловч итгэмжлэлийг ямар хугацаагаар олгосон талаархи мэдээлэл тусгагдаагүй байгаа тул Иргэний хуулийн 64 дүтээр зүйлийн 64.5 дахь хэсэгт “...хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна...” гэж заасны дагуу итгэмжлэлийн хутацаа дууссан байна. Гэтэл 2015 оны 1 дүтээр сарын 20-ны өдрөөс хойш мөрдөн байцаалт болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ч.Амарсайханыг оролцуулж байгаа нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасанд нийцэхгүй юм. Итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгогдсон итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсноос хойшхи хугацаанд түүнийг оролцуулан хийгдсэн бүхий л ажиллагаа, тэдгээрийг бэхжүүлсэн баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцогдохгүй. Харин үүнээс өмнө хийгдсэн ажиллагаанд хуулийн энэ заалт хамаарахгүй.
Дээр дурьдсан үндэслэл, үйл баримтууд нь “...Ч.Амарсайханд олгосон гэх итгэмжлэлийг өнөө үед ямар ч хүн энгийн техник хэрэгсэл ашиглаад үйлдчих боломжтой. Энэ итгэмжлэл нь хууль ёсны гэдгээ хохирогчийн төлөөлөгч Ч.Амарсайхан баримтаар нотлож, чадахгүй байгаа нь үүссэн нөхцөл байдал дээр тоглолт хийж үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байгаа юм биш биздээ гэх Д.М-ын гомдлыг хүлээн зөвшөөрөхөд хүргэж байгаа.
2. “Монгол Шар Газар” ХХК-ийн захирал Юань Миао Женийг залилсан гэх үйлдлийн тухайд;
2.1. “Ричмогол” ХХК-ийг төлөөлж захирал Д.М-, “Монгол Шар Газар” ХХК-ийг төлөөлж Юань Миао Жен нар 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын голын хөндийн 6676А тусгай зөвшөөрлийн талбайд алт олборлох хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Уг гэрээний 2 дугаар зүйлд гэрээний хугацааг “төсвийг дуусгавар болох хүртэл хугацаанд” байхаар, гэрээний зорилгыг “...Дархан-Уул аймгийн Хонгор сумын Шарын голын хөндийн 6676А тусгай зөвшөөрлийн алтны шороон ордын эрдэс, баялгаас ашиг орлого авах зорилгоор өөрсдийн эд хөрөнгийг нэгтгэж 100 кг алт олборлох ажлыг гүйцэтгэх...”-ээр тус тус тодорхойлсон байна. Талуудын хооронд байгуулагдсан энэхүүг гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, мөн хуулийн 48 дугаар бүлэгт заасан хамтран ажиллах гэрээний төрөлд хамаарах хууль ёсны гэрээ юм.
“Ричмогол” ХХК нь 6676А тусгай зөвшөөрлийн хууль ёсны эзэмшигч болох нь тус компанийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, шүүгдэгч Д.М-, гэрч Х.Эрдэмбилэгт, Х.Баттулга нарын мэдүүлгээр нотлогдож байгаа ба эдгээр баримт нь “...гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүйг мэдсээр байж...” гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж байна. Түүнчлэн “Ричмогол” ХХК нь 6676А тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын ордын нөөц нь 97 кг-ийн үлдэгдэлтэй болох нь Ашигт малтмалын газрын албан бичгүүдээр нотлогдож байгаа бөгөөд эрх бүхий этгээдээс тогтоосон нөөцийг үндэслэн талууд хамтын ажиллагааны гэрээний дагуу олборлох алтны хэмжээг 100 кг байна гэж гэрээндээ заасан байхад үүнийг “...хөрөнгө оруулалтаас олох ашиг, үр өгөөжийн талаар ташаа ойлголт өгсөн...” гэж буруутгах үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасанчлан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд хуулийн этгээдүүдийн хооронд хийгдсэн гэрээг гэрээний нэг талын үндэслэлгүй гомдол тайлбараар үгүйсгэх үндэслэлгүй. Хохирогч гэх “Монгол Шар Газар” ХХК-ийн захирал Юань Миао Жен нь 2016 оны 7 дутаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст гаргасан гомдол болон мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Хамтран ажиллаж 2 сарын дотор ашгаа нөхөхөөр ажиллаж гэрээ байгуулах талаар танилцуулсан...” гэж Д.М-ыг гүтгэн мэдүүлсэн нь анхан шатны шүүх “...хөрөнгөө богино хугацаанд өсгөх боломжтой ашгаа хуваана гэж худал хэлж...” гэсэн дүгнэлт хийхэд хүргэжээ. Шүүх хохирогчийн мэдүүлэг бодитой эсэх, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон эсэх асуудлын талаар бодитой дүгнэлт хийж чадаагүй байна.
Анхан шатны шүүх “Ричмогол” ХХК болон “Монгол Шар Газар” ХХК-ийн хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээнээс үүдэлтэй иргэний эрх зүйн маргааныг гэрээний нэг тал болох “Монгол Шар Газар” ХХК-ийн гэрээний үүрэг хариуцлагаас зайлсхийх зорилгоор гаргасан үндэслэлгүй, баримтаар нотлогдоогүй гомдлыг үндэслэн Д.М-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь Иргэний хуулийн холбогдох заалтуудад нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон.
2.2. “Монгол Шар Газар” ХХК-ийг залилсан гэх үйлдлийн хувьд прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын агуулгаас Д.М- нь “Монгол Шар Газар” ХХК, эсхүл БНХАУ-ын иргэн Юань Миао Жен нарын хэнийг хохироосон гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Дээр дурьдсанчлан Д.М- нь “Ричмогол” ХХК-ийг төлөөлж “Монгол Шар Газар” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь тогтоогдож байгаа тул түүнийг иргэн Юань Миао Женээс хөрөнгө оруулалт авсан гэж үзэх үндэслэлгүй. Үүнийг прокурор болон шүүх мөн хүлээн зөвшөөрч Д.М-ыг гэрээний эрх зүйн харилцааг ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг. Тиймээс энэ үйлдлийн хувьд “Монгол Шар Газар” ХХК-ийг хохирогчоор тогтоох ёстой атал энэ ажиллагааг огт хийгээгүй байна. Иймээс гомдлын 1.1 дэх хэсэгт дурьдсан үндэслэл, тайлбар энэ хэсэгт нэгэн адил хамаарах юм.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг шийдвэрлэх талаар;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хохирогчоор тогтоох шийдвэр гаргах хууль зүйн боломж байгаа. Тиймээс гомдлын 1.1, 2.2-т заасан зөрчлийг арилгуулах, энэ ажиллагааны явцад хохирогч хуулийн этгээдүүд /ХХК-иуд/-ийн эрх зүйн байдлыг тодруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь тэдний оролцоог зөв тодорхойлсоны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.
Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.
Хохирогч Юань Миао Жений өмгөөлөгч А.Энхтүвшин, Г.Ганцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо, мөн өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.М-т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хорих ял оногдуулсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь шүүгдэгч Д.М- хохирогч Юань Миао Женд 330.306.260 төгрөгийн, хохирогч “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компанид 145.583.181 төгрөгийн, нийт 475.889.441 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд өнөөдрийг хүртэл хохирол төлбөр барагдуулсан зүйлгүй байна. Мөн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс хохирлыг барагдуулна хэмээн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 5 хоног завсарлуулсан боловч энэ хугацаанд хохирол төлбөр барагдуулаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан. Гэтэл шүүгдэгч Д.М- нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшээгүй, хохирол төлбөр барагдуулаагүй, бусдад их хэмжээний хохирол учруулсан байхад түүнд 4 жилийн хорих ял оногдуулсан нь хөнгөдсөн байна. Түүнчлэн анхан шатны шүүх Д.М-аас 330.306.260 төгрөгийг гаргуулж хохирогч Юань Миао Женд олгохоор шийдвэрлэсэн боловч өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт хамаарахгүй гэж дүгнэн, нэхэмжлэлээс хасч тооцсон нь үндэслэлгүй юм. Учир нь хохирогч Юань Миао Жен нь Монгол хэл бичиг мэдэхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй өмгөөлөгч, орчуулагч нарын хамт оролцох шаардлагатай. Өмгөөлөгчийн хөлс нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд багтана. Хавтас хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон төлбөр төлсөн баримт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан болно. Иймд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.М-т оногдуулсан ялыг хүндрүүлж, өмгөөлөгчийн зардал болох 2.500.000 төгрөгийг түүнээс нэмж гаргуулан хохирогч Юань Миао Женд олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Хохирогч “Минметекс Интернэйшнл ФЗЕ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Амарсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасанд нийцээгүй. Учир нь шүүгдэгч Д.М- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирлыг барагдуулаагүй, бусдад их хэмжээний хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ялыг хүндрүүлж өгнө үү. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын тухайд, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мөрдөгч, прокурор нарын хувийн сонирхлоос шалтгаан удааширсан гэж миний зүгээс үздэг. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар компанийг бус түүний төлөөлөгчийг хохирогчоор тогтоож оролцуулдаг. Эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээд тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл бүх шатанд хохирогчийн байр сууриар оролцдог. Энэ нь практикаас харагдана. 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар бол уг асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан байгаа. Түүнчлэн “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компаниас ирүүлсэн албан бичгийг албан бланк дээр хэвлэгдээгүй гэж байна. Тэгвэл албан бланк дээр хэвлэгдсэн баримт бичгийг үндэслэлтэй гэж үзэх тухай хуулийн шаардлага байхгүй. Хэрэв би тус компанийн тамга, тэмдэгийг хуурамчаар үйлдээд өмнөөс нь төлөөллийг хэрэгжүүлээд явж байгаа бол уг компани хохирогч болж надад холбогдуулан гомдлоо гаргах эрх нээлттэй байгаа. Иймээс уг асуудалд шүүгдэгчийн талаас санаа тавих шаардлагагүй гэж үзэж байна...” гэв.
Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч Д.Тамир, Д.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг холбогдох санхүүгийн баримтуудын хамт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгөхөд шүүх тухайн асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэнэ гээд нотлох баримтуудыг хүлээн аваагүй байдаг. Гэтэл энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна. Дараа нь шүүх хуралдааны явцад нотлох баримтуудыг дахин гаргаж өгөх гэсэн боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй гэх шалтгаанаар хүлээн аваагүй. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч Д.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү...” гэв.
Хохирогч Юань Миао Жений өмгөөлөгч А.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчийн талаас тухайн харилцааг иргэний эрх зүйн харилцаа байсан тул гэм буруугийн асуудал яригдахгүй гэж байна. Залилах гэмт хэргийн гол шинж нь бодит байдлыг нуун дарагдуулж эд хөрөнгийг шилжүүлж авах байдаг. “Ричмогол” ХХК-ийг төлөөлөх эрх Д.М-т байгаагүй. Тэрээр тус ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон гэдэг боловч хуулийн этгээдийн удирдлага өөрчлөхтэй холбоотой асуудлыг Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дугаартай тушаалаар зохицуулсан. Тухайлбал уг тушаалын 4.2 дахь хэсгийн 4.2.2 дахь заалтад 1-ээс түүнээс дээш гишүүнтэй бол хурлын тэмдэглэлээ хавсарган улсын бүртгэлийн газарт бүртгүүлсний үндсэн дээр албан ёсны эрхийг олж авах талаар зохицуулсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Д.М- нь албан ёсоор томилогдоогүй бөгөөд залилан мэхлэх гэмт үйлдлээ хэрэгжүүлэх зорилгоор хууль зөрчиж улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан байдаг. Түүнчлэн “Ричмогол” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Эрдэмбилэгт гэх хүн анхан шатны шүүх хуралдаанд “алтны уурхайн нөөц 27 орчим кг байсан, үүнээс 2003-2005 онд 20 орчим кг-ийг нь олборлосон” гэж мэдүүлдэг. Үүнээс үзэхэд гэрээний бодит байдал биелэгдэх боломжтой байсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулалтыг тоног төхөөрөмж авах, газар дээрээ үйл ажиллагаа явуулах ажилд зарцуулсан гэдэг боловч “Ричмогол” ХХК-ийн нэр дээр үйл ажиллагаа явуулсан зүйл байдаггүй. Үүнийг тайлбарлахдаа “Ричмогол” ХХК нь “Монгол Металл Бирж” ХХК-ийн охин компани гэдэг. Гэвч энэ нь тогтоогддоггүй...” гэв.
Хохирогч Юань Миао Жений өмгөөлөгч Д.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М-ын гэм буруу хангалттай нотлогдон тогтоогдсон. Түүний зүгээс өнөөдрийг хүртэл хохирол төлбөр барагдуулаагүй байгаа...” гэв.
Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Д.М-ын үйлдлүүд нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан. Тухайлбал тэрээр “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компаниас хөрөнгө оруулалтыг авахдаа тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2 дугаар гарын үсэг зурах эрхийг олгохоор тохиролцсон боловч хөрөнгө оруулалт орсны дараа уг компанид мэдэгдэлгүйгээр 2 дугаар гарын үсэг зурах эрхийг хүчингүй болгож, мөнгийг захиран зарцуулсан байдаг. Тухайн хөрөнгө оруулалт нь “Оюутолгой” ХХК-иас ган бөмбөлөг худалдан авч, нийлүүлэх үйл ажиллагаанд зарцуулагдах байсан боловч Д.М- нь ган бөмбөлөг худалдаж авах асуудлаар “Оюутолгой” ХХК-тай харилцаж байгаагүй болох нь тогтоогдсон. Түүнчлэн Д.М- нь тус шүүх хуралдаанд “ган бөмбөлөг”-ийн асуудлыг ярьж байгаа боловч тэрээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “хаягдал шаар” гэж нөхцөл байдлыг өөрөөр мэдүүлж байсныг дурьдах нь зүйтэй. “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компани нь гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компанийн ерөнхий захирал Альдис Натальи гэх хүнээс уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхийг Ч.Амарсайханд олгож, тамга тэмдгээ дарсан баримт бичиг байгаа. Иймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй холбогдох асуудлыг дахин тодруулах шаардлага байхгүй. Түүнчлэн Д.М- нь “Монгол Шар Газар” ХХК-ийн захирал Юань Миао Женээс хөрөнгө оруулалтыг авахдаа 6676А дугаартай тусгай зөвшөөрлийг үзүүлж, тухайн уурхай нь 100 кг-ийн алтны нөөцтэй, хөрөнгө оруулалт хийвэл 7 хоногийн дараа ашгаа авна гэх зэргээр танилцуулсан байдаг. Гэвч Ашигт малтмал, газрын тосны газраас дээрх тусгай зөвшөөрөл нь 2003 онд “Ричмогол” ХХК-ийн эзэмшилд олгогдсон, үүнээс хойш сэргээгдээгүй гэсэн утга агуулгатай баримт ирүүлсэн байгаа. Мөн тухайн уурхай нь анх 27 кг-ийн алтны нөөцтэйгээр батлагдсан бөгөөд үүнээс 20 кг-ийн олборлосон тухай Х.Эрдэмбилэгтээс мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Д.М- нь “Монгол Металл Бирж” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компанийн санхүүгийн асуудал эрхэлсэн захирал Ильдар Масгутовтой “Оюутолгой” ХХК-иас хаягдал ган бөмбөлөг худалдан авч Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлэх ашигтай ажилд хамтран ажиллахаар харилцан тохиролцон гэрээ байгуулж, уг гэрээнд санхүүгийн хяналт хэрэгжүүлэх зорилгоор Худалдаа хөгжлийн банк дахь “Монгол Металл Бирж” ХХК-ийн төгрөгийн 460010735, ам.долларын 460010736 дугаартай харилцах данснаас зарлагын гүйлгээ хийхэд хоёрдугаар гарын үсэг зурах эрхийг танай компанийн төлөөлөгч П.Халиунд олгоно хэмээн итгэл үнэмшил төрүүлэн хуурч, улмаар 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компаниас “Монгол Металл Бирж” ХХК-ийн 460010736 дугаартай дансанд гэрээний дагуу хөрөнгө оруулалтаар 130.000 ам.доллар шилжин орсны дараа 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тус компанийн төлөөлөгч П.Халиунд олгосон хоёрдугаар гарын үсэг зурах эрхийг Масгутов Ильдартай зөвшилцөлгүйгээр дур мэдэн хүчингүй болгож, 2013 оны 9 дүгээр сарын 13-наас 17-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр дээрх 130.000 ам.доллар буюу 221.729.300 төгрөгийг данснаасаа гарган авсан,
мөн өөрийгөө “Ричмогол” ХХК-ийн захирлаар ажилладаг, тус компани нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Шарын гол хэсэг” гэх газарт 6676А дугаарын ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, хөрөнгө оруулсан тохиолдолд алтны уурхайн үйл ажиллагааг явуулж, богино хугацаанд ашгаа хуваана” хэмээн итгэл үнэмшил төрүүлэн хуурч, “Монгол Шар Газар” ХХК-ийн захирал Юань Миао Жентэй гэрээ байгуулах замаар 2015 оны 10-аас 12 дугаар сарын хооронд 6 удаагийн үйлдлээр нийт 294.406.260 төгрөгийг хөрөнгө оруулалт нэрийдлээр бэлэн болон бэлэн бусаар шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдлоо.
Хохирогч “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компанийн хууль ёсны төлөөлөгч Ч.Амарсайхан нь тус компанийн санхүүгийн асуудал эрхэлсэн захирал Ильдар Масгутов болон “Монгол Металл Бирж” ХХК-ийн ерөнхий захирал Д.М- нарын хооронд байгуулагдсан гэрээ, хөрөнгө оруулалт хийх болсон шалтгаан, үүссэн нөхцөл байдлын талаар /1хх-ийн 44-46, 2хх-ийн 40, 6хх-ийн 7/, хохирогч Юань Миао Жен нь Д.М-тай байгуулсан гэрээ, хөрөнгө оруулалт хийх болсон шалтгаан, үүссэн нөхцөл байдал, өгсөн мөнгөний тоо хэмжээ, эх үүсвэрийн талаар /3хх-ийн 79-81, 4хх-ийн 237-238, 6хх-ийн 8/ тус тус тодорхой тогтвортой мэдүүлж, түүнийхээ эх сурвалжийг зааж чаджээ.
Тодруулбал, хохирогч “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компанийн хууль ёсны төлөөлөгч Ч.Амарсайханы мэдүүлэг нь гэрч П.Халиун /1хх-ийн 48-50/, А.Онон /1хх-ийн 52, 6хх-ийн 10-11/, Г.Чинбат /1хх-ийн 47/, Ю.Болорцэцэг /1хх-ийн 53, 6хх-ийн 11-12/ нарын мэдүүлгүүд, “Монгол Металл Бирж” ХХК болон “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компанийн хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээ /1хх-ийн 11-12/, мөнгөн орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн талаарх Худалдаа хөгжлийн банк дахь “Монгол Металл Бирж” ХХК-ийн ам.долларын 460010736 дугаартай харилцах дансны хуулга /4хх-ийн 31/, Худалдаа хөгжлийн банк дахь “Монгол Металл Бирж” ХХК-ийн төгрөгийн 460010735, ам.долларын 460010736 дугаартай харилцах данснаас бэлэн болон бэлэн бус мөнгөний зарлага хийхэд хоёрдугаар гарын үсэг зурах эрхийг П.Халиунд олгосон тухай тус ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.М-ын шийдвэр /4хх-ийн 71/, Худалдаа хөгжлийн банкинд гаргасан гарын үсгийн баталгаа /4хх-ийн 72/, “Монгол Металл Бирж” ХХК-иас Худалдаа хөгжлийн банкинд ирүүлсэн “...П.Халиунд олгосон хоёрдугаар гарын үсэг зурах эрхийг хасах...” тухай хүсэлт /4хх-ийн 73/, “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компанийн санхүүгийн захирал Ильдар Масгутовоос “Монгол Металл Бирж” ХХК-ийн ерөнхий захирал Д.М-т ирүүлсэн “Гаргасан зөрчлөө арилгах талаар сануулсан” захидал /1хх-ийн 191-192/, “Оюутолгой” ХХК-иас ирүүлсэн “...Өмнөговь аймгийн Ханбогд сум болон “Монгол Металл Бирж” ХХК-ийн захирал Д.М- нартай хаягдал төмөр /ган бөмбөлөг/ худалдах асуудлаар гэрээ хэлцэл хийж байгаагүй.” гэх албан бичиг /1хх-ийн 171/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /5хх-ийн 1-17/ зэргээр, хохирогч Юань Миао Жений мэдүүлэг нь гэрч Юань Ван Бао /3хх-ийн 86/, Э.Мөнх-Эрдэнэ /3хх-ийн 94-95/, Ш.Жавзан /3хх-ийн 92-93, 4хх-ийн 113, 6хх-ийн 15-16/, Х.Эрдэмбилэгт /3хх-ийн 96-98, 4хх-ийн 114, 6хх-ийн 13-14/, Янь Чин Жун /3хх-ийн 101/ нарын мэдүүлгүүд, “Ричмогол” ХХК-ийн төлөөлж Д.М-, “Монгол Шар Газар” ХХК-ийг төлөөлж Юань Миао Жентэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ /3хх-ийн 17-22/, мөнгө хүлээлцсэн акт /3хх-ийн 23/, Янь Чин Жунаас Юань Миао Женд олгосон итгэмжлэл /3хх-ийн 14/, Юань Миао Жен болон “Ориент Инвест” ББСБ-ын хооронд байгуулагдсан хөрөнгө барьцаалах зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хүснэгт /3хх-ийн 147-150, 153-154/, Хаан банк дахь “Монгол Шар Газар” ХХК-ийн 5003914641 дугаартай харилцах дансны хуулга /3хх-ийн 163/ зэргээр тус тус нотлогдож байна.
Үүнээс гадна, Д.М- нь “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компанийн санхүүгийн асуудал эрхэлсэн захирал Ильдар Масгутов болон “Монгол Шар Газар” ХХК-ийн ерөнхий захирал Юань Миао Жен нартай байгуулсан гэрээ, тэднээс хүлээн авсан мөнгөний тоо хэмжээ, мөнгөн гүйлгээний талаар тус тус маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.
Шүүгдэгч Д.М- болон түүний өмгөөлөгч Д.Тамир, Д.Батсүх нар нь “...талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн, хамтын ажиллагааны гэрээнүүд бодитой ажил хэрэг байсан бөгөөд хөрөнгө оруулалтыг гэрээнд заагдсан үйл ажиллагаа, бэлтгэл ажлуудад зарцуулсан, энэхүү гэрээнүүдийн хэрэгжилт гуравдагч этгээдээс хамаарч удаашрах, хэрэгжих боломжгүй болмогц залилсан гэж үзлээ...” хэмээн гэм буруугийн талаар маргахаас гадна, Ч.Амарсайхан, Юань Миао Жен нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор тогтоогдох этгээдүүд мөн эсэх асуудлаар маргаж нэгэн адил утга, агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” хэмээн тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана.” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно.” гэж, 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Мөрдөгч, прокурор ... хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг … хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн энэ хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.” гэж тус тус заажээ.
Хуулийн этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэн аливаа иргэнийг оролцуулж болох ба энэ тохиолдолд хуулийн этгээдээс төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг үндэслэн түүнийг оролцуулдаг.
Хуулийн этгээдийг төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо тухайн хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, түүний эрх, ашиг сонирхлыг хамгаалж, өөрт хуулиар олгогдсон эрхийг эдэлж, үүргийг хүлээх бөгөөд төлөөлүүлэгч хуулийн этгээд татгалзахаас бусад тохиолдолд хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл оролцдогоороо иргэний эрх зүйн харилцаан дахь төлөөллөөс ялгаатай.
Хэргийн материалыг судлахад, энэ хэрэгт эд хөрөнгийн хохирол хүлээсэн “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компани нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхийг Ч.Амарсайханд олгосон тухай 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн итгэмжлэл /1хх-ийн 5, 2хх-ийн 57/ авагдсан байна. Уг баримт бичигт “...Ч.Амарсайханд хууль хяналтын холбогдох байгууллагуудад нэхэмжлэл, гомдол гаргах эрхийг олгож, нэхэмжлэгчийн болон хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаас гадна, бүх шатны шүүхэд компанийг төлөөлж оролцох эрхийг олгож байна...” хэмээн дурьдаад, эрх баригч буюу тус компанийн ерөнхий захирал Альдис Натальи гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулжээ.
Хэдийгээр “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компани нь Монгол Улсад хуулийн этгээдийн бүртгэлгүй /1хх-ийн 115/, үйл ажиллагааны чиглэл тодорхойгүй боловч энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход төдийлөн хамааралгүй бөгөөд тус компани нь өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах эрхээ төлөөллөөр дамжуулан хэрэгжүүлэх эрхтэй болно.
Иймээс дээрх байдлыг үндэслэн “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амарсайханыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосныг буруутгах үндэслэлгүй ба тэрээр Д.М-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус компанийг төлөөлөн оролцож, хохирол төлбөрийг хүлээн авах эрхтэй байна.
Харин иргэн Юань Миао Жен нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд болох “Монгол Шар Газар” ХХК-ийн ерөнхий захирал буюу тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан /3хх-ийн 127/ болохын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор тогтоогдох үндэслэлтэй.
Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Д.М- нь бусдаас авсан хөрөнгө оруулалтын мөнгийг залилан мэхлэх аргаар хувьдаа авч хэрэглээгүй, харин хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу хаягдал ган бөмбөлөг худалдан авч, нийлүүлэх, алтны уурхайн орд газартай холбоотой бусад үйл ажиллагаанд зарцуулж, бэлтгэл ажлыг эхлүүлсэн боловч Өмнөговь аймгийн Ханбогд сумын удирдлага “Оюутолгой” ХХК-тай тохиролцоонд хүрч чадаагүй, мөн сонгууль болон яамдын бүтэц зохион байгуулалттай холбоотой шалтгаанаар 6676А дугаартай тусгай зөвшөөрөл сэргээгдэх ажил удааширсан зэргээс хамаарч гэрээнд заагдсан ажлууд хэрэгжээгүй гэх тайлбар, мэдүүлгийг өгчээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Д.М- нь “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компанийн санхүүгийн асуудал эрхэлсэн захирал Ильдар Масгутовтой “Оюутолгой” ХХК-иас хаягдал ган бөмбөлөг худалдан авч Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлэх ашигтай бизнест хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг зарцуулах үйл ажиллагаанд хяналт хэрэгжүүлэх зорилгоор Худалдаа хөгжлийн банк дахь “Монгол Металл Бирж” ХХК-ийн харилцах данснаас зарлагын гүйлгээ хийхэд хоёрдугаар гарын үсэг зурах эрхийг “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компанийн төлөөлөгч П.Халиунд олгохоор харилцан тохиролцож гэрээ байгуулан улмаар “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компаниас 130.000 ам.долларын хөрөнгө оруултыг өөрийн ХХК-ийн дансанд шилжүүлэн авмагцаа тус компанийн төлөөлөгч П.Халиунд олгосон хоёрдугаар гарын үсэг зурах эрхийг Ильдар Масгутовтой зөвшилцөлгүйгээр дур мэдэн хүчингүй болгож, дээрх мөнгийг данснаасаа гарган авчээ. Тэрээр мөнгө гарган авах болсон шалтгаанаа валютын ханшийн уналттай холбон тайлбарлах боловч энэ тухайгаа Ильдар Масгутовт танилцуулж, зөвшилцөөгүй байна.
Үүнээс гадна Д.М-ын зүгээс “Оюутолгой” ХХК-д хаягдал ган бөмбөлөг худалдан авах талаар санал хүргүүлж, гэрээ хэлцэл байгуулж байгаагүй болох нь дээрх хуулийн этгээдийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 3279/PROC албан бичгээр тогтоогдсон төдийгүй, тэрээр хөрөнгө оруулалтын мөнгийг хамтын ажиллагааны гэрээнд заагдсан зориулалтын бусаар ашиглах, хөрөнгө мөнгийг эргэлдүүлэх нэрийдлээр өөр бусад төрлийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зэргээр өөрийн хувийн ашиг сонирхлын дагуу саадгүй авч зарцуулан гэрээгээр хүлээсэн үүргээ санаатайгаар зөрчиж биелүүлээгүй нөхцөл байдлууд тогтоогдсон.
Түүнчлэн Д.М- нь хохирогч Юань Миао Женээс нийт 294.406.260 төгрөгийн хөрөнгө оруулалтыг авахдаа өөрийгөө “Ричмогол” ХХК-ийн захирлаар ажилладаг, тус компани нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Шарын гол хэсэг” гэх газарт 6676А дугаарын ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, хөрөнгө оруулсан тохиолдолд алтны уурхайн үйл ажиллагааг явуулж, богино хугацаанд ашгаа хуваана хэмээн ойлгуулж, хамтын ажиллагааны гэрээг байгуулжээ. Гэвч Д.М-ыг “Ричмогол” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар /гүйцэтгэх захирал/-аар томилж, хуулийн этгээдийн мэдээдэлд өөрчлөлт оруулахдаа зохих шаардлагыг хангаагүй баримт бичгийг үндэслэсэн нь түүнийг тус хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан мөн гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байгаагаас гадна, “Ричмогол” ХХК-ийн эзэмшиж буй 6676А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл нь 2003 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгогдсоноос хойш эргэн сэргэсэн шийдвэр кадастрын бүртгэлийн системд бүртгэгдээгүй талаар Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 7/2309 дугаартай албан бичигт /4хх-ийн 131/ тусгагдсанаас үзэхэд тухайн уурхайд алт олборлох ажиллагаа явагдах байсан эсэх нь тодорхойгүй байжээ.
Дээрх байдлуудаас дүгнэхэд, шүүгдэгч Д.М- нь “Оюутолгой” ХХК-иас ган бөмбөлөг худалдан авч Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлэх ашигтай бизнест хамтран ажиллана, ингэхдээ оруулсан хөрөнгийг зөвхөн дээрх үйл ажиллагаанд зарцуулах бөгөөд үүнд хяналт тавих эрхийг танай байгууллагын төлөөлөгчид олгоно гэж, мөн “Ричмогол” ХХК-ийн эзэмшлийн 6676А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Шарын гол хэсэг” газарт алт олборлож, богино хугацаанд ашгаа хуваана гэх зэргээр хэлсэн зүйлүүд нь бодитойгоор хэрэгжээгүй, хэрэгжих үндэслэлүүд тогтоогдоогүй бөгөөд тэрээр хариуцлагаас зайлсхийх зорилгоор хөрөнгө оруулагч нартай хэд хэдэн төрлийн гэрээ байгуулж итгэл үнэмшил төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг залилан мэхлэж авсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ.
Д.М-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ.
2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна”, 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доод дурдсанаар ойлгоно”, 4.1-д “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.2-т “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж энэ хуульд заасан хохирлын хэмжээг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т залилах гэмт хэргийг “их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинжид тогтоон хуульчилсан байна.
Иймээс шүүгдэгч Д.М-ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаас бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан тухайн зүйлд заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж, уг ялыг эдлэх хорих байгууллагын дэглэмийг тогтоож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.
2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.
Буцаан хэрэглэгдэж буй хөнгөн хууль гэдэгт гэмт хэргийн шинж, онцлогийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл, ял шийтгэлийн төрөл, хэмжээнд орж буй өөрчлөлтийг ойлгохоос гадна, хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг.
Хэдийгээр шүүгдэгч Д.М- нь 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх цаг хугацаанд дээрх гэмт хэргийг үйлдсэн байх боловч 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар түүний үйлдсэн “Залилах” гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, хэмжээг хөнгөрүүлэн тогтоожээ.
Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-ын эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль ёсны болсон бөгөөд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт болон бусад олон улсын гэрээ конвенцид харшлаагүй байна.
Түүнчлэн шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Амарсайхан болон хохирогч Юань Миао Жен нарын шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх ба “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компанид учирсан хохирол болох 130.000 ам.долларыг Монгол банкны тухайн үеийн валют арилжааны ханшийн лавлагааг үндэслэн төгрөгт /130.000х1.705,61=221.729.300/ шилжүүлж, үүнээс шүүгдэгч Д.М-ын төлсөн хэсгийг /221.729.300-76.146.118=145.583.182/ хасч үлдэх төлбөрийг нөхөн төлүүлэхээр, мөн хохирогч Юань Миао Женд учирсан хохирол болох 294.406.260 төгрөг дээр түүний орон сууц барьцаалсан зээлийн хүүг гэмт хэргийн хор уршигт тооцон /294.406.260+40.900.000=335.306.260/ нэмж, үүнээс шүүгдэгч Д.М-ын төлсөн /335.306.260-5.000.000=330.306.260/ хэсгийг хасч үлдэх төлбөрийг нөхөн төлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасанд нийцжээ.
Харин хохирогч Юань Миао Жен нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчөө сонгон, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж дүгнэх үндэслэлгүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гэм буруу, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан маргасан шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч Д.Тамир, Д.Батсүх нарын давж заалдах гомдлуудыг, мөн ял шийтгэл, хохирлын хэмжээний талаар гаргасан хохирогч “Минметекс Интернэйшнл ФЗЕ” компанийн хууль ёсны төлөөлөгч Ч.Амарсайхан болон хохирогч Юань Миао Жений өмгөөлөгч Г.Ганцэцэг, А.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд: “...шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг холбогдох санхүүгийн баримтуудын хамт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгөхөд шүүх тухайн асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэнэ гээд нотлох баримтуудыг хүлээн аваагүй байдаг. Гэтэл энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна. Дараа нь шүүх хуралдааны явцад нотлох баримтуудыг дахин гаргаж өгөх гэсэн боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй гэх шалтгаанаар хүлээн аваагүй...” гэж маргах боловч шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах санал, хүсэлтээ тухайн шүүхэд хуульд заасан хугацааны дотор гаргаж, шийдвэрлүүлээгүй байх бөгөөд энэ нь хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 393 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч “Минметекс Интернэйншл ФЗЕ” компанийн хууль ёсны төлөөлөгч Ч.Амарсайхан, хохирогч Юань Миао Жений өмгөөлөгч А.Энхтүвшин, Г.Ганцэцэг, шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч Д.Тамир, Д.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧИД Д.ОЮУНЧУЛУУН
Н.БАТСАЙХАН