Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2106

 

С.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01850 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.О,

Хариуцагч Х.Э, Ж.О нарт холбогдох,

 

Х.Эгаас 5 000 000 төгрөг, Ж.Ооос 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Ж.Оы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтунгалаг,

Хариуцагч Ж.О, Х.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Э, Ж.О нар 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр надтай уулзаж, 2-3 жилийн хугацаатайгаар 10 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлэх санал надад тавьсан. Үүнийг нь би хүлээн зөвшөөрч тэдэнд тус тусад нь 5 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Ингээд тэд 2015 оны 5 дугаар сарыг дуустал cap бүр зээлээ төлж байсан. Гэтэл 2015 оны 6 дугаар сараас эхлээд хүү төлөхөө больсон тул би утсаар Ж.Отой ярьж асуухад “Би бусдад 40 000 000 төгрөгөө залилуулчихлаа. Энэ мөнгөө авахаараа таны мөнгийг төлж өгнө. Та түр хүлээж бай” гэсэн. Миний бие Х.Этай ажил дээр нь очиж уулзахад “Би 5 000 000 төгрөгийг Ж.Од өгсөн, Ж.О хүүгээ төлөхгүй байгаа юм уу, та Ж.Ооос 10 000 000 төгрөгөө аваарай” гэсэн.

Миний бие Х.Э, Ж.О нарт 10 000 000 төгрөгийг зээлдүүлэхдээ “Зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулъя, энэ мөнгө бол гадаадад ажиллаж байгаа манай бэр М.Булганцэцэгийн мөнгө байгаа юм” гэж хэлэхэд энэ хоёр хоёулаа “гэрээ, нотариат гээд яах юм бэ, гарын үсэг зураад өгье. Ж.Оы хашаа байшингийн гэрчилгээг барьцаанд тавъя, 2 хоногийн дараа авчраад өгье” гэж хэлсэн. Би үүнд нь итгээд аман хэлцэл хийж мөнгө өгсөн баримт бичээд тэднээр гарын үсэг зуруулсан. Тэд 2 хоногийн дараа Ж.Оы хашаа байшингийн гэрчилгээг авчирч өгөөгүй. Иймд Х.Эгаас 5 000 000 төгрөг, Ж.Ооос 5 000 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Э миний бие С.О, Ж.О хоёрыг уулзуулж 10 000 000 төгрөг зээлдүүлж авахад нь цуг байлцаж байсан нь үнэн болно. С.О өөрөө хүүхдийнхээ мөнгийг өсгөх гээд Ж.Од 10 000 000 төгрөг өгсөн. Тэгээд цаг хугацаанд нь хүүгээ төлж байсан байх. Сүүлийн үед аль алинтай нь уулзаагүй. Энэ мөнгөний асуудал надад ямар ч хамаагүй. Би аваагүй. Ж.О 10 000 000 төгрөг гардаж авсан нь үнэн болно гэжээ.

Хариуцагч Ж.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие найз Х.Эгаар дамжуулж С.Оээс 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай 6 хувийн хүүтэйгээр аман гэрээ байгуулж авсан. Энэ мөнгийг нь би cap бүр 600 000 төгрөг хийж байгаад дунд нь 1 420 000 төгрөг бөөн өгөөд 2015 оны 5 дугаар cap хүртэл бага багаар өгөөд нийт 14 470 000 төгрөгийг төлөөд байна. Цаашид би төлөх ямар ч боломжгүй болсон тул өгч чадахгүй гэдгээ хэлсэн. Энэ мөнгө Х.Эд ямар ч хамааралгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Эгаас 5 000 000 төгрөг, хариуцагч Ж.Ооос 5 000 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.От олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Эгаас 87 475 төгрөг, хариуцагч Ж.Ооос 87 475 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид тус тус гаргуулан нэхэмжлэгч С.От буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. С.О мөнгө өгсөн авснаа баталгаажуулна гэж хэлээд баримтад гарын үсэг зуруулсан ба түүн дээрээ 3 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй гэж бичээгүй. Би гарын үсэг зурахын өмнө “хэрэв бичгийн баримт үйлдэх гэж байгаа бол анх тохиролцсон хугацаагаа бичихгүй яасан бэ” гэхэд “чи бид 2 ойлголцоод явбал болно биздээ. Өгсөн, авсан гарын үсэг байхад л болох байлгүй дээ” гэж хэлсэн. Ингээд надаас 600 000 төгрөг авч байсан ба би түүнээс 3 сарын хугацаатай гэж зээлснээс биш 2-3 жилийн хугацаатай мөнгө зээлж авъя гэж огт хэлээгүй. С.О нь надтай 3 сарын хугацаатай гэж мөнгө зээлүүлчихээд дараа нь намайг хуурч cap бүр 600 000 төгрөг хийх болно гэж өөрөө бичиж гарын үсэг зуруулсан байна. Би үүнийг нь 3 сарын хугацаа гэж ойлгосон болохоос энэ хүнийг надаас ийм өндөр хүүгээр тооцно гэж бодсонгүй. Миний бие өөрөө наймаа эрхэлж, байнга эргэлтийн мөнгө байдаг тул түүнд 2-3 жил cap бүр 600 000 төгрөг төлөхийн оронд зээлээ төлөөд аль хэдийн дуусгах ба эхний 3 сарын хүү төлчихөөд дараа нь цувуулж төлсөөр нийт 14 700 000 төгрөг төлсөн байгаа. Гэтэл миний төлсөн 14 700 000 төгрөгийг зөвхөн хүүнд төлсөн гэж үзэж 10 000 000 төгрөгөөс нэг ч төгрөг хасалгүй нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх бидний хооронд байгуулсан гэрээнд тодорхой хугацаа заагаагүй байна гэж дүгнэжээ.  Иргэний хэргийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг үндэслэж байгаа бол С.О мөнгө төл гэдгийг 2013 оны 12 дугаар сараас эхэлж шаардсан. Үүнээс хойш би бага багаар өгсөөр байгаад 2014 оны 09 дүгээр сард 1 420 000 төгрөг 1 удаа бөөн төлсөн. Дараа нь боломжоороо ахин цувуулж мөнгө төлсөн. Гэтэл 2015 оны 06 дугаар cap хүртэл гэж хүү тооцож авсан нь үндэслэлгүй, 1 420 000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцоогүй. Миний бие Х.Оюунцэцэгт 3 сарын хүү, нийт 11 800 000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд дахин мөнгө шаардаад байсан тул түүнд 14 700 000 төгрөг төлж илүү төлөлт хийсэн гэж үзэж байна.

Шүүгчийн туслах н.Наранхүү “С.О гэдэг хүнээс танд холбогдуулж нэхэмжлэл гаргасан, ирж уулз” гэсэн. Тэр үед би хөдөө байсан тул дараа нь шүүхэд ирсэн. Тэр өдөр нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байсан ба Х.Оюунцэцэгийн нэхэмжлэл гэж надад өгсөн. Би уншиж танилцаад хариуг нь бичиж өгье гэтэл н.Наранбаатар туслах яг одоо бичиж өг гэж хэлсэн. Миний бие “14 хоногийн дотор өгч болно гэж өмгөөлөгч хэлсэн” гэхэд “тийм юм байхгүй” гэсэн. Тэгэхээр нь “маргааш авчирч өгье” гэхэд “үгүй ээ, та яг одоо бичиж өг” гээд шаардаад тэр өдрөө тайлбар бичүүлж авсан.

2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөн л хөдөө байхад утсаар ярьж хуралтай гэсэн. Хөдөө байгаа тул утасны сүлжээ орж гараад сайн ойлгоогүй. Хурал болно гэхээр нь “би хөдөө явж байна шүү дээ, амжихгүй” гэхэд бас л “тэр хамаагүй” гэсэн. Хөдөөнөөс ирээд яваад очиж уулзтал “хурал болчихсон, шийдвэр нь гараагүй” байна гэж хэлсэн. Би гайхаад асуухад надад олигтой хариу өгөөгүй. Тэгвэл шүүгчтэй уулзъя гэхэд “та уулзах эрхгүй” гэж хэлээд миний бичиг баримтыг хүлээж аваагүй. Шийдвэр гарахаар дуудна гээд дуудаагүй. Би өөрөө асууж байж шийдвэрээ олж авсан. н.Наранхүү амраад явсан байсан. Өөр хүнээр сейфнээс нь гаргуулж авсан. Утсаар ярихад бас л ирж авахгүй яасан юм гэж хэлсэн.

Би хэлээгүй яриагүй болохоор хүлээгээд л байсан. Шүүгчийн туслах н.Наранхүү нь ажлаа ингэж л хийсэн. Өөрөөр хэлбэл надад хуулиар олгосон хугацаа, өмгөөлөгч авах хэргийн материалтай танилцах боломжит хугацаанд буюу 72 цагийн дотор шүүх хурлын тов мэдэгддэг үүргээ биелүүлээгүй, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардуулчихаад удахгүй хурал зарласан. Би хөдөө байна амжихгүй гэж хэлснийг ч хүлээж аваагүй. Шүүгчийн туслах ингэж ажиллаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байхад ядаж шүүгч нь үүнийг хянаж, шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хэргийн оролцогчид мэдэгдэж, гарын үсэг зуруулах үүрэгтэй бөгөөд надад мэдэгдэл хүргүүлээгүй.

Шүүгч 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр утсаар мэдэгдэхэд “за ойлголоо, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж явуулна” гэсэн шүүгчийн туслахын худал бичсэн баримтыг үндэслэж хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн байна. Гэтэл шүүгчийн туслах маргааш хуралтай гэж хэлсэн ба шийдвэрээс харахад хурал 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр болсон байна. Тэгэхээр надад 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэн байна. Гэтэл товыг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн гэж бичсэн байна. Түүнчлэн хэргийн материалтай танилцуулалгүй 7 хоногийн дотор хэрэг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Х.Э, Ж.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 00 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, /хх 1/ 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр /хх 6/ 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, /хх 9,12/ эрх, үүргийг нь тайлбарлан өгчээ.

Хариуцагч Х.Э, Ж.О нар нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдрөө буюу 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлд хариу тайлбар гаргаснаа шүүгчийн туслах шаардсанаар бичсэн гэж тайлбарласан ба нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Гэтэл шүүх нэхэмжлэлийг гардуулснаас хойш 2 хоногийн дараа буюу 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарган шүүх хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр товлосон ба /хх 16/ шүүх хуралдааны товыг хариуцагч Х.Эд утсаар мэдэгдсэн тухай тэмдэглэжээ.

Дээрхээс үзвэл шүүх хариуцагч нарыг хариу тайлбар түүний үндэслэлээ нотлох баримт гаргах хангалттай хугацаа олголгүйгээр шүүх хуралдааныг товлосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасныг зөрчсөн, улмаар шүүх хариуцагч нарыг хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хариуцагч нарын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 25.1.3-т заасан эрхийг эдлүүлээгүй, түүнчлэн мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснааар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01850 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ж.Ооос төлсөн 174 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ