Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2020/00042

 

Ж.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/00366 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 573 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ж.Ч-

          Хариуцагч: Ч.Б-т холбогдох

          15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

       Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие 2012-10-19-ний өдөр Ч.Б-тай гэрээ хийж, нотариатаар баталгаажуулан 15 сая төгрөгийг бэлнээр өгч, зээлүүлсэн. Мөнгийг 2011-05-18-ны өдөр Хөвсгөл аймгийн “Хаанбанк” ХХК-иас бэлнээр түүний дансанд хамтран ажилладаг байсан н.Ганзоригоор дамжуулан шилжүүлүүлсэн. Ч.Б- 2012-10-19-нд Хөвсгөлд очиж надтай уулзан бид зээлийн гэрээ байгуулж мөнгө өгсөн, авснаа баталгаажуулж хугацааг тохиролцсон. Зээл төлөгдөөгүй тул Ч.Б-аас 15 сая төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч тайлбартаа: 2011-05-р сард ноолуур худалдан авах зорилгоор н.Ганзоригтой амаар тохиролцон өөрийн дансаар 15 сая төгрөг авсан. 2012-10-19-ний өдөр Ж.Ч-ээс нотариатаар баталгаажуулсан гэрээгээр ямар ч мөнгө аваагүй. Мөн зээлийн гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Ж.Ч- нь 15 сая төгрөгийг нэхэмжлэх этгээд биш м. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/00366 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтыг баримтлан Ч.Б-аас 15,000,000 төгрөгийг гаргуулан Ж.Ч-т олгож, нэхэмжлэгчээс 2018-11-29-ний өдөр төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232,950 төгрөгийг гаргуулж Ж.Ч-т олгохоор шийдсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 573 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

       Хариуцагч хяналтын гомдолдоо: Шүүх “...хариуцагч цагдаагийн байгууллагад шалгагдаж... мөнгийг төлөх боломжгүй байснаас түр хүлээж байхыг хүссэн, ...үүнтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан...” гэсэн тайлбарыг үгүйсгээгүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт болсон. Хариуцагч нь 2011-5 сард ноолуур худалдан авахаар тохиролцон н.Ганзоригоос өөрийн дансаар 15 сая төгрөг авсан. Нэхэмжлэгчээс Ч.Б- нь 2012-10-19-ний өдөр Хөвсгөл аймгийн тойргийн нотариатчаар баталгаажуулсан гэрээгээр ямар ч мөнгө бэлнээр аваагүй. Анхан шатны шүүхээс 2011 онд Ч.Б-ын дансаар н.Ганзоригийн шилжүүлсэн 15 сая төгрөгийг Ж.Ч-ийн мөнгө гэж үзэн, 2012-10-19-ний өдөр Ж.Ч- болон Б- нарын хооронд 15 сая төгрөгний ИХ-ийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн. Уг гэрээ байгуулагдсан гэж үзвэл ИХ-ийн 75.2.1 гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасны дагуу уг гэрээний дагуу шаардах эрхийн хугацаа 2015 онд дууссан байдаг. Гэвч шүүхээс Ч.Б-ыг мөнгөний асуудалтай цагдаагийн байгууллагад шалгагдаж буй тодорхой хэргийн улмаас ИХ-ийн 78.1.1 үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа зогссон байсан гэж үзэж шийдвэрлэжээ. Ч.Б- нь хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад буюу 2011 онд Баян-Өлгий аймагт хохирогчоор тогтоогдож цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан асуудал байдаг ба энэ нь ямар нэгэн байдлаар ИХ-ийн 82.1 дэх хэсэгт заасан эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм. Иймд шийдвэр, магадлалыг өөрчилж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:                

       Ж.Ч- 2018-12-03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, “...2012 оны зээлийн гэрээнд заасан мөнгийг хариуцагч төлөөгүй...” гэж Ч.Б-аас 15,000,000 төгрөг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...2012 оны зээлийн гэрээний дагуу мөнгө авч байгаагүй...2011 оны 05 сард Ганзоригтой тохирч ноолуурын мөнгө 15 сая төгрөгийг дансаар авч байсан...15,000,000 төгрөгийг Ж.Ч- нэхэмжлэх эрхтэй этгээд биш... ” гэж /хх13/ маргажээ.

        Анхан шатны шүүх “....зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн...хугацаа өнгөрөөгүй байна...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

        Хариуцагч хяналтын гомдолдоо “...шаардах эрхийн хугацаа 2015 онд дууссан...хэрэгт буй баримтыг шүүх нэг талд ашигтай үнэлсэн...” гэсэн үндэслэл заажээ. 

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Хэрэгт, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дараах баримт авагджээ. Үүнд:

     1. 2012-10-19-ний өдрийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээнд Ж.Ч-  15,000,000 төгрөгийг 2012-10-19-ний өдрөөс 2012-12-25-ны өдөр хугацаатай зээлдүүлэх, Ч.Б- уг мөнгийг 2012-12-25-ны өдөр буцааж төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алданги төлөхөөр заасан байна.   /хх5/  

      Түүнчлэн, ХААН банк дахь Ч.Б-ын эзэмшилд буй харилцах дансны хуулгыг 2011-04-02-ны өдрөөс 2011-06-28-ны өдөр хүртэл мөн 2012-09-01-ний өдрөөс 2019-12-31-ний  өдрийн байдлаар 2018-12-24-ний өдөр гаргуулан авчээ. /хх20-23/

      Мобиком корпораци ХХК-ийн 2019-01-11-ний өдрийн “...техникийн нөхцөл байдлын улмаас 2018-10-01-с өмнөх хугацаанд гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалтыг гаргах боломжгүй...” тухай 12/99 дугаартай, шүүхэд хандан гаргасан албан бичиг /хх33/

      Скайтел ХХК-ийн 2019-01-14-ний өдрийн “...2018-06-25-с 2018-09-01-ний өдрийн хооронд хийгдсэн яриа, мессежний мэдээлэл хүргүүлэх...” тухай 19/259 дугаартай, шүүхэд хандан гаргасан албан бичиг /хх34-36/

      Шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлэг болон Д.Далай 2005-03-05-ны өдөр Б.Ганзоригтой гэрлэлтээ батлуулсан тухай ПА-10 дугаар гэрчилгээний хуулбар /хх47-48, 52-55/

     2. Хоёр шатны шүүх зээлийн гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

     а/. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

    Ж.Ч- нь Ч.Б-тай зээлийн гэрээ байгуулсан үйл баримтын талаар тайлбар гаргахдаа “...2011-05-18-ны өдөр олгосон зээлийн мөнгийг хариуцагч буцааж төлөөгүй тул харилцан тохиролцож 2012-10-19-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан...уг гэрээнд зээлдэгч гарын үсэг зурсан...гэрээг нотариатаар батлуулсан...” гэж мэтгэлцсэн бөгөөд үүнийг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүйгээс гадна нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээнд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрсөн /хх50-н ар тал/ байна.

    Зээлийн гэрээг талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр байгуулж болно. Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

   Хариуцагч нэхэмжлэгчээс зээл авсны дараа уг зээлийн нөхцөлийг бичгийн хэлбэрт оруулан баталгаажуулсан байх нь талуудын хүсэл зориг, гэрээний чөлөөт байдлыг үгүйсгэхгүй байгаагаас гадна гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагаас үүрэг гүйцэтгэгчийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

    Шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 42, 281 дүгээр зүйлд нийцжээ. 

    б/. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

    Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ч.Б- нь ХААН банк дахь өөрийн дансаар 2011-05-18-ны 15,000,000 төгрөг хүлээн авсан нь тогтоогдсон байх бөгөөд уг мөнгийг “....Ж.Ч-ээс бус, харин өөрийн танил Ганзориг гэдэг хүнээс авсан..” гэх тайлбараа баримтаар нотлоогүй, 15,000,000 төгрөг шилжүүлсэн тухай нэхэмжлэгчийн  гаргасан үндэслэл болон гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэх баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй байна.

    Иймд шүүх “Ж.Ч- гэрээний зүйлийг зээлдэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн” гэж үзсэн нь Иргэний хуулийн 281, 211 дүгээр зүйлийг зөрчөөгүй байна. 

    Зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн, Ч.Б- 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж төлөөгүй нь тогтоогдсон тул шүүх уг мөнгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т нийцжээ.

    Хариуцагч нь гэрч нарын мэдүүлэгтэй холбоотой болон зээлүүлсэн мөнгөө “...байнга нэхэж байсан...цагдаагийн байгууллагад шалгаж байгаа асуудалтай холбоотойгоор төлбөр төлөхийг хойшлуулж байсан..” гэх нэхэмжлэгчийн хэлсэн үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд ямар нэг хүсэлт гаргаагүй тул “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан..” гэх хяналтын гомдлоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

     Ч.Гантуяа нь 2018-12-14-ний өдрийн итгэмжлэлээр Ч.Б-ыг 3 жилийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх эрхтэй /хх11/ байх тул шүүх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарын хэмжээнд /хх50-56/ нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийсэн нь буруу биш байна.     

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шаардлага, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг. 

     Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбараа баримтаар нотлоогүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

     Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр болон магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/00366 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 573 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ